Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага явагдаж байна

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ сарын 1-15-ны хооронд орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлэх болж байна. Цэрэг татлага эхлэхтэй зэрэгцэж өмнөх жилд дээрх сард татагдан ирж байсан хуучин цэргүүд халагдана.

Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой аж.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургуульд тус бүр зохион байгуулагдана.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд пропорциональ тогтолцооны талаар хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг тус бүр Төрийн ордны “А”, “Б” танхимд хуралдаж байна.

Дээрх хуралдаанаар бүлгүүд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн пропорцональ тогтолцооны тухай хэлэлцэх аж.

Categories
мэдээ улс-төр

Уих-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь

2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-ООС 06-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 02-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Жич: Шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдааныг зарлан хуралдуулна.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 02-ны Даваа гарагт:

  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Монгол Улсын батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;
  • Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 419 тоот өрөөнд;
  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Гэр бүлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2015 үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бэлтгэл хангах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
  • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд;
  • Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас “Г” танхимд.

05 дугаар сарын 03-ны Мягмар гарагт:

  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

05 дугаар сарын 04-ний Лхагва гарагт:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 03-ны Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хууль сахиулах тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах тухай /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/хамт өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хэмжил зүйн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, эсхүл тогтоосон тусгай цэг байгуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай.

5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас“Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

7.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тайлантай танилцах.

8.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар 4 гишүүн 2015.03.25-ны өдөр Худалдааны тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонсох.

05 дугаар сарын 04-ний Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн

Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санал;

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 04-ний Лхагва гарагт 09.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ үргэлжилнэ.

05 дугаар сарын 05, 06-ны Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

  • Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/;
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох;
  • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт;
  • Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хэмжил зүйн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санал;
  • Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ цаг-үе

Г.Уянга: Бид нэг, нэг тамга өвөртөлсөн наманцруудын эвслийг биш зөв хүмүүсийн эвслийг бий болгохыг зорьж байна

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам ээлжит бус их хурлаа хийлээ. Уг хурлаар хэлэлцсэн гол асуудал юу байв?

-Тусгаар тогтнол эв нэгдлийн намын ээлжит бус их хурлаар намын даргын улс төрийн илтгэлийг сонсож, түүнд тулгуурласан ирээдүйн үйл ажиллагааны зорилго чиглэл, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж сайшаасан. Хэдхэн хоногийн дараа болох УИХ-ын сонгуульд ямар зарчим, хөтөлбөртэй оролцохоо ярилцлаа.

-ТТЭНН хэзээ байгуулагдсан бэ. Та өөрөө байгуулсан уу. Ер нь яагаад нам байгуулахаар болов?

-ТТЭНН жилийн өмнө хэсэг залуусын байгуулсан нам. Үүсгэн байгуулагч нь хэдэн залуус бий. Тэд намаа байгуулсныхаа дараахан энэ намаа аваад явах зөв хүмүүсийг хайж эхлээд олон хүнтэй уулзаж байсан юм билээ. Надтай хэд, хэдэн удаа уулзсан. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Яагаад гэвэл би тэр үед “Нэгдмэл Монгол” нэртэй намаа байгуулахаар хөөцөлдөж байсан. Гэвч бидний оролдлого бүтээгүй. Дээд шүүх дээр материал буцаагдсаар сонгуулийн шинэ хууль батлагдаж, уг хуулиар намаа бүртгүүлээд ч сонгуульд оролцож чадахаа больсон. Ингээд л санал тавьсан намуудаас аль нэгийг нь сонгохоос өөр аргагүйд хүрсэн.

-Танай нам сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцох вэ?

-ТТЭНН Монголын ногоон намтай хамтран “Нэгдмэл Монгол” эвсэл байгуулж оролцохоор хамтарсан мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн нэр “Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр”. Бид зөвхөн сонгуульд орохын тулд амлалт авсан мөрийн хөтөлбөр хийгээгүй, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр дэвшүүлсэн. Олон жил халаагүй ноёрхсон МАНАН дэглэмийг ардчилсан, хууль ёсны арга замаар халах, Монгол үндэстний эрх ашигт нийцсэн, бүх ард түмний хүсэл эрмэлзэл, идэвх, оролцоонд тулгуурласан, шударга бөгөөд хүчирхэг, нэгдмэл бөгөөд үр ашигтай, зохиролт (гармоник) бөгөөд шударга улс төр-нийгмийн систем бүрдүүлэх, Монгол орны эдийн засаг, нийгэм, оюун санаа, улс төрийн бүх хүрээг иж бүрэн уялдуулсан, алсыг харж нэгэн зорилгод зангидсан, зорилго чиглэлтэй, системтэй үндэсний бодлого хэрэгжүүлэх замаар Монголын төр, нийгмийг өнөөгийн сүйрэлт хямралаас гаргаж, хөгжин дэвжүүлэх эрхэм үүрэг бүхий улс төрийн тэргүүлэх хүчнийг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд мөрийн хөтөлбөрөө нийгмийн үндсэн хэдэн хүрээг хамруулж боловсруулсан. Үүнд бидний шинэчлэлийн бодлогууд туссан байгаа.

-Олны танил хүмүүсээс хэн, хэн гишүүнчлэлтэй вэ. Ээлжит бус их хурлын үеэр хөдөлмөрийн баатар, гавьяатууд танай намыг дэмжиж нэлээн ирж байгаа харагдсан?

-Бид гишүүнчлэлээр уралдах зорилго тавиагүй. Намын их хуралд оролцсон нэр хүндтэй, нийгмийн зүтгэлтнүүд нийгмийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар үгээ хэлсэн. Түүнээс тэд бүгд намын гишүүд биш. Нийгэм тэр аяараа л МАНАН-гаас залхаж өөрчлөлт шинэчлэлтийг хүсэн хүлээж, тэр байтугай шахаж шаардаж байна шүү дээ. Тэднийг намтай уяж хардах хэрэггүй. Одоо намаар ялгарах биш, харин яаж энэ хүнд байдлаас улс орноо аврах вэ гэдэг дээр ард нийтээр, бүгдээр санаа чилээх цаг болсон байна. Нийгмийн хамгийн ухамсартай сэхээрсэн хэсэг үүнийг мэдэрч энэ талаарх яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож байгаагийн л нэг илрэл юм. Тэр тэр энэ намд орчихож гэж хардахаас өмнө тэдний хэлж байгаа үгийг илүү анхаарч, сүйрч унаж байгаа нийгмээ хэрхэн босгох талаар бодсон нь дээр болов уу. Тэр ахмадууд ч ингэж бодож ирсэн гэдгээ ний нуугүй ярьсан.

-Таны ард Х.Баттулгыг бий гэдэг. Үнэн үү?

-Миний улс төрийн амьдралд байсан бүхий л хугацаанд миний ардаас хэн нэгнийг хайсаар л ирлээ. М.Энхсайханыг, Н.Энхбаярыг, Ц.Элбэгдоржийг, одоо Х.Баттулгыг. Энэ бүх хугацаанд би өөрөө л байсан, харин тэр ярьж байгаачлан хэн нэгэн хүчтэй хүн мөн чанараараа надтай байгаасай, ард биш дэргэд байгаасай гэж би ямагт хүсдэг.

-Одоогийн УИХ-ын гишүүдээс танай намд элсэх хүн байгаа юу?

-Хувь хүмүүсийн сонголтыг би мэдэхгүй. Орж ирнэ гэвэл би хэнийг ч цаашаа гэхгүй.

-Л.Цог танай намын гишүүн болж байгаа юу?

-Одоогоор үгүй л байна. Гэвч Л.Цог даргын санаачлан зохион байгуулалцсан “Жудагт Монгол” хөдөлгөөн бидэнтэй үйлс зорилго нэг байгаа.

-Таны илтгэлээс анзаараад байхад МАНАН-ын дэглэмийг хална гэх үг нэлээн ажиглагдаж байгаа. Яаж халах юм бэ?

-Ардчилсан, хууль ёсны арга замаар. Энэ бол сонгуулийн аргаар гэсэн үг. Энэ арга зам улам бүр нарийсч, нийгэмд халалт үүсч байгааг хаа хаанаа бодох ёстой. Бид өөрсдөдөө байгаа боломжийг шавхан ажиллаж ард иргэдэд МАНАН-гаас өөр сонголт бий болгож өгөх үүрэгтэй. Сонголт бий болгож өгөөгүй байж иргэдийн сонголтыг шүүмжлэх эрхгүй. Олон жил “МАНАН” дэглэмийн тухай ярьсан. Одоо хариуцлагатай хандаж иргэдийн “МАНАН биш юм байна гэдгийг ойлголоо. Тэгвэл хэн бэ” гэсэн асуултад хариулт өгөх ёстой. ТТЭНН-ыг шинэчлэн зохион байгуулсан, “Нэгдмэл Монгол” эвсэл байгуулсан нь үүнд чиглэсэн алхам юм. Бид хүчирхийллийн бус тайван замаар, сонгуулийн өөрчлөлтөөр нийгмийг шинэчлэхийг зорьж байна.

Та илтгэлдээМонголчуудыг эвлүүлнэ, нэгдүүлнэгэж хэлсэн. Нам олшрох тусам нэгдэх нь улам л хүнд болох юм биш үү?

-Нам байгуулсан шалтгаанаа дээр хэллээ, өөр сонголт бий болгож өгөх ёстой гэж. 26 жилийн турш хагарч эвдэрсэн монголчуудыг эвлүүлж нэгдүүлэхэд гарцаагүй төр шиг төр, үндэстнээ нэгтгэсэн нэгдмэл үзэл санаа, зорилго хэрэгтэй. Үүнийг аль нэг нам биш төр л хийж чадна. Манайд 24 нам бий. Нам бол зөв төртэй болох үйл явцад туулж байгаа зам л юм. Бид очих ёстой газраа галт тэргээр, машинаар, онгоцоор очдог шиг нам бол хүрэх ёстой газраа очиход туслах тээврийн хэрэгсэл л юм, одоогоор. Үйл явц цааш үргэлжилнэ. Үзэл бодлын ялгаралгүй, наймааны хэрэгсэл болсон намууд татан буугдана. Хүчний дахин хуваарилалт явагдах болно. Нам, эвсэл байгуулсныг эцсийн шат, зорилго юм шигээр харах хэрэггүй. Харин нам олшроод байгаа учраас нэгдмэл хүчин байгуулах замаар нэгтгэх шаардлага бас бий. Намууд үзэл санааны нэгдэл болж чадахгүй байгаа учраас аль нэг намд шилдэг хүмүүс эвсэх замаар нэгдэл, эвслийн суурийг тавих нь зөв гэж бодсон маань алдаагүйг манай хурал харууллаа. Дахин хэлэхэд, бид нэг нэг тамга өвөртөлсөн наманцруудын эвслийг биш зөв хүмүүсийн эвслийг бий болгохыг зорьж байна. Зөв хүмүүсийн эвсэл л нийгмийг зөв болгох суурийг бий болгож чадна.

Та МҮАНаас албан ёсоор гарсан уу. Намын зүгээс таны үзэл бодолтой үл нийцэх янз бүрийн шахалт ирж байсан уу?

-Албан ёсоор гарсан. Одоо МҮАН-ын талаар элдвийг яримааргүй байна. ТТЭНН-д хийж болох зүйлээ МҮАН-д хийх бололцоо олдоогүй учраас л гарсан. Таарч тохирохгүй, муудаж сайдах, хувь сэдлээр асуудалд хандах тухай ойлголт бидний түвшинд байдаггүй.

Таныг сонгууль угтаж улс төрийн шоу хийгээд байна гэсэн шүүмжлэл цахим сүлжээнд багагүй харагдаж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Миний талаар хэн юу гэж ярих нь надад хэзээ ч чухал байгаагүй, одоо ч тэр. Магтах муулахын алинд ч ач холбогдол өгдөггүй. Юу дуртайгаа ярьцгааж байж болно. Миний бүх үйл ажиллагаа дээр хэлсэн зорилгын төлөө цаашдаа үргэлжлэх болно.“Сонгуулийн шоу”, “Арын хүн”, “Өөр намаас ахмадууд хуралд оролцсон” гэх мэт ярианууд чинь харин өөрөө сонгууль угтсан улс төрийн шоу юм. Сөрөг мессэж төлөвлөж олон давтамжтай цацах нь хутган үймүүлэх, хагалан бутаргах зорилготой л оролдлогууд. МАНАН-г сөрсөн эвслийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Ер нь одоо монголчуудыг нэгийг нь нөгөөгийн эсрэг турхирсан, хагалан бутаргасан элдэв пиар энэ тэр бидэнд хэрэггүй. Энэ чинь нөгөө л барууны технологийн нэг хэсэг нь. Шинэ хүчнээ өөрөөр төлөвлөж, өөрөөр удирдаж явна.

-“Жудагт Монголхөдөлгөөн танай намыг гарч ирэх үеийн сурталчилгаа байсан гэх юм. Уг хөдөлгөөнтэй хамтарч ажилладаг юм уу?

-Төрийн хямрал, эмх замбараагүйтэл ужгирсаар хэн бүхэн тэвчихийн эцэсгүй болсны нэг илрэл нь төрийн зүтгэлтэн ахмадуудын санаачлан зохион байгуулсан “Жудагт Монгол” хөдөлгөөн байсан. “Жудагт Монгол” хөдөлгөөн аль ч намтай хамаагүй, зөв хүмүүсийг дэмжиж олноор гаргахын төлөө олон нийтэд сонголтоо хийхэд нь туслах зарчимтай ажиллана гэдгээ зарласан. Хэрэв сонгуулийн хуулийн жагсаалт хэвээр байвал тэдгээр төрийн зүтгэлтнүүд, мэргэжлийн хүмүүсээс урьж жагсаалтаа бүрдүүлнэ гэж бид бодож байсан. Гэвч тэд маань өөрсдөө нэр дэвшихээс эрс татгалздаг. Харин би ятгадаг. “Ингэх хэрэггүй, та бүхний бодит оролцоо Монголын төрд одоо хэрэгтэй байна” гэж. Би ч тэгж боддог. ТТЭНН ерөөс нийгмийн гажуудлыг засахын төлөө хэн бүхэнтэй хамтарч ажиллах болно.

Танай нам Монголын ногоон намтай эвсэж сонгуульд оролцохоор болжээ. ТТЭНН гуравт бичигдэхийн тулд МННд төлбөр төлсөн гэх хардлага хэн бүхэнд байгаа байх?

-Бид гүн бат итгэлцэл дээр эвслээ байгуулсан. МНН-ын боловсруулсан байгаль экологийн чиглэлийн хөтөлбөрүүд тэр чигээрээ манай эвслийн хөтөлбөрт туссан. Энэ салбарт хамгийн сайн мэргэшсэн нам учраас ингэх нь ч зөв. Тус намын дарга О.Бум-Ялагчтай гудамжны тэмцэлд олон он жил дамнан хамтдаа тэмцэж явсан түүхтэй. Түүнтэй ойлголцож чаддаг байсан учраас эвсэл байгуулахад ямар ч хүндрэл байгаагүй. Бид ямар ч мөнгөний асуудал яриагүй, нийгмийг өөрчлөх хөтөлбөрөө, ойлголцол итгэлцлээ л ярилцсан. Нөгөө талаас бидний алхмыг мөнгөөр тооцох сурсан явуулгаа эхлүүлж байгаа нь бидэн шиг бардам хүмүүст наад зах нь доромжлол. Түүний тухай элдвийн ярианд би итгэдэггүй бөгөөд зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг.

УИХын сонгуулиас гадна ИТХын сонгуульд оролцох уу. Ер нь намын боловсон хүчний хувьд ямархуу байгаа вэ?

-Нийслэлийн сонгуульд оролцоно. Манай намаас нэр дэвших хүсэлтэй олон хүн ирж уулзаж байна. Ер нь нэг зүйлийг хэлэхэд, манай уртаашаа гуравхан сая хүн дотор 24 намд шилдэг боловсон хүчин олдохгүй. Тэр байтугай МАН, АН хоёрт ч хуваагдах хангалттай нөөц байхгүй. 26 жил болоход боловсон хүчнээр АН ч МАН-ыгаа гүйцээгүй юм. Энэ бол АН муу гэсэн үг ч биш, ерөөс манай бололцоо нөөц тийм л гэсэн үг. Харин одоо бол энэ хоёр намаас гадна бас нэг бүлэг нөөц бүрдсэн. Энэ хоёр намын асар их мөнгөний шалгуур, цүнх барьж, бөгс долоох, даргынхаа өмнөөс золиос болох шалгуурыг даваагүй, намаар дамжаагүй, харин тэднийг үзэн ядагчдын нөөц төрөөс шахагдан гарсан. Эрх барьсан үедээ МАН, АН хоёр төрийн бүтцээс зөвхөн нэгнээ шахан гаргаж байсангүй, эвссэн үедээ нийлээд төрийн мэргэшсэн албан хаагчдыг мянга мянгаар нь хөөж оронд нь өөрсдийнхнөө шингээсэн. Тиймээс халагдсан олон албан хаагч алинд нь ч оролгүй ажлаа алдсандаа МАНАН-г занаад л хоцорсон. Одоо тэднийг төр зөв болж байж л тэднийг төрд татан оролцуулна шүү дээ. Чадвартай, зөв хүмүүсийг тасралтгүй бэлтгэж, тэднийг төрд тогтвортой ажиллах бололцоогоор хангах хэрэгтэй. Төр өөрөө эхлээд зөв болж байж л үүнийг хийнэ. Хоёр намын мөнгөнд бүдэрсэн мэргэшсэн албан хаагчид төрд буцаад орох гүүр нь ТТЭНН байх ёстой. Ингэхдээ бид намуудаас хүнд тавьдаг шаардлагыг яг эсрэгээр нь хэрэгжүүлж, мөнгөний босгыг намсгаж, ёс суртахууны шалгуурыг өндөрсгөх замаар зөв хүмүүсийн төрд очих гүүр болох ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Анхны атарчин Ц.Сүрэнхорлоогийнд хаврын тариалалтын их ажлын өмнө өнжсөн тэмдэглэл

Атрын хөндийд хаврын тариалалтын их ажил эхэлж байна. Тариаланчид техник, тоног төхөөрөмжөө засч сэлбэж, үр тариагаа гаргаад эхэлчихэж. Тэд өнгөрсөн намар хадгалсан үрийн буудайгаа энд тэндээс зөөж үтрэм дээрээ байршуулах, бордоогоо бэлтгэх гээд их ажлын өмнөх бэлтгэлдээ ханцуй шамлан оржээ. Талбайд чийг хаалт хийж борнойдох ажил ид дундаа явж байна. Тариаланчид өнөө маргаашгүй үрэлгээ хийхээр болжээ. Шимт зөөлөн бор хөрсөнд үрийн буудай тарихаар зэхэж буй хаврын нэгэн өдөр Төв аймгийн Баянцогт сумын Гуна бригадыг зорьсон юм. Гуна бригад дээр Гавьяат механикжуулагч Цагааны Сүрэнхорлоо гуай аж төрж байна. Монголчууд 1959 оноос өмнө хоол хүнсэндээ хивэг иддэг байв. Монголд атрын анхны аян эхэлж, атар газрыг хагалж, улаанбуудай тариалж эхэлсэн цагаас хойш нарийн ширхэгтэй гурил иддэг болсон түүхтэй. Тэгвэл өнжихөөр зорин очиж байгаа айлын эзэн Ц.Сүрэнхорлоо гуай анхны атарчдын нэг юм. Тодруулбал Баянцогтод анх атар газрын шанг татаж явсан цөөхөн тариаландын нэг. Газар тариалантай ганц олдох амьдралаа холбосон буурал механикжуулагчийнд өнжсөнөө сийрүүлье.

Баянцогтод сайхан хавар болж байна. Ногоо үндсээ түрэн ургажээ. Бог мал ногоо хэдийнэ амсжээ. Хэдхэн өдөр нар гарахад л чийгтэй хөрснөөс ногоо суга суга ургахаар болж. Өнөө жилийн хавар тариланчдын хувьд цаг агаар таатай сайхан байна. Тариалалт эхлэхээс өмнөхөн хэд хэдэн удаа газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орсон болохоор газрын хөрсөнд чийг хангалттай байгаа гэнэ. Нар шарж хуурай салхи үлээхгүй байгаа нь ч хөрсний чийгэнд сайнаар нөлөөлжээ. Биднийг очиход Гавьяат механикжуулагч Ц.Сүрэнхорлоо гуай хашаандаа зогсож байв. Хашааны хаалгаар улаан өнгийн МТЗ- 80, 82 трактор гараад ирэв. Нэг трактороор нөгөөхийг нь нь чирч асаах гэж байгаа бололтой. Яндангаас нь хар утаа олгойдоод л нэг хэсэгтээ чирч давхив. Чирэгдэж байгаа улаан трактор асах шинж ер алга. Жолооч нь байсхийгээд л араанд нь хийх юм. Яндангаас нь хар утаа бөг бөг хийн гарч байснаа унтарчих ажээ. Хэсэг чирч давхиж байгаад арай гэж нэг юм аслаа. 75 гинжит тракторын дараагийн үе буюу 1990 оны эхээр орж ирсэн Казахын шар гэх гурван 75 тракторыг мөн л асаав. Банкинд нь түлш хийгээд л пар хийтэл асаачихлаа. Өнгөрсөн намар унтраагаад нэг ч асаагаагүй гэхэд зовлонгүй аслаа гэж Сүрэнхорлоо гуай сонирхуулав.

Цэлийсэн том хашааны энд тэнд трактор асах чимээ сонсогдож, нам гүм байсан бригадын төвд тракторын дуу хадаж эхэллээ. Баруун урд талын талбайд хэдэн трактор тоос татуулан яваа харагдана. Хөрсний чийг хаалт хийж, борнойдох ажил хийгдэж байгаа бололтой. Асч байсан тракторуудыг эхнээс нь унтрааж, түр намжих үед Ц.Сүрэнхорлоо гуайтай мэнд мэдэж, сурвалжлага хийхээр явж байгаагаа дуулгалаа. “Манай энд сүлжээ барихгүй болохоор холбоо барьж чадаагүй биз. Юу ч гэсэн манай гэрээр орж хоол, цай идэж уу. Хөгшин түрүүнд хоолоо ид гэж хүүхдээр хэлүүлээд байсан” гээд гэрийн зүг алхав. Буурал тариаланч явуут дундаа “Өвөлдөө хэдэн хүүхдүүдээ бараадаад хот орчихдог юм. Усны шувууд ганганаад л нутгаа зорих үеэр өвгөн ах нь тогтож сууж чадахгүй болдог юм даа. Тарьсан хэдэн мод минь яаж байгаа бол, цас хайлж дуусахаас өмнө балга ус ч болтугай тогтоогоод авчих юмсан. Үр тариа нь юу болж байгаа бол. Газрын чийг алдагдаагүй байгаа даа гэж бодогдоод хэцүүднэ. Дөрөвдүгээр сар гаруут л хамаг юмаа бэлдэж аваад хөгшинтэйгөө нутагтаа хүрээд ирдэг юм. Энд ирээд бүх зүйлсээ нүдээр үзэж байж л сэтгэл амарна шүү дээ” хэмээн хуучлав. Ийн явсаар гавьяатын эхнэртэйгээ амьдардаг жижигхэн байшинд яваад орлоо. Гэрийн эзэгтэй Цэндсүрэн гуай биднийг угтан авлаа.

АТРЫН АНХНЫ ШАНГ ТАТСАН ТҮҮХ БУЮУ УЛСЫН РЕКОРД ЭВДСЭН ОН ЖИЛҮҮД

Ц.Сүрэнхорлоо гуай Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1936 онд төржээ. Гэр бүлийнх нь хүн болох Ш.Цэндсүрэн Ховд аймгийнх гэнэ. 1962 онд анх танилцаж гэр бүл болжээ. Гэрийн эзэн нутгаасаа 1954 онд буюу 18 настайдаа цэрэгт татагдаж гарчээ. Ингээд цэрэгт хоёр жил болсон байна. Халагдах цэрэг байхдаа Модотын техникумд тракторын жолоочийн курсэд суралцжээ. Баахан тракторын зураг тавьж байгаад л нэрийг нь цээжлүүлдэг байсан гэнэ. Орос, монгол багш нараар хичээл заалгажээ. Гурван мянга гаруй залуусыг 24 анги болгон газар тариалан, техникийн талаар хичээл заажээ. ДТ 54 тракторыг унуулж жолоо бариулж, байгаад л тэр хавар нь сангийн аж ахуйд томилчихож. Монгол Улс ингэж л атрын анхны шанг татах залуусыг бэлтгэсэн түүхтэй юм байна.

С.Сүрэнхорлоог курсээ дөнгөж төгстөл Төв аймгийн Баянчандмань сумын МААМС-д тракторын жолоочоор томилчихсон гэнэ. Түүнийг анх очих үед трактор барих боломж тааруу байж. Нэг тракторыг гурван хүн ээлжилж унадаг байсан аж. Мэргэжлээр нь огт ажиллуулахгүй, өөр ажил хийлгэж хоёр жил болгожээ. Төд удалгүй Угтаал, Баянцогтын сангийн аж ахуйнууд байгуулагджээ. Баянчандманьд хийх ажилгүй шахам хоёр жил болсон залуусыг хоёр хувааж, шинээр байгуулагдаж байгаа хоёр сангийн аж ахуйд тракторын жолоочоор томилсон юм байна. Нөхөрлөлийн сангийн аж ахуйн урд талын Янзагатын хөндийд зургадугаар бригадынхан хуваарилагдан очжээ. Тэнд атрын анхны шанг татсан түүхтэй аж. Сангийн аж ахуйн дарга, ерөнхий инженертэйгээ очиж сүр дуулиантайгаар туг хатгаж байгаад л газар хагалж эхэлсэн гэнэ. Ц.Сүрэнхорлоо, Чулуун нар хамгийн анх газар хагалсан байна. Анхны жилдээ 15 мянган га газар хагалжээ. Ингээд ирэх жил нь улаанбуудай тариалсан байна. Ингэж л Баянцогтын сангийн аж ахуйн тулгын чулууг анх тавилцаж байж.

Тракторын курс төгссөн хэдий ч техниктэйгээ бүрэн танилцаж чадаагүй мянга мянган залуус атрын анхны шанг ийнхүү татаж байсныг Сүрэнхорлоо гуай хуучлав. Шаргал өвс халиурсан хөндийд хоёрхон жилийн дараа тариан түрүү халиурчээ. Ёстой л галзуу барын аманд гараа хийх үү байх уу дээрээ байсан залуус атар газар эзэмшиж, ажлыг яралзтал хийх болж. Ажил ч жигдэрч, арвин ургац хурааж эхэлсэн байна. Баянцогтын сангийн аж ахуй нийтдээ 30 гаруй мянган га газарт тариа тарих болжээ.

1963 он. Ц.Сүрэнхорлоогийн их амжилтын оргил өөд тэмүүлсэн үе байж. 1116 га газраас комбайнаар тариа хурааж түүхэн амжилтын эзэн болжээ. Бүр улсын рекорд тогтоож, улсын аварга тариаланч болсон байна. Түүний 1963 оны намар 1116 га талбайгаас тариа хураасан амжилт нь улсын аварга тариаланч болгосон төдийгүй, гавьяатын тэмдэг эзэндээ авчирсан түүхийн эхлэлийг тавьжээ. Мөн энэхүү амжилт нь Хөдөлмөрийн баатрын болзол хангасан гэнэ. Төв аймгийн 40 жилийн ойгоор 27 настай байхдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан байна.

ТАСАГ, ФЕРМИЙН ДАРГА БАЙХДАА ХОЁР УДАА УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН БОЛЖЭЭ

Ц.Сүрэнхорлоо гэх эрхэм арав гаруй жил тракторын жолоочоор ажилласан байна. Бусдаасаа ажил хөдөлмөрөөр тэргүүлж, удирдан зохион байгуулах ажилд идэвхтэй оролцдог байсан болохоор аймгийн депутатаар сонгогдон ажиллах болжээ. Нойр хоолгүй ажилласнаас болоод хүнд өвчин туссан байна. Хүндээр өвдсөн нь түүнийг дарга болох үүд хаалгыг нээж өгсөн гэхэд болно. Эмч нар хүнд ажил хийж болохгүй гэсэн акт гаргасан байна. Аймгийн намын даргын шийдвэрээр Ц.Сүрэнхорлоо намын сургуулийн хоёр жилийн ангид сурч, таван жил эчнээ ангид сурчээ. Ингээд Баянцогт сумынхаа Гуна бригадын тасаг, фермийн дарга болон эргэж иржээ. 1973, 1975 оны их ургацын жил сэтгэлд нь тодхон байдаг гэнэ. 1973 онд гойд их ургац хурааж л дээ. Тариа бригадын нэгдүгээр тасаг нь улсын аварга тариаланч хамт олон болж, УАЗ машинаар шагнуулжээ. Мөн 1975 онд арвин ургац хурааж хоёр дахь удаагаа улсын аварга тариаланч болсон аж. Улсаас “Купон” гэх машинаар шагнуулжээ. Тэр жил 11 мянган тонн улаанбуудай Гуна бригадын үтрэм дээр буужээ. Энэ их буудайг яах вэ гээд л санаа зовж байж. Ургацын төв комиссын гишүүд Ангорскийд буудайгаа өгөхөөр болсон гэнэ. Улсын ургацын төв комиссоос Зил 51 машин явуулж Гуна бригадын 11 тонн улаанбуудайг гурван өдрийн турш Улаанбаатар руу ачуулж, тэндээсээ вагоноор цааш нь явуулсан байна. Харин 1981 онд ургац алдаж хэдхэн нуруу буудай авч байжээ.

1990 он тариа бригадууд тарж эхэлсэн үе. Баянцогтын сангийн аж ахуй 42 компани болж задарчээ. Ц.Сүрэнхорлоо ч хувийн “Гуна” нэртэй компаниа байгуулжээ. Банкны зээлд хураагдах дээрээ тулаад байсан хоёр ч компанийг худалдан авч компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэн тэлсэн юм байна. Ингээд 2003 онд га газраас 22 центнер улаанбуудайн арвин ургац хураан авсан байна. 70 гаруй настайд нь компани нь улсын аварга тариаланч хамт олон болжээ. Мөн 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандиас Гавьяат механикжуулагч гэх эрхэм цолыг хүртсэн байна.

1500 ГА ГАЗАРТ БУУДАЙ ТАРИНА

Ийн хууч хөөрч суутал үд өнгөрчихсөн байв. Дахин том хашаа руу орж, техник засварын ажил хэр хийгдэж байгаа талаар үзэхээр явсан юм. О.Гомбосүрэн, Содмандах, С.Бууч, А.Монхор, Дамдинсүрэн гэх тракторын жолооч нар техник засварын ажил хийж байлаа. Ц.Сүрэнхорлоогийн хоёр хүүхэд аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж байгаа юм билээ. Хүү С.Ганбат нь хүний эмчээр ажиллаж байгаад “Гуна хонгор” компанийг байгуулжээ. Харин хүргэн О.Түвшинзаяа, охин С.Ганчимэг нар “Гуна” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Өнөө жил дээрх хоёр компани 1500 гаруй га талбайд тариа тарих юм байна. Ирэх сарын 1-нээс эхлэн үрэлгээний ажил хийгдэх юм байна. Улсаас өнөө жил 25 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Тариалалтаа эхлэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа тариаланчдад талбайн хэмжээг нь харгалзаж хуваан олгохоор болсон билээ. Зээлийн хүү нь 12.5 хувь юм байна. Гэхдээ зээл авсан тариаланчдыг эхний найман сар үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж.

Хоёр жилийн хугацаатай олгож байгаа зээлийн талаар О.Түвшинзаяатай ярилцлаа. Тэрээр “Манай компани яаманд зээл авах хүсэлтээ хүргүүлчихсэн байгаа. Хэрэв зээл олгохгүйд хүрвэл нөхцөл байдал хэцүүднэ. Өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр үр тариа худалдаж авч, шаардлагатай шатахуун авч чадахгүй. Ийм чадалтай компани Монголд байхгүй. Удахгүй бидэнд зээл олгох байх гээд л хүлээж сууна. Тариланчдыг ойлгохгүй хандлага сүүлийн үед ажиглагдах боллоо. Үнэхээр хүнд, эмзэг салбар шүү дээ. Бороо орохгүй бол олон сая төгрөгийн зээл авч тарьсан буудай ургахгүй эрсдэлтэй. Зээл авч байж л тариалалт хийж, техникүүдээ шатахуунаар хөдөлгөнө. Намар нь буудайгаа ургуулж байж мөнгөтэй болж өрнөөсөө гардаг” хэмээн ярив.

Түүнээс тариаланчид муу үр тарьж байгаагаас болж цавуулаг чанар муутай буудай ургадаг гэсэн шүүмжлэл, гурил үйлдэрлэгчдийн “Тариланчид малын тэжээлийн буудай тарьж байна. Гурил хийх буудай тарихгүй байгаагаас болж сайн чанарын буудай ОХУ-аас худалдан авч муу буудайтай хольж арай гэж гурил гаргаж авч байна” гэсэн гомдлын талаар сонирхсон юм. Тэрбээр “Яаж ч бодсон муу үр тарихгүй нь тодорхой шүү дээ. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч буудайны чанарт нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл цаг агаар тааламжгүй, бороо хур багатай жилийн буудайн чанар муу байдаг. Хэрэв бид үнэхээр муу үрийн буудай тарьж байгаа бол яагаад сайн чанарын буудай ургаад байгаа юм бэ. Нэг жилд сайн чанартай буудай хурааж авч байгаа бол дараа жил нь цавуулаг чанар муутай буудай хурааж авдаг юм” гэсэн хариу өглөө.

ГАЗАР ТАРИАЛАНД ШИНЖЛЭХ УХААН ХЭРЭГТЭЙ БАЙНА

Харин энэ талаар Ц.Сүрэнхорлоо гавьяат “Газар тариалангийн салбарт шинжлэх ухаан хэрэгтэй байна. Европын улсуудын тариалангийн талбайд мал огт бэлчдэггүй. Манай улсын онцлог тэднээс огт өөр. Гэсэн хэр нь тэр улсуудын арга туршлагаар яваад байна л даа. Атрын анхны шанг татаж явсан хүний хувьд энэ талаар өөрийнхөө мэдэж туулсан зүйлийг хэлмээр санагдаад байдаг юм. Тариалангийн талбайд мал бэлчиж байгаа нь хамгийн буруу. Тариаланчид хөрсийг нь сийрэгжүүлэх гээд өч төчнөөн цаг зав, хөрөнгөө гаргаад байдаг. Гэтэл дээгүүр нь мал яваад л чигжчихдэг. Поолинд мал явуулахгүй болчихвол олон давуу талтай. Өвөл 10-20 см цасан бүрхүүл тогтдог. Гэтэл мал явсаар байгаад маш хурдан цас нь хайлчихдаг. Хэрэв мал явж борлуулахгүй цасан бүрхүүл хэвээрээ байвал дөрвөн сарын дунд үе хүртэл цас нь огт хайлахгүй. Ингэснээр хөрсөнд чийг өгнө. Тариланчид бид бороо, цас хүлээж суухгүй болно. Мөн талбайд хогийн ургамлын иш навчаар хучсан сүрлэн бүрхүүл бий болгомоор байна. Найман см орчим сүрлэн бүрхүүлтэй болгоход гурван см ялзмаг тогтдог. Ингэснээр бордоо хэрэг болохгүйгээр сайн хөрс бий болно. Хэрэв энэ бүгдийг хийж чадах юм бол маш сайн ургац авах бүрэн боломжтой. Үүнийг Канад улс хэрэгжүүлээд маш сайн ургац авч байна шүү дээ. Мөн сүүлийн үед улаанбуудайны асуудал дээр улстөржиж байна. Хэн нэгэн гадаадаас улаанбуудай оруулж ирж ашиг олох болохоороо хэдэн муусайн тариаланч руу дайрах юм. Энэ бүгдийг зогсоох хэрэгтэй байна” гэлээ. Өнөө жил хаврын тариалалт эхлэх үеэр хөрс чийгтэй сайхан байгаа ч гэсэн зундаа хур бороо бага байна гэх мэдээлэл бийг ч Ц.Сүрэнхорлоо гуай сонирхуулав. “Их ургац хурааж авч чадахгүй юм аа гэхэд улаанаараа эргүүлж ургац алдахгүй байхсан” гэж хэлж байна лээ.

ГУНА” ТӨГӨЛТЭЙ БОЛОХ ГЭЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ СУУНА

Өнжиж байгаа айлын гэрийн эзэд зүгээр суудаггүй хөдөлмөрч улсууд юм. Хашааныхаа хойд талаар жимсний мод хэдэн мянгаар нь тарьчихсан байх ажээ. Бүр цас борооны ус урсдаг шуудуунаас ус татаад модныхоо талбайг нуур болгочихож. Анх хэдхэн мод тарьж байснаа бодвол чацаргана жимс хурааж авдаг болжээ. Ц.Сүрэнхорлоо, Цэндсүрэн нар гэрийнхээ хойд талд ойн модон төгөлтэй болох гэж хэдэн мянган мод суулгасан юм байна. Хүүхдүүдийнхээ тариаланд зөвлөгөө өгч, хэдэн модоо арчилж гурван улирлыг өнгөрөөдөг байна. ““Гуна” гэдэг төгөлтэй болоход нас минь хүрдэг байгаа. Хүрнэ гэж бодоод л зүтгээд байгаа” гэж 80 гаруй настай хоёр буурай ярьж байна лээ.

Бригадын баруун талд дүнхийсэн сайхан том уул байх. Гуна хайрхан уулаар нэрлэгдсэн бригадын төвд амьдралынхаа ихэнх цаг хугацааг хөдөлмөр шүтэж өнгөрүүлжээ. Ц.Сүрэнхорлоо гавьяат “Салхины аясаар үелзэх шаргалтсан тариан талбай дундуур алхаж явах шиг жаргал надад байдаггүй юм аа. Онгон хээр талд атрын шан татаж явсан болохоор энэ нутгаа өөрийнхөө төрсөн нутаг шигээ хайрладаг болжээ. Нарны илч шингэсэн бүлээхэн шимтэй бор хөрснөөс соёолж буй тариан түрүү шиг сайхан амьдралыг туулж явна даа, өвгөн ах нь” гэсээр биднийг үдэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Пүрэвбаатар: Эх орондоо болсон тэмцээнээс медаль авч чадаагүй нь тамирчдын өөрсдийнх нь буруу

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, Ази тивийн аварга Оюунбилэгийн Пүрэвбаатартай ярилцлаа. Тэрээр чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч билээ.

Монголд олимпийн эрх олгох тэмцээн болж өнгөрлөө. Харамсалтай нь манай тамирчид өөрийн дэвжээн дээрээ хоосон хоцорлоо. Та тамирчдын тухайд ямар дүгнэлт гаргав?

-Улсын наадмын начин цолны болзол хангах даваанд бөхчүүд хэт их хичээгээд биеэ барьчихдаг. Яг үүнтэй адил манай эмэгтэй, эрэгтэй тамирчид биеэ бариад бэлтгэлийн үед гаргадаг тэр сайхан барилдаанаа гаргаж чадсангүй гэж би хувьдаа бодож байна.

Эзэн орны тамирчид гэдэг утгаараа боломж бол дүүрэн байсан болов уу?

-Тэмцээн уралдаанд явлаа гэж бодъё. Гадаадад бол цагийн зөрүү, хоол унднаас боллоо гэж хэлж болно.Харин эх орондоо байгаа тохиолдолд энэ талын ямар ч асуудалгүй. Би дасгалжуулагч багш нарт бурууг тохохыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь тамирчдын бэлтгэлийг хангаад, барилдахад бэлэн болгоод өгчихлөө. Тиймээс тамирчдын өөрсдийнх нь л буруу. О.Бурмаа бол дэлхийн аваргаас гурван медаль авсан хүн. Тэгэхэд яагаад тактикийн алдаа мэдэхгүй байна вэ. Энд багш ямар ч хамаагүй биз дээ. Өөрөө л алдаа гаргаж ялагдлаа. Би өөрөө дэлхийн дэвжээнд олон удаа гарч барилдаж байсан хүн.Хүдэрбулга барилдааны эхэнд оноо алдчихсан. Онооны араас хөөж барилдана гэдэг хэцүү. Энэ л нөлөөлсөн. Түүнийг ялагдсанд хүн болгон өөр, өөрийн өнцгөөс харж дүгнэлт гаргаж байгаа байх. Хүдэрбулгын хувьд бэлтгэл сургуулилт асуудалгүй, сайн байсан. Бэлтгэлийн үед бүх юм сайхан жигдрээд болоод л байсан. Бусад тамирчид ч гэсэн бэлтгэл сайн болоод эрхээ аваад л явж байна. Тиймээс цэвэр тамирчны л хариуцлага.

Харин Ц.Намуунцэцэгийн хувьд дэлхийн шилдэг бөхчүүдийн дэргэд туршлага дутаж байгаа нь харагдлаа шүү дээ?

-Намуунцэцэг үнэхээр залуу хүүхэд. Тамирчны хувьд туршлага дутмаг байна. Би Намуунцэцэгийг дахиад Туркийг зориосой гэж бодож байна. Намуунцэцэгийн оронд Энхжаргалыг сая оруулсан бол эрх авах байсан байж магадгүй. Гэхдээ дараа нь энэ орсон бол, тэр орсон бол ингэх байсан юм гэдэг зүйлд би дургүй.

Энэ гурван тамирчны оронд чадах тамирчдыг нь оруулж болоогүй юм уу. Өөр сонголтгүй юм уу?

-Эмэгтэй жингийн хувьд олон тамирчин байгаа байх. Би эмэгтэй багийн дасгалжуулагч биш учраас тэрийг хэлж мэдэхгүй. Харин Хүдэрбулгын жинд бэлтгэл хангачих ч бөх үнэндээ алга.Ядаж Хүдэрбулгын бэлтгэлийг хангуулахын тулд энэ жинд хүүхдүүд олж ирдэг. Олж ирсэн ч Хүдэрбулгатай барилдаж байгаа дэлхийн бөхчүүд шиг бэлтгэл хангагч болж чадахгүй л байгаа байхгүй юу. Жиндээ ганцаараа л ноёрхчихсон бөх. Азийн аварга бөх шүү дээ. Монголд бол мундаг. Хүдэрбулга Узбекстаны бөхийг ялдаг байсан. Гэтэл энэ удаа тэд Тажикстаны легионер тамирчинг авчирч байх жишээтэй. Ер нь сүүлийн үед улсууд гадны легионерууд оруулж ирдэг болж. Үүнтэй бас холбоотой.

Удахгүй Туркийн Истанбул хотод болох тэмцээнээс үлдсэн гурван эрхээ авах боломж бий. Сая тэмцээнд ялагдсан гурван тамирчнаа дахиад явуулах уу?

-97 кг-ын жинд Хүдэрбулгаас өөр явуулах бөх байхгүй. Эмэгтэй жингийн хувьд яаж шийдэхийг би мэдэхгүй. Өмнө нь эрэгтэй, эмэгтэй баг хамт бэлтгэл хийдэг байсан. Ингэж бэлтгэл хийхээр эмэгтэйчүүд эрс сайжирдаг. Эрчүүдтэй бэлтгэл хийж байгаа эмэгтэйчүүд сайжрах нь ойлгомжтой. Гэтэл эрэгтэйчүүдийн барилдаан сулраад ирдэг. Бид шигшээ багийг 2013 онд авсан. Бэлтгэлийг салгаж хийх ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Үр дүнд нь манай эрэгтэйчүүдийн амжилт сэргэсэн.

Эмэгтэй шигшээ багийнхан ч амжилт гаргасаар л байгаа шүү дээ. Үгүй гэж үү?

-Эмэгтэйчүүдийг би нэг баг гэж хэлэхгүй. Тэд Соронзонболдын Батцэцэг, Сүхээгийн Цэрэнчимэд хоёрын далбаан доор яваад байж болохгүй. Намайг барилдаж байхад миний өмнөх үе том Сүхбат ах медаль авахгүй бол бусад нь медаль авдаггүй тохиолдол гардаг байсан. Дараа нь Цогтбаяр гэж хүн гарч ирсэн. Бас медаль авахгүй бол бусад нь авдаггүй. Араас нь Пүрэвбаатар, дараа нь Наранбаатар гээд мөн л ийм байсан. Ингээд нэг, хоёрхон хүний далбаан дор явдаг байсан. Би эмэгтэй тамирчдыг муулах, шүүмжлэх гээгүй юм шүү. Багаараа бэлтгэл хийх хэрэгтэй. Багийн амжилтын төлөө явах ёстой. Нэгдүгээр сард ОХУ-ын Красноярск хотод болсон Гран прид П.Орхон, Б.Одончимэг хоёр аваргалаад ирсэн. Тэр хоёр эрэгтэй багтай бэлтгэл хийсэн. Манай ахлах дасгалжуулагч Цогтбаярын шавь учраас багшийгаа дагаад эрэгтэй шигшээгийнхэнтэй бэлтгэл хийсэн хэрэг. Монголоос бусад газар эрэгтэй, эмэгтэй баг тусдаа бэлтгэл хангадаг. Манайх ч тийм л байх хэрэгтэй. Тиймээс эмэгтэй тамирчдыг нэг дор хамт, баг болж бэлтгэх хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд таны тамирчин байх үеийнхтэй эн зэрэгцэж бэлтгэл хийж чадаж байна уу?

-Арай дутуу гэж хэлнэ дээ. Цөмөрчихнө, уначихна, ядарчихна гэдэг. Би урьд нь хэлдэг байсан. Усыг буцалгачихаад хөргөж болно.Буцлаагүй усыг хүйтэн чигээр нь бүлээстэл байлгаж болно.Манай багийн тамирчид усыг буцалдаг болтол нь бэлтгэл хийдэг. Тиймдээ амжилт гаргаад байгаа юм. Дээрээс нь манай дөрвөн багш бэлтгэлд тамирчдынхаа дунд орж барилдаж нэг ёсондоо тулж бэлтгэл хийдэг. Энэ нь тамирчдын ур чадварт бас нөлөөлж байгаа болов уу. Эмэгтэй багийн дасгалжуулагч ч ингэдэг байж магадгүй. Би мэдэхгүй болохоор эрэгтэй багаа л яриад байгаа шүү. Гэтэл зарим хүмүүс энэ чинь төрчихсөн бөх гэдэг. Намайг ч гэсэн хүмүүс тэгж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Хэн байх нь хамаагүй бэлтгэлээ сайн хийгээд хичээгээд, хөлс хүчээ гаргах юм бол адилхан л амжилтад хүрдэг байхгүй юу. Миний үед бэлтгэлээс гарч ирээд крантны хүйтэн ус уугаад гудамжнаас хуушуур авч идчихээд л явдаг байсан. Харин одоо энэ залуус витаминтай ус, элдэв юм идэж ууж байна. Сайхан юм идэж уусандаа амжилт гаргахгүй. Бэлтгэл хэр сайн хийнэ төдий чинээ амжилт гаргана. Зовлонгүй жаргал гэж байдаггүй шүү дээ.

Аливаа амжилт тамирчны бэлтгэлээс гадна холбооны бодлоготой уялдаа холбоотой байх учиртай. Танай чөлөөтийнхөн дотроо их л эв түнжин муутай байх юм. Өдийг хүртэл холбоогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа таны шалтгаан юу юм бэ?

-Монголын чөлөөт бөхийн холбоо гэж дээр үед байсан. Одоо бол холбоо байхгүй. Д.Дагвадорж шинэ холбоо байгууллаа, өөрөө ерөнхийлөгч нь гээд яваад байгаа. Би хүлээн зөвшөөрөхгүй. Шалтгаан нь албан тушаалын наймаа. Чинбат үнэхээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байсан. Дараа нь Чинбат захирал, Д.Дагвадорж хоёрын хооронд албан тушаалын наймаа явсан байж магадгүй. Яг юу болсныг би мэдэхгүй байна. Яагаад холбооны их хурал болохгүйгээр ерөнхийлөгчөө сонгочихсон юм. Би дасгалжуулагчийнхаа үүргийг хэн нэгэнд “Би болилоо. Чи дасгалжуул” гээд л өгчихсөнтэй ижил зүйл. Одоо дэлхийд спортыг энх цагийн дайн гэдэг болж. Хятадууд зуны олимпийн наадамд аль болох олон медаль авч тэргүүлнэ гэж бэлтгэж байна. Энэ нь дайнд ялалт байгуулсантай адил.Бид өнөөдөр 80 гаруй орны тамирчдыг хүлээж авлаа. Энэ олон орны цаана олимпийн эрхээ аваасай гэж эх орон нь санаа тавьж, анхаарлаа хандуулж байна.. Тэр АСЕП-ийн хурлаас илүү манайд анхаарлаа хандуулж байлаа. Спорт бол өөр ухагдахуунтай.

Сүүлийн гурван жилд холбоо юу хийсэн юм. Тэр жил Катарт манай баг Азийн аваргаас алт авах хамгийн том боломж байсан. Гэтэл гурван тамирчин орж чадаагүй. Тэгсэн хүнд жинд манайх хэзээ медаль авдаг байсан юм бэ гэж ярьж байгаа холбоо шүү дээ. Гэтэл өмнө нь Азийн аварга болсон Хүдэрбулга, мөнгөн медаль авсан Золбоо, хүрэл медаль авсан байгаа ш дээ. Катар асуудалтай орон. Хил зөрчлөө гээд яаж буудчихаагүй юм. Холбооны дээд удирдлагууд бүгд нэг баг. Арчаагүй хэдэн хүмүүс. Хатуухан хэлэхэд гэр бүлээ авч явж чадахгүй хүн, холбоогоо авч чадахгүй, тэмцээн зохион байгуулж чадахгүй хүн баг тамирчдын талаар ярих ч хэрэггүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээс засаад төрөө зас гэдэг. Гэрээ засч, тогтвортой авч явж чадахгүй хүн биднийг хайрлах уу, авч явж чадах уу. Үгүй л байхгүй юу.

Саяын амралтын өдрүүдэд болсон олимпийн эрх олгох тэмцээнд төрөөс 400 орчим сая төгрөгийн төсөв баталж өгсөн гэсэн. Холбооны зүгээс Монголынхоо тамирчдын бэлтгэлд бага ч гэсэн мөнгө гаргаж өгсөн үү?

-Үгүй. Би лав мэдэхгүй. Хамгийн зэвүүн нь тэмцээнд эрэгтэй баг орохоор болонгуут Спортын төв ордны саун, бэлтгэлийн заалыг холбооноос цуцалчихсан байсан. Гадаадын тамирчид бэлтгэл хийх гээд ирэхдээ надаас “Оюунбилэг ээ, саун чинь яагаад ажиллахгүй байгаа юм бэ” гэж асууж байгаа юм. Намайг таньдаг гадны тамирчид Оюунбилэг гэж дууддаг шүү дээ. Тэгэхээр нь би ингэж болохгүй гээд асуухаар холбооноос өгсөн даалгавар гэдэг. Эрэгтэй багийн тамирчид маргааш нь болох гэж байхад яагаад тэр сауныг нь ажиллуулж болдоггүй юм. Би гадны тамирчдаас ичээд нүүрээ улайлгаад сауныг халаалгаад явж байх жишээтэй. Зохион байгуулалт муу болсон. “Буянт-Ухаа” спорт цогцолборт бол гоё болсон, нүдэнд ил харагдаж байгаа нь. Бэлтгэлийн заал байхгүй, автобус унаа гээд сэтгэл дундуур буцсан. Саун ч байхгүй. Өмхий үнэртсэн нөхцөлд бэлтгэл хийгээд буцсан. Дөрөв, тав хоног Спортын төв ордонд би зохион байгуулагч хийж хамаг ажлыг зохицуулах гэж гүйсэн. Холбооны гээд байгаа хүмүүс Буянт-Ухаа спорт цогцолборт л ажилласан байх. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг л энэ байх.

Нэг тамирчин өдрийн 130 швейцарь франкаар байрласан гээд бодоход 650 тамирчин, баг бүрэлдэхүүн гээд нийтдээ дор хаяж 800 гаруй хүнд үржүүлэхэд их тоо гарах нь ээ. Ихэнх нь арваад хоносон гээд бодохоор холбоо тэрбум хол давсан ашиг олжээ?

-Ямар хэдэн төгрөг оллоо гэж бидэнд хэлэх биш. Гэхдээ нэг хүний 150-180 швейцарь франк гээд тогтсон жишиг байдаг.

Ер нь холбоо аливаа орлого, зарлагаа тамирчдадаа, дасгалжуулагчдадаа тайлагнадаг уу. Одоо энэ тэмцээний орлогоос ч гэсэн тэмцээний бэлтгэл, сургуулилтад ингэж зарцуулна гээд хэзээ тайлагнах бол?

-Тэгж тайлангаа тавьж байхыг ёстой үзээгүй.Тайлагнасан нь гэвэл та нарын медалийг би тэдэн төгрөгөөр худалдаж авч өгсөн шүү гэж манай холбооны ерөнхийлөгч гэх Д.Дагвадорж хэлдэг ш дээ. Та нар чадлаараа авчихаагүй, би дэлхийн чөлөөт бөхийн холбоотой ярьж, худалдаж авч өглөө гэдэг. Хэрвээ үнэхээр худалдаж авч болдог юм бол энэ удаа эх орондоо зохиогдож байгаа тэмцээнээс олимпийн эрх худалдаад аваад өгөхөд харин ч хялбар байсан юм биш үү.

Би Д.Дагвадоржийн ах Д.Сумьяабазартай найз. Гэхдээ өнөөдөр би Д.Дагвадорж, Д.Сумьяабазар гэсэн хувь хүмүүстэй шөргөөцөлдөх гээгүй. Хамгийн гол нь чөлөөт бөхийн холбооны голдрил нь буруу байгаатай л тэмцээд байгаа юм. Яагаад гэвэл чөлөөт бөх гэдэг спортоор амьдралаа олсон. Надад амьдрал хайрласан энэ спортын хөгжлийг гоё байлгаасай л гэж хүсч байна. Тэрнээс би албан тушаалын төлөө ч яваад байгаа юм биш. Надад дасгалжуулагчаа хийгээд өөрийн сурсан, мэдсэн зүйлээ хойч үеийнхэндээ үлдээгээд явж байх шиг сайхан юм байхгүй. Хүн болгон л Д.Дагвадоржтой холбоотой олон зүйлийг ярьж байна. Бараг аль хэдийнэ торны цаана орохоор л юмнууд ярьж байна. Мөнгө идсэн, уусан гээд.

Яг барьж аваад зодож, зандрах дээрээ тулж байсан юм уу. Эсвэл дотооддоо л хэл амаараа худлаа үнэн үзэлцээд байдаг хэрэг үү?

-Нэг их тамирчдыг айлгаж, дарамтлаад байсан нь бага байх. Надад тохиолдоогүй учраас би мэдэхгүй байна. Гэхдээ Хүдэрбулгыг Азийн аваргад барилдаж байхад Д.Дагвадорж “Алт авахгүй бол чамайг ална шүү. Хохь чинь шүү” гэж хэлсэн. Би тэгж хэлэхийг нь сонсоод “Ингэж болдоггүй юм ш дээ, миний дүү” гэж хэлж байсан. Тамирчин хүн давж ч болно, унаж ч болно. Сэтгэлзүйн хувьд хүнд дарамт. Хэрвээ алт авахгүй бол алуулна, яана аа гэсэн айдастай хүнийг дэвжээн дээр гаргаж болохгүй. Харин аз болоход Хүдэрбулга алт авчихсан л юм даа.

Дасгалжуулагчид эсэргүүцлээ илэрхийлж Д.Дагвадорж аваргатай тулж уулзаж байсан удаа бий юу. Ер нь санал бодлыг чинь яаж хүлээж авдаг вэ?

-Холбооны удирдлагууд гэсэн хүмүүст хандахаар санал бодлоо албан бичгээр өг гэдэг. Албан бичиг бичээд өглөө. Биднийг гарангуут л хогийн саванд хийчихнэ. Д.Дагвадоржтой биеэчлэн уулзъя гэхээр ямар ч боломж олддоггүй. Ийм байна, ингэмээр байна гээд өрөөнд нь орохоор тэгсхийгээд л өнгөрнө. Тогтож ярилцдаг ч үгүй. “Оски юу байна” гээд л мөрөн дээр нэг цохиод мэндлээд өнгөрнө. Уг нь насаар бодоход би хоёр ахынх нь үеийн хүн шүү дээ. Зааланд бэлтгэл хийж байхад нэг ч ирж хараагүй байж гадагшаа тэмцээнд явах болохоор энэ тамирчинг хас, энийг яах гэж авч явж байгаа юм бэ гэх зэргээр ханддаг. Ядаж бэлтгэл дээр ирээд хэн ямар форумтай байгааг хардаг бол хамаа алга, бид хүлээн зөвшөөрнө. Тийм атал тамирчнаа арван хуруу шигээ мэддэг дасгалжуулагч бидэнд олон улсын тэмцээнд хэнийг авч явахаа мэдэх эрх байдаггүй. Ард түмний татварын мөнгөөр биднийг явуулж байгаа хэрнээ зардал өндөр байна, аль болох хас гэж тулгадаг. Хэрвээ авч явсан тамирчин амжилт гаргаагүй бол бурууг багш нар руу чихнэ, амжилт гаргавал холбооны гавьяа болоод дуусдаг.

Одоогийн байдлаар чөлөөт бөхийн төрөлд олимпийн есөн эрх авчихсан байгаа. Тэгэхээр энэ шийдвэрийг холбоо гаргачихвал та нарын санал хамааралгүй болох нь ээ?

-Хэн олимпод оролцохыг зөвхөн дасгалжуулагч багш нар л шийднэ. Хэрвээ холбоо санал зөрчилдөх юм бол бид үнэхээр хүлээцтэй байж, дуугүй өнгөрч чадахгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Олимпийн дэвжээнд Монголын нэрийг дуурсгах жүдогийн тамирчдаа төр засаг анхаарч байна уу” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин” 2016 оны тавдугаар сарын 02-ны өдрийн шинэ дугаараа уншигчдадаа хүргэж байна. Өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн ярилцлага, нийтлэл, сурвалжлагаас онцолж, тоймлон танилцуулъя.

“Өдрийн сонин” даваа гариг бүрт “Танайд өнжье” буланг хүргэдэг уламжлалтай билээ. Энэ удаа кофены бариста хийдэг нэгэн бүсгүйг онцолж, кофены соёлын тухай хөөрөлдсөн юм. Нэг, 12, 13 дугаар нүүрээс дэлгэрүүлэн уншаарай.

УИХ Үндсэн хуулийн Цэцийн тавдугаар дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Гэвч “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага аваад байгаа. Энэ талаар болон тус эвслийн бүлгийн дотоод асуудлын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Шударга бус шийдвэр нь “Шударга ёс” бүлгээс гарахыг шахаж байна” хэмээн ярилаа. Ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншина уу. Мөн түүнчлэн МУИС-ийн багш, доктор, профессор Ж.Баттөрийн ярилцлагыг 11 дүгээр нүүрээс унших боломжтой. Тэрбээр “Хятад улс профессорууддаа жилийн 120 мянган ам.долларын цалин өгч байна” хэмээсэн юм. БНХАУ яагаад эрдэмтэн, профессорууд, шинжлэх ухааны салбараа анхаарч эхэлсэн талаарх энэхүү сонирхолтой ярилцлагыг эрхэм уншигч та бүхэн тольдоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрт “Олимпийн дэвжээнд Монголын нэрийг дуурсгах жүдогийн тамирчдаа төр засаг анхаарч байна уу” нийтлэл гарлаа. Өнгөрсөн долоо хоногт Монголын жүдо бөхийн холбоо Риогийн олимпод оролцох тамирчдынхаа нэрийг албан ёсоор олон нийтэд зарласан юм. Төр засгийн зүгээс эдгээр тамирчдыг дэмжиж, эдийн засгийн талаас нь анхаарал хандуулбал яасан юм бэ, сонгууль, наадам, АСЕМ гэж байтал Риогийн олимп залгана шүү дээ хэмээн энэхүү нийтлэлд бичсэн байна.

Манай сонины сурвалжлах хэсэг орон нутагт томилолтоор ажиллаад ирсэн юм. Энэ удаа Төв аймгийн Архуст суманд ажиллаж, нэгэн харамсалтай хэргийн талаар уншигчдад хүргэж байна. Тус сумын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Энэ хэргийн талаарх сурвалжлагыг долдугаар нүүрт хэвлэлээ.

Өнөө цагийн шилдэг гэсэн 12 бөхийн халз барилдаан өнгөрсөн амралтын өдөр болсон билээ. Энэ барилдаанд Улсын арслан Н.Батсуурийн ахалсан баг түрүүлсэн юм. Гэхдээ тэдний багийн Э.Оюунболд, заан М.Өсөхбаяр нарын бөхчүүд багийнхнаа чирч, сайн барилдан энэхүү амжилтыг үзүүлжээ. Энэ тухай сонирхолтой бичлэгийг 17 дугаар нүүрт нийтэллээ. Эдгээр онцлох материалаас гадна “Америкийн монголчууд” булан өнөөдөр ээлжит дугаараа хүргэж байна. Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ “Монголыг дэлхийд таниулах арван минут буюу Монте Карлогийн хүрэл алиалагч АНУ-д” хэмээх тэмдэглэл сурвалжлагыг ирүүлсэн юм. 19 дүгээр нүүрээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ шинэ долоо хоногт эдгээр асуудлыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016.04.29-ний өдрийн хурлаар батлав.

2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-ООС 06-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 02-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их эзэн Чингис хаан танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Жич: Шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдааныг зарлан хуралдуулна.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 02-ны Даваа гарагт:

    • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
    • Монгол Улсын батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;
    • Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 419 тоот өрөөнд;
    • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    • Гэр бүлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
    • Санхүүгийн зохицуулах хорооны 2015 үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бэлтгэл хангах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
    • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд;
    • Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас “Г” танхимд.

    05 дугаар сарын 03-ны Мягмар гарагт:

    • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
    • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
    • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
    • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

    05 дугаар сарын 04-ний Лхагва гарагт:

    • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд.

    ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    05 дугаар сарын 03ы Мягмар гарагт:

      1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

      Хэлэлцэх асуудал:

      • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
      • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
      • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
      • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
      • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
      • Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
      • Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
      • Бусад.

      2.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа “Их эзэн Чингис хаан танхим”-д:

      Хэлэлцэх асуудал:

        • Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хууль сахиулах тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах тухай /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/хамт өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

        3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

        Хэлэлцэх асуудал:

        • Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
        • Хэмжил зүйн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
        • Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан.

        4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

          Хэлэлцэх асуудал:

            • Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, эсхүл тогтоосон тусгай цэг байгуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай.

            5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

            Хэлэлцэх асуудал:

            • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
            • Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

            6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас“Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

            Хэлэлцэх асуудал:

            • Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

            7.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

            Хэлэлцэх асуудал:

            • “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тайлантай танилцах. 8.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд: Хэлэлцэх асуудал:
            • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар 4 гишүүн 2015.03.25-ны өдөр Худалдааны тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
            • Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонсох.

            05 дугаар сарын 04ий Лхагва гарагт:

              1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

              Хэлэлцэх асуудал:

              • Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд.

              2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

              Хэлэлцэх асуудал:

              • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
              • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
              • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
              • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
              • Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санал;
              • Бусад.

              ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

              05 дугаар сарын 04ий Лхагва гарагт 09.00 цагаас:

                • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/үргэлжилнэ.

                05 дугаар сарын 05, 06ы Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

                • Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/;
                • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
                • Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох;
                • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт;
                • Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
                • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Хэмжил зүйн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
                • Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санал;
                • Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
                Categories
                онцлох-нийтлэл туслах-ангилал

                Бороотой, салхи шуургатай өдрүүдэд хэрэглэхээр хадгалж сураарай

                Монголчууд бид маргаашдаа зориулан хуримтлал үүсгэж ер сураагүй ард түмэн юм. Эрүүл мэндийн асуудал гарвал, гэнэтийн чухал асуудал босч ирвэл хэрэглэнэ гэдэг ч юм уу, эсвэл өнөөдрийн олсон арван мянган төгрөгийнхөө 100 төгрөгийг ч болов цаашаа хийнэ гэсэн сэтгэлгээ бидэнд огт алга. Энэ нь бидний монгол хэлний санд үүнтэй утга нийлэх хэлц үг байдаггүйгээс харагдана. Саяхан гаднаас ирсэн албаны хүн монголчуудад энэ талаар лекц уншихдаа ийм утга бүхий үгийг орчуулж хүргэх гээд дүйцэх утга олоогүй гэнэ лээ. Уг нь англи хэлний “Save for a rainy day” гэсэн хэлц л дээ. “Бороотой өдрүүдэд хэрэглэхдээ зориулж хадгал” гэсэн утгатай. Харин бид энэ талаар туршлага сэтгэхүй ч байхгүй, дагаад хадгалж ч сураагүй ард түмэн юм. Хуучны хөгшчүүл үнэ хүрэх хатуу эдийг хэцүү үед хэрэглэнэ гэж хаа нэг үг унагадаг ч амны бэлгээ бодоод төдийлөн ярьж хэлдэггүй байлаа. Гэвч бидний энэ дадал сайныг авчирсангүй.

                Нүүрснээс олсон хөрөнгөтэй мөнгөтэй байх үедээ бид хадгалж хуримтлуулсан нь үгүй. Байгаагаа хувааж идэж тараагаад таарсан. Гэтэл гадны улс орнууд баялгийн сан гэж байгуулаад орлоготой үедээ хадгалж, хэцүүдсэн үедээ ашиглаж байна. Харин бид хоцорсон хойноо, алдсан үедээ л ойлгох юм. Сүүлийн үед банкууд хуримтлалын үйлчилгээ санал болгож байгаа нь үүнтэй холбоотой. Банкууд ч үүнийг эрт мэдэрч, ийм үйлчилгээ гаргаж байсангүй. Хүмүүс ч санаж байсангүй. Харин банкууд мөнгө нь татарч, хүмүүс мөнгө нь хомсодсон үедээ хуримтлалын талаар ярих боллоо. Ямар ч байсан хожуу гэсэн ойлгож эхэллээ, бид. Бороотой, салхи шуургатай жихүүхэн өдрүүдэд хэрэглэхээр хадгалж эхлэх минь.

                Categories
                онцлох-нийтлэл туслах-ангилал

                А.Билгүүн: Манай уул уурхайн хувьцааны үнэ 2016 он гарсаар 40 хувиар өссөн

                MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа. Тэрээр Канад улсын Сент меригийн их сургуулийг санхүүч мэргэжлээр төгсч, Канадын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын банкираар ажилласан туршлагатай аж.

                -Компаниа танилцуулахгүй юу?

                -Манай компани гадаад хувьцаагаа гаргасан Монголын хайгуулын болон олборлолтын компаниудад санхүүжилтийн зөвлөгөө өгдөг. Мөн дотоодоос гадны биржүүд дээр үнэт цаас арилжих, худалдан авах сонирхолтой компаниудад зөвлөгөө өгч байна.

                -Манайхан хэр хэмжээний хувьцаа гадны биржүүдэд гаргасан бол?

                -Яг Монголд байгаа хөрөнгөөр гаргасан хувьцааны хувьд багагүй тоо гарна. Гэхдээ тоог тодорхой хэлэх боломжгүй. Заримдаа үнэ нь буураад, өсөөд байдаг учраас тогтмол тоо хэлж болдоггүй. Австрали, Торонто, Лондонгийн биржүүд дээр ихэнх хувьцаа гардаг. Хамгийн том нь мэдээж манай Оюу толгойн хувьцаа. Оюу толгойн хувьцаа дөрвөн тэрбум ам.долларын үнэлгээтэй байна. 2-20 сая хүртэл ам.долларын үнэлгээтэй жижиг компаниуд ч бий.

                -Манай уул уурхайн компаниудын ханш ямар байна?

                -Нефтийн хайгуулын лиценз эзэмшдэг “Петро матад” гэж компани бий. Амжилттай сайн явсан ч үе бий. Хувьцааных нь үнэ уналттай байсан ч үе бий. Ер нь хувьцааны үнэ байнга өөрчлөгдөж байдаг. Манай барилгын салбарт хөрөнгө оруулсан Канадын компани тухайн үедээ хойт Америкийн зах зээлээс 180 сая ам.доллар босгож байсан. Одоо тус компанийн хувьцаа 16 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа. Харин манай хайгуулын лицензтэй компаниудын хувьцааны үнэ он гарснаас хойш 20-40 хувь өссөн.

                -Дотооддоо үнэгүйдээд, гадаадад өсөөд байдаг нь ямар учиртай юм бол?

                -Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Эхнийх нь манай улс уул уурхайн салбарт эерэг хандлага үзүүлж, уул уурхайн салбарын хуулиудад хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлсэн. Оюу толгойн ажил төвөггүй урагшилж эхэлсэн. “Хан ресурс”-ын маргаан арбитрын шүүх дээр шийдэгдэж нааштай тохиролцоонд хүрсэн зэрэг мэдээлэл хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлсний улмаас манай хувьцааны үнэ өсч, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Ер нь томоохон биржүүдийн индекс дэлхий даяар өсч байгаа. Том компанийн ашиг нэмэгдээд ирэхээр уул уурхайд хөрөнгө оруулах сонирхол нэмэгддэг. Ийм шалтгаануудаас болоод манай хувьцааны үнэ өсч байна.

                -Том хөрөнгө оруулагчид манай хувьцааг тоох уу?

                -Том хөрөнгө оруулагч нар манай хувьцааг маш сайн тандаж байдаг. Канадын багш нарын тэтгэврийн хөрөнгө оруулалтын Анториогийн сан гэж томоохон сан байдаг. Манай Оюу толгойн хувьцааны тодорхой хэсгийг авсан.

                -ММС компанийг юу гэж харж байна?

                -Энэ компани ганцаараа ийм асуудалд ороод байгаа юм биш л дээ. Дэлхийн том нүүрсний акулууд ийм асуудалтай тулгарч байгаа. Нүүрсний үнэ унаснаас болж томоохон төслүүдийн санхүүжилт хүндрэлд орж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нүүрсний хамгийн том компани “Пибоди” дефолт зарласан. ММС компанийн хувьд бол гарц байгаа гэж найдаж байна. Хөрөнгө оруулагч нартайгаа зөвшилцсөний үндсэн дээр зээлийн нөхцөлөө өөрчлөх. Эсвэл бүтцийн өөрчлөлт хийх гээд олон арга байдаг. Бүр дампуурах болоогүй байх.

                -Бүтцийн өөрчлөлт гэдэг нь?

                -Зээлээ өөрийн компанийн хувьцаагаар солих арга байдаг. Зээлдээ өөрийн компанийн тодорхой хэмжээний хувьцааг өгч, зээлдэгч тал хувь эзэмшигч болох замаар асуудлыг шийдэж болно.

                -Нүүрсний үнэ ойрын хугацаанд өсөхгүй гэсэн таамаг яваад байна.

                -Надад цөөхөн баримт байна. Нүүрсний үнэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах олон улсын шийдвэр. Өнөөдөр дэлхий нийт эрчим хүчнийхээ 30 хувийг нүүрснээс гаргаж авч байна. Томоохон эдийн засагтай АНУ, Англи, БНХАУ, Энэтхэг, Япон зэрэг орнууд нүүрсний хэрэглээгээ танаж эхэлсэн. Өндөр хөгжилтэй АНУ зэрэг орнууд хөгжиж буй БНХАУ, Энэтхэг мэтийн орнуудыг нүүрсний хэрэглээгээ бууруулахыг шаардаж байгаа. Бас хэрэглээгээ бууруулсан нөхцөлд санхүүгийн тусламж үзүүлж байна. Жишээлбэл он гарснаас хойш Дэлхийн банк БНХАУ-ын Хэбэй мужид эрчим хүчээ нүүрсний гаралтай бус хэрэгслээр шийдэхэд зориулж 500 сая ам.долларын зээл олгосон. Нүүрсний үнэ унах бас нэг шалтгаан бол нефтийн үнийн уналт. Нефтийн үнэ буурахаар тээврийн зардал буурна. Тээвэр тэргүүтэй дэд бүтцийн үнэ буурахаар нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ. Энэ өрсөлдөөн бас нүүрсний үнэ буурахад нөлөөлж байгаа.

                -Дэлхийн эрчим хүчний 30 хувийг гаргадаг нүүрснээс тийм ч амархан салчихгүй биз дээ.

                -Нэг амьсгаагаар сална гэж байхгүй л дээ. Нүүрсний үнэнд нөлөөлөх бас нэг зүйл бол занар, хийн хувьсгал гэж АНУ-д яригдаж байгаа. АНУ-д нефтийн хэрэглээ жаахан буурч, занар хийнийнх нь нэмэгдэх хандлагатай байна.

                -Хөрөнгө оруулалтаа нэмэх ямар арга байна?

                -Эхний арга нь экспорт хийх. Дараагийнх нь хөрөнгө оруулалт татах. Ийм хоёр зам бидэнд байгаа. 2012 оноос хойш зээл хэлбэрээс хөрөнгө оруулалт хийсэн. Өмнө нь нүүрснээс багагүй ашиг олж байсан. 1992 оноос хойш ихэнх хөрөнгө оруулалтыг уул уурхайд хийсэн байдаг. Харин хайгуулын лицензүүдийг зогсоосноор хөрөнгө оруулалт үндсэндээ таг зогссон байдаг. Манай хайгуулын лицензтэй компаниудын хувьцаа өсөөд байна гэдэг нь гадныхан манай хайгуульд хөрөнгө оруулах сонирхолтой байна гэсэн үг. Энэ сонирхлыг нь дагуулаад дотооддоо зөвхөн зэс, алт биш бусад үнэт металлын хайгуульд лиценз олгож эхэлбэл дэлхийн хөрөнгө оруулагч санхүүгийн байгууллагуудын сонирхолд нийцэх байх. Хайгуул хийсэн зардлыг хөрөнгө оруулагчид өөсдөө гаргана. Төрөөс нэг мөнгө гаргахгүй эрсдэлээ өөрсдөө үүрнэ.

                -Хайгуулын компаниуд нутгийнхантай учраа олох гэж том асуудал үүсдэг байх?

                -Хуульд өөрчлөлт орсон. Гадныханд нэг их давуу байдал олгосон зүйл байхгүй. Орон нутагтай хамтран ажиллах заалт орсон. Орон нутгийн сан байгуулах. Гэхдээ орон нутгийг буруутгах хэрэггүй юм билээ. Мэдээжийн хэрэг орон нутагт хайгуул хийсэн хөрөнгө оруулалтаас орон нутагт юу ч үлдэхгүй бол хэн ч хайгуул хийлгэхийг хүсэхгүй. Хуульд ийм өөрчлөлт орсон. Одоо хэрэгжүүлэх нь чухал.

                -Монголчуудыг хөрөнгө оруулагчид сонирхож байна гэсэн мэдээ маш их гардаг. Гэхдээ л хөрөнгө орж ирэхгүй байгаа нь юунд байна?

                -Уул уурхайд хөрөнгө орж ирэхгүй байгаа нь улс төрийн тогтворгүй байдал.

                -Харин ч манайх тогтвортой гэдэг орны жагсаалтад ордог биз дээ?

                -Хуулийн тогтвортой орчин байх хэрэгтэй. Нэг нам нь гарч ирээд өмнөх хуулиа өөрчлөөд унадаг. Ерөнхий сайдаа байнга огцруулна гэж заналхийлдэг. Хамгийн тод жишээ бол 2011 оны сүүлээр УИХ-ын баахан гишүүн Ерөнхий сайдад хөрөнгө оруулалтын хамгийн том зүтгүүр болсон Оюу толгойн Монголын талын хувийг нэмэх шаардлага тавьсан.

                -Монголын тал хувиа нэмэх нь буруу юу?

                -Буруу биш. Гэхдээ гэрээ байгуулахдаа ярих ёстой асуудал. Монголын тал 34 хувийг эзэмшинэ гэж гэрээ байгуулчихаад гэнэт нэг өглөө тал хувийг нь авна гэж болохгүй биз дээ. Тэгвэл нөгөө хөрөнгө оруулах сонирхолтой дараагийн хэсэг нь энэ бүхнийг хараад хөрөнгөө барьж ирэхгүй. Оруулчихаад дараа нь дээрэмдэх юм байна гэсэн ойлголт төрнө биз дээ. Монголын тал гэнэт хувиа нэмэгдүүлэх тухай шаардлага тавингуут тэр оройдоо Оюу толгойн хувьцааны ханш унаж байгаа байхгүй юу. Энэ нь хэнд ч ашиггүй. Тэр тусмаа монголчуудад л илүү хорлонтой тусна. Эдийн засаг улс төрөөс хүчтэй хараат болсон энэ цагт улс төрчдийн болчимгүй хэлсэн ганц үг ямар ч компанийг дампууруулах эрсдэлтэй.

                Х.БАТТӨГС