Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хэрэглэгчдийн төлсөн төлбөрийн хэмжээнээс хамаараад урамшуулна

Өнөөдрийн байдлаар цахилгаан хэрэглэгчид сард 150 кв цаг хүртэлх хэрэглээндээ 98.4 төгрөг, 151 кв цаг болон түүнээс дээш хэрэглээг 118.2 төгрөгөөр тооцож төлдөг. Харин гэр хорооллын хэрэглэгчид шөнийн цагаар хөнгөлөлт эдэлдэг. Цахилгааны төлбөрөө иргэд сар бүрийн 20-ны дотор төлдөг.

Үүнээс 5 орчим хоногийн өмнө орон сууцны айлуудын хаалган дээр цахилгааны төлбөрийн хэмжээ хэрвээ хугацаа хэтэрвэл тог таслахыг мэдэгдсэн хуудас наадаг. Төлөх хугацаанаас нэг өдөр өнгөрөхөд цахилгааныг нь тасалдаг. Иргэдийн хувьд цахилгааны төлбөрөө цаг тухайд нь төлдөг ч зарим үед ажил төрөл амжилгүй ганц хоёр хоног хэтрүүлэх тохиолдол байдаг. Тэгвэл төлбөрөө цагт нь төлдөг иргэдээ урамшуулахаар салбарын хэмжээнд яригдаж эхэлсэн байна. Иргэдийн төлсөн төлбөрийн хэмжээнээс шалтгаалаад тодорхой хэмжээний цахилгаан хэрэглүүлдэг болохоор төлөвлөсөн байна. Мөн эрчим хүчний тарифыг хямдруулах талаар судалж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл нөгөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны буюу маргааш орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байгаа аж. Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах ёстой юм байна. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө аж.

Categories
мэдээ нийгэм

Автомашины татвар хүлээн авах 15 цэг ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр болон автозам ашигласны төлбөр хураах ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Тус захирамжийн дагуу автомашиныг улсын дугаараар ангилан төлөхөөр зохицуулалт хийсэн. Тодруулбал, автомашины улсын дугаар нь:

-1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

-2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

-3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

-5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард татвараа төлнө.

Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 4,9-өөр төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм. Харин дөрөвдүгээр сар дуусах гэж байгаатай холбогдуулан татвар хураах цэгүүд амралтын өдрүүдэд ажиллаж байна. Мөн өмнөх саруудад татвараа төлөөгүй иргэдийг ямар нэг торгуульгүйгээр татварыг хүлээн авч байна. Нийслэлийн хэмжээнд татвар хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

О.Бурмаа өрсөлдөгчөө илт давуу яллаа

burmaМонгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн анх удаа болж байна. Буянт-Ухаа спортын ордонд болж буй олимпийн эрхийн тэмцээн өчигдөр сонгомол барилдаанаар эхэлсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар эхэлж 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамичин О.Бурмаа эхний учраагаа онооны давуу байдлаар яллаа. Түүний анхны өрсөлдөгч БНСУ-ын Хван Юн Жүтэй байсан юм. Харин дараа нь ОХУ-Испанийн бөхчүүдийн хэн нэгэнтэй тулах юм. ОХУ-ын Е.Букина ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Испани бүсгүй Лондонгийн олимпоос хүрэл зүүсэн билээ. Энэ жинд нийт 13 бөх барилдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим зам хаалттай байна

Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хотхон хүртэлх 0.75км авто замын шинэчлэлтийн ажил эхлээд байгаа. Уг ажлын эхний хэсэг болох Оргил худалдааны төвийн уулзвараас Удирдлагын академийн уулзвар хүртэлх 400м газар асфальтбетон тэгшилгээний үе, өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэх тул өчигдрийн 22:00 цагаас маргаашийн 22:00 цаг хүртэл замыг хаагаад байна. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Таван онцын эзэд” буюу хагас зуун жилийн өмнөх Сайншандын сурагчид

Хагас зуун жилийн тэртээ буюу нэгэн мянга есөн зуун жаран зургаан онд Дорноговийн Сайншандын сургуулийн төгсөгчид, өдгөө далан насны даваан дээр гарч ирсэн “охид, хөвгүүд”-ийг “Нэг ангийнхан” буландаа онцоллоо. Тэд бол анхдагчдаар дүүрэн, нэг зэлний унага адил ижилссэн, төгсөлтийнхөө гуч, дөч, тавин жилийн баярыг арав арван жилийн давтамжтайгаар хийж ирсэн элгэмсэг хамт олон. Анхдагч гэдэг нь олон зүйлээр баталгааждаг. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд хотын Үйлдвэр сургалттай, хөдөлмөр политехникийн сургууль гэх Монголдоо сонин содон хаягтай эрдмийн сүмийн шавь нар юм, тэд. Уг сургууль тухайн цагт улсын хэмжээнд ердөө гуравхан байсны нэгийг нь эдний төгсөлтийнхөн арваннэгэн жилээр дүүргэсэн түүхтэй.

Жаран гурван онд долдугаар анги төгсөхөд нь хүн бүхнийг бичиг үсэгтэй болгох аян улс орон даяар өрнөжээ. Эрдэм номын ачит үйлсэд тус ангийнхан идэвхийлэн оролцсон нь өнөө л анхдагчтай нь холбоотой. “Шинэ үсгийн багш” кинонд гардаг шиг дорнын говийн өнцөг булан бүрт долдугаар анги дүүргэсэн хүүхдүүд шинэ үсгийн хичээл зааж сүрхий лут багш нар болцгоосон байна. Тэр бүгдээс сонирхуулбал, сүүлдээ Монголын нэртэй сурган хүмүүжүүлэгч, багш болсон Л.Тавхаймаа Улаанбадрах сумын иргэдэд бичиг үсэг зааж байсан гэнэ. Мөн биологийн нэртэй эрдэмтэн Ц.Гончигжав Хөвсгөл суманд ажиллаж, монгол төрийн түшээ Цэрэнхүүгийн Шаравдоржийн ижийг уншиж, бичүүлж сургасан гавьяатай. Энэ ангийнхнаас Ө.Хоролбанди, Ц.Гончигжав, Г.Цэемаа, О.Ухнаа, Л.Өлзиймаа нар сурлага, урлаг, спорт, ёс суртахуун зэргээр бусдыгаа хошуучлан “Таван онцын эзэд” болоод мандаж байсан гэдэг.

“Эдүгээ цагаас тавин жилийн өмнө гэхэд Ар өвөр Сайншанд гэж нэгэн хөтлөөр алслагдсан хоёр жаахан суурин байжээ. Галт тэрэгний гуугачих нь сонсогдсон, Орос газрын ачааны голдуу машин мэр сэр давхилдсан тоостой гудамж, хашаа хороогүй эгнэсэн цөөвтөр гэрүүд, “дэнжийн”, “үзүүрийн”, “төвийн”, “арын” гэх дөрөвхөн дэлгүүр тэгээд “шар”, “босоо” хоёрхон гуанзтай аймгийн төвдөө сурагч явжээ. Бүхэл бүтэн аймаг ердөө ганц арван жилийн сургуультай тул сум сумаасаа хувь заяаны бурантагт чирэгдэн учирсан тэр хонгорхон жилүүдийг би л гэхэд Монголын минь “Уянга бадралын гэрэлт он жилүүд” хэмээн бахархах дуртай сан. Тэр цагт биднийг хүүхэд гэж гололгүй “Агуу их окътябрийн” болоод “Яруу алдарт майн баярын” жагсаалд оролцуулан шаазгай алаг хормогч, хүрэн хилэн хувцсаараа гангарч “ура” хашгирч явсан минь санаа сэтгэлээс үл гарна. Сайншандаар дүүрэн хангинах цагаан хоолойгоор Түмэндэмбэрэл, Банзрагч, Нансалмаа, Зангад, Адарсүрэн нарын уянгын дуу эгшиглэж хүн бүрийн зүрх сэтгэлийг “Социализмын өрнүүн байгуулалтын зүг” догдлуулж хөтөлсөн нь бий. Мөн Ринченгийн Чойном, Бэгзийн Явуухулан, Сормууниршийн Дашдооров тэргүүт найрагчдын шүлэг найргаар амьсгалж явснаа эргээд бодоход мартахын учиргүй” гэж энэ ангийн хөвгүүн, Дорноговийн Хатанбулаг, Эргэлийн зоо, Сулинхээрийн хязгаартаа он он жилээр сууж шүлэг найргаа тэрлэсэн Сономын Чулуун өгүүлсэн билээ. Тавин жилийн өмнөх Сайншанд хотын нэрийн хуудас болсон сургуулийг төгссөн хамт олноос бахархал болсон хүмүүс элбэг дүүрэн. Говийнхоо хөдөөх суурингаас ажлын гараагаа эхэлсэн анагаах ухааны доктор, хүүхдийн нэртэй эмч Чимэдрэгзэнгийн Цогт-Очирыг нэрлэж болно.

Цогт-Очир эмчийг “Сод Монгол”-ын захирал Анандбазарын аав гэдгийг хүмүүс мэдэх биз ээ. Ангийн хөвгүүдээс цэргийн зүтгэлтнүүд олон төржээ. Гэвч тухайн төгсөлтийнхөн Аюушийн Хүү-Ухна, Гомбосүрэнгийн Ядамсүрэн гэсэн хоёр хурандаагаараа бахархах ажгуу.

Аюушийн Хүү-Ухна ОХУ-д Зэвсгийн инженерийн дээд сургууль төгсч 1972-1979 онд Зүүнбаян дахь цэргийн нэгтгэлийн зэвсгийн албаны галт хэрэглэлэлийн инженер, албаны даргаар ажиллаж байжээ. Тэрээр БХЯ-ны цэргийн зэвсгийн тасгийн галт хэрэглэлийн инженер. Батлан хамгаалахын их сургуулийн зэвсгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан нэгэн. Эрхэм хурандаа төгсөлтийнхөө дурсамжийн номонд “Миний бие Эрдэнэ сумын Уланбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Тавхаймаа, Ядамсүрэн нарын хамтаар зүтгэж байж 260 сая төгрөг цуглуулсан. Түүнийгээ тусламжийн бараа болгон хөдөө явуулж, сумынхаа хоёр багийн даргыг унаатай болгосон” хэмээн өгүүлсэн байна. Ингэж л тус ангийнхан ус нутгийн түмэндээ элгэн халуун сэтгэлээр тусалдаг байна.

“Биднийг аравдугаар ангид байхад манай ангийн сурагч Цэндийн Адъяа Дорноговиос олон улсын математикийн олимпиадад анх удаа оролцож байсан. Эдийн засгийн ухааны доктор хүн. Намбарын Энхбаярыг Ерөнхий сайд байхад нь зөвлөхөөр ажиллаж, Америкийн Элчинд ажиллаж байсан. Мөн анхны “Шударга журам” медальт Л.Чулуунхүү гэж байлаа. 1959 онд айл шатахад бага ангийн гурван охины амийг галаас аварсан ачтан. Анхны “Шударга журам” медальтнуудын нэг юм. Чулуунхүүг маань нам төрийн удирдагчид Улаанбаатар хотод хүндэтгэн урьж, Жамсрангийн Самбуу гуай шагналыг нь гардуулж байсан. Монголын говь нутагт хармагийн цех, архины үйлдвэр анх удаа байгуулагдсан нь Хатанбулаг суманд юм. Хармагийн дарс үйлдвэрлэж, одоогийнхоор бол говь нутгийн брэнд бүтээгдэхүүн болж байж. Уг үйлдвэрийн ерөнхий инженер мөн л манай ангийн сурагч Данзангийн Дарьсүрэн. Одоо дорнын говьдоо ажиллаж амьдарч байна. Ингээд бодохоор манай анги чинь үнэндээ ер бусын сурагчидтай, Равжаа хутагтын нутгийн сор болсон охид, хөвгүүдийг нэгтгэсэн алдар замналтай анги байгаа биз” гэж Тавхаймаа гуай сэтгэл хангалуун, ёстой л нөгөө бахархах омогшихын завсарт хэлээд авна лээ. Тэднийг тавдугаар ангид байхад Улаанбаатар хотоос олон улсын олимпиадад найман хүүхэд явж, Польш улсад хөл тавихад Монголын говиос шилэгдсэн ганц сурагч нь мөн л тэдний ангийн Доржийн Пагмадулам гэнэ. Хуулийн мэргэжил эзэмшсэн тэрээр хотын прокурорт олон жил үр бүтээлтэй ажиллажээ.

Ангийн идэвхтэй сурагчдын нэг, аливаа уулзалт учралыг сайтар зохион байгуулж, ангийнхныхаа, төгсөлтийнхнийхөө тухай ном бүтээл хэвлүүлж, бусдыгаа оройлон манлайлж явдаг Лувсанцэдэвийн Тавхаймаа гуай гучин дөрвөн жил багшаар ажилласан гавьяатан. Дорноговь аймагтаа арван жил бага ангийн багшаар ажиллаад Улаанбаатар хотын нэртэй сургуулиудад уригдсан байдаг. Тэрээр нэрт соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит нийслэлийн шилдэг 50 дугаар сургуульд 14 жил багшилсан гэнэ. “Таны шавь нараас олны танил, бахархам хүмүүс байна уу” гэхэд “Тэр бүгдийг нэрлэж яаж барах билээ дээ” гэв. Тавхаймаа багшийн шавь нар гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан, Монголын лидер залуучуудын нэгэн, өдгөө АНУ-д суралцаж байгаа Сүхбаатарын Эрдэнэболд, олон улсын сэтгүүлч Б.Ганбаяр, соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэтунгалаг гээд олон залуусыг нэрлэсэн юм. “Шавь нарын минь буян биз ээ. Тэтгэвэрт суухынхаа өмнө Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан даа” гэж жаахан хүүхэд адил догдлон хэлсэн. Тэрээр ангийнхаа авьяас билигт хоёр хөвгүүний нэгэн болох Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө шагналт Лувсаншаравын Содномдоржтой хамтарч “Дурсамж цалгисан он жилүүд” хэмээх төгсөлтийнхөө номуудыг арав, арван жилээр ботилон хавтасласан нэгэн юм. Ангийн дурсамжийн бүтээлд бусад ангийнхан санаа оноо авмаар, зарим нэг албан байгууллага, сум дүүргийн номноос илүү сайхан баялаг түүхтэй, инээдэм хөөр хөгжөөнтэй, үр хүүхэд хойч үеийнхэндээ хэлсэн сургаал, нөхөрсөг шог, халуун дулаан дурсамж дурдатгалаар цалгисан, ёстой л ангийнхны ном гэж ийм л байдаг байх даа хэмээн бодогдохоор бүтээлүүд болжээ. Хуудас бүрээс нь гэнэн хонгор цагийнх нь инээд хөөр, эгэл нандин дүр төрх, хүүхэд бүрийн зан чанар, амьдралынх нь гэрэл гэгээ нэвт шувт мэдрэгдэх ажгуу. Уулзалт бүртээ бид чинь цагийн жамаар цөөрсөөр л байна гэж тэд санаа алдан хэлж байсан. Дотнын нөхөд нь орон зайгаа орхин одлоо ч номын гэрэлт хуудаснаас гэгээн дүрээр уулзан учирч, ухаалаг яриа хөөрөө нь бусдынхаа чихэнд сонсогдох шиг болдог биз.

Есдүгээр ангид орох жил хүлээн авсан Аварзадын Гэндэндоо, Гомбын Оюунбилэг багш нартаа хайртай гэж жигтэйхэн. Ээжтэйгээ хамт өтөлж байна даа гэдэг шиг дөнгөж сургууль төгссөн залуухан багш нар тэднийг удирдсан гэдэг. Өдгөө хоёр багш нь сэрүүн тунгалаг бөгөөд шавь нартайгаа ижилхэн, ялгагдах зүйлгүй гэнэ. Оюунбилэг багш нь монгол хэл бичгийг цэгцтэй сайхан зааж, хүүхдүүдийнхээ сэтгэл оюунд үлдсэн бол Ховдын Дарви, Сутай хайрхны хүү Гэндэндоо багш нь тооны ухаанд сайтар сургажээ. Ийм л хоёр буянт багшийн ачаар алдар замнал нь тодорсон нэртэй сурагчид төрсөн байна. Р.Занабазар багшаа тэд халуун сэтгэлээр дурсана. Равжаа судлалд өөрийн үнэт хувь нэмрээ оруулсан ачит багш. Хутагтынхаа тухай хэд хэдэн бүтээл ч гаргасан байна. Үйлдвэр сургалттай, хөдөлмөр политехникийн сургуулийг санаачилж байгуулсан хүний нэг гэдэг. Цэндийн Дамдинсүрэн, Эрдэнэбатын Оюун гуай нар говь нутгаар явж Равжаагийн талаар баримт цуглуулахдаа Занабазар багштай зориуд уулздаг байсан гэнэ.

“Лувсанчүлтэмийн Сумьяа гэж хувьсгалын улаан туг шиг охин эвлэл, үйлдвэрчинд насаараа зүтгэж олны сэтгэлийг гижигдэж явлаа. Лувсаншаравын Содномдорж гэх “задгай цагаан үүл” шиг эр тоглолт, үдэшлэг хөтөлж, яруу омголон шүлэгс төрүүлсээр ард түмний гавьяат цол хүртчихсэн, шүлэг найргийн хэдэн ном биччихээд Налайх хотод налайж сууна. Халзандухын Чимэдрэгзэн маань хамуу, годрон, ям, мялзан, шүлхийтэй зөрчилдөж хөл, хэлд ороод хашир хандгай зангаараа олноо шагшигдаж үлдсэн ганцхан малын эмч болсон ажээ. Данзангийн Дарьсүрэн Москвад хими-технилогич болж ирээд цагийн хатууд говийн хармаг жимсээр архи үйлдвэрлэж явсан Монголын цөөн зоригтны нэг байсан ч засаг хавчаад ирэхүй “зэл эвхэж”, дахин суралцаж орос хэлний багш болсон сонин хуучтай хүн. Цэрэндоржийн Пэрэнлэймаа гэдэг мундаг зарчимч хүүхэн нийслэл хотынхоо дулааны судсыг тэмтэрч, Амгалангийн дэнсийг барьж явсныг томчуул яахин мартана. Түүнийг цагийн сайханд Свердловск хотноо инженерийн диплом өвөрлөсний ачийг эх орондоо өргөсөн цөөн гавьяатны нэг гэдэг ч юм. Тэрээр 1990 оны давалгаант өдрүүдэд эдүгээх Говьсүмбэрийн Баянтал дахь орос цэргийн хотхонд буцах болсон цэрэг дарга нарын зах замбараа алдсан байдлыг номхотгох гэж засгийн өмнөөс очиж эх хэлээр нь ухуулан сэнхрүүлж байшин балгадыг нь бүрэн бүтэншүү эх орондоо хүлээж авсан гэдэг дуртгалын эзэн сэн. Самдангийн Лантуу МУИС-д геофизик зааж, геофизик-астрономын том лаборатори байгуулж ажилласаар хонин жилд манай ангиас Алтангадас одон зүүсэн арванхоёр дахь хүн болсон байх юм. Хүүхэд ахуйгаасаа сайн тамирчин болчихсон Долгорын Цогбадрах биеийн тамирын багш, сургуулийн захирал, сумын Засаг дарга тэгснээ аймгийн нийтлэг үйлчилгээг захирагч гэх мэт төрийн ажилд үл гулзайн зүтгэж, түүх дуртгалын “Чуулалт хаалгын сум” ном хэвлүүлж, гүйдэг харайдаг нь хэвээрээ гялалзаж явна. Бас Долгорын Жалбуу гэж ухаалаг өвгөн буй. Уул нь орос хэлний багш болох байсан ч аж амьдрал, эрүүл мэндийн хяслангаар багш, ариутгагч, галч, манаач, үсчин, проводник, нярав, ачигч, тогооч, мужаан, оёдолчин, асрагч мэт хамгийн олон ажил хийж үзсэн бас сурсан, аминдаа арчаатай, өөртөө зөв ухаантай нь биднээс төө илүү” гэж Сономын Чулууны бичиглэл үргэлжлэх бүлгээ.

“Гандангийн бүрхэг” хэмээх Намжилваанчиг арслангийн охин Буян мөн л энэ ангийнх билээ. Одоо Зүүнбаянд амьдарч байгаа гэсэн. Хоролбанди тухайн үеийн Багшийн дээд сургуулийг төгссөн, биологийн мэргэжилтэй, Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй багш юм. Ангийн хөвгүүн Гончигжав агсны хань. Тэдний том хүү Батбаяр Москвагийн Аюулаас хамгаалахын дээд сургууль төгссөн. “Монгол Алтай” компанийн инженер. Охин Батцэцэг нь АНУ-ын Оклахомагийн их сургуульд эрүүл мэндийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа ажээ. Бас Хандын Санжмятав, Лувсанцэрэнгийн Цэцэгмаа хоёр мөн гэр бүл болжээ. Математикийн нэртэй багш нар юм. Лувсангийн Ухнаа гэж лут хайгуулч Их сургууль дүүргэн ашигт малтмалын ордын эрэл хайгуулын инженер, геологич мэргэжил эзэмшсэн. Түүнтэй Цагаан суваргын болон Хайр айргийн гээд говийн хэд хэдэн орд холбогддог. Ийм л алдар замналтай, хүүхэд бүр нь нэг том “уурхай” болсон халуун бүлсэг хамт олны тухай өгүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ижилгүй их авьяастан

Зураач, уран барималч, архитектор, инженер, зохион бүтээгч, эрдэмтэн, математикч, анатомич, ургамал судлаач, хөгжимчин, философич гээд хоорондоо огт авцалдаагүй ч юм шиг эсвэл нэг чиглэлийн ч юм шиг мэргэжлүүдийг ганц хүн төгс эзэмшиж болох уу. Болохоор барах уу. Их Сэргэн мандалтын үед амьдарч туурвиж байсан нэг эрхэм эдгээр мэргэжлүүдийг өөрийнхөө үед төгс эзэмшиж байсан агаад түүнийг Леонардо да Винчи гэдэг амой.

Леонардо да Винчи нь 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд Флоренцийн ойролцоох Винчи хэмээх жижигхэн хотхонд нотариатч мэргэжилтэй чинээлэг эр Пьерогийн гэрт мэндэлжээ. Эцэг Пьеро да Винчи нь амьдралынхаа туршид дөрвөн эхнэр сольж, арван хүү, хоёр охины эцэг болж байсан гэдэг бол харин Леонардогийн ээжийн тухай үнэнийг өгүүлж батлагдсан баримт байдаггүй. Ихэнх түүхчийн тоймлосноор тэр эмэгтэйг Катерина гэдэг, тариачин удамтай гэхээс өөр олигтой мэдээлэл түүхэнд үлдсэнгүй. Леонардогийн бүтэн нэрийг Leonardo di ser Piero da Vinchi гэдэг ба хөврүүлбэл Винчигийн ноён Пьерогийн хүү Леонардо гэх утга ажиглагдана. Өөрөөр хэлбэл Архангайн Дашийн Дорж гэдэгтэй адил ч юм шиг. Энэ нь Европт түгээмэл байдаг эцгийн, өөрийн, овгийн гэсэн гурван холбоос биш зүгээр л төрсөн газар усаараа овоглоод явчихсан нэг өвөрмөц нэр юм гэх үү дээ.

Одоо Францын Парис хот дахь Луврын музейд хадгалагдаж байгаа алдарт “Мона Лиза” зургийн нэр, бүтээгдсэн түүхийг нь товч өгүүлье.

Ritratto di Monna Lisa del Giocondo гэж итали хэлнээ бичигддэг, хөрвүүлбэл «хатагтай Лиза Жокондогийн хөрөг» нэртэй 1503-1505 онуудын хооронд бүтээгдсэн энэ зураг нь дэлхий дээрх урлагийн бүтээлүүдийн сор нь билээ. Италиар ma donna буюу «миний хатагтай» гэдэг хэллэгийг товчлоод monna гэж дууддаг юм байна. Хоёр дахь нэр болох del Giocondo (Жокондо) гэдэг нь Лизагийн нөхрийн овог.

1525 онд да Винчигийн шавь Салаи анхлан энэ зургийг дэлгэж тухайн үед Миланд амьдарч байсан дүүдээ өгөхдөө, энэ зураг Жокондо гэдэг нэртэй юм шүү гэж байжээ. Ихэнх түүхчдийн хэлж ярьж байгаагаар бол Флоренцийн торгоны наймаачин Жокондо өөрийн эхнэр Лиза Герардинигийн хөргийг төлбөртэйгөөр бүтээлгэх явцад уг зураг нь Леонардод таалагдаж өөртөө үлдээсэн гэлцэх юм.

Түүнийг дөрвөн настай байхад нь анхан шатны хичээл болох унших бичиг, латин хэл, математик зэргийг зааж эхлэхэд л хүүгийн гоц авьяас тодорч эхэлсэн гэдэг. Тэр солгой, баруун гэлтгүй адилхан бичдэг, заримдаа баруунаас зүүн тийш буруу харуулж зөвхөн толинд тусгавал уншигдахаар бичиж чаддаг байжээ. Удалгүй эцэг нь Флоренц рүү нүүж хүүгээ зураачийн дамжаанд орууллаа. Флоренц тухайн үед өнгө зүсээ засч Европын шилдэг хот-улсын нэг болж зураач нар овоо эрэлт хэрэгцээтэй байсан учраас тэр шүү дээ. Түүнээс биш тухайн үед зураачийн мэргэжил нэр хүндээрээ оёдолчдоос арай дээгүүр, нотариатчаас хамаагүй доогуур үнэлэгддэг байжээ.

1490-1492 оны хооронд агуу зураач маань архитектор Витрувиагийн номын хавтаст зориулж зурсан зураг.

Эрэгтэй хүнийг хоёр байрлалд давхацсан байдалтайгаар зурсан энэ бүтээлд хүний биеийн бүтэц, анатоми, хоорондын харьцаа, хэмжүүр зэргийг гойд харуулж чадсан гэж үздэг. Жишээлбэл :

-хамгийн урт хуруу нь гарын алгатай тэнцүү

-хөлийн ул дөрвөн алгатай тэнцүү

-тохой хүртэл зургаан алга

– зургаан тохой нь хүний өндөр гэх мэт

1467-1472 оны хооронд Леонардо тухайн үеийнхээ шилдэг зураач, барималч Тосканы сургууллтын томоохон төлөөлөгч Андреа дель Верроккьод шавилан сууж лут гэгээрсэн нь ирээдүйн амжилт бүтээлд нь том түлхэц өглөө. Том багшийн шавь 20 нас хүрэхэд ойр орчноосоо зөвхөн магтаал сонссон гайхалтай уран бүтээлч болсноос гадна босоо ятга дээр тун чадварлаг тоглож сурсан байна. Энэ үеэс л түүнийг хүрсэн, харсан бүгдийгээ төгс эзэмшиж сурч өөрийн болгон хөгжүүлж чаддаг болсон гэж бичдэг.

1480 онд Леонардо өөрийн гэсэн урлантай болж анхныхаа бүтээлүүдийг туурвиж эхэлсэн бөгөөд “Христийг загалмайлсан нь” хэмээх алдарт зургаа чухам энэ л үед бүтээжээ. 1482 онд мастер Милан руу шилжиж амьдралынхаа нэгэн цоглог үе рүү орлоо. Тэр энэ үедээ ганц уран зураг, баримал гэлтгүй төрөл бүрийн чиглэлээр бүтээн цогцлуулж байсан. Энэ үед нь нөгөө дайн байлдааны тоног төхөөрөмжүүд, суваг шуудуу ухах инженерийн тоноглолууд, токарийн машин гээд л түмэн төрлийн шинэ санаачилга оновчтой шийдлүүд нь амьдралд хэрэгжиж байлаа. Леонардо 1481 онд “Ид шидийг бишрэхүй” гэдэг зургаа зурж, 1482 онд морин толгойн хэлбэртэй босоо ятга хөгжим бүтээжээ.

1490 оноос Леонардо архитектур болон анатомийн салбарт анхаарлаа хандуулав. Тэрээр сүм хийдийн план зураг, алслалын зургийг гаргаж ирэхийн сацуу, хүний гавлын ясыг судалж зүслэг хийгээд, тархины шинж чанар, бүтэц болон дотоод орон зайг судалсан байна.

да Винчигийн танк

Тэр хэтэрхий харгис үед амьдарч байсан тул цаг үедээ таарсан дайн байлдааны нэжгээд техникийг зохион бүтээжээ. Пулемёт, танк, онгоц, шүхэр, зөөвөрлөдөг гүүр гээд армид хэрэгтэй олон зүйлийн анхдагч нь тэр байжээ. Түүний зурсан танк найман хүний хүчээр хөдөлдөг, тойроод автомат буунуудтай, төмөр болон модноос бүрдсэн техник байлаа.

Тэр зөвхөн урлагийн суут ухаантан байгаагүй. Тэр хүмүүсийн сэтгэлийг татсан, хүнтэй маш нийцтэй харьцдаг зан чанартай байв. Тэр өөрөө тийм чинээлэг баян биш боловч хажуудаа үргэлж зарцтай, мөн адуу малтай, тэднийгээ маш их хайрлана, тэжээнэ, өсгөнө. Өрөвч сэтгэлтэй нэгэн байсан тул зах дээр таарсан торон дахь шувууг торноос нь суллаж эрх чөлөөтэй дүүлэн нисэхэд нь туслаад, мөнгийг нь төлөөд явчихна гээч.

1483 он бол түүний уран бүтээлийн ид оргил үе байв. Тэр өөрийн анхны захиалгыг авч, агуй доторх Мадонна бүтээлээ туурвижээ. Тэрээр уран зураг бол шинжлэх ухаан гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

1490-ээд онд өнөөгийн бипний хэрэглэдэг оёдлын машин, шүхэр, нисдэг тэрэг, давхар их биетэй хөлөг онгоц, танкны зураг төслийг хийж энэ бүгдийгээ нэгтгэн ном гаргаж, амьдарч буй цаг үеэсээ дэндүү хол ирээдүйг харж эхэлсэн юм.

Леонардогийн Лука Пачалогийн бүтээлд зориулсан “тэнгэрлэг пропорц” зураг нь түүнийг амьд ахуйд олон хувиар хэвлэгдсэн бүтээл болсон юм. Энэ бүтээлд зориулан тэрээр 60 ширхэг геометрийн олон талт дүрсийг зуржээ.

1498 оны арванхоёр сарын 14-нд энэ номоо дуусаж олон математикч, жүжигчин, инженерүүдэд гар бичмэлээ дурсгасан байдаг.

1500 онд францчууд Миланыг эзлэх үеэр Леонардо Флоренц руу буцан, 1504 онд Флоренцийн худалдаачин Франческо Дел Жокондын эхнэрийн хөргийг зурж, алдарт “Мона Лиза”-г бүтээсэн гэдэг. Энэ зураг одоо Парисийн Луврийн музейд хадгалагдаж байгаа.

1513-1516 онд Леонардо Ромын Ватиканд амьдарч уран бүтээлээ туурвисаар байсан. Леонардогийн үйл хэрэг, уран бүтээл 16 дугаар зууны эхний арван жилд олз омгоор дүүрэн байв. Энэ үед тэрээр “Хүүхэд тэвэрсэн Мадонна”, “Леда” зургаа бүтээжээ. Леонардо өөрийн бүтээлээ дуусгах гэж яардаггүй байв. Тэрээр дутуу хийсэн ажил хүний амьдралд байх ёстой зүйлийн нэг, ДУУСГАНА- гэдэг нь алах гэсэн үг гэж нэгэнтээ хэлжээ. Да Винчи дөрвөн цаг тутамд 15 минут унтаж амардаг. Тэрээр унтаж амарсны дараах эхний цагууд нь ажил, урлагийн хамгийн тохиромжтой цаг бөгөөд тархины үйл ажиллагаа 6-10 дахин ихэсдэг гэж үздэг байжээ.

Леонардогийн олон загвар туршилтууд дуусалгүй үлдсэн бөгөөд хожмоо түүний үнэнч туслах, шавь Францеско Мелзи эдгээр ажил үйлсийг нь үргэлжлүүлсэн гэдэг. Тэр цагт зураачид захиалга аваад, шавь нартайгаа хамт зурдаг байсан юм шүү дээ.

Леонардо ургамал судлалын чиглэлээр судалгааны ажлууд хийж, ургамлыг хэдэн настай болохыг тодорхойлох аргыг боловсруулсан байна. Түүнчлэн хүний биеийн анатомийг судалж, нүдний харааг тогтоож анагаахын шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан гэдэг.

Түүний нэг томоохон зохион бүтээл бол нэхмэлийн машин, металлургийн төмөр хайлуулах зуух, мод боловсруулах машин юм.

Леонардо тогтмол царцмал, хөдөлгөөнгүй бүхнээс зайлсхийдэг байв. Тэр амьдралыг хөдөлгөөнтэй, идэвхтэй байхыг илүүд үзнэ. Түүнд өөрчлөгдөж солигдож байгаа юм бүхэн, гэрлийн өнгөний өөрчлөлт хүртэл сонин байх нь энүүхэнд гэнэ.

Да Винчи усны долгион, салхи, гэрлийн байдлыг харж үзэх дуртай байсан бөгөөд өөрийн шавь нарыг нар мандах болон жаргах үед, ус, салхитай пейзаж зурахыг зөвлөдөг байлаа. Тэрээр “Бүх зүйл урсаж, бүх зүйл өөрчлөгдөнө ” гэсэн алдарт томьёог санаачилсан.

Нас дээр гарсан Леонардо олон сарын турш өвчтэй байж, үхэл ойртож буйг мэдэрсэн үеэсээ шашны талаар судалж эхлэв. Мөн мэргэч төлгөчдийг “Мунхруулагч” хэмээн, тэмдэглэлдээ ихээхэн шүүмжилсэн байдаг.

Түүний бие чилээрхсэнийг сонссон хаантанг залран ирэхэд тэрээр хүндэтгэл үзүүлэн босож суухын ялдамд, бурханы өмнө олон гэм нүгэл хийсэн хэмээн хэлсэн үг түүний эцсийн үг байж, хааны гар дээр 1519 оны тавдугаар сарын 2-нд амьдралынхаа 75 дахь жил дээрээ амьсгал хураажээ. Сэргэн мандалтын үеийн хамгийн агуу суутны нэг энэ хүний үнэт бүтээлүүд нь хүн нэг насандаа ямар их юм бүтээж болдгийн үлгэр жишээ болон үлджээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Цэцэ буюу Н.Цэцэнбилэг: “Нийслэл хүү” шиг өргөн сэдвээр дуулдаг реппер цөөхөн

“Vanquish” хамтлагийн гишүүн реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгтэй ярилцлаа.

-Хамтлагаа анх хэзээ байгуулж байсан юм бэ. Этгээд сонин дуугаар танигдаж байсан?

-2004 онд 220-ийн байрныхаа Пангастай хамт хамтлагаа байгуулж байсан. Дуу хийхээсээ өмнө Дандийг хамтлагтаа аваад гурвуулаа анхныхаа дууг бичүүлж байлаа. Дараа нь хамтлагтаа Азиг авч хэд хэдэн дуу бичүүлсэн. 2005 онд Төвшөөг аваад тавуулаа анхны “Эксэль” дуугаа бичиж, өөрөө продюсрож, клипжүүлсэн байдаг. Энэ дуугаараа “Vanquish” хамтлаг танигдсан гэж боддог. Манай гишүүд бүгд 40 мянгат, 220-ийнхон. Пангас бид хоёр нэг байрных, Данди, Ази хоёр орос гурвынх. Төвшөө, Бямбаа хоёр 40 мянгатын Нэгдүгээр сургуулийнх. Хамтлагаа өөрийн ойр хүмүүстэй байгуулж байсан.

-Бүгд 40 мянгатынх юм байна?

-Тийм. Би багадаа 40 мянгатад өвөө, эмээ дээрээ өссөн. Их сахилгагүй байсан гэсэн. Ямар сайндаа Сагсуу саарал гэдэг нэртэй байхав. Нэгдүгээр ангид элсэхдээ 31 дүгээр сургуульд орж байсан ч “Эхлэл” хувийн сургуулийг төгсөж байсан. Бага нас маань цирк тойроод л өнгөрсөн дөө. Тиймээс л анхны CD-гээ 220 гэж нэрлэж байлаа.

-Удалгүй АНУ руу сурахаар явсан байх аа. Тэгсэн ч уран бүтээлээ хийсээр л байсан?

-Би 2006 онд АНУ руу сурахаар явсан. Тэр хооронд манай хамтлагийнхан Бямбааг хамтлагтаа аваад “Хүүд” гэдэг дууг гаргасан. Тэр дуугаараа “Vanquish” хамтлаг хүмүүст илүү танигдах болсон. Би өөрөө үг бичих дуртай байсан болохоор 2008 оноос АНУ-д бие дааж гэртээ микрофон, компьютер аваад дуу хийж дуулж эхэлсэн. Хамгийн анх “Миний пүүз”, “Энэ бол би” гэдэг дуугаа хийж байлаа. Тухайн үедээ Hi5, xorom.com-д хоёр дуугаа тавьж үзээд хүмүүст их таалагдахаар нь клипжүүлсэн. Өөрөө камераар дүрсжүүлж, дуугаа бичүүлээд Монгол руу явуулдаг байсан л даа. Дуу хийх гэж хагас жил будилсан шүү. Микрофон аваад компьютертоо залгах гэтэл компьютер нь яаж ажилладгийг мэдэхгүй, дахиж нэг юм хэрэгтэй болоод, дээр нь хэл сайн сураагүй байсан болохоор будилж л байлаа. Тухайн үед TJ интертайнментийн захирал Нямаа миний клипийг монтажилдаг байсан. Клип гаргаснаар хүмүүст ч гайгүй хүрсэн л дээ. Тэгэхээр нь CD гаргая гэж шийдээд “220”, “Халзан толгой хоёр соёо”, “2012”, хамгийн сүүлд “Нийслэл хүү” гэдэг цомог гаргасан.

-Тэгэхээр хамтлагаасаа гарсан гэсэн үг үү?

-Хамтлагтаа байгаа. Би 2009 онд ирээд хамтлагийнхаа таван жилийн ойг хийсэн. Зургаан жилийн өмнө “Зургаа”, “Zoom air”, “Он цаг хугацаа” дууг хамтлагаараа дуулж байлаа.

-Одоо “Vanquish” хамтлаг байдаг уу?

-Манай хамтлагийнхан бүгд гадаадад сурдаг юм. Төвшөө Москва руу магистр хамгаалах гээд буцаад явчихсан. Бямбаа Шанхайд магистр хамгаалчихаад Дубай руу мэргэжил дээшлүүлээд ирсэн. Ази хоёр жилийн өмнө Англиас ирсэн бол би 2012 онд Америкаас ирсэн. Данди “Эксель” гэдэг дуун дээр байдаггүй. Тэр үед Англид сурч байсан юм. Ингээд байгуулагдсанаасаа хойш зургаан жилийн дараа хамтлагийнхан бүгд цуглаад 2010 онд “Open air”-т тоглолтоо хийж байсан.

-Дахиж цуглавал тоглолтоо хийх үү?

-Тоглолтоо хийх үгүйгээ мэдэхгүй ч боломж гарвал хиймээр л байна. Гэхдээ уран бүтээлээ хийгээд л байгаа шүү дээ. Сүүлд өнгөрсөн зун Данди бид хоёр “Сэгсэр” дуу хийсэн. Ер нь Монголдоо байвал цуглаад уран бүтээлээ хийдэг.

-Дууныхаа үгнүүдийг өөрөө бичдэг үү?

-Бүх үгийг өөрсдөө бичдэг.

-Реппер гэхээр заавал нэг нэгнийгээ доош хийсэн өнцөг ажиглагдаад байдаг. Ер нь тэгэх ёстой юм уу?

-Тэгэх ёстой. Тэр нь салшгүй нэг хэсэг нь юм л даа. Хувь хүний үзэл бодол орно. Поп дуучид дуулахдаа хүний дургүй хүргэсэн зүйлийг дуулахгүй. Дуулах сэдэв нь хайр, ээж, аав. Тэрийг нь бүх хүмүүс сонсоно. Хоорондоо таарамжгүй бол хоолой нь муу гээд яриад л өнгөрнө. Реппер хүн юуны ч тухай хамаагүй дуулдаг. Манай хамтлагийн “Хүүд” гэж дуу гарч байхад “G хороолол” гэж дуу гарч байлаа. Тэр үед паалантай жорлонд бааж, паартай байшинд амьдарлаа гэж хүмүүсийг доош нь хийж байсан. Би өөрөө тэнд нь өсч төрсөн юм чинь өөрийгөө өмөөрнө шүү дээ. Тэрнээс болж л тиймэрхүү өнгө аяс гарсан. Gee бид хоёроос өмнө Lumino, Quiza, Ice top-ынхон хоорондоо муу байгаагаа уран бүтээлээрээ тойруу утгаар илэрхийлдэг байсан. Бидний үед нэр усыг нь заагаад шууд хэлчихдэг болсон. Гадаадад ч бас бүгд л тэгдэг.

-Анх тэгж хүн чичилж дуулсны дараа нийгэм яаж хүлээж авч байв?

-Мэдэхгүй. Би АНУ-д байсан. Найзууд энд бөөн юм болж байна гэдэг байсан. Зун нь ирсэн ч мэдээгүй ш дээ. Шоу бизнес учраас үзэл бодол таарахгүй бол түүнийгээ хэлэх зүйл байна.

-Өөрийг чинь бас хүмүүс дуундаа нэлээд чичилсэн байдаг?

-Бидний үеийнхэн гэвэл “Clickclick boom”, “Gee”, “Opozit” л доо. Биднийг гарч ирэх үед “Flash”, “Мөнхийн реп” гээд хамтлагууд хайрын дуу дуулдаг байсан. Тийм моод байсан юм. Бид ч анх гарахдаа бас хайрын дуу дуулж л байсан. Тэр үед яаж хүмүүсийн анхаарал татсан бэ гэхээр “Бид хайрын дуу дуулахгүй хип хоп гэдэг хар барааныг дуулдаг урлаг” гэж гарч ирээд нөгөө хэдийгээ чичиж эхэлсэн. Хоорондоо хэрэлдэхээр хүмүүс сонсоод өмнөөс нь юу гэх бол гэдэг хүлээлт гарсан. Тэгтэл хүмүүс хошуурдгаараа хоорондоо хэрэлдвэл од болох юм байна гэж бодоод нэг нэгнээ чичдэг болсон.

-Та нарын дууг нийгмийн зарим хэсэг сонсоод хоорондоо хэрэлдээд байх юм. Энэ ер нь урлаг юм уу гэх хандлага байдаг?

-Урлаг шүү дээ. Урлаг гээд дэлхий даяар хүлээн зөвшөөрчихсөн. Монголд ч гэсэн хүлээн зөвшөөрчихлөө. Репперүүд одоо томчуудтай ч киноны дуу хийж байна. Хаана томчууд байна бүгдтэй нь л уулздаг болж. Өмнө нь өмдөө чирсэн бацаанууд гээд тоож уулздаггүй л байсан ш дээ.

-Одоо Монголд сайн реппер гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Уран бүтээл нь хүмүүст хүргээд шинэ зүйл хийж байгаа нь Rocket Bay л байна даа. Одоогоор биднийг давж гарч ирсэн шинэ реппер байхгүй л байна. Сүүлийн үед эмэгтэй репперүүд гарч ирж байна.

-Өөрөө бусад репперүүдээс юугаараа ялгарах юм бэ?

-Би сэдэвд баригддаггүй. Бүх сэдвээр дуулдаг. Хараалтай ч дуу байна. Хайрын ч дуу бий. Улс төр, бууз, пүүз гээд над шиг өргөн сэдвээр дуулдаг реппер цөөхөн дөө.

-Ингэхэд ямар мэргэжилтэй билээ?

-Интерьер дизайнер мэргэжилтэй. Багадаа зураг их зурдаг байсан. Зураач болно гэдэг байлаа. Арван жилээ төгсөөд конкурс өгөөд ШУТИС-ийн дизайны сургуульд тэнцэж нэг жил сурч байгаад АНУ руу явж хэл суръя гэж шийдсэн. Хэлний курст орсон чинь олон жилийн виз өгчихсөн юм. Тэгээд л мэргэжлээрээ сурчихсан.

-Мэргэжлийнхээ дагуу “Смок” брэндээ гаргасан юм уу. Яг ямар брэнд юм бэ?

-Брэндээ Анхаа гээд 220-ийн залуутай нийлж хийсэн. Анхаа маань график дизайнер. Миний дөрвөн CD-ний гурвыг хийж өгч байлаа. Бид хоёр нийлээд хувцасны брэнд байгуулсан.

Монголдоо үйлдвэрлэл хийе гэж ярьдаг ч дандаа ноолууран бүтээгдэхүүн хийдэг. Залуус өмсье гэхээд яг гоё стильтэй хувцас байдаггүй. Ярилцаж байгаад тийм орон зай байна гээд хийж эхэлсэн. Зах зээлд нэвтрүүлэхэд яах аргагүй тэр орон зай хоосон байсан. Дээр нь дизайн сайн байсан л даа. Тиймдээ ч одоог болтол явж л байна. Цаашдаа “Смок” брэндээ дэлхийд гаргах төлөвлөгөөтэй байна. Анх байгуулахдаа л олон улсад гаргана гэж төлөвлөсөн.

-Танайх хувцсаа захиалгаар хийдэг юм уу?

-Одоогоор захиалгаар хийдэггүй ч бас форм болохоор олон тоогоор хийдэггүй.

-Залууст зориулсан гэлээ. Үнийн хувьд ямар байна. Залуус авч чадах уу?

-Залуусын зарим нь үнэтэй байна гэдэг. Зарим нь гайгүй гэдэг юм. Гэхдээ төлөвлөсний дагуу болоод л байна.

-Хүүхдийн номын сангийн ажил хийнэ гээд байсан. Ажил хэрэг болгож чадсан уу?

-Хийсэн. Мобикомоос тэмцээнд оруулаад хүн болгон төсөл бичсэн юм. Жижигчин И.Одончимэг, Камертоны Мээдээ, сэтгүүлч Золжаргал, яруу найрагч Хулан нар орсон. Харин би залуусыг төлөөлж орсон юм. Тавуулаа өөрсдийн төслийг бичсэн. Ялагч нь 80 сая төгрөгийн шагналтай байсан л даа. Тэмцээнд И.Одончимэг эгч түрүүлээд хогийн цэг дээр хүүхдүүдэд сургууль барьсан. Би хүүхдийн номын сан байдаггүй учраас түүнийг хийе гэсэн. Хүүхдүүдийг анхнаас нь номонд дуртай болгоё гэсэн ч дэмжигдээгүй. Дэмжигдээгүй ч гэсэн таван сая төгрөг өгсөн л дөө. Мөнгө нь хүрэхгүй учраас хандивын тоглолт хийж хэдэн төгрөг олсон. Олсон мөнгөндөө тааруулж Нацагдоржийн номын сангийн агуулахын өрөөг хүүхдийн номын сан болгож зассан.

-Нэг хэсэг “Нийслэл хүү” гэдэг нэвтрүүлэг хөтөлж байсан. Одоо гараад байгаа С1 телевизийн нэвтрүүлгээс юугаараа ялгаатай юм бэ?

-Тэгсэн. Залуучуудыг уриалж зөв тийш нь залахыг хичээсэн. Дуугаараа хүмүүст хүрээд анхаарлыг нь татчихсан юм чинь залуусыг уриалъя гэж боддог юм билээ. Тэр утгаараа “Нийслэл хүү” гэдэг CD хүртэл гаргасан. CD дотор хотын тухай олон дуу бий. Тэрийг давуулж “Нийслэл хүү” гэдэг төсөл явсан юм. TJ entertainment-тай хамтраад “Нийслэл хүү” гэдэг 12 цуврал онлайн нэвтрүүлэг хийсэн юм. Хотыг аль болох гоё талаас нь харуулсан нэвтрүүлэг болсон. Миний нэвтрүүлэг хотын тухай гардаг. Одоо гараад байгаа С1 телевийн нэвтрүүлэг хөдөө яваад байдаг юм билээ.

-Нэвтрүүлэг чинь залууст хэр хүрсэн бэ?

-Гайгүй хүрсэн байх шүү. Тэрнээс болоод намайг Цэцэ гэхээсээ илүү “Нийслэл хүү” гэдэг болсон.

-Залуу хүнийхээ хувьд баримталдаг зарчим бий юу?

-Зүгээр сууж болохгүй. Зүгээр сууж болохгүй гээд хэрэггүй юм хийгээд явахгүй. Ихийг хийхдээ биш. Хэрэгтэйг хийхдээ чухал гэдэг үгийг үнэн гэж боддог. Аль болохоор бодож байгаад хэрэгтэй зүйл хийдэг. Зүгээр суугаад байхаар хэрэг хийчихсэн юм шиг санагдаад байдаг юм.

-Залуусыг ямар байгаасай гэж боддог вэ?

-Залуусыг харахад бие биенийгээ муулаад байх юм. Нэг нь юм хийхээр шүүмжилж байхынха оронд тэр хүнээсээ давж юм хийж харуул л даа. Миний дуу таалагдахгүй буруу санагдаад байвал өөрийнхөөрөө зөв болгоод л давуулаад дуулаад гаргаад ирэх хэрэгтэй. Хийгээд үзүүлчихвэл болж байна ш дээ. Өрсөлдөх чадвараа хэрүүлээр биш хийснээрээ харуулдаг байгаасай.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Нэг хүүтэй байх аа?

-Эхнэрийг маань Саруул гэдэг. Багаасаа л хамт зуслан явдаг байлаа. Бид хоёр настай хүүтэй.

-Ямар баярт дуртай вэ?

-Шинэ жил. Гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзаж олуулаа тэмдэглэдэг учраас дуртай. Шинэ жил шинэ бүхний эхлэл гэдэг утгаараа сайхан санагддаг.

-Таныг кинонд тоглож байгаа гэж байсан?

-Кинонд тоглох гэж байгаад больчихсон. Инээдмийн кино байсан юм. Найруулагчтайгаа тохиролцож чадсангүй. Тэгээд энэ зун өөрөө кино продюсерлож хийе гэсэн төлөвлөгөө гаргачихаад байна. Намар гэхэд кинотой л болчихмоор байна. Түүндээ их донтчихсон байгаа. Сүүлийн үед дуу, клип биш кино л бодоод байгаа шүү.

-Сүүлийн үед уран бүтээл хийж байна уу?

-Одоогоор хувийнхаа ажлыг хийгээд л байна. Би их уйдамтгай хүн. Одоо дуугаа болсон гэж үзэж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коби Брайнт ба монголчууд

Сагсан бөмбөгийн түүх бол “Майкл Жордан” гэдэг ойлголт байсныг үгүйсгэх нэгэн үйл явдал манайхаар бол өнгөрөгч пүрэв гаригт боллоо. “Хар Мамба зодог тайллаа” гэсэн ганц өгүүлбэр дэлхийн спортын түүхэнд трэнд болж байна. Энэ өдөр “Лос Анжелес Лэйкэрс” багийн “түлхүүр” Коби Брайнт сагсөн бөмбөгийн ертөнцөд 20 жил зүтгэсний эцэст зодог тайлсан. Түүний Лэйкэрсийн нэр дээр тоглосон сүүлчийн тоглолт “Юта Жазз”-ын эсрэг байв. Алдарт “Стэплэс цэнтр”-т багтахгүй шахам цугласан үзэгчдийнхээ өмнө 101:96-гийн харьцаатай Коби “Юта”-г буулган авлаа. Коби гэхийн учир нь багийнхаа 101 онооны 60-ыг нь ганцаараа “түүсэн” юм. Голден Стэйт Уорриос улирлын 73 дахь хожлоо байгуулж NBA-ийн шинэ түүхийг бичсэн ч домогт “Хар мамба”-гийн сүрэнд дарагдсан гэдэгтэй хүн бүхэн санал нэг байна. Үнэндээ бол Голден Стэйтийн 73 дахь хожлыг “Or­acle Arena” байсан хүмүүсээс бусад нь анзаараагүй. Анзаараагүй гэхийн учир нь Коби анхаарлын төвд байсан юм.

1996 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Нью-Иорк Никсийн эсрэг тоглолтод чөлөөт шидэлтээс карьерийнхаа анхны оноогоо авч байсан тэрээр жинхэнэ нэр хүндтэй зодог тайллаа. Америкчуудын бахархал байжээ гэдэг нь хэдхэн хоногийн өмнө харагдсан. Алдарт Майкл Жордан зодог тайлах сүүлчийн тоглолтдоо 15 оноо авч байсан бол Коби 60 оноо авлаа гээд шуугьж байх юм. Тэр бүү хэл Америк даяар дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг #MambaDay буюу Мамбагийн өдөр болгон тунхаглалаа. Америкчууд өөрсдийн бахархлыг ингэж бий болгож чаджээ. АНУ-ын спортын энэ жишиг манайд хэрэгтэй байна. Хэдэн сая ам.доллар эргэлддэг сагсан бөмбөгийн түүхэнд хэдэн сая ам.доллараар хэмжигдэхээргүй үйл явдал болсон нь 37 настай сагсан бөмбөгч Коби Брайнтыг үдэх байв. Мамбаг зодог тайлах сүүлчийн тоглолтын тасалбар 10 мянган ам.долларт хүрсэн хэдий ч хэдэн сарын өмнө тасалбар нь дууссан талаар шуугьж байсныг санаж байгаа байх. 10 мянган ам.доллар гэдэг бол манай ханшаар 20 сая төгрөг болно. Гэтэл манайхан хамгийн их хүндлэл хүлээдэг хөлстэй хэдэн бөхчүүдээ ноцолдохыг харах гэж 10 мянган төгрөгөөр тасалбар худалдан авч байна гээд бод. Өөрсдийн бахархлыг бий болгоно гэдэг бол монгол Кобиг бий болгоно гэсэн үг. Зодог тайлах сүүлчийн тоглолтын ганц тасалбарыг 10 мянган ам.доллараар борлуулна гэсэн үг.

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд эхлэнгүүт л 50 муж нь “Өрнө”, “Дорно” гэсэн хоёр хэсэгт хуваагдан хоорондоо үзэлцдэг. Улирлын тоглолтууд үргэлжилсээр эцсийн мөчид хоёр баг аваргын төлөө шалгарч үлдэн “Аваргын бөгж”-ний эзэд тодордог. Зүгээр л хоёр баг аварга авах гэж тэмцэлдэж байгаа мэт боловч ард түмэндээ ямар их баяр баясгалан, бахархлыг төрүүлдэг гээч. Дайн холдох тусам тэдэн дундаас л үндэсний баатар төрдөг. Үүний нэг нь Коби Брайнт. NBA гэдэг бол асар их мөнгө эргэлддэг орон зай. Түүнийг дагаад бизнесийн боломжууд үргэлж дагаж байдаг. Тоглолтын дундуур реклам явахад л “бут” авдаг гэлцэх юм билээ. Америкийн дунд сургууль, коллежоосоо эхлээд сагсан бөмбөгийн аваргуудаа шалгаруулдаг. Тэдэн дунд Америкийн ирээдүйн бахархлууд бий болж байна, цаана чинь. NBA-ээс дутараахгүй NCAA буюу их дээд сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээнээс дараагийн одууд нь төрөөд эхэлчихэж.

NBA өндөрлөж, аварга баг тодорсон өдөр америкчуудын тэн хагас нь унтдаггүй. Аварга болсон багтаа хүндэтгэл үзүүлж хот даяараа баяраа тэмдэглэдэг. Маргааш нь тэр хотынхон тэдэн ширхэг хот дог, гамбургер, пицца иджээ. Тэдэн мянган литр кола ундаа уужээ гээд л тоо баримт гаргаж ирж байгаад л шуугьдаг. Үндсэн утга нь баярлахдаа хүртэл хүнсний салбараа дэмжиж байх жишээтэй. Бидэнд ийм л жишиг дутаад байна. Хаа байгаа Америкт Коби Брайнт зодог тайлж байхад монголчууд нойргүй хонож байх жишээтэй. Бид ингэж хүндэлж чадаж байна шүү дээ. Харин одоо бидэнд Мамба шиг үндэсний бахархал болох хүн хэрэгтэй байгааг хаа хаанаа бодолцох л ёстой. Монголчуудын бахархал, омогшил, сэтгэл хөөрлийг дээд цэгт нь тулгаж чаддаг хүнтэй, багтай болж ганцхан түүний тухай л яримаар байнаа. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг гэсэн бага нэгжээс нь эхлээд Америкийн арга барилаар спортын аль нэг төрлийг гаргаж ирэх цаг хэдийнэ болжээ. Бүр болохгүй бол шинэ спортын төрлийг ч нээсэн болно. Харин энэ тэмцээн нь үндэсний бахархал байх ёстой. Монголын эдийн засгийн форумын үеэр “Монгол мөрөөдөл” гэдэг өөрсдийн бахархлыг бий болгохоор залуучууд бүтэн өдрийн турш хуралдсан. Цаашид ч гарцаа хайна гэж байна лээ. Хайгаад байгаа “Монгол мөрөөдөл” чинь энэ юм биш үү. Хэрэв бид үүнийг бий болгож чадвал үндэсний баатартай, Монголоороо бахархдаг болох нь төдий чинээ нэмэгдэх юм. Харин тэр үндэсний баатар, монгол бахархлаас хайр энэрлийн халуун гэгээ цацарч байх ёстой юм шүү. Энэ л бидэнд дутагдаад байна. Жалга довны хэрүүл, улстөрчдийн хийрхлийг мөн ч олон жил харлаа. Харамсалтай нь нам гэдэг намирсан “туг”-ийг өндөрт өргөснөөс үндэсний баатартай болсонгүй.

Монголын бүх ард түмний спартакиад 1961 оноос хойш арвандөрөв дэх удаагаа болж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард Монголын бүх ард түмний их наадам 20 спортын төрлөөр эхлэн үргэлжилж байгаа ч ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаггүй шүү. Өнөөдрийн байдлаар өвлийн спортуудаас эхлээд жүдо, чөлөөт гэхчилэн олны анхаарлын төвд байдаг төрлүүд аваргуудаа тодруулсан ч ямар шинэ аваргатай болсон бэ гэдгийг мэдэж байгаа хүн үнэндээ алга. Ийм байж болох уу. Уг нь энэ спартакиадаас чинь л баатрууд нь төрж байх учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллагууд спортын тэмцээнүүдийг нь шууд дамжуулж, дундуур нь үндэсний компанийнхаа рекламуудыг явуулаад, аль аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Бүх ард түмний спартакиадыг олны анхаарлын төвд оруулж бахархлаа тэндээс нээмээр байх юм. Америкчууд сагсан бөмбөгийн үндэсний аваргаа тодруулчихаад шөнө нь нойргүй хонон баярлаж байхад монголчууд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдахад зурагт үзэж нойргүй хонож байсан. Саяхан “Баянгол” зочид буудалд хүчний байгууллагынхан хоёр компанийн бичиг баримтыг шалгахаар очих үед “Женко” Х.Баттулгыг баривчлах нь гэж сүржигнэн өдрийн ажлаа барсан. Үнэндээ Х.Баттулга, Н.Энхбаяр хоёрыг телевизээр үзлээ гээд бидэнд яг юу үлдэж байна вэ. Хийрхэл, атаархал, үзэн ядалт, хагарал бутрал, хар хор, жигшил зэвүүцэл л үлдэж байна. Монголоо монголчууд нь үзэн яддаг адын зүйлд хөтлөгддөг болж. “Миний даргыг барьдаг, хорьдог, шалгадаг чи хэн бэ” гэж ирээд л “Хаа таарсан газар нь нам бууд” хэмээн хийрхэх боллоо.

Хэдэн тэнэг даргынхаа аль бүлэглэл фракц нь ялах вэ гэдгийг харж байхаар үндэсний бахархалтай болцгооё. Үндэсний бахархлаа бид багийн спортоос сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол спортын ганцаарчилсан төрлөөс сонгочихоор жалга довны бахархал болдог. Үндэсний бөхийнхнийг хар. Аймаг, хошуу, жалга довоороо талцдаг. Тэр бөх түрүүллээ гэхэд фэйсбүүкт хөөргөдөж, хэдэн лайк авахаас ер хэтрэхгүй. Гэтэл цаад америкчууд чинь Коби Брайнтаа зодог тайлсан өдрийг хүртэл баярын өдөр болгон тэмдэглэж байна. Төр засгаас нь албан ёсоор баярын өдөр болгоогүй байтал иргэдийнх нь өөрсдийн хүсэл санаачилгаар баярын өдөр болгож байх юм. Бахархлаа бүтээнэ гэдэг нь энэ. Гэтэл манай зарим нэг үндэсний бөхийн тамирчин “Зодог тайлна” хэмээн сүр дуулиантай мэдээлэл тараачихаад маргааш нь “Би зодог тайлахаа болилоо” хэмээн ичих ч үгүй яриад сууж байдаг. Огтхон ч санаа зовсон зүйлгүй ярина гээч. Тиймээс багийн спортыг гаргаж ирэх ёстой гээд байна л даа. Тэр бахархал болсон спортын багаас баатар болох тамирчин төрөн гардаг учиртай. Цаад тамирчин нь ч гэсэн үнэхээр үлгэр дуурайл болж чаддаг. “Бүх талаас нь оролд. Тоглолт бүр дээр өөрсдийгөө дайчил. Чамайг дуусгах өдөр ирмэгц чамд ямар ч харамсах шалтгаан байхгүй болно. Зүрх сэтгэлээсээ тогло. Маргааш гэж байхгүй мэт бэлтгэл хий. Харамсах шалтгаан үлдээхгүйгээр тоглолтыг орхиж гар…” хэмээн Коби Брайнт хэлдэг тухай багийнхан нь ярилцлагадаа өгүүлсэн байна. Энэ үгийг сонсож буй тамирчид дундаас дараагийн Коби төрдөг юм. Монголчууд бид тийм л “Коби”-той болмоор байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Бурхан ч атаархмаар хувь заяатай хатан хаан” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ.энэ удаагийн дугаарт ард түмэнд амьдрал бэлэглэгч алтан гартай эмч нарын нэг ангийн тухай дурсамж нийтлэгджээ.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч гуравдугаар нүүрт энэ удаа сэтгүүлч Д.Гансаруулын Бурхан ч атаархмаар хувь заяатай хатан хаан нийтлэл нийтлэгдэв.

Жүжигчин Г.Ундармаагийн “Итгэлийн танхим” дөрөв дэх эмнэлгээ тохижуулан засч өглөө . Тиймээс түүнийг энэ удаагийн зочин буландаа онцолсон байна.

Түүнчлэн тухайн өдөр өрнөсөн үйл явдлын мэдээ мэдээллүүд орлоо.

Мөн энэ удаагийн өд бэх буланд Төрийн шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Шаргачин” өгүүллэгийг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ