Categories
мэдээ улс-төр

Эмчид хариуцлага тооцох заалтыг өөрчлөх санал хүргүүлэв

Эмч, эмнэлэгийн ажилтнууд өнгөрсөн мягмар гаригт Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 дүгээр заалтыг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгуулсан билээ.

Тус заалтад эмч нарыг ажлаа хийх явцдаа хүнд бэртээсэн, амь насыг нь хохироосон тохиолдолд 80 сая төгрөгөөр торгож эмчлэх эрхээ гурав хүртэлх жил хасуулах, эсвэл 2-8 жилийн хорих ял тусгаж өгсөн юм. Энэ хэтэрхий шоронжсон хууль байна гэдгийг эмч нар хэлж байгаа билээ. Тэд эмч нарын гэм бурууг эрүүгийн биш иргэний хуулиар шийдэх ёстой хэмээн хуулийн заалтыг өөрчлөхийг шаардаж буй юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нар хамтран, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачилж, санал авахаар Засгийн газарт хүргүүллээ. Уг төсөлд эмч нарыг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбон 20-80 сая төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хорих ял шийтгэх заалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх саналыг оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэдийг хулгайн хэрэгт сэжиглэн баривчилжээ

Макаогийн цагдаагийн хэлтэс өнгөрөгч мягмар гарагт монголын долоон иргэнийг хулгай хийсэн хэрэгт сэжигтнээр татаж баривчилжээ. Энэ долоон хүнийг Сайн Паулын ойролцоох дэлгүүрээс хулгай хийсэн хэрэгт буруутгаад байна. Тус хотынцагдаагийн ажилтнууд сэжигтнүүдийг харсан даруйдаа хулгайчид мөн хэмээн таньсан тухайгаа хэвлэлийн хурлаар мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Эклерт хордсон 79 хүн хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ны өдөр “Нью свийт фүүдс” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлж буй. Энэ сарын 25-ны өдрийн 16 цагийн үед “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 45 хүн хоолны хордлого авч эмнэлэгт хандаж, тэдний 27 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж тухай мэдээлсэн билээ. Тэгвэл хордлого авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр буй аж.

Өнөөдрийн байдлаар хордлого авсан хүмүүсийн тоо 128 болж, 79 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.Хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдэж байна. Тиймээс “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Мишээл экспо төвд барилгын бүх төрлийн үйлчилгээ, материал, үл хөдлөх хөрөнгийн биржийг төвлөрүүллээ

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн хоёр дахь салбар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Мишээл экспо төвийн “Мишээл барилгын Их дэлгүүр”-т туршилтаар ажиллаж байна. Тус нэгдсэн төв нь 1336 м2 талбайтай, Үйлчилгээний танхим, өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, банк, ёслол хүндэтгэлийн тайз, сервер, хяналтын камер, хурлын өрөөнүүд, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Мишээл экспо дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Тус төв нь иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд төвийн үйл ажиллагаатай холбогдуулан Монголын хамгийн анхны бүгдийг нэг дор нэгтгсэн Мишээл барилгын их дэлгүүр ажиллана. Мишээл барилгын их дэлгүүрт дэлхийн топ болон дунд түвшиний брэндийн барилгын материалын албан ёсны дистербьютер, диллер, үндэсний топ үйлдвэрлэгчдээс бүрдсэн нийт 120 гаруй шоурүүм болон орон сууц, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн төв бирж ажиллана. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Мишээл барилгын их дэлгүүрийн албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Генералуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1944 оноос Монгол Улсад цэргийн дээд цол хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал гэсэн цолыг олгож эхэлжээ. Харин 2006 онд хуулинд өөрчлөлт оруулснаар НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолыг олгож байна.

Цэргийн дээд цолыг олгож эхэлсэн энэ ойн өдөр генерал цолтнууд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, тэдэнд зориулсан хүндэтгэлийн жагсаал төв талбайд боллоо. Ийнхүү 12 дахь жилдээ генералуудад хүндэтгэл үзүүлж, Чингисийн талбайд цэцэг өргөлөө. Мөн генерал цолтнуудын хүндэтгэлийн уулзалт Төрийн ордонд болж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тэдэнд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Генералууд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, “Монгол генерал” төгөлийг байгуулна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар 170 генералтай. Тэдний хамгийн залуу нь 47 настай юм.

Манай улс Армийн генерал цолыг 1970 онд олгож эхэлсэн бөгөөд анхны мөрдэс Ю.Цэдэнбал, Б.Дорж нарт олгогджээ. Харин хурандаа генерал цолыг 1960-аад оноос олгож эхэлсэн Б.Цог, Ж.Лхагвасүрэн, С.Батаа, Ж.Авхиа, Б.Дорж, С.Равдан, Ж.Ёндон, С.Лувсангомбо, Б.Дэжид нар хүртсэн байна.

Дэслэгч генерал цолыг 1944 оноос олгож эхэлсэн ба анх Бүх цэргийн жанжны 1 дүгээр орлогч Ж.Лхагвасүрэн, МАА-ийн Улс төрийн газрын дарга Ю.Цэдэнбал нарын нийт 18 хүнийг шагнасан байна. Хошууч генерал цолыг 1944 оноос эхлэн нийт 113 хүнд олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага бичиг баримтуудыг хуурамчаар үйлджээ

Үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 50 жилийн ойг 2011 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн Монголын чөлөөт бөхийн холбоо 2009.03.14-нд хууль ёсны ээлжит Их хурлаа хийснээс хойш нэг л биш ээ. Баг тамирчид нь шинэхэн удирдлагаа хууль ёсны биш гэсэн ч гэх шиг, удирдлага нь тамирчдаа дарамталдаг, хөлс хөдөлмөрөөрөө дэлхийн дэвжээнээс авсан медалийг нь “Бид хахуульдан байж авч өгсөн” гэж доромжилсон ч гэх шиг, удирдлага нь шигшээ багийн дасгалжуулагчдаа шүүхэд өгсөн ч гэх шиг, Азийн аваргад оролцох тамирчид нь оролцож чадаагүйгээр барахгүй харь гүрэнд цагдан хоригдож байгаад эх орондоо эсэн мэнд ирсэн ч гэх шиг яриа гараад байсан.

Тэгвэл МЧБХ-ны ерөнхийн нарийн бичгийн дарга О.Баянмөнхийн тамирчдын визний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015.11.06-ны өдөр “Шүүгдэгч Монгол овогт Ойдовсамбуугийн Баянмөнхийг шууд санаатай хэлбэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай!” гэсэн заалттай тогтоол гаргажээ.

Гэтэл энэ холбооны шинэ удирдлагын хууль бус ажиллагааны тухай шинэ шинэ баримт илэрсээр буй ажээ.

1. Хууль ёсны иххурлынхаа тогтоолыг өөрчлөн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тухай

МЧБХ 170 гаруй төлөөлөгчтэйгөөр ээлжит Их хурлаа 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хуралдуулан дүрмээ баталж, шинэ удирдлагаа сонгосон байна.

Энэ их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: УИХ-ын гишүүн нэг, Хөдөлмөрийн баатар дөрөв, Ардын багш хоёр, Гавьяат дасгалжуулагч гурав, Гавьяат тамирчин 20, Олон улсын хэмжээний мастер 17, Олон улсын шүүгч 17, Олон улсын хүндэт шүүгч хоёр, Улсын шүүгч дөрөв, эрдэмтэн доктор тав оролцжээ. Анх удаа 21 аймгийн төлөөлөл оролцсон байна. Эндээс үзвэл өргөн ардчилалтай, сайн бүрэлдэхүүнтэй, ажил хэрэгч хурал болжээ.

Гэтэл 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн энэ Их хурлаар баталсан дүрмийн lV бүлгийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу 2012 оны арванхоёрдугаар сарын дотор хуралдах ёстой байсан Их хурлыг хуралдуулаагүй мөртөө 2013.11.25-нд МЧБХ-ны Удирдах Зөвлөлийн хурлаар 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн МЧБХ-ны Их хурлаар хэлэлцэн баталсан дүрмийг хууль бусаар өөрчлөн улмаар тогтоол гарган, хуурамч материалыг бүрдүүлэн Улсын бүртгэлд хүргүүлсэн байна.

Хуурамч материал гэдэг нь юугаар нотлогдох вэ гэвэл 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн Их хурлын үндсэн бичиг баримт болох таван тогтоолыг шинээр үйлдэн тус Их хурлыг даргалсан дархан аварга Х.Баянмөнхийн гарын үсгийг хуурамчаар зурснаас гадна 2009 оны эдгээр тогтоолд 2011 оны дөрөвдүгээр сараас хэрэглэж эхэлсэн шинэ тамгаа дарсан байна. Гэнэн ч юм шиг, тэнэг ч юм шиг.

Х.Баянмөнх аварга Монгол даяар танил болсон гарын үсгээ тухайн үед нь зурж байсан бөгөөд тогтоолууд дээр тэр үедээ хэрэглэж байсан тамгыг дарах ёстой. Бусдын гарын үсгийг хуурамчаар зурсан энэ үйлдэл л гэмт хэрэг мөн юм.

Бас “2011 оны тавдугаар сарын 16-ны өдрийн Их хурлаар хэлэлцэн батлав” гэсэн өөр нэг дүрмийг УБЕГ-т бүртгүүлжээ. Үнэн нь гэвэл энэ өдөр МЧБХ-ны ямар ч Их хурал болоогүй юм.

Энэ мэт байдлаас харвал МЧБХ одоогоор хэдэн дүрэмтэй, аль нь үнэн дүрэм болох нь тодорхойгүй бололтой.

2. Нэг огноотой, хоёр хурлаар баталсан гэхзаалт нь зөрөөтэй дүрмүүд

“МЧБХ-ны УЗ-ийн 2013.11.25-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав” гэсэн нэг дүрэм байна. Гэтэл МЧБХ-ны үүсгэн байгуулагчдын 2013.11.25-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав” гэсэн бас нэг дүрэм байж байх юм. Эндээс үзвэл нэг өдөр хоёр өөр хурал болж, хоёр өөр дүрэм баталсан гэлтэй.

Сонирхолтой нь дээрх нэг огноотой, хоёр хурлын баталсан дүрмүүд нь үндсэндээ нэг дүрэм мөртөө заалтууд нь зөрөөтэй ажээ. Тухайлбал, нийтэд тараасан болон сайт дээрээ тавьсан дүрэмд уг дүрмийн үндсэн эх дээрээ байгаа 1.9, 4.1, 4.2 гэсэн заалтууд, 5.6-д үүсгэн байгуулагч гэх үг байхгүйн дээр уг заалтад “Үүсгэн байгуулагч”-ийг чөлөөлөх, нөхөн бүрдүүлэх гэсэн туйлын хачирхалтай заалт оруулжээ. Мөн 6.5-д …50 хүртэлх хувийн өөрчлөлт оруулж болно” гэсэн нь эх дүрмээсээ 20 хувиар илүү байх жишээтэй.

УЗ-ийн 2013.11.25-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав” гэсэн дүрмийн нэн гайхалтай бас нэг заалт бол “Монголын Чөлөөт Бөхийн Холбоо 2009 оны гуравдугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан болно” гэсэн гажиг заалт юм.

Энэ ер нь юу гэсэн үг вэ? Өмнөх үеийн 50 жилийн түүхийг хэн ингэж баллуурдаж зүрхэлнэ вэ? Тэр өмнөх үеийнхэн чинь холбоогоо байгуулаад, ажиллуулаад, амжилт, ялалтад хүрээд, тив, дэлхийн аваргууд, олимпийн медальтнуудаа төрүүлээд ирсэн биз дээ? Ингэж дураараа дургиж болдог л юм байх даа. Энэ байдлаас харвал энэ ээдрээтэй хоёр дүрэм нь хууль бус гэдэг нь тодорхой байна. Учир нь аливаа байгууллагын их хурлаар баталсан дүрмийг их хурлаар л өөрчлөх ёстой болохоос хэн нэгэн үүсгэн байгуулагчид гэх нөхөд, ямар нэгэн УЗ өөрчлөх эрхгүй юм. Гэтэл 2009.03.14-нд их хурлаар баталсан дүрмийг нэг бол УЗ, нэг бол үүсгэн байгуулагчид өөрчилсөн болж таарч байна.

3. Иххурлаас сонгосон УЗ-ийн гишүүд, дэд ерөнхийлөгч нараа өөрсдөд нь мэдэгдэлгүй сэм хуссан тухай

2009 оны ээлжит Их хурлын тогтоолуудыг хуурамчаар дахин үйлдэхдээ МЧБХ-ны УЗ-ийн гишүүд, дэд ерөнхийлөгчөөр Их хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар сонгогдсон Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Н.Бүргэдаа, А.Басхүү, Х.Баттуул, Л.Ням нарын гишүүдийг хассан тогтоол болгон хувиргажээ.

Өөрийгөө хуссан энэ тогтоолд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх өөрөө гарын үсгээ зурсан мэтээр хуурамчаар гарын үсгийг нь зурсан байх юм. Яаж ингэж чаддаг байна аа?

Энэ хуурамч тогтоол гэгчээр УЗ-ийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөсөө хусуулснаа дээрх алдартнууд одоо хэр нь мэдээгүй яваа нь харамсалтай ч, өрөвдөлтэй ч ажээ.

Х.Баянмөнх аварга гэхэд УЗ-ийн гишүүн, дэд ерөнхийлөгч бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн даргынхаа хувьд хөдөлмөрч бөгөөд хариуцлагатай хүн болохоор идэвхтэй сайн ажиллаж байсан байж таарна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдов аварга УЗ-ийн хурлуудад өөрийгөө гишүүн гэж бодон оролцсоор ирсэн байдаг. Хамгийн идэвхтэй, чин сэтгэлээсээ ажилласан УЗ-ийн гишүүн бол Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаа юм. Тэрээр хандиваа өргөсөөр ДАШТ-ээс медаль хүртсэн бөхчүүддээ хувиасаа орон байр өгсөөр ирснийг монголчууд бүгд мэднэ.

Мөн ихэд идэвх чармайлттай ажиллаж явсан УЗ-ийн гишүүн ОУХМ Х.Баттуул бол 2011, 2012 оны УАШТ болон “Mon­golian open” тэмцээнийг ивээн тэтгэн сайн зохион байгуулан ажилласныг чөлөөт бөхийн хамт олон нь сайн мэднэ. СХУ-ны доктор Л.Ням ч эрдэмтэн хүнийхээ хувьд судалгаа шинжилгээний ажлаа идэвхтэй хийсээр ирсэн байна.

МЧБХ гэдэг том айлыг хүнд хэцүү үед нь олон жил нэр төртэй авч явсан Монол Улсын гавьяат дасгалжуулагч А.Басхүү УЗ-ийн хуралд суулгадаггүй байсныг үл тоон Шүүгчдийн зөвлөлийн даргынхаа ажлыг чин сэтгэлээрээ хийсээр байсныг түүний санаачлан зохион байгуулж, өөрөө биечлэн удирдсан 2010, 2011 оны шүүгчдийн сургалт семинар, ОУ-ын шүүгчийн зэрэг ахиулах, шинээр авах шүүгчдэд зориулсан сургалт, 2010 онд “Бөхийн барилдааны олон улсын дүрэм”-ийг орчуулан хэвлүүлж түгээсэн зэрэг бодит ажлаас харж болно.

Тэрээр дэлхийн хэмжээний зангарагтай хүн болохоо олонтаа харуулж байснаас ганц жишээг дурдахад 2009 онд Дани улсад болсон ДАШТ-нд оролцох манай багийн 55 кг, 66 кг, 84 кг, 120 кг-ийн жингийн бөхчүүд МЧБХ-ны зарим хариуцлагагүй нөхдийн буруугаас болж жин үзэлтээс хоцорсноос тэмцээнд оролцож чадахгүйд хүрээд байхад Олон улсын бөхийн холбооны Ерөнхийлөгчтэй Монголоосоо шууд утсаар ярьж эдгээр бөхчүүдийг барилдуулах зөвшөөрлийг авч чадсан байдаг. Өөр хэн ингэж чадах билээ.

Түүний бас нэг том ажил нь “Чөлөөт бөхийн сургалт, дасгалжуулалтын онол, арга зүй” хэмээх томоохон бүтээлийг туурвисан явдал бөгөөд энэ ном тэр жилийнхээ шилдэг номоор шалгарсан. Энэ бол Монголын чөлөөт бөхийн спортын анхны онол арга зүйн ном юм.

4. Хуучин холбоог шинээр “үүсгэн байгуулсан” тухай

Байгууллагыг үүсгэн байгуулна гэдэг нь шинэ байгууллагыг бий болгоно гэсэн үг. Гэтэл МЧБХ-ны 50 гаруй жилийн түүхтэй байгууллагаа 2009 онд “үүсгэн байгуулсан” мэтээр бас нэг хуурамч тогтоол гаргажээ.

Тухайлбал, МЧБХ-ны 2009 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн Их хурлын тогтоолыг шинэчлэн үйлдэхдээ “Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Сумъяабазар нарыг холбооны үүсгэн байгуулагч болохыг баталсугай гэжээ. Гэтэл үнэндээ МЧБХ энэ хоёр хүнийг төрөөгүй байхад үүссэн Монголын спортын ууган байгууллагуудын нэг шүү дээ.

Тэгэхээр энэ бол зүгээр л улаан цагаандаа гарсан дээрэм юм. Тус хурлаар “холбооны үүсгэн байгуулагч”-ийг батлах байтугай энэ талаар нэг ч үг, яриа гараагүй, ийм зүйлийг хэлэлцэх үндэслэл ч байхгүй нь хэнд ч ойлгомжтой.

Учир нь хуучин байсан байгууллага гэнэт өөрийгөө үүсгэн байгуулсан тухай солиотой хүн шиг юм ярьж болох уу? Энэ жишгээр бол нэгэн байгууллагын удирдлага шинээр сонгогдмогцоо тэр байгууллагынхаа үүсгэн байгуулагч болох юм байна л даа. Ухаандаа 2015 онд 20 гаруй жилийн түүхтэй Ардчилсан намын дарга болсон З.Энхболд тус намын үүсгэн байгуулагч болчихно гэсэн үг байна.

Доорх бүтэлгүй хүмүүсийнхээ ийм хууль бус үйлдлийг хууль тогтоогч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар мэдээгүй хэрэг үү, эсвэл өөрөө энэ бүхнийг зохион байгуулан хууль зөрчих хичээлийг монголчууддаа зааж байгаа хүн үү? Энэ тогтоол гэгчдээ бас л хурлын дарга Х.Баянмөнх аваргын гарын үсгийг хуурамчаар зуран, мөн тэр үеэс хоёр жилийн дараа хийлгэсэн тамгаа даржээ. Энэ үйлдлээрээ тэд Монголын ард түмний хамгийн хайртай, анхдагч спорт болох чөлөөт бөхийн хамт олныг дэндүү гэхэд дэндүү элэг барьж байгаа нь даанч харамсалтай.

5. Хуралд байгаагүй хүн үг хэлж, хурлын дарга протокол хөтөлсөн тухай

2009 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн МЧБХ-ны Их хурлын протоколд үг хэлснээр тэмдэглэгдсэн Ч.Дамдиншарав, Б.Гантогтох, Д.Ганбат нар уг хуралд ерөөсөө оролцоогүй, өөрөөр хэлбэл огт байгаагүй хүмүүс юм. Гэтэл байгаагүй хүмүүсийг үг хэлснээр тэмдэглэл хөтөлсөн хүн нь тус хурлыг удирдан даргалсан мөнөөх Х.Баянмөнх аварга ажээ.

Өөрөөр хэлбэл тэр протокол гэгчид бас л аваргынхаа гарын үсгийг хуурамчаар зурсан байна. Хурал даргалж байгаа хүн протокол хөтөлж амжихгүй бөгөөд аливаа Их хурал бичиг баримт бүрдүүлэх редакцийн комисстой байдаг нь нийтлэг зарчим байдаг. МЧБХ-ныхон энэ мэтээр дэндэнэ дэндэнэ гэхэд арай хэтэрч байгаа бололтой.

Эцэст нь хэлэхэд МЧБХ-ны өнөөгийн удирдлага гэх хэсэг бүлэг нөхөд Их хурал хуралдуулаагүй, Их хурлаас сонгогдоогүй хүмүүс бөгөөд хууль ёсны ээлжит Их хурлын шийдвэр тогтоолыг ийнхүү эрээ цээргүй өөрчлөн хуурамч бичиг баримт бүрдүүлэн гэмт хэрэг үйлдсээр яваа нь тодорхой байна.

Түүнчлэн Д.Сумъяабазар, Л.Чинбат нар дээрх хуурамч тогтоолуудаар МЧБХ-ны “үүсгэн байгуулагч”-аар томилогдсон нь хууль бус болжээ. Учир нь 2009 оны МЧБХ-ны их хурлаар үүсгэн байгуулагч томилох, сонгох асуудал огт яригдаагүй байдаг.

Гэтэл 1960 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ууган холбоодын нэг МЧБХ-ны үүсгэн байгуулагчаар Л.Чинбат, Д.Сумъяабазар нарыг хурлаар огт хэлэлцээгүй асуудлаар хуурамч тогтоол үйлдэн МЧБХ-г “өмчилж” өгсөн нь МЧБХ болон энэ спортын төлөө өөрсдийн сэтгэл, хичээл зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлтнүүд, алдартнууд, тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчдийг үл тоомсорлож уландаа гишгэсэн үйлдэл гэж үзэхээс аргагүй байна.

Улмаар “үүсгэн байгуулагч” хууль бусаар томилогдсон Л.Чинбат нь МЧБХ-ны их хурлыг хуралдуулалгүйгээр 2013 оны гуравдугаар сарын 19-ний өдөр холбооны “удирдах зөвлөл”-ийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай 35 дугаар тогтоол дангаараа гаргасан үндэслэлгүй юм.

Учир нь Л.Чинбатыг МЧБХ-ны УЗ-ийн гишүүдийг дангаар томилдог эрх хэмжээтэй “үүсгэн байгуулагч”-аар томилох асуудал 2009 оны МЧБХ-ны их хурлаар огт хэлэлцэгдээгүй ба хуурамчаар бичиг баримт үйлдэн байж ийнхүү “үүсгэн байгуулагч” болсон. Ийм ёс зүйтэй хүмүүс өдгөө МЧБХ-г “өмчилж” аваад удирдаад сууж байгаа нь дэндүү харамсалтай.

Ийнхүү хууль бус тогтоолоор томилогдсон Удирдах Зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн нэр бүхий хүмүүс хуралдаж 2013 оны тавдугаар сарын 01-ний 12 дугаар тогтоолоор Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон нь хууль бус үйлдэл болсон байна. Өөрөөр хэлбэл, хууль бусаар “үүсгэн байгуулагч”-аар томилогдсон этгээд эрх хэмжээгүй атлаа мөн л хууль бусаар удирдах зөвлөлийн гишүүдийг дангаараа томилж улмаар тухайн хууль ёсны эрх хэмжээгүй УЗ-ийн гишүүд Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр томилсон.

Б.БАТТУЛГА

Categories
мэдээ нийгэм

Цэцэг өвчний тархалт буурахгүй байна

Улсын хэмжээнд 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар мал, амьтны халдварт галзуу, боом, дуут хавдар, хорст салст, цэцэг, шүлхий зэрэг өвчин гарсаар байна. Мал амьтны гоц халдварт өвчний эсрэг төрийн байгууллага, агентлаг холбогдох арга хэмжээ авч байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Тиймээс МХЕГ-аас малын халдварт өвчинтэй тэмцэх, цаашид авах арга хэмжээний талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХХААЯ болон Мал эмнэлэгийн үржлийн газар, “Биокомбинат” улсын үйлдвэрийн газар, “Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн”, “ОБЕГ”, “Мал эмнэлэг, эмийн сорилт батлагаажуулалтын улсын лаборатори” зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцов. Энэхүү хэлэлцүүлгийг нээж МХЕГ-ын дэд дарга П.Ангараг үг хэлэхдээ “Өнөөдөр цэцэг өвчний тархалт зүүн бүсийн аймгуудад буурахгүй байна. Гэтэл цэцэг өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт өвчин учраас мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортод саад учруулах асуудал тулгарлаа. Зөвхөн цэцэг өвчин гэлтгүй мал, амьтны халдварт өвчний үед тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь ажлын уялдаа холбоо сул, нэгдсэн бодлого чиглэлтэй хийгдэж чадахгүй байгаа юм. Иймд төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулаж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учраас хэлэлцүүлэг хийхэд хүрсэн юм” гэдгийг онцолж байлаа.

Өнгөрсөн жил гэхэд 21 аймаг, нийслэлийн 860 сум дүүрэгт 28 төрлийн халдварт өвчин 1865 гарч, 15797 толгой мал өвчилж, үүний улмаас 3432 толгой мал хорогджээ. Түүнчлэн 236 малыг зайлшгүй шаардлагаар устгаж, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 38703,4 сая толгой мал хамруулсан байдаг. Гэсэн хэдий ч жилийн жилд халдварт өвчин гарч, хяналтад бүрэн авч чадахгүй байгаа шалтгаан нөхцлийн талаар хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид тал талаас нь авч хэлэлцэж санал бодлоо солилцсон юм. Тиймээс “Мал амьтны гоц халдварт өвчний эсрэг цаашид ямар арга хэмжээ” хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж Засгийн газар, Улсын онцгой комисс гээд холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Генерал цолтнуудын уулзалт боллоо

Генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд генерал цолтнуудын уулзалт Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Уулзалтад үе үеийн генералууд болон Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцов.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулж, Монгол Улсын цэргийн дээд генерал цол хүртсэн генералууд, энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэхүү тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэе гэлээ. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэндчилгээг уламжиллаа.

Засгийн газар улс орныхоо батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, цэрэг, цагдаагийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаад оролцох чадвар боломжийг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт онцлоод Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн улс орны аюулгүй байдлыг хангах, Зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн багц хуулийг баталгаажуулж хэрэгжүүлснээр төрийн цэргийн шинэчлэлийн нэгэн шинэ үе шат эхэлнэ гэж үзэж байна. Энэ үйлсэд генералуудын мэдлэг, дадлага туршлага, манлайлал үлэмж ач холбогдолтой гэдгийг тодотголоо.

Мөн тэрээр генералууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олондМонгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхныг ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Киноны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Киноны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс баримтлах соёлын бодлого”-д баримтат болон уран сайхны кино туурвих орчин нөхцлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт киноны салбарын үйл ажиллагаа, киноны эрх зүйн байдлыг хуульчлахаар заасан.

Дээр дурдсан үндэслэл шаардлага болон Монгол киног дэлхийн зах зээлд гарган өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мөн киноны салбарыг зах зээл, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Киноны тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Хуулийн төсөлд кино урлагийн салбарт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүн, хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын таатай орчин, урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх, Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгох, кино бүтээх зориулалтын тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварөөс чөлөөлөх, киноны салбарыг дэмжиж өгсөн хувь хүн, аж ахуйн нэгжийн хандив, хөрөнгийг орлогын албан татвараас чөлөөлөх зэргээр киноны салбарыг хөгжүүлэх, дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн хуулийн төсөлд киноны талаарх нэр томъёог нэг мөр цэгцэлж, киноны мэргэжлийн байгууллагуудын эрх зүйн байдал, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлсон байна.

Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж боловсруулсан бөгөөд Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслүүдийг хамтад нь боловсруулснаа өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хууль сахиулах тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Хууль сахиулах
тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж
эхэллээ. Ингэхдээ уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын Хууль зүйн байнгын
хороо, мөн ажлын хэсгээс оруулж ирсэн саналуудаар санал хураалгаж байгаа юм.

Хууль сахиулах тухай хуулиар хуулийн байгууллагуудын өөр, өөрийн
стандартаар явдаг стандартыг хүний эрхийг хамгаалахад чиглүүлэхэд оршиж байна.