Categories
гадаад мэдээ

Дуунаас хурдан зорчигч тээврийн онгоц бүтээхээр төлөвлөжээ

АНУ-ын Сансар судлалын агентлагаас онгоц үйлдвэрлэгч Локхид Мартин компанитай хамтран ажиллах гэрээг байгуулснаа мэдээллээ. Хамтын ажиллагааны гол зорилго нь 20 сая ам.долларын өртөг бүхий дуунаас хурдан зорчигч тээврийн онгоцны загварыг урьдчилсан байдлаар бүтээх гэнэ. Тус онгоцыг QueSST буюу Quiet Supersonic Technology хэмээх орчин үеийн технологийг ашиглан бүтээхээр болсон байна. Мөн энэхүү төсөл нь НАСА-ийн иргэний агаарын тээврийн салбарт цоо шинэ онгоцуудыг бүтээх зорилго бүхий New Aviation Horizons хэмээх санаачлагад багтах “X-planes” цувралын анхны загвар болох юм байна.

НАСА-ийн зүгээс дуунаас хурдан онгоц бүтээх төслийг ойрын хэдэн жилийн дотор дуусгаж, 2020 оноос эхлэн анхны нислэгүүдээ үйлдэж эхлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэдгээ энэ үеэр онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Одонгийн мөнгийг энэ долоо хоногт өгнө

Алдарт эхийн одонтой эхчүүдэд Засгийн газраас жил
бүр мөнгө олгодог нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн
хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг
билээ. Жил бүр Засгийн газраас одонгийн мөнгийг цагаан сарын үеэр олгодог
байсан ч энэ жил өгөөгүй хойшлоод байсан билээ. Тэгвэл алдарт эхчүүдийн мөнгийг
энэ долоо хоногт багтааж олгох юм байна. Одонтой эхчүүдийн мөнгөнд 25.6 тэрбум
төгрөг зарцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд булган шуба хулгайлан хил давалгүй баригджээ

ОХУ-ын Улаан-Үд хотын нэгэн томоохон дэлгүүрээс булган шуба хулгайлаад зугтсан монголчууд баригджээ. Тэдний хулгай хийж буй үйлдэл дэлгүүрийн гадна болон дотор тавигдсан хяналтын камерт бичигдсэн байна. Улмаар явж буй чиглэлийг нь машины дугаараар нь нягтлан, Хиагт руу чиглэсэн замын камеруудын бичлэгийг шүүн мөрдсөөр ОХУ-ын нутгаас гарахаас нь өмнө тус улсын цагдаагийхан баривчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр өрөө байраа зарж хүүхдэд зориулсан номын сан нээжээ

Нэгэн монгол айлын хийсэн сонголт гадны сайтад сонирхол татжээ. Учир нь Сэрдамбын Батцэцэг хэмээх дөрвөн хүүхэдтэй эмэгтэй хоёр өрөө байраа зарж номын сан нээжээ. Түүний энэхүү шийдвэрийг нөхөр нь ихэд дэмжсэн гэнэ. “Бөхийн өргөө” орчимд “Нобелийн шагналтнуудын номын сан” нэртэй сан нээгээд байгаа аж. Түүний нөхөр Мягмаржавын Ганбат нь урлаг судлаач, дизайнер. Том хүү нь 12, дунд охин нь 9, бага хүүхдүүд нь 5, 3 настай.

Харин энэ тухай уг бүсгүй “Сайн гэрийн эзэгтэй, эх байх гэдэг амаргүй. Энэ ажил цалингүй, амралтгүй. Эхийн ажил хэзээ ч дуусахгүй. Би жирийн нэгэн эх хүн. Гэртээ суун гонгинож, шалтаг тооцож суухын оронд би амьдралаа өөрчлөн мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн юм” хэмээн ярвсан байна.

Номын сан нээхийн тулд тэрээр нөхөртэйгөө зөвлөж, нөхөр нь түүнийг бүрэн дэмжиж, хоёр өрөө байраа зарахыг зөвшөөрчээ. Тэр мөнгөөр гэр хороололд жижиг хашаа, байшинтай болж, үлдсэн мөнгийг нь номын сан байгуулахад зориулжээ. “Нобелийн шагналтнуудынх” гэж нэрлэсэн юм бэ гэж түүнээс их асуудаг аж. Энэ асуултанд “Манай уншигчид дундаас нобелийн шагналууд төрнө гэдэгт би итгэдэг” хэмээн Батцэцэг хариулсан байна.Батцэцэг англи хэлний багшийн мэргэжилтэй, англи хэлний дамжаа ажиллуулдаг. Нөхөр нь зургийн дугуйлантай гэнэ. Мөн номын санд нь монгол хэлний зөв бичлэгийн дүрэм, шатар, даамны дугуйлан ажилладаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч өнөөдөр мөсний баярт оролцохоор Хөвсгөлийг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хөвсгөл аймагт очих юм байна. Тодруулбал, өнөөдөр болон маргааш үргэлжлэх Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож, аймгийн төв Мөрөн сумын иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Төрийн тэргүүнийг Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Галбадрах нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ажиллах юм.

Categories
мэдээ цаг-үе

Залуучуудын өвлийн олимпийн алтан медальт Б.Сумъяа: Эхний гарааг би гүйцэтгэх учраас багийн амжилт надаас шалтгаалж байсан

Саяхан Норвегид болсон Залуучуудын өвлийн олимпийн наадмаас Монголын тамирчин, ОУХМ Б.Сумъяа эх орондоо өвлийн олимпийн анхны алтан медалийг авчирсан билээ. Түүнийг нутагтаа ирээд байхад нь ярилцлаа.

-Монголчуудынхаа өмнөөс, уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Өөрийг тань онгоцны буудал дээрээс олон хүн угтаж авлаа шүү?

-Тэглээ. Их сайхан угтаж авлаа. Ийм олон хүн байна гэж төсөөлсөн ч үгүй. Сая онгоцны буудалд гэр бүлийнхэн болоод Монголын үндэсний олимпийн хороо, Ч.Наранбаатар даргатай “Олимп хөгжил” сан, Дарханы дулааны станц, “Алдар” спорт хороо, Монголын тэшүүрийн холбооны хамт олон сайхан угтаж авлаа. Та бүхэндээ баярлалаа. Мөн Осло дахь монголчууддаа маш их баярлалаа. Норвегийн Осло хотод амьдардаг монголчууд бидэнд маш их тусалсан. Тэмцээний дараа биднийг хүлээж авсан.

-Залуучуудын өвлийн хоёрдугаар наадамд орох эрхийг хэрхэн авсан бэ?

-Залуучуудын өвлийн олимпод 2013 оноос эхэлж Д.Энхбаяр багштайгаа бэлтгэл хийсэн. Тэмцээнд орохын өмнө дэлхийн цомын эрхийг хийх ёстой. Тиймээс 2015 оны гурав, арванхоёрдугаар сард болсон цуврал тэмцээнүүдэд оролцож эрхээ авсан. Энэхүү залуучуудын өвлийн олимпод оноогоороо эхний 28-д орсон тамирчин оролцох эрхтэй байсан. Би 28 буюу хамгийн сүүлийн тамирчин нь болж байлаа.

-Ганцаарчилсан төрөлд ямар амжилт үзүүлэв. Улсын рекордыг шинэчилсэн гэсэн үү?

-500, 1500 метрт гүйсэн байгаа. 500 метрт хоёр удаа гүйсэн. Ганц удаа гүйсэн амжилтаараа хувийн, хоёр удаа гүйсэн Монгол Улсын насанд хүрэгчдийн рекордыг шинэчлэн тогтоосон байгаа. Миний хувьд багийн төрөлд алтан медаль авсандаа үнэхээр их баяртай байна.

-Багийн төрөлд алтан медаль хүртсэн. Хамт уралдаж амжилт гаргасан багийнхныгаа танилцуулаач?

-Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай нэг баг болж оролцсон. Манай багийн гурван тамирчин их мундаг залуус. Тухайлбал, Итали улсаас оролцсон охин 1500 км-ийн төрөлд гуравдугаар байрт орсон. Солонгос улсын тамирчин залуу 500 км-ийн төрөлд бас гуравдугаар байрт шалгарсан.

-Аль баг илүү хүчтэй санагдсан бэ. Багийн хуваарилалтыг хэрхэн сонгосон юм бэ?

-Багийн төрөлд хамгийн сүүлийн гараанд гарч уралдсан баг хүчтэй өрсөлдөгч байсан. Баг тус бүр хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаас бүрдсэн. Тус багийн хоёр эрэгтэй 500 метрт алт, мөнгөн медаль хүртсэн бол нэг эмэгтэй нь 500 метрт хүрэл медаль хүртсэнээрээ бусдаасаа илүү шилдэг санагдсан. Зохион байгуулагчдын зүгээс тухайн тамирчны үзүүлэлтээс хамаарч багийн хуваарилалт хийсэн байсан.

-Багийнхантайгаа хамтарсан бэлтгэл хийсэн үү, хэр ойлголцож байв?

-Багийнхаа итали охиныг өмнө нь тэмцээн дээр харж байсан. Ерөнхийдөө бид 1998 оны нэгдүгээр сараас 2000 оны арванхоёрдугаар сарын хооронд төрсөн тамирчид л даа. Тэмцээний өмнөх өдөр л хамтарсан бэлтгэл хийсэн. 13 баг гарч уралдсан. Минут 57 сек 87 долийн үзүүлэлттэй түрүүлсэн. Хоёр дахь баг минут 58 сек 80 долийн үзүүлэлттэй байсан. Бусад багууд ихэвчлэн долиор зөрүүтэй байсан. Бүгдээрээ эн тэнцүүхэн өрсөлдсөн.

-Өөрийн тань багш Д.Энхбаяр багийн төрөлд өрсөлдөхөд дасгалжуулагчаар хуваарилагдсан гэсэн. Энэ нь бас давуу тал болжээ?

-Тэгсэн.Багш дасгалжуулагчдыг мөн цаанаас нь багуудад хуваарилсан. Азаар багш маань манай багт дасгалжуулагчаар хуваарилагдсан.Тэмцээний үед багш байнга зааж, зөвлөж байсан.

-Багийн дүнг танилцуулахад их догдолж байв уу?

-Нийт 13 багаас манай баг гуравт гарсан. Дараа дараагийн баг манай амжилтыг эвдчих болов уу яах бол гээд их айдастай байсан. Багаараа тойрч зогсоод бусад багийн үзүүлэлтийг харах их хэцүү санагдсан. Самбар дээр манай баг тэргүүлсэн хэвээр л байсан. Хамгийн сүүлийн баг гүйхэд нь ямар ч байсан медаль авах юм байна гэж хүлээж байлаа. Тухайн үед багийнхаа нөгөө хоёр гишүүнтэйгээ байсан. Хятадын тамирчин гадаа гүйх гээд гарчихсан байсан л даа. Тэгээд хамгийн сүүлийн гараа барианд ороход бид их баярлаж, хөөрч, хоорондоо тэврэлдэж баярласан.

-Өөрөө багаасаа хамгийн түрүүнд гараанд гарсан байсан. Тэгэхээр бүх зүйл өөрөөс тань шалтгаалж байсан болов уу?

-Багийн уралдаанд гишүүн бүр л эн тэнцүү чадвартай байх ёстой. Тэрнээс нэг тамирчин нь сайн байлаа гээд багийн үзүүлэлт дээшээ гараад ирэхгүй шүү дээ. Бүгд л жигд сайн байж л амжилтад хүрнэ. Ялангуяа миний хувьд хамгийн эхэнд гараанаас гарсан. Багш хамгийн түрүүнд гарч байгаа тамирчны гараа маш чухал. Чи сайн байж бусад чинь ч гэсэн сайн байх болно. Тиймээс эхний салхийг маш зөв хагалах ёстой гэж захисан. Багшийнхаа хэлснийг биелүүлж, бусдынхаа итгэлийг алдахгүй байх хариуцлага надад ногдсон. Би нэг тойрчихоод замаас гарна. Дараагийн тамирчин миний хурдаас шалтгаална гэсэн үг. Эхний хурдыг яаж авахаас манай багийн амжилт шалтгаалсан. Тиймээс би хамгийн хүнд ачааг үүрсэн гэж хэлж болно.

-Гэр бүлийнхэн тань спортод их элэгтэй хүмүүс шиг санагдлаа. Энэ спортоор хичээллэхэд бас нөлөөлсөн болов уу?

-Би 1999 онд Дархан-Уул хотод төрсөн. 2008 оноос тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Намайг багаас л аав, ээж их дэмжиж янз бүрийн дугуйланд явуулдаг байсан. Нэг хэсэг хөгжмийн дугуйланд явсан. Нэг удаа дугуйлангийнхаа мөнгийг өөрөө аваачиж тушаах боломж гарсан. Аав амжихгүй нь, намайг өөрөө багшдаа аваачаад өгчих гэсэн юм. Би тэр мөнгөөр нь замдаа мөсөн каток дээр тоглочихсон. Манай сургуулийн хажууханд каток байдаг байсан. Түүнээс хойш гулгах их дуртай болсон. Тэр үед Мандах, Нацагдорж багш нар маань намайг ер нь ирээдүйтэй юм байна гэж харсан юм билээ. Ер нь зургаан настайгаасаа л ээжтэйгээ хамт сургуулиас харих замдаа нэг цаг эсвэл 30 минут гулгачихаад харьдаг байсан.

-Гэр бүлээ танилцуулаач. Танай ах бас тамирчин гэж сонссон?

-Манай аавыг Г.Буянтогтох, ээжийг Г.Цэцэгээ гэдэг. Манай ээж физикийн багш. Аав жолооч. Эхээс дөрвүүлээ.Нэг эгч, хоёр ахтай. Манай гэр бүлийнхэн спортод хайртай. Ээж цанаар хичээллэж байсан. Олон ч спортод сонирхолтой, тоглох ч дуртай. Манай ах Хатанбаатар мотоспортын тамирчин, дэд мастер.Би бас дугуйн спортоор хичээллэдэг.

-Тэшүүрчин охины мөрөөдлийг сонирхмоор байна?

-Онгоцны нисгэгч болох хүсэлтэй. Одоохондоо спортдоо анхаараад мөрөөдлөө түр хойш тавьсан. Гэхдээ бодсон юм байгаа. Их, дээд сургуульд ч хараахан сурч амжаагүй байна. Тамирчин хүнд цаг зав бага гарах юм. Бэлтгэл сургуулилтаас эхлээд. Энд бас нэг юм хэлж болох уу?

-Тэгэлгүй яахав?

-Гадаадад олон тэмцээн уралдаанд оролцож байхад их гоё битүү мөсөн ордонтой байдаг. Тэмцээн болоод дуусангуут жирийн иргэд нь чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Би Монголд тийм гоё битүү мөсөн ордонтой болоосой гэж хүсдэг. Заавал тамирчид, мэргэжлийн хүмүүст зориулсан ордон гэлтгүй бүх хүмүүст зориулсан мөсөн ордонтой болчихвол сайхан шүү дээ. Тамирчид нь бэлтгэлээ хийгээд бусад цагаар иргэд нь гулгана.

-Бэлтгэлээ хаана, яаж хангасан юм бэ?

-Хандгайтад нэг талбайтай болсон байна лээ. Солонгост бэлтгэл хийсэн. Мөн Хятадын Чанчун хотод цугларалтад оролцоод ирсэн. Ингэж явна гэдэг зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй. Тиймээс Монголд битүү мөсөн талбайтай болчихвол хүүхэд бүрт ирээдүйд сайн тамирчин болох боломж байгаа шүү дээ.

-Одоо ямар тэмцээнд оролцох гэж байна?

-Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн байгаа. Мөн бүх ард түмний спартакиад болно. Миний хувьд 2011, 2015 оны хүүхдийн наадмын аварга болж байсан. Тэшүүрээр улсын аваргад 2011 оноос хойш оролцож түрүүлээд байгаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Мүүн хүний итгэл бишрэл шашин шүтэх эрхийг бүдүүлгээр зөрчдөг

Монгол Улсын Их сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэлтэй Мүүний шашны талаар ярилцлаа.

-Сүүлийн үед Мүүний шашныг шашин мөн биш гэж маргалдаад байгаа. Энэ талаар тайлбар хэлэхгүй юу?

-Мүүний шашныг шинэ шашны хөдөлгөөн гэж үздэг юм. Одоогийн нийгэмд гараад байгаа гаж урсгал гэдэг нэршил культ гэдэг нэрийг монголчлоод ингэж нэрлэсэн байна лээ. Культ, сект, шашин гээд гурван янзын шашны төрөл байна гэж үздэг. Культ гэдэг нь нийгэмд төдийлөн танигдаагүй шинэ шашны хөдөлгөөн. Энэ нь өөрийн гэсэн шашны байгууллагатай нэг шашны удирдагчийг шүтдэг, тойрон хүрээлэгчидтэй, дагалдагчтай шинээр үүсч бий болсон шашныг хэлдэг. Культ гэдэг нь манай улсад 1990 оноос хойш орж ирээд нэг дэх үеийнх нь дагалдагч нар нь явж байна. Шашин дотроо шашны гаж урсгал гэж үздэг. Уламжлалт шашны зан үйлээс арай өөрөөр үйл ажиллагаа явуулдаг болохоор шашны гаж урсгал гээд байгаа юм. Үнэндээ энэ шашин мөн үү гэвэл мөн.

Сект гэдэг шүтэн бишрэгчид нь хоёр дахь үе дээрээ явж байгаа шашныг хэлнэ. Нэгдүгээр үеийн хүүхдүүд нь уламжлагдан авч, нийгэмдээ нэлээд танигдсан төрлийг хэлээд байгаа. Шашин гэдэг нь нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаа нээлттэй явуулдаг байгууллага гэж хэлж болно.

-Шинээр үүссэн шашин юм байна. Яг хэзээ байгуулагдсан юм бол?

-Энэ шашныг 1920 онд Солонгост төрсөн Сан Мён Мүүн үүсгэсэн. Албан ёсоор 1954 онд өөрийнхөө сүмийг байгуулж, номлолоо явуулах газраа бий болгосон гэж үздэг. Тэрээр 1957 онд өөрийн “Тэнгэрлэг зарчим” номлолоо албан ёсоор хэвлүүлж, түүний дагуу номлол сургаалаа явуулдаг болсон. 1959 оноос дэлхийн бусад улс оронд өөрсдийн сүм, хийд байгууллагынхаа үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Шууд “Эв нэгдлийн сүм” гэхээс илүү иргэний байгууллагын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээлбэл, судлаач Деррек Дасчкегийн судалгаагаар АНУ-д 12 төрлийн Мүүний ном сургаалийг дэлгэрүүдэг байгууллагыг гаргасан байгаа юм. Түүнд “Олон улсын соёлын сан”, “Олон улсын шашны сан”, “Дэлхийн энх тайвны төлөөх шашин хоорондын холбоо”, “Дэлхийн мэдээллийн ассоциаци”, “Эрдэмтэн, профессоруудын дэлхийн энх тайвны холбоо” гэх зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байсан.

-Яагаад “Эв нэгдлийн сүм”-ээрээ үйл ажиллагаа явуулдаггүй юм бэ?

-Яагаад гэвэл буддизм дэлгэрсэн газар эсвэл ислам, христийнхэн үүнийг гаж урсгал гэж үздэг. Энэ нь манай улс орны соёл, үндэсний бодлогоос харш гэхээр түүнээс цэрвэж, номлол түгээдэг гэдгээ нууцалж олон байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Их зальжин хүмүүсийг хууран мэхэлж байдаг. Эв нэгдлийн сүм гэхээсээ илүү оюутнуудад зориулсан төв, эрдэмтдийг дэмжих холбоо гээд сонирхлын бүлэг, нийгмийн ажил мэргэжлээр нь байгууллага үүсгээд байгаа юм. Тэрийгээ сүм гэж нэрлэхгүй. Тэгэхээр хүмүүс наадах чинь шашин биш энэ иргэний байгууллага гээд байгаа. Сүм биш мөртлөө цаагуураа жинхэнэ эцэг, эхийнхээ сургаалаар явдаг. Иргэний төрийн бус байгууллагаас гадна өөрсдийн байгууллагаа дэмжих бизнесийн компаниудын үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдийн гэсэн үйлдвэртэй болчихсон. Жишээлбэл, ахуйн үйлчилгээний газар үсчин нээгээд тэндээ өөрсдийн дагалдах хүмүүсийг ажиллуулж, орж байгаа орлогоороо шашны байгууллагаа санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Мөн бараа зардаг ажлаа фандрайсинг гэж нэрлэдэг. Судлаач Деррек Дасчке “Мобайл фандрайсинг” гэж нэрлэсэн байдаг. Хөдөлгөөнтэйгөөр байнга гудамж, талбай, албан байгууллагад юм зарж байдаг учраас ингэж нэрлэсэн хэрэг.

-Яагаад гаж урсгал гэж үздэг юм бол?

-Гаж урсгал гээд байгаа тодорхойлолтыг хоёр талаас нь тайлбарлана. Энэ шашинг христийн шашны нэг хэлбэр гэж үздэг. Гэхдээ христийн шашны Библийн судрыг тэс ондоогоор тайлбарладаг. Гол номлол сургаалыг нь гажуудуулаад явчихсан. Есүс Христийн хийж чадаагүйг өөрөө үргэлжлүүлж байна хэмээн номлодог. Мөн өөрийгөө Исламын шашны үндэслэгч Мухамед, Буддатай уулзаж байсан гэж ярьдаг байсан. 1992 онд “Би бурхантай уулзсан бурхны элч байна. Бурхан намайг өөрийн номлолыг түгээ гэж захисан” гэж зарласан байдаг. Тиймээс өөрийгөө дэлхийн эцэг гэж нэрлээд эхнэрийгээ ариун эх гэж зарласан байдаг. Мөн библийн сургаалыг гажуудуулахаас гадна эртний Солонгосын бөө мөргөлийн сургаалыг номлолдоо оруулчихсан. Номлолд нь Дорно дахины Күнзийн ёс суртахууны сургааль ч бий. Эртний Хятадын Даогийн арга билэг гээд аливаа юм хоёр туйлтай, хоёр хүчин зүйлээс бүрддэг гэдэг номлолыг ч оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, уламжлалт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шашны урсгалуудын номлолыг хольж аваад, өөрөө ном сургаал үүсгэн гаж урсгал бий болгочихсон хэрэг. Үүнийг бүх шашныхан хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Ихэнх шашныхан бидний номлолоос аваад түүнийг гажуудуулсан байна гэдэг. Мөн сүм хийдийн үйл ажиллагааг гажуудууллаа гэдэг. Сүм хийдийн жинхэнэ үйл нь хүн сүмд очиж тэнгэр бурханд мөргөж, өөрийн гэгээрлийг олох байтал ариун эцэг, эхэд итгээд эхэлж байгаа юм. Христийн шашинд Сан Мён Мүүн-ийг шүт гэж заагаагүй шүү дээ. Зан үйлийн хувьд бусад шашнаас өвөрмөц үйл ажиллагаа явуулдаг.

-Гаж урсгалын нөлөө нь юу вэ?

-Нийгэмд үзүүлж байгаа гаж нөлөө нь хүмүүсийг шашны үзэл бодлоор хооронд нь хагаралдуулж байгаа юм. Гэр бүлтэй нь хагаралдуулж байгаа. Хүний эрх чөлөөг боогдуулдаг. Уламжлал соёл, ёс зүйгээс харш зүйл номлодог гэдгээрээ харшилдаг.

-Сүмийнхээ үйл ажиллагааг нууцалдаг юм бол яаж итгэгч нь болох юм бэ?

-Сүмдээ хүн татаж оруулахдаа нийгмийн эмзэг бүлгийн эсвэл амьдралдаа их зовлон үзсэн хүнд ойртох замаар элсүүлдэг. Оюутан байлаа гэхэд чи манайд очиж хоол идээч. Хоёулаа ярилцъя. Чамд юу хэрэгтэй байна гээд туслалцаа үзүүлдэг. Туслалцаа нь орон байр, сурах бичиг, сургалтын төлбөрийг нь өгөх жишээний. Тэгэхээр нөгөө хөдөөнөөс ирсэн оюутнуудын сэтгэл нь татагдана шүү дээ. Аав, ээжээсээ хол өөрийг нь гэх хүнгүй байхад өөртэй нь элгэмсэг дотно хандахаар сэтгэл нь татагдаад ямар гоё газар вэ гэж боддог. Тэгээд аажмаар өөрийн ном сургаалаа явуулахын хажуугаар чи бас үүрэг хүлээх ёстой гэж заадаг. Үзэг, бал, ном, дэвтрийг чи зарах ёстой. Чиний зарсан мөнгөөр сүм санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулна. Бусад хүмүүст “Тэнгэрлэг зарчим”-ыг түгээхэд зарцуулах учраас чи үүрэг хүлээх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ерөнхийдөө анх хүн элсүүлэхдээ хүний сэтгэлийг хөдөлгөөд аажмаар өөртөө татаж, цаашлаад хатуу хяналтад оруулж хэлэх эрхгүй болгож, үйлдэх үйлийг нь хүртэл хатуу хянадаг. Сүм хийдэд явж байгаа дагалдагчдынхаа үг хэлэх, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх үзлийг нь хорьчихдог. Чи ингэж болно, ингэж болохгүй гээд заачихдаг. Миний ном сургаалд гарсан сургаалыг дагах ёстой гэж тулгадаг. Хэрвээ дагахгүй бол сүм хийдэд гадуурхах зүйл болно. Энэ талаар сүүлийн үед бичлэгээр гараад байна лээ, номлогч нь ирээд цохих ч юм уу, эсвэл чамайг хөөнө гэж сүрдүүлдэг.

-Мүүний шашны итгэгч эцгийнхээ сонголтоор хурим хийдэг. Огт харж байгаагүй хүнтэйгээ гэрлэхийг юу гэж номлодог вэ?

-Эрэгтэй эмэгтэй хоёр хүн амьдралын туршлагагүй. Агуу эцгийн хайр халамжийг мэдэлгүйгээр иргэний нийгэмд зөвхөн хайр сэтгэлээр суучихаад байна. Бид бурхны айлдвараар гэр бүлийн харилцааг юу гэж тодорхойлсон байгааг ухамсарласны үндсэн дээр жинхэнэ эцэг, эхийн зөвшөөрлөөр гэр бүл болох ёстой гэдэг. Мүүний шашин хамгийн түрүүнд гэрлэх зан үйлээрээ нийгэмд танигдсан байдаг. Энэ нь олон хүнийг зэрэг гэрлүүлэх ёслол. Түүхэндээ 1982 онд 5837 хүн зэрэг хурим хийж байсан гэдэг. Энэ зан үйлийг анх 1961 онд хийж эхэлсэн байдаг. Судлаач Деррек Дасчкегийн судалгаанд сүүлийн үеийн тоо баримт дурдагдаагүй байна. Олноороо гэрлүүлж байгаа нь энэ нийгэмд энх тайван тогтоохын тулд ариун гэр бүл бий болгох ёстой гэж ярьдаг. Чиний өсгөсөн аав, ээж чинь чамайг төгс нийгэмд бэлдэж чадаагүй. Тиймээс энэ нийгэм шударга ёс тогтоогүй, эдийн засгийн хямралтай байна гээд нийгмийнх нь төлөө шинэ ухагдахуун өгөөд үүнийг чи өөрчлөх ёстой гэж заадаг. Шинэ нийгмийг бий болгохын тулд чи шинэ ариун гэр бүл үүсгэх ёстой гэсэн зарчмын дагуу хүмүүсийг гэр бүл болгодог. Манай Монголд аав, ээж гэдэг гэр бүлийн цөм. Тэр хүмүүсийн ач энэрлийн төлөө гэр бүл тогтож байдаг. Гэтэл аав, ээжийн үүргийг үгүйсгээд чамайг төгс нийгэмд бэлдэж чадаагүй. Чамайг шинэ гэр бүл хүлээж авч байна. Жинхэнэ аав, ээж чинь Сан Мён Мүүн, түүний гэргий Хакжа Хан Мүүн нар гэж сургадаг. Нэг үгээр хэлбэл уламжлалт гэр бүлийн үүргийг үгүйсгэж байгаа. Гэр бүлээс хүүхдүүдийг нь тусгаарлаж чи энэ сүмд ирж бие хүн болж хүмүүжнэ гэж сургадаг.

-Эцэг нь гэрлэх хосуудын зургийг нь хараад сонгодог гэх юм билээ. Ингээд л шууд сохроор гэрлүүлчихдэг юм уу?

-Гэрлэх хосуудын зургийг эцэг нь өөрөө сонгодог. Энэ судлаачийн бичсэнээр гэр бүл болох хүнийг сүмээс сонгоод намтрыг нь судалдаг. Ямар ажил хийж байсан. Хэзээ энэ сүмд орж байв. Насны зөрүүг нь харж байгаад та хоёр төгс гэр бүл болох ёстой гэж заадаг. Хайр сэтгэлийн асуудал чухал биш. Сүмийн жинхэнэ эцэг, эхийн зөвшөөрлөөр гэр бүл болох ёстой гэж үздэг. Хэдийгээр зургийг нь харуулж байгаа ч жинхэнэ эцэг чамд ийм хүн санал болгож байна, чи хүлээн зөвшөөрөх үү гэж шууд асуудаг юм байна.

-Нэг дор олноор нь гэрлүүлдэг нь ямар учиртай юм бэ?

-Гэр бүл бүгд хоорондоо нэгдэлтэй байх ёстой гэдэг. Тэнгэрлэг зарчимд нэгдэж дэлхийд үүнийг түгээх ёстой гэж үздэг. Тэрнийгээ хэрэгжүүлэхийн тулд нийтээр гэрлүүлэх зан үйлийг хийдэг.

-Яг ямар номлолтой шашин бэ?

-Тэнгэрлэг зарчмаа ойлгож шинэ бие хүн болж төлөвших ёстой. Шинэ бие хүн шинэ гэр бүлийг бий болгох ёстой. Шинэ гэр бүл бий болчихсон юм чинь шинэ нийгмийг бий болгох ёстой. Шинэ нийгэм бий болохоор шинэ ертөнц бий болно. Энэ дэлхий дээр бурхны хаанчлал бий болно гэж яриад байгаа. Бурхны хамгийн гол зорилго ариун гэр бүл бий болгох. Ариун гэр бүл нэг дор олон бий болж байна гэсэн үг. Тэр нь энэ ертөнц дээр төдий чинээ бурхны сургаалыг хүлээж авдаг болно. Бүгд нэг сүсэг бишрэлтэй болсноор энх тайван байдал тогтоно гэж үзэж байгаа юм. Үүний бас нэг цаад утга нь бурхны хаант улсын шинэ иргэн бий болж байгаа явдал.

Цаашлаад энэ ертөнц дээр гурван холбоо тогтох ёстой. Эхнэр нөхрийн хооронд найрсаг холбоо тогтох ёстой. Гэр бүл бурхны ивээл дор байх ёстой гэдэг. Тэд бурханд дуулгавартай хандах ёстой. Харин хүүхдүүдээ захиран тушаах үүрэгтэй гэж заадаг.

-Энэ шашныг зарим оронд бүр хориглочихсон байдаг юм билээ?

-Австри, Франц, Герман, Орос, Киргиз, Шенгений зарим орон, Хятадад гаж урсгал гэсэн жагсаалтад оруулдаг.

-Хориглосон оронд Мүүний шашин байдаг болов уу?

-Байдаг. Байхдаа хяналтад байдаг. Тагнуулын газар, цагдаагийн газар эсвэл Хууль зүйн яамных нь хажууд байдаг. Бүр Засгийн газрын хажууд шашны хэрэг эрхлэх төвийн дэргэд байлгана. Энэ байгууллага шашны бүх бодлогыг нь хянаж, зохицуулж байдаг. Нийгмийг хагалан бутлах эсвэл үндэсний аюулгүй байдалтай харшлах үйл ажиллагаа хийгээд ирэхэд зогсоодог. Ийм тусгай байгууллага бий. Манайд тийм байгууллага байхгүй. Цагдаагийн газар жаахан хянадаг байх. Ерөнхийлөгчийн доор шашны асуудал хариуцсан зөвлөл гэж бий. Тэр бол бэлгэдлийн чанартай. Цагаан сараар эсвэл науризын баяраар нэг шашны төлөөлөгчийг уриад хүндэтгэл үзүүлж яриад суудаг. Түүнээс шашны талаар төрөөс нэгдсэн бодлого барьдаггүй. 1990 онд Монголд шашны цунами буюу газар хөдлөлт болсон юм. Уг нь шашны талаар бодлоготой байсан. Сайд нарын дэргэдэх шашны асуудал эрхэлсэн байгууллага байсан. Гэтэл 1990 онд шашны тухай Үндсэн хуульдаа оруулж, үүнийг гадны шашныхан соргогоор мэдрээд хүрээгээ тэлэхийн тулд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-Итгэгч орлогынхоо 30 хувийг өгдөг гэсэн үнэн үү?

-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Би энэ талаар дотор нь ороод судалж үзээгүй.

-Ингэхэд Мүүний шашин социализм, фашизмаас аюултай юу?

-Солонгос нэг үндэстэн мөртлөө хоёр хуваагдсан шүү дээ. Нэг нь капитализмын замыг сонгосон. Нөгөө нь коммунизмыг сонгосон. Сан Мён Мүүний бага нас Хойд Солонгост өнгөрсөн байдаг. Өөрийнх нь аав, ээж гэр бүлийнхэн Солонгосын бөө мөргөл, буддын шашин, Күнз гээд дорно дахины нөлөөтэй байсан. Сүүлд Христийн шашинд орсон гэж ярьдаг. Энэ хүний онцлог нь улс төрийн талаар номлол дэвшүүлдэг. Энэ нийгэм капиталист нийгэм, коммунист нийгэм гэж хоёр хуваагдаж байна гэдэг. Энэ шашин хүйтэн дайны үед үүссэн. Тэгээд коммунист нийгэм бол бурхныг үгүйсгэдэг. Өөрөө бурхантай уулзсан гэж яриад байгааг нь үгүйсгэдэг. Хүний итгэл бишрэл шашин шүтэх эрхийг бүдүүлгээр зөрчдөг. Нэг үгээр хэлбэл Сатанд хорлогдсон хүмүүсийн нийгэм гэж үздэг. Капиталист нийгэм бол бурхны ивээл дор байдаг нийгэм гэж номлол сургаалдаа дэлгэрүүлж тайлбарладаг.

-Улс төртэй холбоод байх юм. Юугаараа холбогддог юм бэ?

-Улс төртэй холбоотой гэдэг л юм. 1974 онд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд нь Rich­ard Nexon гэдэг хүнд дэмжлэг үзүүлсэн гэдэг. Тэгэхээр манай УИХ-ын гишүүдтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тэднийг шууд ивээн тэтгэх нэрийдлээр татахгүй. Өөрсдийн үйл ажиллагаанд урьж авчран, хамтран ажиллах санал тавьснаар өөрийн шашиндаа аажмаар оруулдаг.

-Сан Мён Мүүн шашны зүтгэлтэн юм уу?

-Анх Хойд Солонгост байхдаа коммунизмын эсрэг үзэлтэй гэж шоронд сууж байсан. Түүний дараа байгуулсан олон байгууллага нь татварын орлогын асуудал гаргаж, албан татвараа буруу мэдүүлснээс болж 18 сар шоронд суусан байдаг. Түүний мэргэжил нь цахилгааны инженер л дээ. Өөрөө энэ ертөнц дээр Будда, Мухамед гэх энэ олон зөнч нартай уулзсан гэж ярьдаг. Үүнийг нотлох аргагүй. Шинжлэх ухаан баримт нотолгоотой байдаг. Шашин бол хүний сэтгэл зүйд нөлөөлж, далд ертөнцтэй холбоотой учраас үүнийг батлах боломжгүй. Би бурхантэй уулзсан гээд л шинэ номлол дэлгэрүүлсэн хүн. Манайхаар шашныг хутгаад өөрийнхөө номлолыг дэлгэрүүлээд байгаа юм.

-Дахин төрөлт гээд шороонд булаад гаргаж ирдэг гэсэн зан үйл хийдэг гээд байгаа. Энэ нь үнэн юм болов уу?

-Үүнийг хэлж мэдэхгүй байна. Есүс Христтэй холбоотой юм болов уу. Есүс Христ бол энэ ертөнц дээр бурхны айлдварыг түгээх ёстой байсан. Оюун санааны хувьд аврагдсан. Биеийн хувьд Есүс Христ гэрлээд гэр бүлийн төгс жишээг хүн төрөлхтөнд үзүүлэх ёстой байсан. Тэрийг биелүүлж чадаагүй гэдэг. Есүс Христ дахин амилсан гэж ярьдаг шүү дээ. Дахин амилахдаа гэр бүл болж төгс гэр бүлийг байгуулж, шинэ нийгэм байгуулж чадаагүй гэдэг. Тэгэхээр Есүс Христ шиг дахин төрж гэр бүлээ байгуулдаг байж болох юм.

-Сан Мён Мүүн-ийг төгс гэр бүл байгуулж чадаагүй гээд ярих юм билээ?

-Төгс гэр бүл гээд яриад байдаг мөртлөө Сан Мён Мүүний гэр бүл төгс байж чадах уу гэсэн асуулт гарсан. Бэрийнх нь тухай гарсан байсан. Хүүхэд нь байнга архи ууж, хар тамхи татан эхнэрээ байнга зоддог гээд бичлэг цацсан байна лээ. Өөрөө хүүхдээ төгс болгож чадаагүй хүн яаж бусад хүмүүсийг төгс байлгаж чадах юм, энэ бол худлаа номлогч гэж АНУ-ын Гаж урсгалыг эсэргүүцдэг иргэдийн хөдөлгөөнийхөн гаргаж ирээд хэвлэл мэдээллээр цацсан байсан. Өөрийнх нь төрсөн хүүхэд ёс суртахууны доголдолтой байна. Хүүхэд нь эхнэрээ зодохоор эхнэрийг нь буруутгадаг гэсэн.

-Сан Мён Мүүн өөрөө хоёр удаа гэрлэсэн гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү. Тэгэхээр гэрлэсэн хос салж болдог байх нь ээ?

-Энэ судалгаанд сүүлийнх нь эхнэр Хакжа Хан Мүүний тухай бичсэн байдаг. Өөрөөс нь 23 насаар дүү юм байна. Өмнөх эхнэрийг нь бичээгүй учраас би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хоёр гэрлэсэн нь үнэн. Английн BBC дээр гарсан мэдээллээр гэрлүүлсэн хүмүүсийнх нь тал нь салж байсан гэсэн асуудал гарсан байдаг. Тэгэхээр салахыг зөвшөөрдөг юм байлгүй, мэдэхгүй байна.

-Энэ жил түүний эхнэр Хакжа Ха Мүүн хуримыг адисласан байсан. Түүний залгамжлагч гэж ойлгож болох уу?

-Тийм. Сан Мён Мүүн 2012 онд нас барсан. Түүний залгамжлагчаар эхнэр нь тодорсон байх. Тэр чинь ариун эх шүү дээ. Ариун гэр бүл гэж явдаг учраас түүний хүүхэд уламжлах болов уу. Бас гэрээслэл үлдээсэн байх.

-Тэд хатуу дэг журмаа яаж тогтоодог юм бол?

-Харики гээд засаг захиргааны шатлалтай. Жинхэнэ эцэг, эхийн доор жинхэнэ гэр бүлийн гишүүд байна. Гэр бүлийн гишүүдийн доор сүмийн номлогч нар байна гэсэн нарийн зохион байгуулалттай. Манайхаар бол сум, дүүрэг гэдэг шиг явдаг. Нийгмээс тусгаарлаж гэр бүлээс тусгаарладаг. Яг тэр тусгаарлагдсан хүнийг олъё гэвэл олдохгүй. Тэд нарийн дэг журам, хяналтад байгаа. Хэрэв яривал байгууллагын нэр хүндэд халдсан гээд шүүхэд хандана. Чамаас тэдэн төгрөг нэхэмжилнэ гэхэд хүн сэтгэл санааны дарамтанд орно. Тэгэхээр Мүүний шашинд явдаг хүн ярина гэдэг хэцүү. Тэр сүмээс гараад нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс хаашаа очих юм. Гэр орон байхгүй. Наашаа гэх ах, дүүс байхгүй учир гудамжинд л гарна шүү дээ. Тэгэхээр дулаан орон гэртэй, сүмийн нөлөөлөл болоод байнга хоолтой байгаа хүмүүс тэр байдлаас татгалзаж чадахгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Онгоц “барьцаалсан” гурвын цаад паян

Бараг дэлхийд анх удаа юм даа, төрийн өндөр албаны хүмүүс онгоц хагас цаг орчим “барьцаалан” саатуулсан үйл явдал Монгол Улсад гарсан тухай гадны мэдээллийн сайтуудад тавигдлаа. УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нар хоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх МИАТ-ийн онгоцыг 33 минут орчим саатуулжээ. Азаар асуудал ужигралгүй төрийн томчуудын ханд нь дарагдсанаар нислэгийг үргэлжлүүлэх болсон нь тэгсгээд олон улсад түгэн дэлгэрэлгүй намжсан бололтой гэж найдъя. Тэрнээс тэрхүү олон улсын нислэг дахиад нэг цаг орчим саатсан бол дэлхийгээр нэг шившиг болох байжээ.

Энэ үйл явдал яг юу болсон гэхээр 2016 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн OM135 дугаар аяллын онгоцонд Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энгийн ангиллын тийзээр зорчихоор орж ирсэн байна. Тэдэнд хуваарьт суудлыг нь зааж өгтөл тэдгээр нөхөд “Үгүй ээ, бид бизнес ангиллын суудалд сууна” гэжээ. Сүүлд гурван нөхрийн өгч байгаа мэдээллээр бол “Анх тэгж дуугарсан хүн нь Ц.Оюунбаатар, тэрнээс бид хоёр дуугүй л байсан” гэж ярьж байгаа. Онгоцны үйлчлэгч “Та бүгдийн суудлын захиалга энгийн учраас тэндээ суух ёстой” гэдгийг албан ёсоор тайлбарласан ч хүлээж аваагүй байна. Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь нар онгоцны үйлчлэгч, нисгэгч нар дээр очиж “Бид энгийн суудалд суухгүй. Энэ тасалбараар нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна “хэмээн зүтгэжээ. Улмаар дуу нь чангарч “Бид УИХ-ын гишүүд. Танихгүй байна уу. Энгийн хүмүүс шиг энд суухгүй, заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” гэжээ. Асуудал маргааны байдалд хүрч, улмаар нисэх боломжгүй болгожээ. Зорчигчдын амгалан тайван байдал ч алдагдсан байна. Зорчигчдыг үл огоорсон УИХ-ын гишүүдийн уур омог их байсныг онгоцонд явсан хүмүүс гэрчилж ярьсан байна лээ. Ингээд эцэстээ онгоц нисэх боломжгүй байдалд хүрч, үнэн хэрэгтээ нислэгийг УИХ-ын гурван гишүүн “барьцаалан” саатуулахад хүрсэн тул МИАТ-ийн удирдлагын түвшинд асуудал очжээ. Ингээд нислэгийн дүрэм журам хийгээд хуульд заасны дагуу “Хуваарьт нислэгт саад болж буй зорчигчдыг ачаа тээштэй нь хамт буулгаж, дараагийн нислэгээр явуул” гэх үүргийг нислэгийн удирдлагын төвөөс онгоцны жолооч, үйлчлэгч нарт өгсний дагуу гурван гишүүнийг онгоцнооос буулгахад хүрчээ. Онгоцны үйлчлэгч УИХ-ын гурван гишүүнийг буулгахыг завдсанаар тэдний уур омог дарагдаж чимээгүйхэн, амандаа элдвийг үглэсээр энгийн иргэдийн суудалдаа суусан байна.

Энэ бүх болсон үйл явдлын талаар Зам тээврийн сайд М.Зоригт бээр төрийн албан хаагчдын зүгээс нислэгийн үед ийм асуудал үүсгэвэл ямар хууль журам үйлчлэх ёстойг олон нийтийн сүлжээнд тавьжээ. Түүнд юу гэж дурдсаныг дор эхээр нь хавсаргалаа.

УИХ-ын гурван гишүүнтэй холбоотой иймэрхүү үйл явдал манайхаас өөр улс оронд яаж шийдэгддэг наад захын жишээг хүргэе. БНСУ-ын Иргэний агаарын тээврийн “Солонгос Air” компанийн дэд захирал Чу Хён А гэх эмэгтэй 2014 онд яг ийм маргааныг нислэг эхлэхийн өмнө гаргасан байдаг. Үүнийхээ төлөө тэрбээр албан тушаалаа өгч байжээ. Харин манай Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар ямар хариуцлага хүлээхийг хэн ч мэдэхгүй. Онгоцны нислэг цуцлагдсан үед минут, секундээр мөнгө гадагшаа “урсаж” байдаг. Мэдээж энэ мөнгө төгрөгөөр бус ам. доллараар яригдах нь ойлгомжтой. Гурван гишүүний зүгээс “барьцаалсан” нислэгийн саатлаас болж хэр хэмжээний зардал нөхөн төлбөр гарсныг одоогоор нууцлаад байна. Энд нэг л байж боломгүй үнэн байна. Тэр нь юу гэхээр улсын төсвөөс тухайн гурван гишүүний гадаад томилолтод тэрхүү хүсээд байгаа тусгай суудлынх нь зардлыг тооцож өгсөн байдаг. Гэтэл гурван гишүүн өөрсдөө өгсөн мөнгийг хэмнэх үүднээс энгийн суудал захиалжээ. Ингээд онгоцонд орсон хойноо “Бид энгийн суудалд суух хүмүүс биш” гэсэн увайгүй зан, ер нь бол өлөн, “юм үзээгүй” зан гаргасан нь ийнхүү Монголыг олон улсад шившиг болгох шахав. Улсаас өгч байгаа мөнгөөр нь тэр бизнес зэрэглэлийн суудлаа л захиална биз дээ. Энгийн суудал захиалж хэмнэсэн мөнгө нь 100 доллар ч хүрэхгүй шүү дээ. Өнөөдөр Монголын төрийг түшилцэж буй хүмүүсийн ийм л эцэнхий зан чанар Монголын төрийг тураалд хүргэж байгаа юм шүү дээ. Таван цаасны төлөө ийм арчаагүй зан гаргадгаа төрийн түшээд минь болиоч. Хамгийн инээдтэй нь хямд билет авч онгоцонд орсон хойноо нисгэгчид, үйлчлүүлэгчдийг дарамталж, бизнес суудалд суудаг тийм нэг арчаагүй зан нийтлэг тохиодог бололтой. Тэр л сурсан зангаараа мань гурав тэгж зүтгэсэн нь эцсийн дүнгээрээ онгоц хагас цаг “барьцаалах”-д хүргэжээ.

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 2 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 13-18 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Баабарын “Дэлхийн хамгийн цуутай луйварчин” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигчдын гарт хүрч байна. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд ирэх долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Монголд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын талаарх мэдээ нийтлэлийг онцоллоо. Энэхүү уулзалт болон дагалдах хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх “АСЕМ-ын Мэдээллийн төв” өчигдөр нээлтээ хийсэн юм. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.
Улс төрийн эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг хоёр болон тавдугаар нүүрнээс унших боломжтой.
Нэрт нийтлэлч Баабарын “Дэлхийн хамгийн цуутай луйварчин” нийтлэлийг “Баримт, үзэл бодол” булангаас сонирхон уншина уу. Дэлхийн хамгийн цуутай луйварчин ямар хүн байдаг, ямар учраас хамгийн цуутай луйварчнаас нэрлэгдэх болсныг эл нийтлэлээс сонирхоно уу.
Ирэх долдугаар сард зохион байгуулах АСЕМ-ын арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийн дэлгэрэнгүйг дөрөвдүгээр нүүрт нийтэлжээ.
“Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч, нийтлэлч Л.Болормаа агсны амиа алдсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа билээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс талийгаач Л.Болормааг “Дагзны ясны цөмрөлөөс болж хүчтэй доргилт үүссэнээс цус харвасан. Энэ нь шууд үхэлд хүргэсэн байна” гэх утга бүхий дүгнэлт гаргаад байгаа юм. Тэгвэл “Глоб Интернэшнл” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тэргүүтэй хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа 20 гаруй ТББ хамтарч төр, засаг болон цагдаагийн байгууллагад хандан мэдэгдэл гаргажээ. Энэ талаар “ГлобИнтернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалтай хийсэн ярилцлагыг зургадугаар нүүрнээс уншина уу.
Өнгөрсөн баасан гаригт “Шөлөндөө” сүлжээ зоогийн газарт гэмт этгээдүүд халдан, залуухан зөөгч бүсгүйг хүчиндээд орлогыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Эл хэрэг цахим ертөнцөөр шуугиан тариад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулсан мэдээ сурвалжлагыг долдугаар нүүрнээс сонирхоорой.
Орон сууцны ипотекийн зээлийн асуудлаар УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгальмаатай хийсэн ярилцлагыг наймдугаар нүүрт нийтэлжээ. Олон улсын эргэн тойронд өрнөсөн үйл явдлын мэдээллийг есдүгээр нүүрнээс уншаарай.
Эстрадын нэрт дуучин, гавьяат жүжигчин Ж.Уранчимэгтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг 12 дугаар нүүрнээс тольдоно уу. Энэ удаагийн “Удам судар” булангаараа “Зүрхний хилэн”, “Аянга”, “Манан будан” зэрэг романуудаар уншигчдыг байлдан дагуулсан нэрт зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Жамбын Пүрэвийн үр хүүхдүүд, гэр бүл удам судрыг онцолсон байна. Мөн 19 дүгээр нүүрт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт “Болор цом-2015” наадмын тавдугаар байрын шагналт яруу найрагч Л.Ганзулын ижийнхээ тухай бичсэн нийтлэлийг хэвлэжээ.
Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.