Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон ЭЕШ-тай зэрэгцээд хувийн хэвшлийн дунд сургуулиудын элсэлт,сонгон шалгаруулалт зэрэгцэх нь бий. Тиймээс энэ жилийн хувьд хувийн дунд сургуулиуд намар, наймдугаар сард сонгон шалгаруулалтаа хийхээр болжээ. “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” зэрэг сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын сонгон шалгаруулалт ирэх наймдугаар сард болно гэдгийг дээрх сургуулиуд албан ёсоор мэдэгдсэн байна. Шалгалтын бүртгэл болон хугацааг тухайн үед нь зарлах ажээ.
Month: July 2016
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:
Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм
гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тамхичдын зуултан дор…
Элэглэгч, шог зохиолч И.Цэрэнжамц гуай нэг удаа “Монголын тамхичид Эрдэнэчимэг гишүүний зуултан дор байгаа” гэж хошигнож билээ. Тамхины эсрэг тэмцлийг магнайлсан гишүүн маань өөрөө ордонд тамхи татаад, тиймэрхүү юм болсон. Гэсэн ч тамхины эсрэг нөр их тэмцэл түүнээс үл хамааран үргэлжилсээр. Тамхи татдаг хөршүүдтэйгээ ойлголцоход маань байрныхны нэгддэг фэйсбүүк групп тусалдаг. Эхний удаа үүдэнд тамхиа татаж, тамхины ишээ тэндээ хаячихаад гэртээ орчихдог аминчхан зантай хөршийнхөө тухай фэйсбүүкт бичив. Түүнээс хойш ямар ч байсан үүдэнд маань тамхины иш үзэгдэхээ байж, хаалгаар утаа орж ирэхээ болив. Гэтэл агаар оруулах гээд цонхоо нээхээр тамхины бохины үнэр сэнхийтэл үнэртэнэ. Зовлон нэгт бусад хөршүүд маань азаар нүүр хуудастаа энэ тухай шүүмжилжээ. Гэтэл ямар хариу авсан гэж санана. “Та нар муусайн дуугүй бай. Тийм сайхан юм бол хаусандаа очиж амьдар. Би нялх хүүхдээ орхиод яаж гадаа гарч тамхи татдаг юм. Харин тамхины ишээ доошоо хаяад гал гаргачихгүй байхыг бодно” гэсэн агуулгатай сэтгэгдэл үлдээжээ.
Томчууд нь яах вэ, бага насны хүүхдийн дэргэд тамхи битгий татаасай гэж хүслээ. Байрныхан, хамт ажилладаг хүмүүс, автобусанд хүртэл тамхи татсан жолоочийг ухуулах хэрэг гарна. Цахилгаан шат руу орохдоо тамхиа асаахыг нь яана. Тамхины хорын тухай олон хүн мэддэг ч муу зуршлаа гээхгүй явна. Тамхи татаж байгаа хүнийг гишгэх газаргүй болтол нь шахаж шаардаж, хууль дүрмээ чангатгаж чадвал тамхичдын зуултан дор амьдрах шаардлагагүй болно. Тамхи татаж бусдыг ч өөрийгөө ч, хордуулж байгаа хүн биш шүүмжилсэн хүн буруутдаг үед тамхичид цөөрнө гэж үү.
Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшиж буй 49 хувийг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани эзэмших нь тодорхой болоод байна. Монголын компани Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахаар болсны наад захын эерэг нөлөө гэхэд л “Эрдэнэт”-ийн ногдол ашгийн 49 хувийг хойд хөршийн төрийн өмчит “Ростех” авахаа болино. Монголд үйл ажиллагаа явуулдаг Монголын компанид “Ростех”-ын авдаг байсан ногдол ашиг ирэхээр болж байгаа юм. Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай энэ сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Зэс молибдены баяжуулах Азийн хамгийн том үйлдвэрүүдийн нэгд тооцогддог “Эрдэнэт” 100 хувь Монголын компани болж байна. Энэ шийдвэр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Ажиллаж байгаа үйлдвэр учраас эдийн засаг талаас нь харвал төлдөг татвараа төлөөд явна. Хувьцааны эзэмшил нь л өөрчлөгдөж байна. Оросын тал Эрдэнэтэд эзэмшдэг хувьцаагаа манай улсад бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компанид худалдах санамж бичигт гарын үсэг зурсан гэж би ойлгож байгаа. Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээс харахад хэлцэл бүрэн дуусаагүй болов уу гэсэн ойлголт төрсөн. Хэлэлцээрийн дагуу шийдвэрлэх асуудал байгаа бол Монголын Засгийн газар шат дараалаад шийдээд явах болов уу. Төрийн өмчтэй компанид хувийн хэвшил 49 хувиар орж ирсэн нь сайн хэрэг. Менежмэнт нь сайжирна. Зардал бууруулах талд ахиц гарах байх. Мэргэжлийн хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаг болох нь ойлгомжтой.
-Эрдэнэт тойрсон шүүмжлэлүүдээс хамгийн анхаарал татдаг асуудал нь шахааны бизнес. Бараг музей байгуулах хэмжээний хэрэггүй зүйлсийг төрийн томчууд энэ үйлдвэрт шахсан байдаг. Хувийн компани менежмэнтэд нь оролцоод ирэхээр шахааны бизнес арилах байх. Та юу гэж бодож байна?
-Шахааны бизнес бараг л арилах болов уу. Гэхдээ 51 хувь нь төрд байгаа гэдгийг мартаж болохгүй. Төрийн хувь энэ хэвээр үргэлжилбэл шахааны бизнес шууд зогсоно гэж хэлэх боломжгүй л дээ. Мэдээж өмнөх шигээ улайм цайм шахаа хийхгүй гэсэн давуу тал бий. “Эрдэнэс Монгол”-д харьяалуулах асуудал нэлээд удаан хугацаанд шийдэгдэхгүй явсан. “Эрдэнэс Монгол”-ын хувьд компанийн засаглалаа сайжруулахаар Азийн сангаас төсөл хэрэгжүүлж байгаа. ”Эрдэнэт” бүтцэд нь ороод явна гэж харахаар “Эрдэнэс Монгол”-д сайн зүйл болж байна. Намууд мэдэгдэл гаргаж, хүмүүс янз бүрийн өнцгөөс л харж байх шиг байна. Миний хувьд эерэг нөлөөлөл нь их гэж бодож байгаа. Хувийн хэвшилд Оросын талын эзэмшил шилжсэнээр “Эрдэнэт”-ийн бизнесийн шийдвэр гаргах хурд эрс сайжраад ирнэ. “Эрдэнэт”-д олон жил ажилласан хүмүүс ч юм уу, Монголын иргэд энэ үйлдвэрээс хувь хүртэх асуудал сөхөж магадгүй л дээ.
-Зарим судлаач Засгийн газар эзэмшиж байгаа 51 хувиа ч хувьчлах тал руу ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлээд эхэллээ. Таныг ч бас ийм байр суурьтай байна гэж ойлголоо…?
-Яг тийм ийм гэж хэлж мэдэхгүй байна. Ер нь бол Засгийн газрын эзэмшиж байгаа хувийн нэг хэсгийг иргэд, компаниудад арилжихад болохгүй зүйлгүй. Төрийн өмчийн 51 хувийн хоёр хувийг иргэд, компаниудад худалдах маягаар төрийн оролцоог багасгавал сайн хэрэг. Тэгвэл бүр л сайн үр дүн гарна. Ингэж байж жинхэнэ бизнесийн зарчмаараа явах боломж бүрдэх болов уу. Гэхдээ эдийн засагт хэтэрхий үр нөлөөтэй төсөл учраас болгоомжлол гарна. Мэдээж болгоомжлол илүүдэхгүй. Гэвч болгоомжлолоос илүү нэг зүйл байгааг мартаж болохгүй. Монголд бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компанид Оросын талын хувь шилжсэн нь яах аргагүй зөв алхам.
-Оросуудын нөлөө алга болчихоор Эрдэнэтийн хувьцааг Хөрөнгийн бирж дээр арилжаалах асуудлыг санаа нийлээд шийдэж болох юм байна. Ийм замаар хөрөнгө оруулалт босгох боломжийн тухайд та юу хэлэх вэ?
-Хувьцаагаа Лондонгийн бирж дээр гаргачих бүрэн боломж нээгдэж байгаа.
-Зэсийн үнэ уналттай ийм үед “Эрдэнэт”-ийн зардал өндөр гэсэн асуудал байгаа. Хувийн компани менежмэнтэд нь оролцоод ирэхээр зардал нь буурч таарах байх…?
-Ер нь аль ч үйлдвэрт зардал өндөр гэсэн асуудал яригддаг. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага өнгөрсөн хугацаанд зардал бууруулах талд нэлээд сайн ажилласан. Өөрийн өртгөө бараг мянга гаруй ам.доллараар буурууллаа. Гэхдээ энэ бол нэг л удаагийн асуудал. Ирэх жилүүдэд үнэ өсч буурах цикл үргэлжилнэ. Хувийн компани менежмэнтэд оролцож эхэлснээр зардлын таналт дээр дахиад ч ахиц гарах болов уу гэж харж байна. Ганц гол зүйл гэвэл компанийн засаглал сайн, төрийн оролцоо бага байх ёстой. “Эрдэнэт”-д хувийн компани орж ирсний сайн тал нь энэ. “Эрдэнэт” зуун хувь Монголын компани болж байгаа нь маш том давуу тал. Худалдаа хөгжлийн банк авлаа гэхээр банкинд очлоо, банкны гол хувьцаа эзэмшигчид нь монгол хүмүүс биш гэх мэт яриа дуулдаж байна л даа. Гэхдээ л Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг компани. “Эрдэнэт”-ийн Удирдах зөвлөлд орос хүмүүс биш монголчууд л ажиллана.
-Эрдэнэт үйлдвэрийн тухайд Оросын зүгээс тээг тавьдаг ямар асуудлууд байсан бэ?
-Хамгийн том жишээ гэвэл зэс хайлуулах үйлдвэр байна.
-Манай талаас зэс хайлуулах үйлдвэр барих саналыг Оросын талд хэзээнээс тавьж эхэлсэн юм бэ?
-1992 оноос хойш. Ер нь бол аль далаад оноод Эрдэнэтийн хэлэлцээр эхлэх үеэс л Оросын талд санал тавьж байсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Оросын талд баяжмал хэрэгтэй байсан учраас шийдэгдээгүй хэрэг л дээ.
-Одоо зуун хувь Монголын компани болчихоор зэс хайлуулах үйлдвэр барих асуудалд гадны нөлөөтэй тээг алга болох нь ээ?
-Тэгж ойлгож болно. Саяхнаас Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр тусад нь байгуулна гэсэн яриа өрнөөд байгаа.
-Техник технологийн шинэчлэл гэх мэт том асуудлууд дээр ч оросуудын оролцоо байсан байх…?
-Оросын оролцоо байсан. Анх Оросын техник технологи орж ирсэн, орос хүмүүс ажиллаж байна гэх мэт шалтгаан бий. “Эрдэнэт”-д барууны техник технологи үе шаттайгаар нэвтэрч байгаа л даа. Гэхдээ Оросын талын нөлөөллөөр шийдвэр нь удаж гардаг зэрэг асуудал байсан. Шийдвэр гаргадаг бизнесийн хурдын хувьд хамаагүй сайжирна. Эрдэнэт үйлдвэрийн концепци боловсрогдож байна. Оросууд нэлээд нөлөө, оролцоотой яваа гэж дуулдаж байсан. Одоо бол энэ бүх асуудлыг Оросгүйгээр өөрсдөө шийдээд явах боломж бүрдэж байна.
-Эрдэнэтийн нөөц нэмэгдэх боломж хэр өндөр вэ?
-Нөөц нь нэмэгдэх магадлал өндөр. Эрдэнэтийн одоо ашиглаж байгаа газраас урд, хойно нь нөөц бий. Тэрний гадна талд ч хайгуул хийхээр тусгай зөвшөөрөл авчихсан байгаа юм билээ.
-Зэсийн үнэ өсөхөөр ногдол ашгийн хэмжээ дагаад өснө. Гурваас дөрвөн жилийн дараа зэсийн үнэ өснө гэсэн таамаг бий. Оросын талын хувь Монголд ирчихээрЭрдэнэтээс хүртэх өгөөж эрс нэмэгдэх нь ээ?
-Тэгнэ. Ногдол ашиг нь Монголд үлдэж, Монголын хөрөнгө оруулалт, Монголын хөгжилд л зориулагдана гэсэн үг.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр хамгийн их татварыг төсөвт төлж байгаа. Ялгаварлан гадуурхагдсан байдлаар асар их хэмжээний татвар төлдөг. Нөөц ашигласны төлбөр гэхэд л 16, 17 хувь байх жишээний. Хувийн компани бол тэсэхээргүй татвартай явж байгаа л даа. Хувь эзэмшилд өөрчлөлт орсноор энэ асуудал ч нэг мөр яригдаж таарах байх.
-Оросын тал хувиа зарчихаар заавал орос хүн ажиллах ч шаардлагагүй болж байна уу?
-Бараг тийм дээ. Үнэхээр чухал орон тоо бол, орос мэргэжилтэн ажиллахаас аргагүй тохиолдлоос бусад нөхцөлд монголчууд ажиллаад явах байх. Бүх зүйл нарийвчилж яригдах үед хийгдэх тохироо болов уу.
Сүхбаатар дүүргийн VI хорооны иргэн Л.Содномдорж
Өнөөгийн нийгэмд амьдарч байгаа хүмүүст олон янзын бэрхшээл тулгамдаж байна. Би Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд 28 жил ажилласан багш хүн. Ном эрдмийн мөр хөөж явсан хүний хувьд өнөөгийн монголчууд оюуны өмчийг дээдлэх, зохиогчийн эрхийг хүндлэх тал дээр сул байгаад эмзэглэж явдаг. Их дээд сургуулийн тоо нэмэгдэхийн хэрээр, улаан цэнхэр дипломтонгууд нэмэгдэж оюуны хоосрол бий болж байна. Би 1971 онд МУИС-ийг төгсөж байлаа. Тэр үед онц төгсдөг хүн ховор байсан ч үнэхээр чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэж чадаж байсан. Өнөөгийн залуус ахмад үеэ хүндэлж, тэднээс суралцаж, тэдний хөдөлмөрийг үнэлэхээ больсон байна. Тухайлбал, 2014 онд би Дорноговь аймгийн Даланжаргал сумын дунд сургуулийн “Эрдэм цогцолсон Даланжаргалант сургууль” номыг Д.Цогбадрахын хамт бичиж байлаа. Тухайн үед сургуулийн захирал У.Өнөрмөнх миний хөдөлмөрийг үнэлж хоёр сая төгрөг өгөх байсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Ийм байж болохгүй л дээ.
Дараагийн санаа зовоож байгаа асуудал бол бичиг соёлын асуудал байна. Сүүлийн үед гарч байгаа ном, сонин хэвлэлийг харахад алдаа мадаг их гарах болж. Кирилл бичгээ зөв бичиж, хойч үедээ өвлүүлж чадахгүй байж монгол бичгийг төрийн бичиг болгоно гэж яриад байгаатай би хувьдаа санал нийлэхгүй байна. Монгол бичиг гэдэг бол тоглоом биш. Дэлхийд ганцхан байдаг босоо бичгээ төрийн бичиг болгоно гэдэг бол их холын асуудал. Юуны өмнө өнөөгийн залуус эх хэлээрээ зөв бичиж, ярьж сурах хэрэгтэй байна. Цахим ертөнцөд ярианы хэлээр бичих, гадаад үг хольж ярьдгаас болоод эх хэл минь юу ч биш болох нь.
Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.
Ф.М.Достоевскийн “Солиот” романыг энэ удаа товчхон танилцуулахаар шийдлээ. Арваннэгдүгээр сарын хуучдаар Петербург-Варшавын галт тэрэг Петербург руу уухилан дөхөж явна. Түүний нэгэн тасалгаанд уг нь сурвалжит ноён боловч тун тааруухан хувцастай Мышкин, танхайдуу шинжийн царайтай, намхавтар ч чийрэг биетэй Рогожин хэмээх хоёр эр өөд өөдөөсөө харсан суудалд таарчээ. Мөнхүү тэнд бас Лебедев гэгч дээдсийн хүрээнийхний амьдралыг нэвт шувт мэддэг дундаж сэхээтэн явах аж. Мышкин ухаан балартаж, унаж татдаг өвчнөөсөө шалтгаалан Швейцарьт эмчлүүлж байгаад буцаж буй нь энэ. Рогожины хувьд Настасья Филипповна хэмээх сайхан бүсгүйд өндөр үнэтэй ээмэг авч өгөөд хүүхэндээ ч тал олсон юмгүй. Харин бүр гай болж чинээлэг худалдаачин эцэг нь гэрээсээ хөөчихсөн. Одоо аавыгаа нас барсан учраас буцаж байгаа хүн. Өв хөрөнгөтэй болсон тэрээр Настасьяг өөрийн болгох нууц бодолтой, жигтэйхэн хартай, хямрамтгай байдалтай. Лебедевийн хувьд их хөрөнгө өвлөсөн Рогожинд илт зусардах бөгөөд Мышкиныг нэр хүндтэй генерал Епанчины гэргийтэй нэг угсааны хүн болохоор их сонирхоно.
Энд сонирхуулахад сурвалжит ноён Тоцкий хэмээгч алсдаа тун ч царайлаг болж магадгүй өнчин охин Настасьяг багаас нь өөртөө ойрхон өсгөж амралтаараа ор дэр нийлүүлдэг нүгэлтэй. Цаг явахын хэрээр хөгширч басхүү хэл ам гарах болсон тул өөрөөсөө холдуулах гэсэндээ Ганя гэгч баяжихыг ихээр хүсэгч Епанчин генералын удирдлагад ажилладаг жижиг түшмэлтэй суулгах гэнэ. Ганя нь Епанчины охин Аглаяд санаатай. Гэвч архинд орсон, худалч генерал эцэгтэй, гэр ахуйн байдал нь ядуувтар тул нэр төрөө гишгэлэн 70 мянган рублиэр Настасьяатай гэрлэхийг бараг зөвшөөрчихөөд байгаа. Ийм үед дээрх эрхмүүд Петербургт ирлээ. Сурвалжит ноён Мышкин генерал Епанчинтай уулзаж нүүр хагарна. Энэ үеэрээ хамаатных нь хүн өөрт нь магадгүй 500 мянган рублийн үнэ бүхий хөрөнгө гэрээсэлж үлдээсэн тухайгаа ярьдаг. Ингэхдээ генерал Епанчин, ноён Тоцкий нар Ганя, Настасья хоёроо гэрлүүлэхээр гэрт нь үдэшлэг зохион байгуулах гэж байгааг мэддэг. Хотод ирсэн даруйдаа Настасьяг нэг удаа харсан хөөрхий Мышкин түүнд дурлачихжээ. Нөгөө талд Рогожин яваад байгаа. Тиймээс үдэшлэг тун ч хачин болно. Настасья өөрийг нь 70 мянган рубль өгөхөөр амлаж Ганятай хуримлуулах гэж буйд зэвүүрхэн цадиггүй аашлахаар шийддэг. Юу гэхээр Рогожиныг орой гэхэд 100 мянган рубльтэй ирвэл гэрлэнэ гэж амлана. Өнөөх нь хамаг юмаа барьцаанд тавиад нөгөө мөнгийг нь олоод ирдэг.
Генералаас эхлээд Тоцкий, Ганя эвгүй байдалд орно. Угаас ч нэр төрөө алдаж байна хэмээн битүү шаналж явсан Ганягийн нүдэн дээр Настасья 100 мянган рублийг ил гал руу боодолтой нь шидээд нүцгэн гараараа авбал өгнө гэж тохуурхдаг. Тэнд байсан Лебедев шүдээрээ ганцхан мянган рубль авчихъя гэж гуйж ч байх шиг. Энэ цагт өмнө нь тус үдэшлэг болохыг мэдсэн Мышкин шинэ тоглогч болж орж ирлээ. Тэрээр “Та уг нь ийм хүн биш шүү дээ” гэж Настасьяд хэлнэ. Бүр улмаар гэрлэхийг хүсч байгаагаа түс тас хэлж орхино. Гайхалтай нь Настасья олон эрийн эрх ашгийн дунд төөрч, муухай авирлаж эхэлсэндээ өмөг түшиг эрж байсан уу Мышкинд дурлачих шиг болдог. Мышкинд нүүр өгч “Би тэгвэл сурвалжит авхай болохоор боллоо” хэмээн даажигнан Рогожины царайг тун ч барайлгана. Эцсийн бүлэгт тэрбээр Мышкинийг гэнэн цагаанаар нь дуудаж тоглоом тохуу болгоод Рогожины хамт гарч оддог.
Мышкиныг гэрт нь зочлоод явсны дараа Епанчин генералын царай зүс, биеэ авч явах байдлаараа хот даяар алдар суутай Аглая охин түүнд дурласнаа зарлана. Түүнийг Настасья Мышкинтэй суухыг ятгаж байгаа нь ч ил болно. Ямар ч өндөр тушаалын хүнтэй суулгах боломжтой хэмээн ихээхэн найдлага тавьдаг охин нь “солиотой” ч юм шиг биеэ авч явдаг хэт цайлган зантай Мышкинтэй суух боллоо. Гэвч Мышкин яг загалмайлах дээрээ тултал зугтаад алга болов. Хожим Аглая тэнүүлч, луйварчин гүн гэгдсэн нэг цагаачийг дагаад замаа алдана. Нөгөө талд Рогожины байдал ч сайнгүй байв. Настасья хэд хэдэн удаа загалмайлна гэж амлаад Мышкин рүү зугтаад байх. Тэгснээ Мышкинтэй хуримлах өдрөө л Рогожин руу зугтана. Энэ бүхэн хэд хэд давтагдсаны хойно Рогожин өөрийн байшиндаа Настасьяг зүрхэнд нь хутгалж хөнөөдөг. Мышкин Рогожиныд очиж мэдээд хоёул цогцосны дэргэд хононо. Сүүлд Мышкин эргээд унаж тусдаг нь хөдөлж ухаан мэдрэлгүй хүн болох аж. Их зохиолчийн сэтгэлзүйн адармаат нарийн зүйлсийг нэвт харуулсан уг романыг тун ч модон маягаар тоймлоход ийм байна. Та бүхэн өөрсдөө уншиж оюундаа тунгаавал маш их хайр, харамсал шингэсэн бүтээл юм шүү.
Ж.БАЯРСАЙХАН
ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн аспирант Т.Энхбат Дэлхийд алдартай Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авчээ. Тэрээр МУГЖ Д.Түвшинжаргалын хүү бөгөөд энэхүү баярт мэдээгээ өөрийн фэйсбүүкээр дамжуулан элэг нэгт монголчууддаа хүргэж, цаашид илүү их хичээх болно гэдгээ амласан байна.
Т.Энхбат өнгөрсөн гуравдугаар сард Санкт-Петербург хотноо болсон Олон улсын дуурийн дуулаачдын “Звёздная Рапсодия” уралдаанаас Гран при, дөрөвдүгээр сард 17 дахь удаагийн “Весна романс” уралдааны тэргүүн байр, 10 дахь удаагийн “Весна песни” уралдааны Гран при шагнал болон үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарсан байна.
Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хална.
2016 оны 07 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудалд террорист халдлага гарч, олон хүний амь нас эрсэдсэн билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолуд эмгэнэлийн захидал хүргүүлжээ.
Уг захидалд “Истанбул хотын Ататурк онгоцны буудалд болсон террорист цуврал халдлагад олон эрдэнэт хүний амь нас эрсдсэнд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улс терроризмын аливаа хэлбэрийг ямагт буруушаасаар ирсэн билээ” гэжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанаар инженер хангамж нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийв.
“Торгоны зам” цогцолборын ажлын хүрээнд 204 ам метр явган хүний замын хавтанг шинээр суурилуулан, гэрэлтүүлэг тавьж, чулуужсан мод байрлуулан зүлэгжүүлэлт хийжээ.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Намъянжүгийн гудамж, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Олимпийн гудамж, Энгельсийн гудамжны нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн 142 төмөр, түмбэ, шон, хайсны үлдэгдэл ёзооруудыг авсан байна.
Борооны ус зайлуулах шугамын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд далангийн 1021.08 метр куб лагийг цэвэрлэн тээвэрлэсэж, нийт 1436 шүүрт худаг, 89443 урт метр шугам, 1267 үзлэгийн худгийг засварлалаа.
Нисэх, Яармагийн аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ жуулчны бааз руу салах уулзвар хүртэлх 3,3 км урт автозамын голын тусгаарлах зурвас газрыг зүлэгжүүлсэн бөгөөд цэцэгжүүлэх ажлыг хийж эхлээд байна.
АСЕМ-ын тохижилт, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд “Ач –Очир” ХХК, “Эс-Деволопмент” ХХК, “Вест Хилл” ХХК, иргэн Н.Баттулга, Л.Болорболд, Ус сувгийн удирдах газрын сургалтын төв, “Эфис” констракшн, “Моннис” групп, “MSM” ХХК, “Эм Ай Ти Ай Си” ХХК, “Монголиа Проперти Деволопмент ” ХХК зэрэг 11 аж ахуйн нэгж байгууллага, 78 159 000 төгрөгийн өөрийн хөрөнгөөр барилгын хашаа, хайс хашлагаа засварлан будаж, зам талбайн тохижилтын ажлыг хийжээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хайс хашлагыг угаах, гол болон туслах замуудын тэмдэг тэмдэглэгээг хийж дуусгах, Төв цэнгэлдэх хүрээлэн, Чингисийн хүрээ, Хүй долоон худгийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, гэр хороолол, орон сууцны доторх зэрлэг ургамлыг устгах ажлыг зохион байгуулахыг нийтийн үйлчилгээ, инженер хангамжийн байгууллагуудад үүрэг болгов.
Мөн Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд нийтийн тээврийн автобусны гадна дотор талыг өнгө үзэмжийг сайжруулж, жолооч нарыг цагаан цамц хар зангиатай үйлчилгээнд гаргах хэрэгтэйг санууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.