Categories
мэдээ нийгэм

Аймгуудын прокурорын газрыг шалгана

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан иж бүрэн шалган туслах ажлын хэсэг 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 14-ны өдрүүдэд Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын прокурорын газруудад ажиллана.

Шалгалтын хүрээнд Прокурорын байгууллагын тухай хууль болон эрүүгийн хууль тогтоомж тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар, журмын хэрэгжилтийн байдал, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хяналтын ажилд гаргаж буй алдаа зөрчил, дутагдал, түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцлийг судалж тогтоох, 2014, 2015, 2016 оны 1-р улирлын байдлаар хийсэн ажилд нь дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлага зохион байгуулалт болон хяналтын ажлын чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын нэгэнд амарна. Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу ийн амрах аж.

Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын нэгний өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Иргэний улсын бүртгэлийн хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Хуулийн төсөлд иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх одоо мөрдөгдөж буй хугацааг хэвээр хадгалж, иргэний бүртгэлийн байгууллагаас баримт бичгийг хүлээн авч, бүртгэл хөтлөх хугацааг судалгааны үндсэн дээр, боломжит байдлаар тогтоож, бүртгэл тус бүр дээр хугацаа зааж, тодорхой болгосон байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлийн асуудлыг холбогдох бусад хуультай нийцүүлэх чиглэлээр бүртгэл тус бүрт өөрчлөлт оруулжээ. Мөн зарим төрөл (овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсний, гэрлэлт цуцалсаны, үрчилсний)-ийн бүртгэлд бүртгэлийн гэрчилгээг олгодог зохицуулалтыг хасч, зөвхөн төрсний, гэрлэсний, нас барсны бүртгэлд гэрчилгээ олгож байхаар шийдвэрлэж, бусад бүртгэлд зөвхөн лавлагаа олгодог байхаар зохицуулжээ. Түүнчлэн хүүхэд үрчилсний болон овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг хөтлөхөд Засаг даргын шийдвэрийг үндэслэдэг байсныг өөрчилж, хүүхэд үрчлэлтийн бүртгэлийг шүүхийн шийдвэрт үндэслэн, харин овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг улсын бүртгэгч бүртгэхээр тус тус тусгасан байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөний /байнга болон түр/ бүртгэлийн зохицуулалтыг нарийвчлан тусгасан бөгөөд 365 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг байнга шилжин суурьших, 365 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэж тодорхойлж, шилжилт хөдөлгөөнийг зөвхөн оршин суух газраа бүртгүүлдэг байхаар төсөлд тусгасан аж.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авсан юм. Иргэний улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн олонхи дэмжлээ. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв.

Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд хугацаат цэргүүд халагдана

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулж байна.

Засгийн газрын тогтоолоор ирэх сарын 1-15-ны өдрүүдэд 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татлагыг улс орон даяар зохион байгуулахаар БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ, орон нутгийн ЗДТГ бэлтгэлээ ханган ажиллаж байна. Цэрэг татлагыг зохион байгуулахад нийслэл, орон нутаг бүр харилцан адилгүй.

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно. Мөн 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халагдах нь энэ амралтын өдрүүдэд ажээ.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР

Баянгол дүүрэг- “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

Баянзүрх дүүрэг– 53 дугаар дунд сургууль

Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль

Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор

Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга боллоо

Өнөө өглөө “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, бүлгийн даргаараа О.Баасанхүүг сонгосон байна. Өмнө нь тус эвслийн бүлгийн даргын албыг хашиж байсан Н.Батцэрэг БОНХАЖ-ын сайд тул давхар албан тушаал хаших боломжгүй болсон ийн шийдвэрлэсэн аж.

Одоо УИХ-ын чуулган дээр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд танилцуулж, зарласнаар албан ёсоор баталгаажих юм.

Categories
мэдээ улс-төр

Маргаашаас иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Хуулийн дагуу маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн 60 хоногийн хугацаанд түр зогсооно.

Иймээс энэ сарын 30-наас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай. Мөн бичиг баримтын зөрчлөө арилгахыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас анхаарууллаа. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2016 оны зургадугаар сарын 29-ний Лхагва гариг байгаа. Тэгэхээр хуулийн дагуу 2016 оны зургаадугаар сарын 30-ний Пүрэв гаригаас эхлэн иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн хэвийн горимдоо орно.

Categories
мэдээ нийгэм

“Шударга сонгуулийн төлөө” эсэргүүцлийн цуглаан болов

jagsaalЧингисийн талбайд “Шударга сонгуулийн төлөө” эсэргүүцлийн цуглаан болж байна. Тус цуглааныг МАХН, МҮАН, ИЗНН-аас зохион байгуулж байгаа ба тэд сонгуулийг шударга явуулахад иргэдийн анхаарлыг хандуулахыг зорьжээ. Түүнчлэн МАХН-аас сонгуулийн хуулийн дагуу Үндэсний аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн боловч өчигдөр тус газраас МАХН-ын боловсруулсан мөрийн хөтөлбөр нь Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуультай нийцсэн тухай дүгнэлтийг албан ёсоор гаргуулжээ. Дээрхи шийдвэрийг МАХН-аас эсэргүүцэж байгаа ба Үндсэн хуулийн цэц нь улс төрийн нөлөөнд автаж, ижил төрлийн маргаанд хоёр өөр дүгнэлт гаргаж байна хэмээн үзэж ийнхүү жагсаж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг улстай хийсэн ялтан шилжүүлэх гэрээ ирэх сараас хэрэгжинэ

Монгол Улс Энэтхэг улстай ялтан
шилжүүлэх гэрээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Энэтхэгийн Гадаад
хэргийн яамны төлөөлөгч Викас Сваруп нар өнгөрсөн оны тавдугаар сарын
17-нд байгуулсан. Харин гэрээний хүчин төгөлдөр хугацаа ирэх сарын 18-нд эхлэх аж.

Одоогоор манай улсаас Энэтхэгт ял эдлэж байгаа иргэн байхгүй бөгөөд
эл гэрээг байгуулснаар Энэтхэг улсын иргэн Монголд болон Монгол Улсын
иргэн Энэтхэгт ял шийтгүүлэх тохиолдолд өөрийн оронд нь шилжүүлэн ялыг
нь эдлүүлэх боломжтой болох юм.

Гэрээнд хоёр тал итгэмжлэх жуух бичгээ барьсанаас нэг сарын дараа хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг бөгөөд өчигдөр хоёр тал жуух бичгээ өргөн барьжээ. Энэ талаар Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Викас Сваруп өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

МАХН Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа өгөв

МАХН 2016 оны сонгуульд дангаараа оролцоно гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын дэд дарга Э.Эрдэнэжамьяан болон холбогдох албаныхан өнөөдөр СЕХ-нд хүрэлцэн ирж 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө өглөө. Энэ үеэр МАХН-ынхан СЕХ-г шударга ажиллана гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. СЕХ намуудын мөрийн хөтөлбөрийг хянаад ирэх долоо хоногийн лхагва гаригт сонгуульд оролцох намуудыг зарлах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гардууллаа

Ардчилсан нам 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон холбогдох бусад бичиг баримтыг өнөөдөр морин цагт Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд гардууллаа.

Энэ үер тус намын дарга З.Энхболд намынхаа мөрийн хөтөлбөрийн талаар “Ардчилсан нам Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, бүртгүүлэх бичиг баримтаа мөн Үндэсний Аудитын газраар хянуулсан мөрийн хөтөлбөрөө хянуулаад Сонгуулийн Ерөнхий хороонд өглөө. Бид уламжлалаа баримтлаад, бэлэгдлээ эрхэмлээд их үйлсийг эхлүүлэх, бүтээн босгох, барилдлага төгөлдөр, биелэл учрал бүрдсэн өдрийг саатан хүлээж байгаад өнөөдөр өгч байна. Ардчилсан нам экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ хоёроос тав дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг Ардчилсан нам ард түмэнтэйгээ цуг тууллаа. Эдийн засгийн бэрхшээлийг хараад бид гар хумхин суусангүй. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, монгол хүнээ ажилтай орлоготой байлгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.

Манай нам 2012 онд улс орны хэтийг харж холын бодлоор боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллалаа. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж Ардчилсан нам үзлээ. “Монгол хүн-2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоо судалгаанд үндэслэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намын дарга миний бие сонгуулийн компаниа удирдаж, сонгуулийн олон менежерүүдтэйгээ, намынхаа олон зуун мянган гишүүдтэйгээ сонгуулийнхаа нүр их ажлын ард гарах болно. Бид амжилттай оролцож ард түмнээсээ олонхийн санал авна гэдэгт итгэж байгаа” гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН