Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын дотоод хэргийн яамны нарийн бичгийн дарга манай улсад айлчиллаа

Оросын Холбооны улсын дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд дотоод хэргийн орлогч сайд Зубов Игорь Николаевич тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 26-27-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис зөвлөлийн гишүүдийн төлөөллийн хамт төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах талаар санал солилцон, тулгамдаж байгаа асуудлуудын талаар харилцан ярилцсан юм. Айлчлалын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газар, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Хууль сахиулах их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудлаар хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хүлээн авч уулзлаа.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт ахмад настан, алдар гавьяаны эзэд ээ,

Монгол Улсынхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны амьдралын төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Засгийн газар улс орныхоо нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр гарт баригдаж, нүдэнд харагдах, үр дүнг нь иргэд хүртэх бодит ажлуудыг 2016-2020 онд хийхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, УИХ-аар батлууллаа. Улс орны эдийн засаг уруудаж, хөрөнгө мөнгөний хүндрэлтэй байгаа ч бид ахмадуудынхаа нийгмийн халамж, хамгаалалтай холбоотой асуудлыг орхигдуулалгүй хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж эхлээд байна.

Улсын хэмжээнд 300 гаруй мянган өндөр настан тэтгэвэр авдаг судалгаа бий. Монгол Улсын Засгийн газар 70-аас дээш настай ахмадууддаа 100-300 мянган төгрөгийн “Насны хишиг” тэтгэврийг хагас жил тутам, цаашдаа улирал тутам олгох бодлого барьж байна. Үүнээс гадна сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж ахмадууддаа үйлчлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр гээд хийж хэрэгжүүлэх ажил бидний өмнө их байна.

Монгол Улсын Засгийн газар ахмад настнуудынхаа төлөө, амьдралын баталгааг нь дээшлүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ахмадууд та бүхний амьдралын туршлага, мэдлэг, чадвар, үнэт сургаал, зөвлөгөө бидний ажилд ихээхэн тус нэмэртэй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Азай буурлууд Та бүхэн маань урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

Categories
мэдээ улс-төр

Нийслэл нээлттэй болж, дэргэдээ “хэвлэл мэдээллийн төв” байгууллаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар ЗДТГ-ын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. “Хэвлэл мэдээллийн төв” байгуулах энэ ажил хотын даргын ирэх 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан юм. Иргэдийн нүд, чих болдог хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, нийслэлийн ЗДТГ болон харьяа байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, нэг шугамаар хүргэх зорилгоор энэхүү төвийг байгуулсаэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа онцоллоо.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төр засгийг иргэдтэй холбож, иргэдийн төлөө гарсан шийдвэрийг хүргэдэг хүмүүс нь хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэн юм. Нийслэлийн Засаг даргын хувьд би ирэх 4 жилд нээлттэй ажиллаж, гаргасан шийдвэр, мэдээллийг энэ төвөөр дамжуулан иргэддээ хүргэх болно. Өөрөөр хэлбэл, энэ төвөөр дамжин иргэд мэдээ мэдээллийг цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ төв зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагын мэдээллийг нэгтгэхээс гадна та бүхний ажлын байр байх юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ирж, мэдээлэл авах, иргэдтэй уулзалт хийх, хэвлэлийн бага хурал зохион байгуулах боломжтой. Энэ бүхнийг та бүхэн хэн нэг даргаас зөвшөөрөл авахгүйгээр хийх боломжийг олгосон байгаа. НИТХ-ын хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хуралдаан болон Хангарьд ордонд болж байгаа бүх хурлыг шууд хүлээн авах боломж бүрдсэн байгааг онцолъё. Мөн өндөр хурдны интернэтэд холбогдсон учраас иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх нөхцөл бүрдсэн. Ингээд НЗДТГ-ын дэргэдэх “Хэвлэл мэдээллийн төв” албан ёсоор нээгдсэнийг мэдэгдье” гэсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өчигдөр НИТХ-ын 3-р хуралдаанаар хотын даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, санал нэгтэйгээр дэмжиж, батласан. Ингээд өнөөдрөөс та бүхний өмнө нээлттэй болж байна. НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллах, тэднээр дамжуулж, нийслэлчүүдийнхээ дуу хоолойг сонсох ажил дутагдалтай байдаг. Энэ боломжийг бүрдүүлж өгсөн Нийслэлийн Засаг дарга болон ЗДТГ-ын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд уригдсан хүндэт зочдын нэг, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлагууд мэдээллийн ил тод байдалд анхаарал тавьж, нэгдсэн мэдээллийн төв байгуулж байгаа нь манай салбарын хувьд чухал үйл явдал гэж харж байна. Монголын сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, үндэсний сэтгүүл зүй нийслэлд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг учраас нийслэлийн төр захиргааны байгууллагын мэдээ мэдээлэл ил тод болно гэдэг чухал гэж үзэж байна. Энэ долоо хоногт дэлхий даяар хэвлэлийн ёс зүйн асуудлыг хэлэлцдэг. Үүнтэй давхцан энэ төвийг нээж байгаа нь иргэдэд мэдээ мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх сэтгүүл зүйн зарчимд нийцсэн үйл явдал болж байна. Хэвлэл мэдэллийн энэ төв Улаанбаатар хотын мэдээллийн халуун голомт байна гэдэгт итгэлтэй байна.” хэмээгээд нийслэлийн удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад амжилт хүслээ. Нээлтийн төгсгөлд хотын дарга ирэх 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дараг М.Энхболдод өнөөдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Д.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ.

Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөхцөл байдалд бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэж буй аж ахуйн нэгж байна. Иймээс нэр бүхий салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалт хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах, улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсэх юм байна. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмэж татах нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.

Categories
мэдээ улс-төр

Гурван ТНБД-т нэр дэвшигчдийн нэрсийг Засгийн газарт хүргүүлнэ

Монгол Улсын төрийн албаны зөвлөл зурган илэрцүүд

Төрийн албаны зөвлөлийн XXX хуралдаанаар 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөнөөс ажлын байрны шалгалтад хамгийн өндөр оноо авсан алба хаагчдыг нэр дэвшүүлсэн байна. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Баярсайхан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Д.Очирбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд Н.Цагаанхүүг томилуулахаар тус тус нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Баярсайхан нь Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редакторын албыг хашиж байсан юм. Харин З.Мэндсайханы хувьд Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын туслах байсан аж.

Харин Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулах саналаа Хүний эрхийн комисст хүргүүлэхээр болжээ. ТАЗ-өөс есдүгээр сарын 12-нд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулж таван яамны ТНБД-ыг тодруулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайд өнөөдөр “Улаанбаатарын намар” тоглолт болно

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ өнөө орой Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой. Энэ үеэр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд түргэн хоолны газрууд ажиллах юм. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагийн хамтарсан тоглолт болох бөгөөд рок попын одод ая дуугаа өргөнө. “Улаанбаатарын намар” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллажээ.

Анх удаа зохион байгуулж байгаа “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногоос нойтон цас орж, цасан шуурга шуурна

нойтон цас орж, цасан шуурга шуурна зурган илэрцүүд

Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс малчид, тариаланчид, хадланчид болон тээвэрчдэд зориулан анхааруулга гаргалаа. Тодруулбал, аравдугаар сарын 3-ны өдрөөс буюу ирэх даваа гаригаас эхлэн нутгийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэд хөдөө, орон нутагт зорчиход зам даваа хаагдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн хөдөө, орон нутгийг зорихдоо дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, малчдын хувьд малын бэлчээрлэлтэд онцгой анхаарах шаардлагатайг хэлж байна.

Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж мөрдөхийг анхаарууллаа

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар П.Батбааатарыг томиллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэдний оронд тэргүүн дэд даргаар Чингилтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан туушаалыг хашиж байсан, хурандаа П.Батбаатар, дэд дарга Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг томилсон байна. П.Батбаатарын хувьд анх СХД-ийн Цагдаагийн хэлтэст ажиллаж, улмаар Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын Хулгайн, Байгаль орчны, Эдийн засгийн гээд нэлээд олон хэлтсийн даргаар ажилласан туршлагатай аж. Ч.Болдбаатарын хувьд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн. 1996-2001 онд Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, СХД-ийн цагдаагийн дарга, 2012 оны есдүгээр сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны хоёрдугаар сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Дэмжлэг үзүүлэх газрын дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан удаатай ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэг ам. доллар 2290 төгрөгтэй тэнцлээ

доллар ханш зурган илэрцүүдЭнэ сарын эхээр тогтвортой байсан ам.долларын ханш есдүгээр сарын сүүлээр дахин өсч эхэллээ. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төв ам.долларын ханш 2290 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2282 төгрөгөөр авч, 2293 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Валютын ханш тасралтгүй өсч байгаа ийм үед Монголбанк ямар арга хэмжээ авч ажиллах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Батсайхан мэдэгдэл гаргасан. Тэрээр “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар валютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” гэлээ.

Categories
мэдээ спорт

Ж.Нарантунгалаг “Кобра” хочит дэлхийн аварга Марат Кафуровтой тулалдана

Ж.Нарантунгалаг Марат Кафуров зурган илэрцүүдХолимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын Марат Кафуровтой арваннэгдүгээр сарын 11-нд Сингапурт тулалдахаар боллоо.

“Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг өнгөрсөн оны сүүлчээр М.Гафуровт дийлдэн, дэлхийн аваргын бүсээ алдсаныг нь манай уншигчид андахгүй.

Ийнхүү “Чингисийн цавчилт” “Кобра”-гаас даагаа нэхэж, дэлхийн аварга болох боломжтой боллоо.