Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг томиллоо. Тодруулбал, УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг тус, тус томиллоо.

УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тус бүр байгуулав. УИХ дахь МАН-ын бүлгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ удирдана. Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын анхдугаар хуралдаан маргааш болтол хойшиллоо

НИТХ-ын тэргүүлэгчид дөнгөж сая хуралдан НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтоолоо. НИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр 11:00 цагт товлогдоод байсан ч МАН-ын бүлгээс хүсэлт ирүүлснээр хойшилсон.

Энэ дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг өнөөдөр 11:00 цагт товлогдсон байсан ч хойшлогдон 14:00 цагт эхэлж, ийнхүү маргааш 11:00 цагт Хангарьд ордонд хуралдахаар товоо гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

“Цаатан фестиваль-2016” маргааш эхэлнэ

Хөвсгөл аймгийн цаа болон цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой “Цаатан фестиваль-2016” наадам 7-р сарын 6, 7-ны өдрүүдэд Хатгал тосгоны Далай тур жуулчны баазад эхлэх гэж байна. Уг фестивалийн үеэр Хөвсгөл аймгийн газар зүйн онцлог цаатан иргэдийн амьдралын хэв маяг цаа бугын онцлогийг харуулсан “Хөвсгөл Монголын Алтан хоймор” уран зураг гар урлалын үзэсгэлэн худалдаа, цаатны отогт зочилж аж амьдралтай танилцах, цааны уралдаан буухиа тэмцээн, морь, цаа буга унах, үхэр тэргээр аялах, бэсрэг наадам зэрэг арга хэмжээ болно. Түүнчлэн гадаад дотоодын зочид оролцсон цаан поло, “Тайгын эгшиглэн” урлагийн тоглолт, галын наадам бөөгийн дуудлага ёслолын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлгийн даргаар С.Эрдэнийг томиллоо

УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөсөн билээ. Анхдугаар чуулганы дараа АН-ын дарга З.Энхболд УИХ-д сонгогдсон намынхаа гишүүдэд баяр хүргэж, бүлгийн хуралдаанаа хийсэн байна. Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон байна. УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр парламентад ажиллах юм.

Categories
мэдээ спорт

Дюрант бөгжтэй болох амар замыг сонголоо.

“Оклахома Тандерс”-ын довлогч Кевин Дюрант “Голден Стэйт”-тэй хоёр жилийн хугацаатай, «1+1» буюу эхний жил нь баталгаатай, хоёр дахь жилд нь гэрээгээ харилцан өөрчилж болох 54,3 сая ам. долларын гэрээг өнөөдөр үзэглэлээ. НБА-д элсэн орсон үеэсээ хойш есөн жил тасралтгүй “Оклахома Тандерс”-ын төлөө зүтгэж “үнэнч нөхөр, өнгө мөнгөнд хууртахгүй шудрага шулуун нэгэн” хэмээн магтуулж явсан тэр эцэстээ буун өгч аваргын бөгжний төлөө амар замыг сонголоо. Түүнтэй түүнгүй бүгдийг чичрүүлж яваа “Голден Стэйт”-ын хаяанд гэрээ засч байна. Нэгэнт Дюрант энд ирэх болсон тул “Голден Стэйт” цалингийнхаа санг суллах шаардлагатай болох нь ойлгомжтой. Тийм учраас өчигдөрийг хүртэл хүлээсэн Хариссон Барнс “Даллас” руу дөрвөн жилийн хугацаатай 94 саяын гэрээ үзэглэн явлаа. Түүнчлэн Дюрантын өндөр цалинг шингээхийн тулд “Голден Стэйт” төвийн тоглогч Богутаасаа бас салах хэрэгтэй болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас дөрвөн хүний амийг аварчээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, “Verna” маркийн автомашин усанд урсаж хайрганд дарагдсан. Мөн тус багийн “Мараатын ам” гэдэг газарт малчин Б, Э, Т гэдэг 3 айл усанд автсан байна гэсэн дуудлага 2016 оны 06 дугаар сарын 29-ны 21:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аврагчид үерийн голомтод очиход малчин А-гийн гэргий, гурван хүүхдийг нь иргэн Ш.Сайнбаяр үерийн уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байжээ.

Мөн малчин А-гийн дөрвөн ханатай гэр эд хогшлийн хамт үерийн усанд автаж бүрэн устсан, бог мал хорогдсон, малчин Б-гийн “Verna” маркийн суудлын автомашин усанд урсаж хайрганд дарагдсан байсанд шуурхай бүлэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж малчин А-гийн гэр бүлийн гишүүдийн бичиг баримт, үнэт эд зүйлсийг, малчин Б-гийн Verna” маркийн суудлын автомашиныг хайрганаас ухаж гарган хүлээлгэн өгсөн байна.

Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэн Ш.Сайнбаярт Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно

-Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы хуралдаанд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг-

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Хүндэт зочид оо,

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож зөв мэргэн сонголт хийсэн туурга тусгаар Монгол орныхоо бүрэн эрхэт ард түмэндээ гүн талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын сонгууль хуульд заасан журмын дагуу зохих ёсоор зохион байгуулагдсан гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг зарлан хуралдууллаа.

УИХ-ын ээлжит сонгуульд сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж, төрийн сүлдэндээ сүслэн гишүүний тангаргаа өргөсөн УИХ-ын эрхэм гишүүддээ баяр хүргэе.

Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, гишүүд тангаргаа өргөснөөр төрийн эрх барих дээд байгууллага УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй боллоо.

УИХ-ын даргын өндөр хүндтэй албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан УИХ-ын эрхэм гишүүддээ Талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга зарчим, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах болно.

УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид УИХ-аас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх асуудлууд байгаад Та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна.

Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.

Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй.

Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх УИХ-ын үед шийдвэрлэгдэж чадалгүй үлдсэн байна.

Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй.

Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага ч тулгарч байна.

Наадмын дараа намар гэдэг. Шинээр байгуулагдах Засгийн газар, улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Манай намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-д олонхи болгож, өндөр итгэл, өргөн хариуцлага хүлээлгэсэнд сонгогч түмэндээ иалархал илэрхийлье.

Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно.

Бид намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ.

Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж, айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно.

Монгол түмний минь сүлд нь гийсэн хийморь дээшээ, сүүн цагаан заяа нь өөдөө байх болтугай!

ТӨРИЙН НУРУУ ТӨВШИН

ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ

2016.07.05

Categories
мэдээ спорт

Монголын Сагсчид Унгарын багийг хожиж, хүрэл медаль авлаа

НҮБ-н ивээл доор болдог хүүхдийн “United Wold Game” наадам Австри Улсын Клагенфурт хотноо спортын 10 төрлөөр болж байна. Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Монголын шигшээ баг хагас шигшээд үлдээд байсан. Тэгвэл өнөөдөр АНУ-ын Штугарт Ийгл багт 61:40-өөр хожигдсон ч хүрлийн төлөө Унгарыг 57:56 онооны харьцаагаар хожлоо. Тус тэмцээнд анх удаа урилгаар оролцсон Монгол Улсын хөвгүүдийн шигшээ баг ийнхүү түүхэн амжилтыг үзүүллээ.

Хөвгүүдийн 16 хүртэлх ангилалд 11 улсын 16 баг өрсөлдсөнөөс АНУ-аас дөрөв, Италиас гурав буюу хамгийн олон багийг оролцуулсан. Герман, Австрали, Хорват, Словени, Чех, Турк, Нидерланд, Унгар, Монгол улсаас тус бүр нэг баг өрсөлдсөн юм.

Манай баг Словени, АНУ, Италийн багтай “В” хэсэгт багтсан. Хэсгийн эхний тоглолтоо Словений багтай хийж, 58:47-оор хожигдсон. Гэвч удаах тоглолтод АНУ-ын SAW багийг 50:47, Италийг 45:19-өөр хожин хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шилдэг наймд үлдсэн юм. Хагас шигшээд үлдэх эрхийн төлөө “А” хэсгийн аварга болох тэмцээнийг зохион байгуулагч орны багтай таарсан. Гэвч тэд гайхалтай тоглолтыг үзүүлж, 29:24-өөр өрсөлдөгчөө хожин, шилдэг дөрөвт үлдсэн. Өнөөдөр мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг АНУ-ын Штугарт Ийгл багтай хийж, 61:40-өөр хожигдсон ч хүрлийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Унгарыг нэг онооны зөрүүгээр хожлоо. Монгол-Унгарын тоглолт 57:56-өөр өндөрлөлөө.

Монголын багийн дасгалжуулагчаар С.Төгсжаргал, Д.Лхагва-Очир, У.Гэрэлт-Од, Н.Батсуурь нар ажиллалаа.

Харин 16 хүртэлх насанд өрсөлдсөн манай охидын баг IV байр эзлэв.

“В” хэсэг /Словени 6 оноо, Монгол 5 оноо, АНУ 4 оноо, Итали 3 оноо/

Словени – Монгол 58:47
АНУ – Монгол 47:50
Итали – Монгол 19:45
АНУ – Словени 67:77
АНУ – Итали 108:36

Шөвгийн найм: /6.18/

Австри – Монгол 24:29

Хагас шигшээ: /6.19/

Монгол – АНУ /Stuttgart Eagles/ 40-61
Унгар – Словени 80-49

АЛТАН МЕДАЛЬ:

АНУ – Словени 53:74

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

Монгол -Унгар 57-56

Харин 16 хүртэлх насны охидын ангилалд нийт 10 баг өрсөлдсөнөөс Монголын баг “В” хэсэгт Унгар, Словени, Португал, Зимбабве улсын багтай нэг хэсэгт багтсан. Манай сагсчид хүрэл медалийн төлөө Унгартай багтай тоглож, 41:24-өөр хожигдлоо.

В хэсэг:

Словени – Монгол 35:41
Унгар – Монгол 31:27
Зимбабве – Монгол 5:54
Португал – Монгол 6:24

Хагас шигшээ:

Унгар DKKA-1 -Монгол 60:12

Хүрэл медаль:

Монгол – Унгар DKKA-2 41:24

Categories
мэдээ нийгэм

“АСЕМ-ын залуучуудын чуулган”-ы төлөөлөл наадмын парадад алхана

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулганы бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар өнөөдөр /2016.07.05/ Монголын залуучуудын холбооноос мэдээлэл хийлээ.

Энэ сарын 6-10 өдрүүдэд АСЕМ-ын Залуучуудын чуулган Улаанбаатар хотноо болох гэж байна. Дөрвөн өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцох ажээ.

“Чуулганд оролцож буй гадаадын оюутнууд чуулганы онцлог болон хөтөлбөрийг сонирхож байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуус бүртгүүлснээс зөвхөн 100 шилдэг залуу шалгарсан. Харин Монголын талаас оролцож буй 50 төлөөлөгч нь 300 гаруй залуусаас шигшиж, шалгарсан” гэдгийг Монголын залуучуудын холбооны удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул онцоллоо.

Энэхүү АСЕМ-ын Залуучуудын чуулганаар улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд залууст тулгарч буй асуудлаа хэлэлцэх гэнэ. Мөн хэлэлцүүлгээр нэгтгэсэн асуудлуудыг АСЕМ-ын дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгах юм байна.

Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүссэний 95 жилийн ой тохиох бөгөөд тус чуулганд зориулан англи хэл дээр дуу зохиосон бөгөөд хүндэтгэлийн тоглолт энэ сарын 7-нд Улаанбаатар чуулгын концертын танхимд болно. Сонирхуулахад АСЕМ-ын Залуучуудын чуулганд оролцож буй залуусын төлөөлөл Үндэсний их баяр наадмын парадад оролцож, алхах гэнэ.

АСЕМ-ын залуучуудын чуулга уулзалтад оролцогч О.Мягмарсүрэн “Сарын өмнөөс онлайнаар дөрвөн даалгавар гүйцэтгэж, даалгаврын дагуу ажил хийж явуулсан. Уг чуулганы үеэр хийсэн даалгаврынхаа талаар гурван минутын илтгэл тавина. Энэхүү чуулганд оролцсноор дэлхийн шилдэг залуустай хамтарч ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, залуусын дуу хоолойг гаргах зэрэг давуу талуудтай гэж бодож байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар маргааш худалдаанд гарна

Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслол хүндэтгэлийн ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас буюу маргаашнаас худалдаалж эхэлнэ.

Тасалбарын үнийн хувьд төв цэнгэлдэх хүрээлэнгийн саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг бол наран талын суудлын тасалбар 16 мянган төгрөгөөр худалдаалагдах аж.

Харин нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй юм байна.