Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Азид шуугиан тариад буй Монгол залуус

“Монгол гэдэг нэгэн нэр” булангийнхаа энэ удаагийн дугаарт Азийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцсон монгол залуусыг онцолж байна. Мөн Монголынхоо зан заншил, ахуй соёлыг уран бүтээлдээ шингээж Японд болон олон улсын тавцанд гаргаад буй авьяаслаг зураач Самбуугийн Заяасайханыг танилцуулъя.

Самбуугийн Заяасайхан нь Баянхонгор аймгийн Баацагаан сумаас гаралтай. СУИС-ийн монгол зургийн ангийг дүүргэсэн бөгөөд аав нь уран зохиол, зургийн багш хүн байсан учраас зурах сонирхолтой болжээ. Зураач Заяасайхан нь 2001 онд Германд, 2007, 2010 онуудад Америкт, 2008 онд Австралид, 2010 онд Англи болон Европын орнуудад, Нью Йоркт 2011 онд, Францад 2013 онд мөн Японд 10 шахам удаа үзэсгэлэнгээ гаргасан. 2015 оны арванхоёрдугаар сард Японд Мэргэжлийн сумогийн 70 дахь Их аварга Харумафүжи Бямбадоржтой “TWO WORLD art show” гэсэн хамтарсан уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Түүний бүтээлд Монголын түүх, соёл урлаг, үндэсний хэв шинж, хатдын зураг голчилдог. Тэрбээр Японд ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвидаг бөгөөд дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж яваа шинэ залуу үеийн уран бүтээлчдийн нэг. Зураач С.Заяасайхан Монголдоо 1999, 2003 онд үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Харин 13 жилийн дараа буюу 2016 оны долдугаар сарын дөрвөнд “Зөгнөл Мөрөөдлийн Ертөнцдөө эгэхүй” үзэсгэлэнгээ гаргасан.

Балетынцом 35 жилийн дараа Монголд

БНСУ-д болсон “Korea international ballet competi­tion” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанд манай балетчид амжилттай оролцоод иржээ. Дэлхий 20 гаруй орны 150 бүжигчний авьяасыг сорьсон энэ уралдаанд УДБЭТ-ын найман бүжигчин амжилттай оролцсон юм. Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг наадмаас Дуурийн театрын тайзнаа Нойрсож буй гоо бүсгүй, Хар, Цагаан хунгийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн гоцлол бүжигчин О.Анужин хүрэл цом хүртэж, Монголын сонгодог урлагийн хөгжлийг дэлхийн тавцанд гайхуулсан билээ. Улмаар Шанхайн Олон улсын наадамд оролцох эрх авсан юм. Мөн энэхүү наадамд УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Ганцоож гурван тусгай шагнал хүртсэн. Балетын бүжигчдийн зэрэглэлийг тодорхойлдог энэхүү хүрэл цомыг 1981 онд Ардын жүжигчин, Монголын балетын урлагийн хатан хаан гэгддэг Ю.Оюун Москва хотноо болсон олон улсын наадамд амжилттай оролцон эх орондоо анх удаа авчирсан түүхтэй. О.Анужин 21 настай бөгөөд балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараагаар үргэлжлүүлж буйгаараа онцлог. УДБЭТ-ын бүжигчин О.Анужин нь Хөгжим, бүжгийн коллежийн багш Т.Туулын шавь. Тэрбээр шавиараа бахархаж, “Монголын балетын урлагийг дэлхийн түвшинд хүргэхэд шавийн маань үзүүлсэн энэ амжилт их хувь нэмэр орууллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Asian New Star Model Contest” тэмцээнд амжилттай оролцлоо

БНСУ-ын Сувон хотод зохион байгуулагдсан “Asian New Star Model Contest”-д нийт 23 орны 98 загвар өмсөгч оролцжээ. Азийн загварын холбооноос зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь Азийн орон бүрт шалгаруулалт явуулдаг. Харин шалгарсан моделиудад “Asian New Star Model Contest” тэмцээнд орох эрх өгдөг юм. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлж зургаан модель оролцсоноос “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч П.Жадамба эрэгтэй моделийн төрөлд хоёрдугаар байр, мөн нийт оролцогчдоос шилдэг аравт шалгарсан. Пүрэвдоржийн Жадамба аав, ээж, эгчийн хамт амьдардаг. Тэрбээр 21 настай, 187 см өндөртэй. Мандах бүртгэл дээд сургуулийн гуравдугаар курсын оюутан юм. Анх танил нь модель болохыг зөвлөж, өөрөө ч сонирхолтой байсан учраас “Монгол модель” агентлагт бүртгүүлснээр амжилтын гараагаа эхлүүлжээ. “Asian New Star Model Contest”-д манай улсын моделиуд долоо дахь жилдээ оролцож байгаа бөгөөд загвар өмсөгч н.Баяраа 2012 онд түрүүлж байсан юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Төрийн бүтцээс илүү хууль эрх зүйн орчин бидэнд чухал

Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан монгол залуусыг удирдан нэг км-т арван төгрөгийн цахилгаан хэрэглэдэг машин үйлдвэрлэжээ. Энэ машин нь өмнө Японд үйлдвэрлэгдсэн бөгөөд Монголд 2-12 хүний хүний суудалтай цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх бүрэн боломжтой хэмээн зохион бүтээгч ярьж байна. 11 сая төгрөгөөр бүтээсэн анхны машин бөөний үйлдвэрлэлээр найман сая төгрөг болж буурна. Манай улсын амьжиргааны боломжтой 50 мянган өрх нэг машин захиалбал Азид маш том зах зээлд гарах боломжтой гэсэн тооцоо байдаг аж. Энэ тухай Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Нэг км-т арван төгрөгийн цахилгаан хэрэглэх машин бүтээх санаа хэрхэн төрөв?

-Дэлхийн авто машины үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээг харвал 10-15 жилд эко чиглэлд шилжих нь тодорхой болсон. Парисын “СОР-21” уулзалт агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нүүрс болон нефтийн эсрэг нар, цахилгаан, усан эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих нэгдсэн тохиролцоонд хүрсэн. Бид өмнө нь хөгжлийн араас гэтдэг байсан. Энэ удаа хөгжлийг угтаж хөгжих бүрэн потенциаль бидэнд байна. Үүний хамгийн том баталгаа нь энэ цахилгаан машин. Гэхдээ энэ монголчуудын хувьд шинэ зүйл биш. Бид өмнө нь Хүй долоон худагт үйлчлэх машинуудыг үйлдвэрлэн нийлүүлж байсан. Зарчмын хувьд цахилгаан машинууд ижилхэн. Гэхдээ Монголын нөхцөлд тохирсон, ялангуяа нийслэлийн зам тэлэх боломжгүй нөхцөлд иргэдэд тохиромжтой хэлбэрийг санал болгох үүднээс энэ машиныг зохион бүтээсэн. Энэ машиныг “Эко бус” компанид үйлдвэрлэсэн.

Машин бүтээх түүхий эд Монголд бий юу?

-Төрийн шагналт Нацагнямтай хамтраад бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Би өөрөө энэ машиныг унаад 1000 км явж байна. Зардлаа тооцож үзсэн чинь нэг км-т арван төгрөгийн цахилгаан зарцуулсан байна.

-Туршилт амжилттай болсон гэсэн үг үү?

-Аливаа туршилт 4-5 жил үргэлжилдэг. Туршилтын хугацаанд сайжруулах юм олон байгаа нь харагдсан. Дээр нь хүйтний улиралд бас ямар байх нь энэ өвлийн туршилтаар мэдэгдэнэ.

-Цахилгаан машины үнэ түлш хэрэглэдэг машинаас хямд байх нөхцөл бүрдсэн үү?

-Энэ нь өөрөө Монголын давуу тал. Бидэнд аккумлятор, цахилгаан мотор хийх түүхий эд хангалттай бий. Зөвхөн Монголд хамгийн хямдаар цахилгаан машин үйлдвэрлэх боломж бий.

-Таван мянган ам.долларын цахилгаан машин дэлхийд байхгүй нь үнэн. Гэхдээ бөөний үйлдвэрлэлийн хэмжээнд яаж хүргэх вэ?

-Эхний машин 11 сая гаруй төгрөгөөр бүтсэн. Хэрэв бөөнөөр үйлдвэрлэвэл 30 орчим хувиар үнэ буурах байх. Үүний тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

-Аж үйлдвэрийн яам байгуулснаар энэ асуудал шийдэгдээгүй юу?

-Би мянган удаа төрд асуудал тавьж байсан. Муугүй үр дүн гарсан. Гэвч гаднаас автобус авах сонирхолтой эдийн засгийн бүлэглэл байна. Үүнд инженерүүд маш их харамсаж байгаа. Дотоодын бус үйлдвэрлэлийг дэмжих дийлдэхгүй бүлэглэл байна. Харин нэг баярлууштай юм нь саяхан эрх баригч болсон нийслэлийн МАН мөрийн хөтөлбөртөө дотоодын компаниудаас 400 автобус авна гэж оруулсан. Энэ чинь үндэсний үйлдвэрлэлийг бодитоор дэмжиж байгаа хэлбэр.

-400 автобус үйлдвэрлэх боломж манайд байна уу?

-Энэ чинь өөрөө бидний хуучирсан сэтгэлгээ байгаа юм. Зах зээлийн эдийн засагт төр 1000 автобус худалдан авах гэрээ нь өөрөө санхүүгийн эх үүсвэр, банкны баталгаа, үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалт болдог байхгүй юу. Бизнесмэнүүд төрөөс мөнгө нэхдэггүй. Баталгаатай худалдан авалтын гэрээ байхад өөрсдөө мөнгөө хялбархан босгоно. Гэтэл манайд эсрэгээрээ төрөөс мөнгө авч бизнес хийдэг үзэгдэл газар аваад байна. Төр зөвхөн нийслэлийн хэрэгцээний том автобусыг биднээс худалдан авна гэсэн гэрээ хийчихэд бид арван мянган ажлын байр гаргаад зогсохгүй төмөрлөгийн үйлдвэрлэлийг гурван жилийн дотор босгох боломжтой.

-Аж үйлдвэрийн яамыг татан буулгах тухай ярьж байна.

-Инженерүүд улс төрөөс хол байдаг. Тэдэнд үйлдвэрлэл явуулах орчин л хэрэгтэй болохоос засгийн эрхэнд аль нам байх нь падгүй. Гэхдээ 30-аад жил зүтгэсэн төмөрлөгийн салбарыг харж байхад яамтай байсан үед аж үйлдвэрлэлд маш их дэвшил гарсан. Үүнийгээ сааруулахгүй, хууль эрх зүйн орчноо эрх баригчид сааруулахгүй бол ямар бүтцээр аж үйлдвэрийг хөгжүүлэх нь бидэнд сонин биш. Аж үйлдвэрийг хөгжүүлэх цөм инженерүүд байдаг гэдгийг эрх баригчид ч, сөрөг хүчин ч мартаж болохгүй. Аж үйлдвэр хөгжиж байж улс орон эдийн засгийн хараат байдлаас гардаг. Монгол орны давуу тал нь аж үйлдвэрийн түүхий эд бэлэн. Боловсон хүчин хангалттай. Төрийн зөв бодлого байхад л болно.

-Цахилгаан машин бас улс төртэй холбоотой юу?

-Таны асуултад хариулсан болохоос би улс төр яриагүй. Энэ машиныг бүтээхэд ямар ч улс төр оролцоогүй. Аж үйлдвэрийн төрийн бодлогын хүрээнд бүтээгдсэн машин. Энэ удаа зүгээр л нийгэмд дохио өгөх зорилгоор бүтээсэн. Захиалга ихээр ирээд, бөөнөөр үйлдвэрлэх тохиолдолд ямар ч улс төрийн шаардлага байхгүй. Та өдөрт гурван мянган төгрөг таксинд зардаг гэж байна. Дөрвөн км явах мөнгө. Тэгвэл энэ машинаар 30 км явна. Энд ямар улс төр хэрэгтэй байна. Сэтгүүлчид, пицца хүргэлт, такси, шуудан гээд төдий хэмжээний мөнгө хэмнэж болно. Энэ хэрээр агаарын бохирдол, замын түгжрэл буурна.

-Замын түгжрэл яаж буурах юм ?

-Бага овортой. Дугаарын хязгаарлалтад өртөхгүй.

-Яагаад дугаарын хязгаарлалтад өртөхгүй гэж?

-Хоёр хүний суудалтай учраас мопедод тооцогдож номер олгодог.

-Барууны томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины үйлдвэрлэлийг хавчдаг гэдэг биз дээ?

-Тийм яриа байдаг. Батлах арга байхгүй. Гэхдээ бид заавал тэдний араас явах шаардлага байхгүй. Одоо бидэнд маш хямд цахилгаан машин үйлдвэрлэх боломж байна. Маш том зах зээлийг түрүүлж эзлэх боломж өнөөдөр л байна. Техник, технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд боломжийг ашиглах ёстой. Энэ бол хэдэн зуун мянган ажлын байрны асуудал. Ажилгүйдлийн тухай нам болгон ярьдаг. Гэтэл ажилгүйдлийн тухай биш, ажиллах хүчний хомсдол үүсгэх хэмжээний үйлдвэрлэл бэлэн байна.

-Нэхий 100 төгрөгийн үнэтэй байхад та нар машин үйлдвэрлэгч томоохон корпорациудтай суудал, залуурын бүрээс зэрэг зүйлсийг үйлдвэрлэх гэрээ байгуулчихаж чадахгүй юу?

-Нэхий 100 төгрөгийн үнэтэй болж байгаа нь манайд үйлдвэрлэл байхгүй байгааг л харуулж байгаа юм. Ийм үзэгдэл хаа ч байхгүй. Бид гадныхантай хангалттай уулздаг. Хэн ч биднийг тоодоггүй. Хэзээ биднийг тоох вэ гэхээр төрийн сайдтайгаа очоод, төр баталгаа гаргаад бид гэрээ байгуулах ёстой. Саяхан АСЕМ-ын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч 100 гаруй бизнесмэнтэй ирж, гэрээ байгуулж байна. Гэрээ байгуулсан Монголын компани тэдэнд хангалттай итгэнэ биз дээ. Яг үүнтэй адил акул авто үйлдвэрлэгчидтэй манай хэн нэгэн сайд биднийг дагуулж очоод гэрээ байгуулбал нэхий дэлхийн зах зээлийн үнээр зарагдаад эхэлнэ шүү дээ.

-Дэлхийн зах зээлд зуу орчим ам.доллар байгаа биз дээ?

-Тэр нь хамаагүй. Ямар ч байсан 100 төгрөгөөр биш. Хамгийн гол нь том корпорациуд дэлхийн зах зээлийн үнээр гэрээ хийдэг. Энэ нь ажлын байрны баталгаа, хөрөнгө оруулалт болдог. Европын орнуудад манай иргэд залуурын бүрээс хийдэг үйлдвэрт олноороо ажилладаг. Тэд Монголдоо ирээд үйлдвэр байгуулах хангалттай туршлага хуримтлуулсан. Харамсалтай нь ирээд боломжгүй учраас л тэндээ хөлсний ажил хийгээд амьдарч байна.

-Танд төрд санал болгох бэлэн төсөл байна уу?

-Монголын хамгийн их валют урсгадаг зах зээл түлш, метал хийц, тоног төхөөрөмж, машин механизм. Түлшинд 1.5, нөгөөд нь 1.7 тэрбум. Нийтдээ 3.2 тэрбум ам.доллар бусдад өгч байна. Өөрөөр хэлбэл, долоо шахам их наяд төгрөгөөр гадны компаниудыг санхүүжүүлж байна. Хэрэв энэ мөнгийг дотооддоо эргүүлбэл ажлын байр гэх асуудал үгүй болж орон сууц, дэд бүтэц гэх асуудлыг шийдэх бүрэн боломжтой.

-Зэс, нүүрс, ган, нефть боловсруулах үйлдвэр барих инженер Монголд бий юу?

-Боловсон хүчин, технологи, түүхий эд манайд хангалттай бий.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага О.Бахыт: Түвдэндорж аварга намайг улсын цолонд хүрнэ гэж анх итгэл төрүүлж билээ

Монгол Улсын гавьяат тамирчин, казах түмний домогт бөх, улсын харцага О.Бахыттай ярилцлаа. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, чөлөөт бөх, үндэсний бөхөөр амжилт гаргасан тэрээр “Хоршоолол” нийгэмлэгт олон жил дасгалжуулагчын алба хашсан билээ. Казах түмний хүчит бөх О.Бахыт гуайн амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн 2006 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгож, Монголын үндэсний олимпийн хорооны “Алтан очир”, “Олимпийн алдар” одонгоор тус тус шагнаж байжээ.

-Энэ жил Баян-Өлгий аймгийн бөхчүүд нэг гал болон бэлтгэлээ базаасан. Үүний үр дүн гарч шинэ начинтай боллоо?

-Манай аймаг “Өлгийн хүчтэн” дэвжээтэй болсон. Дэвжээний тэргүүнээр аймгийн арслан Х.Айдос, тэргүүлэгч гишүүдийн бүрэлдэхүүнд улсын начин болсон Б.Баатарцол, аймгийн арслан Х.Асен, Мамбет, Нямхүү, Тилеухан нар ажилладаг. Тус дэвжээ нь Баян-Өлгий аймгийн уугуул бөхчүүдээс Улсын цолтой бөх төрүүлэх зорилготой юм. Би “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээг ахлан анх удаагаа нэгдсэн гал болон наадмын бэлтгэлд гарсан. Үндэсний бөхийн спортоор хичээллүүлэх тал дээр анхаарч бага ч гэсэн хувь нэмэр оруулж л явна даа. Бөхийн галд 30 гаруй бөх гарч баяр наадамдаа бэлдлээ. Бэлтгэлийн үр дүн гарч Б.Баатарцол маань начин цол хүртэн А.Б.Серык дөрөв, М.Еркебулан маань гурав давж сайхан наадлаа. Мөн У.Берек маань Баян-Өлгийн баяр наадамдаа түрүүлж аймгийн харцага цол авсан. Хамгийн сүүлд би 1981 онд Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тойргийн барилдаанд 22 даван начин цол хүртэж байсан юм. Тэгэхэд Д.Амгаа заан түрүүлж, Х.Баянмөнх аварга хүрэл медаль хүртсэн.Тэр үеэс хойш 35 жилийн дараа Баян-өлгийн зон олон минь улсын цолтой бөхтэй болж байна, их баяртай байна даа.

-Б.Баатарцолыг начин болно гэж бодож байв уу. Энэ жил бөх сонирхогчдын тааварт түрүүлэх бөхөд нэрлэгдэж байсан уран барилдаант Ө.Даваабаатараар начин цолны болзол хангалаа…

-Мэдээж юм дуулгах бөхчүүдийн минь нэг. Олон ч жил барилдсан учраас бөхчүүд маань бүгд л улсын цол горилж барилдсан. Бөхчүүд бэлтгэл сургуулилтаа ч сайн базаасан.

-Та нэг ярилцлагадаа “Баян-Өлгийгөөс минь улсын начин төрвөл онгоц өгсөн ч яадаг юм” гэсэн байсан. Нутгийн зон олон нь шинэхэн начнаа хүлээж авсан байлгүй?

-Одоохондоо засаг, захиргаа солигдоод хүлээж аваагүй л байна. Би 2000 онд Баян-өлгий аймгийн “Биеийн тамир спорт хороо”-ны даргаар ажиллаж байсан юм. Тэр үед улсын цол авсан хүнд мотоцикль өгнө гэснийг нь “УАЗ-469” машин болгосон. Бүр онгоц өгнө ч гэж бичсэн яадаг юм гэж хэлж байсан удаатай. Яг өгнө гээгүй өгсөн ч яадаг юм гэж хэлсэн. Хүмүүс ташаа ойлгоод байдаг юм.

-Баян-Өлгийгөөс улсын цолонд хүрэх бөхчүүдийг нэрлэвэл…

-Сайхан залуус их байна. Энэ жилийн үндэсний баяр наадамд өнгөрсөн жилийн түрүү бөх Улсын арслан Э.Оюунболдод тавын даваанд унасан аймгийн арслан Б.Серык байна. Баян-Өлгий аймгийн баяр наадамд түрүүлж арслан болсон У.Береке мөн М.Еркебулан, Н.Мустафа гээд улсын цолонд ойрхон залуучууд байна. Цаашдаа хэн нь их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт хийж бөхийн төлөө чин үнэнчээр зүтгэнэ тэр хүнд амжилт ирэх нь мэдээж. Үндсэндээ өөрсдөөс нь шалтгаална даа.

-Та бол казах түмний домог болсон бөх. Баяр наадамд барилдаж байсан тухайгаа яриач?

-Би цол авсныхаа дараа жил буюу Ардын хувьсгалын 61 жилийн ойн улсын их баяр наадамд зодоглож зургаа давж байсан. Дөрвийн даваанд Өмнөговийн Д.Багахүүтэй барилдсан. Улсын начин Д.Багахүү гурвын даваанд О.Балжинням аваргыг хаясан байсан юм. Харин тавын даваанд Адуучийн Баатархүүтэй тунаж мөн зургаагийн даваанд Д.Дашжамцтай тунаж өвдөг шороодуулан Монгол Улсын харцага цолны болзол хангаж байсан түүхтэй. Харин долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан. Мөн 1983 онд тав даван бас л тунаж байлаа.

Ө.Тулгаа заан, Ж.Чулуун, Ц.Улаанхүү, Б.Батхуяг
нарын начингуудын хамт. Урд эгнээнд зүүн гар талых нь О.Бахыт харцага

Тунааны барилдаан их сайхан шүү дээ. Яриа хөөрөө юу байв гэж, харгүй сайхан барилддаг юм. Намайг тэр болгон үндэсний баяр наадмаар амлаж байгаагүй. Тунааны л бөх байлаа. Сонирхуулахад, 1978 онд Б.Түвдэндорж аварга намайг наадмаар улсын цол хүртэх бөхчүүдийн нэгэнд оруулсан тухай дуулаад сэтгэл хөөрөөд Отгонтэнгэрт Дэлхийн аваргын бэлтгэлд гарч байснаа орхиод наашаа давхиад ирсэн юм. “Түвдэн аварга начин болно гэсэн юм чинь начин бололгүй яах вэ” гэж бодогдоод. Гэтэл начин ч болж чадаагүй өвдөг шороодсон доо.

-Наадмын бэлтгэлд хэн хэнтэй гардаг байв?

-Би тэр үед Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багт байсан. Д.Амгаа заан, Л.Сосорбурам арслан, Х.Баянмөнх аварга гэсэн сайхан бөхчүүдтэй гал болж бэлтгэл сургуулилтаа базааж байлаа. Бас Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох аваргын галд ч гарч байсан. Их олуулаа ч гардаггүй байждээ. Галаас минь сайхан цолтнууд ч төрж байж. Улсын аварга О.Балжиннямтай нэг галд гарсан тэр жил начин цол хүртэж байсныг тод санаж байна. Би “Хоршоолол” спорт хороонд харьяалагдаж байхдаа О.Балжинням аварга, С.Хүрэлбаатар заан тэргүүтэй бөхчүүдтэй гал байгуулж Баруунхараад гарч байлаа. Тэр үед нэг майхан бариад өөрсдөө хоол ундаа бэлдэж бэлтгэл, сургуулилтаа хийдэг байсан. Одоо үе чинь хачин сайхан болжээ. Олимпийн наадамд бэлдэж байгаа юм шиг амралтын газар, хоол хүнс нь бэлэн.

-Та тухайн үеийн олон сайхан бөхчүүдтэй найзалж нөхөрлөж явсан. Тэр үеийнхээ тухай дурсаач?

-Тухайн үеийн сайхан бөхчүүдтэй барилдаж, найзалж нөхөрлөж л явсан даа. Ард түмний хайртай бөх Д.Хадбаатар аваргатай заалны барилдаанд их барилдаж байлаа. Унаж, давж явсан удаа бий. Харин Улсын наадамд бол таарч байгаагүй юм байна. Зэвэгийн Дүвчин бид хоёр чинь багын найзууд, хөдөөнөөс ирээд л танилцаж ойр дотно явсан. Төрийн наадмын тавын даваанд хоёр ч удаа З.Дүвчин заанд унаж байлаа. Ө.Тулгаа, Р.Давааням, Д.Түвшин заан, Өмнөговийн Д.Багахүү, Дундговийн Ц.Улаанхүү, Ховдын А.Баатархүү, Сүхбаатарын Ж.Чулуун начин гээд сайхан бөхчүүд бүгд миний үеийнх. Их л барилдаж байлаа. Харин би бөхчүүдийн дундах найраа гэж мэдэхгүй. Өөрийнхөө бор зүрхээр л явдаг байсан. Энэ талаар минь надаас илүү миний үеийн бөхчүүд хэлэх байх.

-Та хэзээ үндэсний баяр наадмын торгон ногоон дэвжээн дээрээ зодоглов?

-Сүүлд 2000 онд Баян-өлгий аймгийнхаа 60 жилээр зодоглож арав дахь удаагаа түрүүлсэн. Одоо нас 60 гараад л явж байна.

-К.Канат, Ш.Мурат гээд Өлгий нутгийн сайхан арслангууд байдаг. Улсын цолонд яагаад хүрсэнгүй вэ. Энэ талаар таны бодож, санаж явдаг зүйл байдаг уу?

-Улсын цолонд хүртлээ бэлтгэл л хийхгүй байгаа юм. Улсын цол гэдэг цол зүгээр сууж байгаад авчихдаг амар зүйл биш. Маш их хөлс, хөдөлмөр зарцуулж уйгагүй л хичээх хэрэгтэй. Одоо ч гэсэн бөхчүүдэд хөдөлмөрч, тэмцэлтэй байхыг илүүтэй заадаг.

-Монгол бөх бол монгол соёлын дархлаа байдаг. Ахмад бөхийн хувьд бөхийн жудаг гэж юуг хэлэх вэ?

-Үндэсний бөх ёс жаягийн дагуу, номоороо явдаг л зүйл. Ахмад цолтой ч бай бага цолтой ч бай хэн хэнийгээ хүндэлж явах учиртай юм. Хүндэлж дээдлэхээс эхлээд эв зүйгээ олох нь хүртэл жудаг юм шүү дээ. Би бөх хүний хувьд ёс жаягаа бодож жудагтай байхыг эрхэмлэдэг. Залуу халаа болсон шинэхэн хүчтэнүүддээ их хэлж, ойлгуулж байдаг юм. Энэ спортод амьдралаа зориулчихсан учраас заах зүйл бишгүй л их байна.

-Бөхийн спортод орсон түүхээсээ ярихгүй юу? Хэн таныг бөх рүү залж, чиглүүлсэн бэ?

-Би анх Улаанбаатар хотод Барилгын техникумд суралцаж байсан. Тухайн үед волейбол тоглодог. Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль ч авч байлаа. Харин бөхийн спорт руу оруулсан хүн бол жүдо бөхийн дасгалжуулагч, спортын мастер “Буурал” хэмээх Д.Гансүх гэж хүн байсан юм. Д.Гансүх гуай “Чи волейбол тоглосноос илүү бөхийн спортод орвол ирээдүйтэй юм байна” гэсэн юм. Тэр хүн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ням, Зэвэгийн Дүвчинтэй танилцуулж чөлөөт бөхийн спортод оруулж байлаа. Их олон жил өнгөрчээ. 1974, 1976 оны үе шүү дээ. Би 1978-1986 оны хооронд чөлөөт бөхийн шигшээ багт байсан. Тэр үед Москвагийн олимпийн их наадамд +100 кг-ын жинд оролцож байлаа. Дэлхийн цомын тэмцээнд 1981 онд хүрэл медаль хүртсэн. Мөн гурван удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Үүнээс гадна Москва хотод болсон “Сайн санааны тоглолт”-нд оролцож шагналт дөрөвдүгээр байр, “Интернациональ” тэмцээнд хошой алт, нэг мөнгө, Найрамдалд ах дүү армиудын тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. УАШТ-д дөрвөн алт, 10 мөнгө, дөрвөн хүрэл хүртэж байсан даа.

-Таны хүүхдүүдээс бөхийн спортоор хичээллэдэг үү?

-Миний хүүг Б.Бегжан гэдэг. Аймгийн харцага, спортын мастер казах кураш бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медальтай. Одоо аймагтай бөхийн дасгалжуулагч хийдэг.

-Энэ жилийн наадам их сайхан болсон. Гэхдээ наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын барилдаан нэлээд маргаан дагуулж халх, дөрвөдөөрөө талцлаа. Энэ талаарх таны бодол?

-Сайхан наадам боллоо. Бидний үед 1024 бөх ингэж барилдаж байгаагүй юм. Дандаа 512 бөх барилддаг байлаа. Ингэж аймаг, сумдын бөхчүүдээ Үндэсний баяр наадамдаа хамруулж байгаа нь сайхан юм. Ч.Санжаадамба маань түрүүллээ. Аргагүй л Үндэсний баяр наадмын түрүү болохоор бөхийн нэг. Ард түмэн ч их баяртай байгаа нь мэдэгдэж байсан. Тэр барилдааны тухайд бөхийн ёс жаягаа бодвол үндэс, угсаагаараа талцах нь дэмий л зүйл. Бид чинь Монгол гэсэн нэгэн дээвэр дор байгаа хүмүүс шүү дээ. Удахгүй олимпийн наадам болно. Энэ удаагийн олимпийн наадмаас монголчууд их зүйл хүлээж байна. Би чөлөөт бөхийн хүн учраас жүдо, чөлөөтөөрөө монголчууд дэлхийг ноёлж байна гэж харж байгаа. Улсын наадмын түрүү бөх Ч.Санжаадамба аваргын багш нь манай Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин шүү дээ. Тиймээс олимпоос ч гэсэн амжилт дүүрэн ирнэ байх. Би хааяа залгаж бэлтгэл сургуулилт ямар байгаа талаар асуудаг юм. Ямар ч байсан олимпод оролцох чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилт маш сайн байгаа талаар хэлсэн.

-Саяхан Баян-Өлгий аймагт үер бууж нэлээд гарз хохирол амслаа. Хүмүүс хэр их тусалж, дэмжиж байна вэ?

-Баян-Өлгийд минь үер ус болж айлын хашаа, хороо унасан аюул гарсан. Гэхдээ халуун сэтгэлт хүмүүс эрвийх дэрвийхээрээ тусалж л байна. Гэр оронгүй болсон хүмүүст гэр орон, газар өгөөд залуучууд нь очиж хашаа хорооноос нь барилцаж байгаа. Очиж чадахгүй хүмүүс нь мөнгөн тусламж үзүүлээд хүн бүр л нэмэр болж байна. Казахстанаас ч гэсэн тум дэм болж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Оросыг иргэншүүлсэн догшин эр

Өдгөө хүртэл Петр I-ийг дэмжигч шүүмжлэгчдийн
хоорондох маргаан үргэлжилсээр байна. Тэр ингэхэд хэн байсан бэ? Оросыг агуу их
эзэнт гүрэн болгосон цэргийн болон улс төрийн суут ухаан уу, эсвэл өөрийн эрхэмсэг
зангаараа доод албан тушаалтныхаа хүсэл мөрөөдөл, хувь тавиланг эрэмдэг болгосон
солиотон уу? Магадгүй аль аль нь уу? Петр хэзээ ч хувийн ашгаа бодолцож төр барьж
байсангүй. Хөшүүн байдалтай тэмцэх улс төрийн хатуу бодлого барьж байсан нь Оросыг
Европын эзэрхэг гүрэн болгож харагдуулах гэсэн хүсэл нь байв. Түүхчдийн зарим нь
түүний талаар “хаан бол төрөлхийн ялагч” гэж тодорхойлсон байдаг.

Ирээдүйн эзэн хаан (Орост энэхүү титмийг
авсан анхны хүн) 1672 онд Оросын хаан Алексей Михайлович Романовын гэр бүлд мэндэлжээ.
Энэхүү аз жаргалтай үйл явдал хаана болсон нь өнөө ч тодорхой бус. Эсвэл Москвагийн
Кремлийн Теремний ордонд, нэг бол Измайлов тосгонд, эсвэл Коломенскт байж болох
юм. Бяцхан Петруша Алексей Михайловичийн удмын 14 дэх хүн байв. Үнэндээ бол түүний
хоёр дахь эхнэр Наталья Кирилловна Нарышкинагийн ууган хүүхэд нь. Тухайн үед хүүг
хэн ч захирагч болно гэж төсөөлж байсангүй. Тиймээс ээлжит хүү нь хорвоод мэндэлсэн
нь ээж, аавынх нь хувьд онцгой үйл явдал байсангүй. Петр системтэй боловсрол эзэмшсэнгүй.
Тиймээс нас биед хүрсэн хойноо үзээгүй юмаа нөхөж үзэх шаардлага гарсан юм. Бүх
л амьдралынхаа туршид алдаатай бичиж, бичгийн хэвийг нь гаргаж унших боломжгүй байв.
Алдарт эрдэмтэд, философичид хаантай ойрын хүмүүс байсан юм. Тэд хааны сэргэг ухаан,
тал бүрийн мэдлэг, ямар ч асуудалд мэдлэгтэйг нь онцолдог байв.

Түүний эцэг Алексей Михайловичийг таалал
төгссөний дараа хаан ширээнд анхны эхнэр Мария Милославскаягийнх нь хүү Федор суужээ.
Харин хоёр дахь эхнэр Наталья Кирилловна бяцхан хүү Петрээ аван Преображенское тосгон
руу явжээ. Дараахан нь Алексей Михайловичийн анхны эхнэрээс гарсан охин хатан хаан
София төрийн эрхийг гартаа авсан юм. Залуу Петрийн хувьд эцэг нэгтэй эгчтэйгээ сөргөөцөлдөх
болсон нь хэрийн зүйлд шантрахгүй чанарынх нь анхны том шалгуур болсон билээ. Хатан
хаан тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр боловсролтой эмэгтэй байв. Эзэрхэг София
ганцаараа төр барихыг мөрөөддөг байсан юм. 1682 онд хүүхэдгүй байсан Федорыг нас
барсны дараа хаан ширээний төлөөх сөргөлдөөн өрсөлдөөн үүссэн юм. Нарышкиных (Наталья
Кирилловнагийн төрөл төрөгсөд) мэдээж хаан ширээнд арван настай Петрийг суулгахыг
хүсч байсан. Хоёрдугаар нэр дэвшигч нь милославчуудын дэмжиж байсан Петрийн ууган
ах өвчтэй, ухаан муутай Иван. Үүнээс болж нэлээд бослого, үймээн самуун дэгдэв.
Тэдний гол хүч нь буучид байв. Цуст мөргөлдөөний явцад Петрийн нүдний өмнө ойр дотнын
төрөл төрөгсөд нь хэд хэдээрээ амиа алдсан юм. Үүний үр дүнд хаан ширээнд Петр,
Иваны аль алиныг нь өргөмжлөхөөр болов. Хатан хаан София буучдын шаардлагын дагуу
засгийн эрхийг өөртөө авсан юм. Петр хожим “Захирагчдын дундаас миний багынх шиг
амьдрал туулсан нь ховор байх” хэмээн хэлсэн гэдэг.

Тун удалгүй ханхүү “тоглоомын” цэрэг байгуулах
сонирхолд автав. Үе тэнгийнхэн болох хэдэн залуусаас бүрдсэн энэхүү армийг София
ёжтойгоор хүлээж авав. Харин тэр гэнэн, жижигхэн арми нь илүү боловсронгуй болж
эрийн цээнд хүрсэн юм. “Тоглоомын” арми Лесная, Полтава, Гангутын дэргэдэх тулаанд
Шведийн хэрэм, цайзыг эзлэхэд гайхалтай эр зоригийг харуулсан. Энэ тоглоом хэдэн
жилээр үргэлжлэв. Аажимдаа хүүхдийн биш болж хувирч байлаа. Тэд Яуза эрэг дэх Потешних
хотод өссөн галт зэвсгийн мастер Федор Зомерын удирдлага дор их бууг бүтээжээ. Энэ
үед Петр анхны хайртайгаа учирсан билээ. Дарсны наймаачны (үнэт эдлэлийн наймаачин
гэх нь ч бий) охин Анна Монс ханхүүгийн сэтгэлийг анх татсан бүсгүй. Хүүгээ болох
бүтэхгүй хүмүүстэй холбогдож, гансаар тамхи татаж, их буу сонирхох болсонд өөрөө
өөртөө ихэмсэг Наталья Кирилловна галзуурахаа шахав. Энэ бүхнээс салгах ганц арга
нь мэдээж гэрлүүлэх.

Ингээд 1689 онд Петрийг тийм ч баян биш
ч язгууртан гэр бүлээс гаралтай айлын охин Евдокия Лопухина хэмээх бүсгүйтэй гэрлүүлсэн
юм. “Тэвчвэл дурлана” гэсэн зарчимтайгаар. Гэвч энэ зарчим биеллээ олсонгүй. Хосууд
эрс тэс хүмүүс байлаа. Хуримаа хийснээс хойш нэг сарын дараа Петр Плешеево нуур
руу хөлөг онгоц байгуулахаар арилж өгөв.

Наргианы, тоглоомын гэгдэж байсан цэргүүд
аажимдаа албан ёсны хүлээн зөвшөөрөгдөхөөр хүчин болж хувирлаа. София 1689 оны наймдугаар
сард төрийн эргэлт хийсэн ч амжилтгүй болов. Цэргүүдийн дийлэнх нь Петрийг дэмжсэн
юм. Хатан хааныг Новодевичий сүмд хорионд оруулахаар илгээлээ. Иван албан ёсоор
1696 онд нас бартлаа хамтран захирагч хэвээр үлдсэн билээ.

Петр өсвөр насандаа л улс нь тэнгис рүү
гарах гарцтай болохгүй бол удаан оршин тогтнож чадахгүйг ойлгосон байв. Хар тэнгист
туркууд, Балтийн Тэнгист шведүүд ноёрхож байсан нь Оросын тухайд улс төр худалдааны
хувьд улсаа тусгаарлана гэдэг маш хүнд, өндөр үнэ шаардагдсан ажил байлаа. Мэдээж
тухайн үед XVII зууны ерээд оны дундуур сайн чанарын хөлөг онгоцтой л биш бол Хар
Тэнгисийг эзэлнэ гэж мөрөөдөхийн ч хэрэггүй байв. Тиймээс Петр Азовын тэнгисийн
Дона цутгаланд байрладаг Туркийн Азов хэрмээс тулаанаа эхлүүлэхээр шийдсэн юм. Оросын
арми эхэн үедээ усан онгоцгүй тулалдав. Тулаан бүр хүндхэн бүслэлтэд орж ялагдлаар
төгсдөг байсан юм. Гэвч Петр удирдагч болон жанжны хувьд үнэлж баршгүй нэг араншинтай
байлаа. Тэрээр ялагдлыг маш хүндээр хүлээж авсан хэрнээ даван туулж чаддаг байв.
Хэдхэн сарын дотор Воронежийн усан онгоц засах газарт хэд хэдэн хөлөг онгоц бүтээв.
Тэр нь “Апостол Петр” гэдэг нэртэй 36 их буутай хөлөг онгоцоор толгойлуулсан сэлүүрт
хөлөг онгоцууд. 1696 оны тавдугаар сард Азовыг хуурай газраар, тэнгисээр бүсэлж
цайзыг буулгаж авав. Ингэснээр өмнөд тэнгис рүү гарах гарц нээгдлээ. Гэвч туркуудтэй
дайнаа дуусгавар болгож, Хар тэнгис рүү гарахад Оросын хувьд хангалттай хүч байсангүй.

Залуу хааны санааг Оросын техникийн хөгжлийн
хоцрогдсон байдал байнга зовоодог байв. Тиймээс тэрээр урьд хожид сонсогдоогүй алхмыг
хийхээр шийджээ. “Агуу Элчин сайдын яам”-ны бүрэлдэхүүнийг дагалдсан ойрын хүмүүсийн
хамт 1697 онд Европыг зорьжээ. Усан онгоц, зэвсгийн үйлдвэрлэлийг судлах гэж. Сонирхуулж
хэлэхэд Петр 14 төрлийн дархны чадварыг гайхалтай эзэмшсэн хүн байсан юм. Гарал
угсаа сайтай биш ч чадвартай, төрийн ажилд тустай хүмүүсийг өөртөө ойртуулдаг байсан
нь түүний бас нэг давуу тал байлаа.

Европт байхдаа тэр нутагт нь мөргөлдөөн
хийх оролдлого гарсан талаар мэдээ сонсчээ. Хаан Москвад буцаж ирэнгүүтээ босогчдыг
хатуу шийтгэв. Алагдсан хүмүүсийг тооцохгүйгээр зөвхөн бослогыг дарах үүднээс ойролцоогоор
800 хүнийг нэг дор цаазалсан юм. Буучдын бослогыг дарсны дараа хаан төд удалгүй
ихэс дээдсийн сахал самбайг хусч эхэллээ. Тэр 1698 оны наймдугаар сарын сүүлчээр
герман даашинз өмсч, сахал үсээ хусах тухай, үнэн алдартнуудыг яг зааж өгсөн ёс
журмын дагуу хувцаслахыг шаардах тухай тушаал гаргав. Харин тариачдыг европ загвараар
хувцаслахыг шаардсангүй. Петрийн үед соёлыг ордны болон энгийн иргэдийн гэж хуваасан
билээ. Цаашид энэ ялгаа улам гүнзгийрсэн юм.

Петр I-ийн үед Юлианы он тоололд шилжсэн
түүхтэй. Тухайн үеийн “ертөнц бий болсон үе” гэгдэх 7208 оныг 1700 он болгож хувиргасан
юм. Шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нээс тэмдэглэж эхэлсэн нь мөн л түүний санаа.
Хаан зарлигдаа “Шинэ жилээр бие биедээ баяр хүргэх, ажил хэрэгт нь сайн сайхныг
хүсч, гэр бүлд нь эрүүл энхийг хүсч байх”-ыг онцолсон байдаг. Шинэ жилээр гацуур
мод чимэглэж хүүхдүүдээ баясгахыг, насанд хүрэгчдэд архидан согтуурч гар зөрүүлэхгүй
байхыг зарлигдсан хүн нь мөн л Петр.

Хаан 1700 онд Балтик руу гарц гаргахын төлөө
тэмцэхээр шийдэв. Яг энэ үеэр Шведийн залуу хаан Карл XII Оросын газар нутгийг эзэмших
замаар эзэмшлийн газраа өргөжүүлэх санаархлаа илэрхийлж байв. Эхэн үедээ Хойд холбоо
буюу Орос, Польш, Дани, Саксон улсууд Шведийн эсрэг дайн зарлалаа. Гэвч шведүүдийн
ширүүн тулааны дараа 1700 онд энэ эвсэл аажмаар задарч эхэлсэн юм. Орос хүчтэй дайсныхаа
өмнө ганцаардаж эхлэв. Энэ үед Петрийн Христийн эсрэг гэж нэрлэгдэх эхлэл тавигдсан
юм. Учир нь тэрээр сүм хийдийн хонхыг зэвсэгт хайлуулж ашиглах болсон билээ. Эндээс
Петр шашинд итгэдэг байв уу гэсэн асуулт гарч ирнэ. Эргэлзээгүй, тэр итгэдэг байсан
юм. Энхийн цагт хаан эзэн ням гариг бүр сүмд очдог байсан билээ.

1703 оны намар Шведийн эсрэг хэд хэдэн удаагийн
ялалтын дараа хааны гарт Нева орлоо. Төдөлгүй намагтай Невийн газраар Петропавловын
цайзын суурь тавигдав. Тэнд цайз хэрэм байгуулж, хот сүндэрлүүлж эхэллээ. Арван
жилийн дараа гэхэд Оросын шинэ нийслэл бий болсон юм. Санктпетербург нь шведүүдийн
эзэмшил газар байсан билээ.

Петр тэр үед их жаргалтай байв. Учир нь
Европын цонх болох Балтик хааны гарт ороход ойрхон байлаа. Гэвч Петербургийг бүтээн
байгуулах ажил харгис хатуу байв. Хүмүүс тэнд мянга мянгаараа булшлагдаж байсан
юм. Ясан дээр боссон хот гэсэн нэршил ч сонсогдож байлаа.

Үүний дараа цуварсан ялалтууд ирлээ. Леснаягийн
дэргэдэх, Полтавын дорх, Гангут оргилын дэргэдэх тулааныг хийж ялалт байгуулснаар
Оросын байр суурь улс гэдэг утгаараа бэхэжсэн юм. Энэ улстай тооцоо хийж, сөргөөцөлдөж
болохгүй гэсэн баталгаа ингэж бүрдэв. Петрийн хувьд зөвхөн удирдаад шийтгээд зогсохгүй
урам өгөх чадвар нь ч мундаг байлаа.

Хойд дайны жилүүдэд хувцас угаадаг Екатерина
хэмээх бүсгүй хааны амьдралд гарч ирсэн юм. Екатеринаг тухайн үед Марта Скавронская
гэдэг байв. Түүний талаарх намтар дурдатгал бүдэг бадаг, сайн судлагдаагүй. Гэвч
домог хуучид өгүүлснээр хөгшин эр Шереметевээс Меншиков эхлээд сонгож авсан, дараа
нь хааны мэдэлд очсон гэлцдэг. Тэр хэнээр ч орлуулшгүй эмэгтэй болж хувирсан юм.
Зөвхөн Екатерина л Петрийн галзуурсан уур бухимдлыг намдааж чаддаг байлаа. Хүнд
хэцүү тэр үед Екатерина хаанд 7-14 хүүхэд төрүүлж өгсөн гэсэн түүх яриа энэ цагийнханд
үлджээ. Хүүхдүүдийнх нь дийлэнх ой хүрэлгүй нас барсан гэдэг. Энэ бүсгүйн ачаар
Оросын түүхэнд Гэгээн Екатеринагийн одон гэж бий болсон юм. Домогт өгүүлснээр Петр
энэхүү одонг хамтран амьдрагчдаа талархсаны хариу болгож баталсан гэдэг. Дашрамд
дурдахад Петрийн үед одон шагналын тогтолцоо бий болсон билээ. Энэ үеэс зөвхөн эрхтэн
ямбатан, дээдэс язгууртан төдийгүй ажил үйлээрээ ялгарсан, онцгой гавьяа байгуулсан
хүмүүс ч шагнуулах болсон юм.

Хойд дайны үеэр Петр Европын уур амьсгалыг
Орос орон ахуйдаа нэвтрүүлэх болсон. Эхлээд язгууртан эмэгтэйчүүдийн ганцаардсан
зожиг байдлыг халав. Өмнө нь язгууртан бүсгүйчүүд тансаг орд харшдаа өдрийг уйтгарлан,
нам гүмхэн өнгөрөөдөг байлаа. Гадны дэгжин даашинз, дарс, вальсыг ахмад настнууд
гайхаж цочирдож хүлээж авсан бол залуус таатайгаар хүлээж авсан юм.

Хаан доод албан тушаалтнууддаа ёс зүйг эрхэмлэхийг
үүрэг болгож байлаа. Бүсгүйчүүдийг элдэв үгээр дайрч доромжлохгүй байх хандлага
ч энэ үеэс эхлэлтэй. 1721 оны намар Ништадын энхийн хэлэлцээрийг байгуулсан түүхтэй.
Хорь гаруй жил үргэлжилсэн дайн Оросын ялалтаар дууссан нь энэ. Тэр жилийнхээ өвөл
нь Петр эх орны эцэг гэсэн титэм хүртсэн билээ. Сенатчдын санаачилсан эх орны эцэг,
Оросын эзэн хаан гэсэн титмийг Петр хүлээж авсан юм. Шинэ титэм нь түүнийг эртний
домогт жанждын эгнээнд багтаав. Оросын эзэнт гүрэн болж бэхэжсэн түүх ерөөсөө л
Петрийн амьдралын түүх гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

Хаан зарим үед өдөрт хоёроос гуравхан цаг
унтдаг байлаа. Бүх л юманд оролцохыг хүсдэг Петрийн шинэчлэл болон шинээр эхлүүлсэн
зүйлсээс зөвхөн нэгийг нь дурдахад л хэдэн хуудас болно. Жишээ нь инженер, их бууны
нээлтүүд байна. Тэр анагаахын сургууль, хэвлэх үйлдвэрийн сүлжээг анх байгуулсан
хүн. Сонин хэвлэх эхлэлийг тавьсан, шинжлэх ухааны академийн дүрэм хуулийг баталсан,
уулын металлург, аж үйлдвэрийн хөгжлийг эхлүүлсэн гэж ирээд яривал Петрээр овоглосон
шинэчлэл өчнөөн.

Эзэн хаан 1725 онд таалал төгсчээ. Шведийн
зохиолч Август Стриндберг түүний талаар “Оросыг иргэншүүлсэн зандалчин, тэрээр хот
байгуулсан ч түүн дотроо амьдрах хүсэлгүй байсан юм. Эхнэрээ сураар шийтгэж байсан
ч гэргийдээ маш том эрх чөлөө олгосон. Түүний амьдрал агуу бөгөөд баялаг. Бас нийгэмд
ашигтай. Хувийн амьдралынхаа хувьд байдаг л нэгэн” гэж үнэлсэн нь бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 34 градус дулаан байна

2016 оны 07 дугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 24-29 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 33-35 градус дулаан байна

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Categories
мэдээ спорт

Х.Сүнжидмаа сумо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо

Монгол улсад зохион байгуулагдаж байгаа сонирхогчдын сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хүнд жингийн барилдаанд 23 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Монгол Улсын шигшээ багийн тамирчин Дэлхийн хоёр удаагийн аварга Х.Сүнжидмаа хэсгийн барилдаануудаа ялалтаар өндөрлүүлж Украйн, Унгарын бөхчүүдтэй учраа таараад байсан билээ. Тэгвэл тэрээр дахин ялалт байгуулж дэлхийн гурван удаагийн аварга болох болзолоо биелүүлжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Олимпийн тамирчдын байранд гал гарчээ

Анхнаасаа тамирчдын ая духтай орчин нөхцлыг бүрдүүлж чадаагүй хэмээн шүүмждлэл дагуулаад байсан.Рио-де-Жанейро хотод болох Зуны Олимпын тоглолтод оролцохоор ирсэн Австрали улсын шигшээ багийнхны байрласан байрны хонгилд гал гарсан байна хэмээн “The Voice of America”-д мэдээллэжээ тэнд байрлаж байсан Австраличууд твиттер хуудастаа, өнгөрсөн баасан гаригт гарсан галын үеэр бүх тамирчныг өөр газарт шилжүүлсэн, тамирчид болон албаны хүмүүсийн биеийн байдал сайн, сэтгэл санаа өөдрөг байгаа тухай твиттер хуудаснаа жиргэсэн байна.

Долоо хоногийн өмнө Бразилд ирсэн Австралийн багийнхан гал гарсан дээрх байранд орохгүй хэмээн цааргалж байжээ. Учир нь өрөөнүүд нь бохир заваан, бие засах өрөөний суултуур ажиллахгүй, цахилгааны богино холбоо үүссэн зэрэг асуудал гарчээ. Ажилчид засвар хийсний дараа австраличууд уг байранд орсон аж. Мөн Итали, Шинэ Зеландын багийнхан байр сууцны нөхцлийн талаар гомдол гаргажээ

Австралийн багийн хэвлэлийн төлөөлөгч Майк Танкред сэтгүүлчдэд хэлэхдээ, тэнд байсан тамирчдыг нүүлгэн шилжүүлсэн, их утаа гарч байсан боловч “сүртэй юм болоогүй” гэжээ. Тэрээр 30 минутын турш ассан галын шалтгаан юунд байсныг мэдэхгүй хэмээн нэмж хэлсэн байна.

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Турк улсын иргэн 200 сая төгрөгийн залилан хийгээд ор сураггүй алга болжээ

Улсын мөрдөн байцаах
газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Бүгд найрамдах Турк улсын
иргэн Елдезгорер Абубекир гэгчийг эрэн сурвалжилж байгаа аж. Тэрээр манай улсын
иргэн А-гийн “Голомт” банкин дахь хадгаламжаас 60 сая, иргэдээс 133.2 сая
төгрөг, 60 мянган фунт стерлинг залилан авсан хэрэгт холбогджээ. Иргэдийн
гомдлоор 2010 оны дөрөвдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэсэн ч тус этгээд хэдийнэ
Монгол Улсын хилээр гарч, эх орондоо очсон гэх мэдээлэл байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүүхэд тогтоол усанд живж нас баржээ

Үер, уснаас сэрэмжлүүлэх мэдээллийг өдөр бүр хүргэж байгаа боловч усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тухайлбал: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Шишгэдийн гол”-д зургаадугаар сарын 27-ны өдөр Хазаарын хоолой гэдэг газар бургасанд тээглэн усны мандал дээр гарсан цогцосыг гаргаж авсан бол долдугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр, Эрдэнэтийн гүүрний баруун урд байрлах тогтмол усанд морь унасан хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э /33 настай, эрэгтэй/ морьтойгоо осолдож нас барсан байсныг гаргаж авчээ.

Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Төмөр замын урд тогтоол усанд 2 хүүхэд живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 30-ны өдрийн 00:16 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж Т.Эрдэнэхүү /6 настай, эрэгтэй/, Э /9 настай, эрэгтэй/ нарын цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын хүндийн өргөлтийн тамирчид олимпод оролцох эрхээ хасуулжээ

Өчигдөр буюу Баасан гарагт Оросын хүндийн өргөлтийн төрлийн бүх тамирчин сэргээшийн улмаас Рио 2016-д оролцох эрхгүй болсныг тус спортын олон улсын холбоо зарлалаа.

Ингэснээр Оросын найман тамирчны оролцох эрхийг бусад орны тамирчид нөхөж авахаар болжээ.

Олон Улсын Хүндийн Өргөлтийн Холбоо “Оросууд хүндийн өргөлтийн спорт дахь шударга ёсыг олон удаа, олон түвшинд ноцтой бохирдуулж байсан” гээд шийдвэрээ “зохих ёсны”, “спортын төрлийн нэр хүндийг аврах” шийдвэр гэж дүгнэсэн байна.

Бусад спортын холбоод ганц нэг, цөөн тооны тамирчныг оролцохыг хориглож байсан бол хүндийн өргөлтийнхөн ийнхүү бүхлээр нь хассан байна.

Одоо Оросуудын үлдээсэн орон зайг нөхөх боломж таван оронд нээгдэж байгаа гэнэ.

Үүнд эрчүүдийн ангилалд Беларусь, Хорват, Сальвадор, Монгол, Серби улсууд тамирчдаа оруулна. Эмэгтэй ангилалд Албани, Гүрж, Молдов улсуудад боломж гарчээ.