Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгээс мэдээлэл хийв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны талаар Б.Гарамгайбаатар гишүүн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тойргийн мандатыг хэвээр үлдээхийг АН дэмжиж байсан. Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь нам эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэж хуралддаг. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаар хийсэн. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож Засгийн газар өнгөрсөн нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн НӨАТ-ын буцаан олголт, тэтгэврийн сан, Ипотекийн зээл, мөнгөний бодлогын хүүг бууруулсан, шинэ бонд гаргах асуудал зэрэг ажлаа тайлагнасан” гэв.

Түүнчлэн “Тойргийн асуудлаар сөрөг хүчин оноо авах зорилгоор тайлбарлаад байх шиг байна. Үнэндээ бол СЕХ-ноос хоёр хувилбар орж ирсэн. Эхнийх нь сонгуулийн мандатыг 2012 оных хэвээр нь байлгах. Дараагийнх нь хотод тойрог нэмэх тогтоолын төсөл байсан. Энэ хоёр тогтоолын төслийг хоёулаа хүчинтэй гэж тайлбарласан. АН хоёр тогтоолын төсөл дээр аль алинд нь байр сууриа нэгтгэсэн байсан. Тэрнээс аль нэг байр суурийг нь бариад энэ дээр хатуу зогсоно гэж хэлээгүй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл нэг нас хүрлээ

2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хэвлэл мэдээллийн салбарынхан Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах чуулганаа хийж, дүрмээ батлан, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа тунхагласан. Энэ өдрөөс хойш Хэвлэл мэдээллийн зөвлөл үйл ажиллагаагаа амжилттай явуулж, одоогоор иргэдээс 10 гаруй гомдол хүлээн авч хэлэлцээд байна.

Тус зөвлөлөөс өнгөрсөн сарын 28-нд бүтэн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан юм. Түүнчлэн Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинэ соёлын давалгааг эхлүүлсэн санаачлагчдаа онцлон дурдаж, батламж гарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Малд нүдтэй хүүхэд”-ээр Өмнөговь аймгийн Б.Батбэх шалгарлаа

“Ц.Намхайнямбуу сан”-аас энэ жилийн “Малд нүдтэй хүүхэд”-ээр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Б.Батбэхийг тодруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа. Хөдөлмөрийн баатар, аварга малчин Ц.Намхайнямбуу агсны нэрэмжит тус сангаас 2003 оноос энэхүү шагналыг олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 21 хүүхдийг “Малд нүдтэй хүүхэд”-ээр өргөмжилсөн байна.

15 настай Б.Батбэх хүү өнгөрсөн онд есдүгээр ангиа төгсөөд, малаа маллаж хөдөө амьдрах болжээ. Тэрбээр “Манайх 1200 гаруй малтайгаас 800-аад нь ямаан сүрэг бол 100 гаруй нь ямаа. 300-аад үхэр, тэмээтэй. Хар багаасаа өвөө эмээтэйгээ хөдөө, малын бэлчээрт өссөн учраас малд их элэгтэй. Ямаан сүргээ өсгөж, мянгат малчин болно оо” гэсэн юм.

Categories
энтертаймент-ертөнц

Их аварга М.Даваажаргалын хүү “Хакухо цом”-д барилдав

“Хакухо цом”-ын барилдаан болж, аваргаа тодруулав. Энэ удаагийн тэмцээнд Их аварга Хакухо М.Даваажаргалын хүү барилдсан нь үзэгчдийн сонирхлыг татжээ.

Хэдэн жилийн өмнө Их аварга “Зодог тайлсныхаа дараа би Гинза дүүрэгт сумогийн өөрийн гэсэн дэвжээ нээж, хүүгээ ёкозүна болгохын тулд бэлдэж эхэлнэ” гэж байсан. Саяхан мэргэжлийн сүмогийнхны шинэ жилийн Мочицүки хийх үеэр өөрийн хүү Махато буюу Д.Мөнхжаргалаа дагуулан очиж, анх удаагаа сумогоор барилдуулж байсан юм.

Тэгвэл сая зохиогдсон Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “HAKUHO CUP” Олон улсын тэмцээнд аваргын найман настай хүү Д.Мөнхжаргал барилдав. Их аваргын хүү өрсөлдөгч бөхдөө ялагдсан ч аав нь хүүгээ өхөөрдөж, ээж нь тайвшруулжээ.

Зургаа дахь удаагаа болсон “Хакүхо цом”-ын тэмцээнд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, анх удаа багаараа алтан медаль авсан юм.

Categories
мэдээ улс-төр

Сар шинээс өмнө хүүхдийн мөнгийг олгох ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар иргэддээ амласан амлалтаа биелүүлэх ёстой. МАН-ын бүлэг хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгохыг дэмжсэн. Хууль нь батлагдсан. Одоо Сар шинээс өмнө нэг, хоёрдугаар сарын Хүүхдийн мөнгийг Засгийн газар олгох хэрэгтэй. Мөн ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардсаар ирлээ. Энэ бүх ажлыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ зун нийслэлчүүд 500 саяар даншиг наадам хийнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.

Зуун жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт 2015 оны наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Хүрээ цам- Даншиг наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт энэ жил олон шинэ арга хэмжээнүүд 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 500 сая орчим төгрөгийг Даншиг наадам зарцуулахаар болжээ.

НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Өнгөрсөн жилийн ажлын үр дүнгээс харахад энэ ажлын талаар мэдээлэл, сурталчилгааг маш эрт эхлүүлэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс өнөөдөр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдийн оргил нь болох Даншиг наадмын талаар мэдээлэл өгч байна. Эрт мэдээлэл өгснөөр хүмүүст зуны амралтаа төлөвлөх, гадна дотны найз нөхдөө Улаанбаатарт урих боломжоор хангаж байгаа юм” гэв.

Наадмын үеэр Чингисийн талбайд 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурахаас гадна анх удаа 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд толилуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этник мюзиклийг Чингисийн талбайд тоглох юм байна. Мөн Хүрээ жахар цам, хүчит бөхийн барилдаан, аялал жуулчлалын үзэсгэлэн, хурдан морьдын уралдаан, Өндөр гэгээн болоод соёмбот туг залах ёслол, лам нарын тэмцээн гээд уламжлал соёлоо хадгалсан олон сонирхолтой арга хэмжээнүүд болох юм.

Даншиг наадмын бөхийн барилдааныг төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр даваа бүрд барилдах бөхчүүдийг сугалаа сугалуулж, оноолтоор барилдуулах аж. Өнгөрсөн жилийн Даншиг наадмаар барилдаж цол авсан бөхчүүд эхэлж учраа бөхөө сугалах ба барилдаж цол авсан бөхчүүдийг 15-60 сая хүртэл төгрөгөөр шагнах юм байна.

Шагналын сан:

Начин-15 сая,

Чимэгтэй начин-20 сая,

Заан -25 сая,

Чимэгтэй заан-30 сая,

Арслан -50 сая төгрөгөөр шагнаж, өнгөрсөн жилийн даншигт түрүүлж арслан цол авсан бөх энэ жил дахин түрүүлбэл аварга цол, 60 сая төгрөгөөр шагнана.

Categories
мэдээ улс-төр

“Шударга ёс” эвсэл албан тушаалын барьцаа хийж гишүүдээ базсан гэв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд “Өнгөрсөн долоо хоногт нилээн удаан хугацаанд цуглуулсан гарын үсэг бүрдээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Энд Засгийн газар унаагүй учраас бид ялагдсан юм шиг хүлээж авах хэрэггүй. Энэ бол тодорхой үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэж бодож байгаа. Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг УИХ олонхиороо гаргах боломж байсан. Гагцхүү эрх баригч хүчин гишүүдээ тойргоор нь барьцаалсан, нөгөө талаас “Шударга ёс” эвсэл албан тушаалын барьцаа хийж гишүүдээ базсан. Тийм учраас энэ Засгийн газар барьцаатайгаар ихээхэн хүнд нөхцөлд үлдсэн” гэж ярилаа.

Дубайн гэрээгээр авсан 6.8 тэрбум долларыг манай хойч үе маань төлнө. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө Засгийн газар огцрох ч багадна. Харин ч дараа дараагийн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн долоо хоногт огцрохоос бултаж амжсан ч гэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүхэн хариуцлагаас мултарч чадахгүй гэж хэлмээр байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тэр чуулган бол эрх баригчдад хатуу сануулга өгсөн. Яг үнэндээ, УИХ-ын олонхи нь Засгийн газрыг сайн ажиллаж байгаа гэж авч үлдээгүй. Ямар нэг барьцаагүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах санал УИХ-д давамгайлж байсан гэв.

Түүнчлэн МАН бол элдвээр хэлүүлж доромжлуулсан боловч хойч үедээ хэрэгтэй түүхэн шийдвэр гаргахад нөлөө бүхийн оролцоотой байсныг хэлье гэлээ.

Тэд мэдээллийн үеэр төв банкны удирдлагыг огцруулах асуудлыг УИХ-д өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн ч УИХ-ын даргын зүгээс хэлэлцүүлэхгүй хав дарсан учраас энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад анхааруулга өгсөн. Хэрвээ асуудлыг хэлэлцэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд газ үнэрлэн мансуурч байгаад баригджээ

Өсвөр насныхан дунд газ үнэрлэн мансуурах тохиолдол өнгөрсөн жилүүдээс 10 дахин өсчээ. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Өргөө-2” кино театрт сурагчид газ үнэрлэн мансуурч байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг 14 настай, эрэгтэй А, мөн тус дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг 14 настай, эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан байжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн аж.

Анх 1999 онд Эрдэнэт хотод хийсэн судалгаагаар мансууруулах бодис хэрэглэдэг 45 хүүхдийг илрүүлж байсан. Түүнээс хойш жил бүр өсвөр үеийнхний дунд судалгаа хийжээ. Судалгаагаар хүүхдүүд хар тамхины талаар үнэн зөв мэдээлэл авч чаддагүй, хор хөнөөлийг нь мэддэггүйгээс уруу татагддаг нь тогтоогдсон. Хүүхдүүдийн үнэрлэж хордоод байгаа газ, цавуу нь хэрэглэсэн тохиолдолд амь насанд аюултай юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгийн анхны хурал боллоо

Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тус төслийн хүрээнд Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хэрэгжүүлж буй чиг үүргийг оновчтой байдлаар дахин хуваарилах бөгөөд дахин хуваарилалтаас үүдэн гарах санхүүгийн үр дагаврыг тооцох, төсвийн тэнцвэржүүлэлтийн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тушаалаар байгууллаа.

Олон талын оролцоог хангах үүднээс тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, болон аймаг, нийслэл, орон нутгийн засаг захиргааны түвшин бүрээс төлөөлөгч оруулсан байна.

Тус ажлын хэсгийн анхны хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болж, тус хурлаар ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүдийн үүрэг оролцоо ямар байхыг тодорхой болгосон байна. Үүний зэрэгцээ тус ажлын хэсэгтэй хамтран ажиллах төсвийн тэнцвэржүүлэлтийн талаар мэргэшсэн гадаадын зөвлөх илтгэл тавьж ажлын хэсгийн гишүүдэд тодорхой ойлголт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Юнивишн”-ийг цагаан сараас өмнө зөрчлөө зогсоохыг хүслээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийлээ. Мэдээллээр “Юнивишн” ХХК-ийн интернэт үйлчилгээний асуудлыг онцолсон юм. Тус газрын дарга Д.Мөнхтөр хэлэхдээ “Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас хамгийн өндөр буюу 25.17 хувийг эзэмшдэг, олон хэрэглэгчтэй “Юнивишн” компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ хийхэд танилцуулж байсан үйлчилгээг үзүүлж чадахгүй, хэрэглэгчийг хохироож байна гэсэн мэдээлэл их ирж байгаа.

Манай шалгалтаар тус компани гурвалсан үйлчилгээний сувгийн мэдээллийг гэрээнд тусгаж өгөөгүй зөрчил илэрсэн. Мөн багцын сонголтоос шалтгаалан интернэтийн хурдыг 3-15 mbps байна гэж заасан. Гэтэл хоёрдугаар сарын 1-нээс тодорхой дата хэрэглэсний дараа интернэт хурдыг хязгаарлагдмал болгож өөрчлөх талаар мэдэгдсэн нь анх байгуулсан гэрээний нөхцөлийг дангаараа өөрчил байгаа хэрэг юм. Үүнийг хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзсэн.

Тиймээс энэ зөрчлөө цагаан сараас өмнө арилгахыг уриалж байна. Хэрвээ зөрчлөө зогсоовол заавал торгоно гэхгүй хэмээн мэдэгдэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН