Categories
мэдээ улс-төр

Зөвлөхгүй ажиллаж, албандаа жижиг оврын машин хэрэглэнэ

УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталжээ.

Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллана.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэлэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх юм.

Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлагийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:

-Шинээр байгуулж байгаа болон өөрчлөн зохион байгуулж байгаа Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх,

-Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсхүл орлогч дарга 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах,

-Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог 7-оос доошгүй байх чиглэл баримтлах,

-Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардалгүй байх,

-Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэхийг Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Categories
мэдээ спорт

Дорнод аймгийн Улсын начин Д.Анарт хоёр байр бэлэглэжээ

Үндэсний их баяр наадмаар тав давж, Дорнод аймагт сүүлийн 10 жил тасраад байсан улсын цолыг авчирсан шинэхэн начин Д.Анарт хүндэтгэл үзүүлэх наадам тус аймагт боллоо. Энэхүү бэсрэг наадмыг Аймгийн ЗДТГ, Залуучуудын холбоо, МСУХ хамтран зохион байгуулж, аймаг сумын цолтой 64 бөх барилдаж, соёолон насны хурдан морь уралдуулж , халх сурын харваа зохион байгуулсан байна.

Наадмын үеэр шинэ начинд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Залуус” хорооллын 2 өрөө байр, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотын Хархорин цогцолбор хороололд 2 өрөө байр, Дорнод аймгийн Дашбалбар сумаас Улаанбаатар хотод байрлах 1 өрөө байрыг тус тус бэлэглэжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэрийг томиллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 29-нд болж хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд Мягмарсүрэн овогтой Буяндэлгэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.

М.Буяндэлгэр нь 1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй. 1987-1997 онд 10 жилийн сургууль, 1997-2001 онд хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Зохион байгуулагч мэргэжлээр баклавр, 2001-2003 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, мэргэжлээрээ магистр, 2005-2008 онуудад Удирдлагын Академи, Төрийн удирдлагын менежер, 2013-2013 онд Санхүү, эдийн засгийн Дээд Сургууль, санхүүгийн шинжээч, 2005-2016 онд Швед улсын Явле Их Сургууль, магистр, 2009-2016 Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар зүйн ухааны доктор хамгаалсан. 2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд Бичиг хэрэг-Төлбөрийн байцаагч, 2003-2006 онд Нийслэлийн Хот байгуулалт газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2006-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн газар-Хэлтсийн дарга, 2008-2012 онуудад Нийслэлийн Газрын албанд Дэд дарга, дарга, 2012-2013 Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, 2012-2015 Улаанбаатар капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Ган үзэг-2016” яруу найргийн наадам болно

МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс “Ган зам” сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг-2016” яруу найргийн наадам болох гэж байна. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой билээ. Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцох боломжтой. Наадам өнөөдөр 18.00 цагаас Соёлын ордонд болно.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Шинэ цагийн дууны шүлгийн мастер Д.Ган-Очирынд зочлохуй

МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт, орчин цагийн дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирынд өнжиж, уран бүтээл, амьдралын яруу сайхан, гоо зүйн талаар хүүрнэлдэж сэтгэл зүрхний цангаа тайлав. Амьдрал дэндүү богинохон юм. Амьдралын номын хуудсууд юутай хурдан эргэнэ вэ гэж залуу насны андтайгаа уулзаж хөөрөлдөх зуур бодогдов. Тэр нэгэнтээ, тэртээ ерэн дөрвөн оны намар Баруун дөрвөн замд байсан сургуулиар минь орж, хамтдаа цаахна талын байрны орцонд очин шүлгээ уншин, найз охин Булганаасаа ирсэн гэгээн захидлуудыг уншиж байсан хөвүүн мөн гэж үү гэмээр өөрчлөгджээ. Өөрчлөгдсөн гэдэг өсөж өндийжээ гэсэн үг л дээ. Нэгэнтээ манай хоёрынх “Зуун-айл”-ын цагаан байшингуудад айл хөрш ч явсан үе бий. Гэтэл тэр минь өнөө арвантавдугаар хороололд ажил, орон гэрээ тохинуулчихсан “анд минь чи хаалгыг минь тогшооч” гэж сууна.

“Болор цом”-ын айргийн тавд уралдав

Арвантавдугаар хороолол дахь яруу найргийн урланд айлчлах үед Д.Ган-Очир маань эгэл жирийн, энгийн даруухан байдлаар угтан авав. Эгэл жирийн энгийн даруухан угтав хэмээхийн учир нь тэр болбоос үргэлж эрхэмсэг, гял цал байдаг найрагч билээ. Үүнийг нь Оросын их зохиолч Чеховын хэлдэгчлэн “Яруу найрагч бүхий л талаараа эрхэмсэг байх учиртай” хэмээн ойлгодогтой минь ч холбоотой байх юуны магад. Нэг давхар эзэгнэсэн яруу найргийн урлан, номын өргөө нь нам гүм, анир чимээгүй. Ямар нэгэн бясалгалын өрөөнд саатав уу гэлтэй. Д.Ган-Очирыг мэдэх нэг нь “орчин цагийн дууны шүлгийн их мастер” гэх биз. Гэвч, номын өргөөнд нь аль тэртээ дэлхийн сонгодог болсон Бетховены намуун аялгуу дуурьсаж, чингэснээ мөнөөхөн их туурвилч Моцартын яруухан концерт чихний үзүүрт сонсдоно. Нэгэнтээ Монголын их хөгжмийн зохиолч Т.Сэр-Од андын уран бүтээлийн өргөөнд зочилсныг санагдуулам сайхан аязууд ар араасаа эгшиглэнэм. Уянгалах хөгжмийн аялгуунд уран бүтээлч хүн ховсдуулдаг байнам. Ерэн дөрвөн оны “Болор цом”-д шүлгээ уншин айргийн тавд орж байсан найрагч хүү өнөө найргийн эрийн цээн хүрснийг түүний олон бүтээл гэрчилнэ. Д.Ган-Очир найрагч өнөө “Монголчууд” хэмээх угсаатны ёс заншил, утга зохиол, түүх, танин мэдэхүйн сэтгүүл эрхэлж Монголын оюуны язгууртнуудад “Төгрөгийн ашиг бус түмний гэгээрлийн тусыг зориулна” хэмээн яруу тодорхой өгүүлж суугаа аж. “Хар мянган сэтгүүл гарч байхад…” гэж асуултаа залгихуй тэрбээр “Харин тийм л учраас ашиг хараагүй сэтгүүл гаргаж, тарааж сууна” гэж нэг л их саятан имиж гаргав. “Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн өдөр гэж арваннэгдүгээр сард л ганц тэмдэглэдэг. Харин би энэ жилийн бүх дугаараа их зохиолчдоо зориулж байгаа. Ер нь их хүний их ой гэдэг жилд ганц тохиодоггүй юм. Ноднин жил “Монголчууд”-ынхаа бүх дугаарыг билгүүн номч Бямбын Ринчен гуайн 110 жилийн ойд зориулж гаргасан. Ер нь бид монгол түмнийхээ оюун гэгээрлийн од болсон ийм хүмүүсийг хэзээ ч мартаж болохгүй” гэхийн ялдар номын өргөөнийхөө хойморт залрах яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хөрөг зурагт мөргөх амуй. Дорнын их найрагчийн харахад алгын чинээ ч харах тусам цаанаа л нэг утга төгөлдөр санагдах эл хөргийг Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, нэрт зураач Пүрэвийн Мэлс зурсан аж. Гучхан минутын дотор зурсан гэх эл зураг зурсан, зуруулсан хоёр их бодьгалаа туулан элээж тэднийхээ агуу төгөлдөр авьяас билигт шүтэгч эрхэм дүүд нь л гуниг, баярын гэрч болж үлджээ. Ай, яалтай ч гэх вэ, хүмүүний зуурдхан хорвоо.

Гэвч, Ган-Очир найрагч сэтгэл цэлмэтэл мишээж “Бид өнгөрсөн бүхнийхээ араас дэндүү гуниад яах вэ хө. Чи бидэн Болд-Эрдэнэ, Содномнамжил нарынхаа араас элгээ эгштэл л бэтгэрлээ. Одоо эднийгээ хойч үед үлдтэл амьдаар нь мөнхөлж үлдээмээр байна. Би Нямсүрэн багшийнхаа энэ дутуу хөргийг гэр-музейг нь байгуулахаар өгнө. Орост Сергей Есениний гэр-музей гэж байдаг. Тэрэн шиг Эрээнцавд Данзангийн Нямсүрэнгийн гэр музей байгуулагдаад, найрагчийн гэргий Хандмаа эгчийг төр засгаас жаахан ч гэсэн цалинжуулаад суулгачихвал Монголын зүүн хойт цэг яруу найргийн аялал жуулчлалын төв цэг болоод мөн ч сайхан даа. Ээ дээ, тэр Хөх нуурын хотгор, их бага Тарь нуурт жил бүр түм түмэн шувууд чуулдаг шувуудын диваажин шүү дээ” гэх зуур “Тиймээс найз нь “Хүрээлэн” төслийн Буянбадрахад нэг дуулгамаар санагддаг юм” гэж аминчлан дурдав аа. Би энэ Ган-Очирыг ерээд оны дундуур

“Дээвэр жиндээх цагаан хяруу нь

Дэлхийг аргадсан эжийн минь үс ээ

Амрагаа санасан миний сэтгэл нь

Алтан торон дахь мөнгөн шувуу” гэж бичиж ахуйд анзаараа нь үгүй билгийн нүгэлтэн ажгу.

Д.Ган-Очир найрагчийн төрсөн нутаг Чулуунхороот сум байгуулагдаад жаран жил, энэ сум Эрээнцав сангийн аж ахуй болоод 42 жил болж. Энэ түүхт ойгоор саяын улсын наадмаар тав давж улсын начин болсон З.Анар очиж барилдан түрүүлж. Энэ Анар начин болбоос Сүхбаатар аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатартай тунаж давсан бөх. Шарын Мөнгөнбаатар начинг уналаа гэж яруу найрагч Ай.Төмөр-Очир ах солиулсан элгээ унатал гоморхлоо гэж ярихыг сонссон. Гэтэл Анар начинг давлаа элэг юугаа дэвттэл баярладаг бас нэгэн Очир хэмээх найрагч санж гэж гайхаж л суув. Одоогоос арван жилийн өмнө Цогзолдорж хэмээх аавын хүү тав даван улсын начин болчихоод Эрээнцавын ойн наадамд очин түрүүлж байсан гэхээр хаа газрын нутаг усаа гэх элгэн халуун сэтгэлийн үзүүрт нутгийн бөх гэдэг үргэлж уяатай байдаг бололтой.

Яруу найрагч Д.Ган-Очир аав ээж, гэр бүлийнхний хамт

Д.Ган-Очирын ажлын өрөөний номын санг хайрт хань Баярсайханы Булган нь төрсөн өдрөөр нь тохинуулж өгсөн гэнэ. Номын сан гэдэг бол өрж баяжуулсан хүн төрөлхтний оюун сэтгэлгээний их ертөнц юм. Гайхамшиг юм аа. Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч Ононгийн Чинбаярын орчуулсан арвандөрөвдүгээр Далай лам Данзанжамцын “Шилмэл эшлэлүүд” ном номын сангийн тэргүүн магнайд заларна. Номын сангийн дээрх хос мөнгөн морины баримал анхаарал татав. Монгол хүн бүхэнд морин эрдэнийн дүр дүрс бүхэн сэтгэлийн хойморт залардаг шүтээн болохоор яалтай. Тэгэхнээ энэ сайхан баримлыг “Ноён зууч-1950”-ийн захирал Энх-Амгалан бүсгүй Ган-Очирт дуу зохиож өгснийх нь шагнал болгож бэлэглэжээ. Ган-Очир найрагч “Миний аав арван зургаан нас хүртлээ хурдан морь унасан юм билээ. Тиймээс би энэ бэлэгтээ их бэлгэшээдэг шүү” гэж байх юм. Номын сангийн хүндэт нэгэн сууринд Манлай ван Дамдинсүрэнгийн бяцхан хөшөө байна. Хөшөөний сууринд “Төр улсын хэргийг амьд хүн хөдөлгөх авч тогтсон суурь нь амь, бие хайргүй зүтгэж үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтоно” гэж жигтэйхэн хачин үг сийлж. Үүнийг Манлай ван гуай хэлсэн гэхэд даанч учир дутагдалтай, хожмын өдрийн их мэдэгчид зохиосон буй заа хэмээн таамаглахад буруудахгүй мэт.

Энэ мэтийг таамаглан суухуй Д.Ган-Очир найрагч бодлыг минь уншсан мэт “2011 онд Манлай ван Дамдинсүрэнгийн 140 жилийн ой болж яруу найргийн уралдаан зарлахад миний “Эр хар нулимс” найраглалаас өөр юм очоогүй юм билээ. Тэгээд Баргын холбооноос намайг наад цомоор чинь шагнасан юм” гэж өгүүлэнгээ “Баргын холбооны Нямаа ахын утасны дугаар надад байгаа шүү” гэв. Ээ, хөөрхий монголчууд аа гэж. Зуу ч хүрэхгүй жилийн өмнө эх орон, тусгаар тогтнолоо гэж халуун амиа үл хайрлан тэмцэж явсан эх орончоо мартдаг ийм л нэгэн ард түмэнсэн бил үү, бид?

Д.Ган-Очир найрагчийн номын сангийн тэргүүн эгнээнд Оросын их яруу найрагч Сергей Есениний боть түүврүүд дүүрэн. Хэдийгээр түүнийг “Есенин Монголд” хэмээх алдарт түүврийг гаргасан хэмээн бодовч нүдэндээ огтхон ч итгэсэнгүй. Номонд хорхойтой хүмүүс бол миний энэ байдлыг ойлгох биз. Оросын яруу найргийн мөнгөн зууны их төлөөлөгчийн бурхан болсноос хойших их найргийн судрууд. Еэ бурхан минь, Серёжа Есенинийг дөнгөж тэнгэр зүг болсон тэр жил гарсан түүврийг гэхэд түүний багын анд Дашцэрэнгийн Энхтүвшин Санкт-Петербургийн хуучин номын дэлгүүрээс авчирч өгч. Үүнээс хойш орос хэлээр хэвлэгдсэн хорь гаруй боть нүд хужирлана. Монголд л лав Есениний ийм цуглуулгатай хүнтэй ахин учирна гэж би л лав амлаж чадахгүй.

Би Д.Ган-Очир найрагчийг ихэд ойрд санаж явжээ. Тэгэхнээ, тэр бол оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг аль тэртээ 2007 онд “Номин талст” хамтлагийн Батсүхийн дуулдаг “Хүсэл” дуугаараа хүртэж, “ Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг “Сүүлчийнх гэж дурласаар байтал” номоороо хүртсэн туурвилч ажаам. “Урлаг бол хүн төрөлхтнийг араатнаас өөр байлгадаг цорын ганц шинжлэх ухаан шүү” гэж андыгаа хэлэхэд л энэ бүхнийг ухаарав, би. Гуравдугаар ангийн жаалхүү Д.Ган-Очир Д.Нацагдоржийн “Миний нутаг” хэмээх тэр агуу найраглалыг ямар ч үг үсгийн зөрөөгүйгээр уншдаг байсан гэхээр ирээдүйн найрагчийн нямбай, чамбай дүр төрх амилан ирэх нь гарцаагүй. Тиймээс ч тэрээр “Зүүдний зураг”, “Цаг хугацааг нэрэхүй”, “Бие галбирлаг сарны доор…”, “Урин”, “Үүлсийн галбир” зэрэг яруу найргийн номууд, “Хайр”, “Шүлгэнд ассан аялгуу”, “Хайрын домог”, “Миний сонгодог” зэрэг цомгууд бүтээжээ. Хүн бид нэгнийхээ бүтээсэн хийгээд бүтээхүйг тэгтлээ огтхон ч анзаардаггүй аж. Тээр жил манай сонинд дадлага хийж явсан оюунтан хүү ийм ихийг бүтээсэн гэхээр бахархмаар. Бахархахаар ч барахгүй зохиосон дуунуудыг нь сонсоход баярламаар…

Түмэнд хүрсэн бүтээл хийсэн уран бүтээлчид магтаал гэдэг газраар дэвссэн цагаан хөвөн төдий л билээ. Цагаан хөвөн яах вэ гэвэл салхинд хийсээд алга болох зүйл шүү дээ. “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр аяыг нь зохиож, “Номин талст” хамтлагийн дуулсан “Зүүдэнд ирэх жаргал” гэсэн дуу байна.

“Зурагнаас чинь гунигаа гээх юм

Зүүдэнд ирэх чинь жаргалтай сайхан

Хүлээж суухдаа чамтайгаа уулзах юм

Хүслийнхээ эрхээр чамайг санах юм

Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан

Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм аа

Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсаан

Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм аа” Ган-Очиртойгоо энэ дууг нь сонсож жаахан суулаа. Бас сонсоход сайхан юм. “Харцнаас чинь би хайрыг мэдрэх юм даа…Халуун үг чинь санаанд эргэлдэх сайхан…” Би Ган-Очирыгоо ийм том найрагч гэж бодоогүй ээ. Шууд л хэллээ. “Дуу сайхан ш дээ хө. Со, Болд-Эрдэнэ ах та нар л голоод байдаг болохоос биш” гэнэ. Юу гэсэн үг вэ. Өнөөдөр би эднийд өнжих гэж ирсэн мөн ч их зүйл ойлгоод буцах нь дээ. Яруу найргийн урлангийнх нь хойморт Монголд тийм ч олон үзэгдээд байдаггүй Янжинлхам бурхны хөрөг. “Тийм ээ, энэ О.Дашбалбар багшийн минь номын өргөөнд байсан???” Анд минь удалгүй,

-Бакула Ренбүүчийн бэлэглэсэн Янжинлхам бурхныг Дашбалбар багш чинь Со (яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил.Л.Б.) бид хоёрыг ороход

-Ган-Очир оо, энэ бурхан чамд байх учиртай юм гээд бэлэглэсэн юм. Би их айсан шүү гээд ард нь бичсэн гарын үсэг, огноог үзүүлэв. Багшийн гарын үсгийг манай ангийн Мөнгөндалай, Сүглэгмаа нар бүгд л мэднэ дээ. “1994.08.22. О.Д” гэжээ. Энэ Ган-Очир дэндүү их азтай найрагч юм. Данзангийн Нямсүрэнгийн шавь болж заяагаад Очирбатын Дашбалбарын цүнхийг барьж гүйгээд хожим хойчийн өдөр яруу найргийн эгшиглэнт эхээр шагнуулна гэдэг бас л их хувь заяа. Ган-Очир утга зохиолын ертөнцөд дөчин жил аж төрснөө “Бодролын цонх” хэмээх дурсамж хүүрнэлийн номдоо тов тодорхой өгүүлжээ. Энд тэрээр найрагч ах Содномнамжил, Базарсадын Бат-Орших нарын Дорнод талын найрагчдын талаар хүүрнэсэн гэнэм. Ган-Очирын өндөр өвөө нь Ламын Даваа гэж мундаг лам байсан бөгөөд түүнээс үлдсэн таван зуун жилийн настай “Алтангэрэл” судар нь үлдсэнийг баримтагтай үзүүлэв. Таван зуун настай цаас салхинд хийсч магадгүй гэсэн учраас задалж үзээгүй нь ч зөв болсон байх. Найрагчийн аав бол Чөлөөлөх дайны ахмад дайчин Осорын хүү малын эмч Даваасүрэн юм. Ган-Очирын ээж Ринчений Балжмаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул буриад агаад насаараа түүх-газарзүйн багш хийсэн нэгэн гэнэ. Ган-Очир найрагчийн төрсөн дүү Д.Эрдэнэ-Очир. Харин охин дүү Д.Баярчимэг нь АНУ-ын Вашингтон хотод мастер хамгаалахаар суралцаж байгаа аж.

Аавтайгаа хамт “Алтан гадас”-аар энгэрээ мялаав

Д.Ган-Очир үртэй бүхэн ургаж, үндэстэй бүхэн навчилдаг жамаар нутгийнхаа Баярсайханы Булган хэмээх бүсгүйтэй учирч ууган хүүгээ 1996 онд төрүүлэхэд уран бүтээлийн анд Баатарын Галсансүх нь таарч Амарбаясгалан нэрийг сугалаагаар өгсөн аж. Амарбаясгалан хүү Санхүү эдийн засгийн сургуулийн эдийн засгийн онолын гуравдугаар ангид сурч буй гэх агаад биднийг очих үеэр “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдан Улиастайн цэргийн ангид алба хааж буй гэв. Ган-Очир, Булган хоёр хүүгээ энэ сарын 31-нд эргэхээр захисан хатуу чихэр, хар гутлын тос, захны цагаан даавууг ягштал бэлдээд байгаа аж. Дунд охин Г.Амарзаяагийн хувьд ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч юм билээ. Отгон хүү Г.Амармөнх бол аав, ээжийн алдрай бяцхан гуравхан настай шүтээн юм. Ган-Очир найрагч ууган хүү Амарбаясгалангаа арваннэгдүгээр ангид байхдаа Улсын эсээ бичлэгийн аварга болж сайд Ц.Оюунгэрэлээс өргөмжлөл гардаж байсанд баярладаг төдийгүй тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн болсонд бахархдаг ажгу. Бид энэ бүхнийг ярьсаар Ган-Очирын ажлын ойролцоох гэрт очихуй отгон хүү Амармөнх гэж аашны тулам нэгэн байна аа. Ааш гэдэг тэнгэр заяат монгол хүний мөнхийн дагуул ч байж мэдэх.

Ган-Очир найрагчийн дуу, шүлгийн шидэд илбэдүүлсээр нэгэн өдрийг үдэхүй гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулдаг “Хуучраагүй жийнс”, “Niciton”-ий Баачкагийн “Цамцаа тайл”, “Камертон” хамтлагийн “Явах цаг боллоо, хонгор минь” гэх мэт олон олон дуу чихнээ хоногшин үлдэв. Магад түүний зуу зуун дууны түүх маргааш, нөгөөдөр ч үргэлжилсээр байх билээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам үнэхээр зуун мянган төрийн албан хаагчийг халах дээр тулсан уу?

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын 11 сайдыг томилоод байна. Нэр бүхий дөрвөн яамны сайдад нэр дэвшигчийг “Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэн учир Ерөнхий сайд эргүүлэн татсан. Эрх баригч нам Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсны дараа сайд нарын нэрсийг Удирдах зөвлөлийнхөө хурлаар тодруулсан. Энэ нь багагүй шүүмжлэл дагуулан, “Мэргэжлийн Засгийн газар гэж энэ үү?”, “Ард түмнээ хэтэрхий басамжилж, Монголын төрийг дорд үзлээ” гэх мэдээллүүд гарч, нийгэм даяараа л шуугисан. Төрийн тэргүүн ч сайдад нэр дэвшигчдийг дэмжих боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн Ардын намын гишүүд ч Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа хэлж байв.

Тухайлбал, Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаасаа ухарсанд харамсч байна. Ард олны итгэл найдвар руу нулимлаа. Намыг дэмжигч, итгэл үзүүлсэн мянга мянган хүний урмыг хугаллаа. Ард түмнээ дэндүү басаж байна. Ингэж байж Ардчилсан нам шангаа хүртсэн. Дараа дараагийн сонгуулийг мөнгөөр шийднэ гэж бодож байгаа бол Ардчилсан намын хувь заяаг давтана” гэж мэдэгдсэн бол парламентын шинэхэн гишүүн үндэсний бөхийн дархан аварга “Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүлснээрээ Ардын нам анхны ялагдлаа хүлээлээ” гэж хатуухан хэлээд авсан.

Эл бүх тайлбар болоод сандал ширээний төлөөх улайрал нэг их гайхаад байхаар зүйл үнэндээ биш л дээ.

Улс төрийн сонгуульд ялсан нам засаг төрөө эмхлэн байгуулж, улс орноо удирдан авч явдаг. Ямар ч цаг үед шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүн ард иргэдэд болоод бусдад 100 хувь таалагддаггүй. Заавал алдаа оноотой байх нь бий. Мэдээж тэрхүү алдаа оноо нь намдаа зүтгэсэн, сонгуульд ханатал нь хандив мөнгө өгсөн, нэг үгээр хэлбэл, намын санхүүжүүлэгч нөхөд сайдын зөөлөн суудалд очих гэж, эрх ашгийн хуваарилалтыг авах гэж зүтгэцгээдэг. Энэ бол бичигдээгүй хууль. Шинээр сайдын суудалд тухалсан хийгээд АТГ-аас “виз” авч чадаагүй горилогчид дунд намын санхүүжүүлэгчид байж л байна лээ. Улс төрийн энэхүү бичигдээгүй хууль дүрмийг мэдсээр байж Ардын намынхан өмнөх Засгийн газраа яг ийм асуудлаар баалж, “давхар дээл”-гүй байхыг эсэргүүцэн жагсаж, улс төрийн жүжиг тавьж байсан нь одоо эргээд харахад илүү байсан. Намын бүлэглэлүүдийн эрх ашиг, улс төрийн дайралт шахалтан дунд шинэ засаг байгуулагддагийг тэд мэдэхийн дээдээр мэдэх хэрнээ ардчилсан засаг руу арай хэтэрхий дайрч байсныхаа горыг эргээд амсах вий.

Монголын улс төрийн өнөөгийн нөхцөлд “Мэргэжлийн Засгийн газар” гэж байх боломжгүйг Ардын намынхан маш сайн мэдэж байгаа. Сонгуулиар ийм пиар хийхдээ ч ах намынхан мэдэж л байсан. Гэвч ард иргэдийн саналыг авах хамгийн мэргэн арга байсан нь тодорхой. Ийм илэрхий зүйлийн тухай (мэргэжлийн Засгийн газар байгуулах) ярьж, эрх баригч нам руу дайрч, эх захгүй маргаан үүсгэж, хийрхэж байхын хэрэг байна уу. Харин өнгөрөгч долоо хоногийн дундуур улс төрийн сөрөг хүчин Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийсэн. Тэрхүү мэдээллийн дунд нэг айхтар зүйл хэлэгдсэн нь “100 мянган төрийн албан хаагчийг халах” тухай мэдэгдэл юм.

Их хурлын гишүүн Ж.Батзандан “Монгол ардын нам хуучин тогтолцоо руугаа эргээд явж байна. Олон яам, агентлагуудын нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. Зуун мянган төрийн албан хаагчийн амьдрал эрсдэлд орж байна. Монгол төрийг ингэж битгий самар” гэж төрийн ордны танхимаас хатуухан дуулгаад авсан. Түүний хийсэн мэдэгдэл хэрвээ үнэн бол “Мэргэжлийн” гээд байгаа шинэ засгийн хамгийн ноцтой асуудал энэ байх болно. Төрийн мэргэшсэн албан хаагч гэдэг тухайн улс орны дархлаа нь байдаг. Тэгэхээр мэргэшсэн төрийн албан хаагчдыг намын харьяаллаар, улс төрийн ашиг сонирхлын үүднээс хоморголон хална гэдэг монгол төрийн дархлааг үгүй хийж байгаа явдал.

Улс төрийн сонгуульд ялалт байгуулсан эрх баригч намын шийдвэрээр сайдын зөөлөн суудалд очиж байгаа нөхөд монгол төрийн дархлааг хадгалагч биш. Тэд мэдээж намдаа зүтгэснийхээ шагналыг, хандив нэрээр өгсөн мөнгөнийхөө төлөөсөнд сайдын суудалд очиж байгаа цаг зуурын төдийхөн албан тушаалтан, улс төрийн бялуу хүртэгч, түүнийгээ бусдадаа хуваан хуваарилагч юм. Мэргэжсэн төрийн албан хаагч гэдэг өөр ухагдахуун. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэснээс аваад бүхий л амьдралаа Монголынхоо төрд зориулсан, олон жилийн дадлага туршлага хуримтлуулсан, тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, жинхэнэ төрийн хат суусан эрхмүүд байдаг. Тэдний нуруун дээр улс орны хувь заяа явдаг. Хөгжил дэвшил, мандан бадрал, сайн сайхан ирээдүй тэднээс, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа их зүтгэлээс шалтгаална. Ямар ч нам эвсэл улс төрийн эрхэнд гарсан монгол төрийн залгамж халаа алдагдах учиргүй гэж улс төр судлаач, шинжээчдийн үздэг нь ийм учиртай.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа Монгол ардын нам монгол төрийн дархлаагаа сахин хамгаалах учиртай. Гэтэл 100 мянган төрийн мэргэшсэн албан хаагчаа хоморголон хална гэдэг Монголын төрийг ямар ч дархлаагүй үхмэл болгон, цаашид устаж үгүй болох замыг тавьж байна гэсэн үг.

Монголын ард түмний итгэлийг хүлээсэн нам мэргэжлийн Засгийн газраа байгуулдаггүй юмаа гэхэд мэргэшсэн төрийн албан хаагчдаа намын нэрээр хоморголон халж болохгүй. Үүнийг л ард түмэн эсэргүүцэж, шахаж шаардах хэрэгтэй байна.

“Ард түмний эрх зөрчигдөнө, ардчилал хумигдана гэж битгий айцгаа. Бид хэнд ч аль ч намд барьцаа байхгүй. Бид эрх нь зөрчигдсөн ард түмнийхээ дуу хоолой болох гэж эрхийг нь сэргээх, хамгаалах үүрэгтэй сонин. Бид энэ үүргээ чин үнэнчээр хангалттай биелүүлж ирсэн. “Монголын ард түмэн ядрах цагтаа “Өдрийн сонин”-ы өлзийт үүдийг зорьдог. Яагаад гэвэл тэнд ард түмнээ өмөөрөх сэтгэл зүрхтэй хүмүүс байдаг” гэх алдарт үг нийтийн сүлжээнд явдаг. Энэ үнэн юм аа. “Өдрийн сонин” ард түмнийхээ төлөө, ардчиллын төлөө дуугарч ирсэн” гэж “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, Монголын нэртэй нийтлэлчдийн нэг Дашбалбарын Мөнгөндалай бичиж байсан. Үнэхээр эрх нь зөрчигдсөн, намын харьяалал, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан монгол төрийн мэргэшсэн албан хаагчид, энгийн иргэдийн төлөө бид дуугарах болно. “Сандуйн цахилгаан төлөвлөгөө” гэж нийгэм даяар шуугиж байгаа. “Төрийн албан хаагчдыг бүгдийг нь солих юм гэнэ” хэмээх яриа гарч байгаа. Энэ бүгдийн эсрэг “Өдрийн сонин” сөрж зогсон, зөвхөн үнэний талд байх болно. Халагдсан албан хаагчид “Өдрийн сонин”-д хандахыг уриалж байна. Бид ард иргэдийнхээ үнэний дуу хоолой байх алтан зарчмаа хэдийд ч баримтлан ажилладаг. Тиймдээ ч Монголын мянга мянган иргэд, уншигч олныхоо итгэлийг хүлээдэг юм.

Өнөөдөр Монголын төрөөр хэн дуртай нь тоглож, дур зоргоороо авирлан ард түмний сэтгэл зүйг хүссэнээрээ өөрчлөх гэдэг болсон. Ерэн оноос хойших он жилүүдэд зөвхөн хоёр нам л ээлжлэн төр барьж, улс төрийн тоглолт хийлээ. Энэ хугацаанд Монгол Улсаас үндэсний томоохон хөрөнгөтөн төрсөн үү. Хувийн хэвшил рүү зогсоо зайгүй дайрч, ард иргэдийнхээ хөрөнгийг булааж авч, төр засаг нь дээрэмчин тонуулчны үүрэг гүйцэтгэж, эцэстээ иргэдээ ядуу хоосон гуйлгачин болголоо. Энэ бүгдэд улс төрийн хоёр том хүчин хариуцлага хүлээх цаг нь иржээ. Ийм атал улс төрийн хамгийн тулхтай нам гэгддэг Ардын нам төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халж, гудманд хөөж гарган монгол төрийг үгүй хийх ноцтой зүйл яригдаж эхэлсэн нь харамсалтай.

Ард түмэндээ “амар сайхан жаргах”-ын үлгэр ярьж гарч ирсэн нам Монголын төрөөр тоглож, дур зоргоороо авирладаг энэ механизмыг одоо зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчийг аль болохоор тогтвортой ажиллуулж, монгол төрийн залгамж халааг хадгалах нь чухал. Үүнийг бүр хуулиар баталгаажуулмаар байна. Ямар ч засгийн үед зөвхөн улс төрийн албан тушаалтан сайдууд солигдоод бусад нь ном журмынхаа дагуу ажил үүргээ хэвийн явуулдаг хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Түүнээс биш засаг өөрчлөгдөх сургаар л бүх яамдыг цэвэрлэгчээс нь аваад сайдыг нь хүртэл сольж, нэг хэсгийг нь гудманд гаргаж, нэг хэсгийнх нь өлсгөлөн ходоодыг цатгах гэж улайрахаар монгол төрийн дархлаа, аюулгүй байдал яаж бүрэн бүтэн байх билээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Насанбаяр: Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш зогсооно гэж байхгүй юм байна лээ

БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.

-Б.Насанбаяр доктор хамгаалсан гэдэг содон сонсогдлоо. Энэ их ажлыг хэзээ амжуулчихав?

-2009 оноос хойш боловсролтой холбоотой судалгаанууд хийсэн л дээ. Түүнээс өмнө ч Эрдэнэтэд ажиллаж амьдарч байхдаа нийгмийн төлөвшил, хүмүүсийн харилцаа хандлага, боловсролын хэрэгцээний талаар судалгаанууд хийж байсан. Яагаад улсын төсвийн 20 хувь, ДНБ-ий 5-6 хувийг боловсролын салбарт зараад байхад боловсрол үр дүнтэй болж чадахгүй байгаа юм бэ гэсэн асуулт надад байсан. 2012 онд Боловсролын их сургуулийн докторантурт элссэн. Тэр үед өмнө нь арваад жил хийсэн судалгаа, ажлын чиг үүрэг ч давхацсан.

2012 оны ес, аравдугаар сард үнэндээ шөнө хоёр цаг унтаж чадахгүй байсан. Өнөөг хүртэл боловсролын салбарт явж ирсэн тэр бүх бичиг баримтууд хийгдсэн ажил, түүнд хийсэн судалгаа, дүгнэлтүүдтэй нэг бүрчлэн танилцаж, тэндээс юуг авч сайжруулах, юу чухал юм бэ гэдгийг үзэж системчилсэн. Тэр дагуу одоогийн бичиг баримтуудын үндэслэлүүд гарсан л даа. Миний докторын ажил “Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн онол арга зүй, үндсэн чиг хандлага” гэсэн сэдэвтэй учраас хийж байсан ажил, судалгааны ажил холбоотой гэсэн үг.

-Та докторын судалгааны ажлаараа хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ, ямар дүгнэлтэд хүрэв?

-Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Хүүхэд бүрийг хөгжүүлэх онолын үндэс нь олон улсад ч байсан. Монгол эрдэмтэд ч мэддэг. Харилцан үйлчлэлийн онол гэж хэлээд байгаа юм. Хүүхэд идэвхтэй, орчин идэвхтэй, харилцан хамаарал нь жигд байж хүүхэд илүү хөгжинө гэдэг онолыг дэлхий нийтийн эрдэмтэд болон манай эрдэмтэд нотолж баталсан асар олон судалгаа бий. Онол нь зөв хэрнээ яагаад хүүхэд байгаа боломжоороо хөгжиж чадахгүй байна гэдэг гол асуудал. Судалгааны эцсийн дүгнэлт нь юу гэхээр зөвхөн багш заадаг биш, хүүхэд яаж оролцдог байх вэ, эцэг эх яаж оролцдог байх вэ, мэргэжлийн байгууллагууд, боловсролын газрууд, олон нийт яаж оролцох вэ гэдэгт хариулт өгсөн. Ардчилсан нийгмийн гол үндэс нь оролцоо шүү дээ. Харилцан үйлчлэл гэдэг маань оролцоо. Тийм учраас Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжсэн гарцаагүй хийгдэх ёстой менежмэнтийн загварыг гаргаж ирсэн гэсэн үг. Сайд жил бүр албан даалгавар гаргасан. Сайдын албан даалгаварт боловсролын газрын дарга, мэргэжилтэн, захирал, менежер юу хийх, багш, эцэг эх юу хийх талаар нэг бүрчлэн зааж үүрэгжүүлсэн юм. Хүүхдийн төлөө ажиллах ёстой бүх хүн үүргээ гүйцэтгээд эхлэхээр хүүхэд аяндаа хөгжөөд эхэлнэ гэсэн үг. Гарцаагүй хийгдэх ёстой тэр бүх менежмэнтийн загварыг л гаргаж тавьсан хэрэг.

-Ямар ч багштай уулзахад “Хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа” л гэдэг. Боловсролын салбарт өрнөсөн шинэчлэл ямар ч байсан шинжлэх ухааны үндэстэй байжээ?

-Хүний хөгжил гэдэг шинжлэх ухааны үндэстэй байхаас аргагүй. Байшин барихад хүртэл маш нарийн технологитой шүү дээ. Хүнийг хөгжүүлэх гэдэг маш нарийн технологи, зохион байгуулалттай байх ёстой. Тэгэх ёстой гэдэг бодлого гараад л бүх юм сайжирчихгүй. Хамгийн гол нь манлайлал. Өнгөрсөн дөрвөн жилд ажилласан Л.Гантөмөр сайдын манлайлал асар чухал байсан. Багш бүр ажилдаа эзэн болж, “Нээрэн бид чинь ийм чухал үүрэгтэй хүмүүс юм байна” гэж өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн тэр мэдрэмж бол энэ бодлого судалгаа, онолын үндсийг амьдралд хэрэгжүүлэх гол хүчин зүйлс байсан.

-Б.Насанбаяр гэдэг хүн ажлаа өглөө гээд шуугиантай мэдээлэл хийчихсэн. Нөгөө хүн маань хөөрхий золиос болчихов уу, одоо гэртээ гомдолтой сууж байгаа байх даа гэж олон хүн бодсон байх?

-Тухайн үед би нүүр хуудастаа бичсэн л дээ. Би хувь хүнийхээ хувьд хийсэн алдаа гэм буруу байхгүй. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг боловсролын салбар нь ямар нэг шашин сурталчилсан юм байхгүй. Би гэм буруугүй гээд сууж болох байсан. Хэвлэлийн хурал хийхээс өмнөх хэд хоногт юу болоод байгааг би судалж үзсэн л дээ. Асар их хүч хаяж, зохион байгуулалттай хийж буй зүйл байсан. Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш үерийг зогсооно гэж байхгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тийм учраас хэвлэлийн хурал хийсэн. Хурлын дараа ирэхэд төрийн нарийн бичгийн дарга маань “Хэн нэг хүн элдвээр хэлсний төлөө төрийн ажлыг өгөөд явдаг юм биш. Тийм учраас ойрын үеийн чухал ажлуудаа хий” гэсэн. Хориод хоног гол ажлуудаа цэгцэлсэн. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийг хэрвээ гүтгэсэн, доромжилсон, буруутгасан бол төр нь хамгаалах үүрэгтэй. Тийм учраас төрийн нарийн бичгийн дарга маань “Чи ямар ч байсан ээлжийн амралтаа ав” гэсэн. Түүний дараа бүтээлийн чөлөөгөө бас авсан. Хоёр сарын хугацаанд албан ёсоор ажиллаагүй. Хоёр сарын дараа буцаад ажилдаа ор гэсэн тушаал гарсан. Тэгээд одоо ажлаа хийгээд явж байна.

-Юунд их харамссан гэхээр, төрийн албан хаагчийг “мүүнчин” гэх мэт нэр цол өгч, хэсэг хүн дайрч давшилсны төлөө ажлаа өгнө гэдэг буруу жишиг. Дараагийн хүнийг ч ийм маягаар зайлуулж болох нь байна шүү дээ?

-Буруу жишиг тогтоохгүйн тулд л төрийн нарийн бичгийн даргын зөвлөгөөний дагуу явсан. Өөрийгөө бодох юм бол амь биш заяа биш гэж орхино. Сая долдугаар сарын 12-нд цэнгэлдэх давалгааллаа шүү дээ. Бичлэг дээр харсаар байтал Р.Пүрэвдагвын тохой түрүүлээд газар хүрсэн байгаа биз дээ. Тийм байхад цэнгэлдэх даяараа давалгаалахад олон хүн Р.Пүрэвдагвыг дэмжиж байгаа учраас хөлийн цэц түүний талд шийдвэр гаргаж, дахиж барилдуулах болсон. Тэгэхэд шарх сэдэрсэн. Телевиз үзэж байхдаа нулимс асгараад, чичрээд байсан. Хүн сүрэг дайрч байгаа юм шиг давалгаалахад шийдвэр гаргах ёстой хүмүүс нь тэрийг яагаад дагадаг юм бэ. Бичлэг байхад баримтыг биш олны шуугианыг дагадаг энэ хандлага өөрчлөгдөх ёстой. Тэр үед би тайвширчихсан, даваад гарчихсан гэж бодож байсан чинь “Биеийн шарх эдгэдэг, сэтгэлийн шарх эдгэдэггүй” гэж үнэн юм билээ. Дөрөв, таван сар фэйсбүүкт ороогүй байсан хүн чинь утсаа асаагаад, чичрээд юм бичээд байгаа юм чинь. Хүний эрх, нийгмийн үнэт зүйл зөрчигдөж байгааг хараад дуугүй байж чадахгүй болчихсон юм байна гэж өөрийгөө оношилсон. Юун дээр сэтгэл өвдсөн гэхээр, хүний эрхийг хамгаалах ёстой Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргахад маань “Манайд хамаарах асуудал биш ээ” гэж хариу өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахад 45 хоногийн дараа “Тэр хүний чинь хаяг нь олдохгүй байна” гээд миний нэхэмжлэлийг буцааж байсан. Шүүх нь, ХЭҮК нь олны шуугианыг дагаж байгаад үнэхээр эмзэглэсэн. Хүний эрхийн төлөө ажиллах ёстой юм байна гэж бодогдсон.

-Яагаад Б.Насанбаяр гэдэг хүнийг онилсон юм бол. Ийм том дайралтын хувьд яамны газрын даргын суудал арай л жолдох юм шиг?

-Манай сайдын хувьд аль ч талаасаа харсан ирээдүйд нөлөө бүхий лидер байхаар хүн. Том хүний хажууд байна гэдэг төдий чинээ эрсдэл хүлээдэг юм байна. Газрын дарга гэдэг сайд биш, УИХ-ын гишүүн биш шүү дээ. Газрын даргыг золигт гаргана гэдэг тодорхой зорилготой гэдэг нь харагдаж байгаа. Бай нь биш ч, золиос нь би байсан.

-Ингэхэд Мүүн гэдэг асуудал яаж боссон бэ?

– Мүүний шашин гэдэг нь ямар байгууллага юм, яасан ийсэн гэхээсээ би Монгол Улсад зөвшөөрөлтэй төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Тэр ТББ гэр бүл, эрх чөлөө, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байсан. Хэн нэгэн намайг шахаж “Чи энэ байгууллагад оч” гэж хэлээгүй. Ерээд оны эхэн үед нийгэмд тодорхойгүй зүйлс их байсан. Миний хувьд “Энэ нийгэм хаашаа явах юм. Би яаж илүү зөв амьдрах вэ” гэж боддог байлаа. Монголд байгаа бүх л шашныг судалж үзсэн. Тэр үеийн залуус хийж бүтээх, юм судлах, сонирхох асар их эрмэлзэлтэй байсан. Маш олон газар очиж, байж болох бүх хүнтэй уулзаж, судалж үзсэн. Миний хувьд ч Дейл Карнегийн клубт очдог байсан. Төрийн бус байгууллагуудад очиж, яриа хөөрөө хийдэг. Туул голыг цэвэрлэхэд олон удаа оролцсон. ДОХ-ын эсрэг өдрийн жагсаалд ч оролцож байлаа. Эрдэнэтэд тавдугаар сарын 31-ний өдөр хүмүүст тамхины хор хөнөөлийг яаж ойлгуулах вэ гээд өчнөөн ажил хийгээд явж л байсан “Энэ нийгэм өөрчлөгдөх ёстой. Монгол Улс хөгжих ёстой” гэсэн сэдэл тэмүүллээр тийм зүйл ярьж байгаа залуустай нэгдэж нийлж байв. Зөв зүйл, сайн сайхан зүйлийг хайж тэнд байсан залуу хүн бүрийг өнгөрсөн түүхээр нь буруутгана гэвэл аймаар харгис зүйл.

-Та үнэхээр Мүүний үзэлтэн байлаа гэхэд тэр нь таныг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй шүү дээ. Хэн нэгнийг гарал, үүсэл шашин шүтлэг, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гээд Үндсэн хуульдаа заасан байдаг. Ингэхэд хүнд өдрүүдэд таныг өмгөөлж үг хэлсэн хүн хэр олон байв?

– Намайг өмөөрөөд үг хэлэхээр мүүнчин болчих гээд түвэгтэй нөхцөл байдал байсан л даа. Ц.Оюунгэрэл гишүүн хамгийн түрүүнд “Хэзээ ч ийм юманд бууж өгч болохгүй” гэж зөвлөж байсан. Б.Лхагвасүрэн гуай телевизээр маш тодорхой юм бас ярьсан. Цөөхөн тийм хүн байсан. Чой хамбад би “Танд үнэхээр баярлалаа” гэж сүүлд хэлсэн. Угаасаа ч Чой хамбад золгодог, ханддаг байсан. Ийглийн нэвтрүүлэгт орж байхдаа Чой хамба “Тэр чинь над дээр ирдэг л хүүхэд шүү дээ” гэж хэлснийхээ төлөө бас хэдэн өдөр элдвээр хэлүүлсэн. Хүний эрх гэдэг бусдын эрхийг зөрчихгүй байхаас эхэлдэг. Ардчилал, хүний эрхийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгцээг энэ бүхэн мэдрүүлсэн. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд хүний эрх зөрчигдөж байвал арай баярладаг юм биш биз дээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Яагаад гэхээр хүний эрх зөрчигдөж байгаа кейсээр энд тэндээс төсөл авч, өөрсдийгөө тэжээж тэтгэж амьдардаг юм биш биз дээ гэх бодол төрж байлаа. Олон улсын хүний эрхийн байгууллагын хүн ирж уулзаад “Яг энэ түүхийг олон улсад гаргах ёстой. Наймдугаар сард НҮБ-ын хүний эрхийн залуучуудын хурал болно. Энд ирээч” гэж урьсан. Б.Насанбаяр гэдэг хүнийг дайрч давшлахаас илүү энэ салбарыг дайрч, хэн дуртай нь ирээд юу дуртайгаа ярьж байгаа нь хамгийн хүнд байлаа. Намайг хэвлэлийн хурал хийхэд сэтгүүлчид дүүрэн байсан. Маргааш нь эрдэмтэд сүнстэй бодлого гэж юу болох талаар тайлбарлахад хэн ч сонирхохгүй байна шүү дээ. Үнэн мөнийг олох гэж биш Б.Насанбаяр гэдэг хүнээр дамжуулж шуугиан тарих нь гол байжээ.

-Сайн талаас нь харвал Б.Насанбаяр гэдэг хүнийг нийгэм бүхлээрээ танихаар боллоо. Та цаашдаа юу хийхээр бодож байна даа?

-2003 оноос хойш би зорилгоо боломжоороо арав арван жилээр тодорхойлж ирсэн юм. 2003 онд боловсролын салбарт ажиллана гэж байсан. Тохироо нь ч бүрдсэн. 2020 он хүртэл энэ судалгааны ажил, боловсролын салбарын ажил дээрээ төвлөрнө. 2020 оноос хойш дөч гарчихна. Хүүхдүүд маань ч том болчихно. Миний хувьд 2020 оноос цаашаа юу хийвэл илүү боломжтой вэ гэдгээ төлөвлөж харж байна л даа. Өнөөдөртөө илүү тодорхой юм хэлж мэдэхгүй байна.

-Та ахлах ангийн сургалтын хөтөлбөр кредит системд шилжиж байгаа гэж байсан. Ахлах ангийн сурагчдад илүү сонголт хийх боломж гарах нь гэж бодож байлаа. Харин одоо засаг солигдчихоор энэ бүх шинэчлэлийг үргэлжлүүлэх болов уу гэдэг хүлээлт хэн бүхэнд байна?

-Монгол Улсын төрийн санах ой гэдэг төрийн бодлого, хуулиуд юм. Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогоо 2015 онд УИХ баталсан. НҮБ 2030 он хүртэл дэлхий нийтээр дагаж мөрдөх тогтвортой хөгжлийн зорилтуудаа тодорхойлсон. Түүний дагуу Монгол Улс 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталсан юм. Энд манай салбарын хүрэх үр дүн, зорилтууд, хийх ёстой ажлууд тодорхойлогдсон байгаа. Энэ ерөнхий гол суурь хандлага, зарчмууд батлагдсан. Түүнийхээ дагуу хийгдэх ёстой ажлууд хийгдээд явж байгаа. Ахлах анги буюу бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр батлагдсан. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг хөтөлбөр, суралцахуйн удирдамж нь хэвлэгдээд багш нарынхаа гар дээр очиход бэлэн болсон. Энэ хөтөлбөрийг бүтэн хоёр жилийн турш туршиж, сайжруулаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Кембриж, ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөхүүдээр хөндлөнгийн мониторинг үнэлгээ дүгнэлтүүдээ хийлгэчихсэн. Үндэсний эрдэмтэд маань тэр бүхнийг үндэслээд монгол хүн яаж хөгжих вэ гэдэг бүх загвар, бодлого чиглэлээ гаргаад баталсан байна. Энд салбар зөвхөн 12 жилийн тогтолцоонд шилжих гэж зургаан жил зарцуулсан шүү дээ. Угаасаа л өмнөх хийсэн зүйлүүдээ сайжруулаад явж байгаа учраас хүүхэд бүрийг хөгжүүлэхгүй гэж хэлэхгүй байх. Хүүхэд өөрөө мэргэжлийн чиг баримжаагаа олж авдаг, түүндээ суурилж хөгждөг. Үүнд зориулж гүнзгийгийн хөтөлбөр гэдгийг анх удаа монгол эрдэмтэд боловсруулж баталж гаргаж байна. Математикийн гүнзгий гэхээр их сургуульд үздэг хичээлийг түрүүлж үзэж байснаас биш ерөнхий боловсролын сургуульд математикийн гүнзгийрүүлсэн хичээл дээр юу үзэх вэ гэдгийг анх удаа яам баталсан. Энэ бүхэн орвонгоороо өөрчлөгдөнө гэж бодохгүй байна.

-Та шөнө орой болтол яаман дээрээ ажиллаад сууж байдаг хүн. Яаж ингэж юм бүхэнд хүртээмжтэй байдаг юм бол гэж заримдаа гайхдаг байсан л даа. Яах гэж тэгтлээ зүтгэв дээ гэх бодол төрөх юм уу?

-Харамсах сэтгэл төрдөггүй. Нэгдүгээр ангиасаа эхлээд багш болно гэж боддог байв. Манай ээж сумын эмч учраас өдөр шөнө ялгаагүй дуудлага ирсэн үед явдаг. Багш ээжтэй хүүхдүүд гоё юм аа. Ээж нь гэртээ байдаг юм байна гэж боддог байлаа. Аав жолооч, ээж эмч. Гэртээ байх нь ховор учраас гэрийнхээ бүх ажлыг багаасаа зохицуулж сурсан. Нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ багш болох хүсэл маань өөрчлөгдөөгүй. Хүсэл эрмэлзлийнхээ дагуу салбартаа ажиллаж байгаа. Миний хийж байгаа зүйл хүүхэд, багш дээр хэрхэн очих вэ. Яавал багш ажлаа аз жаргалтай хийх вэ. Яавал хүүхэд илүү хөгжих вэ гэдгийг бодож ажилладаг. Би гурван ангид дөрвөн жил дараалан очиж хичээл дээр нь суусан. Очих болгонд хүүхдийн нүд гэрэлтэж, гайхамшигтай өөрчлөгдөж байгааг харахад кайфтай, гайхамшигтай санагддаг. Би энэ дөрвөн жилд өөрөө маш их хөгжсөн. Асар олон зүйлийг маш богино хугацаанд хийж, ачаалал авах тусмаа миний нуугдмал, далд байсан чадварууд ил гарч байлаа. MIT-тай гэрээ хийсэн гээд нэг өгүүлбэрээр хэлчихэж байгаа ч түүний төлөө хоёр жил ажилласан шүү дээ. Мянган инженерийн төсөл маш богино хугацаанд хэрэгжсэн. УИХ дээр энэ төсөл батлагдаж байхад урьдчилсан байдлаар албыг нь байгуулаад, бэлтгэл ажил нь явсан. Төр гэдэг зүйлийн цаана Монгол Улсын төлөө зүтгэж явсан үе үеийн хүмүүсийн хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийг тээж явдаг. Нэг удаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад асуудлаа танилцуулж байсан чинь харж харж байснаа “Л.Гантөмөр сайд, Б.Насанбаяр дарга хоёр ёстой их хүсэл мөрөөдөлтэй сайхан хүмүүс шүү” гэсэн юм. Хэдийгээр тоглоом шоглоомоор хэлсэн ч гэсэн дулаахан санагддаг. Хөөрхий, ядаж л хүсэл мөрөөдөлтэйг нь харсан хүн байна шүү дээ.

-Хэцүү өдрүүдийг гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?

– Манай нөхрийн оронд өөрийгөө тавиад үзвэл ямар байх нь ойлгомжтой л доо. Наад зах нь хамт ажилладаг хүмүүсээс эхлээд, ах дүү хамаатан садан гэж байна. Хүн чинь газар дээр гон бие гозон толгой биш шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь миний эхнэр хэн юм, юу хийгээд явдаг юм. Ажлын төлөө яаж зүтгэж явдгийг нөхөр маань мэдэж байгаа. АТГ-аас манай нөхрийн данс, хүүхдүүдийн хадгаламж, эцэг эх, ах дүү, хамаатан садныг шалгасан. Гэм хийгээгүй мөртлөө шалгуулна гэдэг нэг талаар түвэгтэй мөртлөө үнэхээр зөв шударга амьдарч байсан гэдэг шалгалтын дүн гарахад “Дүн тавиуллаа даа” гэж бодогддог юм билээ. Арав гаруй жилийн турш харилцах ганц данстай, хадгаламжийн цөөхөн төгрөгтэй байсан байна. Амралттай, чөлөөтэй өдрүүддээ ч би өмнө нь ажиллаж байсан шигээ л ажилласан. Нэг ч өдөр гэртээ зүгээр суугаагүй л дээ. Тэр хугацаанд би Харвардын онлайн сургалтад хамрагдлаа. Ээж маань намайг тээж байх үедээ хүнд өвчтэй байсан. Ямар ч байсан энэ өвчний ард гарч, хүүхдээ төрүүлнэ гэж ээж маань өдөр бүр тэмцсэн учраас тэмцэгч, даван туулагч шинж чанар төрөлхөөсөө надад заяасан юм байна гэж боддог. Нэг аймаар юм нь хүн бүр муу хэлээд байхаар энэ хүнд юу ч гэж хэлж болно гэж хүмүүс боддог. Нэг хоолны газар орсон ч хажуугийн өрөөнд Б.Насанбаяр гээд хүмүүс миний тухай ярьж байдаг. Тэр болгонд хатуужил тэвчээр суусан даа.

-Юунаас эрч хүч авдаг вэ?

-Хэцүү үедээ дуртай номоо уншдаг. Харвардад санал болгодог “Bill George True North” гэдэг ном хэсэгтээ ширээний ном байсан. Тэр номд юунаас болоод удирдагч бүтэлгүйтдэг. Яаж түүнийгээ давж гардаг, үймээн шуугианы үед хэрхэх тухай өгүүлдэг. Дэлхийд алдартай олон хүн өөрийнхөө амьдралын асуудлыг шийдэх гэж яваад хүн төрөлхтний асуудлыг шийдсэн түүх байсан. Нийгэм яаж ч өөрчлөгдсөн тухайн хүн тууштай, алтан гадас шиг байх тухай ном. Ямар ч хүнд ажилтай үедээ дуу сонсдог. Бурхан шиг хань, гурван хүүхдээсээ хамгийн их эрч хүч авна. Том охин маань “Ээж ээ, тэр Мүүн гэдэг чинь юу юм бэ” гэж асуух үе надад хамгийн хэцүү байсан. Тэр үед хүүхэд, нөхөртэйгөө гадуур хамт явахгүй байхыг хичээж байсан. Миний хүүхэд гадуурхагдах вий дээ гэж эмээж байв. Миний хүүхдүүд энэ нийгэмд амьдарна. Тийм учраас энэ нийгмээ илүү сайхан болгохын төлөө чадахаараа тэмцэнэ, амьдарна, ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Эрдэнэдалай: Санхүүгийн зах зээлийн оролцогчийн хувьд “Эрдэнэт”-ийн хувьчлалыг дэмжиж байгаа

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэр хөрөнгө оруулагчдын дунд Дэйл Чой нэрээрээ танигдсан нэгэн юм.

-Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани авсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би санхүүгийн шинжээчийн хувьд зах зээл, эдийн засгийн үүднээс харж байгаа. Эдийн засгийн хувьд гэж яривал уул уурхайн бизнес өндөр эрсдэлтэй. Тэр утгаараа төр уул уурхайн бизнест оролцох ямар ч шаардлагагүй. Татвар, рояалтигаа л авах хэрэгтэй. Мэдээж татварын орчин нь урт хугацаанд тогтвортой байвал зүгээр. Шахалт дарамтгүйгээр бизнес хийлгэх орчныг бүрдүүлээд өгчихвөл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна.

-Төр “Эрдэнэт”-ийн хувийг авах ёстой гэсэн байр суурь хүчтэй байх шиг байна…?

-Төр өөрөө оролцоод янз бүрийн шаардлага тавиад, улстөржүүлээд явахаар уул уурхайн бизнес унадаг. Тод жишээ нь Оюу толгой. Гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн эхлээд үргэлжлээд явж байтал улстөржүүлээд бараг гурван жил гацаачихсан. Төрийн оролцоо ийм эрсдэлтэй. Тэгэхээр миний тухайд хувьчлалыг зарчмын хувьд дэмждэг. Сая зарсан 49 хувь бол манай төрийнх биш. Гадаадын Засгийн газрын өмч байсан. Гадаадын Засгийн газрын эзэмшлийг Монголын хувийн хэвшил худалдаж авсан. Хувийн хэвшлийн тухайд мөнгөө зараад 49 хувийг худалдаж авч байгаа. Тэгэхээр “Эрдэнэт”-ийг аль болох зардлыг нь танаж, зах зээлийн зарчмаар нь үр ашигтай ажиллуулахыг бодно.

-Монголын компанид Эрдэнэт шиг том үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах чадамж байхгүй, тийм мөнгө нь хаана байна гэсэн шүүмжлэл хэлэх улстөрчид нэг биш байгаа. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Монголын хувийн хэвшил сүүлийн 25 жилийн хугацаанд хөгжиж чадсан. Өөрөөр хэлбэл, том наймаа хийх чадалтай болсон. Худалдаа хөгжлийн банк, “Мобиком” зэрэг олон компани дэлхийн түвшинд ажиллаж байна. Тэдний нэг нь “Эрдэнэт”-ийн хувийг худалдаж авсанд олзуурхаж байгаа. Зүгээр нэг залуухан захирал биш, дотоодын өндөр түвшинд хөгжсөн компанийн хөрөнгө оруулагч “Эрдэнэт”-д оролцоотой боллоо гэж би хувьдаа ойлгож байна. Монгол Улсын хуулийн дагуу хувьцаат компани биш учраас мэдээллээ ил болгож цацаад байх хууль ёсны шаардлага, үүрэг байхгүй. Үүнийг нь олон нийт буруугаар ойлгож, нууцаллаа гэх мэтээр хардаж сэрдэж байх шиг байна. Гэхдээ нэг л зүйлийг ойлгох ёстой. Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг, Монголын компани “Эрдэнэт”-ийн хувийг худалдаж авсан.

-Хувийн компани “Эрдэнэт”-д оролцоотой болсноор ямар давуу тал үүснэ гэж та харж байна вэ?

-Хувийн хэвшлийн стандартын дагуу ажиллана гэж найдаж байна. Би санхүүгийн зах зээлийн оролцогч. Тэр утгаараа дэмжиж байгаа. Зах зээлд компаниудыг худалдаж авах, нэгтгэх, салгах, хувийг нь зарах бол хэвийн процесс. Зах зээлийн л жаяг. Дэлгүүр, кофе шоп, ресторан зардагтай л ижил зүйл. Том хэмжээний л наймаа гэдгээрээ ялгарах байх. Эрдэнэт гэдэг утгаараа маш том сенсаци дэгдэж, сэтгүүлчид эрэн сурвалжилж өчнөөн юм болж байна л даа. Монголчуудад нэг муу зан бий. Сайн явж байгаа нэгнээ хардаж сэрдэж, унагах гэдэг. Тамын тогооны үлгэр гэж ярьдаг даа. Яг тийм хандлага “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр харагдаж байна. Хэн ийм их мөнгө өгөв, хаанаас хуйвалдаад худалдаад авчихав гэх мэтээр хардаж сэрдсэн улстөржилт хүчтэй ажиглагдаж байна. Иргэдийн сэтгэл зүй дээр тоглолт хийсэн хандлага илэрхий анзаарагдаж байгааг нуух юм алга.

-”Эрдэнэт”-ийн хувьд улстөрчид сонирхохгүй байхаас аргагүй л дээ. Засгийн эрхэнд гарсан хэсэг нь “Эрдэнэт”-д шахааны наймаа хийж мөнгөждөг нь хэнд ч ил болсон зүйл. Хувийн компани энэ том үйлдвэрийн менежмэнтэд орсноор ядаж л шахааны бизнес зогсох болов уу гэсэн хүлээлт байна. Та юу гэж бодож байна?

-“Эрдэнэт” хамгийн засаглал муутай компани. Шүүмжлэхээс хэтрэхгүй явсаар өнөөг хүрсэн. 49 хувь бол өндөр оролцоо. Ийм хэмжээний хувийг нь хувийн компани худалдаж аваад менежмэнтэд нь оролцохоор шахааны бизнес алга болно. Хувийн байгууллага шахааны наймааг хүлээн зөвшөөрөхгүй. Аль болох зардлаа багасгаж ашгаа өсгөхийг л бодно. Зардлаа нэлээд танах болов уу. Хувийн компанийн төлөөлөл ТУЗ-д нь суудал авч таарна. Нийгмийн асуудал гэж бий. Үүн дээр компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандаж ажиллах нь ойлгомжтой. Ер нь гадна дотнын уул уурхайн экспертүүд Эрдэнэтэд хэд хэдэн удаа очсон. 1500-2000 хүн ажиллахад л хангалттай гэж үздэг. Эрдэнэтийн зардал асар өндөр. Элэгдэж дуусч байгаа, нөөц нь өндөр эсэх нь эргэлзээтэй гэсэн сул талуудтай. Шуудхан хэлэхэд уул уурхай бол дурлаж гүйж ороод байх салбар биш.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан үнэ өртөг таны хувьд хэр бодитой тоо вэ?

-“Эрдэнэт”-ийг ойролцоогоор нэг тэрбум дотор үнэлж байгаа. Өнөөгийн зах зээлтэй харьцуулаад харахаар харьцангуй боломжийн дүн. Өөдрөгөөр сэтгэж орж байх шиг харагдаж байна.

-Эрдэнэт үйлдвэр хэт нүсэр бүтэцтэй, тэрийгээ дагаад өндөр зардалтай нь бодит үнэн. Зардлаа багасгахын тулд бизнесийн шийдвэрүүд гарч таарна. 51 хувь нь төрд учраас тэр тоолонд улстөржсөн хандлагууд хүчтэй илрэх эрсдэл бий…?

-Ер нь компани хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг ихэсгэх л үүрэгтэй. Тэрнээс биш хэн нэгнийг тэжээгч биш. Нийгмийн хариуцлагыг нэгдүгээрт тавьчихаад өөрөө ямар ч ашиггүй ажиллаад байж таарахгүй. Угаасаа тийм зориулалттай байгууллага биш. Хатуухан хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр бол Эрдэнэт хот биш. Зүгээр л компани. Компани бол хувьцаа эзэмшигчдийн ашиг, өгөөжийг өсгөх үүрэгтэй байгууллага. Гэхдээ мэдээж хуулийн дагуу татваруудаа төлөх ёстой.

-Эрдэнэтийн 49 хувийг гадаад зах зээл дээр гаргаж хөрөнгө босгох боломж хэр бол?

-Зах зээлийн үнэлгээ, зэсийн ирээдүйн үнэ, компанийн өрсөлдөх чадвар гээд олон хүчин зүйлээс шалтгаална. Шууд ийм тийм гэж хэлэх боломж одоогоор алга. Одоогоор зэсийн зах зээлийн нөхцөл сайн биш хэвээр байна. Эрдэнэтийн хувьд Оюу толгойтой харьцуулахад хэцүү. Хүдрийн агууламж нь муудсаар байгаа. Эрдэнэтийн хувийг худалдаж авсан компанийн хувьд мэдээж тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргасан байж таарна.

-Та хөрөнгө оруулагчидтай шууд харилцдаг хүмүүсийн нэг. Гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага ямархуу байна?

-Хөрөнгө оруулагчид нэг нам олонхи болсон учраас засаг тогтвортой ажиллах нь гэсэн хүлээлттэй байгаа. Өнгөрсөн жилүүдэд ойлголцоогүй хэд хэдэн асуудал байсан. Эргэлзээтэй байсан том төслүүд ирэх жилүүдэд хөдлөх байх гэсэн хүлээлт байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэнд сэтгэл хангалуун байгаа. Жижиг ч гэсэн хөрөнгө оруулагчдын хандлагыг эерэг зүг рүү эргүүлэхээр төслүүд бий. Жишээ нь Гацуурт. Таван толгой хөдлөх байх гэсэн өндөр хүлээлт бий. Эрчим хүчний станцуудын бүтээн байгуулалт өрнөөд эхэлбэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд ирнэ. Хөрөнгө оруулагчидтай харилцдаг албан тушаалтнуудыг томилохдоо анхааралтай хандах хэрэгтэй. Наад зах нь англи хэлний гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Мэдээж санхүүгийн зах зээлийн өргөн мэдлэг шаардлагатай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шинэ төр засаг америк долларын өмнө цагаан тугаа өргөв” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Уламжлалт “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн дугаарт жүжигчин О.Бат-Өлзийгийнд өнжиж Монголын кино урлагийн өнгөрсөн ба одоо үеийн тухай ярилцсан юм. Та бүхэн нэгдүгээр нүүрнээс даваад 12,13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс CEO клубийн ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуягийн ярилцлагыг уншина уу. Түүнийг “Хас”-ын Ганхуяг гэдгээр нь хүмүүс илүү мэддэг билээ.

Харин “Өдрийн сонин”-ы нэрийн хуудас болсон алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Шинэ төр засаг америк долларын өмнө цагаан тугаа өргөв” нийтлэл хэвлэгдлээ.

Сонирхогчдын сумогийн ДАШТ манай улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр зохиогдсон. Тус тэмцээнд хэн хэн ялагч болсон тухай мэдээллийг дөрөвдүгээр нүүрээс аваарай.

Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлын явц болон ямар ямар ажлууд хийгдэж байгаа талаар иргэддээ хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн дарга Б.Энхбаяртай ярилцлаа. Энэ тухай зургадугаар нүүрнээс уншиж сонирхоно уу.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын рок, попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг шагнах “Алдрын од” одонтой болсон билээ. Энэ жил “Харанга” хамтлаг тус одднг хүртжээ. Хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын говьяат жүжигчин Ц.Энхманлайтай ярилцсан ярилцлагыг 15 дугаар нүүрнээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 90191890 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ