Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд 33-38 градус хүрч халах төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар халахыг ЦУОШГ-аас мэдээлж байгаа. Ингээд ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг хүргэе.

Энэ сарын 05-09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр:

5,6-нд зарим газраар түр зуурын бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Тиймээс Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс бага насны хүүхэд, өндөр настан, даралт өндөртэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүдийг өдрийн халуун наранд гарахгүй байх, мөн наршихаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын балетчид Олон улсын тэмцээний хүрэл цомын эзэд боллоо

УДБЭТ-ын балетын гоцлол жүжигчид БНСУ-д болсон Олон улсын А зэрэглэлийн балетын тэмцээнд амжилттай оролцож эх орондоо газардлаа.

Дэлхийн 20 гаруй орны бүжигчид авьяасаа сорьсон тус тэмцээнээс УДБЭТ-ын бүжигчид тусгай байрын шагнал болон хүрэл цом, дипломын шагнал хүртжээ.

ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож гурван тусгай шагнал, О.Анужин хүрэл цом, тусгай шагнал, залуу бүжигчин О.Хатанбаатар дипломын шагнал хүртсэж ийнхүү эх орондоо ирлээ. Мөн энэхүү тэмцээнд амжилттай оролцсон хоёр бүжигчнийг маань Шанхайн олон улсын балетын уралдаанд оролцох урилгыг давхар олгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэний цогцсыг олжээ

Завхан аймгийн Идэр сумаас Идэрийн голоор усан аялал хийхээр тавдугаар сарын 24-ний өдөр гарсан Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/-н цогцсыг олжээ. Түүнийг эрэн хайхад Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газрынхан оролцсон юм.

Хамгийн сүүлд Сэлэнгэ мөрөнд аялж явахыг нь зургадугаар сарын 10-ны өдөр нэгэн иргэн харсан гэснээс хойш сураггүй болсон байсан юм. Сар гаруйн хугацаанд Орос-Монголын хил хүртэл эрж хайгаад олоогүй учир зургадугаар сарын 30-ны өдөр эрлийг зогсоохоор шийдээд байжээ. Гэтэл долдугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сэлэнгэ багийн нутаг “Цацын булан” гэдэг газарт байдаг гүүрнээс 350 км зайд Сэлэнгэ мөрний салаанаас бургасанд тээглэгдэн тогтсон нэгэн цогцос байгааг Цагдаагийн хэсгийн төлөөлөгч илрүүлжээ. Тэрхүү цогцос нь алга болоод эрэн сурвалжилж байсан Швейцарь иргэний цогцос “Тарган сарлаг” аялал жуулчлалын компанийн захирал нотолсон учир эрлийн ажиллагааг зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгийн Хүдэрт түймэр гарчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн хоёр түймэр гарчээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан шилүүстэй” /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2016.07.02/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргдэтэй хамтран ажиллаж түймрийг бүрэн унтраасан байна.

Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хуластай багийн “Суман-Гүн” /сумын төвийн урд зүгт 8 км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын Залуучуудын чуулган лхагва гаригт эхэлнэ

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын Чуулган” энэ долдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо ажиллаж байгаа бөгөөд ASEF буюу Ази, Европын сан, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулж байгаа аж. 4 өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцохоор бүртгүүлжээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдах энэ удаагийн Чуулганд оролцогчид нь АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн АСЕМ-ын гишүүн улсууд дипломат айлчлал хийхэд оюутан, залуусын төлөөллөөс оролцуулах, албан ёсны төлөөлөгчдийг дагалдуулах урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохиогдохоор болжээ.

Энэхүү АСЕМ-ын Залуучуудын Чуулган нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө болдог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад хурлын талаар ойлголт өгөх, залуусын идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлдгээрээ онцлогтой. Түүнчлэн залууст дипломат ёс,яриа хэлэлцээний талаар мэдлэг олгох, олон нийтийн өмнө ярих, багаар ажиллах, зөвшилцөлд хүрэх, манлайлах зэрэг чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм байна. Чуулганы гол үр дүн нь оролцогчдын хэлэлцүүлгээс нэгтгэгдсэн асуудлуудыг Дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгуулахад чиглэгдэж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Уулзалтын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар маргааш буюу 2016. 07. 05-ны 12.00 цагт зохион байгуулагч Монголын Залуучуудын Холбооноос мэдээлэл өгөхөөр болсон байна. Уг хэвлэлийн хурал АСЕМ-ын мэдээллийн төвд болох аж.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын анхдугаар хуралдааныг хойшлуулав

НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн амралтын өдөр болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр хуралдуулахаар товлосон. Харин 11:40 цагаас хуралдах ёстой байсан анхдугаар хуралдаан Нийслэлийн МАН-ын хүсэлтээр хойшилж, маргааш буюу энэ сарын 5-ны 11:00 цагт хуралдахаар болжээ. Хойшлуулах болсон шалтгаан нь Хотын даргад нэр дэвшээд буй Су.Батболдын бүрэн эрхийг хугацаа дуусаагүй байгаатай холбоотой аж. Тэд маргааш дараах асуудлыг хэлэлцүүлэх юм.

Үүнд:

• Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
• Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
• Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Categories
мэдээ спорт

Ж.Нарантунгалаг 44 дэх секундэд өрсөлдөгчөө буулган авлаа

Холимог тулааны “Legend FC”, “One
Championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг
ээлжит тулаанаа URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппинийн
тамирчин Эрик Келлитэй хийлээ. Э.Келли мэргэжлийн рингэнд 14 удаа тоглохдоо 12
ялж, хоёр ялагдсан аж. Келли манай тулаанчийн өөдөөс хүчтэй эсэргүүцэл
үзүүлж чадсангүй. Нарантунгалаг эхний үед буюу тулаан эхлээд ердөө 44 дэх секундэд
баруун гарын хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч ээлжит нэгэн ялалтаа авлаа.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан зарлалаа

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16.00 цагт хуралдуулахаар болж, дөнгөж сая тов зарлажээ. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй байна.

Шийдлийн Засгийн газар өнгөрсөн зургадугаар сарын 28-нд ээлжит бусаар хуралдсан. Үүнээс хойш хуралдаагүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар 07 сарын 07-ноос эхлэн худалдаанд гарна

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг 07 сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхэлнэ. Тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдахгүй

Долоо хоног бүрийн Даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог ч өнөөдөр уг хуралдаан болохгүй аж.

Шийдлийн Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын үндэсний компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь Ч.Сайханбилэгийн танхимын хамгийн сүүлчийн хуралдаан болж байгаа бололтой.

УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН Засгийн газраа байгуулах эрхийг авсан. Маргааш УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын даргаа томилж, мөн гишүүд УИХ-ын гишүүний тангараг өргөх бол энэ долоо хоногт багтаан Ерөнхий сайдыг томилох даалгаврыг Ерөнхийлөгч МАН-д өгөөд байгаа.