Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжилнэ

2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Монгол Улсын Сонгуулийн тухай шинэ хууль Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. Энэ удаа орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан хуулийн зарим заалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос тодрууллаа.

Тус хуулийн 125-ын 5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх тухай заасан байна. Өнгөрсөн сонгуулиас эхлэн УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль зэрэг болдог болсон.

Сонгуулийн тухай хуулийн 68-ын 1-д сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэж заасанчлан нэр дэвшигч түүнээс өмнө өөрийн сурталчилгааг ямар нэгэн хэлбэрээр явуулахыг хориглох юм байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанаас бусад хугацаанд нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар нэр дэвшиж байгаагаа сурталчилбал хуулиар хариуцлага хүлээнэ.

Categories
мэдээ нийгэм

Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохионо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139 тоот тогтоолоор 2008 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Монгол Улсад энэ өдрийг гурван жилийн өмнөөс “Аутизм Монгол-АНД” ТББ-ын санаачилгаар анх тэмдэглэж эхэлсэн.

Энэ 2016 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Аутизм Монгол-АНД” ТББ хамтран “Аутизм гэж юу вэ” сэдвийн дор өдөрлөг зохион байгуулж, анх удаа эрүүл мэндийн салбарын төлөөлөл аутизмын хүрээний эмгэгийн талаар зөвлөлдөх гэж байна.

Өдөрлөгт эрүүл мэндийн салбарынхнаас гадна аутизмын эмгэгтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд, уг асуудлыг сонирхон судалж буй судлаачид оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр орон нутгаар цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Дундговь, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 03 дугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи баруун хойноос 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 1-3 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 854 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газар 500 сая долларын бонд худалджээ

Монголын Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая долларын бонд гаргасан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас 800 сая доллар бүхий үнийн дүнтэй “Мазаалай” бонд гаргахаар төлөвлөж байсан ч Г.Уянга болон МАН-аас хийсэн Ч.Сайханбилэгийг огцруулах улстөржилтөөс болж бондын хүү өссөн. Тиймээс тодорхойгүй хугацаагаар бонд гаргах төлөвлөгөөгөө хойшлуулсан Засгийн газар ийнхүүт 500 сая долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгожээ.

Худалдан авагчдаас 780 сая ам.долларын бонд худалдан авах захиалга ирсэн бөгөөд захиалагчид нь өмнө нь Монголын засгийн газрын өмнө гаргасан бондыг эзэмшигчид байжээ. Уг бонд нь таван жилийн хугацаатай 10.875 хувийн хүүтэйгээр арилжаалагдсан байна. Чингис бондын хүү болох 4.125 хувьтай харьцуулахад уг бондыг 10.875 арилжаалсан гэхээр Монгол Улсын нэр хүнд олон улсад унаж буйн нэг үзүүлэлт.

Хүүгийн зардал өсөхөд Монголын төлбөрийн тэнцэл муудсан, гадаад өрийн нийт хэмжээ ДНБ-ний 180 хувьтай тэнцэсэн, гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.доллар болж буурсантай холбожээ. Уг бондын андеррайтераар гаднаас Credit Suisse, Deutsche Bank, ING, JP Morgan дотоодоос ХХБ ба Голомт банкууд ажилласан байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Цацраг идэвхт бодистой холбоотой асуудалд болгоомжтой ханд

Ц.Элбэгдорж: Цацраг идэвхт бодистой холбоотой асуудлаар хоёр тийшээ хараад суучихсан байгаа. Үүний оронд Хариуцлагын, Төрийн албаны тухай хуулиа ярь л даа.

Монголын эдийн засгийн форум хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сургамж, сорилт, шийдэл уриан дор явагдаж байгаа форумын хоёр дахь өдрийн нээлт Ерөнхийлөгч үг хэлснээр эхэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголын байршил, зам хэцүү. Монголд боломж олон олдоод байдаггүй. Аманд орсон шар тосыг хэлээрээ битгий түлхээрээ гэж үр хүүхдэдээ захиж хэлсэн. Үнэхээр түүхий эдийн үнэ өндөр байсан тэр үед “аманд орсон шар тос”-ыг бид ашиглаж чадаагүй. Одоо зарим этгээд үүн дээр улс төр хийж, жүжиглэж байна. Ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, ард нь байсан ашиг орлогыг алга болгосныхоо төлөө бүжи, хийж наадах хэрэггүй. Монголын залуу үе ийм зүйлд автвал дахиад бид алдах болно. Улстөрчид үнэхээр хариуцлагагүй байна. Нэг УИХ-ын гишүүн “Би том төсөл зогсоосноороо бахархдаг” гээд мэдэгдэл хийж байсныг санаж байна. Эм тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд сонгогчдодоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй юм байх даа. Иргэд сонгогчид эм тарианы мөнгөгүй болно. Аягүй бол эмийн санд ирээд тэтгэврийн дэвтрээ өгөөд эм өгөөч гэж өвгөчүүд гуйна. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд халамжийн дэвтэр, гэрчилгээг нь бариад хүүхдийн минь тариаг өгөөч гэж гуйна. Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш биз гэж бодоогүй юм байх даа. Эдийн засаг бодитой, мөнгөөр хэмжигддэг. Улс төр бол мэдэгдэл, дүр эсгэсэн хандлагад халхавчлагдаад явж болно. Эдийн засгийг халхавчлах ямар ч боломжгүй. Тийм учраас бодитой, хохирол нь мөнгөөр гардаг.

Хүндрэлд яаж орсон. Тэр байдлаараа гарна. Хүндрэлээс гарах арга замаа олоод ажил хэрэг болгон, сургамжлах хэрэгтэй. Би хүндрэлээс удаан хугацаанд зовлонтой замаар гарна гэж бодож байгаа. Эндээс гарах эд шидийн зам байхгүй. Ид шид амлаж байгаа хүмүүсийн үгэнд хууртвал дахиад бид хүндрэлд орно. Манай сонгогчид хэрсүү, өнгөнд хууртахгүй болж байгаа. Бид нэгнийхээ амжилтад алга ташдаг байдал алга болсон. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын хөрөнгийн бирж дээр итгэл хүлээгээд мөнгө босгож байгаа тэр бизнесмэнд бид алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг хамгийн том итгэл.

Бизнест хүний итгэлийг алдсан хүн улс төр рүү зүтгэх юм. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүн улс төрийн мөн тийм л аргаар хийх гэж оролддог юм байна.

Цацраг идэвхит бодист болгоомжтой ханд

Улс төрд хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй байна. Улс төрд хэцүү ажил хийх гэж ордог гэж бий хэлдэг. Янз бүрийн амьтныг аргалах гэж шийдэл хэрэг болдог. Монголын зовлон гаднаас биш. Дотроосоо байна. Эдийн засгийн хүндрэл бол Монголд эдийн засгаас биш улс төрөөс болж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн чуулганаар улс төрийн асуудал ярих ёстой.

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж чадахгүй байна. Цацраг идэвх бодистой холбоотой асуудлаар болно, болохгүй гээд хоёр тийшээ хараад суучихсан байгаа. Ийм зүйл болгоомжтой ханд гэж би энэ хүмүүст хэлж байгаа. Үүний оронд Хариуцлагын, Төрийн албаны тухай хуулиа ярь л даа. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн хүртэл хариуцлагатай байя. Улс төрийн албан тушаал дээр сууж байгаа хүн авлигын эсрэг, муу засаглалын эсрэг хариуцлагын төлөө явдаг байх юм бол шалгалтаа өгч, давж байна гэсэн үг. Үүн дээр ярьж чадахгүй хоёр нүүр гаргаж байвал шалгалтдаа унаж байна. Энэ бол улстөрчийг шалгадаг зүйл гэж бий хардаг. Төрийн албыг хариуцлагатай болгомоор байна. Төрийн албаар дамжуулж эдийн засгийг алдгийг болимоор байна. Төрийн албаар дамжуулж улстөрчид бусниулдгийг болимоор байгаа юм. Үүнийг зогсоох тухай хуулийн төсөл барьсан байгаа.

Дэлхийгээр нэг сонгуулийн кампанит ажил болж байна. Сонгогдсоныхоо дараагаар ийм зарлиг гаргана, эхний сард ийм ийм хуулийн төсөл батална гэж амлаж байгаа. Тиймээс бид ч эхний сард юм хийх, ямар ямар хууль батлахыг асуух ёстой. Хууль зөрчигдвөл тэр намыг татан буулгадаг байх ёстой. Гишүүн болоод дахиад нэр дэвшээд, хулгайгаа зөрчөөд явж байгаа хүнтэй хариуцлага тооцох уу, эсвэл “ газар дээрээ баригдвал” гэдэг хуулиа мөрдөж явах гэж байна уу гэдэг амлалтыг авах хэрэгэтй. Энэ бүхэн байхгүй учраас Монголын улс төр муухай харагдаж, эдийн засгаа ч муухай болгож байна. Дээрээсээ толгойн өтсөн учраас Монголын нийгэм нэлдээ хүнд байдалд ороод байгаа. Тиймээс асуух ёсой асуултууд.

Монгол Улсын өрсөлдөх чадвар олон улсад унасан л болвол тэр Засгийн газартай, хариуцаж байгаа Сангийн сайдтай, авлигын индекс өссөн бол тэр Хуульзүйн сайдтай нь шууд хариуцлага тооцох ёстой. Дахиад тэр рейтэнг нь унаж байгаа бол Засгийн газрыг зайлуулж, Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй. Эдгээрийг л хуульчилмаар байна. Монгол Улсын өрсөлдөх чадвар ухарсан, муу авсныг биднээс хамаарахгүй, хөндлөнгийн үнэлгээгээр гараад ирдэг дүн. Тэр дүн дээр муу авсан бол хариуцлага тооцдог байх ёстой. Түүнээс бус нэг гишүүн барьж гүйгээд, хэн нэгнээ сайд болгох гэсэн, хулгайгаас зугатсан марзан жүжиг Монголын улс төрийг аврахгүй. Би ийм зүйлийг үнэхээр тэвчиж чадахгүй. Үүнийг би 1990 онд ярьдаг байсан. Би шударга бус, хариуцлагагүй зүйлийг тэвчихгүй. Одоо ч би ярьж байгаа хэмээлээ.

Ийнхүү Эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо хүндэт зочноор уригдан ирсэн Даниел Кауфман үг хэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы ирц бүрдээгүйгээс 14.00 цаг болгон хойшлуулав

УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-31-ний хооронд зарлан хуралдуулахаар болсон. Өнөөдөр сүүлийнх нь өдөр, өглөө 09.00 цагаас эхлэн ээлжит бус чуулганыг нээхийг оролдсон ч дахин ирц бүрдсэнгүй. Иймээс УИХ-ын дарга гишүүдийг ээлжит бус чуулганы хуралдаанд ирэхийг уриалж, 14.00 цагт дахин цаг товлон чуулганыг нээх оролдлого хийхээр болов.

Ээлжит бус чуулганаар цацраг идэвхит хог хаягдалтай холбоотой нэр бүхий дөрвөн конвенцийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс дэмжих боломжгүй конвенци хэмээн мэдэгдээд буй. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд дээрх конвенцийг хэлэлцэхэд чуулганы хуралдаанд оролцохгүй гэх байр суурь баримталж байгаа гэх албан бус мэдээ бий.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглолоо

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, хэрэглэхийг хориглох тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ. Тус асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилсан байна. Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас, ай падыг авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болохоор зохицуулжээ. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд хэвтрүүлэхээр тусгажээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг байна. Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртэлх хувь, дунд ангийн сурагчдын 60 хүртэлх хувь, ахлах ангийн сурагчдын 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Гар утасны хэрэглээнд дотнсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 213 онд 38 хүүхэд үзүүлсэнээс 18 нь хэвтэн эмчлүүлсэн бол 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн, 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын бүртгэл ирэх долоо хоногоос эхлэнэ

БСШУЯ, ЭМСЯ, Шинжлэх ухаан технологийн сангаас элэгний хавдартай, элэгний хатууралтай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжих төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төсөл нь 2016-2018 оны хооронд хэрэгжинэ. Төслийн хүрээнд элэгний хавдартай, хатууралтай 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал болон эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон юм.

Тэгвэл үнэ төлбөргүй хийх мэс заслын бүртгэлийг ирэх долоо хоногоос хийхээр болжээ. Харин эхний хагалгааг 2016 оны арванхоёрдугаар сард хийх аж. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг одоогоор Нэгдүгээр төв эмнэлэг хийж байгаа. Гэхдээ хавдартай хүнд хийдэггүй, зөвхөн хатуурлын төгсгөлийн шатанд орсон хүмүүст хийдэг. Элэгний хатуурал нь хавдар үүсгэх хамгийн гол хүчин зүйл аж. Монгол улсад жилд ойролцоогоор 2000 гаруй хүн элэгний хавдраар өвчилж байна. Эдгээрийн 130-150 орчим хүн нь элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байдаг аж.

Энэ талаар ХСҮТ-ийн Элэг цөс, ходоод, нойр булчирхайн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн “Бид хэрхэн эдгээр 20 хүнийг сонгож авах талаар танилцуулъя. Энгийнээр тайлбарлаж хэлэхэд элэгний хатуурал дээр хавдар үүсдэг тул нэг дор хоёр өвчний тухай ярих шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, нэг хүнд байгаа хоёр өвчнийг анагаах арга нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа юм. Тэгэхээр тухайн элэгний хатуурлын түвшин хэр зэрэг байгаа вэ гэдэг нь чухал. Элэгний хавдар нь хожуу үедээ байх ёсгүй, жижиг байх ёстой. Хатуурсан элгэн дээр үүссэн хавдар нь нэг ширхэг хавдар байвал 5 см-аас жижиг, олон ширхэг байвал 3 см-аас их биш, хамгийн том хэмжээ нь 3 см байх ёстой гэсэн шалгууртай. Элэгний үйл ажиллагаа их муудаад, амь насанд нь халтай болсон хүмүүсийг жагсаадаг. Хэн нь 1-3 сар дотор амь нас нь эрсдэх өндөр аюултай байна вэ гэдгийг тооцоолоод, тухайн жагсаалтын дагуу хүмүүсийг сонгож авдаг. Тухайлбал, бид өнөөдөр нэг хавдартай хүнд мэс засал хийнэ гээд сонгоод авчихдаг, гэтэл хавдар нь өдөр ирэх тусам ургаад л, томроод л байна. Ингэсээр хагалгаа хийхэд бэлэн болсон үе буюу 12 дугаар сард оройтсон, бидний хэмжээнээс хальчихсан байх юм. Иймд эдгээр хүмүүст би элэг шилжүүлэн суулгах шаардлагатай бол цаг алдалгүй гадаад улс оронд очиж эмчлүүлээрэй гэсэн саналыг өгч байгаа. Бид 12 дугаар сар болоход тухайн үед шалгуур хангасан, элэгний үйл ажиллагааны хямралтай, эрсдэлтэй байгаа хүмүүсийг сонгоно. Бүртгэлийг ирэх долоо хоногоос авна” гэж мэдээлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Уран нугараачид “Гиннесийн ном”-д бүртгүүлнэ

Улаанбаатар хотын ЗДТГ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг уламжлал болгон зохион явуулдаг. Энэ жил тус хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 6-ны өдөр Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд удахгүй тэд нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.

Categories
мэдээ спорт

Т.Энхжаргал хүрэл медаль хүртэв

Олимпийн эрх олгох дугуйн спортын тэмцээн Швейцарь улсад болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас төрөн гарсан Ази тивийн анхны аварга Олон улсын холбооны мастер Т.Энхжаргал Олон улсын дугуйн холбоо, Монголын Үндэсний олимпийн хорооны дэмжлэгээр дэлхийн дугуйн сургалтын төвийн багийн бүрэлдэхүүнд багтан Европ тивийг зорисон юм. Тэрээр энэ сарын 26-д болсон эхний тэмцээндээ амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн бол Франц, Швейцарийн тамирчид алт, мөнгөн медалийн эзэн болсон байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл, “Хүч” спорт хорооны тамирчин Т.Энхжаргал ирэх зургадугаар сарын 4-ийг хүртэл үргэлжлэх цуврал тэмцээнд оролцон олимпийн эрхийн оноо цуглуулах юм. Түүний хувьд нийт 11 тэмцээнд оролцохоос эхний тэмцээндээ амжилттай оролцлоо. Манай тамирчны дараагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 2-нд Швейцарь улсад болох юм байна.