Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоног эхэлж байна

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй оронд тэмдэглэдэг бөгөөд энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээрх өдрийг “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн дор НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа ба 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлж байна. Тухайлбал, 2016 онд гарсан улаанбурханы дэгдэлтийн үед гарсан эндэгдлийн дийлэнх нь зургаа хүртэлх сартай хүүхдүүд байсан төдийгүй, эхийн сүүгээр дагнан хоолоогүй хүүхдүүд байжээ. Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр дагнан хооллох нь буурсан нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэргээс хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудалд бөгөөд нийгмийн бүх салбарт энэ асуудлыг анхаарч хамтран ажиллах шаардлагатай гэдгийг албаныхан онцолж байна.

Хөхний сүү нь хүүхдийн бие махбодид хэрэгцээтэй, шинэгэхэд тохиромжтой уураг болон өөх тос, дархлааны фактор, даавар болон фермент агуулдаг учраас хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулашгүй хүнсний бүтээгдэхүүн юм. Иймд ДЭМБ-аас хүүхдийг төрснөөс хойш зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллолохыг зөвлөдөг. Ингэснээр уушигны хатгалгаагаар өвчлөх эрсдлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Туул голын сав газрын дагуу эргүүл ажиллаж байна

Туул голын сав газрын захиргааны голын эрэг дагуух хууль бус үйл ажиллагааг илрүүлж, таслан зогсоох зорилгоор туул голын хамгаалалтын бүс буюу баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны гачуурт тосгоноос сонгинохайрхан дүүргийн xii, xiii хороо, биокомбинат, шувуун фабрик хүртэлх газарт эргүүл хийж байна.

Хур борооны үер эхлэх хугацааг сонирхуулахад зуны хур борооны үер ихэнх гол мөрөнд зургаадугаар сарын сүүлчийн 10 хоногт эхлэх ба Хэнтий нурууны баруун хойт хажуугийн гол мөрөнд арай эрт зургаадугаар сарын дунд үед, Хөвсгөлийн уулсын гол мөрөнд зургаадугаар сарын хоёрдугаар 10 хоногийн эхээр эхэлнэ.

Хур борооны үер дуусах хугацаа: Монгол алтай нурууны голд зуны хур борооны үер есдүгээр сарын дунд үеэр дуусдаг бол Сэлэнгэ мөрний савд есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. Хур борооны үер үргэлжлэх хугацаа. Хур борооны их үер ус хурах талбайн өндөр 2000 м буюу түүнээс дээших голуудад долдугаар сарын 5-15-наас наймдугаар сарын арвад хүртэл, түүнээс доош орших гол мөрөнд долдугаар сарын 15-20-ноос наймдугаар сарын арвад хүртэл үргэлжилнэ. Хур борооны үерийн хамгийн их өнгөрөлт долдугаар сарын 15-30-ныг хүртэлх хугацаанд ажиглагдах ба Хэрлэн голын хамгийн их урсац наймдугаар сарын 10-15-ны хооронд өнгөрнө. Тухайлбал, Туул гол нь хур борооны улмаас үерлэхдээ сав хөндийгөө дүүргэж, хуучин голдрилдоо эргэн орж, үндсэн голдрилоосоо алслан салаалах нь бий. Монгол улсын автономит засгийн тавдугаар он буюу 1915 онд Туул гол үерлэн булан тохой нь дүүрч, зайсангийн дэнжийн хүрээг бялхаж, Гандангийн дэнж хүрч, хүн чулууны хонхорыг мэлтэлзүүлэн урсаж байжээ. Ийм үер 1934, 1959, 1966, 1967 онд болж байжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 80-аас доошгүй хоногийн өмнө Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байдаг. Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 7 дугаар сарын 29-нд хуралдаж нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид орж ажиллахаас гадна Сонгуулийн ерөнхий хорооны сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилдог. Энэ жишгийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын зарим албан тушаалтнуудыг саатуулав

Онцгой байдлын ерөнхий газрын зарим удирдлагуудыгАТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрөгч баасан гариг буюудолдугаар сарын 29-ний өдөр шалгасан аж . Тодруулбал Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадамыг ээлжийн амралттай байх үед дуудуулж албан өрөөнд нь нэгжлэг хийжээ. Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар, ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн ба Р.Дадам, Л.Билэгдэмбэрэл нарыг нь шүүгчийн захирамжаар цагдан хориод байгаа аж. Түүнчлэн АТГ-аас уг хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэх ба улсын нууцтай холбоотой байж болзошгүй гэсэн юм. Албан бус эх сурвалжуудын хэлж буйгаар, ОБЕГ-ын удирдлагуудыг онцгой албаны хэрэгцээнд тусгай тоноглосон “Газель” маркийн машин авах тендер зарласан ч ямар ч тоноглолгүй тээврийн хэрэгсэл өндөр үнээр авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаа гомдолтой байна гэв

Дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Шүүх хурлаас төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь цагаатгасан бол хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноож, одоо хоригдож байгаа хугацааг нь ял эдэлсэнд тооцож, 4.6 сая төгрөгийн хохирлыг талийгаач охины ээж Д.Өнөржаргалд гаргуулж өгөх шийдвэрийг гаргасан билээ. Ийнхүү анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг Эмэгтэйчүүдийн хорих ангийн чанга дэглэмтэй ангид эдлэх шийдвэр гаргасан ч Г.Маралмаа дараагийн шатны шүүх хурал буюу Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.

Г.Маралмаа нь одоогоор охинтойгоо хамт хоригдож байгаа бөгөөд ирэх сард охиныг нь нэг ой хүргэхээр эхээс нь тусгаарлах гэнэ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

Долоодугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт нутгаар их халалт үргэлжилж, түр зуурын усархаг бороо орсны улмаас нийслэлийн дүүргүүд, хөдөө орон нутагт үер усны аюул учирч, иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирол амссан тохиолдол цөөнгүй гарсан билээ.

Иймд ЦУОШ-ний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр ирэх наймдугаар сарын 2-6-нийг хүртэлх хугацаанд ихэнх нутагт бороо орно.

Тодруулбал, наймдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгаар, 3-4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр, 5-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай, аадар бороо орно.

Мөн их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна. Энэ сарын эхний арав хоногийн мэдээгээрАлтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан түр зуурын бороотой байна. Наймдугаар сарын 2-5-ны өдрүүдэд нийт нутгаар сэрүүснэ.

Харин Улаабаатар хотод наймдугаар сарын 2-нд шөнөдөө 20 градус, өдөртөө 36 градус дулаан байх ба энэ долоо хоногийн сүүл хүртэл түр зуурын аадар бороотой. Агаарын темпиртур өдөртөө 23-35 градус, шөнөдөө 14-20 хэмийн дулаан байна.

Энэ сард ерөнхийдөө нийт нутгаар гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас 20-55 см ахиу байх төлөвтэй байна. Гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой. Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн насны хүүхдийн тоо жил бүр нэмэгдсээр байна

Энэ жил 288 мянган хүүхэд сургуулын өмнөх боловсролд хамрагдах талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Энэ жилийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 32 мянгаар нэмэгджээ.

Өнгөрсөн оны статистик тоогоор улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 256 мянган хүүхэд байгаа гэсэн дүн гарсан байдаг. Жилд дунджаар 70-80 мянган хүүхэд шинээр мэндэлж байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байтал цэцэрлэгүүдийн тоо хангалттай нэмэгдэхгүй байгаа нь харамсалтай. Энэ жил салбарын хэмжээнд шинээр 158 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн ч одоогийн байдлаар 31 цэцэрлэг, 22 сургуулийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.

Энэ нь эцэг эхчүүдын толгойны өвчин болоод олон жилийг ардаа үдлээ Өнгөрсөн намар цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадсан бол энэ жил хоёр хувиар бага хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн судалгаа гарчээ.

Б.УЯНГА

Categories
энтертаймент-ертөнц

10 жилийн дараа Харри Поттерийн шинэ номын нээлт боллоо

Ж.К.Роулингийн арван жилийн дараа бичиж буй ном “Нарри Поттер ба хараагдсан хүүхэд” номны нээлт өчигдөр шөнө 12:54 цагт болжээ. Номны нээлтийг зохиолч Ж.К.Роулингийн төрсөн өдөр мөн Харри Поттерийн төрсөн өдөртэй албаар давхцуулан зохион байгуулсан байна. Харри Поттерийн фенүүд нь шидтэний малгай өмсч, гар дээрээ зургийг нь нааж номын дэлгүүрээр пиг дүүрсэн байжээ. Поттерийн уншигч фенүүд Хогвардийнхан буцаж ирлээ хэмээн онлайн сүлжээгээр жиргэж эхэлсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

171 микро өнөөдрөөс үйлчилгээнд явахгүй

Энэ ондоо багтаж нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микронуудын насжилт дууссан учир 171 микро автобусыг үйлчилгээн явуулах шугамнаас хасахаар болсон. Тодруулбал, 12-оос дээш жил ашиглаж Микро автобусуудыг өнөөдрөөс эхлэн явуулахгүй байхаар болжээ.

Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэрт хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй замуудаар буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх аж.

Б.УЯНГА

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк долларын өсөлтийг хянана гэв

Монголбанкны Статистик мэдээлэл тархаах хуваарийн дагуу Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гарлаа. Энэ оны 6 дугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан 2016 оны эхний 5 сарын байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөрийн тэнцэл эхний 6 сарын байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт өөрчлөгдсөнөөс шалтгаалан гадаад валютын эрэлт нэмэгдсэнээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7-р сард 6.1 хувиар суларсан байна.

Тодруулбал 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1982.25 төгрөгтэй тэнцүү буюу оны эхнээс 0.7 хувиар чангараад байсан Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2068.43 төгрөгтэй тэнцүү гарсан бөгөөд энэ нь оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар тус тус суларсан үзүүлэлт юм.

Богино хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү хэлбэлзсэн ч дунд хугацаанд ханшийн хандлагыг тайлбарлагч суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцэл 2016 онд алдагдалгүй гарахаар төсөөлөгдөж байна.

Нөгөө талаар эдийн засгийн тэнцвэрийг хангах төсөв, мөнгө, өрийн удирдлагын нэгдсэн бодлого-хөтөлбөрийг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрийн үр дүнд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах, валютын зах илүү тогтвортой болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байна. Энэ нь Монгол улсын 4 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц 3 сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг.

Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцож байгаа бөгөөд энэ чиглэлийг үргэлжлүүлэн баримтлахаа үүгээр мэдэгдье гэж Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс мэдээлэв.

О.ӨНӨР