Categories
мэдээ нийгэм

Зүрх судасны эмгэгийн талаар зөвлөлдөж байна

“Зүрхний эмгэгийн
сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт үндэсний сургалт Эрүүл
мэнд спортын яаманд болж байна. Зүрх судасны эмгэг нь сүүлийн 20 жилд хүн
амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт орж байгаа нь манай
улсын эрүүл мэндийн салбарын анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа
учир уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, зүрхний архаг дутагдлын үеийн сувилахуйн
тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Уг
сургалтад, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ДЭМБ-ын Монгол дахь
Суурин төлөөлөгч Су Нюнт У, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дарга
Ц.Төмөр-Очир болон нийт 160 гаруй төлөөлөгчид оролцлоо. Сургалт хоёр өдөр
үргэлжлэх бөгөөд сувилагч, мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээний
бүтээлээ хэлэлцүүлж , Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний
шигдээсийн тасаг, Эрчимт эмчилгээ Яаралтай тусламж, сэргээн засах тасгуудад
зүрх судасны өвчний үеийн сувилахуйн цогц шийдэл дадлага сургалт
хийж сургалтын дараа хамтарсан зөвлөмжийг гаргахаар болжээ.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон 2016” тэмцээний бүртгэл эхэллээ

Улаанбаатар марафон олон улсын бүх нийтийн гүйлтийг зургадугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн хоёр төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ.

Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км, бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд явуулах марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулах юм байна. Тодруулбал 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10 000 метртийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм. Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг туулах юм байна.

Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, гуравдугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Сонирхогчдийн гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, хоёрдугаар байрыг 400.000 төгрөгөөр, гуравдугаар байрыг 300.000 төгрөгөөр, 5000 метрийн зайн гүйлтийн нэгдүгээр байр 300.000 төгрөг, хоёрдугаар байрыг 250.000 төгрөг, гуравдугаар байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнах юм байна. Мөн тэмцээний бүх төрөлд 4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. Марафонд оролцох хүсэлтэй иргэд www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ”газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.”, 38.5-д “Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ.” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалж хөрөнгө босгох боломжийг газар эзэмшигчид олгосон.

Харин газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “газар эзэмших эрх”-ийг буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд хуулийн дагуу “газар эзэмших эрх”-ийг барьцаалсан этгээдийн эрхийг хэрхэн хангах талаар хуульд тусгагдаагүй. Тиймээс барьцаалагчийн эрхийг хангах, хамгаалах зохицуулалтыг Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай гурван зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн нэгдүгээр зүйлээр барьцаалагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ Газрын тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болсон бол уг гэрчилгээг барьцаалагч нь тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг давуу эрхтэйтэйгээр мөн хуулийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасны дагуу эзэмших эрхтэй гэж заасан байна.

Мөн барьцаалагч нь тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг зориулалтын дагуу эзэмших аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй бол давуу эрхээ тухайн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг болон явуулах этгээдэд шилжүүлэх боломжийг мөн хуулийн төсөлд тусгажээ. Учир нь газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байж болох юм.

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалыг Хууль зүйн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан яамдаас болон холбогдох төрийн бус байгууллагаас санал авч тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйл буюу “Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” гэсэн зүйлээр зохицуулагдаж байсан харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, мөн зүйлийн дөрөв дэх хэсгийн заалт нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг дэх зарчимтай зөрчилдөж байгаа юм байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэх нь талаар тодорхойгүй байдал үүсэж, захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах зохицуулалтуудыг тусгажээ.

Хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хууль хоорондын зөрчил арилж, хуулийг нэг мөр хэлбэрэлтгүй дагаж мөрдөх боломжтой болж хууль зүйн хариуцлага буюу шийтгэл гарцаагүй, үр нөлөөтэй болно гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАХН сонгуульд дангаараа оролцоно гэв

МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд дангаар оролцох болсон тухайгаа мэдээллээ. Тэрбээр “Хуулийн тодорхой хугацаанд нам, эвслүүд сонгуульд ямар байдлаар оролцох вэ гэдгээ мэдэгдэх ёстой байдаг. Тиймээс МАН, МАХН-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч МАН 19-ны өдөр орой 21,30 минутын үед дангаараа сонгуульд орно гэж бага хурлаараа шийдсэн. Сонгуульд эвсэл болж орох тухай асуудлыг 29-нд эцэслэн шийднэ гэсэн хуулийн заалт байгаа учраас бид МАН-д уриалга гаргасан. Тэр уриалга нь “Хоёр нам сонгуульд эвсэж орох тухай асуудлыг эргэн харж, яаран битгий шийдээч, энэ сонгууль улс орныг хүнд хэцүү байдлаас гаргахад үүрэгтэй” гэдгийг сануулсан юм. Харин өчигдөр МАН шийдвэрээсээ эргэж, буцахгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. Тийм учраас МАН өөрөө санаачилгаараа МАХН-тай энэ сонгуульд эвсэж орохгүй гэсэн байр сууртай байна. Тодруулбал, МАН анхнаасаа МАХН-тай эвсэж орох хүсэлгүй байсан нь батлагдлаа” гэсэн юм.

Түүнчлэн “Ногоон намтай эвсэх гэсэн боловч Ногоон нам Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвсээд тамгаа барьцаалчихсан гэж дуулсан. Тиймээс Ногоон намтай эвсэх тухай асуудлыг дахин яриагүй. Өчигдрийн байдлаар ИЗНН-тай эвсэх тухай асуудлыг ярилцаж намын дарга С.Оюун, Ц.Ганхуяг нартай уулзсан. Ц.Ганхуяг дарга нь манай намтай эвсэх сонирхолтой байгаа. Ажлын хэсэг байгуулсан гэдгээ ч хэлсэн.

Харин С.Оюун, С.Дэмбэрэл дарга нь өөр, өөр байр суурьтай байгаа юм билээ. С.Оюун даргын хувьд Ардчилсан намтай нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс өөр намтай эвсэх тухай асуудлыг дэмжихгүй байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд бид ойлголцоод, энэ асуудал мухарлагдсан. Бид хуульд нийцүүлээд өчигдөр орой 17.00 цагаас Бага чуулганаа хуралдуулаад дангаараа сонгуульд оролцоно гэсэн байр сууриа баталгаажуулаад бичиг баримтаа бэлдсэн. Маргааш СЕХ-нд энэ асуудлаа албан ёсоор хуулийн дагуу өргөн барина. МҮАН-ынхан хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдаад ирэх сонгуулиар “Шударга ёс” эвслийн бүлгийг энэ хэлбэрээр нь хадгалах боломжгүй гэж үзсэн байдаг. Сүүлд албан бусаар уулзахад өөр намтай эвсэх тухай яригдаж байгаа бол бид гуравдагч юмуу, дөрөв дэх нам болж хамт орох саналтай байна. Нэгэнтээ МҮАН энэ хэлбэрээрээ сонгуульд оролцох боломжгүй гэж зарласан учраас бид хамтарч оролцохгүй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Оюутнууд сургалтын төлбөрөө зээлэх боломжтой боллоо

“Сайдын цаг” уулзалтаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцлоо. Тэрээр Боловсролын багц хуулийн талаар мэдээлэл хийв. БСШУЯ-наас “Сайн хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж сайн үнэлгээ аваад буй. Тэгвэл “Сайн оюутан” хөтөлбөр батлагджээ. Уг хөтөлбөр батлагдсанаар оюутнууд зээлд хамрагдах боломжтой болсон гэдгийг онцоллоо.

Тэрээр ““Сайн оюутан” хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм” гэлээ.

2016 оны тавдугаар сарын 2-ноос хэрэгжиж эхлэх уг хөтөлбөр нь оюутанд зээл олгох боломж олгож байгаагаараа онцлог юм байна. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай аж.

Нэгдүгээрт, дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг таван хувь болгон бууруулна.

Энэ тохиолдолд: Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх, Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх, төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх, зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх гэсэн шаардлага тавих аж.

Хоёрдугаарт, Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдах юм байна.

Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь таван хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртлэх хугацаанд эргэн төлүүлэхээр тусгажээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

С.Дали, П.Пикассогийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ

С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш болноНэрт зураач С.Дали болон П.Пикассо нарын эх бүтээлүүдийг анх удаа дэлгэх үзэсгэлэнгийн нээлт маргааш болох гэж байна. “С.Дали ба П.Пикассо” нэртэй үзэсгэлэнг Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээх юм. . ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрин хувийн цуглуулгаасаа алдарт зураачдын эх бүтээлийг Монголын ард түмэнд дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг танилцуулна.

Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын бичил уурхайд нэг хүн амиа алджээ

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны задгайд “Марал-Мичид-Од” ХК-ийн эдэлбэр газрын ард иргэн Э-гийн бичил уурхайн аманд хүн дарагдаж нас барсан хэрэг гарлаа. Энэ тухай дуудлага өчигдөр өдрийн 15:15 цагт ОБЕГ-т иржээ. Улмаар 14 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 40 метрийн гүнээс 15:56 цагт иргэн 22 настай Ш-г хүчил төрөгч дутагдаж нас барсан байсныг гаргасан байна. Улмаар цогцсыг нь тус дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн моорогт шилжүүлжээ.

Мөн иргэн 34 настай, эрэгтэй Р-ийг уурхайн ажилчид гаргаж ирсэн бөгөөд ухаангүй байдалтай байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, Эрүүл мэндийн нэгдэлд хүргэжээ. Налайх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн, 37 настай Э-ийн уг уурхай нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах худалдаалж эхэлжээ

Булган аймагт нөөцийн махаа худалдаанд гаргаж, үхрийн махыг 6000 төгрөг, хонины махыг 5500 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Дээрх нөөцийн махыг Булган аймгийн төв болон зургаан багийн дэлгүүрүүдэд худалдаж байгаа аж.

Нөөцийн махыг өнгөрсөн гуравдугаар сард худалдаанд гаргах байсан ч махны үнэ тогтвортой байсан учир ийнхүү хойшлуулаад байсан юм. Харин нийслэл хотын хувьд нэр бүхий хоёр компанийн бэлтгэсэн нөөцийн махыг гуравдугаар сарын дундуур худалдаанд гаргасан бөгөөд Баянзүрх дүүрэг дэх “Цэцэн хангай”, “Жавхлант”, “Цастын өвөр” дэлгүүр, “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүд, “Дүүхээ” худалдааны төв, “Баясах” супермаркет, “Friendly mart” сүлжээ дэлгүүрээр жижиглэнгээр худалдаалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Загасчилж яваад амиа алдсан хүмүүсийн завийг олжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр
нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь
хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан.

Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг
Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид олжээ. Мөн тэдний
унаж явсан завийг олсон байна. Үлдсэн гурван хүний цогцос одоо хүртэл олдоогүй,
эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв