Categories
мэдээ нийгэм

249 мянган га талбайд буудай тариалжээ

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Тавдугаар сарын 27-ны байдлаар 249 мянган га-д улаанбуудай, 10.9 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 8.1 мянган га-д төмс, 2.9 мянган га-д хүнсний ногоо, 1.9 мянган га-д малын тэжээл, 11 мянган га-д тосны ургамал, нийтдээ 283.8 мянган га-д тариалалт хийж 73.7 хувийн явцтай байна.

Үр тарианы тариалалт 78.2 хувь, төмс 60.3 хувь, хүнсний ногоо 40.7 хувь, тэжээлийн ургамал 12.0 хувь, тосны ургамлын тариалалт 43.6 хувьтай өмнөх оны мөн үеийн түвшинд хэвийн явагдаж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8,5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1,7 мянган тонн шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147,7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7,9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

Categories
мэдээ нийгэм

Хаалттай байгаа замууд

Гандийн гудамж

  • Уг замын хойд урсгал буюу Home Plaza дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 00:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл хаасан. Тухайн хугацаанд замын урд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. 2016.05.30- 2016.06.05 хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж урд урсгалыг хаана.

Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хорооллын урд зам

  • Тухайн замыг урсгал урсгалаар хэсэгчлэн хааж суурийн дахин боловсруулалт, асфальтбетон хучилтын ажил хийж байна. 2016 оны 05 дугаар 23-ны 23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарн 29-ний 23:00 цагийн хооронд Home Plaza дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав захын уулзвар хүртэл авто замын урд урсгалыг бүрэн хаасан. Тухайн хугацаанд замын хойд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. 2016.05.30-2016.06.05 хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж нөгөө урсгалаа сөөлжлөн нээнэ.

Чингэлтэйн авто зам

  • Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ны 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.
Categories
мэдээ нийгэм

Машин угаалгын газруудыг торгожээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто угаалгын газруудад шалгалт хийжээ. Шалгалтад авто замын дагуу байрлалтай нийт 80 машин угаалгын газар хамрагдсан байна. Авто угаалгын газруудаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, хог хаягдал тээвэрлүүлэх гэрээ хийгээгүй, ойр орчиндоо мод тарьж, зүлэгжүүлэлт хийгээгүй, авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандартын зарим хэсгийг зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 2 880 000 төгрөгийн торгууль ногдуулж, 67 авто угаалгын газрын эздэд нийт 261 заалт бүхий “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Мөн “Авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага” стандартад өөрчлөлт оруулах, авто машины угаалгын газарт гүний ус, шугамын цэвэр ус ашигладаг байдлыг зогсоох, ашигласан усыг цэвэршүүлэн дахин ашигладаг болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Мисс Б.Гүнзаяа “Photo model of the world 2016” тэмцээний III байрт шалгарчээ

Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон авьяаслаг бүсгүй бий. Тэдний нэг нь “Miss Mongolia 2014” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорч байсан Б.Гүнзаяа юм. Тэрбээр дэлхийн хэмжээний “Photo model of the world 2016” тэмцээнд оролцож Монголынхоо нэрийг өндөрт гаргажээ. Тус тэмцээн нь Турк улсын Bodrum хотод зохион байгуулагдсан бөгөөд мисс Б.Гүнзаяа 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, гуравдугаар байрт шалгарч, “Elegance miss” номаницийн эзэн болсон байна. Түүнийг энэхүү тэмцээнд оролцоход “Мисс Монгол аялал” жуучлалын тэргүүн мисс Б.Гантогоо дэмжлэг тусламж үзүүлжээ. Багаасаа загварын тайзнаа хөл тавьсан Б.Гүнзаяа ИЗИС-ийн хууль зүйн сургуулийг энэ хавар төгсчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэддээ хийн бөмбөлөг авч өгөхгүй байхыг анхааруулж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбогдуулан БНХАУ-ын зүгээс хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

БНХАУ өнгөрсөн жилийн хоёрдугаар сард энэхүү хийн бөмбөлөгүүдийг худалдаанаас бүр мөсөн гаргаснаа мэдэгдэж байсан боловч худалдаа эрхлэгчид зарж борлуулсаар байгаа юм. Хүүхдүүдийн анхаарлыг татдаг тус хийн бөмбөлөгнөөс болж олон хүүхэд түлэгдэж, зарим нь эрэмдэг болон үлджээ. Учир нь бөмбөлөгийн хажууд хэн нэгэн этгээд тамхиныхаа ишийг унтраалгүй хаях, эсвэл ил гал гаргахад л бөмбөлөг дэлбэрдэг аж. Тодруулбал тус бөмбөлгүүдийг азотын хийгээр хийлдэг учир ийнхүү дэлбэрдэг юм байна.

Манай улсад ч энэ төрлийн хийн бөмбөлгүүдийг одоо болтол борлуулсаар байгаа учир эх үрсийн баяраар хүүхдүүдээ ийн хийн бөмбөлөг авч өгөхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Ханбаатарыг шүүх хурлыг ирэх сарын 15 хүртэл хойшлууллаа

Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн оны есдүгээр сард олон нийтийг цочирдуулсан аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Т.Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.

Энэ хэрэгт буруутгагдаж байгаа Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд шүүх хурал нь өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч прокурор гадаад улсад томилолттой байгаа тул хэргийг ирэх сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Залуусын 87 хувь нь улаанбурханы вакциныг хийлгэжээ

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацаа өнөөдөр дуусна. Нэмэлт дархлаажуулалтад улсын хэмжээнд 545 580 хүн хамрагдаж, 87.4 хувьд хүрчээ. Дархлаажуулалтад Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн залуус идэвхтэй хамрагдсан байна.

Энэ удаагийн дархлаажуулалтад 18-30 насны 624 000 залуусыг хамруулахаар төлөвлөсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Чингисийн талбайн хоёр талын замыг түр хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 6 сарын 01-ний өдөр болно. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан зургадугаар сарын 1-ний өдрийн 08:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун, зүүн тал, Амарын гудамж буюу Туушин зочид буудлын урд тал, Тагнуулын Ерөнхий газрын урд зам, Ус цаг уур орчны шинжилгээний газраас Төрийн ордны баруун тал хүртэлх замуудын хөдөлгөөнийг түр хаана.

Энэ өдөр Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст, Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд Чингисийн талбай хүртэл өглөөний 08:00 цагт үнэгүй явна. Иргэд зорчигчид та бүхэн энэ өдөр Драмын театрын урд талбай, Спортын төв ордны урд талбай, Байгалийн түүхийн музейн урд хэсэг, Хангарди ордны гаднах зогсоол гэх мэт ойролцоох зогсоолуудад машин, тээврийн хэрэгслээ байршуулан замын хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийсэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хил хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийг хаана.

Учир нь “Монгол-Хятадын боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрт
заасны дагуу орон даяар өргөн тэмдэглэдэг, тухайн улсын үндэсний
хэмжээний баяраар хоёр тал хилийн боомтуудаа хаадаг журамтай.

Ийнхүү хил хаах нь галт тэрэг болон нисэх онгоцт хамаарахгүй бөгөөд эдгээр тээврийн хэрэгсэл хуваарийн дагуу зорчино.

Categories
мэдээ нийгэм

Батсүмбэрийн асрамжийн газрын өндөр настнуудад бэлэг өгчээ

Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмадуудын асрамжийн газарт “Нано Интернэйшнл” компанийнхан энэ сарын 25-ны өдөр очсон байна. Тэд асрамжийн газрын хүний нөөцийн менежертэй холбогдон урьдчилсан мэдээлэл авсан учраас тэнд байгаа 125 ахмадад зориулан бэлэг бэлтгэжээ.

Тус компанийн хамт олон өндөр настнуудад очиж байгаа учраас цагаан сүүний дээж барихаас гадна өөрийн компанийн Монголд оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдээсээ авч очсон байна. Тэд “Corega” хиймэл шүд цэвэрлэгч, “Seni” брэндийн асаргааны живх, дэвсгэр, шампунь болон арьс нөхөн сэргээх бүтээгдэхүүнүүдийг зориулан авч очжээ.

Асран хамгаалах хүмүүс байхгүй, үр хүүхдүүдээсээ хол, нүдэнд нь гунигийн сүүдэр буусан хөгшид өдөр тутмын хэрэгцээндээ нийцсэн бэлэг аваад тун их баярлаж байгаагаа тэдэнд илэрхийлжээ. “Урт наслаарай”, “Буян нь дэлгэрэг”, “Яасан ачлалтай хүүхдүүд вэ” гэж баярласан сэтгэлээ илэрхийлж байсан тэд дараа дахин ирэхийг уриад үлдсэн байна.