Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч, төрийн шагналт, академич Ж.Хайруллатай уулзаж хөөрөлдлөө.
-Монгол Улсад анх удаа орос эмч мэс засал хийсэн гэдэг бил үү?
-Улаанбаатарт буюу Да Хүрээнд 1924 онд Оросын их эмч П.Н.Шастин хожмоо ардын жүжигчин болсон Нямын Цэгмидийн толгой дээр бугласан хатгийг хагалан эдгээж, мэс заслын анхны эмчилгээг эхэлснээр өнөөгийн Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болтлоо 90 гаруй жилийн түүхт замыг тууллаа. Монголын эрүүлийг хамгаалахын салбарын түүхэнд тодорхой нэртэй, мөртэй бахархам түүхийг ахмад үе маань бүтээсэн. Эх орондоо төдийгүй гадаадын олон оронд алдар нэрээ мөнхжүүлсэн академич В.Ичинхорлоо, Т.Шагдарсүрэн, дэд хурандаа Дамбийням нарын алтан гарт эмч, эрдэмтдээрээ бид бахархдаг юм. Мэс засалчийн мэргэжлээр олон олон эмч мэргэжилтэнг сургаж бэлтгэснээр Монголын өргөн уудам нутгийн өнцөг булан бүрт аж төрж байгаа ард олондоо шаардлагатай тохиолдол бүрт мэс заслын тусламж үзүүлж, эмчилгээ хийх боломж бүрдсэн нь сайн хэрэг шүү. Гэвч, сүүлийн хорь гаруй жилд Монголын эрүүлийг хамгаалах салбар болоод түүний үйл ажиллагаа нийгмийн хөгжлийн өнөөгийн шаардлагын түвшнээс ихээхэн хоцрогдож байгааг түмэн олон шүүмжлэн хэлэлцдэг болсоор удлаа.
-Бодвол, эрүүл мэндийн салбарын халуун тогоонд буцалж буй та бүхэнд шүүмжлэл тов тодорхой мэдрэгддэг болов уу?
-Ард түмэн тов тодорхой хэлдэг. Утас, зүү нийлүүлж сураагүй хүн хувцасныхаа товчийг хадаж чаддаггүйтэй адил халаад өмсөж, чагнуур барьж үзээгүй хүн үхэл, амьдралын зааг дээр мэддэг бүхнээ дайчилж, хүнд бэрх бүхэнтэй улаан нүүр тулан тэмцдэг мэс засалчийн ажлын хүндийг ойлгохгүй. Хүний амь насны төлөө тэмцэж байгаа, адармаатай бэрхшээлтэй ажил үйлсийг бүтээж байгаа эмч нарын ажил мэргэжлийг энэ талын ямар ч мэдлэггүй хэн нэгэн этгээд онолоор, бодлогоор зохицуулж чадах уу, үүнээс ямар үр дүн хүлээх вэ гэж хүмүүс толгой сэгсрэн асуудаг боллоо. Байдал олны нүдэн дээр ийм тодорхой байсаар байтал “Бодлогын удирдлагаар хангана” гэдэг бурангуй шийдвэрээр эрүүлийг хамгаалах салбарыг удирдуулдаг улс Монголоос өөр байдаг юм уу. Өчүүхэн ч мэдлэг боловсрол үгүй мөртлөө дуртай нь аргагүй очиж ажлыг нь нураагаад явж байгаа, тэрэндээ огтхон ч сэтгэл нь өвдөхгүй явдаг гол төлөв УИХ-ын гишүүн байсан албан тушаалын донтой нөхдийг хүн зон ямраар үнэлж байгааг өөрсдөө мэддэг байлтай. Тэд ямар сонирхлоор мэдэхгүй салбар руугаа зүтгэнэ вэ. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэгчээр эрүүл мэндийн салбарын удирдлага ийм байхад харьяа эмнэлэг салбаруудын үйл ажиллагаа ямар байх нь тодорхой.
-Таныхаар чухамдаа ямар байна гэж бодож байна?
-Мэс засал хийлгэсэн, хүүхэд төрүүлсэн, ханиад томуу хүндэрсэн, улаанбурхан, салхин цэцэг туурсан зэрэг өвчлөлөөр өвчлөгсөд “Эмч нарын буруугаас болж нас барж байна” гэж гомдоллох нь олшрох төлөвтэй. Энгийн жишээгээр хэлэхэд мэс засалч эмчийн ажлыг дотрын эмч хүн удирдан зална, мэс засалчийн зовлонг бусад хүн яс махаараа мэдэрнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Чаддаг ч бай, чаддаггүй ч бай дарга байх нь дээд удирдлагын сайдуудын сэтгэхүйтэй агаар нэг байгаа нь даан ч эмгэнэлтэй. Олны дотор чадварлаг, боломжийн сайн дарга нар байхыг үгүйсгэхгүй ч хэрээ мэдэж ажлаа оролдвол гарах үр дүн нь сайжрах биш үү. Монгол хүний тоо эрс нэмэгдэж хүн амын бөөгнөрөл нягтрал ихэссээр байгаа өнөөгийн нөхцөлд маш чухал шаардлагатай болсон эмнэлгийн тусламжийн голлох нэгэн салбар болох мэс заслаар эмчлэх салбар, түүний эмч ажилчид дэндүү өрөвдөлтэй байдалд орсныг хүний эмчээр, бас эмчийн сургуульд багшаар ажилласаар нэгэн жарныг ардаа орхисон ахмад эмч миний бие үзсээр, мэдсээр байж эвлэрэн сууж чадахгүй нь.
-Насны хярд гарч, алдрын дээдийг хүртсэн эрхэм буурал та юуны учир бухимдах болов?
-Энэ ямар учиртай вэ гэвэл мэс засалч эмч нар бүхий л эмч нартай адил өвчтнүүдийг нарийн шалгаж, асуумж байцаалт авч, чагнан, алхаар тогших, гараар илж тэмтрэх, ам хамар, нүд чихийг нь үзэх, лабораторийн ба дүрс оношилгооны үзүүлэлтүүдийг үзэж харж эмчилгээ бичихээс гадна хутга мэс барьж, цус нөж, идээ бээр, өтгөн шингэнтэй хутгалдах, өөрөө аюулт өвчнөөр давхар өвчилдөг эрсдэлтэй байдаг. Мэргэжлийн ийм өвөрмөц онцлогтой байдгаараа бусад мэргэжлийн эмч нартай адилтгаж үзэх боломжгүй байдаг. Тэгээд ч зогсохгүй унтуулга, наркозонд байнга өртөж байна. Ер нь эмч нарыг их ачаалалтай байдаг тайван цагийн байлдагч нар гэдэг бол мэс засалч эмч нар бол тэдэн доторх хамгийн их ачаалалтай байнгын тушаалтай байлдагч нар мөн л дөө. Арьс өнгөний, дотрын, мэдрэлийн, нүдний, хамар хоолойн төрөлжсөн мэргэжлийн эмч нар өдөр ажлаа хийчихээд, жижүүргүй л бол гэртээ амгалан тайван амарч байхад мэс засалч эмч мэс засал хийсэн л бол тухайн өвчтөн хөл дээрээ босож явтал сэтгэл тайвширна гэж байдаггүй байнгын түгшүүртэй байдаг мэргэжил. Мэс засалч эмч гэртээ хариад чиг тайван байна аа гэдэг үлгэрийн далай. Дараагийн дуудлага, хагалгаанд цаг ямагт бэлэн байна.
-Мэс засалч эмчийн ажил ч үнэхээр хүнд юм байна шүү?
-Хүндээр барах уу даа. Ялангуяа тархи, зүрхний мэс засал хийх гэдэг олон өдөр хоног бодол сэтгэлийн хямралтай явдаг юм шүү дээ. Бие сэтгэлээр туулсан хүн энэ үгийг хэлж байна. Мэс засал хийх үеийн багаж төхөөрөмжийн хангамж, тохиромж, өвчтний биеийн дархлаа, тэнхээ тамир, нас, хүйс, наркоз, унтуулгын ачаалал, мэс хагалбарын тусгал нөлөө зэрэг олон зүйл эмчийн сэтгэлийг зовооно. Өдөр бүр тав, зургаагаас доошгүй яаралтай хагалгаа хийгддэг, тархины харвалттай өвчтөнүүдийг хүлээж авдаг мэс заслын эмч, сувилагч нар өдөр шөнө ялгалгүй хагалгаанд орсоор байгаад бүтэн ганц ч өдөр амарч чаддаггүй нь үнэхээр аймаар, өрөвдмөөр. Хэчнээн ядарч зүдэрч байвч цаанаа хүний амь насыг хамгаалж байгаа шүү дээ гэж бодож л сэтгэлээ тэжээж явах юм даа. Ийм их ачаалал дарамтын доор амьдардаг мэс заслын эмч сувилагчдын ахуй хангамж, авдаг цалин, тэтгэвэрт гарах нас зэрэг нь харьцангуй хөнгөн ажилтай бусад мэргэжлийн эмч нар, төрийн албан хаагчид зэрэг байгууллагынхантай яг адилхан байдаг нь хүмүүнлэг нийгэмд баймгүй мөн чиг ноцтой зөрчил мөн шүү.
-Та мэс засалч эмчийн цалин хөлсийг бусад мэргэжлийнхэнтэй шууд жишээлж яривал ойлгомжтой юм биш үү?
-Шүүгчид сардаа гурваас дөрвөн сая төгрөгийн цалин авч байхад эрдэнэт хүний амь, насыг аврахын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж яваа, адилхан тангарагтай эмч нар ямар цалинтай байгааг харьцуулж үздэг, анхаарч үздэг шударга, ёс зарчмыг баримталдаг хүн өнөөдөр Монголд байна уу. Үүнд лав л эмч, багш нар итгэхээ больжээ. Мэс заслын эмчилгээ шаардагдах тархи, нугас, зүрх судасны төрөлхийн ба олдмол гажгууд, элэг, ходоод, тархи нугас, сав суулганы хавдар, тархины харвалт, нуруу нугалмайн өвчнүүд, хамар нармай, хоолой, нүд, чихний өвчлөл, тархи нугас, үе мөчний гэмтэл зэрэг өвчин жилээс жилд өсөн нэмэгдэж байхад цаг алдалгүй мэс заслын тусламж үзүүлэх ёстой байгууллагууд нь багаж төхөөрөмж дутуу, байгаа нь эвдэрхий, эмчийн тоо хүрэлцэхгүй байна. Хөдөлмөр хамгааллын талаар ярих ч юм байхгүй. Орны тоо хүрэлцээгүй учир оочер дараалал замбараагаа алдлаа. Цалин даан ч бага байна гэх мэтээр гачигдал зовлон тоочоод сууж байгаа нь хэвшмэл байхад энэ байдалд эмнэлгийн дарга нар нь ч, эрүүл мэнд хариуцсан яамны удирдлага ч дассан байдалтай цочирдохоо ч байж “Ажлаа хий, амжилт гарга” гэж хий хуурай уриалаад суудаг болж. Х.Тэмүүжин, Ц.Нямдорж, Дорлигжав, С.Нарангэрэл, Лүндэндорж нар шиг ажлаа мэддэг, хуулиа хүндэтгэдэг, салбарын ажилтнуудаа хайрлаж чаддаг эзэнтэй яам салбарууд цалингаа нэмэгдүүлж, амьдралаа төвхнүүлж чадаж байхад төрүүлсэн эцэг эх нь хэдийнэ төөрүүлээд хойд эцэг эх болсоор эзэн ч үгүй болсон өнчин салбарын цус нөж, идээ бээртэй холилдож, үхэгсдийн нулимсан далай дунд хөвж яваа өнчин хэдэн эмч сувилагчдад хэн гар сунгаж зоос хайрлах билээ дээ.
-Та ч аргагүй л элэг эмтэрч, зүрх зүсэгдмээр гашуун үнэнийг айлгүй хэлж байх шив?
-Би одоо юунаас айж эмээж суух билээ. Хүнд хагалгаанд ороод ядарсан муу эмчид аяга цай, атга чихэр өгчихвөл авлига, хээл хахуульд ороогдон “жаргал”-аа эдэлнэ. Мэс заслын мэргэжлийн эмч, сувилагч нар хар цай, бор талхны төлөө бие хайрлахгүй зүтгэсээр, тэтгэврийн насандаа ч хүрэлгүй өвчин зовлонд баригдаж, тахир дутуу болж, амь насаа алдаж байгаа тохиолдол цөөнгүй байна. Монголын толгой цохих алдартай мэс заслын эмч нарын олонх нь тэтгэвэртээ ч гаралгүй бурхан болсон ердөө л ажил, амралтгүй зүтгэснийх нь гор шүү дээ. Зурагтаар “Эзэнгүй төрийн эмгэнэл” гэдэг үг байн байн сонсогдох болсон нь өнөөгийн эрүүл мэндийн салбарын ажил амьдралтай яв цав тохирно. Яамыг удирдах сайд,орлогч нар нь дутуу байгаа ч харьяа эмнэлгүүд нь хөөрхий ажлаа хийсээр, ард түмэндээ үйлчилсээр байгаа. Анхаарууштай нэг зүйл байгаа нь мэс заслын үйлчилгээ бүхий эмнэлгүүдийн дарга, орлогч нар нь бүхэлдээ өөр мэргэжлийн улс дотрын, эрүүл ахуйн гэх мэт эмч нар байгаа нь мэс засалч эмч, сувилагч нарын зовлонг өөрсдийнхөө хүрээгээр ойлгохоос мэс засалчдын хэмжээнд ойлгох нь өдий юм.
-“Зуд болбол хуц ухнын толгой дээр” гэгчээр намчирхлын гай л танай салбарын удирдлагыг нэрвээд нэрмээд байгаагийн гай юм болов уу?
-Ер нь мэс заслын үйлчилгээ бүхий эмнэлгийн дарга нар өөр мэргэжлийн хүн байна аа гэдэг чинь эрүүл мэндийн салбарын сайд нь өөр мэргэжлийн хүн байхтай агаар нэг зовлон юм. Дурангаар хагалгаа хийхэд гэрэл нь бүдгэрээд байхын зовлонг дотрын эмч хүн, мэс засалч эмчтэй яг адилхан төсөөлөхгүй. Санаа зовлоо гэхэд бага зовно. Ийм жишээ олон бий л дээ. Харьцуулаад бодоход эмч нарын нарийн зовлонг эмч биш зүтгэлтнүүд, Их хурлын гишүүд эмч нартай адил ойлгодог гэж үү. Баян хүн ядуугийн зовлонг, ухна ишигний зовлонг ойлгодоггүй гэдэгтэй л адил юм болж байна шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарын төлөө сэтгэлээ чилээх чин сэтгэлтний хувьд та төр засагт уламжлах ямар санаа бодол тээж явдаг бол?
-Эрүүлийг хамгаалах салбарын яамны сайд, Төрийн нарийн бичгийн даргын албанд мэргэжлийн мэдлэг өндөр зохион байгуулагч хүнийг ойрын хугацаанд томилж өгөөч ээ гэж юун түрүүнд хэлмээр байна. Албан тушаалын мөрөөдөлтэй хэн нэгэн биш ард түмнээ, ажил төрлөө гэсэн чин сэтгэлтэй, үнэн зүтгэлтэй хүнийг олж тавиасай билээ гэж залбиръя. Улаанбаатар хотын эмнэлгүүд дээр хавсарга тасаг болж буй мэс заслын тасгуудыг нэгтгэн эмхэтгэж Мэс заслын өвчин судлалын үндэсний төвийг Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг дээр байгуулах хэрэгтэй байна.
-Тэгж нэгтгэсний ач холбогдол юу байна?
-Ингэж нэгтгэснээр байнга дутагдаж байдаг мөртлөө энд тэнд ганц нэгээрээ байгаа оношилгоо, эмчилгээний багаж, аппарат, лаборатори, дүрс оношилгооны төхөөрөмжүүдийг өгөөж сайтай, хэмнэлттэй ашиглах боломж бүрдэхээс гадна олж авах, зардал гарздах боломж бий болох юм. Цаашлаад сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулах боломж нэмэгдэнэ. Эмч, ажилчдын тоо, чанарын өөрчлөлтүүд эрс нэмэгдэнэ. Хамгийн гол нь мэс заслын тусламж үзүүлэх үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, орны ашиглалтыг сайжруулж, оочер дараалал багасч, чирэгдэл үүсэх нөхцөл алга болж, эм-эмийн зүйлсийн хүрэлцээ хангамж сайжрах юм. Мэдрэлийн мэс засал, нуруу нугасны мэс заслын харьцангуй хүнд ачаалалтай байдаг, өдөр сараар өсөн нэмэгдэж байгаа онцлог байдлыг харгалзан эмч, сувилагчдын ажлын байрны орон тоо, өвчтөнүүдийн орны тоог нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байгаа. Нийт ажилчдын ахуй хангамж, цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй бол энэ салбарт ажиллагсад жилээс жилд цөөрөх аюул буйг ч бодолцох нь зүйтэй. Дурдан байгаа эрэлт хүсэлтүүдийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороодод өргөн мэдүүлж, гарах болоод гарсан үр дүнгийн талаар Монголын мэс засалч эмч нарын холбоонд хэлэлцэн цаашдын ажиллах чиглэлийг тогтоох хэрэгтэй гэж бодож байна даа.
-Ярилцлагын төгсгөл болгож та юу хэлмээр байна?
-Эмнэлгийн шинжлэх ухаан гэдэг хамгийн нарийн нандин бүтэцтэй, түвэгтэй, зарим асуудал нь өнөөгийн шинжлэх ухааны хөгжил ололтоор ч шийдэгдэхгүй байгаа онцлог салбар мөн учир сандал ширээ, цалин цавуунд шунасан хэн нэгний өчүүхэн сэтгэлгээгээр, зарим ахархан ойлголттой мэргэжлийн хүний бодлоор шийдвэрлэгдэж, хэрэгжчихдэг ч шинжлэх ухаан биш гэдгийг төрийн жолоо болсон эрхэм ноёд, хатагтай нар ухварлаж ойлгоосой гэж өвгөн эмч би чин сэтгэлээсээ хүсье дээ.