Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж, орон даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээл заадаг уламжлалтай билээ. Энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлтийн хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ерөнтцийн чихнээ” сэдэвт хичээлийг заалаа. Өнөөдрийн “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдэвт хичээлийн эхэнд Ерөнхийлөгч нийт сурагчдадаа 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлагын амжилт хүсч, Төрийн дууллаа эгшиглүүлснээр эхэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сурагч хүүхдүүд маань энэ зун сайхан амарсан байх. Энэ жилийн хичээлийн жилд хүүхэд бүрийн хүсэл биелсэн жил байгаасай. Энэ жилийн хичээлийг найм дахь удаагаа зааж байна. Миний заасан хичээлийг жил бүр оюутан, сурагч, багш нар үздэг явдалд их баяртай байна. Анхны хичээлээ 2009 онд “Дэлхийн дулаарал Монголд” сэдвээр зааж байсан. Тэр үед дэлхий нийтэд тулгарч байсан цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байгаа талаар ерөнхий ойлголт өгөх зорилготой зааж байжээ. 2015 оны арван хоёрдугаар сард Парис хотод болсон дэлхийн 130 гаруй улс орны удирдагч цуглаж, дэлхийн цаг уур, дулаарлын талаар хөтөлбөр баталсан байгаа. Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намрын улиралд “мод тарья” хэмээх зарлиг гаргасан юм. Тэр үед сургууль, цэцэрлэгийн ойр орчмыг моджуулах арга хэмжээ эрчимтэй явагдсан байгаа. Тэр ч утгаараа бидний анхны хичээлийн үр дүн гарч ирсэн гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ертөнций чихнээ” сэдвийн хүрээнд хичээлд оролцогч сурагч нартай харилцан асуулт хариулт явууллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:Өнөөдрийн хичээлийн сэдэв “Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн байгаа. Энэ хүрээнд хэдүүлээ ярилцъя. Энэхүү нэрийг бодохоор та бүхэнд яг юу бодогдож байна вэ?
Сурагч: Энэхүү сэдвийг ойлгохдоо хамгийн түрүүнд эх оронд маань аялж яваа жуулчид санаанд орж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:Эх оронд маань ирсэн жуулчдын нүдэнд бид наад цах нь хогоо хаямааргүй байна. Миний хамгийн их сэтгэл зовоодог зүйл бол замаар явж байхад, замын хажуу талын орчин тойрноор бөөн хогийн уут, ундаа усны сав, харагдаж байдаг. Ийм зүйл ерөөсөө байж болохгүй юм байгаа юм. Ой тогтоолтоор хичээллэдэг хүүхдүүд бий юу?
Сурагч: Би ой тогтоолтоор 2013 оноос эхэлж хичээллэсэн. Энэ хугацаанд ОУХМ болсон байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Дэлхийн аварга гэдэг бол маш том цол. Бид бүхэн нэг юманд итгэх хэрэгтэй. Миний хувьд Монгол Улс бол монгол хүнээрээ дамжиж, хөгжих ёстой. Хүнээр дамжин улс эх орон маань хөгжихийн тулд монгол хүний оюун ухаанаар илэрхийлэгдэнэ. Тийм ч учраас би монгол хүний оюун ухаанд итгэдэг гэсэн юм. Энэ мэтчилэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурагчидтай ярилцаж, теле хичээлээ заалаа. Тэрбээр хичээлээ дуусгахдаа “Өнөөдрийн хичээл их сайхан боллоо. “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” гэсэн үг байдаг. Нийт сурагч хүүхдүүдээ ирж буй хичээлийн шинэ жилд нь сурлагын амжилт хүсье. Дараа жил дахин уулзахын ерөөл өргөе” хэмээсэн юм.