Categories
энтертаймент-ертөнц

Инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтууд

*Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр та бид 18-19 янзаар инээмсэглэдэг байна.

*Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг. Эдгээр нь сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг байна.

*Инээмсэглэл биеийн дархлааг сэргээж, цусны даралтыг бууруулах шидтэй төдийгүй ханиаднаас сэргийлэхэд нэн тустай ажээ.

*Инээмсэглэлийн тухай судалдаг шинжлэх ухааныг “Житоложи” гэдэг. Энэ нь хүн инээснээр сэтгэл зүй болоод бие махбодид ямар харилцан нөлөөлөл үзүүлэхийг судалдаг ажээ.

*Бяцхан хүүхдүүд хамгийн аз жаргалтай улс. Тэд өдөрт 400 удаа инээдэг байна.

*Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар инээд хөөрөөр бялхсан эрч хүчтэй хүмүүс бусдаасаа 7-10 жилээр урт насалдгийг тогтоожээ.

*Амьтад ч гэсэн инээмсэглэдэг.

*Инээд хөөр нь эрүүл зөв аргаар жин хасахад нэн тустай. “Вандербилт” их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар инээх үед 20 калори илчлэгийг шатаадаг гэнэ.

*Аз жаргалыг илтгэх энэ бяцхан үйлдэл нь бүсгүй хүнийг мөнхийн гоо сайхан харагдуулах байгалийн шилдэг эм ажээ. Судалгаагаар нүүрээ энгэсгээр чимсэн эмэгтэйчүүдээс илүү инээмсэглэлээр гэрэлтсэн бүсгүйчүүд бусдаас илүү дур булаам харагддаг нь тогтоогджээ.

Бүгдээрээ энэ амралтын өдрүүдийг инээмсэглэж, эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хорт хавдрын эсрэг вакцинтай болох уу

Өнөөдөр дэлхий дахинаа хүн төрөлхтнийг айлган сандаргаж буй өвчин нь хорт хавдар. Тэр дундаа Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог билээ. Тэгвэл нэгэн таатай мэдээ дуулгахад Их Британийн эрдэмтэд хүний дархлааны системд маш аюултай хорт хавдар өвчний эсрэг вакцин гарган авах чиглэлээр асар том нээлт хийсэн тухайгаа өнгөрсөн сард мэдэгджээ.

Судлаачдын баг хавдрын генетикийн нарийн төвөгтэй байдлыг судалжээ. Улмаар өвчин эцсийн шатандаа орсон ч дархлааны системд нөлөөлснөөр нааштай үр дүн харуулж болно гэж үзсэн байна. Энэ нээлт нь дархлааны эсийг идэвхжүүлж, улмаар “Т” эс буюу өмөн үүгийн “эсрэг төрөгч”-ийг устгана гэж үзжээ. Эрдэмтэд дархлааны эсийг идэвхжүүлж, хоёр жилийн дотор эмчилгээний вакцин гаргана гэдэгт найдлага тавьж байгаа аж.

Судалгаанд хамтран оролцогч доктор Сержио Күезда “Цагдаа гэмт хэрэгтэнтэй тэмцдэг шиг хүний биеийн дархлааны систем хорт хавдрын эсрэг ажилладаг. Генетикийн олон янзын хавдар нь гэмт хэргийн бүлэглэл дээрэм хийх, хил давуулах зэрэг олон төрлийн гэмт хэрэг үйлдэхтэй адил. Дархлааны систем нь хорт хавдрыг газар авахуулахгүйн төлөө бүх хүчээ дайчилдаг. Харин өвчний үндэс шалтгааныг тодорхой болгосноор эмчилж чадна” гэжээ.

Их Британийн Засгийн газраас санхүүждэг Лондонгийн Хорт хавдрын институтийн их сургуулийн коллежийн профессор Чарлес Свунтон “Би энэ хоёр жилийн дотор өвчтөнг эмчилж чадахгүй бол сэтгэл дундуур байх болно. Хэрэв энэ ажиллагаа амжилтгүй болбол би магадгүй малгайгаа тайлж, өөр ямар нэгэн зүйл хийх болно” гэжээ.

Их Британийн Хорт хавдар судлалын ерөнхий эмч, профессор Петер Жонсон “Энэ гайхамшигтай судалгаа дархлааны системийг ашиглан тусгайлан эмчилгээг хэрхэн хийх талаар чухал санаа өгч байгаа юм” гэдгийг онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар бүх нас барсан хүний дөрөвний нэг нь хорт хавдрын улмаас таалал төгссөн аж. Тэр дундаа элэг, уушги, гэдэс, хөх, түрүү булчирхайн хорт хавдар дийлэнх хувийг эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Юанийн доллартай харьцах ханш буурлаа

БНХАУ-ын Ардын банк юанийн ам.доллартой харьцах ханшийг 6.5120 нэгж болгосон нь энэ сарын хамгийн доод үзүүлэлт юм.

Өмнөх өдрийн арилжаагаар нэг ам.доллар 6.4898 юаньтай тэнцэж байв. Энэ удаагийн ханшийн хэлбэлзлэл нь юанийн доллартай харьцах ханшийг тогтоох механизын онцлогтой холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. “Юань одоогоор чөлөөтэй хөрвөдөг валют болоогүй байна.

Энэ шалтгаанаар дотоод болон оффшор зах зээл дэх юанийн ханш ялгаатай байгаа бөгөөд ханшийн иймэрхүү хэлбэлзлийн гол шалтгаан болж байна” гэж тэргүүлэх эдийн засагч Ван Зинь хуэй дүгнэжээ. Тус улсын гадаад худалдааны эерэг тэнцэл, мөн бусад орны валюттай харьцах юанийн ханш чанга байгааг харгалзан валютын ханшийг тооцох аргачлалыг нарийвчлан оновчтой болгох шийдвэр гаргаснаа Хятадын Ардын банк 2015 оны наймдугаар сарын 11-нд мэдэгдсэн билээ. Үүний дараа гурван өдрийн хугацаанд юанийн доллартай харьцах ханш 4.6 хувиар суларч байжээ.

АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ өөрчилсөнгүй Америкийн төв банкны Холбооны нөөцийн сан бодлогын хүүндээ өөрчлөлт оруулалгүйгээр өмнөх 0.25-0.5 хувийн түвшинд хэвээр байлгах шийдвэр гаргалаа. Энэ тухай Холбооны нөөцийн сангийн удиррдлагуудын хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ. АНУ-ын Төвбанк зээлийн хүүг одоогийн түвшинд хэвээр үлдээх байх гэж “Bloomberg” агентлагийн явуулсан санал асуулгад оролцсон эдийн засагчид таамаглаж байв. Бодлогын хүүг 2015 оны арванхоёрдугаар сард 0-0,25 хувиас 0.25-0.5 хувь болгож өсгөж байсан юм. Энэ нь 2008 оны арванхоёрдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар cap хүртэлх долоон жилийн хугацаанд дахь хамгийн доод үзүүлэлт аж.

Categories
мэдээ нийгэм

Загасчилж яваад осолдсон иргэдийн цогцсыг олжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн ням гаригт гарсан. Тэгвэл ОБЕГ, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид хамтран ажиллаж, осолдсон иргэдийн цогцсыг олсон байна. Загасчилж яваад амиа алдсан иргэд 26-42 настай байсан аж. Одоогоор эл хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Хүндийг өргөлтийн Азийн аварга М.Анхцэцэг эх орондоо ирэв

Азийн аварга шалгаруулах тэмцээн хүндийг өргөлтийн тэмцээн Узбекстанд болж өндөрлөсөн билээ. “Рио-2016” олимпийн эрх олгох энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Анхцэцэг огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийт 244 кг өргөж Ази тивийн аварга болсон юм. Ийн Монголын хүндийн өргөлтийн шигшээ баг нийт дүнгээрээ IV байрт шалгарч, “Рио-2016” олимпийн нэг эрхтэй болоод байна.

Шинэхэн Азийн аварга М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг Монголын хүндийг өргөлтийн холбооныхон угтаж авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспорт олгох журмыг нийтлэв

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Аймаг, дүүрэг, сумын баяр наадам болон бүс, аймгийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээнийг 2016 оны 7 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

Мөн дугаарт, Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг батлах тухай Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтлэв.

Энгийн гадаад паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-ын стандартад нийцсэн байх бөгөөд паспортын чипинд тухайн иргэний мэдээлэл, биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ), зургийг агуулсан байхаар мөн энгийн гадаад паспорт дахь эцэг (эх)-ийн нэр, нэр, регистрийн дугаарын кирилл үсгийг латин үсгээр хөрвүүлэхдээ Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан “Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэл” үндэсний стандартыг баримталахаар уг журамд тусгагдсан байна.

Түүнээс гадна энгийн гадаад паспорт 5, 10 жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байх, энгийн гадаад паспортыг 16 хүртэлх насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгох, Монгол Улсын иргэн хоёр хүртэлх энгийн гадаад паспорт зэрэг эзэмшиж болох ажээ.

Журамд, энгийн гадаад паспортыг ямар байгууллага олгох, түүнийг авахад ямар баримт бичиг бүрдүүлэх, хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэхийг хэрхэн олгох зэрэг асуудлыг журамласан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Сонгуулийн тухай хуулийн зарим заалт, хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … шууд … сонгоно.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурдсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

13 нам, 3 эвсэл хүсэлтээ ирүүллээ

Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж дууслаа. Хуульд заасан хугацаанд нийт 13 нам, 3 эвсэл тус тус хүсэлтээ ирүүлэв.

Одоо Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус нягтлан шалгаж байна.

Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүд

2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Монгол Ардын нам, Монгол Консерватив нам, Бүгд Найрамдах нам

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Ардчилсан нам, Монгол Ардын хувьсгалт нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам, Иргэний зориг-Ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам болон “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн эвсэл, “ХААН сонголт” эвсэл тус тус хүсэлтээ ирүүллээ.

“Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэлд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон нам,

Эх орончдын нэгдсэн эвсэлд Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн нам,

“Хаан сонголт” эвсэлд Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал нам эвсэн оржээ.

Түүнээс гадна МҮАН, Эх орон нам Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн албан бичгээр мэдэгдсэн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд амарч байна

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан өнөөдөр амарч байгаа юм байна. Харин маргаашнаас эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу маргааш Монгол, Хятадын төмөр замын боомтууд Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Бяслагтай шницель

Орц (Гурван хүний)

Үхрийн татсан мах-500 гр

Өндөг-Гурван ширхэг

Талхны хатсан-үйрмэг-180 гр

Сармис-Гурван ширхэг

Сонгино-Гурван ширхэг

Хар перец -1/2-1 цайны халбага

Давс-1/2-1 цайны халбага

Ургамлын тос-Хоёр цайны халбага

Сыр-350 гр

Яншуй-10 гр

Хийх арга

Татсан үхрийн махан дээр өндөг, талхны хатсан үйрмэг, жижиглэн татсан сармис, сонгино, яншуй, давс, хар перец хийнэ. Орегано, халуун чинжүү болон хүссэн амтлагчаа хийж амталж болно. Мөн тахианы мах ашиглаж болно. Ингээд амталсан махыг миксердэнэ.Тэгвэл илүү нягт сайн зууралддаг. Эсвэл гараар сайтар зуурч нухаж ч болно. Дараа нь шарах шүүгээний тавцанг сайтар тослоод

амталсан махыг жигд хэмжээтэй таслан хавтгайлан өрнө. Ингээд сонгиныг урт нарийн хэрчиж, өндгийг 15 минут чанаж хальслаад хөргөсний дараа жижиглэн хэрчинэ. Хэрчсэн сонгиныг татсан махны дээр тараан тавиарай. Сонгинын дээр жижиглэн хэрчсэн чанасан өндгийг тавина. Бага зэрэг давс, перец цацаж амтлаарай. Хамгийн дээр нь үрж жижиглэсэн бяслагийг тавина. Энгийн дөрвөлжин савлагаатай сырыг ашиглаж болно. Шарах шүүгээг 180-200 хэмд халааж 25-30 минут болгоно. Үе үе гаргаж үзэх ба бяслагийг нэмж амтлах эсэх нь таны сонголт.

ӨНДӨГНИЙ ОРООМГОН ХАЧИР

Орц (Хоёр хүний)

Өндөг-Гурван ширхэг

Лууван-15 гр

Сонгино-10 гр

Ногоон сонгино-10 гр

Давс-1/3 цайны халбага

Хар перец 1/4 цайны халбага

Сүү- Нэг хоолны халбага

Хийх арга

Өндөгний ороомгонд орох хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлтгэнэ. Лууван болон бөөрөнхий сонгино, ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ. Саванд өндгийг хагалж хийгээд дээрээс нь сүү, давс, перец хийж сайтар миксердэнэ. Ингээд хэрчсэн ногоонуудыг дээрээс нь хийж халбагаар сайтар хутгана. Аажмаар, зөөлөн халаасан хайруулын тавгийг тосолж бэлтгэсэн өндгөө хайрна эсвэл тосгүй хайрч ч болно.

Өндгөө хайрч байхдаа хутгаж хөдөлгөж болохгүй. Биежиж болоод эхэлмэгц нь нэг захаас нь эхлэн орооно. Энэ мэтчилэн бэлтгэсэн бүх зуурмагаа шараарай. Идэх хэмжээгээрээ нарийн хэрчиж таваглаад л ямар ч хоолны хөнгөн, амттай хачир болох болно.

Бэлтгэсэн А.ЗУЛ

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Чорос” роман

Галдан бошигтыг нийтийн тооллын 1644 он буюу арван нэгдүгээр жарны хөх бичин жил эхээс мэндлэхэд түүнтэй цуг нэгэн домог эхэлжээ. Хар Эрчис мөрөн савандаа багтахгүй цөн түрж, их усны урсгалд булингартай цөөрөм, нуга тохой угаагдах үед энэ домог эхэлсэн гэнэ. Алтай болоод тэнгэр уулсыг холбосон солонго нумарч, нойтон цас түм буман цагаан эрвээхэй мэт будран ахуйд уул, үүл хоёрын дундуур нэгэн цагаан ирвэс цахилан одов гэнэ. Ойрадын хаан Эрдэнэбаатар хунтайжийн бага хатан Юм Ага хатнаас төрсөн хөвүүн сүрлэг их уулсын хад асга дунд хэвтэж байсан ирвэсийг цочтол чарлан уйлж цуурайтуулсан хэрэг аж. Цагаан ирвэс болоод Галдан бошигт хоёрын нууцлаг зөн билгийн холбоо үүнээс эхлэлтэй. Зая бандид Намхайжамцийн зөгнөн хэлснээр бол Галдан Энса хутагтын хойд дүр юм. Цагаан ирвэс цочсондоо огло харайн дүүлж одохыг харсан хот хүрээнийхэн сүсэглэх нь сүсэглэж, хараал ёр гэж хүлээж авах нь байв. Үүнээс үүдэн Галдан хар нялхаасаа л атаа жөтөө, хар хор, баяр хөөр, гуниг зовлон дагуулна. Галдан төрсөн нэг ахтай билээ. Түүнийг Сэнгэ гэнэ. Харин Эцэг хунтайжийн нь их хатан Балждарагаас төрсөн Цэцэн, Зодовбаатар нар бол түүний эцэг нэгтэй ах дүүс юм. Гэвч тэд элдвийн хар хор сэдэж явдаг байлаа. Нэгэн удаа Галданг Төвд рүү ном үзэхээр явах гэж байхад эцэг нэгт ах Цэцэн нь Галданг Жоов тайгантай жишин зүйрлэж, насан туршаа эм хүний үнэр авахгүй тайган шиг явах болж хэмээн тавласан нь Галдангийн хүүхэд насны гэнэн сэрэхүйд хамгийн хэрцгий доромжлол болон үлджээ.

Галдангийн төрсөн ах Сэнгэ түүнээс олон насны зүрүүтэй тул тэр бүр хамт байхгүй. Харин түүнд Мягмансанж хэмээх үе тэнгийн охин л их хань бараа болдог байлаа. Мягмансанж тэр хоёр товшуур хөгжмөөр хөгжимдөн тоглох дуртай байв. Нэгэн удаа Хүрээнд авчирч торонд хорьсон ирвэсийн хашаанд Галдан яваад орчихсон түүнийг эрхлүүлж байхыг харсан Мягмансанж Галданг хориглож дийлэхгүй болохоор Юм Ага хатанд хэл хүргээд ирэх үед Галдан ч, ирвэс ч алга болсон байв. Хүрээ хотоор нэг үймээн сандрал болж, Эрдэнэбаатар хунтайж баг цэрэг дагуулан хүүгээ хайсны эцэст Галданг уулнаас эрүүл саруул олно. Энэ хэрэг явдлаас ч болсон уу, эсвэл хүүгээ бурханы шашинд зүтгүүлэх чинхүү хүслэн, Зая бандидын зөгнөл нөлөөлсөн үү Эрдэнэбаатар хунтайж Галданг зургаан настайд нь Цаст Төвдийн орноо илгээнэ. Галданг Төвдөд одсоны дараахан эцэг Эрдэнэбаатар хунтайж нь найм дахь хатан Аминдара хэмээх цав цагаан сормуустай бүсгүйг богтолж эцэстээ түүнд хорлогдон тэнгэрт халих билээ.

Эл романыг зохиогч өөрөө “Зөн билгийн роман” хэмээжээ. Галдан өөрөө тэмдэглэл хөтлөх ба тэмдэглэлийн он дарааллын дагуу үйл явдал өрнөж буйгаар зохиол бичигдсэн нь түүхэн уран зохиолын өнгө аясыг нэн өвөрмөц болгожээ.

Галдан Төвдөд очмогцоо Зая бандид Намхайжамц, Өндөр гэгээн Занабазар нарт ойртон шавь орж, ном эрдмийг хичээх болов. Гэвч Галдан баруун, зүүн нүднийхээ дээд зовхин дээр түр хүнд харагдаад байдаггүй нар, саран тамгатай төрснийг Өндөр гэгээн ажиглаж мэдэх билээ. Энэ нь бурханы ном эрдэмд мэргэн хутагт хувилгаан болно эсвэл догшин ширүүн зоригт баатар, цуутай төрийн хүн болно гэсэн хоёрдмол шинж тэмдэг аж. Аль нь болохыг чухам Галдангийн явах зам мөр нь мэдэх хэрэг байлаа. Эцэг Эрдэнэбаатар хунтайж тэнгэр болсны дараа Ойрадын төр эзэнгүйдэх тул Юм Ага хатны том хүү, Галдангийн төрсөн ах Сэнгэ Ойрадын хаан ширээнд залрав. Гэвч эцэг нэгт ах нар болох Цэцэн, Зодовбаатар Даваач нарын атаа жөтөө Сэнгэ хааныг үгүй хийнэ. Эрийн цээнд хүрч эрдэмт мэргэн хувилгаан лам хүн байх уу, эсвэл эзэнгүйдэж сүйдэх дээрээ тулаад буй Ойрадын хаант төрөө бодох уу гэсэн хүндхэн сонголт Галданд ирнэ. Галдан төрсөн нутаг хаан төрдөө зүтгэхээр шийдэх ба анх Төвдөд зорчихдоо танилцаж, сэтгэлдээ тээсэн Ануг хатнаа болгоно. Ану бол Галдангаас өмнө Сэнгэ ахынх нь хатан болж, Сэнгийг хорлогдсоны хойно Ойрадын төрийг барьж байсан эрмэг зоримог хатан байлаа. Галдан Ойрадын хаан ширээнд заларсан нь нэг талаар сайхан хэрэг нөгөө талаар асар их зовлон шаналал дагуулна…

Эл романы үгийн ур, утгын гүнийг уншигч авхай өөрийн оюунаар тунгаан тогтооно биз ээ. Ойрадын их хаан, хувилгаан лам Галдан бошигтын тухай өгүүлэх эл романыг СГЗ, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Жамъян 2014 онд бичжээ.

Г.ЛХАГВАДОРЖ