Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ихэнх нутгаар цасан шуургатай болохыг анхааруулав

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдын Монголын эдийн засгийн форумын нээлтэд хэлсэн үг

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫН НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА-

Монголын эдийн засгийн форумын хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

Энэ жилийн Эдийн засгийн форум Сорилт, сургамж, шийдэл уриан дор явагдаж байгаа болохоор өөрийн хэлэх үгийг энэ 3 сэдвийг тойруулан хүргэхээр шийдлээ.

Нэг. Сорилт

Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвагийн аль нэгэнд эхэлж шийдэгддэг үе өнгөрөөд 26 жил боллоо. Хүний амьдралын нэгэн үеийг багтаасан дээрх хугацаа бол зөвхөн ардчилсан хувьсгал ялсны ой биш юмаа. Монголчууд бусдын удирдамж зөвлөлгөөгүйгээр улс төр, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж чадах эсэхийг сорьсон бүтэн үе байлаа. Монголын төр, иргэд тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь хөгжүүлж, засаг төрөө байгуулан, амар жаргалтайгаар оршин тогтнож чадах уу, үгүй юуг шалгасан цаг үе байлаа. Биднийг картын бараа хоосон лангуугаар ч шалгалаа, гэнэт олдсон мөнгөөр “Хонины найр” хийлгүүлж ч шалгалаа, байх юмгүй хямрал, хүндрэлээр ч шалгалаа. Шалгалт үргэлжилсээр…

Анхны том сорилго “Азийн хямрал” нэртэйгээр 1998 онд ирсэн. Энэ бол биднээс биш Ази тивээс хамаарсан хямрал байлаа. Аз болоход тэр үед монголын эдийн засаг дэлхийгээс бус өөрөөсөө хамаарсан жаахан бүтэцтэй байсны хүчинд ард нь бид амархан гарсан. Гэхдээ л дэлхийн эдийн засагтай харилцдаг ганц бүтээгдэхүүн болох Эрдэнэтийн зэс маань өртгөөсөө доош унан 1 300 доллар болж, тэр үеийн Засгийн газраас татаас гуйж явсан түүх мартагдаагүй байна.

Удаахь хямрал 2008 онд ирсэн. Анхны хямрал Азиас болсон бол хоёр дахь нь хорвоо дэлхийг нөмөрсөн хямралын сүүдэр байлаа. Валютийн нөөц шавхагдаж, банкууд эхнээсээ дампууран үүдээ барьж эхэлсэн. Энэ их хямрал, инфляцийн дундуур хоёр жил цалин, тэтгэвэр нэмээгүй зүтгэсэн. Валютын сангийн хөтөлбөрийн хатуу нөхцөлүүдийг ч хангалттай биелүүлж чадсан.

Дэлхийн эдийн засгийн бүтцэд багтаагүй байсны буянаар 1998 оны хямралыг гайгүй давсан. Харин дэлхийн эдийн засгийн бүтцийн хэсэг болж орсны буянаар 2008 оны хямралаас гэнэтхэн гарсан юм.

Алс холын Австралид тохиолдсон байгалийн гамшиг Азийн Монголд завшаан болж хувирсан юм. Дэлхийн хамгийн том арал тивийн уурхайнууд усанд автан нүүрсний үнэ тэнгэрт хадлаа. Одоо 26-хан доллараар тонн нь борлогдож байгаа нүүрс 150 болон өслөө. Өнөөдөр өөрийн өртгөөсөө ч доош орж 5000 орчим байгаа зэсийн үнэ 10.000 руу, одоо гучаадхан долларт эргэлдэж байгаа төмрийн хүдэр 150 ам.долларт хүрээд байв. Зэрэгцээд Оюу толгойн бүтээн байгуулалт эхэлж, 9,1 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт орсноор эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ.

Эдийн засаг ч хямрахаа больсон, бид ч хүнээ байсаан. Өмнөх хямралаасаа суралцахын оронд хэрэглээгээ тэлэн тансаглах замд шилжсэн.

Олоод л, хуваагаад л, идээд л, нэмж нэхээд л, арай илүү амлаад л явсан. Монголын төр, иргэдийн хооронд “ Хэдийг өгөх юм бэ”, “Хэн нь ялбал илүүг өгөх юм бэ” гэдэг л харилцаа бий боллоо. Монгол хүн болсны шагнал, гэрлэсний шагнал, хүүхэд гаргасны шагнал гээд юм бүхэн шагналтай, урамшуулалтай болж 4 тэрбум монгол төгрөг биш, ам долларыг хувааж авлаа. Тэр үед Тайландын, Солонгосын далайн эргүүд дээр Туулын, Сэлбийн эрэг дээрх шиг олон Монголчуудтай тааралдаж болохоор байлаа.

Хүргэн хүү кинон дээр “Хөөрхий Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор жоохон юманд баярлаж байна гэж жигтэйхэн” гэдэг шиг эдийн засгийн ийм өгөөж харж яваагүй бидний толгой дорхноо эргэсэн дээ. Монголыг байтугай дэлхийг тэжээх, хосгүй үнэт баялаг зөвхөн манайд л байна гэж бултаараа үнэмшсэн. Хүн төрөлхтөн цаашдаа биднийг л царайчилж оршин тогтнох юм байна гэж итгэсэн. Тэгээд хосгүй их хоолоо хэнтэй ч хуваахгүй хэрэглэнэ, мөнгө тасралтгүй орж ирнэ, монголчууд ганцаараа хөгжиж чадна гэсээр гадны хөрөнгө оруулагчдаа хөөж явуулсан. Гадаад харилцааны сайд нь хүртэл Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөх хууль сонгуулийн компанидаа зориулан санаачлан батлуулж байсны горыг дараа нь бид хангалттай амссаан.

Харамсалтай нь хүний зовлон дээр ургасан жаргал маань удаан үргэлжлээгүй ээ. Австралийн уурхай ч хатаж дууссан, бид ч олсноо идэж барсан.

Эдийн засгийн гурав дахь сорилт Азиас ч болсонгүй, Австралиас ч гайтсангүй, өөрснөөс маань болсон, өөд нь хаясан чулуунаас үүдсэн хүндрэл байлаа.

Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан. Ядаж л Оюу толгойн 2 дахь шатыг явуулж байсан бол одоогийнхоосоо хоёр дахин дээр суух байлаа.

Өнөөдөр уул уурхай, байгалийн баялгийн экспорт дээр суурилсан манайтай адил бүх эдийн засгууд хүчтэй хямарч байна. АНЭУ-ын барагдашгүй баян эдийн засаг анх удаа иргэддээ татвар ногдуулах тухай ярьж эхэллээ.

ОХУ-ын рублийн ханш 4 дахин онхолдож, та бидний сайн мэдэх Халтар царайт киноны нэр Венесуэлийн эдийн засгийг ч тодорхойлохоор боллоо. Хэрвээ Монгол төгрөгийн инфляц 1,9% биш, Орос рубль шиг 12.5 хувьтай байсан бол малчны 10%-н зээл, орон сууцны 8 эсвэл 5%-н зээлүүд холын мөрөөдөл байх байлаа. Хос оронтой тооны өсөлтөөрөө дэлхийг гайхуулж байсан урд хөрш маань шинэ тэнцэлээ 7% дээр буулган, саяхан 1,8 сая хүнийг ажлаас халахаар боллоо. Сорилт үргэлжилсээр…

Хоёр. Сургамж

Бид “Түүхэнд хэрвээ гэж үг байдаггүй’’ гэж ярих дуртай. Бид тэгсэн бол ингэх байсан гэж их ярьдаг. Харин нийтээрээ ярихаас халгаад байгаа хэдэн “тэгэх байсан” бол бий.

Олсноо хураасан бол, тараахын оронд хадгалсан бол гэхээ болье. Нүүрсний үнэ хаданд гарч байсан 2011 онд Таван толгойгоо хөдөлгөсөн бол тэр үед Төмөр Замаа бариад эхэлчихсэн бол 2013 онд түүнийг төр булааж авалгүй хувийн хэвшлээр нь үргэлжлүүлээд бариулчихсан бол өнөөдөр нүүрсний экспорт өөр өнгө төрхтэй байх байлаа.

Ийм болохоор энэ хүндрэлийг дэлхийнх биш Монголынх, бизнесийнх бус улс төрийнх, эдийн засгийнх бус сэтгэлгээний угшилтай хүндрэл гээд байгаа юм.

Монгол руу мөнгө өөрөө цувахгүй нь ойлгомжтой боллоо, дан ганц байгалийн баялаг баян улсыг бий болгохгүй нь ойлгомжтой боллоо, харийнхны өндөр технологи, хөрөнгө санхүү, мэргэшсэн инженерүүд хэрэгтэй нь тодорхой боллоо, байгалийн баялаг бус бусад салбараа өөд татаж солонгоруулах хэрэгтэйг ч ойлголоо, барж хэрэглэх бус базааж хураах, хуримтлуулах учиртайг ч олж мэдсэн туршлага суулаа.

Хүндрэлээс гарахын тулд үүнд хүргэдэг шалтгаанаас салах хэрэгтэй байна.

Нэгдүгээрт, намаараа, улсаараа, нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна. Хөрөнгө босгохоор өрөнд орууллаа гэхээр хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ.

Орд газраа эргэлтэнд оруулж одоо байгаа хүн арддаа өгөөжийг нь хүртээе гэхээр уул, булш, үхэр, хүнцэл гээд л байж болох бүх шалтаг гаргаж сөргүүлэхээр яах ёстой вэ.

Үндэсний үйлдвэрлэгчээ мөлжигч гэхээр хэн үйлдвэрлэх болж байна аа. Баялаг бүтээгч, татвар төлөгчидөө олигархаар нь дуудахаар баялаг яаж бүтээх вэ.

Хоёрдугаарт, үндэстнийхээ нураагч чадвартай хамтарч тэмцмээр байна. Гэхдээ бидний нураагч хүчин чадал, нийт үндэсний бүтээх чадамжийн зөрөө хоёр хэтэрхий их байна. Нэг хүний нураасныг нэг засаг бүрэн эрхийнхээ хугацаанд өндийлгөж бардаггүй болохыг бид харлаа.

Алдагдсан боломжийн хариуцлагыг хэн ч нэхдэггүй болохоор улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүс хамгийн найдвартай маск – халуун эх орончдын дүрд тоглож эхэллээ.

Гуравдугаарт, үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж л энэ байдлаас гарна. 2008 оны хямралаас бид хамтарч чадсан учраас төсвийн хариуцлагын тогтолцоог бий болгож чадсан, өрийн удирдлага, хязгаараа хуульчилж чадсан. Улс төрийн эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашгийг урьтал болгож хямралаас гарч болдгийг тухайн үед сөрөг хүчний бүлгийн дарга байсан хүний хувьд сургамж болгон хэлэх эрхтэй гэж бодож байна.

Гурав. Шийдэл

Бид төсвийн орлого буурлаа, хөрөнгө оруулалт багаслаа гээд гар хумхин зүгээр суугаагүй ээ. Хөрөнгө босгож чадвал, мөнгө санхүү нь бэлэн байвал, сэтгэл гарган хийж бүтээн байгуулж болдог юмаа гэдгийг өнгөрсөн 4 жилд харуулж чадлаа.

Монголчууд бид 1921-2012 оны хооронд 2 зуун дамжуулан 91 жилийн хугацаанд 2900 гаруй км зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 2700 гаруй км гаруй зам тавилаа. Энэ 2016 онд нэмж 1200 км-ыг тавина. Нэг хэсэг нь Мянганы зам гэж зөндөө ярьсныг, нөгөөдөх нь Мянганы замыг жинхэнээсээ байгуулсныг зөвхөн эндээс харж болно.

Аймгууд хоттойгоо холбогдож, Архангай, Завханыг дайраад алс баруун хязгаар луу зам сунайж байна, худлаа гэхгүй бизээ. Дөчин жил 1 МВт-аар ч нэмээгүй эрчим хүчний чадлаа сүүлийн 4 жилд 323 МВт-аар анх удаа нэмлээ. Залж байна гэхгүй бизээ. 3,4-р ЦС-н өргөтгөлүүд, Амгалангийн дулааны станцын араас энэ жил Эгийн голын УЦС, Багануур, Бөөрөлжүүтийн станц, Эрдэнэтийн өргөтгөл залгана.

Сүүлийн 90 жилийн хугацаанд нийтдээ бид 100.000 айлын орон сууц барьж чаджээ. Харин одоо нэгхэн жилд 25.000 айлын орон сууц барьж чадаж байна. Хямралтай байтугай хямралгүй үедээ манайхан ингэж босгож байл уу. Хуримтлалын эдийн засгийн суурийг тавьсан ипотекийн зээлээр 76 мянган өрх орон сууцанд нүүж орлоо. Зүгээр нэг статистик тоо энэ бол биш буух мөртэй буцах эзэнтэй 300 гаруй мянган монгол хүний бодит амьдралын тухай энд ярьж байна.

Эдийн засаг хямарч яваа ч гэсэн ил тод болж хуульчлагдсан, хэдэн арван их наядаар орлогоо гүйцээж мэдүүлсэн, төр түвэгтэй байгаа ч шилэн болж хяналтад орсон. Хулгай хийвэл баригддаг, худлаа хэлбэл ороогддог болж байна.

Ипотекийн зээлээс түрээсийн орон сууц, Хийт хөнгөн бетоны үйлдвэрээс Цементийн аварга үйлдвэрүүд, малчны зээлээс махны экспорт… гээд цаснаас цухуйсан яргуй шиг хямралаас өндийсэн бүтээн байгуулалт, олон ажлууд байна. Ингэж хямраад байхад яаж болоод байгаа юм бэ гэсэн гайхшралын хариулт энд бий.

Ажилсаг ард түмэн, баялаг бүтээгчид, бүх бизнес эрхлэгчид бүгдээрээ хямрал сөрөн зүтгэж яваа бүтээн байгуулагчид, энэ асуултын хариулт нь болж байна.

Хямарч байгаа үед зүгээр тараасантай тэнцэх хөрөнгөөр хямралыг сөрөөд, бас бүтээн байгуулаад явж болдгийг харуулсандаа бид бас баяртай байна. Хямралаас гарчихлаа, хямралыг ялчихлаа гэсэн гэж мушгихгүй юм байгаа биз ээ?

Яригдахгүй бол ярьж нуршиж цаг авах хэрэггүй, харин яригдаад байгаа бол ярилцаж хариу барихаас ч аргагүй юм гэж бас байна.

Энд яригдаад, яриулъя ч гээд байгаа нэг сэдэв бий. Энэ бол Монгол орон өрөнд баригдаж өтөнд идэгдээд өнгөрч байгаа, өөр хүний л гарт өгөхгүй бол өнгөрч байгаа тухай яриа юм.

Монгол Улс 21 тэрбум долларын өрөөр дэлхийд мөнгөн медальтай боллоо, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн рекламыг өнөөдөр олон сонсч байгаа байхаа. Монгол Улсын гадаад өр төлбөрийг олон улсын стандартаар хөтөлдөг. 2011 он хүртэл зөвхөн Засгийн өр тооцож байснаа шинэ хуулиар нэмээд Монгол банк, арилжааны банкууд, хувийн хэвшлийн компаниудын зээл, тэр бүү хэл толгой компаниасаа охин компани руугаа шилжүүлж зээлдүүлсэн хөрөнгө оруулалтыг хүртэл өрөнд тооцож нэгтгэх болсон. 21 тэрбум өрийн талаас илүү нь ийм бүртгэлийн өрнөөс үүсэлтэй болохоор өр гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Энэ аргачлалаар тооцоход МАН-ын Засгийн газрын үед 11,3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9,9 тэрбумийн нийт гадаад өр бүртгэгджээ.

Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4,9 тэрбум долларын зээл байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2,3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжинд бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай. Харин сүүлийн дөрвөн жилд АН-ын Засгийн үед ийм хэмжээний мөнгийг ард түмэндээ хувааж өгөөгүй боловч бүтээн байгуулалтад зарцуулж, зам барилга дэд бүтэц, үйлдвэр барьжээ.

“Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг Өрийн тал нь хаачив гэж асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийнавсан зээл юм.

Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхээ тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье.

Айлгах тактик гэдэг барууны телевизэд нэвтрүүлэг байдаг, харин Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Сонгуулийн компани нэг өдөр л дуусна. Монгол Улсын нэр хүнд имиж дуусахгүй үргэлжилнэ гэдгийг санацгаа.

Айл гэр, аж ахуйн нэгж, засаг төр зээл авч л байдаг, ажлаа амжуулаад төлж л байдаг нь амьдралын жам. Саяхан манай Засгийн газар ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг төлж дуусган өрөө цайруулсныг энд сануулахад илүүдэхгүй буй заа.

Ийм учраас харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна.Өнөөдөр та нар биднийг нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.

Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох 3 дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө.

Ерөнхий сайдын хувьд хэлэхэд нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн үнэ гэнэт өсдөггүй л юм бол байдал энэ хэвээр өнөө маргаашдаа үргэлжилнэ.

Биднийг сонгоод өг, тэгвэл хямралаас гаргаад өгнө, өргүй болгоод өгнө гэж байгаа нь харин бүгд худал.

Сүүлийн үед улс төрийн намууд нэг л их тоо ярьсан хүмүүс болоод байгаа. 60:30:10 л гэнэ, 21х100 л гэнэ.

Гадныхан Монголыг залгилаа гэж 4 жил хашгирсан нам нөгөө гадаадынхандаа орд газраа 60 тэрбумаар зарах гэнэ. Алаагүй баавгайн арьс хуваадаг үлгэрээр тэрийгээ 30, 10 гээд л хувааж өгөх юм байх.

Гаднаас мөнгө босгохыг эсэргүүцэхээ гол ажил болгосон нам, дэлхийд данстай ганц үйлдвэр, гол төслөө хөдөлгөлөө гэж засагтайгаа хариуцлага тооцох гэдэг манай ууган нам 21 аймагт 100 үйлдвэр бүтээн байгуулах юм гэнэ. Ямар мөнгөөр?

Төсөв лав орлогогүй, гаднаас мөнгө босгохыг галдан эсэргүүцнэ. Хөрөнгө оруулалт нь тэг, тэгэхээр юугаар? Татвараа л нэмэх гэж байгаа хэрэг үү?

Бид харин хийх ажлуудаа тодорхой харж байгаа. Одоо босгосон, босгох хөрөнгөөр дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдээс булаасан дотоодын бондын эх үүсвэрээ эхний ээлжинд суллана. Банкаа, компаниудаа эхний ээлжинд мөнгөтэй болгож өрийн сүлжээг нь тайлна.

Орон сууцны моргейжээ өргөжүүлж, бизнесийн моргейж эхлүүлнэ. Бэрхшээл саадуудыг даван туулж том төслүүдээ үргэлжлүүлэн хөдөлгөнө. Гадаадын хөрөнгө оруулалтууд татах ажлаа идэвхийлэн үргэлжлүүлнэ. Эдийн засгаа солонгоруулах чиглэлээр төлөвлөсөн тодорхой ажлуудаа хэрэгжүүлнэ.. Том бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлнэ. Эрдэнэс Монгол дээр суурилсан Темасек загварын шинэ бүтцэнд шилжинэ. Баялгийн сангаа бий болгож Баялгийн эзэн – Монгол хүнтэйгээ холбоно.

Хатагтай, ноёд оо,

Монголын эдийн засгийн форум ийнхүү эхэлж байна. Хоёр өдрийн турш та бүхэн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт бусад олон сэдвээр чөлөөтэй хэлэлцэнэ, байр сууриа илэрхийлнэ.

Сорилтоо мэдэрсэн, сургамжаасаа суралцсан, шийдлээ олсон олон ажил, асуудлын ард хамтдаа гарцгаана гэдэгт эргэлзэхгүй байна. Форумын ажиллагаанд амжилт хүсье!

Монгол эх орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээх болтугай.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар жонш олборлосон иргэдийг торгожээ

Дундговь аймгийн Хулд сумын “Түймэрт цагаан” гэх газраас зөвшөөрөлгүй жонш олборлож байгаа мэдээлэл иржээ. Энэ мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн алба хаагч нар хамран хяналт шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтын үр дүнд Дундговь аймгийн харьяат иргэн Ө нь техник хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар олборлосон 120 тонн жонш, ашигласан эксеваторыг улсын орлого болгосон байна.

Иргэн Ө-г “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 7-р зүйл, 7.3 дахь хэсэг 66-р зүйл дэх хэсэгт тус тус заасны дагуу 5.760.00 төгрөгөөр торгожээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын эмч нарын өдөр

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг дэлхий нийтээрээ эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ 15:00 цагаас болно. “Алтан чагнуур” шагналыг эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор олгодог аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулган хойшлогдлоо

Өнөөдөр ээлжит бус чуулган хуралдав тов гарсан билээ. Тэгвэл гишүүдийн ирц бүрдээгүй тул хурал 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна.Тодруулбал, МАН-ын гишүүд тэр чигээрээ хуралд орж ирээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Гарамгайбаатар: УИХ-ын даргын захирамж ирсэн тул бид ажлаа хийх ёстой

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэсэн ч гишүүдийн ирц бүрдээгүй тул хурал 14.00 цаг хүртэл хойшлуулсан. Тэрээр үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийв. Б.Гарамгайбаатар “Засгийн газрын нэн яаралтайгаар хэлэлцүүлэх хуулийн төслийг ээлжит бус чуулганы төлөвлөгөөнд оруулсан. МАН-ын гишүүд тэр чигээрээ хуралд орж ирсэнгүй. Нэгэнт УИХ-ын даргын захирамж ирсэн тул бид ажлаа хийх ёстой. Энэ асуудлыг Монгол Улсад ашигтайгаар нэн яаралтай батлуулахаар оруулж ирснийг МАН дэмжихгүй байгаа юм байна гэж түгэж байна” гэв. Тэрээр “Энэ хуульд ашигласан түлш, цөмийн хаядал, цацраг идэвхт бодисыг оруулахгүй гэж заасан байгаа. Гадна талд ч иргэдийн санаа зовоод байсан асуудлыг бүрэн цэгцлэх боломжтой хууль юм. Ингээд энэхүү хуулийг батлаад, конвенцио батлаад явах ёстой. Цөмийн хог хаягдлыг улсын хилээр оруулахыг дэмжиж байна гэж үзэхээс өөр аргагүй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Загас агнавал торгоно

Ирэх сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон. Учир нь энэ үе бол загасны үржлийн үе юм. Тиймээс энэ үеэр загас агнавал торгох юм байна.

Дархадын цагаан загас, Буйр нуурын загас, Омоль, Зарам, Алтайн сугас загаснаас бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл агнахыг хориглох тухай “амьтны тухай хууль”-д заасан байдаг.

Тус хуулийг зөрчиж, загас барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын эдийн засгийн форум эхэллээ

“Сургамж, сорилт, шийдэл” уриатай эдийн засгийн форум Төрийн
ордонд болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн
хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюүми Кониши, Олон улсын санхүүгийн
корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак, Монголбанкны Ерөнхийлөгч
Н.Золжаргал, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл
Сакхер, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол Улс хариуцсан
захирал Роберт Шоллхаммер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс
Андэрсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр (Баабар), Уул уурхайн сайд
Р.Жигжид тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм. Эдийн засгийн форумд
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавих юм. Тэд өнөөгийн хямралтыг бид өөрсдөө бий болгосон гэдгийг онцолж байгаа аж. Форум өнөөдөр, маргааш
үргэлжлэх юм.

Categories
мэдээ спорт

Улаанбаатар хотод зургадугаар сард болох олон улсын марафоны бүртгэл эхэлжээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээнийг ирэх зургадугаар сард зохион байгуулна. Оролцогчдыг онлайнаар бүртгэх ажил эхэллээ. “Улаанбаатар Марафон – 2016” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид http://ub-marathon.ub.gov.mn хаягаар бүртгүүлэх боломжтой боллоо. Бүртгэлийг зургадугаар сарын 3-ны өдөр хаах юм байна.“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болно.

Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд өрсөлдөх юм байна.

Сонирхогчдын ангилалын хувьд дөрвөн насны ангиллаар гурван зайд явагдана.

Үүнд:

  • 5000 м 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
  • 10000 м 18-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
  • 1.5 км Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)

1.5 км, 5 км зайд оролцох хүмүүс 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар) эсвэл 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай) төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой.

– 10 км-ээс дээш зайд оролцох хүмүүс 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай) төлнө. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийг авах боломжгүй юм байна.

Categories
мэдээ спорт

Монголын боксчид өнөөдөр олимпийн эрхийн төлөө тулалдана

БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн болж байна.

Монголын эрэгтэй есөн боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байгаагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангалаа. Тэд маргааш финалд үлдэх эрхийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх юм. Харин эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар өчигдөр шийдвэрлэх тулаанд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Ийнхүү олимпийн эрхийн шийдвэрлэх тэмцээнд манай эрэгтэй есөн боксчин урд хөршийг зорьсноос Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Н.Шинэбаяр нар медалийн болзол хангаад байна. Тэд маргааш олимпийн эрхийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх юм.

III.31 – 14.00 цаг.

49 кг: Г.Ган-Эрдэнэ – Х.Дусматов (Узбекистан)
64 кг: Б.Чинзориг – Е.Сакенов (Киргизистан)
75 кг: Н.Шинэбаяр – З.Алимханули (Kазахстан)

18.00 цаг:

60 кг: Д.Отгондалай – Д.Наримацү (Япон)
69 кг: Б.Түвшинбат – С.Ардее (Тайланд)

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.