“Сэтгэлийн утас” зөвлөгөө мэдээлэл, сургалт судалгааны төвийн захирал, сэтгэлзүйч Б.Нямаатай ярилцлаа.
-Танай төв хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм бэ?
-Манай төв 2015 оны нэгдүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Олон нийтэд сэтгэлзүйн боловсрол олгох, хүн өөрөө өөрийнхөө сэтгэлзүйг удирдах хянах, аливаа асуудлыг зөв талаас нь, хурцатгахаас нь өмнө шийдвэрлэх энэ бүх чадварыг эзэмшүүлэхийн тулд бид сэтгэлзүйн боловсрол олгох хэрэгтэй. Тэр утгаар олон нийтэд сэтгэлзүйн боловсрол олгох, янз бүрийн асуудлуудыг хөндөх зорилгоор төвөө байгуулсан юм.
-Танайд өдөрт дунджаар хичнээн хүн ханддаг вэ?
-Манайх сэтгэлзүйн зөвлөгөөг утсаар өгдөг. Бидэн дээр шууд ирэх боломжгүй, хөдөө орон нутагт байгаа эсвэл гэртээ байдаг, хүүхдээ хараад гарах боломжгүй байдаг хүмүүс 1900-1050 дугаарын утсаар холбогддог. “Би яг одоо сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай байна”, “Хүнтэй ярилцахгүй бол болохгүй байна”, “Тулгамдчихаад байна. Одоо л ярихгүй бол болохгүй байна” гэсэн хүн 4-5 холбогддог. Харин “Би сэтгэлзүйн зөвлөгөө авмаар байна. Хаана очиж болох вэ. Биечилж уулзмаар байна” гэсэн эсвэл гэр бүл, ойр дотнын хэн нэгнээ дагуулж очиж зөвлөгөө авъя гэсэн 3-4 хүн ярьдаг л даа.
Манай монголчууд одооноос л сэтгэлзүйн зөвлөгөөг маш их хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, би яг одоо сэтгэлзүйчид хандахгүй бол үүсээд байгаа асуудал маань хүндрэх юм байна гэдгийг ойлгодог хандлага сүүлийн хоёр жилд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа.
-Хаврын улирал хүний сэтгэлд яагаад хүчтэй нөлөөлж, сэтгэлзүйг тогтворгүй болгодог юм бэ?
-Хүний өөрийнх нь бие махбодын физиологийн онцлог бий. Улирал шилжих үйл явцтайгаар холбоотой үүсдэг бие организмын хямрал гэж хэлж болно. Өвлийн улирлаас хавар буюу урин дулааны улирал руу ороход биед ч тэр байдалд дасан зохицох үйл явц явдаг. Дээр нь бие махбод ядрах сульдах, юм хийхээс дургүй болох ийм шинж тэмдэг давхар илэрдэг. Энэ нь бие организм өөрөө цаг хугацааны өөрчлөлттэй холбоотойгоор давхар хямарч байгаа. Энэ байдлаас болоод бие организмын өөрчлөлт эргээд сэтгэл санааны өөрчлөлтийг бий болгодог. Хүний бие организм байнга өөрчлөгдөж, хувирч байдаг. Хаврын улирал гэдэг нь ядарсан, туйлдсан эсхүл хэт их нозоорсон байдлаас болж сэтгэлзүйн хувьд өөрчлөлт оруулдаг онцлогтой.
-Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн өвчин нь хавар сэдэрдэг гэдэг нь үүнтэй холбоотой гэсэн үг биз?
-Холбоотой. Бие махбод нялхарч ядраад, цаг хугацааны өөрчлөлттэй дасан зохицох гэж хямрахаар бие суларч өвчин нь сэдэрдэгтэй адил сэтгэцийн өвчин ч адилхан үүн шиг сэдрэх, дахих магадлал нь нэмэгддэг.
-Сэтгэл хямралын хамгийн эцсийн цэг нь амиа хорлолт юм шиг ээ. Манай улсын хувьд амиа хорлолт нэмэгдэж байгаа гэсэн судалгаа гардаг. Тэр дундаа эрчүүд амиа хорлох нь их тохиолдох болжээ?
-Амиа хорлох гэдэг үйл явц бол сэтгэл гутралын хамгийн дээд цэг. Хүн өөрөө өөртөө сэтгэл гутарсан, өөрийгөө үзэн ядсан, өөрийгөө хэнд ч хэрэггүй юм байна. Би амьдрах ямар ч аргагүй юм байна. Эсвэл “Би үүнээс цааш юу ч хийх чадваргүй болчихлоо” гэсэн энэ их гутралын байдал нь амиа хорлох нөхцөлийг үүсгэдэг. Сэтгэл гутралаас хүн өөрийгөө сэргийлж байх хэрэгтэй. Хэрвээ сэтгэл гутрал буюу яг одоо юу ч хиймээргүй санагдаж байгаа, эсвэл амьдрал утгаа алдаж, харанхуй харагдаад эсвэл хэнтэй ч яримааргүй ганцаараа баймаар санагдаж, тэгээд ганцаараа байхаараа сэтгэл санаа тогтворгүй болж өөрийгөө яавал ч яачихаар санагдах гэх мэт эдгээр байдал нь амиа хорлоход маш том түлхэц болдог. Амиа хорлолтыг амиа хорлох, амиа хорлохыг завдах гэж ангилдаг. Нийт амиа хорлож байгаа хүмүүсийн 60 хувь нь эрчүүд байгаа. Гэхдээ амиа хорлохыг завдсан үйлдлийг эмэгтэйчүүд илүү их хийдэг. Нийгмийн хүчин зүйлээс гадна эрчүүдийн бие, сэтгэлийн онцлог нь ч нөлөөлж байгаа. Нийгмийн хүчин зүйлийн хувьд эрчүүд амьдралаа авч явах ёстой, мөнгө олох ёстой, ажил хийх ёстой, энэ гэр бүлийг сайн сайхан авч явах нь эрэгтэйчүүдийн үүрэг гэдэг хандлага байдаг. Гэтэл нийгэмд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай адилхан л байх ёстой. Адилхан л хөдөлмөр эрхэлж, адилхан л орлого олж байна. Гэтэл ачааны ихэнхийг эрчүүддээ үүрүүлээд байгаа нь тэднийг байж боломгүй хэмжээний шахалтад оруулаад байна. Энгийн жишээ хэлье. Залуучууд яагаад амиа хорлоод байдаг вэ гэхээр, найз охинтой боллоо гэхэд болзооноос эхлүүлээд л бүх мөнгийг эрэгтэй нь гаргадаг. Эрэгтэй нь эмэгтэйдээ гоё бэлэг авч өгөх ёстой, эрэгтэй нь машин тэрэгтэй байх хэрэгтэй гээд бүх зүйлийг тухайн эрэгтэй бүрдүүлчихвэл найз охинтой болж үлдэнэ. Хэрэв тийм биш бол өөр чадалтай, мөнгөтэй үеийнхээ залууд нөгөө дурласан сайхан охиноо алдах гээд байдаг. Тэгэхээр өнөө дарамт шахалтыг хоёр хосын харилцаа эхлэх үеэс л хариуцлага мэтээр үүрүүлчихээд байгаа юм, энэ нийгэм. Гэрлэлт ч ялгаагүй. Эрэгтэйн тал нь байртай байх хэрэгтэй. Хуримын бүх зардлыг эрэгтэйн тал гаргана гэдэг. Энэ байдал чинь эргээд эрэгтэй хүн өөрөө уг хариуцлага, ачааг үүрэх хэмжээндээ чадаж байна уу, үгүй юу. Боломж нөөц, ар гэр, ажил мэргэжлээ бүрэн эзэмшсэн үү, үгүй юу гэдэг энэ болгон чинь эргээд тэр хүнд ачаа болон очиход тэр залуу бэлэн байна уу, үгүй юу гэдэг нь хамаарчихаж байгаа юм. Энэ хамаарлыг давж чадахгүйгээсээ болоод залуус маань тэр дундаа 25-29 нас, 14-18 насны үечлэл дээрээ амиа хорлох нь их байгаа.
-Амиа хорлох гэж байгаа хүнд ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ. Ойр дотнын хэн нэгэн нь сэтгэлзүйн хувьд хэвийн биш, ер нь амиа хорлочих магадлалтай байгааг яаж мэдэх вэ?
-Хэн нэгэнд амиа хорлох, амиа хорлох тухай бодол төрж байгаа нь дараах хэдэн шинж тэмдгээр илэрнэ. Нэгдүгээрт, дуугаа хурааж ганцаараа байдлыг үүсгэдэг. Өрөөндөө ганцаараа байх, хэнтэй ч ярихгүй байх, юу болсноо илэрхийлж ярихаас дургүйцэх. Ээж, эхнэр нь болсон зүйлийг тодруулах гэвэл ярихаас татгалзаж “Зүгээр” гэдэг. Сэтгэл гутралын байдалтай байгаагаа тухайн хүн эхлээд нуудаг. Дараа нь нуугаад нуугаад ил болохоор үгүйсгэж эхэлдэг. “Үгүй, би тийм биш. Би өрөнд ороогүй”, “Энэ чинь зүгээр ш дээ. Энэ чинь асуудал биш. Даваад л гарчихна” гэдэг. Асуудлаа үгүйгээд тодорхой хугацааны дараа түүнтэйгээ нүүр тулдаг. Ингэж нүүр тулахаараа гишгэх газаргүй болж эхэлдэг. Байх газаргүй болоод ирэхээр тэр хүн маань гэрээсээ дайжих, гэртээ ирэхгүй удах, эсвэл цаашаа яах гэж явсан нь мэдэгдэхгүй байх, юу хийж байгаа нь тодорхой бус болж эхэлдэг. Амиа хорлохыг хүсээгүй хүн гэр бүлийнхэндээ “Би тэнд тийм хүнтэй уулзаж байгаа шүү” эсвэл “Би найзтайгаа яриад сууж байна. Орой төдөн цагийн үед очно” гэдгээ илэрхийлдэг. Гэтэл амиа хорлохыг завдаж байгаа, тийм бодолтой байгаа хүн огт тэгдэггүй. Бүх юмаа, юу хийж байгаагаа нууцлаад эхэлдэг. Ийн нууцалж байгаа нь тэр хүнд эрсдэлтэй, хэцүү асуудал тулгарчихаад байна аа гэдгийг мэдэх том шинж тэмдэг. Хоёрдугаарт, хэн нэгэндээ захиас захидаг. Өөрөө хэлж болно эсвэл захиа бичдэг. Урьдаас эд хөрөнгийнхөө эзэмшигчийн нэрийг үр хүүхэд рүүгээ шилжүүлж, өр зээлээ дарж дуусгах, эсвэл хэн нэгэнд “Хэрвээ намайг үгүй болчихвол манай хүүхдүүдийг харж хандаарай. Ээж, эхнэрийг минь харж хандаарай” гэж айхавтар их хэлэхгүй ч хэзээ ч юм хэн нэгэндээ сануулж хэлсэн байдаг. Энэ бол тэр хүний “Би ер нь яаж ч магадгүй шүү. Би яаж ч магадгүй болчихоод байгаа шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэлбэр. Энэ бүхэн тухайн хүнд амиа хорлох тодорхой нэг шинж тэмдэг, эсвэл ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байгаагийн шинж.
Амиа хорлох гэж байгаа хүний ааш зан нь тогтворгүй болж эхэлдэг. Хүнтэй ярихаас төвөгшөөж, асуусан асуултад нь хариулахгүй байх зэргээр өөрийгөө бусдаас зайлуулахыг оролдоно. “Энэ ямар муухай ааштай юм. Харьцахгүй л байя” гэж зайгаа барьж холдуулахыг хүсдэг. Энэ нь өөрийгөө бусдаас холдуулж эхэлж байгаагийн илрэл. Ингэж эрсдэлтэй алхам хийхэд өөрийгөө бэлдэж эхэлдэг. Мөн хэт их архи, тамхи хэрэглэж, янз бүрийн эм бэлдмэл их хэмжээгээр уух, заримдаа яасан ч яахав гээд машины хурд хэтрүүлж давхих, олон нийтийн газар янз бүрийн эрсдэлтэй алхам хийх зэрэг иймэрхүү байдлыг бас гаргадаг.
-Танд амиа хорлохыг завдсан хүмүүс ханддаг байх?
-Саяхан нэг үйл явдал болсон. Наймдугаар давхрын байрны тагтан дээрээ зогсоод тамхи татаж зогсч байсан гэнэ. Тамхи татаж байгаад тамхины ишийг газар руу унагасан байгаа юм. Иш доошилсоор газарт унаж байгаа тэр үзэгдлийг тэр хүн маш их шимтэж харсан гэсэн. Тэгээд “Би ч ингээд уначихвал бүх асуудал маань дуусчихна шүү дээ” гэсэн бодол толгойд нь эргэлдсэн гэж байгаа юм. Үүнтэй адилхан үсэрчихвэл энэ бүх асуудал, зовлон арилчихна. Би яагаад ингэж болохгүй гэж бодсон хүн над дээр ирж байсан л даа. Тэр хүн өөрийгөө унаж байгаагаар төсөөлөөд яг үсрэх гэснээ “Би ингээд амархан үхчих байсан бол өдий хүртэл зүтгэж олон ажил бүтээж явсны хэрэг юу билээ” гэж бодож жаахан харзнаж байгаад больсон байгаа юм. Тэгэхээр хүмүүс эрсдэлтэй иймэрхүү алхмуудыг толгойдоо төсөөлж явдаг. Амиа хорлолт нь тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хийгддэг.
-Амиа хорлохыг завдаж байгаа хүнтэй таарвал яах вэ. Тэдний сэтгэлзүй яг тэр агшинд ямар байдаг юм бэ. Тэр үед нь яаж харьцах нь зүйтэй юм?
-Бид мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учир амиа хорлох гэж байгаа хүнийг эхлээд тайвшруулдаг. Тэр хүнийг үүсгэчихсэн нөхцөлөөс аврах нь нэгдүгээрт хийх алхам. Олон улсын жишигт бол хэн нэгэн хүн амиа хорлох гэж байна гээд сэтгэлзүйч руу утсаар залгахад тэр хүний байршлыг нь шууд тогтоочихдог. Байршлыг нь тогтоонгуутаа сэтгэлзүйн төвүүд нь эмнэлэг, цагдаагийн дугаар руу залгадаг. Сэтгэлзүйч бол ямар нэг үйл хөдлөл хийхгүй тухайн хүнтэй ярилцаж л суудаг. Сэтгэлзүйч хоёр кноп дарж эмнэлэг, цагдаад л мэдэгддэг. Цагдаа, түргэн тусламжийнхан дуудлагын дагуу сэтгэлзүйч хэнтэй яаж ярилцаж байгааг сонсдог. Сэтгэлзүйч “За, та яг одоо хаана байгаа юм”, “Та амиа хорлох гээд хажуудаа юу юу тавьчихсан байна”, “Наана чинь таны амийг хорлохоор юу байна вэ. Тариа, хутга…” гээд л ярилцаж цаг хожиж байдаг. Сэтгэлзүйч яриад л байдаг. Та яагаад амиа хорлох гэж байгаа юм, энэ үйлдлийг хэдэн удаа хийж байгаа юм. Үүнд чинь хэн нөлөөлчихөв гэж асуудлуудыг нь яриулсаар байдаг. Ингэж ярихаар зарим нь “За за би амиа хорлохоо болилоо” гээд утсаа тавьдаг. Эсвэл “Би яг үсэрлээ. Би яг үхлээ” гэж байгаа хүнтэй сэтгэлзүйч утсаар ярьж байхад цагдаа нар ямар ч дуут дохио хангинуулахгүйгээр маш энгийнээр очоод тэр хүний аюулгүй байдлыг хангадаг. Тэр байтугай “Би хутга бариад өөрийгөө хутгалах гэж байна” гэсэн хүнтэй сэтгэлзүйчид ярилцаад хутгаа тавиад, цагдаа нарт хаалгаа тайлж өгөх хэмжээнд нь хүртэл тайвшруулдаг. Манайд одоогоор ийм нэгдсэн сүлжээ харилцаа алга байна л даа. Хэрвээ ийм сүлжээтэй болчихвол амиа хорлолтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, амиа хорлолтыг бууруулах ач холбогдолтой.
-Амиа хорлох тухай бодохгүй байх, тийм бодол өөртөө төрүүлэхгүйн тулд хүн сэтгэлзүйн хувьд хамгийн эхэлж ямар алхам хийж хэвшүүлэх хэрэгтэй юм бэ. Өдөр тутамдаа ямар хэвшилтэй байвал амиа хорлох тухай огт бодохгүй байх вэ?
-Найз нөхөд, хамт олонтой байх, үе тэнгийнхэнтэйгээ ярьж хөөрөх, бусадтай адилхан нийгмийн идэвхтэй байх нь ерөөсөө хүн байх утга учрыг тодорхойлж өгч байдаг. Тэгэхээр бид нийгмийн маш олон бүлэг рүү орж өгөх хэрэгтэй. Идэвхтэй амьдралтай, идэвхтэй амьдралын хэв маягийг өөртөө бий болгосон хүмүүс сэтгэл гутрах байтугай хоногийн 24 цаг нь тэр хүний хувьд аз жаргалтайгаар өнгөрдөг, өнгөрүүлж ч чаддаг. Ядарч байсан ч хамаагүй нэг газарт очоод юм сонсоод эрч хүч авдаг. Энэ чинь биднийг цэнэглэж байдаг субьектив хүчин зүйл байхгүй юу. Байгууллагуудын хувьд ажилчдынхаа стрессийг тайлах, ачааллыг багасгах, гэр бүлүүд ч гэсэн хамаатан саднаараа нийлж заал авч тоглодог, гэр бүлээрээ аялж зугаалах зэрэг хэвшлүүдийг үүсгэчихээд байна. Ийм хэвшлүүдийг бий болгох нь гуниг гутралыг ул мөргүй болгох маш том хэрэгсэл. Хувь хүн үүн дээр өөрөө санаачилгатай байх хэрэгтэй. Спортоор хичээллэдэг бол тухайн хүн хэзээ ч сэтгэл гутралд орохгүй. Яагаад гэвэл дасгал хөдөлгөөн хийхэд хүнээс аз жаргалын даавар ялгарч байдаг. Тэр даавар нь уйтгар гуниг, гутрал гэдэг зүйлсийн эсрэг дархлаа болдог.