Оюутолгойн захирлаар ажиллаж байсан Эндрью Вүүдлэйгийн оронд “Рио Тинто” компанийн Хөнгөн цагааны салбарт ажиллаж байсан Армандо Торрес томилогдон өнөөдрөөс ажилдаа оржээ. Томилгооны ерөнхий жишгээр шинэ захирал урьдахаасаа бараг илүү буюу Армандо Торрес нь метал, боловсруулах үйлдвэрийн чиглэлд 25 жилийн туршлагыг хуримтлуулсан хүн гэж хэвлэлүүд онцолж байна.
“Рио Тинто”-ийн шинэ захирлаар заларсан Жан Себастьян Жак ердөө нэг сарын дараа Австрали болон Монголд тухайлан шинэ томилгоо хийлээ. Энэ нь манай намууд шиг ах дүү хань хамсаатнаа ашигтай албан тушаалд татсан томилгоо биш гэдэг нь тодорхой. Яаруу хийсэн энэ томилгоо Оюутолгойн зэсийг баяжуулахад шинэ алхаа хийх бэлтгэл байж магадгүй гэсэн өөдрөг мэдээг авчирлаа.
Бид төдийлөн анзаарахгүй байгаа ч сүүлийн жилүүдэд Оюутолгойн далд нөөцийн мэдээлэл улам баян болж байгаа нь үнэн бололтой. Харин ирээдүйн нэмэгдэх энэ боломждоо тулгаж зэсээ гаргах, боловсруулах ажил дөнгөж эхэлж байгаа. Гүний уурхайн олборлолт баяжуулалтын бүрэн хүчин чадал нь тал хувьдаа ч хангагдаагүй. Ил уурхайн олборлолтоор далд уурхайгаа тэтгэх нь эхлэл төдий байгаа гэж болохоор байгаа юм байна.
Энэ мэдээ нь Найман шарга дээр ногооны ханш өслөө гэхээр Оюутолгойгоос цутгах ам.долларыг асуудаг бидний хүлээлтэд “мөдгүй шүү” гэсэн хариулт болох юм даа. Ер нь бол гүний уурхайгаа босгохын хамт баяжуулах үйлдвэрээ зэрэг өргөтгөх шаардлага Оюутолгой дээр бий болооод байгаа бололтой. Шинэ захирлын томилгоо ч энэ чиглэлтэй холбоотой байж болох юм. Армандо Торрес нь метал, боловсруулах үйлдвэрийн чиглэлд 25 жилийн туршлагыг хуримтлуулсан гэдэг бардам тодорхойлолттой болохыг дээр өгүүлсэн. Ийн зуны халуунд Жан Себастьян Жакийн хийсэн шинэ томилгоогоор олны анхааралд дахин ороод байгаа Оюутолгой дээр улс төрийн шинэ нөхцөл байдалд тогтож ярих сэдэв. Дүгнэж цэгнэх асуудал цөөнгүй байгаа санагддаг. Заримыг энд дурдья.
“Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг “Туркуаз Хилл” эзэмшдэгийг бид мэднэ. Энэ компанийн 50.5 хувийг Рио Тинто авсан байдаг. Энэ компанийн Оюутолгой ордын үйл ажиллагааг ам.долларын хүлээлттэй уялдуулан шүүмжлэх уур амьсгал нийгэмд давамгайлдаг. Манай улс болоод хөрөнгө оруулагч хоёрын дунд татварын өр болоод хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн зэрэг маргаан үүссэн. Энэ бол тийм онцгой зүйл биш. Хамтарсан бизнест гардаг жирийн бэрхшээл байсан гэж хөрөнгө оруулагч тал мэдэгдсээр ирсэн. Бодит байдал дээр Риогийн тал зардлаа үнэслэлгүй хэтрүүлсэн зүйл ч байсан. Ингэж зардал өссөнөөр манай нөгөө муу 34 хувьд оногдох ашиг буурч, бидний хувь хүртэх хүлээлтийн жил уртсах юм. Ийм л балай гэрээ алаг үнээний зурагтай. Эцэст нь татварын маргаан шийдэх нөхцлийг хоёр тал ярилцсаар манай хууль эрх зүйн орчны талаар ойлголцлолын зөрүү байна гэсэн цагаатгалаар үл ойлголцлолдоо цэг тавьж өнгөрсөн үед тооцоод гар барьсан.
Дубайн гэрээ шуугиан тарьж дараа нь гүний уурхайн төсөл эхэлснээр ам.долларын маш том урсгал хаалтнаас гарлаа гэж шинэчлэлийн Засгийн газар мэдэгдэж байлаа. Энэ нь Оюутолгойгоос гэнэт баяжих ээлжит том хүлээлтийг нийгэмд дахин амь оруулсан. Уул уурхайг шийдсэн Их хурлын нэг тогтоолоор амархан баяжих тухай ийм мэдэгдэл хямралд бухимдсан иргэдэд хүрэх нь хурдан. Хэсэгхэн зуурын тайвшралыг өгч, гайхалтай үйлчилдэгийг манай улстөрчид сайн мэдэрдэг болж дээ.
Ер нь өнгөрсөн 10-аад жилийг харахад манай аль ч засаг төр дэлхийн хэмжээнд яригдах Оюутолгой шиг том төсөл нь хилийн арилжаа наймаа шиг ашгаа дор нь олоод эхэлдэггүй. Удаан хугацаанд үргэлжилж өргөн хүрээг хамарч алсдаа эдийн засгийг тэлэхэд хэрэгтэй бүтээн байгуулалт үлдээх ёстойг иргэдэд ойлгуулаагүй байдаг. Харин ч сонгууль болоод хямралын үед иргэдээ тайвшруулах мэдээлэлд Оюутолгойг сайн муу талаас нь номер нэгт ашигласаар ирсэн харагддаг.
Ер нь уул уурхай тойрсон хөрөнгө оруулалт дотооддоо эсэргүүцэл ихтэй байгаа. Үүнд дэлхийн хэмжээний Оюутолгой зэрэг төслийн үр дүнг ам.долларын ханшийг буулгах түвшинд доош татсан популизм болгож, зэс нүүрсээ шууд зараад баяжих мэтээр иргэдээ төөрүүлсэн улстөрчид том буруутай. Эрдэс баялгийг гаргаж ирж мөнгө болгохын тулд уурхай босгож олборлох, баяжуулах хэрэгтэй. Баяжуулахын тулд эрчим хүч татах үйлдвэр барих. Баяжуулсанаа зарахын тулд тээвэрлэх, зам гүүр тавих болдог. Ийм харилцаа хамаарлаар хөрөнгө оруулалтын ард цогц бүтээн байгуулалт үлдэх ёстойг дурьдалгүй явж ирсэн. Үүнд зарцуулах их мөнгө, урт цаг хугацааг ам мэдэн товчилж сонгуулийн 4 жилдээ багтаж бөөн доллар оруулж ирнэ гээд амалчихдаг. Бэлэн амтай улстөрчдийн ийм гавьяагаар иргэд баялгаа зарж мөнгө олохыг талх барих шиг амархан төсөөлөх болсон. Тэд одоо ч итгэсээр. Оюутолгойгоос энэ намартаа багтаж эдийн засагт их хэмжээний доллар эргэлдэнэгэж хүлээсээр байгааг буруутгах аргагүй.
Оюутолгой компани стратегийн ордод үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой гэдгийг бүгд мэднэ. Энд манай төр 34 хувь эзэмшдэг ба үүнд оногдох ашгаа урьдчилж зээл болгон аваад нэг сонгуулийн амлалтыг хаачихсан. Хоёр дахь бүтээн байгуулалтын гэрээгээр манай хүртэх ашиг дор хаяж 15 жилээр ухарсан байгаа.
Одоо нэгэнт дундаа орсон энэ том бүтээн байгуулалтыг улс төржүүлэлтээс холдуулж бизнес гэдэг талаас нь бодитой мэдээллийг олон нийтэд өгөх болсон санагддаг. Хавар намартаа ам.доллар өсөх бүрт Оюутолгойгоос шуудай шуудайгаар ногоон ирж ханшийг нь нам буулгана гэсэн тархи угаалт явуулдгаа одоо болих хэрэгтэй юм. Энэ гэнэн хүлээлт мухардах бүртээ хөрөнгө оруулалтыг дэндүү ахар зайд харах, гадны хөрөнгө оруулагчдад үл итгэх уур амьсгалыг ханиад томууны вирус шиг нийгэмд халдааж байгаа.
О.ӨНӨР