Categories
гадаад мэдээ

Японд хар салхи болж 9 хүн нас баржээ

Хойд Японыг
мягмар гаригт хар шуурга дайран гарчээ. Энэхүү хар шуурга нь Хойд Японы нутагт
болж байгаа анхны үер гэнэ. Шуурганы улмаас 300 мм усархаг бороо орж зөвхөн энэ
мужид хоёр хүн нас баржээ. Энэхүү үерийн улмаас 400.000 хүнийг нүүлгэн
шилжүүлсэн байна. Үерийн улмаас олон тооны нислэг цуцлагдаж томоохон үйлдвэрийн
газрууд усанд автаж олон голууд далангаа эвдэн үерлэжээ. Энэхүү үер нь Японд
2011 онд болсон цунамигийн дараах хамгийн их хохирол авчирсан байгалийн
гамшгаар нэрлэгдэж байна. Хар шуурга цаашилсаар ОХУ-ын нутаг дэвсгэр рүү
шилжсэн байна. Албаны мэдээгээр шавар намаг их үүссэний улмаас 9 хүн нас барсан
гэж мэдээллээ. Гэхдээ нийт хохирогчдын тоо эцэслэн гараагүй байна. Энэ үерт хуучин
олон жил болсон барилгад амьдарч байсан иргэд их өртлөө гэж NHK мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Японоос эхэлсэн Тайфун шуурга Монголыг дайрна

Манай орны зүүн аймгуудын нутгаар өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 2-ныг дуустал бороо үргэлжлэн орж “тайфун” гэх байгалийн үзэгдэл болно хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тодруулбал, Тайфун буюу шуурга нь эх газарт 100 жилд тохиолддог байгалийн ховор үзэгдэл юм байна. Тайфун гэдэг нь нэгэн төрлийн шуурга гэж ойлгож болно. Тайфуны эхний үе шатуудад мөндөр, усархаг бороо орж, маш хүчтэй салхилдаг. Улмаар аянга цахилгаан бууж газрын нуралт үүсэх зэрэг цаг агаарын олон гамшигт үзэгдэл болох тохиолдол ч байна. Энэ удаагийн тайфун нь Номхон далай, Японы арлуудын зүүн эрэг орчимд энэ сарын 23-нд үүссэн аж.

Энэхүү тайфун нь Японы арлыг дайран энэ сарын 31-нд буюу Владивосток орчмоор эх газар дээр гарч ирэн эрч нь сулраад байгаа юм байна. Манай орны зүүн талд тулж ирээд, аажмаар нутгийн зүүн өмнө тал руу шилжин есдүгээр сарын 3-ныг хүртэл байрлах гэнэ.

Гэхдээ арлын орнуудад нөлөөлдөг шиг хор хөнөөл нь манай оронд үзэгдэхгүй. Манайд цаг агаарын энэхүү үзэгдэл анх удаа ажиглагдаж байгаагаараа онцлог юм байна. Энэ үеэр зүүн аймгуудын нутгаар 2-3 хоног бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Салхины хүч 5-10 м/сек, зарим тохиолдолд 16-18 м/сек хүрнэ. Иймд,ард иргэд энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм.

Categories
гадаад мэдээ

Олон улсын хэвлэлийн симпозиум болно

“Эм Ай Ю” дээд сургууль, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, БНСУ-ын төв телевиз KBS зэрэг байгууллагуудтай хамтран маргааш буюу /2016.09.01/ баасан гаригт 10:00-16:30 цагт олон улсын симпозиумыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү симпозиум нь “Хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага” сэдвийн дор болох юм.

Уг арга хэмжээнд БНСУ-ын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүнд бүхий хүндэт зочид ирж оролцон илтгэл хэлэлцүүлэх бөгөөд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Монгол Улсын төр засгийн болоод холбогдох албаны хүмүүс, салбарын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Уурхайчид Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний холбоод Хувь хүний орлогын албан татварыг 25 хувьд хүргэх Засгийн газрын санал болоод эрчим хүчний үйлдвэрүүдийг хувьчлах асуудлыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.


Засгийн газар эдийн засгаа аврахын тулд хоёр сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэнээс авах Хувь хүний орлогын албан татварыг 25 хувьд хүргэсэн. Энэ нь нийт иргэдийн хоёр хувь нь буюу өндөр цалин авдаг хүмүүс дээрх татварыг төлнө. Гэвч сайдын тооцоо бодит амьдралтай нийцэхгүй гэдгийг уурхайчин, инженерүүд тайлбарлалаа. Тэд ХХОАТ-ын хэмжээг 25 хувь болговол өндөр албан тушаалтнууд өөрсдөө цалингийн орлогоо өөр хэлбэрээр авч, энэ хууль зөвхөн жирийн ажилчдад л үйлчилнэ гэж үзэж байна.

Мөн тэтгэвэр тогтоох насыг үечлэн нэмэх Сангийн сайдын санал эрчим хүч уул уурхайн салбарт газрын дор, халуун, хүйтэнд, шөнийн цагаар жижүүрлэн, хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилладаг 30 мянган уурхайчин, инженерүүд тэтгэврээ тогтоолгож чадалгүй хорвоогийн мөнх бусыг үз гэсэнтэй утга нэг гэж эсэргүүцлээ. Энэ салбарынхан хоёр сая 500 мянган төгрөг түүнээс дээш цалинтай ч бүгд орон сууцны зээлтэй гэлээ. Жилийн 2/3-т өдөр, шөнөгүй илүү цагаар ажиллаж олсон уурхайчин, инженерүүдийн цалин нэг хүний орлого биш нэг өрхийн орлого байдаг хэмээн тайлбарлав.

Өмнөх УИХ, Засгийн газрын баталсан ДЦС 4, ДЦС 3, ДЦС 2, Дарханы цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц гэсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч ТӨХК-ийн 30 хувийг хувьчлах шийдвэрийг салбарынхан нь дэмжихгүй байна. Тогтвортой ажиллаж буй дээрх үйлдвэрүүд хувьчлагдвал тэнд ажилладаг ажиллагсдын ажлын байр ганхаж, эрх ашиг нь зөрчигдөнө гэж үйлдвэрчний эвлэлийнхэн тайлбарлалаа. Жишээлбэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг одоогоос хоёр жилийн өмнө концессийн гэрээгээр Кю Эс Си хувийн компанид шилжүүлснээс хойш тус үйлдвэрийн үйл ажиллагаа алдагдаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зогсоож, төмрийн хүдэр олборлодог уурхай болон хувирчээ. Мөн үйлдвэрийн 1300 ажилчинг сул зогсолтод хамруулсан ч, тэдэнд сул зогсолтын цалин өгөхөө болиод удсан гэлээ.

Уул уурхай, эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлийнхэн хууль тогтоогч, шийдвэр гаргагчдад хандан ажилчнаа, хүнээ бодсон хууль, журам боловсруулж батлахыг шаардаж байна. Харин төрийн өмчит компаниудыг хувьчлахдаа эдийн засгийн тооцооллыг сайтар хийж, хувьчилж авсан компаниудын үйл ажиллагааг эргэн шалгадаг байхыг ч анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

“Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн давхардсан албуудыг татан буулгажээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны оны 8 дугаар сарын 31-нд болсон хуралдаанаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болгон 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөн байгуулахаар болов.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн танилцуулснаар 2013 оны НИТХ-ын тогтоолоор нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийг байгуулж Хот тохижилтын газар, Улаанбаатар зам арчлалт, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг татан буулгасан. Ингэхдээ нэг чиг үүрэгтэй олон байгууллага ногоон байгууламж, зам арчлалт, тохижилтын ажлыг тус тусдаа гүйцэтгэдэг, байгууллагуудын эдийн засгийн чадавхи сул, ихээхэн өр авлагтай байсан зэргээс шалтгаалан нэтгэх шийдвэр гаргаж байсан.

Харин өнөөдөр тус нэгтгэл нүсэр бүтэцтэй, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт менежмент хийж чадахгүй, өр төлбөр нь өссөн учраас өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болсон байна.

Мөн энэ хуралдаанаар “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь 10 албыг чиг үүрэг давхардсан учраас татан буулгахаар шийдвэр гаргав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдлын байнгын хороогоор “Парисын хэлэлцээр”-ийг батлахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаан 10 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив.

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол:

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалахад чиглэгджээ. Энэхүү агаарын дундаж температурын өсөлтийг бууруулах урт хугацааны зорилтод хүрэхийн тулд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмхий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэхийг уриалсан байна.

Конвенцийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн одоогийн байдлаар дээрх санд нийт 10 тэрбум ам доллар төвлөрөөд байгаа бөгөөд холбогдох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг 2016 оноос эхлэн хүлээн авч эхлээд байгаа юм байна.

Иймд газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд энэхүү баримт бичигт алдалгүй нэгдэн орж санхүүгийн болон санхүүгийн болон технологийн дэмжлэг, туслалцаа авах шаардлагатай байгаа тул энэхүү хуулийн төслийг өргөн барьжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм Тухайлбал, Х.Нямбаатар гишүүн, байгалийн нөөц баялгийг зөв зүйтэй ашиглах, хуваарилах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн байгаль орчныг хамгаалах асуудалтай хамтад нь хэлэлцүүлж байх, Н.Оюундарь гишүүн, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй нь тодорхой боловч энэ талаар нарийвчилсан судалгаа хомс байна. Иймд шинжлэх ухааны судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, холбогдох олон улсын сангуудаас тусламж авах, төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэх замаар эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсдаа батлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд танин мэдүүлэх сургалт сурталчилгааны ажлыг идэвхижүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах зэрэг саналуудыг хэлж байсан.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс нь дэлхийн усны хагалбар газар боловч гол мөрний бохирдол асар их хэмжээнд байна. Энэ нь голын эхэнд уул уурхайн олборлолт явуулж байгаатай шууд холбоотой. Иймээс ирээдүйд тухайлбал 10 жилийн дараа Монгол Улсын цаг уур, бэлчээрийн даац, малын тоо толгой, хүн амын шилжин суурьшилт, ундны усны хангамж, голын ай сав, ойн сан газар, уул уурхайн олборлолт, байгаль орчны нөхөн сэргээлт болон орчны доройтол зэрэг олон тулгамдсан асуудлууд ямар түвшинд байх, тэдгээрийг хэр хэмжээнд барих, ямар ажлууд хийх талаар судалгаа тооцооллыг сайтар хийх, энэхүү конвенцид нэгдэн орох нь холбогдох чиглэлийн бусад яамдаа нэгтгэн бодлогоор удирдах, хамтран ажиллуулах боломжийг бий болгож байгааг зөв, оновчтой ашиглах зэрэг саналуудыг гаргасан.

Ингээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын танилцуулгыг сонсов.

Хөтөлбөр 5 бүлэг 381 заалттай бөгөөд хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа МАН-ын Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн байна.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар хөтөлбөрийн төслийн 2.118 дахь заалтыг 5.6.2 болгон “дэд бүтцийн” гэсний өмнө “эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд” гэж нэмэх, мөн төслийн 5.6.1 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийг 5.6.3 дахь заалт болгох, 5.6.3 дахь заалтын БНСУ гэсний дараа БНТУ /Турк/ гэж нэмэх зэрэг саналуудыг гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Арабууд нууцаар ховор амьтдыг агнаж байгаад нутгийн иргэдэд баригджээ

Арабууд нэн ховор амьтдыг хууль бусаар агнаж байгаад орон нутгийн иргэдэд баригджээ.Тэд өмнөх Засгийн газрын баталсан идлэг шонхор шувууг нууцаар гадаадад гаргах тогтоолын хүрээнд 13 шонхор шувууг барих зөвшөөрөлтэй аж.

Байгаль орчны иргэний зөвлөл ТББ-аас энэхүү үйлдлийг Монгол Улсад төлөх 11 мянга 760 ам доллараас зугтсан хэрэг гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Манай улс 300-400 толгой нүүдлийн идлэг шонхор шувууг жилдээ арилжааны зориулалтаар амьдаар нь гаргах боломжтой.Гэхдээ нэг толгой идлэг шонхор шувууны төлбөр, хураамжийг 11.760 ам.доллараар тооцон бодох ёстойг иргэний зөвлөлийнхөн тодотголоо. Мөн салбарын яамны сайдынх нь баталсан журамд заасан “Идлэг шонхор шувууг амьдаар нь барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагааг зуучлах” ажиллагааг дотоодын аж ахуй нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлэх шаардлагатайг ч хөнджээ. Учир нь арабууд өөрсдөө шууд Засгийн газрын зөвшөөрөлтэй барьсан шонхоруудаа хилээр гаргах нь улс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглаж, нууцаар тушаал гарган улсын төсөвт төвлөрүүлэх журамтай хураамжийн төлбөрүүдийг арабуудаас авдаггүй. Мөн салбарын сайдтай нь шууд тохиролцож, нэг идлэг шонхор шувууг хэдэн төгрөгөөр арилжсан үнээ нууцалж, хувьдаа ашиг олсон болох нь хэд хэдэн удаагийн үйлдлээр илэрсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Элэгний эмүүдийг ЭМД-ын сангаас хөнгөлттэй үнээр олгох асуудлыг судалж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Гепатит С вирүсийн халдварыг эмчлэх эмийг импортлогч эм хангамжийн салбарын төлөөлөл ханган нийлүүлэх байгууллага Монос групп, Омбол ХХК, Монгол эм, импекс компанийн удирдлагуутай уулзаж АНУ-ын Гелиад Сайнс компаний Харвони болон түүний Женерик эм болох Ледвир, Вирпас, Хепсинат зэрэг эмийн үнийн талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газраас хүн амыг вирүст хепатитаас сэргийлэх, элэгний өвчнийг эрт илрүүлэх, тандах, оношлох ажилд онцгой анхааран, олон талт арга хэмжээ авч байгаагийн нэг илрэл Гепатит С вирүсийн халдварыг эмчлэх Ледипасвир 90 мг + Софосбувир 400 мг /Харвони/, Софосбувир 400 мг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэн, зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтад нэмэлтээр оруулсан билээ.

Эмийн зардал зарим өвчтөнд хүндээр тусч байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар эмийн үнийг бууруулах чиглэлд судалгаа хийж, хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагууд хувь нэмрээ оруулан хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Одоогийн байдлаар Харвони эмийн хямд өртөг бүхий Женерик эмүүдийг улсын эмийн бүртгэлд бүртгэж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр олгох асуудлыг судлан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Нийслэл бүх өмч нэг их наяд 229,3 тэрбум төгрөг болжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг явуулдаг байна. Энэ удаагийн тооллого нь зургаа дахь удаагийнх бөгөөд нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой 733 байгууллага хамрагджээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангийн танилцуулснаар нийслэлийн хэмжээнд

  • цэцэрлэг 206,
  • сургууль 110,
  • эрүүл мэндийн байгууллага 26,
  • өрхийн эмнэлэг 129,
  • төсөвт байгууллага 188,
  • үйлдвэрийн газар 68,
  • нийслэлийн оролцоотой хуулийн этгээд 6 тоологдсон байна.

Түүнчлэн 32,596,2 га талбай бүхий 1,847 байршил дахь газрыг нийслэлийн өмчийн оролцоотой 491 хуулийн этгээд эзэмшиж байна гэсэн дүн гарсан байна. Харин бүртгэлд тусгагдаагүй нийт 167,169,0 сая төгрөгийн өртөг бүхий 16 барилга, 1 тээврийн хэрэгслийг байгууллагуудын дансанд тусгуулсан гэдгийг тодотголоо.

Хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр барьсан автозам, автозамын өргөтгөл, уулзварууд, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр хийсэн нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг тохижилтын ажлууд хөрөнгөд бүртгэгдээгүйг тэрбээр хэллээ.

Нийт 21 байгууллагын дансад бүртгэлтэй 782,0 сая төгрөгийн 9 барилга байгууламж, 553,0 сая төгрөгийн 17 тээврийн хэрэгсэл, 74,5 сая төгрөгийн тавилга эд хогшил, тоног төхөөрөмж дудагдсан дүн гарчээ. Эд хөрөнгө дутагдсан шалтгаан нь данс бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цаг хугацаанд нь холбогдох байгууллагуудад тавьж шийдүүлээгүй, эрх бүхий байгууллагын шийдвэргүй дур мэдэн хөрөнгөө захиран зарцуулдаг зэрэгтэй холбоотой гэж тайлбарлалаа.

НИТХ-ын Тэргүүлэгчид, нийслэлийн өмч, эд хөрөнгийг бүртгэж эзэнжүүлэх нь маш чухал. Гэтэл ийм их хэмжээний хөрөнгө дутсан гэсэн дүн гарсан нь анхаарал татаж байна. Нийслэлийн өмчийн данс бүртгэлийн ажлыг сайжруулах хэрэгтэй. Илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулж, хуулийн дагуу хариуцага тооцох ёстой гэсэн саналыг хэлж байлаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй, бүртгэгдээгүй өмчийг энэ ондоо багтаан заавал бүртгэлд хамруулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Мөн хэдэн саяар үнэлэгдэх хөрөнгө дутагдалтай гэж гарсан нь харамсалтай байна. Цаашид энэ зөрчлийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр холбогдох газрууд анхаарч ажиллаарай гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдээс нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг нийт 1 их наяд 229,3 тэрбум төгрөгөөр баталгаажуулан тогтоол гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодистой холбоотой 23 гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна

Мансууруулах бодистой холбоотой 23 гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна зурган илэрцүүдЭрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу Мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрхи этгээдүүдийн 3 нь давтан гэмт хэрэгт холбогдсон байна.

Мөн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дээрх хэргүүдийн сэжигтэн П, Т, Б нарыг ШШГЕГ-ын хорих 0461-р ангид сэжигтэнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Энэ оны 7, 8 дугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх хувь нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг эзэлж байна.

Эх сурвалж: ЦЕГ