Categories
мэдээ нийгэм

“Нүүдлийн аялал жуулчлал” сэдэвт торгоны замын олон улсын хурал болно

“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны Замын олон улсын бага хурал аравдугаар сарын 13-15-нд Улаанбаатар хотноо болно.

Уг бага хурлаар Торгоны зам дахь аялал жуулчлалаас нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярилцах бөгөөд түүнийг дахин сэргээх, өвлүүлэн үлдээхэд тулгарч буй саад бэрхшээл хийгээд боломжийн талаар зөвлөлдөх аж. Мөн аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжилд үзүүлэх сайн үр нөлөөллийн талаар авч хэлэлцэх юм байна.

Хурлыг НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжил олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй аж.

Түүнчлэн хурлаар Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжлийн боломж, Хотуудын тогтвортой хөгжилд боловсрол, Ухаалаг хот ба хотуудын тогтвортой хөгжил, Нэг бүс нэг зам экологи ба тогтвортой хөгжил зэрэг сэдвээр салбар хуралдаан болох юм байна.

Нүүдлийн соёл иргэншил нь байгалийн нөөц баялагийг хадгалж үлдэхэд онцгой хувь нэмэртэй төдийгүй жуулчдын сонирхлыг ихээхэн татсаар байгаа. Тэгвэл торгоны замын хотуудын тогтвортой хөгжил нь бүх улсын ард иргэдийн харицан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлалын салбарт томоохон түлхэц үзүүлдэг байна.

Нүүдлийн соёл иргэншил нь байгалийн нөөц баялагийг хадгалж үлдэхэд онцгой хувь нэмэртэй төдийгүй жуулчдын сонирхлыг ихээхэн татсаар байгаа.

Торгоны зам нь бүх нийтийн түүх, соёлын өвийн олон янзын байгалийн үзэсгэлэнт газруудын хэлхээсээс бүрдсэн төдийгүй хамтын хүч ба хамтын үйл ажиллагааг бий болгох хөтөлбөр аж. Түүний гишүүн болох 33 улс байдаг байна.

Уг хурал нүүдлийн аялал жуулчлалд хөрөнгө оруулалтын боломжийг хайн улмаар ажил олголт, орлого нэмэгдүүлэлт болон орон нутгийн эдийн засгийн үр ашигт тус дөхөм үзүүлэх зорилготой. Тиймээс дээрх хурлаарбизнесийн болон гадны хөрөнгө оруулагчдын таатай орчинг бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэх, холбогдох арга хэмжээг авах талаар хэлэлцэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Бүргэдийн баяр болно

Бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт Казах ард түмний “Бүргэдийн баяр” арга хэмжээ удахгүй болно.

Энэ удаагийн арга хэмжээнд гадаадын 400 орчим жуулчин оролцох төлөвтэй байгаа аж. “Бүргэдийн баяр”-аар хурдан, жороо морины болон тэмээний уралдаан, сур харваа, мөнгө шүүрэх, тулам булаалдах зэрэг ардын тоглоом наадгай болж, гар урлалын үзэсгэлэн худалдаа гаргахаар төлөвлөжээ.

Тус баяр ирэх сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

“Хэвлэл мэдээллийн зөвлөл”-д ирсэн гомдлын дийлэнх нь мэдээллийн эх сурвалж баталгаагүйгээс болж байна

Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг багтаасан тус зөвлөлд өнгөрсөн хугацаанд үзэгч, уншигч, сонсогчдоос ёсзүйн холбогдолтой 20 гаруй гомдол ирсэн байна. Энэ гомдлын 70 хувь нь тогтвор суурьшилгүй, албан ёсны редакцгүй хэвлэл мэдээллийн байгууллагаас үүдэлтэйг өнөөдөр болсон “Ёсзүйтэй сэтгүүлзүйн төлөө” хэлэлцүүлгийн үеэр салбарынхан онцоллоо. Тогтвор суурьшилгүй ажилладаг редакц, албан ёсны сэтгүүлч, сурвалжлагчгүй, нэг хүний нэр дээр олон үйл ажиллагаа явуулдаг сайтуудтай холбоотой ёсзүйн зөрчил их боловч үүнийг хэрхэн зохицуулах асуудал тодорхойгүйг энэ үеэр салбарынхан дурьдаж байсан юм.

Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан өмнө нь өөрийн зохицуулалтгүйгээс алдаа гаргавал шүүх, цагдаад хүрдэг байсан явдал зөвлөлтэй болсноор ард хоцорсон гэдгийг онцоллоо.

Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан 20 гаруй жил ярьсан, Хэвлэл мэдээллийн зөвлөлөө өнгөрсөн жил байгуулсан билээ. Ингэснээр сэтгүүлчид хүний нэр төрд халдсан, гүтгэсэн гэж буруутгагдвал шүүхэд, хуулийн хатуу зүйл заалтаар зохицуулагддаг байдал өөрчлөгдөж, ёсзүйн асуудлыг салбарын байгууллагаараа шийдвэрлүүлэх болсон. Иргэдийн зүгээс ч сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зөвлөлд хандах нь нэмэгдэж байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн С.Шаравдорж онцоллоо.

Энэ хугацаанд 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдох 20 гаруй гомдол зөвлөлд ирсний 80 гаруй хувь нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага ёсзүйн алдаа гаргасан гэх дүгнэлтэд хүрчээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын дийлэнх нь мэдээллийн эх сурвалж баталгаа нотолгоогүй, хүний нэр хүндэд халдсан байдаг талаар Ёс зүйн хорооны гишүүн, “News” агентлагийн дэд захирал Д.Нарантуяа илтгэлийнхээ үеэр хэллээ. Сэтгүүлчдийн ёсзүйн зарчмын гол заалт болох “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх… Мэдээллийг нягтлах нь сэтгүүлзүйн нягт нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг ихээр зөрчиж буйг тодотголоо. Мөн мэдээллийн эх сурвалж нь таамаг ярианд суурилсан, нийгэмд хэвшмэл бус ойлголтыг хэт дэвэргэсэн, бодит байдлыг сүр бадруулж томруулсан гомдлууд ч эзэлсэн байна.

Эцсийн дүндээ ёсзүйтэй ажиллах, алдаа гаргахгүй байх гол хөшүүрэг нь өдөр тутмын ажилдаа ёсзүйн зарчим, стандартаа баримтлах гэдгийг салбарынхан онцолсон юм. Мөн редакциуд мэдээллийнхээ чанар, агуулгаар өрсөлдөх нь чухал гэдгийг тодотгож байлаа. Цаашлаад Хэвлэл мэдээллийн зөвлөлийг олон нийтэд таниулж, идэвхтэй ажиллуулах нь сэтгүүлзүйн салбарынхнаас гадна олон нийт, нийгэмд эерэг нөлөө авчирна гэдгийг салбарынхан онцолж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жангар” монголын хамгийн анхны 3D хүүхэлдэйн кино нээлтээ хийнэ

Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг болох “Жангар” баатарлаг туулиас сэдэвлэн бүтээсэн 3D хүүхэлдэйн киноны нээлт энэ сарын 30-нд болох гэж байна.

Эх нутаг, улс үндсээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулах үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан анхны анимешн нь “Жангар” төслийн хүрээнд бүтээгдэж байгаа бөгөөд “Жангар” интертайнмент, “FSM media” групп, “Chimdee’s music” компанийн хамтын уран бүтээл ажээ.

Гайхамшигт “Жангар” туулиас сэдэвлэн 3D хэлбэрээр бүтээсэн тус хүүхэлдэйн кино 104 ангитай бөгөөд эхний есөн ангийг багцлан нэг хүүхэлдэйн кино болгосноор удахгүй бүх кино театруудаар гарч эхлэх гэнэ.

Уг “Жангар” хүүхэлдэйн киноны зохиолыг яруу найрагч Г.Сүхзориг бичсэн бөгөөд найруулагчаар Г.Одбаяр, Х.Далай нар ажилласан байна. Харин гол дүрд Б.Мөнгөнцэцэг, В.Мөнхсайхан, Ш.Батболд нар дуу оруулж, тоглосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Эргэн санахуй” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын ардчилсан холбооноос санаачлан ардчиллын анхдагчдын тэмцэлийн талаарх түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьж үзэсгэлэн гаргажээ. Энэхүү “Эргэн санахуй” үзэсгэлэнд 50 орчим бүтээл багтсан байна. МоАХ нь 1989 оны 12 дугаар сарын 10-нд байгуулагдаж МҮЭСТО-нд хот хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад дотоодын 200 гаруй зочин оролцон ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг томилж анхдугаар их хурлаа хийж байжээ. Ингэснээр 1990 оны зургаадугаар сард олон нам оролцсон анхны ардчилсан сонгуулийг амжилттай хийжээ.













О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Эдийн засгаа сэргээх нь иргэдээ ажилтай байлгахаас эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮЭ-ийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, эдийн засгийн хүндрэлийг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүйгээр давж болох ямар гарц, боломж байгааг хамтдаа эрэлхийлж, Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн МҮЭ-ийн гишүүн 36 байгууллагаас гаргасан саналын дагуу нийгмийн түншлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд хийж болох долоон багц саналыг Ерөнхий сайдад гардууллаа.

Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, эдийн засгаа сэргээх, хүндрэлийг давах нь иргэдээ ажилтай байлгахаас эхэлнэ гэдгийг онцлов. Иймд ажлын байраар хангах, ажлын байрыг нь хадгалах замаар иргэдийнхээ мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухайгаа танилцуулав. Түүнчлэн уулзалтад ирсэн МҮЭ-ийн холбоодын төлөөлөл тус бүрийн саналыг сонсч тодорхой хариулт өгөв. Тухайлбал:

-Цалин нэмэх эсэх тухайд:

-2017 онд цалин, тэтгэврийг нэмэх бодит боломж байхгүй. Өнөөдөр Монгол Улс цалинд 1.7 их наяд, тэтгэвэрт 2 их наяд төгрөг зарцуулдаг. Гэтэл өр, зээлийн зөвхөн хүүгийн төлбөртөө 1.4 их наяд төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, бид бодлого, тооцоогүй авсан өр, зээлийнхээ зөвхөн хүүнд бараг цалингийн сантайгаа тэнцэх мөнгө төлж байна. Тийм учраас Засгийн газар эхний ээлжинд өр, зээлийн өндөр хүүгийн дарамтаас гарах арга замыг эрэлхийлж байна. Удахгүй тодорхой шийдвэрүүд гаргана. Ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор төрийн болон төсвийн байгууллагуудад нэг боломж олгож байгаа. 2017 онд хэмнэгдсэн зардлыг нь, бас давсан орлогыг нь тухайн байгууллагад үлдээж байгаа. Үүнийгээ зөвхөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орлогыг нэмэгдүүлэхэд зориулах хатуу болзолтой. Ингэхдээ ажилчдын цалин хасах, орон тооо цомхотгох байдлаар орлогоо хэмнэхийг хориглож байгаа. Харин эдийн засгийг тогворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлснээр 2018 оноос цалин, тэтгэврийг нэмэх бололцоо гарч ирнэ гэж Засгийн газар тооцож байгаа.

-Тэтгэвэрт гарахад олгодог нэмэгдлийн тухайд:

-Хамгийн товчоор хэлэхэд он гараад, 2017 оноос тэтгэвэрт гарвал нэмэгдлийг урьдын адил 36 сараар тоцож өгнө. Тийм учраас байгууллагууд он гартал аль болох тэтгэвэрт гаргахгүй байх хэрэгтэй.

-Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын тухайд:

-Үйлдвэрийн 49 хувь нь Монголдоо, монголчуудын мэдэлд ирсэн нь сайн хэрэг. Харин хувьчлалын явцад хуулийн зөрчил байгаа эсэхийг Ажлын хэсэг шалгаж байгаа. Удахгүй олон нийтэд танилцуулж, шат шатандаа яригдах байх. Гэхдээ 49 хувь бол компанийн удирдлага биш. Тийм учраас төр 51 хувийн эрх мэдэлдээ эзэн болж удахгүй ТУЗ-өө томилж, удирдлагын эрхээ хэрэгжүүлнэ. Тэгэхээр жирийн ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл гарахгүй. Үйлдвэрийн 15 хувийг тус үйлдвэрийн ажилчид давуу эрхээр эзэмшинэ гэдэгтэй би санал нийлэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ашгийг монгол хүн бүр хүртэх ёстой. Тийм учраас цаашдаа “Эрдэнэс Монгол” компани төрийг төлөөлж стратегийн орд бүхий компаниудын хувьцааг эзэмшинэ, харин монгол хүн бүр “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаанаас эзэмших байдлаар явна.

-Цагийн тооллыг ухраах, урагшлуулах тухайд:

-Цагийн тооллыг хөдөлгөснөөр хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц төвшинд дээшилнэ гэдэгтэй би санал нийлдэггүй. Цаг урагшлууллаа гээд өглөө эрт босоод явж байгаа нь голдуу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, төрийн албаныхан, тэгээд үйлдвэрийн ээлжийн ажилчид л байх. Жилд хоёр удаа хүний биологийн цагт ингэж өөрчлөлт орохоор эрүүл мэндэд ч сайнгүй. Үүнээс гадна манай хоёр хөрш маань огт цагаа хөдөлгөдөггүй, гэтэл манайх хөдөлгөснөөс гадаад харилцаан дээр хүртэл ажлын цагийн тогтсон хэвшил алдагддаг. Одоо бол яг таарч байгаа. Манай улс цагийн нэг л бүстэй зэрэг энэ мэт байдлаа харвал цагийн тооллыг урагшлуулж хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар эргэж харах хэрэгтэй гэж би хувьдаа үзэж байгаа.

-Цахилгаан станцуудын хувьчлалын тухайд:

-Өнөөдөр техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийчихсэн эрчим хүний чиглэлийн 68 төсөл байна. Хэрвээ бүгдийг нь хэрэгжүүлье гэвэл Монгол Улс хэрэглээнээсээ 20 дахин давсан эрчим хүч үйлдвэрлэнэ. Ийм замбараагүй, өмнөх ажлаа дуусгаагүй байж дараагийнхыг нь эхлэх замаар цаасан дээр “ажил хийх”-ээ болих хэрэгтэй. Тийм учраас эрчим хүчний салбарын болон цахилгаан станцыг хувьчлал болохгүй гэх зэргээр Ерөнхий сайд хариуллаа. Уулзалтын төгсгөлд МҮЭ-ийн холбоодын төлөөллийн тавьсан зарим саналыг ажил хэрэг болгох, арга хэмжээ авах чиглэлээр ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбай дээр 50 хувийн хямдралтай хоолны үзэсгэлэн худалдаа гарч байна

Сүхбааатарын талбай дээр “Улаанбаатарын намар” хоолны үзэсгэлэн худалдаа гарч бүх рестораны хоол 50 хувийн хямдралтайгаар худалдаалагдаж байна. Энэхүү үйл ажиллагаанд “Кимбаб чонгүг”, “Милая Моя”, “Smokehouse”, “Los Bandidas”, “Paris lounge”ресторан, “Модерн номадс” ресторан, “Pizza hut”, “Туул” ресторан, “Армян шорлог”, “Говь ресторан” зэрэг 30 гаруй албан байгууллага оролцож байна.

“Кимбаб чонгүг” ресторан тахианы амталсан махаа нэг порцыг нь 6000 төгрөгөөр борлуулж байв. “Paris lounge” ресторан хуушуур-1000, “Армян шорлог”-10.000, “Говь ресторан”-ы шорлог 8000 гэж байв.

“Los Bandidas” ресторан шөлөө 10200, туна загасны саладаа 9600, бяслагтай жигнэсэн мексик чипсээ 18500, тахианы махтай чикен 21900, сам хорхойтой нь 23000-р худалдаалж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Ирэх сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг хүргэж байна

Бөхийн барилдаан зурган илэрцүүдМҮБХ-ноос заал танхимын барилдааны намрын нээлт, Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 9-нд болсон билээ. Нээлтийн барилдаанд улсын арслан Намсрайжавын Батсуурь түрүүлж, улсын начин Чотонгийн Баянмөнх үзүүрлэсэн.

Ирэх аравдугаар сарын 9-нд Баянзүрх хайрханы хишиг 128 бөхийн барилдаан болох гэж байна. МҮБХ-ноос ирэх оны наадмын их сорилго барилдаан хүртлэх албан ёсны хуваарийг танилцуулж байна.

Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан

X/09 – Баянзүрх хайрханы хишиг барилдаан

X/15 – Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойн барилдаан

X/23 – Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан

XI/13 – Хантайшир дэвжээний 15 жилийн ойд зориулсан барилдаан

XI/26 – Улс тунхагласны өдөрт зориулсан барилдаан

ХII/18 – Богд хан хайрханы хишиг барилдаан

XII/28 – Ерөнхийлөгчийн цомын төлөөх Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн барилдаан

I/13 – Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан

I/22 – Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан

II/12 – “Сар шинийн сорилго” барилдаан

II/26 – Гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан

III/01 – Эх орончдын өдөрт зориулсан барилдаан

III/18 – Зэвсэгт хүчний ойд зориулсан барилдаан

III/26 – Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан

IY/09 – Сонгино хайрханы хишиг барилдаан

IY/23 – Гарьд цолны хүндэтгэлийн барилдаан

Y/14 – Арслан цолны хүндэтгэлийн барилдаан

Ү/28 – Аварга цолны хүндэтгэлийн барилдаан

YI/04 – Чингэлтэй хайрханы хишиг барилдаан

YI/25 – “Наадмын сорилго” барилдаан

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан

IX/25 – Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит IX сарын нээлтийн барилдаан

Х/16 – Улсын заан С.Гүржавын нэрэмжит ээлжит барилдаан

XI/20 – Есдүгээр сарын ээлжит барилдаан

XII/11 – Өсвөрийн Хан Хэнтийн аварга дэвжээний нэрэмжит барилдаан

I/15 – “Талх чихэр”-ийн Хэвийн боовны баярт зориулсан барилдаан

II/24 – Тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан

III/19 – Баян-Өлгий аймгийн нэрэмжит Наурызын баярт зориулсан барилдаан

IY/16 – Дөрөвдүгээр сарын ээлжит барилдаан

Y/21 – Тавдугаар сарын ээлжит барилдаан

YI/11 – Бүх цэргийн наадмын барилдаан

Сумын цолтой залуу бөхчүүд, өсвөр үеийн ба нийтийн монгол бөхийн барилдаан

IV.17 – Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан

II/25 – Сар шинийн баярт зориулсан сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан

YII/ 11-12 – Улсын баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн /14-16 нас/

Х/01-02 – Хөвгүүд залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан

Х/08 – Бөхийн намрын баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан

ХII/17 – Бөхийн өвлийн баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан

II/23 – Сар шинийн баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан

IҮ/08 – Бөхийн хаврын баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан

YI/03 – Бөхийн зуны баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан


Categories
мэдээ улс-төр

Д.Баттулга: Ерөнхийлөгч Элбэгээ хэзээ ч Үүлийн эсрэг ажиллахгүй

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.

-НИТХ өчигдөр гурав дахь хуралдаанаа хийж, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. 2012 оны өдийд таны даргалж байсан ИТХ юу амжуулсан байлаа?

-Сонгуулийн дараа эрх баригчдын 100 хоног гэдэг тогтсон ойлголт байдаг. Сонгуулийн өмнө эрх баригчид олон түмэнд таалагдах амлалт өгч, ажил хийх гээд байдаг. Харин сонгуулийн дараах, зуу хоногт эрх баригчид олны дэмжлэг хүлээхгүй байсан ч заавал хийх ёстой ажлаа эхэлдэг, хийдэг. Энэ үед сөрөг хүчин ч эрх баригчдыг шүүмжлээд байдаггүй. Зуу хоног гэдэг эрх баригчдын гарааны цэг болдог л доо. 2012 оны сонгуулийн дараа бидний зуу хоногт хийсэн ажлыг яривал нэлээд их цаг орно.

Тоймлоод хэдхэн зүйлийг ярихад, ажлаа аваад хориод хоногийн дараа ИТХ-ын тогтоол гаргаж зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламжийн үйл ажиллагааг зогсоосон. Зөвшөөрөлгүй барьсан барилгууд маш их байсан. Бизнес эрхлэгчид биднийг маш их эсэргүүцэж байсан. 2016 он гэхэд зөвшөөрөлгүй барилгын ажил нэлээд цэгцэрсэн.

Мөн 2012 оны наймдугаар сарын сүүлээр Засаг даргын өргөн барьсны дагуу Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай томоохон шийдвэрийг гаргаж байлаа. Ингээд есдүгээр сарын 1-нээс замын нэгдүгээр эгнээгээр автобус явж, дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн. Хүүхдийн автобус, ажилчдын автобус явж, зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Иргэдийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байсан.

-Зөвшөөрөлгүй олгосон газрыг бас цэгцэлсэн байх аа?

-2012 оны есдүгээр сарын сүүлээр газрын харилцааны асуудал болоод барилгажилтад гарч байгаа зөрчлийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Газрын харилцаан дээр гарч байгаа зөрчлүүдийг арилгая гээд нэг хэсэгтээ газар олголтыг зогсоож ч байлаа. Газрын наймаа, газрын мафи гэж ярьдаг байсан үе одоо өнгөрсөн. Ер нь нийслэлд барилга яаж барих вэ, ямар шаардлага тавигдах вэ, орон сууцны хажууд барилга барих бол оршин суугчдын саналыг авч байя гээд ажлаа эхэлсэн. Иймэрхүү цогц арга хэмжээг эхний зуу хоногтоо аваад эхэлчихсэн байсан.

-Тэгвэл энэ удаагийн нийслэлийн удирдлагууд хэр их ажил амжуулсан бол?

-Юу амжуулсныг хэлж мэдэхгүй байна. Бүтцийн асуудлаа ярих шиг боллоо. Баахан хүмүүсийг ажлаас халлаа. 2012 онд ажилд орсон, Ардчилсан намтай хамтарч ажилласан гэдэг утгаар олон хүнийг ажлаас нь халсан байна лээ. Чингсийн талбайг Сүхбаатарын талбай болгож өөрчилсөн. Нохой, муурны асуудал багагүй хугацаанд яригдах шиг боллоо. Тэгээд өнөөдөр л (өчигдөр) Засаг дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байх шиг байна. Яг хотын хөгжилд хэрэгтэй том ажил эхлүүлсэн үү, үгүй юу гэдэгт иргэд хариу өгөх байх. Бидний хийсэн ажилтай харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бидний тогтоосон стандарт, жишгийг МАН эхний зуу хоногтоо дааж чадсангүй.

-Баар, цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш ажиллуулахгүй гэснээ буцах шиг боллоо. Нохойд спираль тавих асуудал бас багагүй хугацаанд яригдсан. Яг шийдвэр гарсан ажил байна уу?

-Нохой, муур хөнгөлнө ч гэл үү, тийм зүйл яригдаад байсан. Сүүлд тийм зүйл байхгүй ээ л гэсэн. Баар, цэнгээний газрыг 00:00 цагт хаана л гэсэн. Дараа нь болилоо л гэнэ. Энэ мэт нэг дарга нь нэг юм ярьдаг. Нөгөө дарга нь өөр юм ярьдаг. Гурав дахь дарга нь тэр хоёрын ярьсныг цуцалчихдаг. Ерөөсөө нэгдсэн бодлого алга. Дарга нар нь энд, тэнд өөр өөр юм яриад, нэг нь нөгөөгийнхөө ярьсныг үгүйсгэж, цуцлаад л явж байна. Удирдлагын нэгдмэл чанар гэж байдаг шүү дээ. Удирдлагын нэгдмэл чанар алдагдах нь хотын хөгжилд хортой.

-Өнгөрсөн жилүүдэд цахимаар газар өмчлүүлдэг байсан. Нийслэлийн шинэ удирдлагууд цахимаар газар өмчлүүлэхгүй боллоо гэсэн. Харин Засаг даргын мөрийн хөтөлбөрт цахимаар газар өмчилнө гээд заачихсан байна лээ. Ямар учиртай юм бол?

-Цахим газар өмчлөлийг зогсоолоо гэсэн. Тэгснээ Засаг дарга Ардчилсан намын бүлгийн хурал дээр “Бид ярьж байгаад цахим газар өмчлөлийг арай өөрөөр хэрэгжүүлнэ” гэж ярьсан. Чухам бодлогыг нь тодорхойлж чадахгүй юм. Хэлж, ярьж байгааг нь ч үнэн худлыг мэдэхгүй байна.

-Цахим газар өмчлөлийг жаахан өөрчлөөд хэрэгжүүлэх нь гэж ойлгосон. Засгийн газрын түвшинд “Сайн оюутан” хөтөлбөрийг өөрчлөөд Боловсролын зээл болгохоор болсон. Өмнөх дөрвөн жилд хэрэгжиж байсан ажлыг зогсоож байгаад нэрийг нь өөрчлөөд байх шиг?

-Нийслэлд ч ялгаагүй. Бидний тогтоосон стандарт, жишгийг дааж чадсангүй гэж ярьсан шүү дээ. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг харахад Ардчилсан намын үед хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөрийн гол, гол зүйл, заалтын нэрийг өөрчилж, өөриймсүүлсэн нь харагдаж байна. Нэрийг нь өөрчилчихөөр АН-ынх биш болчихдог юм уу. Тиймэрхүү байдлаар хандсан зүйл заалт их байна. Уг нь өнөөдөр улстөржих биш ажил хийх цаг нь шүү дээ. Дөрвөн жилийн дараа эднийг Ардчилсан намын үйл ажиллагааг үргэлжлүүлсэн гэж хэн ч ярихгүй. Дөрвөн жилийн дараа МАН ийм ажил хийсэн л гэж ярина. Үүнийг ухаарч ойлгоосой.

-Нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг танай намын бүлэг буцаах санал гаргасан. Шалтгаан нь юу байв?

-Нэгдүгээрт, 2016 оны НИТХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан 25 төсөл, үйл ажиллагаа Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй буюу өөр байдлаар туссан байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн амлалтаасаа ухарч, ард иргэдээ хуурсан үйлдал гаргалаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон “Нэг өрх-нэг орон сууц”, залуу гэр бүлд зориулсан нэг өрөө орон сууц барих эрх зүйн орчинг бүрдүүлэх, хямралын улмаас зогссон үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээх, үндэсний үйлдвэрлэгчдийн 400-гаас доошгүй автобус тролейбусаар парк шинэчлэл хийх зэрэг амлалтууд Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй. Энэ амлалтуудаа мөрийн хөтөлбөртөө оруулаач гэсэн шаардлага тавьсан.

Хоёрдугаарт, аливаа мөрийн хөтөлбөр хэрэгжих, хэрэгжиж дууссаны дараа үнэлж дүгнэх боломжтой байх ёстой. Гэтэл Засаг даргын мөрийн хөтөлбөр хэмжих хэмжүүр, дүгнэх аргагүй. Жишээлбэл, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэсэн. Энэ жил хэд байсныг ирэх жил хэд болгож нэмэгдүүлэх нь тодорхой биш. Гэх мэт шалтгаанаар Засаг даргын мөрийн хөтөлбөрийг буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан ч олонхиороо хүлээж авсангүй.

-Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан ажлууд ирэх жилүүдэд хэрэгжих болов уу. Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан уу?

-Төрийн бодлогын залгамж чанар гэж байх учиртай. Гэтэл залгамж чанар байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Байна уу гэхээр байхгүй. Байгаа юу гэхээр нэрийг нь өөрчлөөд тавьчихсан байх жишээтэй. Жишээлбэл, өнгөрсөн жилүүдэд нийслэлийнхний дэмжлэгийг хүлээсэн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг ажлуудыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй. Бичил бизнесийг дэмжих төсөл, жуулчдыг татах “Найрсаг Улаанбаатар ” зэрэг төсөл хөтөлбөрийн нэрийг өөрчилсөн, эсвэл хэрэгжих эсэх нь бас л тодорхойгүй байгаа юм. “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг “Гэр хорооллын зөв шийдэлтэй төлөвлөлт” гэх жишээтэй. Бичил бизнесийг дэмжих зээлийг “Итгэлийн зээл” болгоод өөрчилчихсөн. Яаж хэрэгжих нь ч тодорхойгүй. Үүнийг залгамж чанар гэх эсэхийг мэдэхгүй юм.

-Та “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг удирдсан. Энэ төсөл зогсчихлоо. Газраа чөлөөлсөн иргэд одоо хаачих вэ?

-Хууль, эрх зүйн үүднээс “Гэр хорооллын дахин төлөвлөлт”цаашид үргэлжлэх ёстой. Яагаад гэвэл хот, компани, иргэн гурав гурвалсан гэрээ байгуулсан. Түүнээс Баттулга, Бат-Үүл хоёр гэрээ байгуулаагүй. Хотыг Бат-Үүл, Баттулга хоёр төлөөлж байсан нь үнэн. Одоо Сандуй, Сундуй (Сундуйн Батболд) хоёр төлөөлж байгаа. Төрийн залгамж чанараар энэ хоёр гурвалсан гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Харин Баттулга гэдэг хүнтэй гэрээ байгуулсан бол долдугаар сарын 1-нээс эхлээд хэрэгжих боломжгүй болно. Баттулга биш хотын удирдлагатай гэрээ байгуулсан учраас цааш нь хэрэгжих ёстой. Иргэд хохирч үлдэх ёсгүй.

-Энэ төсөл яагаад зогсчихов оо?

-Миний харж байгаагаар энэ хүмүүс яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй байна. Бэрхшээлийг яаж зохицуулж, даван туулахаа тодорхойлж чадахгүй байх шиг. Бидний хийсэн ажлыг яагаад зогсоосныг өнөөг хүртэл гайхаж байна. Өнгөрсөн сард НИТХ-ын тогтоол гаргасан. Дараа нь зургадугаар сарын 10-ны үеэр хотын төсвөөс 20 тэрбум гаргаад арилжааны банкууд 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхэд бэлэн байсан. Нийтдээ 80 тэрбум төгрөгийг бага хүүтэй зээлээр босгочихсон байсан. Үүнийг дахин төлөвлөлт хийж байгаа компаниудад олгосон бол олон айл орон сууцтай болох боломжтой байсан. Түрээсийн байранд амьдарч байгаа 300-400 айл байрандаа орчих боломж байлаа. Гэтэл яагаад зогсоочихов.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн их мөнгө зарсан ч үр дүн гараагүй төсөл гэж ярих хүн олон байна?

-Бүх ажил хариуцах эзэнтэй. Зураг төслийг Ерөнхий төлөвлөгөөний газар хийснийг Хөрөнгө оруулалтын газар хянадаг. Хувийн компаниуд ажлын зураг хийх гэхчилэн бүх шат дамжлагадаа хариуцах эзэнтэй. Харин үр дүнгүй гэдгийг хэн тогтоодог юм бэ. Үр дүнгүй гэдгийг хэн нэгэн албан тушаалтан ярьдаггүй. Аудит шалгаж тогтоодог юм. Эсвэл шүүх шинжээч томилдог.

-Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 104 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан гэж Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар мэдэгдсэн шүү дээ.

-Би энэ ажлын журмыг боловсруулж хурлаар батлуулж байсан. Тэр Ганбаатар гэдэг хүн хаанаасаа гараад ирсэн юм бэ. 2008-2012 онд газар чөлөөлөлтийг жинхэнэ будлиулсан хүн шүү дээ. “Бэрэн”-гийн газрыг чөлөөл гэж байгаад цахилгаан, дулааны шугамыг шулуун шугамаар тавьдгийг ч энд, тэнд нь чөлөөлчихсөн. Бүр андуураад Ногоон нуур хавийн газрыг чөлөөлчихсөн. Тухайн үед тэр хүнийг шалгуулах байсан ч хийх ажлаа бодоод орхисон хэрэг. Гэтэл тэр хүн ийм сонин, сонин юм яриад байгаа нь гайхшралыг төрүүлж байна. Би энэ ажлыг цааш нь үргэлжлүүлмээр байна. Тиймээс өөрийнхөө мэдлэг, чадвараа зориулахад ч бэлэн байна. Товчхон мэдээлэл өгөхөд, 24 байршлын 75 хэсэгчилсэн талбай бүхий 1500 га газар бий. Үүн дээр 38 компани үйл ажиллагаа явуулж байсан. Бид дөрвөн компанийн эрхийг бүрэн, хоёр компанийн эрхийг хэсэгчлэн цуцалсан. Өнгөрсөн гурван жил 9787 айлын орон сууц баригдсанаас 4833 айлын орон сууц ашиглалтад орчихсон. 1500 хашаа, байшинг чөлөөлчихсөн. 300 гаруй айл түрээсийн байранд амьдарч байгаа. Үр ашиггүй гэдэг асуудлыг хэн нэг нь ярьдаггүй гэдгийг дахиад хэлье. 104 тэрбум төгрөгөөр боссон хөрөнгийн жагсаалт надад бий. 60-70-аад хувь нь Хөгжлийн банкны санхүүжилт. Баттулга гарын үсэг зураад шийдчихдэг хөрөнгө биш. Шат дамжлагаар шийдэгддэг ажил. Хийх ёстой ажил яахаараа үр ашиггүй болчихдог юм бэ.

-НИТХ өнөөдрийн хуралдаан дээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаад орон гэргүй болсон гэх хүмүүс ирчихсэн байна. Эхэлсэн ажлаа дуусгаач гэж танд хандаж байх шиг. Та ямар хариу өгөв?

-Би эхэлсэн ажлаа дуусгахын төлөө зүтгэнэ. Би ч, та нар ч одоогийн хотын удирдлагуудыг шах, шаард. Өөр арга байхгүй л гэсэн. Иргэд хохирох ёсгүй.

-Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл манай сонинд “Миний эсрэг “Их эвсэл” бий болжээ” гэж бичсэн. Бүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг нар МАН-тай нэгдэж миний эсрэг эвслээ гэсэн. Та ямар бодолтой байна вэ?

-Ерөнхийлөгч Элбэгээ Үүлийг байнга дэмжиж ирсэн. Тэр хоёр маань нэг тэрэгний хоёр арал явж ирсэн. Элбэгээ Үүлийн эсрэг хэзээ ч ажиллахгүй. Бат-Үүлийг урьд нь ч, нийслэлийн намын дарга болоход ч, нийслэлийн Засаг дарга болоход ч, бид хоёр хотыг удирдаж байхад ч Ерөнхийлөгч байнга л дэмждэг. Тийм л хүн. Элбэгээ Үүлийн эсрэг “Их эвсэл” ч гэнэ үү, байгуулах хүн биш. Би түүнд нь огт итгэхгүй байгаа. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг нь би.

-Э.Бат-Үүл дарга тэгвэл яагаад тэгж бичихэд хүрэв. Их гомдсон нь нийтлэлээс нь харагдаж байсан.

-Чухам ямар мэдээллээр тэгж бичсэнийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Ерөнхийлөгч Үүлийг байнга дэмжиж ирсэн, одоо ч дэмжиж байгаа.

-Та хоёр уулзахгүй байгаа юм уу?

-Ойрд холбоо барьж чадсангүй. Манай хүн хөдөө яваад байх шиг байна.

-С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулж хоёр дахиа шалгаж байгаа нь их эмзэг туссан болов уу?

-Хууль хяналтын байгууллага шалгая гээд шалгасан юм болов уу. 1990 оноос хойш Үүлтэй хамт явлаа. Хамтдаа хувьсгалыг нь ч хийлээ. Хамтдаа ялж, ялагдаж ч явлаа. Сүүлийн дөрвөн жилд бид хоёр мөр зэрэгцэн хотыг удирдлаа. Үүлийг хамгийн сайн мэдэх хүн нь бас л би. Хэн ч үгүй гэхгүй. Баталгаатай хэлье. Манай Үүл хэзээ ч тийм хэрэг хийхгүй. Хуулийн байгууллага шалгаад цагаатгана биз дээ.

-Улс төрийн зорилгоор, хууль зөрчин байж шалгалаа гээд байгаа шүү дээ?

-Үүнийг хууль хяналтын байгууллагаас нь асуу.

Categories
мэдээ нийгэм

Явуулийн тусламж үйлчилгээний машин гардуулан өгчээ

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд явуулийн тусламж үйлчилгээний машин гардуулан өглөө. Тус автомашиныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон БНСУ-ын засгийн газрын дэмжлэгээр хөдөө орон нутгийн замд туулах чадвар сайтаагаар тоногложээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Солонгосын олон улсын Эрүүл мэндийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь энэ аж.

Мөн СХД-ийн Эрүүл мэндийн төв болон тус дүүргийн VII, XXVI дугаар хорооны өрхийн эмнэлэгт үзлэг оношлогоонд ашиглах ЭХО, ЭКГ зэрэг аппарат, таблет, даралтын аппарат зэрэг багаж, тоног төхөөрөмж, оношлуулаар хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ.