Categories
мэдээ нийгэм

“Апу” компанийн сүүний үйлдвэр улсын хэмжээн дэхь сүү сүүн бүтээгдэхүүний дөрвөн литр тутмын нэгийг үйлдвэрлэж байна

-АПУ КОМПАНИЙН СҮҮНИЙ ҮЙЛДВЭР ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛСЭН, АНХДАГЧ БҮРЭН АВТОМАТ ГЭДГЭЭРЭЭ ДАВУУ-

Өчигдөр “Апу” компанийн сүүний үйлдвэр бэлтгэн нийлүүлэгчдээ хүлээн авч, өнгөрсөн оны хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцсэн юм. Түүнчлэн ирэх жилийн хамтын ажлын төлөвлөгөөнийхөө талаар ярилцсанаас гадна үйлдвэрлэлийн явцтай өөрсдийн биеэр танилцсан юм. “Апу” компани 70 тэрбумын хөрөнгө оруулалтаар өдөрт 150 тонн, жилдээ 45 сая гаруй литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулж, хэрэглэгчдийн хэзээний танил “Дээж”, “Сайн”, “Маамуу”, “Цэвэр сүү” зэрэг 20 гаруй нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэж байна. Түүнчлэн сүү бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээгээр дамжуулан 1000 гаруй хүнийг ажлын байраар хангасан аж. Тодруулбал, “Хишигтэн нүүдэлчин”, “Баян Симентал” зэрэг Монголдоо жишиг болохуйц эрчимжсэн мал аж ахуйгаас 300-аад малчин, фермерүүдээс Улаанбаатар хотын ойролцоох 12 цэгээрээ дамжуулан өдөрт 20-60 тонн сүү хүлээн авдаг аж. Өнгөрсөн онд малчин фермерүүдээс нийт найман сая гаруй литр сүү хүлээн авч, түүхий эд болгон ашигласан гэнэ.

Энэхүү сүүний үйлдвэр нь Монголын хамгийн анхны бүрэн автомат гэдгээрээ онцлог. Дээрээс нь ISO 22000 буюу Олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн цорын ганц сүүний үйлдвэр юм байна. Хоёр жилийн өмнө үйлдвэрлэлээ эхлүүлсэн хэдий ч өдгөө улсын хэмжээн дэхь дөрвөн литр сүү, сүү бүтээгдэхүүн тутмын нэгийг тус үйлдвэр нийлүүлдэг болжээ. Цаашид үйлдвэрлэлийн хэмжээ болон эрэлт нэмэгдэх төлөвтэй байгааг холбогдох албаныхан энэ үеэр мэдээлсэн юм.

Энэ үеэр “Апу” компанийн сүүний үйлдвэрийн технологич Т.Сарантуяатай ярилцлаа

-Танайх Европын технологийн дагуу үйлдвэрлэлээ явуулдаг Монголдоо анхдагч сүүний үйлдвэр гэсэн байх аа?

-Манай сүүний үйлдвэр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийг ашигласан, бүрэн автомат дамжлаг бүхий Монголын анхны сүүний үйлдвэр. Бүрэн автомат гэдэг нь үйлдвэрлэлийн явц дахь гадаад орчны болон хүний хүчин зүйлээс хамааралтай сөрөг нөлөөлөл бүтээгдэхүүний чанарт хамааралгүй болсон гэсэн үг. Энгийнээр бол малчид, фермерүүдийн хотноос манай үйлдвэрлэлд тавигддаг чанарын өндөр шаардлагыг хангасан сүү хүлээн авч байгаа учраас түүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний чанарт эргэлзэх хэрэггүй гэсэн үг. Манай үйлдвэр түүхий эдээ хүлээн авахаас өгсүүлээд эцсийн бүтээгдэхүүн гарах хүртлэх үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагууд дээр тогтсон хуваарийн дагуу үзлэг, шинжилгээг байнга хийдэг.

Дээрээс нь боловсон хүчин маш чухал. Дан ганц сайн техник, технологитой байлаа гээд үйлдвэрлэл төгс болохгүй. Манай ажилтнууд бүгд мэргэжлийнхээ дагуу их дээд сургууль дүүргэснээс гадна технологи, механчикч, үйлдвэрийн дарга нар энэ салбартаа олон жил хөдөлмөрлөсөн туршлагатай, мэдлэгтэй, чадвартай.

-Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд мэдээж чанартай түүхий эд хүлээн авах ёстой байх, тийм үү?

-Тэр бол мэдээж. Чанартай сүү үйлдвэрлэхийн тулд малчдын нийлүүлэх сүү тэр хэмжээнд чанартай байх ёстой. Манайх Европ технологийн дагуу маш өндөр чанартай сүүг түүхий эдээр сонгодог. Гэтэл үйлдвэр ашиглалтад орсны дараахан манайд түүхий сүү нийлүүлдэг зарим малчин, фермерүүд наад зах нь үнээнийхээ дэлэнг ариутгадаггүй, саальчин нь гар хөлөө угаадаггүй, сүүгээ тэр дор нь хөргөөгүй, бохир саванд хадгалдаг зэрэг зөрчил илэрдэг байсан. Үүнээс үүдэн манайд нийлүүлэгддэг таван литр сүү тутмын дөрөв нь чанарын шаардлагатай хангахгүйн улмаас үйлдвэрийн хүлээн авах цэгээс буцаагддаг байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс хамтарч ажилладаг малчин, фермерүүддээ сүүний чанарыг муутгалгүй хэрхэн үйлдвэрт шууд нийлүүлэх талаарх олон удаагийн сургалт зохион байгуулсан. Эрүүл ахуйн шаардлага хангах үүднээс малынхаа дэлэнг хэрхэн зөв арчиж цэвэрлэхээс өгсүүлээд, сав суулгаа хэрхэн угаах, яаж хурдан хугацаанд хөргөх, хэрхэн тээвэрлэх зэргийг зааж сургасан. Үүний үр дүнд чанарын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар хүлээн авах цэгээс сүү чанарын шаардлага хангаагүй гээд буцаагдахаа больсоор удаж байна. Нэг үгээр бол малчид үйдвэрлэлийн шаардлага хангасан чанартай сүү бэлтгэн нийлүүлээд дадчихсан гэсэн үг.

Урьд нь сүүний шим тэжээллэг чанар, устай хольсон болон гашилсан эсэхийг шалгадаг байсан бол өдгөө үүний дараагийн шат буюу хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг судалдаг болсон. Манай үйлдвэрийн лаборатори энэ талын судалгаа шинжилгээг түлхүү хийдэг. Наад зах нь манайд түүхий сүүнд антебиотик байгаа эсэхийг шинжилдэг. Илэрвэл мэдээж үйлдвэрлэлдээ ашиглалгүй устгалд оруулна. Соматик эсийн нягтална. Энэ тоо 500 мянгаас дээш бол үйлдвэрлэлд ашиглаж бролохгүй. Учир нь үнээний дэлэн үрэвсэлтэй, ширгэх дөхсөн бол энэ тоо нэмэгддэг. Сүүгээр нь дамжуулж, үнээг эрүүл эсэхийг шалгачихаж байгаа гэсэн үг.

Малчид, фермерээс байнга сүү худалдан авна гэдэг бол тэд тогтмол орлоготой болж, бид давхар ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хэрэг. Манай үйлдвэрт 150 гаруй ажлын байртайгаас гадна манайд сүүгээ тушаадаг малчид, тэнд ажиллаж байгаа лобараторийн ажилтан, нааш цааш тээвэрлэдэг жолооч гээд тооцвол мянга гаруй хүнийг ажлын байртай болгож байна.

-Үйлдвэрлэлээ өргөтгөвөл зуны дэлгэр цагт малчдаас дан ганц үнээ гэлтгүй хонь ямааны сүүг авч үйлдвэрлэлдээ хэрэглэх үү?

-Одоогоор бид үнээний сүүг түүхийэдээ болгон ашиглаж байгаа. Мэдээж, цаашид шаардлагатай гэж үзвэл зун хонь, ямааны сүү авдаг болохыг ч үгүйсгэхгүй. Ингэснээр малчдын орлого ч нэмэгдэх давуу талтай.

Мөн энэ үеэр тус компанид сүү нийлүүлдэг малчин, фермерүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Хан-уул дүүргийн 12 дугаар хороонд фермерийн аж ахуй эрхлэгч Б.Цэвлээжав “Фермерийн аж ахуйг 10 гаруй жил эрхэлж байна. Манайх саалийн 50 гаруй үнээтэйгээс одоо 40-өөд үнээ сааж байна. Урьд нь хүнсний дэлгүүр, “Мон-Сүү” зэрэг үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан бол хоёр жилийн өмнөөс энэ үйлдвэр ашиглалтад орсноор түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нь болсон. Өдөрт 90-100 литр чанарын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлдэг. Өөрсдийн сүү хүлээн авах цэгээр дамжуулаад авчихдаг учраас зардал чирэгдэл багатайгаас гадна өндөр үнээр худалдан авдаг учраас бидэнд ашигтай. Уламжлалт мал аж ахуйн сүү бэлтгэлийн аргаас өнөөгийн эрчимсэн мал аж ахуйнх ондоо л доо. Анхлан бид үнээгээ саахдаа дэлэнг нь угааж, сав суулгаа тогтмол ариутгадаггүй байсан. Чанарын шаардлага хангасан сүү үйлдвэртээ нийлүүлэхийн тулд чанар, эрүүл ахуйн бүхий л шаардлагыг хангах болсон. Адаглаад цөцгийг тунагаж болохгүй. Цөцгий дээр нь тунана гэдэг тослог нь өнгөн хэсэгтээ тунарсан үед сүүний ислэг нэмэгддэг. Тиймээс үйлдвэрлэлийн шаардлага хангахгүй. Ингэхгүйн тулд байнга самарч, түргэн хугацаанд хөргөдөг. Гэхмэтчилэн сүүний үйлдвэртэй хамтарч ажилласнаар эрүүл ахуйд тустай олон дадал хэвшилд суралцсан” эгсэн юм.

Фермерч Н.Өлзийбаяр “Фермерийн аж ахуйг 1988 оноос эхлэн эрхэлж байна. Апу компанийн сүүний үйлдвэртээ хоёр жилийн өмнөөс түүхий эдээ тушааж эхэлсэн. Бидний сүүг өндөр үнээр, элдэв чирэгдэл учруулалгүй худалдан авч, байнга хамтарч ажилладаг. Манайх сүүний чиглэлийн 20 гаруй эрлийз үнээтэй. Зундаа 70 гаруй, өвөлдөө 40 орчим литр сүү өдөрт саадаг. Уламжлалт нүүдлийн маягаар сүүгээ бэлдвэл үйлдвэрийн чанарын шаардлага хангахгүй. Наад зах нь саалчин гараа угаах нь үйлдвэрт чанартай сүү нийлүүлэхийн төлөө боловч ингээд хэвшчихвэл бид өөрснөө ч бохирдоогүй цэвэр сүү хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалж буйн илрэл. Хоёр гурван ч хүүхэд маань ажилд тусалдаг. Үүгээрээ тэд байнгын ажлын байртай, орлоготой байдаг” гэв.

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай олимпийн эрхээ авлаа

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр өндөрлөлөө. Манай Үндэсний шигшээ багийн таван тамирчин тулалдсанаас 64 кг-ын жинд хүч үзсэн Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Киргизстаны Эрмек Сакеновыг 3:0 (29:28, 30:27, 29:28)-ын харьцаатай хожсоноор “Рио-2016” Олимпийн наадамд оролцох ширэн бээлийтнүүдийн анхны эрхийг эх орондоо авчирлаа. Азийн наадмын аварга Д.Отгондалай Японы Д.Наримацутай хүч үзэн 3:0 ээр ялалт байгуулан мөнгөн медалийн болзлыг биелүүлж, Олимпийн эрхийн хамт авсан.

75 кг-д дэлхийн Универсиад наадмын хүрэл, Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Н.Шинэбаяр хагас шигшээд дэлхийн аварга Казакстаны Жанебек Алимханулытай өрсөлдөж 3:0-ээр ялагдсан. Мөн 69 кг-ын жинд Б.Түвшинбат Тайландын боксчинд 1:2, 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Узбекстаны Х.Дусматовт 3:0 ээр ялагдав. Манай тамирчдаас Д.Отгондалай, Б.Чинзориг нар эрхээ шууд авсан бол үлдсэн гурван тамирчин дахин нэгэн халз тулаан хийн ялбал Риог зорих эрхтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

Ц.Баярсайхан заанд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан Ц.Баярсайхан бусдаас хуурамч бичиг баримт ашиглан 500 сая төгрөг залилсан хэрэгт холбогдсон билээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хурлаас Ц.Баярсайхан заанд 11 жилийн хорих ял, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хураах, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд түүний гомдлыг хэлэлцээд, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Categories
мэдээ нийгэм

Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас саатуулжээ

Өчигдөр орой Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилсан талаархи мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Р.Эрдэнэбүрэнг цагдаагаас шалгаж, саатуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээллэж буйгаар, түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн АТГ-аас саатуулсан бололтой.

Р.Эрдэнэбүрэн нь 2000 оноос эхлэн УИХ-ын гишүүн, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж, улс төрийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2004 онд тойрогт нэр дэвшин ялалт байгуулж, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. 2008-2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад, 2011 оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажиллажээ. 2012 онд Лондоны “Каплан Инт” коллежид суралцаж ирээд, Шинэчлэлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Адъяа: Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч талд санхүүгийн ачаа үүсгэх заалтууд байна

“Ам Чам Монгол”-ын Бодлогын асуудал эрхэлсэн захирал О.Адъяатай ярилцлаа.

-Танайхаас Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад санал хүргүүлсэн. Эдийн засаг, хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлэхээр өөрчлөлтүүдийг санал болгосон гэсэн тайлбар чинь содон сонсогдсон. Яг ямар саналууд өгсөн юм бэ?

-Монгол дахь Америкийн худалдааны танхимын хувьд Америкийн худалдааны танхимын албан ёсны салбар байгууллага. Америкийн болон Монголын 50 гаруй компани манай байгууллагын гишүүд. Эрхэм зорилго маань их энгийн. Хоёр улсын хооронд бизнес худалдааны харилцаа хөгжүүлэх, Монгол дахь Америкийн бизнесийн эрхийг хамгаалах, дан ганц Америкийн биш Монголд ажиллаж байгаа бүх хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө Америкийн худалдааны танхим ажилладаг. Бидний ажлын нэг хэсэг бодлогын нөлөөлөл. Энэ хүрээнд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлсэн юм. Өнгөрсөн оны зургадугаар сард гэхэд төр хувийн хэвшлийн том хэмжээний зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, холбогдох саналуудыг Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн. Нэг талаасаа яамны гаргасан санаачилга байсан юм. Гэтэл яамны хувьд ажил олгогчдын зүгээс гаргасан саналыг хуулийн төсөлд бүрэн дүүрэн тусгаж чадаагүй тал анзаарагдлаа. Уг нь олон улсын практикаас харахад хөдөлмөрийн харилцаа гэдэг ажилтан, ажил олгогчийн харилцаанаас үүсдэг. Гэтэл одоо яригдаж байгаа хуулийн төсөлд ажилтны эрхийг маш сайн хамгаалсан. Тодруулж хэлбэл анхаарах ёстой гурван асуудал байна. Ажил олгогч талд нэмэлт санхүүгийн ачаалал үүсэх эрсдэл хуулийн төслөөс анзаарагдлаа. Жасаагаар буюу ээлжээр ажилладаг хүмүүсийн гэрээсээ ажилдаа ирэх цагийг ажилласанд тооцох гэх мэт эргэж харахаар заалтууд байна. Жишээ нь иргэн Доржийн автобусанд суугаад ажилдаа ирэх хүртэлх хугацааг ажлын цагт нь оруулж тооцно гэсэн үг. Ажил олгогч талд нэмэлт санхүүгийн ачаа үүсэх иймэрхүү заалтууд хуулийн төсөлд байгаа.

-Жасаагаар ажиллахад гэрээс ажил хүртэлх хугацааг ажилласан цагт тооцно гэдгээ жаахан тодруулж тайлбарлаач?

-Жасаан дээр гэхэд ажилдаа ирж буцах хугацааг ажилласан цагт оруулж тооцно гэсэн заалт бий. Ажил олгогч ирж очих зардлыг хариуцна гэж байгаа. Энэ заалтын хувьд бас нэг өрөөсгөл тал бий. Жасааг зөвхөн уул уурхайн салбарт авч үзсэн байх жишээтэй. Барилга , дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрийн ажил гэж ирээд яривал ээлжийн өчнөөн ажлууд байгаа шүү дээ. Гэтэл зөвхөн уул уурхай гэсэн ганцхан салбарыг онцолсон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаас анзаарагдсан дараагийн асуудал нь ажилтан, ажил олгогч хоорондоо зохицуулж болох маш олон асуудалд холбогдох төрийн байгууллага, үйлдвэрчний эвлэл хүчтэй орж ирэхээр байгаа. Арваас дээш ажилтантай байгууллага л бол ажилтных нь асуудал заавал маргаан таслах комисс гэдгээр орох зохицуулалт хуулийн төсөлд туссан байгаа юм билээ. Ажилтан, ажил олгогч аль аль талдаа хүндрэлтэй асуудал. Ажил олгогч талд илүү их ачаалал, хүндрэл, зардал үүсгэсэн заалт. Ажилтны хувьд ч гэсэн маргаан таслах комисс гэх мэт шат дамжлагаар асуудлаа шийдүүлнэ гэдэг амар биш процесс. Маргаан гэхэд л эрхийн, сонирхлын гээд хоёр янз, маргааныг маргаан таслах комисс, сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо гэх мэт бүтцүүд шийднэ гэсэн заалтууд хуулийн төсөлд туссан байгаа. Нөгөө талаас нь харвал өнөөдөр ажилтан байсан Дорж маргааш ажил олгогч болох магадлалтай. Хэрвээ хууль энэ янзаараа батлагдвал Дорж ажилтан байхдаа хуулиар хамгаалагдаж байснаа ажил олгогч болонгуут хуулийн дарамт шахалтад ороод эхлэх эрсдэлтэй. Ийм сөрөг талууд байна.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд танайхаас гадна ажил олгогчдыг төлөөлсөн ямар байгууллагууд саналаа өгч байгаа вэ?

-Америкийн худалдааны танхим ганцаараа санал өгөөд байгаа юм биш л дээ. Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, СЕО клуб зэрэг байгууллагууд саналаа хамт өгсөн. Ингэсний хүчинд энэ хуулийг өнгөрсөн онд санаачлагч болох Хөдөлмөрийн яаманд нь буцаасан юм. Хэт нэг талыг барьсан буюу ажилтнуудыг сайн хамгаалсан, нөгөө талаас ажил олгогчийн асуудлыг бүрэн тусгаагүй гэдэг үндэслэлээр буцаасан. Хөдөлмөрийн яам он гарснаас хойш Америкийн худалдааны танхим, МҮХАҮТ, ажил олгогчдын холбоотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Бид энэ оны нэгдүгээр сард хэлэлцүүлгээ албажуулж, саналуудаа бичгээр хүргүүлсэн. Хөдөлмөрийн яамны зүгээс бидний саналыг хуулийн төсөлд тусгах байдлаар ажиллаж эхэлсэн гэсэн байр суурийг хоёрдугаар сард хэлсэн байгаа. Яамдаас санал авах шатанд явж байгаа юм билээ. Яамдаас санал аваад хоёр долоо хоногийн дотор Засгийн газарт өргөн барина гэсэн чигтэй байгаа гэсэн. Америкийн худалдааны танхимын зүгээс энэ асуудалд цаашдаа анхаарч идэвхтэй байр суурьтайгаар оролцоно.

-Ер нь зах зээл хөгжсөн орнууд Хөдөлмөрийн хуульдаа ажилтан, ажил олгогчийн харилцааг яаж тусгасан байдаг юм бол. Аль алиных нь эрх ашиг хохирохгүй зохистой харилцааны загварыг бүтээчихсэн улс байна уу?

-Зах зээлийн эдийн засагтай оронд ажил олгогч, ажилтаны эрх ашгийг яг тэнцвэртэйгээр хамгаалсан хууль байдаггүй юм билээ. Ямар нэг байдлаар аль нэг талынх нь эрх ашиг арай илүү хөндөгдөх юм уу, хамгаалагддаг жишиг анзаарагддаг. Гэхдээ ажилтныхаа эрхийг хэт хамгаалахгүйгээр, арай боломжийн байдлаар оруулсан хандлага хөгжилтэй орнуудын хуулиас харагддаг. Ийм хандлагыг хуульд тусгах чиглэлээр яамны ажлын хэсгийнхэнд саналаа хэлээд явж байна. Америкийн худалдааны төвийн хувьд дан ганц Америкийн компаниудын бизнесийн эрхийг хамгаалаад байгаа юм биш л дээ. Түрүүн хэлсэн дээ, Монголын олон компани манай танхимд гишүүнчлэлтэй байдаг гэж.

-Хөдөлмөрийн хуулиас үүдэлтэй нэг шүүмжлэл бий. Үйлдвэрчний эвлэл, шүүхийн элдэв маргаанаас залхсандаа зарим ажилтнаа сул шахуу цалинжуулж ажиллуулдаг ажил олгогч, ажлаас нь халбал хууль яриад өчнөөн хэл үг үүсгэж болдог учраас нэг их хүч зарахгүйгээр ажиллаж мөнгө авдаг ажилтан нийгмийн нэг гаж гэмээр үзэгдэл болчихсон. Энэ хандлагыг өөрчлөх яг ямар гарц хуульд байна вэ?

-Одоогийн санал болгосон хуулиар бол ажилтан ажил олгогч хоёрын хооронд зохицож болох асуудлыг бүгдийг нь зохицуулах гэж оролдсон хандлага хүчтэй ажиглагдаж байна. Хэрвээ Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхдээ ажилтны эрх ашгийг хэт хамгаалсан заалтуудыг тусгавал ажил олгогчдод нэг сөрөг хандлага үүсэх эрсдэл бий. Дараа нь элдэв маргаан гардаг учраас ажлын байраа нэмэгдүүлээд яахав гэсэн хандлага ажил олгогчид төрөх нь сайн биш гэдэг нь тодорхой. Байгууллагын дотоод журмаар зохицуулж болох олон харилцааг хуульчлах гээд байгаа нь зөв биш. Яг зарчмын асуудлуудаа хуульдаа тусгаад, байгууллагын журмын хүрээнд шийдэх асуудлыг журмаар шийднэ гэчихмээр байгаа юм. Нарийн асуудлуудыг байгууллагад нь даатгавал төрийн байгууллага дээр илүү ачаалал ирэхгүй. Маргаан таслах комисс гэх мэт илүү зардал шаардсан бүтэц ажиллах ч шаардлагагүй. Ажилтан ажил олгогч хоорондоо зохицоод шийдчих асуудлыг төр хажуугаас нь орж зохицуулах шаардлагагүй.

-Манай Үйлдвэрчний эвлэлд хэт улстөржсөн, нэг хүнээс хараат ажилладаг гэх мэт дутагдлууд анзаарагддаг. Зах зээл хөгжсөн орнуудын үйлдвэрчний эвлэлүүдэд ийм “дархан эрх” байдаг уу?

-Бусад улсад ч үйлдвэрчний эвлэл нь ажилтнуудын эрх ашгийн төлөө хүчтэй ажилладаг. Ажилтнуудын төлөө тууштай зогсох учиртай байгууллага гэдэг утгаараа Үйлдвэрчний эвлэл энэ хуулийн төсөл дээр үүргээ сайн гүйцэтгэсэн. Нөгөө талаас нь харахаар хууль боловсруулах тал хэт нэг талд автсан байдал анзаарагдаж байна л даа.

-Үйлдвэрчний эвлэлийг улстөржсөн гээд байгаа нь энэ л дээ. Ажил олгогчид саналаа хүргүүлчихээд байхад үйлдвэрчний эвлэлийн санал хүчтэй туссан талаар та бид хоёр сая ярилаа. Бусад улсад үйлдвэрчний эвлэлийн иймэрхүү хэт нөлөөллийг хазаарласан байдаг уу л гэж сонирхоод байгаа юм…?

-Бусад улсуудын үйлдвэрчний эвлэл ажилтнуудын эрх ашгийн төлөө өндөр оролцоотой ажилладаг. Гэхдээ хэт улстөрждөггүй. Аль нэг улс төрийн хүчний гар хөл болохгүй байх хязгаарлалтуудыг нь сайн хийж өгсөн байдаг юм. Манайд байдал эсрэгээрээ гэдгийг та сая хэллээ. Нэг хүнээс хэт хараат байсан үе үйлдвэрчний эвлэлд байсан гэж ярилаа. Үнэний ортой үг.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Засгийн газрын хуралдаанаар орохоос өмнө ажил олгогчдын санал туссан эсэхийг танай танхимаас сонирхож таарах байх. Энэ тал дээр хэр анхаарна гэж бодож байгаа вэ?

-Энэ хууль Засгийн газрын хуралдаанаар тун удахгүй орно. Түүнээс өмнө Хөдөлмөрийн яамны төлөөлөлтэй уулзаж санал маань туссан эсэхийг сонирхоно. Санал өгөөд байдаг, тусгахгүй бол үр дүнгүй шүү дээ. Энэ асуудал дээр нэлээд хатуу байр суурьтайгаар ажиллана. Бичгээр саналаа өгсөн, хариугаа бичгээр авна гэж бодож байна.

-Ерөнхий сайдад “Өсөлтөд хүрэх зам” гэсэн нэртэй бодлогын баримт өргөн барьсан гэж сонссон. Яг ямар агуулга, зорилготой баримт бичиг вэ?

-Бодлогын нөлөөллийн ажлынхаа хүрээнд энэ онд хийх ажлуудынхаа бодлогын баримт бичгийг Ерөнхий сайдад өргөн барьсан юм. Энэ баримт бичгийн хувьд холбогдох төрийн байгууллагуудыг хоёр чиглэлээр анхаарч ажиллаач гэж хүсч байгаа. Нэгдүгээрт бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалаач гэж хүсч байна. Хоёрдугаарт, эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага байна. Бодлогын хүрээнд тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Бодлогын тогтвортой байдал гэдэг дээр УИХ-аас соёрхон баталсан Америк, Монголын эдийн засгийн ил тод байдлын тухай гэрээний хэрэгжилтийг аль аль талаасаа чанд биелүүлж ажиллаач гэж байгаа. Монголын талаас хүлээсэн үүргүүдээ биелүүлээч гэсэн хүсэлт бидэнд бий. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Тэр үеэр бүрэлдэх УИХ, Засгийн газар одоо ажиллаж байгаа УИХ, Засгийн газрын зурсан гэрээ, хүлээсэн үүргийг даган мөрдвөл хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Шинээр бүрдсэн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа байгуулсан гэрээг хүчингүй гэж үздэг нь эргээд Америкийн төдийгүй бусад хөрөнгө оруулагчдад сөрөг мэссэж болж очдог. Эдийн засгийн төрөлжүүлэлтийн хувьд уул уурхай дэлхий даяар уналтын байдалд орсон энэ үед хаашаа эргэх вэ, юунд анхаарах вэ гэдгээ бодох учиртай.

Categories
мэдээ цаг-үе

Замын халтиргаа, гэрэлтүүлэг муугаас осол гарвал хариуцсан албан тушаалтан шийтгүүлнэ

-ЗӨРЧЛИЙН ОНООГ КАМЕРААР ТООЦДОГ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА-

Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Төрбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар аж ахуйн нэгжүүдэд оногдуулах торгууль шийдвэр нэлээд өндөрссөн юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчлэн найруулсан хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулан ийнхүү мөрдөж эхэлснээр осол буурахад ахицтай нөлөөлж байна. Шинэ хуульд гарсан нэг өөрчлөлт нь, тус хуулийн 54 дүгээр зүйлд замын барилга байгууламж, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, арчилгаа хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд оногдуулах торгууль шийдвэрийг нэлээд чангатгаж, өндөрсгөсөн. Хуучин захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ аваад өнгөрдөг байсан. Энэ нь тухайн аж ахуйн нэгжүүдэд торгууль болж чаддаггүй байлаа. Харин шинэ хуулиар торгуулийн хэмжээг нэмснээс гадна, зам тээврийн осол аваарт нөлөөлсөн бол тухайн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг тухайн байгууллага, албан тушаалтнаас гаргуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, өвлийн цагт замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнээс болж осол гарвал тухайн замыг цэвэрлэж, цас мөсийг нь арилгах ёстой байсан байгууллага нь хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулна гэсэн үг. Мөн замын зорчих хэсэг эвдэрч, нүх гарснаас болж жолооч нар саадыг тойрох гэж осол гаргах нь их байдаг. Осол үүнээс болсон гэдгийг цагдаагийнхан хэмжилт хийгээд тогтоовол мөн зам арчилгаа, засварын газарт арга хэмжээ авч, нөхөн төлбөр төлүүлнэ гэх мэтээр аж ахуйн нэгжүүдийн хариуцлага нэлээд өндөрссөн.

-Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хичнээн аж ахуйн нэгжид торгууль оногдуулсан бэ?

-Өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 1-нээс хойш одоогийн байдлаар нийтдээ замын барилга байгууламж стандартын бус хийсэн, хайш хашлага тавьсан, зөвшөөрөлгүй тэмдэг тэмдэглэгээ тавьсан, гэрэлтүүлэг, халтиргаа зэргээс шалтгаалан зам тээврийн осол зөрчил гарсан ийм тохиолдол нийтдээ 399 гарчээ. Үүнд нийтдээ 12 сая 57600 төгрөгийн торгууль ногдуулан зөрчлийг арилгуулсан байна. Ялангуяа, иргэд аж ахуйн нэгжүүд замын зорчих хэсэг дээр зөвшөөрөлгүй рекламын самбар байрлуулах, энэ нь замын хөдөлгөөний тэмдэгтэй андуурагдах ийм зөрчил их байдаг. Ийм зөрчилд хүлээлгэсэн торгууль шийдвэрүүд олон байна.

-Замын гэрэлтүүлэг муу байгаа нь осол гарах нэг том шалтгаан болдог байсан. Гэрэлтүүлэг муугаас осол гарч байна уу?

-Гэрэлтүүлэг муу, замын зорчих хэсгийн үзэгдэх орчин муу байгаа нь осол гарах үндсэн шалтгаануудын нэг. Одоо сүүлийн үед хотын гэрэлтүүлэг сайжирсан учраас энэ шалтгаанаас болж гардаг осол буурч байна. Одоо юун дээр торгууль шийдвэр оногдуулах вэ гэхээр, хотын гэрэлтүүлгийн компаниуд цахилгааны саатал, кабельд гэмтэл гарсан гэх шалтгаанаар гэнэт замын зорчих хэсгийн гэрэлтүүлгийг унтраах, үүнээс болоод осол гарвал тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцно. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас замын гэрэлтүүлэг дээр сар бүр тогтмол үзлэг шалгалт хийдэг болсон. Гэрэлтүүлгийн асалтын хувь 95 хувиас доош орсон бол тухайн байгууллагад нь арга хэмжээ авна. Ерөнхийдөө хотын замын гэрэлтүүлэг нэг үеэ бодвол сайжирсан.

-Хоёр жилийн өмнө хүн дайраад зугтаасан жолооч “Шөнө гэр хорооллын гудамжаар явж байхад харанхуй, утаатай байсан учраас юу ч хараагүй” гэж мэдүүлж байсан. Энэ хүний хувьд харанхуйгаас болоод осол гаргасан байна. Энэ тохиолдолд яах вэ?

-Тухайн үед нийслэлээс гэр хороолол, гудамж замыг гэрэлтүүлэгтэй болгохоор хөрөнгө санхүүгээ шийдээд явж байсан. Тэр хэргийн тухайд яаж шийдсэнийг мэдэхгүй байна. Одоогийн хуулиар гэрэлтүүлгийн шон байгаа хэр нь гэрэлтүүлэг нь асахгүй байгаа тохиолдолд хариуцлага тооцно. Үүнээс болоод осол гарвал тэр ослын хохирлыг нөхөн төлүүлнэ. Гэрлийн шон байхгүй газруудад Замын цагдаагийн газраас судалгаа хийгээд энэ зам дээр осол гарч болзошгүй байна шүү, энэ гудамж, зам дээр гэрэлтүүлэг тавимаар байна гэсэн саналыг нийслэлд тавьдаг. Одоогоор Замын цагдаагийн газраас уулын замын гэрэлтүүлгийг нэмэх саналыг Хотын захиргаанд тавиад байгаа. Уулын зам нь огцом эргэлт ихтэй, гэрэлтүүлэг бага байгаагаас болж үзэгдэх орчин муу байгаа гэсэн гомдол, санал ирж байгаа. Тиймээс асуудлыг шийдүүлэхээр саналаа тавиад байна. Мөн “Раппид харш” хорооллын урд талын замын зорчих хэсэг зөвхөн нэг талдаа гэрэлтүүлэгтэй байдаг. Энэ замын гэрэлтүүлэг муу байна гэсэн гомдол ирж байна. Гэрэлтүүлэг нь нэлээд хуучны шар гэрэл байгаа юм.

-Гэрэлтүүлэг муу байгаагаас болоод аль зам дээр осол их гардаг байсан бэ?

– Дарь-Эхийн замын гэрэл муу байгаа талаар их гомдол ирдэг байсан. Тус замын гэрэл асаж байгаа хэр нь замын зорчих хэсэгт төдийлөн сайн гэрэл тусдаггүй байсан л даа. Тэгээд Замын цагдаагийн газраас хотын захиргаанд санал тавиад 100 ваттай байсан гэрлийг 150 ваттай болгож сольсон. Одоо замын зорчих хэсэг гэрэлтүүлэг сайтай болсон.

-Халтиргаатай байгаа замын талаар Замын цагдаагийн газарт жолооч нар мэдээлэл өгч байж болно биз дээ?

-Зам тээврийн хэрэг зөрчил гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн бол Замын цагдаагийн газарт хандаж болно. Энэ жилийн хувьд хамгийн сүүлд гарсан зөрчил бол нэг айл автозам дээр муу усаа асгаж, тэр нь мөс болж тогтоод халтиргаа үүссэнээс осол гарсан байна. Тухайн иргэнийг 48 мянган төгрөгөөр торгож, мөсийг арилгуулсан байгаа. Энэ зам нэлээд мөстсөн байна, халтиргаанаас болоод осол аваар гарах нөхцөл бүрдсэн байна, эсвэл замын ус зайлуулах хоолойноос болоод зам мөстлөө гэх мэтээр иргэд жолооч нар Замын цагдаагийн газар хандаж болно. Манайхаас холбогдох байгууллагуудад нь хандаад яаралтай цэвэрлүүлэх арга хэмжээ авна. Замын халтиргаанаас болж гарсан осол гэж юуг хэлэх вэ гэхээр, хоёр автомашин хурдаа багасгасан, зогсоход бэлэн явж байсан хэр нь яалт ч үгүй тухайн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахад зогсох боломжгүйгээр халтирч очоод мөргөсөн тохиолдлыг хэлнэ. Тэрнээс биш цас орсон, зам халтиргаатай байхад жолооч хурдаа тохируулаагүй, дугуйгаа солиогүй зэрэг шалтгаантай бол халтиргаанаас болсон осол гэж үзэхгүй. Хэдэн километр цагийн хурдтай явахад, зогсоох арга хэмжээг авснаас хойш хэр зам туулсан зэрэг бүх нарийн дүгнэлтийг хэмжиж үзээд тогтооно. Өвлийн улиралд Улаанбаатар хотын бүх л зам халтиргаатай байдаг. Тиймээс үүн дээр жолооч хурдаа тохируулаагүй, өмнөх зайгаа бариагүй явсан бол зөвхөн халтиргаанаас болсон осол гэж дүгнэхгүй.

-Гадаадын улс оронд зам муу байснаас болоод машин нь эвдэрсэн иргэд зарга хийж хотын захиргаанаасаа нөхөн төлбөр авсан жишээ их байдаг юм билээ. Манайд муу хагархай зам дээр явснаас болоод машин амархан дуу орж, эвдэрдэг шүү дээ. Үүнийг зохицуулсан болов уу?

-Манайд ч гэсэн замын нөхцөл байдлаас болоод машин нь эвдэрсэн иргэн нөхөн төлбөрөө гаргуулж авч байсан тохиолдол бий. Хоёр жилийн өмнө зам дээр байдаг траншейны нүх онгорхой байснаас нэг машин дугуйгаа оруулж машин нь эвдэрсэн. Тэр хүн хохирлоо тухайн траншейныг хариуцаж байсан аж ахуйн нэгжээс гаргуулж авсан. Шинэ хуулиар замын зорчих хэсэгт гарсан нүхийг тойрох гээд хоёр машин мөргөлдлөө гэхэд хохирлыг тухайн зам арчилгааг хариуцсан аж ахуйн нэгж, албан тушаалтнаар төлүүлнэ гэж заасан. Мөн зам засвар, шугам сүлжээний ажил хийх нэрээр замын зорчих хэсэгт нүх ухаад тэр нь тэмдэг тэмдэглээгүйгээс болж осол гарвал мөн л торгоно. Замын зорчих хэсэгт нүх, эвдрэл гарсан тухай тус хуулийн 54 дүгээр зүйлд маш тодорхой заасан.

-Аж ахуйн нэгжүүд зам хаагаад орц, гарцыг бөглөчихсөн байдаг л даа. Энэ тухай юу гэж заасан бэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын хөдөлгөөний урсгал чиглэлийг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн зөрчил их гардаг. Энэ зөрчийг ихэнхдээ барилгын компаниуд гаргадаг. Барилга барих ажлаа хийхдээ замын зорчих хэсгийг хааж, бусдын хөдөлгөөнд саад учруулсан ийм зөрчил илэрсэн тохиолдолд иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр, аж ахуйн нэгжийг энэ мөнгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно гэж заасан байгаа. Урин дулааны улирал эхэлж байна. Барилга барьж байгаа байгууллагууд энэ талаар анхаараарай. Дээр нь замын тэмдэг тэмдэглэлийг зөвшөөрөлгүй зөөсөн, хурааж авсан ийм тохиолдолд мөн торгоно. Ялангуяа аж ахуйн нэгжүүд зогсоолоо хамгаалж орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ их тавьдаг. Ийм тэмдэглэгээ хийх бол заавал Замын цагдаагийн газарт хандаж, стандартын дагуу үзлэг шалгалт хийлгэж, зөвлөгөө авч байж хийх хэрэгтэй.

-Гэрлэн дохио ажиллаагүйгээс осол гардаг. Тэгвэл энэ тохиолдолд аль байгууллагыг торгох вэ?

-Гэрлэн дохио ажиллахгүй байгаа тохиолдолд жолооч уулзвар, зам нэвтрэхдээ аль нь гол зам, аль нь туслах зам бэ гэдэг мэдээллийн тэмдгүүдийг хараад энэ дүрмээ баримтлан нэвтэрнэ. Мөн цагдаагийн зохицуулагчийн дохиогоор уулзвар нэвтэрнэ. Харин гэрлэн дохио алдаа гарч, үүнээс болоод осол гарвал Замын хөдөлгөөний удирдлагын төвд хариуцлага оногдуулна. Жишээлбэл, нэг тал нь ногоон гэрэл асчихсан байхад нөгөө урсгалын ногоон гэрэл нь зэрэг асах зэргээр системийн алдаа гарч, үүнээс болж осол гарсан бол Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцлага хүлээнэ. Ийм тохиолдол мэр сэр гардаг л даа.

-Замын түгжрэл их байгаа энэ үед туслах уулзварууд руу нэвтрэх гэхээр ихэнхдээ үргэлжилсэн цагаан зураастай байдаг. Үүнд иргэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг л даа…

-Замын хөдөлгөөний хуулийн 7.1-д үргэлжилсэн цагаан шугамын талаар ярихад, тасархай болгочихвол жолооч гэр рүүгээ болон ажил руугаа ороход асуудалгүй. Хамгийн гол нь тэр замаар олон машин зорчвол огцом эргэлттэй, үзэгдэх орчин муу зэрэг нөлөөллүүд байдаг учраас зөвшөөрдөггүй юм. Ийм тохиолдолд зүүн гар тийшээ эргэх нь зам тээврийн ноцтой осол гарах нөхцөл болдог. Тиймээс аль болох аюулгүй зорчих нөхцөлийг хангаж, Замын цагдаагийн газраас зураг төслийг гаргадаг байгаа. Тасархай шугам байвал энэ уулзвараар аюулгүй нэвтэрч болох юм байна, үргэлжилсэн зураастай бол энэ уулзвар осол гарах магадлалтай уулзвар байна гэж ойлгоод дүрмээрээ зорчихыг жолооч нарт сануулмаар байна.

-Камерын хяналтаар жолооч нарт торгууль оногдуулахаа больсон гэсэн мэдээлэл гадуур тараад байна. Яагаад ийм шийдвэр гарсан юм бол?

-2013 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 80 дугаартай захирамж байдаг. Тэр захирамж хүчингүй болоод Хууль зүйн сайдын тушаалаар А188 гэсэн журам батлагдсан. Энэ журмыг баримтлан одоо ажиллаж байгаа. Гэхдээ журамд, хуучин захирамжийн агуулга нь огт өөрчлөгдөөгүй орсон. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаа зөрчлийн оноог камераар тооцохоо больсон гэдэг худлаа шүү. Өмнөх журам нь хүчингүй болоод шинэ журмаар зохицуулагдаж байна. Шинэ журамдаа нь агуулга нь өөрчлөгдөөгүй.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ цаг-үе

Б.Сарандаваа: Мөнгө даллахыг би зохиогоогүй

“Монгол аура” төвийн тэргүүн,
доктор Б.Сарандаваатай ярилцлаа.

-Та бол олны танил хүн, харин
хувь хүнийхээ хувьд хэн бэ гэж хүмүүс сонирхож байгаа болов уу. Таны төрсөн
нутаг, аав ээжийн тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?

-Би эцэг, эхээс наймуулаа. Хүнд
өргөгдсөн хүүхэд байгаа юм. Одоо ч ээж, аавынхаа ачийг бодож явдаг. Миний аав
бол өргөж авсан ээжийн маань төрсөн ах нь. Дүүдээ л намайг өргүүлсэн юм. Би
Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрөөд, дараа нь Дундговьд өссөн. Тэр сайхан
газруудын энерги надад үйлчилсэн байх гэж би боддог. Би Дундговь аймгаа төрсөн
нутаг шигээ боддог. Тиймдээ ч миний хоёр хүү Дундговьд мэндэлсэн. Миний номын
багш хоёр хүүд маань Занабазар, Аюурзана гэж нэр хайрласан юм. Одоо бодоход
Өндөр гэгээн Занабазар гайхамшигтай мэдлэгтэй, ур ухаантай хүн байжээ. Бодоод
үз дээ. Дэлхийн бүх энерги 21 цэг дээр явдаг. Олон улсын энергийн маш олон
хуралд оролцлоо. Дэлхийн энерги, газрын энерги, хүмүүс хоорондын энерги
долгионыхоо давтамжаар 21 циклтэй байдаг. Өндөр гэгээн Занабазар 21 дарь эхийн
дүрийг бүтээсэн нь 21 энерги юм гэж би ойлгодог. Өндөр гэгээний бүтээсэн
бурхадаас гадагшаа гарсан ганц нэг нь 200-300 сая доллараар үнэлэгдэж байх
жишээтэй. Ямар агуу их бүтээл, агуу их оюун ухаан бэ. Намайг хүндрэлтэй төрөхөд
аав маань багш дээр очиж, хадаг барьж, миний амийг аварсан гэдэг. Түүнээс хойш
миний багш намайг ивээлдээ аваад “Ум дари дүдари дүри суха” гэсэн тарнийг бичиж
өгсөн нь надад байдаг. Тэр нь абшиг болж явдаг юм байлгүй. Тарни өгснөөс нь
хойш энэ ажлыг нь сайхан уламжилж яваа. Дээрээс надад багшийнхаа замналаар яв
гэж өгөгдөл өгсөн байх аа гэж боддог. Аюурзана чинь ч нэг дарь эхийн нэр шүү
дээ. Одоо миний хоёр хүүгийн үр үндэс өсч үржээд олон дарь эхтэй болж байна.
Өнөрдарь, Анударь, Өлзийдарь Номуударь гээд олон дарь эх бий дээ.

-Та ач охиддоо нэр өгдөг үү?

-Нэр өгч байна.

-Юу мөрөөддөг хүүхэд байв?

-Би их мөрөөдөмтгий хүүхэд
байлаа. Дандаа гоё юм бодож явдаг. Ном их уншдаг. Д.Нацагдорж тэмдгийн болзол
хангана, “Номын сайн нөхөр” болно гэж хичээдэг байлаа. Ээж, аав хоёр маань
“Нүдний чинь хараа муудлаа” гээд загнахаар хөнжил дотроо гар чийдэн тусгаад ном
уншдаг байв. Дараа нь Д.Нацагдорж тэмдгийн болзол хангасан, таван онцын эзэн ч
болж байлаа. Аав маань гурван дугуйттай. Намайг дэргэдээ суулгаад, хөдөө
цайныхаа сүүнд явна. Тэгэхэд нь үүл хараад дандаа дүрсэлж боддог сонин хүүхэд
байсан. Багаас л энэ бүхний үндэс суурь тавигдсан гэж боддог шүү. Би Хөдөө аж
ахуйн дээд сургуулийг төгссөн. Оюутан байхдаа ч ангийнхныгаа Гандан хийдэд очиж
мөргүүлдэг байлаа. Одоо бодоод байхад хүн залбирлаа зөв бодож, бодлоо зөв
хэлсэн цагт тэр нь биелж байдаг. Хүн сүсэг бишрэлтэй байх ёстой юм билээ. Сүсэг
гэдэг нь гурван төрөл. Итгэж сүсэглэх, залбирч сүсэглэх, сэтгэлээсээ сүсэглэх
гэж байдаг. Зарим хүн “Би сүсэггүй” гэдэг. Сүсэггүй хүн гэж байдаггүй. Үгүйдээ
л сэтгэлийн сүсэгтэй байгаа шүү дээ. Сэтгэлийн сүсэгтэй улсууд чинь ямар ч
байсан гутлаа тайлаад, бурхан дээрээ аваачаад тавьчихгүй. Хувцсаа ээж аавынхаа
зурган дээр овоолчихгүй л байх.

-Бага байхад маань эмээ тарни
уншаад л “Урт насалж удаан жаргах болтугай” гээд миний өмнөөс залбирдаг байсан.
Ээжүүдийн залбирал хэр нөлөөлдөг бол?

-Нөлөөлөлгүй яах вэ. За миний
хүү Ногоон дарь эхийн тарни “Ум дари дүдари дүри суха” гээд уншаарай гэж
хүмүүст хэлдэг. “Энийг уншихаар хүү маань юмнаас айхаа больчихлоо” гэдэг.
Судлаад үзэхээр нэг тарнийн нэг үсгийг хэлэх төдийд хэдэн галавын тамаас
аврахын сацуу, очир эрдэнийн адил хамаг муухайг зайлуулж авран нигүүлсэхүйн
увдистай гэдэг. Тарнийг санскридээр уншина уу төвдөөр уншина уу монголоор
уншина уу хамаагүй. Гагцхүү Дарь эхийн тарнийг уншихад миний айдас алга болж,
бүх юмнаас аврагдана гэж тархиндаа кодолсон учраас л тарни ид шидээ олж байгаа
юм. 2004 онд би “Сэтгэл судлалын уламжлалт арга” сэдвээр боловсрол судлалын
доктор хамгаалахдаа нууц тарнийн аргыг судалсан юм. Сэтгэл судлалын уламжлалт
аргаар бид жил бүр арга хэмжээ зохиодог. Таван хишгийн даллага нэг дор авдаг.
Энэ даллага авахдаа хамгийн эхлээд хийморь гэж юу юм бэ гэж тайлбарладаг. Шашин
талаас нь хийморийг ингэж тодорхойлдог юм байна, шинжлэх ухаан талаас нь ингэж
хэлдэг юм байна, энерги талаас нь ингэж тодорхойлдог гээд хэлдэг. Мөнгө дууддаг
гээд л шүүмжлээд байдаг. Гэтэл бид Намсрайн даллага авч өгдөг. Намсрай бурханы
бүх арга барил, бэлгэ тэмдгийг хэлнэ. Монголчууд бүх бурхан тахилдаа
бэлгэдлүүдийг шингээж өгсөн байдаг. Дараа нь Гонгорын даллага авна. Гонгорыг
сайхан тайлбарлаж өгнө. Яагаад гавлынх нь ясан дотор дүүрэн алт эрдэнэс байдаг
гэхээр “Монголчууд аа, тархиа ажиллуулсан цагт алт эрдэнэс та нарын гарт шүү”
гэдгийг хэлж байгаа юм. Яагаад Намсрай бурханы гарт алт эрдэнээр бөөлжөөд
байдаг үхэр хулгана бариулсан гэхээр хулгана хөеөгөө цуглуулдаг учраас “Ард
түмэн минь та нар хуримтлалтай байсан цагт аз жаргалтай амьдарна” гэдгийг
хэлсэн байх жишээтэй. Дараа нь бид буян хишгийн даллага авдаг. Даллагынхаа
уутыг бие махбодын өнгөөр хийх ёстой гээд тайлбарладаг. Нэг лекцийн дараа нэг
ном гаргадаг. 21 аймгаар дөрвөн удаа тойроход янз янзын даллагын ууттай байсан.
Энэ тухай бичээд ном гаргасан юм. Буян хишгийн даллага авсны дараа Өлзий
хутгийн даллага авдаг. Ажлаа яаж бүтээх вэ. Хүн бодлоо яаж удирдах ёстой юм.
Бодол биелдэг, үг амилдаг гэдгийг бодолцох учиртай. Үг амилсан цагт үйлдэл
дагадаг. Тийм учраас манай монголчууд “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал
могойн хорлол” гэдэг ш дээ. Саваагүй нохой саранд хуцна гэдэг чинь хүн битгий
муу хэлж бай. Хүнтэй битгий жөтөөрх. Энэ муухай долгион чинь өөрт ирдэг юм шүү
гэдгийг хэлж байгаа юм. Би чамд нэг ном өгөхөд чи авахгүй бол надад л үлдэнэ.
Түүн шиг хүн муухай харааж зүхэж, атаархаж жөтөөрхөж байсан ч авахгүй гэсэн
кодыг толгойдоо суулгасан бол тэр муухай долгион та нарт очихгүй. Тийм л учраас
“Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэсэн үгтэй. Тавд нь бид мөнгөөр
далладаг. Түүнийг маань баахан шүүмжилдэг. Мөнгө даллах гэдгийг би зохиогоогүй
юм. Монголын ард түмэнд өдий хүртэл уламжлагдаж ирсэн зүйл. Олуулаа нэг дор
цуглаад, нэгэн дуугаар, нэгэн зэрэг сайхан даллага авахад тэр их оюун ухааны
давтамж, тэр их хэлбэлзэл далд ухамсар нэгдэнэ. Буян хишгийн даллагын утга учир
үүнд оршдог юм.

-Зөвхөн таны хүч чадал биш олон
хүний хүч чадал нэгдэх нь ээ?

-Нэгэн дуугаар, нэгэн зэрэг
даллага авна гэдэг бол тэр хүмүүсийн буян хишиг оршиж байгаа хэрэг. Худгийн ус
хэмжээтэй гэдэг. Саяхан Ийгл телевизээр нэг эрдэмтэн Чой хамбатай суугаад ярьж
байна лээ. Сарандаваа нэг дор 3000 хүн цуглуулчихаад транст оруулдаг гэж байна
лээ. Тэр олон хүн ухамсраараа нэгдэж байгаа. Далд ухамсар дээд хүчтэй
холбогдоод, оюун санааг нэгэн тогоон дотор, нэг тойрог дотор транс хэлбэрт
оруулахад бүгд нэгэн зэрэг хурайлаад, нэгэн зэрэг босоод, нэгэн зэрэг сууж
байгаа гэж тэр эрдэмтэн хачин сайхан тайлбарласан. Хурайлна гэдэг чинь дээд
хүчнээс хурааж авч байна гэсэн үг юм билээ. Та нар борооны дусал мэт их буян
хишиг бууж байна гэж бодоод өөрт ногдохыг хэр хэмжээгээрээ ав гэж би хүмүүст
хэлдэг. Хүн болгон баян болно гэж үгүй. Хүн бүрийг төрөхөд төчнөөн хуй торго
хэрэглэнэ, төчнөөн амуу буудай иднэ гээд төрсөн өдрийн төөрөг байдаг. Нар зөв
хурайлна гэдэг энергийн хуйлрал бий болгож байгаа гэсэн үг. Даллаж авна гэдэг
дотоод гадаад энергиэ өөртөө дуудаж байгаа хэрэг. Монголчууд замд явахдаа
өмнүүр нь хонь адуу явахад “Буян хишиг орж ирж байна” гэж бэлгэшээдэг ийм
учиртай. Уухайлна гэдэг хүч оруулдаг. Хурай гэдэг өөрийн дотоод энергийн эрч
хүчээр хурайлж авч байна гэсэн үг. Даллана гэдэг тэнгэрээс торсон орны эрчилсэн
эрч хүчийг буулгаж даллаж авч байна гэсэн үг. Тэгээд бид уухайлаад өвөртөө
хийгээд авч байна гэдэг чинь гадаад дотоод энергийн эрч хүчийг дотоод
сэтгэлийнхээ эрч хүчээр өөртөө оршоож авч байгаа юм. Үүнийг шинжлэх ухаан
талаас нь ч шашин талаас нь ч хэлж өгдөг. Өдий олон жил уламжлагдаж ирсэн ёс
заншлыг дорд үзэж болохгүй. Зарим хүн намайг доромжилно биз. Ард түмнийг мал,
мухар сүсэгтэй гэж доромжилж таарахгүй.

-Сарандаваа гэдэг ямар утгатай
нэр вэ?

-Манайх найман даваатай.
Сарандаваа нь сар сар гэсэн утгатай.

-Та 21 дарь эхийн хийдээ яаж
босгосон бэ. Энэ хийд эхлээд таны сэтгэлд ямар дүр төрхтэй бууж байв?

-Монголчууд эрт үеэс Дарь эх
бурханыг шүтэж дээдэлж ирсэн. Энэ амьдралыг үүрч яваа бүсгүйчүүддээ туслах
юмсан, болж бүтэхгүй бүхэнд нь засал хийж өгөх юмсан гэж би олон жилийн турш
бодож “21 дарь эхийн бодлын орон түлхүүр хийд”-ээ босгохоор зорьсон юм. Уг нь
миний багш хэлдэг байсан. Чингэлтэй хайрхан дээр бурхан багш суугаад, бүх ард
түмнээ харж байдаг. Туул голын эрэг дээр Ногоон дарь эх ард түмнээ, рашаанаа
хараад ивээлдээ авч байдаг гэж ярьдаг байсан. Газар хөөцөлдөөд бараагүй.
Хашааныхаа газар дээрээ л хийдээ босгосон юм. 2008 оны наймдугаар сарын 8-ны
найман цаг, найман минутад шав тавиад, өөрсдийнхөө хүчээр босгосон. Анхандаа
өөрийнхөө мөнгийг эндээ оруулж бага багаар босгож байгаад нэг давхраа босгоод
банкнаас зээл авсан юм. Зарим улсууд “Сарандаваа чинь мөнгө дууддаг байж зээл
аваад байхдаа яадаг юм” гэдэг. Ард түмэндээ зориулж сайхан юм босгохын тулд
урьдчилж мөнгө аваад, дараа нь 21 аймгаар явж, ард түмнийхээ хандиваар
бүтээсэн. “Та нарын лекцэнд суусан мөнгө чинь энэ хийдэд орж байгаа шүү” гэж би
хүмүүст хэлдэг. Яг манай гэр бүлийнхэн бол унтлагын өрөөтэй, гэртэй л улсууд
шүү дээ. Одоо энд 21 дарь эхийн бүхэл бүтэн орд харш босчихсон байгаа. Нэг
давхарт нь гэхэд л 21 дарь эхийн хот мандал бий. Нэг лам ирж үзээд “Ямар мундаг
юм бэ, Монголд битгий хэл Азид ч 21 дарь эхийн хот мандал байхгүй шүү” гэж
хэлсэн. Ер нь хот мандал нь бясалгалын зан үйлд хэрэглэгддэг орон. Хот мандлыг
хүний биеийн анотомийн маш нарийн зохион байгуулалтаар бүтээдэг. Хоёр давхарт
гарахдаа 21 дарь эхийн түлхүүрээр явж, бие хэл сэтгэлээр үйлдсэн үйлийн үрээ
арилгадаг учиртай. Хэлээрээ битгий муу үг хэл, сэтгэлдээ битгий муухай юм
агуулж бай гэдэг. “Болно, бүтнэ, явна, эдгэнэ, чадна, ялна дийлнэ” гэж бодож,
сэтгэлээ амирлуулдаг. Битгий муу муухайг үзэж хар, дандаа инээмсэглэж яв
гэдгийг шашин хэлдэг. Шинжлэх ухаан талаасаа бол бодол биелдэг, үг амилдаг
гэдгийг аль дээр үеэс хэлчихсэн байдаг. Альберт Эйнштейн хүртэл “Нэг муухай үг
хэлэхэд 13 эерэг үг хэлж байж тархинаас чинь гарна шүү” гэж тайлбарласан
байдаг. Энерги талаасаа хүн дандаа сайхныг бодож нар сар ертөнцдөө залбирч
явсан цагт бүх юм сайхан болно. Сайн юм бодсон хүнээс сайхан энерги ялгарна.
Муу юм бодсон хүнээс муу энерги ялгарна. Дээр үед монгол эмэгтэйчүүд 21 дарь
эхийн түлхүүрийг шаглаж оёсон эсгий дээрээ аргаа түшээд, амарждаг байжээ.
Хийдийн гурван давхраас дээшээ спирал маягийн энергийн шатаар гарч, Ногоон дарь
эхийн дотор буюу сав шимийн ертөнцөд орно. Энд бие сэтгэлээр үйлдсэн үйлийн
үрийг арилган дахин шинэ хүн болж мэндэлж байна гэж бодож, дээшээ гарч ирэхэд
долоон метр 77 см Ногоон дарь эх бурхан угтана. Гурвалжин дотор байдаг нь
учиртай. Гурвалжин дотор амин цэнэг хуримтлагдаж байдаг учраас тэнд гарч ирэхэд
сайхан болно. Тэнд бас Бүжинлхам бурхан, Насны бурханд мөргөөд, хүсвэл 21
шатаар гараад дээд хүчдээ гэрэлт зул өргөдөг. Ингээд дахин давхцахгүй 108
шатаар гарч, амин энергиэ тэтгээд буцна. Ингэж 21 циклиэр энерги авахаар бодсон
юм.

-Багш тань хэн гэдэг хүн байв?

-Багшийнхаа нэрийг хэлж
болохгүй. Манай багш гэвш цолтой, Зава Дамдингийн шавь нь байсан хүн.

-Та тоог их бэлгэдэх юм. Орой
унтах, өглөө босохдоо ч нарийн цаг минут товлодог гэсэн үү?

-Ихэнхдээ гурван цаг 33 минут
33 секундэд унтахаар хэвтдэг. Гурван гурвын ес гэдэг. Манай ажилтнууд ч мэднэ.
Хөдөөгүүр болон гадаадад явж байсан ч наана нь унтахгүй. Өглөө долоон цаг
долоон минут долоон секундэд босно. Зургаа өнгөрөөд сэрчихдэг ч юм бодож
байгаад цагтаа босдог. Тэр нь гурван долоон 21 гээд энергийн тоо. Дандаа ингэж
бэлгэдлээр амьдардаг. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ.

-Та энэ их олон ном бичихийн
тулд өөрийгөө байнга цэнэглэх шаардлагатай болно. Юу таныг цэнэглэдэг вэ?

-Манай өрөөнд таван номын сан
байдаг. Дээр хоёр том номын сан бий. Одоо ч хэдэн ном унших гээд гаргаад
тавьчихсан байна.

-Гадаадад олон улсын хуралд их
суудаг юм аа?

-Гадаадад энергийн хуралд явж,
бас лекц уншдаг. Яваагүй газар байхгүй. Японы Эмото Масару гуайтай хамтарч
ажилладаг. 2012 онд Хадо гуай усны энергиэр хамтарч ажиллаад надад “Дэлхийн энх
тайвны шагнал” өгсөн. Өөрийнх нь хүндэт шагнал байхгүй юу. Дэлхийн энергийн
төвөөс “Дэлхийн хамгийн их энергитэй хүн”-ээр намайг тодруулж байлаа. Хятадад
хоёр удаа лекц уншлаа. Тэнд цагдаагийн хамгаалалттай явдаг юм. Өнгөрсөн жил
Малайзад олон улсын хурал болоод, илтгэл тавьсан. “Дэлхийн энергийн мастер”
гэдэг цолыг надад энд ирж гардуулсан.

-Та яаж ингэж их энергитэй
байдаг юм бэ?

-Манай ажилчдаас асуугаарай.
Бид нар лекцэндээ бэлтгээд заримдаа унтдаггүй шүү дээ. Манай нөхөр “Чи өчигдөр
таван цагт унтсан. Өнөөдөр унтаач” гэдэг. Ийм үед өөрийнхөө их энергитэйг
мэдэрдэг. Хоёр, гурван цаг нам унтаад энергиэ нөхчихдөг юм. Миний бясалгал
хийдэг нэг өрөө бий. Дээр бясалгалын нэг гэр байдаг.

-Та дууны шүлэг бичдэг гэсэн.
Хамгийн сүүлд ямар шүлэг бичив?

-Усны тухай дууны шүлэг бичсэн.
Н.Жанцанноров гуай ая хийсэн юм. Усны дуулал гэж дуу байна. 21 дарь эхийн
тухай, шүтээн, галын тухай дууны шүлэг бичсээн. Ингэхэд би 53 ном бичсэн. 16
төрлийн эрдэм шинжилгээний ажил хийсэн байна. 1993 оноос өнөөдрийг хүртэл 258
мянган хүн үзсэн байдаг. 32500 хүн дээр судалгаа хийсэн. Яагаад ханьгүй, үрийн
заяагүй байна гээд судалдаг. Нас барсан хүн дээр хүртэл судалгаа хийсэн.

-Нас барсан хүн дээр ямар
судалгаа хийх вэ?

-Хүн зүгээр байж байгаад нас
барахгүй шүү дээ. Давтамж энерги гээд нарийн юмнууд бий.

-Ямар дүгнэлт гарсан бэ?

-Нас барсан 108 хүн дээр
судалгаа хийсэн. Хүн эхээс төрөхөд өмсөх хувцас, идэх хоол, насны тоо заагдсан
байдаг атал энэ бүгдээ гүйцээлгүй гэнэт осол, өвчин эмгэгээр нас бардаг. Төрсөн
он сар, гариг эрхсийн нөлөөг судалсан. Хагацлын үүд нээгдэнэ гэж хүний био ритм
байдаг. Хүн 12 жил болоод жил ордог шиг таван жил болоод хагацлын үүд нээгддэг.
Жил орсон, мэнгэ голлосон, хагацлын үүд нээгдсэн гэх мэт нөлөөлдөг. Хүн ерөөсөө
зүгээр байж байгаад өөд болдоггүй. Ердийн тоон дээр хүн нас бардаггүй, жилээ
угтдаг юм уу, жил ороод гарахдаа юм уу нас барсан байдаг. Од эрхсийн нөлөөг
тооцож байх учиртай. Хүний давтамж ингэж нөлөөлдөг. Би энэ бүхнийг зохиогоогүй.
Манай монголчууд аль дээр үеэс “Жил орох нь заслаа хийлгэе” гэж ярьдаг байсан.
Засал номоо хийлгээд, бурхан тахилдаа мөргөөд сайхан боллоо гэдэг кодыг
тархиндаа хийх учиртай. Түүнээс биш “Жил орох нь ээ, яанаа үхэх нь ээ гээд
яваад байж болохгүй нь.

-Таныг лекц уншиж, цэнгүүн хийж
маш их мөнгө олдог байх гэж хүмүүс ярьдаг, та тийм их мөнгө олдог юм уу?

-Саяхан дуун сүүн энергийн
цэнгүүнээ хийлээ. Намайг энэ олон хүнийг цуглуулаад нэг их мөнгө олчихлоо гэж
яриад байдаг. Үнэндээ бол энэ жилийн энергийн цэнгүүн дээр гэхэд л алдагдалтай
үлдсэн. Итгэлт хамбад мөргөх 13 азтан тодруулсан. Зарим хөтлөгч, дуучиндаа өгөх
ёстой мөнгөө өгч чадаагүй л байна. Хүн юм хийхэд ашигтай гардаг бол минийх тэг
ашигтай гардаг. Сүүлийн цэнгүүний орлого нь 12 сая, зарлага нь 14 сая байх
жишээтэй.

-Та тайзан дээр гоё харагдаж
байсан. Хувцсыг чинь ямар хүн хийдэг вэ?

-Би ерөөсөө долоон энергийн
хувцас өмсдөг. Хувцас хийж өгдөг хүн бий.

-Таныг олны танил болохоор
сонгуулийн өмнө нам хүчнээс санал тавьдаг уу?

-2010 онд хэлсэн. Би хэзээ ч
намд элсэхгүй. Олон түмэндээ л өөрийнхөө бодсон санаснаа чадах ядахаараа түгээж
явна гэдгээ амлачихсан. Мөнгөний ханш ихэссэн ч бай багассан ч бай 10 мянгаараа
л та бүхэнд лекцээ уншиж байна гэдгээ хэлсэн. Чи бодоод үз. Нэг лекцийн
билетэнд гэхэд 21 зүйлийн юм дагуулдаг. 7000 гаруй төгрөгийн өртөгтэй билет
гардаг. Сувд, шүр гэх мэтийг дагуулж өгдөг. Ойлгох нэг нь ойлгоно биз.
Ойлгохгүй нэгэнд нь заавал өөрийгөө ойлгуулах гээд хэлээд байх юм байхгүй.
Саяхан нэг хүн “Таныг УИХ-д оруулна гээд нэрийг чинь гаргачихсан байна” гэсэн.
Би хэзээ ч нэр дэвшихгүй ээ. Яахав шоронд суулгана гэсэн биш УИХ-д суулгана гэж
байгаа нь бэлгэтэй юм. Гэхдээ би бүх шоронгоор явж лекц уншсан л даа. Хандивын
юм маш их хийсэн.

Categories
мэдээ цаг-үе

Чингис мөдхөн Мөрөн шиг түрхрэх үү?

1996 онд АН-ынхан анх удаа Засгийн эрхийг авч, олонх олонхдоо нэлээд бяртай, 50 гишүүнтэй парламентыг бүрдүүлж байлаа. Гудамжны нөхөд, бага хүүхдүүд гэсэн нэр хочийг зүүж ирсэн тэд Засгийн газраа байгуулж, төрийн агентлагуудад өөрсдийнхөө хүмүүсийг тавих үедээ үнэндээ ч боловсон хүчний гачаал болж байсан юм. АН-ынхан тухайн үедээ ЦЕГ-ынхаа даргаар Д.Мөрөн хэмээх залууг томилж байлаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан Засгийн үед томилогдсон болохоор нь түүнийг ардчиллын хүн л гэж бодож явсан хүмүүс олон. 1998 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Зоригийг алагдахад Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж гадаадаас мэргэжилтнүүд авчирч ажиллуулъя гэсэн санал гаргахад Д.Мөрөн дарга “Өөрсдийнхөө боловсон хүчинд итгэ ээ” гээд авчруулаагүй талаар тухайн үеийн Засгийн газрын гишүүд нь ярьдаг.

Харин тэр үед ч, дараа дараагийн он жилүүдэд ч Монголын цагдаа энэ хэргийг илрүүлээгүй явна. Хамгийн гол нь ардчиллынхан хоорондоо муудалцаж, Засгийн газраа хэдэнтээ огцруулж байдал нэг л явцгүй болоод эхлэхэд нь нөгөө цагдаагийн залуу дарга Д.Мөрөн зам мөрөө буруулаад эхэлсэн билээ. Буруулаад алсраад одсонгүй харин бүр сөрөг хүчнийх нь нам дээр очоод гол тоглолтуудыг хийж, хатуухан мэдэгдлүүдийг нь хийгээд явчихсан байдаг. “Эдний өнгөн дээр энэ хэрэг илрэхгүй ээ” гэсэн нь С.Зоригийг АН-ынхан нь өөрсдөө “янзалчихсан” гэж байгаагаас өөрцгүй сонстсон билээ. Бас 2000 оны сонгуулиар “МАН-ынхан гарч байж энэ хэрэг илэрнэ” гэсэн явган яриа нэвт шувт явсан нь ах намыг ялалт байгуулж, тэдэн дундаа Д.Мөрөн багтаж УИХ-ын гишүүн болоход шууд нөлөөлсөн юм. АН-ынхан боловсон хүчин байхгүйдээ Д.Мөрөнг чухал байгууллагынхаа даргаар томилж эргээд түүний ам мэхэнд мадаггүй унасан түүх энэ юм. Ер нь АН-ынханд боловсон хүчин дутмаг байдал нь дандаа нөлөөлдөг. Ялангуяа хууль, хүчний байгууллага дээр. Тэд засгийн эрхийг авахаараа үргэлж муудалцан, гэдсэндээ хөлөө жийлцэж эхэлдэг. Тэгэнгүүт нь хүчнийхэн нүүр буруулж эхэлдэг. Одоо ч бас түүх давтагдах гээд байна уу даа.

АН-ынхны хэрүүл тэмцэл, хоорондын хуваагдал хэнд ч ил болчихлоо. Сөрөг хүчний зүгээс ямар нэгэн алхам хийгээгүй байхад л өөрсдийгөө барьж идэх нь холгүй байна. Энэ бол хүчний байгууллагынханд нүүр буруулан одоход хамгийн таатай хөрс байдгийг түүх хэлдэг. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Цагдаагийн Ерөнхий газрын даргад, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Ганбат Хууль зүйн сайдад албан бичиг хүргүүлээд эхэлчихлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг шууд буруутгасан хэвлэлийн бага хурал хийж байна. Хэзээ ч болж байгаагүй, хэн нэгэн руу шууд чиглэсэн үйл ажиллагаанууд өрнөж байна. Харин энэ бүхэн Д.Мөрөн дарга мулт булт үсрээд АН-аас зайлан одож, илүү хор хөнөөлтэй зэвсэг болж үлдсэн шиг юм болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Цагдаагийн дарга Р.Чингис Д.Мөрөн экс шиг мөс түрэн босч, нөгөө тийш холбирчихгүй байгаа. Мөрөн болж түрхрэх үү, Чингисээрээ үлдэх үү. Түүний ухаан мэдэж. Үйл явдал үүнийг харуулах биз ээ. Угшил сэлтийг нь хөөвөл ясны цагдаагийн гэр бүлд төрж өссөн нэгэн юм билээ. Аав нь Замын цагдаагийн даргаар ажиллаж байсан нэр төртэй хурандаа гэж байгаа. Өөрөө бол АН-тай гэхээсээ МАН-тай л ойр байсан үүх түүхтэй харагддаг. МАН-ыг Засгийн эрх барьж байх үед цагдаадаа хариуцлагатай алба хашиж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн орлогч дарга хүртэл албыг хашиж байгаад АН-ыг засгийн эрхэнд гармагц тушаал бууж байсан хүн. Харин сүүлд Засаг шинээр эмхлэн зохион байгуулагдахад энэ албан тушаалд гэнэт ирсэн билээ.

Түүнийг уг албанд ирэхэд “Чингис дарга олон эрх ашгийн уулзварын үр дүнд хариуцлагатай албанд ирлээ” гэсэн мэдээлэл хэвлэлээр явж байсан. Яг ямар эрх ашиг, ямар уулзварууд байгааг цаашид өрнөх үйл явдал харуулах биз ээ. Гэхдээ Д.Мөрөн шиг мөргөсөн хүнд бол цаашдын карьер нэг их удаан үргэлжилдэггүй юм байна лээ. Үсрээд нэг удаа УИХ-ын гишүүн, дараа нь аз таарвал жижиг агентлагийн дарга. Ард түмэн ялгаа, юуг нь олж хараад мэдчихдэг учраас нэг их хол явдаггүй. Харин Чингис дарга юуг бодож, тунгааж яваа юм бол доо.

Б.Нямдаваа

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 1 хэм дулаан байна

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, говийн аймгуудын өмнөд хэсгээр 3-8 градус дулаан , бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулс, Туул Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ардын нам авсан зээлээ ард түмнээр төлүүлэх гэж 15 саяд хуваагаад байсан юм байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Монголын “Эдийн засгийн форум-2016” “Сорилт, Сургамж, Шийдэл” уриан дор хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Эдийн засгийн чуулганы талаархь дэлгэрэнгүй мэдээллийг нэг болон дөрөвдүгээр нүүрнээс уншина уу.

Хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн ярилцлагыг онцоллоо. “Ардын нам авсан зээлээ ард түмнээр төлүүлэх гэж 15 саяд хуваагаад байсан юм байна” нийтлэлийг гуравдугаар нүүрнээс уншаарай.

Улс төрийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлын мэдээллийг тавдугаар нүүрнээс уншина уу. МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын “Илгээлтийн эзэн” хандивын аянаар цуглуулсан өвс тэжээлийг Увс аймгийн Улаангом сумын удирдлагууд малчдад зарсан тухай мэдээлэл цахим ертөнцийг шуугиулаад байгаа билээ. Энэ талаар бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг зургадугаар нүүрнээс уншина уу.

АТГ-ынхан Замын үүдийн боомтод шалгалт хийсэн талаарх мэдээ, сурвалжлагыг долдугаар нүүрт нийтэлсэн байгаа.

Олон улсын эргэн тойронд өрнөсөн мэдээ мэдээллийг гадаад мэдээний булангаас хүлээн авч уншаарай. Нийслэл хотын үйл амьдарлыг харуулсан “Улаанбаатарын амьдрал” булангаа 11 дүгээр нүүрнээс тольдоорой. Түүнчлэн уламжлалт “Дэлхийн спорт” булангаа 12 дугаар нүүрнээс унших боломжтой.

Өнөөдөр олон улсын инээдмийн баярын өдөр буюу дөрөвдүгээр сарын 1. Тэгвэл энэ өдөрт зориулсан “Инээдмийн өдөрт” буланг 15 дугаар нүүрнээс уншиж сэтгэлээ сэргээгээрэй.
17 дугаар нүүрний “Бүтээн байгуулалт” буланд “Моннис” цамхагийг онцолжээ. “Эргэн дурсахуй” булангаар Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн шавь Ц.Батнайрамдал орж багшийнхаа тухай сайхан дурсамжуудаас хуваалцсан юм.

Түүнчлэн манай сонинд “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан буюу Амгаагийн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Эдгээр болон цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас унших боломжтой.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ