Categories
мэдээ нийгэм

Сарын дунд үеэс хойш нойтон цас орно

Газар тариалан эрхэлж буй бүс нутгаар наймдугаар сарын 20-ны байдлаар улаанбуудай Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Баянголд сүүн бололт, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Зүүнбүрэн, Ерөө, Орхонтуул, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Залуучууд, Дорнодын Халхголд аарцан бололт, Хөвсгөлийн Тариалан, Хэнтийн Гурванбаянд бүрэн бололтын үе шат ажиглагдсан бол ургалтын байдал Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төвийн тариалан бүхий газруудад сайн, Дорнодын Халхгол сумд дунд зэрэг байсан.

Төмсний ургалтын байдал ихэнх газруудад цэцэглэлтийн төгсгөлийн үе шатанд орсон бөгөөд Архангайн Түвшрүүлэх, Сэлэнгийн Мандалд ишний гулжийлтын үе шат явагдаж байна. Ургалтын байдлын хувьд Баян-Өлгийн Баяннуур, Дорнодын Баян-уул, Төвийн Угтаалд дунд бусад газруудад сайн үнэлгээтэй байгаа ажээ.

Газар тариалан бүхий нутгуудад есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур

  • Нутгийн зүүн хагаст дунджаас дулаан,
  • Баруун хагаст дунджийн орчим ба түүнээс сэрүүн, хур тунадас олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу орохоор байна.

Есдүгээр сард үе үе хүчтэй салхи, мөндөр, түр зуурын бороотой. Мөн сарын дунд үеэс хойш нойтон цас орох төлөвтэй ба дээр дурдсан хугацаанд хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд анхаарна уу.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

Ч.Хашчулуун: Татвар нэмэх нь буруу

Төсвийн тодотголыг манайх сүүлийн жилүүдэд жилд 1-2 удаа заавал хийдэг болчихоод байна. Үүний эхний үр дагавар бол төлөвлөлт муу байна. Тэр дундаа төсвийн орлого, зарлагын төлөвлөлт муу байна. Төсөв их хэмжээгээр тасарч, төлөвлөөгүй зардлууд гарч байгаа учраас тодотгол хийх нь зайлшгүй байх. Ер нь цаашдаа эхнээсээ дуустал төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй. Эхнээсээ яагаад буруу төлөвлөж байна гэдэг асуудлаа ч асуух ёстой. Татварыг төлж байгаа хүмүүсээс нэмж аваад байх нь сайн арга биш юм.

Угаасаа бүгдийг хууль ёсны дагуу чадлаараа төлж байгаа байгууллагууд бий. Тэдэн дээр улам ачаалал нэмэх нь төдийлөн оновчтой арга биш гэж бодож байна. Түүний оронд огт татвар төлөхгүй байгаа, эсвэл дутуу төлдөг хүмүүс болон байгууллагуудыг яагаад хамруулахгүй байна вэ гэдэг асуулт байна. Жишээ нь, Сангийн яамыг харахад төлж байгаа хэд дээрээ л нэмээд байвал амар байж болох юм. Бодит амьдрал дээр тийш биш хэмээн эдийн засагч Ч.Хашчулуун өөрийн байр сууриа илэрхийлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Найман хувийн зээлийг үргэлжлүүлнэ

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй найман хувийн зээл үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байсан. Тэгвэл, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр дөнгөж сая найман хувийн зээлийг үргэлжлүүлэн гэдгээ албан ёсоор мэдэглээ.

Тэрбээр “Энэ Засгийн газар найман хувийн зээлийг үргэлжлүүлнэ. Одоогоор ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Одоогоор сард төлөх төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Ямар хэлбэрээр найман хувийн зээлийг олгох уу гэдэг нь удахгүй тодорхой болоод эхэлнэ” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Паралимпийн тамирчид өнөөдөр Риог зорино

Бразилын Рио-Де-Жанеро хот паралимпийн тамирчдаа хүлээн авч эхэллээ. Есдүгээр сарын 7-нд эхэлж, 18-ныг хүртэл үргэлжлэх Зуны 15 дахь удаагийн паралимпийн наадамд Дэлхийн 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр, 528 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин паралимпийн жүдо бөх, байт харваа, хөнгөн атлетик, буудлага, пауэрлифтингийн төрлүүдэд оролцох юм.

Паралимпод эх орноо төлөөлөн өрсөлдөх тамирчид маань өнөөдөр Риог зорин нисэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг дахин байгуулахаар боллоо

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг дахин байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа. Тус эмнэлэгт онцгой байдал, хил хамгаалах болон хууль сахиулах бүх байгууллагын албан хаагчид, мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: МАН татвар нэмэхгүй гэж сонгуульд ялсан

Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тухай Засгийн газар байнга ярьж байгаа. Өмнөх Засгийн газрууд ч ярьж байсан. Одоо олонхийг бүрдүүлж байгаа МАН-ынхан хоёр сарын өмнө татвар нэмэхгүй, шинэ татвар бий болгохгүй гэж амалж сонгуульд ялсан. Гэтэл өнөөдөр нэг биш найман төрлийн татвар нэмнэ гэж оруулж ирж байна. Засгийн газар улсын төсвийн урсгал зардлыг 550 тэрбумаар, хөрөнгийн зардлыг 500 тэрбумаар нэмнэ, төсвийн алдагдлыг хоёр тэрбум ам.долларт хүргэнэ гэдэг төсвийн тодотгол, Төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирлээ. Тиймээс татвар нэмэхийг би эрс эсэргүүцэж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

43000 хүүхэд цэцэрлэггүй хоцорчээ

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ хичээлийн жилд улс даяар нийт 69100 хүүхэд сурагч болж байгаа аж. Үүнээс Улаанбаатар хотод 27629 хүүхэд нэгдүгээр ангийн сурагч болж байгаа бол хөдөө орон нутагт 41471 сурагч нэгдүгээр ангид элсчээ. Харин сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт шинээр 62679 хүүхэд элсэж байгаагаас Улаанбаатар хотод 27579, хөдөөд 35100 хүүхэд хоёр нас хүрэн цэцэрлэгт явж эхэлжээ.

Төрийн өмчийн 212, хувийн хэвшлийн 386 цэцэрлэгт 106717 хүүхэд хамрагдах аж. Жил бүр цэцэрлэг хүртээмжгүй байдгаас олон тооны хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүй үлддэг. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүртээмжгүйгээс болж 43000 гаруй хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй үлдэж байгаа аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хяналтын цэгүүд дээр цагдаагийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж ажиллаж байна.

Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм. Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байх хэрэгтэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Узбекистаны Ерөнхийлөгч эмчлүүлж байна

Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын бие өвдөж эмнэлэгт хэвтсэн байна. Энэ тухай Узбекистаны Засгийн газрын албан ёсны мэдэгдэлд дурджээ.

1991 оноос хойш Узбекистан улсыг тасралтгүй 25 жил удирдаж буй 78 настай Ислам Каримов ямар өвчний улмаас эмнэлэгт хүргэгдсэнийг мэдээлсэнгүй. Албан ёсны мэдэгдлийн дараа зарим эмч Ерөнхийлөгчийг эмнэлгийн үзлэгт оруулж эмчилгээ хийхэд нэлээд хугацаа шаардагдах тухай өгүүлжээ.

Ислам Каримов хамгийн сүүлд энэ сарын 17-д улсын телевизээд гарч, БНСУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзсан байна. Түүнээс хойш зурагтаар харагдаагүй гэнэ. Тэрээр есдүгээр сарын 1-нд Узбекистаны Тусгаар тогтнолын баяраар ард түмний өмнө гарч ирэхээр төлөвлөж байжээ.

Төв Азийн дарангуйлагч удирдагчдын нэг гэгддэг Ислам Каримовын орыг хэн залгамжлах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Каримовын залгамжлагч болж магадгүй хэмээн яригддаг том охин Гулнара Каримова сүүлийн жилүүдэд авлигын хэрэгт холбогдон гэрийн хорионд орж, шалгагдаж байгаа. Сүүлийн үед Узбекистаны төрийн тэргүүний бага охин Лола Каримова “залгамжлагчаар” нэрлэгдэж эхэлсэн. Узбекистанаас ЮНЕСКО-д суугаа байнгын төлөөлөгчөөр ажилладаг Лола нэгэн ярилцлагадаа том эгч Гулнаратай 12 жилийн турш огт харилцаагүй гэдгээ ярьж байжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Ислам Каримов энэ сарын 26-нд зүрхний шигдээсээр гэнэт унасан гэнэ. Тухайн өдөр Риогийн олимпод гавьяа байгуулж медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч үдэшлэг зохион байгуулах үеэр Ислам Каримов архи нэлээд уусан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зелимхан Хайдаровын хориглосныг үл тоож архи уусан тэрээр үдэшлэгийн дараа ухаан алдаж унажээ. Түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Герман болон Израилаас эмч нар ирсэн. Одоогоор Ислам Каримовын биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Ислам Каримов 1989 оноос хойш Узбекистаныг удирдаж байгаа. ЗХУ задарч унасны дараа 1991 онд тус улс тусгаар тогтнолоо зарлахад Ерөнхийлөгчийн сонгуульд 90 хувийн саналаар ялалт байгуулсан. Түүнээс хойш төрийн эрхийг бүх нийтийн санал хураалтаар сунгаж яваа. 30 сая хүн амтай Узбекистанд ардчилсан сонгууль явагдаж байгаагүй, сөрөг хүчин ч байхгүй, чөлөөт хэвлэлүүд бүгд хаагдсан. Одоо И.Каримовыг хэн залгамжлах нь сонин байна.

Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа

Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин Төв аймгийн Баян, Баянжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутгуудад гараад байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уг өвчинтэй тэмцэх, түүнээс урдьчилан сэргийлэх талаар яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгон А/628 захирамжийг энэ сарын 30-нд гаргасан.

Тэгвэл тус захирамжийн биелэлт хэрэгжилттэй танилцахаар өнөөдөр /наймдугаар сарын 31-нд/ нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн мал эмнэлгийн дарга А.Нарантуяа, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга болон бусад холбогдох албаны хүмүүс Мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналт, нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа авто замуудын АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдэд ажиллалаа.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баруун Турууны АТШБ товчооны хяналтын цэг, Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн АТШБ товчооны хяналтын цэг, Хан-Уул дүүргийн Нисэх-Био АТШБ товчооны хяналтын цэг, Яармаг-Өлзийтийн АТШБ товчооны хяналтын цэг, Багахангай дүүргийн АТШБ хяналтын цэгийн товчооны үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмж өгч, шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Мөн нэн даруй хэрэгтэй байгаа чиг үүргийн байгуулллагуудын хүн хүчний асуудал, хяналтын постуудад ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, өдрийн хоол унааны зардал болон отрын малчдын малыг вакцинжуулах ажлыг яаралтай дуусгах, мөн шаардлагатай газруудад нэмэлтээр хяналтын цэг байгуулж ажиллуулах, хөдөлгөөнт эргүүлийг нэмэлтээр гаргаж ажиллуулах зэрэг асуудлуудыг яаралтай шийдэж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.

Дашрамд дурдахад, гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм. Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байх хэрэгтэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.