Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн ажиллагсад санаатай болон санамсаргүйгээр хүний амь нас, эрүүл мэндийг хохироовол 2-8 жил хүртэлх хугацаанд хорино гэсэн заалт оруулж өгсөн. Энэхүү заалтыг эсэргүүцэн энэ долоо хоногийн эхээр эмч нар мэдэгдэл гаргаад байсан юм. Уг асуудлаар Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмартай ярилцлаа.
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн ажиллагсадтай холбоотой ямар шинэ зүйл заалт оруулж өгсөн юм бэ?
-Шинээр зүйл анги нэмэгдэж орж ирээгүй. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл буюу өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх гэсэн гэмт хэргийг шинэ хуулийн 15.1-д оруулсан. Хүнд хохирол учруулсан буюу өвчтөн нас барсан бол эмнэлгийн мэргэжилтэнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулийн заалтаас хүндрүүлж, тухайлбал гурван жил хүртэл хорих ялтай байсныг 2-8 жил хорих ял болгож нэмэгдүүлсэн. Шинээр орж ирсэн ялын төрөл нь 20-80 сая төгрөгөөр торгохоор оруулсан.Өмнөх хуульд торгох ял байгаагүй. Торгуулийн ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал байвал шүүх шууд хорих ял оногдуулна. Энэ хорих ял нь тэнсэх боломжгүй. Учир нь найман жил хүртэл хорих ял оногдуулахаар заагдсан гэмт хэрэг тэнсэх заалтыг хэрэглэхгүй, харин ялыг хөнгөрүүлж болох боловч хэмжээ нь 1-4 жилийн хорих ялыг заавал оногдуулахаар байгаа. Одоогийн хуулийнхтай адилхан гурван жил хугацаагаар эмчлэх, сувилах, эм барих эрхийг заавал хасна гэсэн нь хэвээр байгаа.
-Эрүүгийн хуулиар гэм буруутай нь тогтоогдвол ийм ял онооно гэсэн үг үү?
-Хууль эрх зүй бол нийгэм, салбарын бүхий л харилцааг зохицуулж байгаа чухал зүйл. Хуулийн төслийг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа практик амьдрал, бодит хэрэгцээнээс сэдэвлэн түүнийг зохицуулахаар бий болдог гэж ойлгож байна. Нөгөө талаар хуулийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хандлага айдас, түгшүүр, хардлага, үл итгэх байдалд орох биш хэрэгжүүлэх ёстой гэдгээ ухамсарлах сэдлийг төрүүлдэг байх ёстой байх. Мөн манай төрийн түшээд дийлэнхдээ гадаадын сайн туршлага, хөгжилд хүрсэн арга гээд л хуулдаг. Энэ удаа дээрх нөхцөлүүдийн аль нь ч Эрүүгийн хуулийн шинэчлэлд алга гэж харж байна. Яагаад заавал бусдын эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгтэнтэй адил хэмжээний ялыг эмч эмнэлгийн мэргэжилтэнд үүрүүлэхээр хуульчлах хэрэгтэй юм бэ. Эмч хүн хэзээ ч хэнийг ч санаатай хохироодоггүй. Хүний амь нас, эрүүл мэндийг санаатай хохироосон гэмт хэрэгтэнтэй адилхан хэмжээнд авч үзэж байгаа хандлага нь шударга биш байна. Дарамт айдас, эргэлзээ төрүүлж буй Эрүүгийн хуулийн эдгээр заалтууд (15.1) Монгол Улсад эмч, мэргэжилтэнгүй эмнэлгийг бий болгох нь. Ер нь шинэ хуулийн үзэл баримтлал нь ихэнх хэрэг дээр хорих ялыг бууруулахад чиглэж боловсруулагдсан. Тухайлбал, хүнийг санаатай алсан хүнд оногдуулдаг хорих ял 2-5 жилээр буурсан атлаа эмчлэх, сувилах ажлаа хийж байх үедээ болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан, өвчтөн нас барсан эмчийн үйлдлийн ялыг 2-2,5 дахин нэмэгдүүлсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна шүү дээ.
-Энэ хууль хэрэгжиж эхэлбэл эмч нарын хариуцлага нэмэгдэх юм биш үү ?
-Асуудал байгаа бол түүнийг сайжруулах, өөрчлөхийн тулд юу хийх вэ гэдгээ үүслээс нь хай гэж нэг эрдэмтэн хэлсэн байдаг. Ажил мэргэжил бүхэн өөр өөрийн онцлогоос хамаараад тодорхой хүрээнд хариуцлага хүлээдэг шүү дээ. Тэр дундаа эрдэнэт хүний амь насыг хариуцдаг учраас эрүүл мэндийн салбарыг хариуцлагатай байхыг шаардах нь зүйн хэрэг. Тэгэхээр таны асууж байгаа эрүүл мэндийн салбарынхныг эмч, мэргэжилтнийг хариуцлагажуулахын тулд яллах гэж санаархах биш, төр үүргээ биелүүлэх хэрэгтэй. Жишээ нь, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Аливаа улс орон эрүүл мэндийн үйлчилгээ, үйл ажиллагаандаа ДНБ-ний зургаан хувийг зарцуулж байвал төр нь үүргээ биелүүлж ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарч энэ салбарын ажил үйлчилгээ хэвийн явах боломжтой” гэж үздэг. Гэтэл манай улс ДНБ-ний эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зардал 2,8 хувьтай тэнцэж байна. Жил бүр эмнэлгүүд өөрсдөө төсвийн төслөө хийж дээш нь өгдөг. Харин Сангийн яамнаас тэдний хийсэн төсвийг тодруулбал, эмийн зардлыг нь танаад батлуулчихдаг. Энэ нь амьдрал дээр эм, тариагүй эмнэлгийг бий болгож байна. Тэгэхээр чанартай үйлчилгээ буюу өнөөдрийн байгаа хэмжээнд эмнэлгүүдийг Монголын төр биш эмч ажилтнууд хичээл зүтгэлээрээ авч яваа шүү. Ийм нөхцөлд хариуцлага ярья гэвэл төр үүргээ биелүүлэх нь чухал байна шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулиар төр нь чанартай эрүүл мэндийн үйлчилгээгээр иргэнээ хангах үүрэгтэй. Телевизээр эмнэлгийн хонгилд шалан дээр хүүхдээ тэвэрсэн эх, хэн нэгнийгээ асраад сууж байгаа өвчтөний дүр зургийг харсан хэн ч энэ эмчийн буруу, эмчээс болоод монгол хүн эрүүл мэндийн шаардлага хангасан орчинд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна гэж хэлэхгүй дээ. Шаардлага хангасан орчин нөхцөлд тогтоосон нормт ажлаа хийж зохистой үнэлүүлье гэж шаардах эрх нь эмч, эмнэлгийн ажилтнуудад байгаа шүү. Эмч нар ашиглалтын хугацаа аль хэдийнэ дуусчихсан багаж төхөөрөмжөөр бусдаас сэлбэг гуйгаад олон мянган өвчтөнд тусламж үзүүлээд явж байгаа. Гэхдээ тэр болгонд хариу нэхээд явдаггүй. Ийм л хүмүүсийн зүтгэлээр энэ салбарын ажил явж байна. Гэсэн ч хариуцлагатай ажиллах ёстой гэсэн шаардлагыг эмч эмнэлгийн ажилтнууд эсэргүүцээгүй. Төр үүргээ биелүүлж, иргэддээ эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлчих хэрэгтэй шүү дээ. Одоо ч эрүүл мэндийн салбар сайдгүй, эрүүл мэндийн даатгалын бодлого, менежментгүй ажиллаж байна. Дээрх хуулийн өөрчлөлтөөр эмч эмнэлгийн мэргэжилтнийг хүний эрүүл мэнд амь насыг хохироосон гэж үзэж 20-80 сая төгрөгөөр торгоно гэвэл ийм төлбөрийг орон байртай нь байраараа барагдуулах нь. Цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд ажиллаж амьдарч байгаа монгол хүн ийм хэмжээний төлбөрийг барагдуулж чадахгүй. Хамгийн хатуу хуультай Хятад улс ч энэ төрлийн үйлдэлд ердөө гурван жилийн ял оноодог юм байна. Орос улс дөрвөн жилийн ял оноодог юм байна. Бусдаас хуулдаг манай улстөрчид хаанаас ийм санаа, санаачилгыг олж авсан юм бол. Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд чиглэсэн ялын ийм өндөр хэмжээ олон улсад байхгүй. Энэ хууль хэрэгжвэл эмчийн ажлаа орхино гэдгээ туршлагатай, он удаан жил ажилласан эмч нараас авахуулаад, энэ чиглэлээр сурч байгаа оюутнууд ч байр сууриа илэрхийлж түр хороонд тасралтгүй хандаж байна.
-Эмч нарын ажлын үнэлэмж хэр байна вэ?
-Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 350.0-660.0 төгрөгийн үндсэн цалинтай. Харин өндөр хөгжилтэй улс оронд тухайлбал АНУ, Канадын эмч нарын цалин хамгийн бага нь 90-130 мянган ам.доллар, Солонгос эмч нар 10 сая вон, ОХУ-ын эмч нар 50-60 мянган рубль, Хятадын эмч нар хамгийн багадаа 10 мянган юань түүнээс дээш хэмжээний цалин авдаг. Ихэнх улс орны эмч, мэргэжилтнүүдэд үндсэн цалингаас гадна хийж байгаа тусламж, үйлчилгээ, мэс заслын тохиолдлын тоогоор урамшууллын тогтолцоотой байдаг. Мөн тэдний ажлын ачаалал бага төдийгүй эмчийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан эмчийг стандартын дагуу ажлаа хийхээс аргагүй сүлжээний программчлалтай байдаг зэрэг нь ажиллах нөхцөлийг дээд зэргээр хангаж, байнга сайжирч байдаг.
Гэтэл манайд ажлын ачаалал ихтэй гэмтэл, мэс засал, эх барих зэрэг хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Эмч, сувилагч нар гэхэд бараг өдөр бүр 2,5-4 цагаар илүү ажилладаг гэсэн судалгаа ч гарсан. Гэсэн хэдий ч урамшуулал нэмэгдлийг төсөв хүрэхгүй нэрээр өгдөггүй, зөвхөн ээлжинд хонож ажиллах хуваарьтай хүмүүстээ л нэмэгдлээ хагас дутуу өгдөг жишээтэй. Гэсэн хэдий ч эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийн сонгосон мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс. Иймээс бид энэ удаагийн Эрүүгийн хуулийн шинэчлэлээр орсон эмч эмнэлгийн мэргэжилтнийг санаатай бусдыг хохироосон гэж үзэж өндөр ял оноохоор хуульчилсныг цаг үеэ олоогүй буруу шийдвэр гэж үзэж эсэргүүцэж байна.
-УИХ, Засгийн газар болон зарим сайдад шаардлага хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ сарын 12-нд эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоод, төлөөлөл хуралдаж есөн хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулсан. Эрүүгийн хуулийг шударга ёсонд нийцүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг УИХ-ы дарга, гишүүд, Засгийн газар, Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороод, Хууль зүйн сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарт хүргүүлсэн. Бид шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардан жагсаал, цуглааныг орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байгаа.