Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны 3317 азтан тодорчээ

Өчигдөр 19.30 цагт МҮОНТВ-ээр НӨАТ-ын сугалааны эзэд тодорлоо. www.ebarimt.mn сайтад 3,301,493 баримт бүртгэгдсэнээс 3317 азтан тодорсон байна. Тэдгээрийн сүүлийн гурван орон таарсан 2,990 азтан 20 мянган төгрөгийн эзэн болж, харин дөрөв ба түүнээс дээш орон таарсан баримтаар 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй шагналын сангийн эзэд болж байгаа юм. Сугалааны тохиролд сүүлийн дөрвөн орон таарсан 287 баримт, сүүлийн таван орон таарсан 33 азтан, сүүлийн зургаан орон таарсан таван баримт, сүүлийн долоон орон таарсан нэг баримт эзнийгээ азтан болгожээ.

Сүүлийн долоон орон болох 5577825 дугаар таны баримттай тохирч байвал 20 сая төгрөг, сүүлийн зургаан орон болох 577825 дугаар таны баримтын дугаартай тохирч байвал 4 сая төгрөгийн таван азтан болох нь. Харин супер шагналын эзнээр 48830941 баримтын дугаартай нэг худалдан авагч азтан болж 200 сая төгрөг хожих боломжтой болжээ.

Дараагийн сугалааны тохирол МҮОНТВ-ээр хоёрдугаар сарын 7-нд шууд цацагдах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг гуравдугаар сард тогтооно

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн тойргийн мандатын тоо, сонгуулийн санал өгөх өдөр зэргийг баталсан билээ. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэлдээ дараахь зүйлсийг онцоллоо.

Санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдрөөр, тойргийн дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ний дотор шийдэхийг СЕХ-ноос хүсч саналаа хүргүүлсэн. Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль байгаа.

Сонгуулийн сурталчилгаа тов тогтоосон өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэх тул зургадугаар сарын 11-нээс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлнэ.

Зургадугаар сарын 17, 18, 19-нд 07-22 цаг хүртэл гадаадад оршин суугаа иргэдийн, зургадугаар сарын 28-ны 09-22 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настай, хүнд өвчтэй хүмүүсийн, 29-нд үлдсэн хүмүүсийн саналыг 07-22 цаг хүртэл тус тус авахаар болоод байна.

Улсын их хурал, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 29-ний лхагва гаригт байхаар тогтсон тул сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацааг ийнхүү тогтооно. Өмнө нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш сонгуулийн сурталчилгааг эхлүүлдэг байсныг шинэ хуулиар энэ хугацааг багасгасан.

Нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгэдэг байсныг больж СЕХ бүртгэн нийт нэр дэвшигчдэд нэгэн зэрэг үнэмлэхийг гардуулах зургадугаар сарын 7-нд гардуулна.

Мөн нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сард тогтоохоор болсон. Өмнө нь энэ хэмжээг СЕХ тогтоодог байсан бол Үндэсний аудитын газар тогтоохоор шинэ хуулинд заасан байгаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Орос, монгол иргэд хил зөрчих нь нэмэгджээ

Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хилийн хэсэгт хил зөрчих явдал өмнөх жилийнхээс 18.7 хувиар өссөн байна.

Өнгөрөгч сард гэхэд ОХУ-ын гурван иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монголын хилийг зөрчин нэвтэрсэн хэрэг гарчээ. Харин монгол талаас найман удаагийн үйлдлээр 31 иргэн ОХУ руу хил зөрчиж ОХУ-аас хууль бусаар хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан хэргүүд гарсан байна.

Мөн Монгол талаас шонхор шувууг хил давуулахыг завдсан хэрэг ихэсчээ. Хилийн цэрэг, тагнуул, цагдаагийн алба хаагчдын хамтарсан баг Хөвсгөл аймгийн Ханхын боомтоор 40 ширхэг шонхор шувуу хил давуулах гэж байсныг илрүүлжээ.

Цаашид энэ төрлийн гэмт хэрэг ихэсч болзошгүй байна хэмээн албаныхан мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нам даралтын зуух дэлбэрч, хүн гэмтжээ

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн С гэртээ гар хийцийн нам даралтын зуух галлаж байх үед зуух нь дэлбэрч, түлэгдэж гэмтсэн байна. Гэмтсэн иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Цаг агаар хүйтэрч иргэд, аж ахуй нэгж, байгууллагын галлагаа нэмэгддэгтэй холбогдуулан пийшин зуухны хамааралтай гал түймрийн тоо өрсөх хандлагатай байна.

Иймд иргэд гэр орон сууцандаа галлагаа хийхдээ түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэмтэлтэй пийшин зуухыг ашиглахгүй байх яндангаа гал үл шатах материалаар дулаалж, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.

Categories
гадаад мэдээ

Монголын өрийг тэглэх бичигт В.Путин гарын үсэг зурсан гэж мэдээлэв

Монголоос ОХУ-д төлөх 174 сая ам.долларын өрийг тэглэсэн бичигт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан тухай “www.sputniknews.com” мэдээлжээ.

ОХУ-ын Холбооны зөвлөлөөс баталсан баримт бичигт “Монгол Улсаас ОХУ-ын өмнө хүлээсэн өрийг тэглэх тухай хуулийн тайлбарт 2010 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын нийт өрийн үлдэгдэл 174.2 сая ам.долларт хүрсэн. Өрийг төлөх хугацаа хэтэрсэн тул тэглэж байна” гэж бичжээ. Өрийг тэглэх талаар 2010 оны 12 дугаар сард хоёр тал Москва хотод гарын үсэг зурсан ч хууль, эрх зүйн хяналтын шатуудыг дамжсаар өнөөдөртэй золгосон тухай тус баримт бичигт тэмдэглэсэн байна.

Мөн “Монголын их өр нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэхэд гол саад тотгор болж байсан. Одоо Улаанбаатар хот ОХУ-д 3.8 сая долларын өр төлөх ёстой” хэмээн бичжээ гэж мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Бүлгүүд хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийж байна.

АН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгаа юм байна. Мөн УИХ-ын дарга үргэлжлүүлэн энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар мэдээлэл өгөх юм байна. Цагаан сарын баярын дараа ээлжит бус чуулган зарлах эсэх асуудлыг ч бүлгээр хэлэлцэх бололтой.

Харин МАН-ын бүлгийн хувьд энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Түймэрт угаартсан зургаан иргэний амийг аварчээ

Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын дөрөвдүгээр гудамжинд “Хархираа” хүнсний дэлгүүр шатжээ. Дуудлагын дагуу шөнийн 03:32 цагт Гал түймэр унтраах, аврах 18, 26, 29 дүгээр анги очиход хоёр давхар байшин шатаж байсан байна. Галыг шуурхай ажиллан унтраажээ.

Галын утаанд 14 настай, эрэгтэй хоёрдугаар давхрын баруун хойд талын жижиг өрөөнд угаартаж ухаангүй байдалтай байсныг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Ганзориг, Аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Содномцэрэн, ахлагч Д.Хасбазар нар аварсан байна.

Мөн гал түймэрт 35-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй, 6 настай эмэгтэй, 15 настай эмэгтэй, 13 настай эрэгтэй нар угаартсан байсныг эмнэлэгт хүргэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш тасралтгүй өссөөр 2014 төгрөгтэй тэнцлээ

Долларын ханш он гарсаар тогтмол өсч байна.
“Найман шарга” буюу хар зах дээр долларын ханш өнөөдрийн байдлаар 2012 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкууд 2014
төгрөгөөр нэг ам.долларыг зарж байна.

Долларын ханш энэ онд буурах магадлал тун бага байгааг эдийн засагчид хэлж
байгаа. Улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр суулгасан.
Долларын ханш өсөх шалтгаан нь гадаадын зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан,
экспортын орлого буурсантай
холбоотой гэж буй. Мөн надаадын хөрөнгө оруулалт хэд дахин буурсантай холбоотой гэж мэргэжилтнүүд
үзэж байгаа.

Categories
мэдээ спорт

“ПЭПСИ ЛИГ”-ийг “Улаанбаатарын Унаганууд” тэрүүлж байна

Монголын Хөлбөмбөгийн холбоо, Пэпси брэндтэй хамтран зохион байгуулж буй футзалын “ПЭПСИ ЛИГ” эхлээд хэдийнэ дөрвөн тойргийн тоглолт явагдаад байна.

Амралтын өдрүүдээр хөлбөмбөг сонирхогч та бүхэнд хүрч буй “ПЭПСИ ЛИГ” ирэх амралтын бямба, ням гаригт буюу хоёрдугаар сарын 6-7-ны өдөр ямар нэгэн тоглолтгүй өнжих юм.

Учир нь сар шинийн баяр тохиож буй учир хоёр долоо хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 13-аас эхлэн хэвийн үргэлжлэх болно.

Өнгөрөгч дөрөвдүгээр тойргийн тоглолтын хувьд “Улаанбаатарын Мазаалайнууд” болон “Эрчим” багууд тоглож, “Улаанбаатарын Мазаалайнууд” 10:4-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ. “Эрчим” баг хүснэгтийн 10 дугаар байрт эрэмблэгдэж буй бол Мазаалай долдугаар байранд жагсаж явна.

“Дэрэн” багийн А.Тэмүүжин, Ам.Тэмүүжин нар “Арвис”-ийн хаалганд хоёр гоол оруулсанаар ялалтыг авах боломжтой болсон юм. Ингэснээр “Дэрэн” клуб чимээгүйхэн явсаар сүүлийн гурван тоглолтыг ялалтаар дуусгалаа.

“Баянгол ФС”, “Континентал” багтай энэ тойрогт таарч лигийн эхний хожлоо авах боломжтой байсан ч ялагдлаа. “Континентал” энэ тойрогт хоёр тоглолтыг дараалан хийсэн бөгөөд ганц ч ялагдалгүй яваа “Унаганууд”-тай тоглосон юм. “Улаанбаатарын Унаганууд” баг “Континентал”-ийг 15-0 гэсэн илт давуу байдлаар хожил байгууллаа. “Сэлэнгэпресс” баг “Соёмбын Барсууд” багтай таарч 10-7 харьцаатай яллаа.

“ПЭПСИ ЛИГ” –ийн 4-р тойргийн дараачаар 12 оноотой “Улаанбаатарын Унаганууд” ганцаар тэргүүлж байгаа бол 9 оноотой таван баг шил даран бичигдэж байна. Тэгвэл мэргэн буучдын жагсаалтанд “Улаанбаатарын Унаганууд” болон “Хоромхон” клүбийн гурав гурван тамирчин бичигдэж байна.

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулганыг хаана

УИХ-ын намрын чуулган ирэх баасан гаригт хаалтаа хийхээр товлоод байна.

Энэ удаагийн намрын чуулганаар нэлээд олон хуулийн төсөл хэлэлцэн батлаад буй. Онцолбол, Сонгуулийн тухай хуулийг баталж, тойргийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн юм. Үлдсэн хугацаанд хэд хэдэн чухал хуулийн төслийг намрын чуулганаар багтааж батлахын тулд яаравчилж эхэлжээ. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуулийн болон Зөрчлийн тухай шинэчилсэн найруулга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногт багтаан эцэслэж магадгүй байна.

Энэ удаагийн намрын чуулганыг завсарлуулаад, ахин нэг чуулган үлдэж байна. Тиймээс хэлэлцэх чухал асуудлаа сонгуулиас өмнө батлахын тулд ээлжит бус чуулган зарлан хуралдаж магадгүйг гишүүд хэлж буй юм.