Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлал ёсоор ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улаанбаатар хот Төрийн ордон

Сайн байцгаана уу

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Та бүхэндээ шинэ жилийн үдшийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Удахгүй 2015 шилжирч, шинэ 2016 он айлчлан ирэх гэж байна.

2015 он хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцаж байна.

2015 он дэлхийн хамтын нийгэмлэгийн хэтийн зорилт, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход түүхэн жил байлаа.

2015 онд НҮБ-ын бүх гишүүн орон хамтарч, 2030 он хүртэл хийх 15 жилийн ажлаа тодорхойлов. “Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-өө баталж, хэрэгжүүлэх ажилдаа орлоо. 2015 оны төгсгөлөөр Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар түүхэн чухал шийдвэрт хүрч чадлаа. Хүн төрөлхтөн эх дэлхийгээ аврах, улмаар дараачийн үедээ эрүүл амгалан амьдрах орчин бүрдүүлэх чухал шийдэлд хүрлээ.

Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан олон асуудалд шийдэл олох гэсэн үр дүнтэй яриа хэлцэл, бодит алхамууд хийгдэж байна. Монгол Улс ч эдгээрт зохих хувь нэмрээ оруулсаар байна.

2015 онд Монгол Улсын иргэд 3 саяулаа боллоо. Ерөөлөөр Монголчууд улам олуулаа болж байна.

2015 онд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хамгийн олон орны дэмжлэг хүлээж сонгогдлоо.

2015 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн ээлжит дээд хэмжээний уулзалт болж тодорхой гэрээ хэлцэл ч хийлээ.

2015 онд Монгол Улсын ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газраас Монгол Улс байнга, идэвхтэй төвийг сахих тухай бодлогоо олон нийтэд зарлав. Монгол Улсын бүрэн эрхт байдал, хөгжил дэвшилд энхийг эрхэмлэсэн зорилгод л энэ бодлого үйлчилнэ. Манай сайн хөршийн уламжлалт бодлого, хамтын ажиллагаанд ч нийцнэ. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, харилцан ойлголцолд манай идэвхтэй, байнга төвийг сахисан бодлого тус нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

2015 он Их түүх, өнгөрснөө эргэн санахад өнөөгийн бидэнд сургамж авах, цаашдын ажил үйлсээ тодорхойлоход чухал он байлаа.

Хувилай хаан, Өндөр гэгээн гээд Монголын олон суутнуудын сүүдэр гийсний тэгш ой тохиолоо. Мөн Аугаа эх орны болон Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ой тохиолоо. Монголчууд бид анх удаа олон нам, олон нэр давшигчийн оролцоотой явуулсан ардчилсан, чөлөөт сонгуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэв. Бидний бахархах түүх бол бидний бүтээх ирээдүйн хүч юм. Өнгөрөгч 2015 онд бүгдээрээ түүх сургамжаа ч ярилцлаа. Гарах шийдэл, цаашдын үйл ажиллагааны талаар ч өргөн хэлэлцүүлэг өрнөсөөр байна.

2015 он Монгол Улсын бүтээлч хөгжил дэвшилд түлхэц өгсөн он байж чадлаа. Монголчууд бид иргэдийнхээ чөлөөт сонголт, бүтээлч чанар, байгаа боломж, баялагтаа тулгуурлаж олон зүйлийг Эх орондоо хийж болох юм байна гэдгээ харлаа. Олон үйлдвэр, бүтээн байгуулалтын шав тавигдаж, зарим нь бодит түүхээ бүтээж эхэллээ.

Улс орныхоо хөгжил дэвшил, өөрсдийнхөө сайн сайхны төлөө бид л санаачлага гаргах хэрэгтэй. Бид л их ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Монгол Улс бол бидний нийтлэг баялаг. Монголчуудын амжилт ололт бол зөвхөн биднээс шалтгаална. Бодит ажил, сайн санаачлагыг дэмжих хүрээ өсч байна. Хоосон хийрхэл, хариуцлагагүй байдлын орон зай хумигдаж байна. Шийдвэр гаргагчдаас хариуцлага, шинэ барьцтай шийдлийг олон нийт шаардсаар байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Шинэ он гарах мөч улам ойртсоор байна. Хуучин онд бий болгосон сайн бүхнээ шинэ ондоо улам өвлөж хөгжүүлье. Саар зүйлээсээ сургамж авч, дахиж давтахгүй, хөгжил дэвшил өөд хичээн зүтгэцгээе.

Гарч буй 2016 он манай ард иргэдийн хувьд хариуцлагатай сонголтын жил байх болно. Өндөр ёс зүйтэй, үнэт зүйлтэй, Монгол түмний нийтлэг эрх ашигт үйлчлэх төрийн түшээдээ сонгох чухал ажил биднийг хүлээж байна. Иргэдэд эрх боломж, төрд үүрэг хариуцлагыг улам баталгаажуулсан сонголт л манай улсад нэн шаардлагатай байна.

2016 оны зун Ази, Европ тивийн удирдагчид Монголд цуглана. Ази, Европын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн ой тохионо. Дэлхийн нэр нөлөө бүхий хоёр тивийн удирдагчид уг уулзалтаасаа ажил хэрэгч яриа хэлцэл, чухал үр дүн хүсэж байна. Зочин орны хувьд Монгол Улс ч бүх боломжоороо чармайн ажиллаж байна. Монгол Улсын ололт амжилт, нэр төр Монгол хүн бүрт хамаатай. Энэ чиглэлд хийж буй бүхэн, дэд бүтэц, үр дүн цаашид ч Монгол Улсад нэн хэрэгтэй.

2016 оны зуны улирлын сүүл сард Бразил Улсад Олимпын XXXI Их наадам, тэмцээн өрнөнө. Монголчуудын спорт урлаг, оюун санаа, бүтээлч үйлсийн ололт амжилт улирч буй онд арвин байсан шиг, ирэх онд ч өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна.

Гарч байгаа 2016 он манай орны хүн бүрийн амьдралд өөдрөг гэгээн өнгө нэмэхийг хүсэж байна. Он солигдох мөчийг халуун ам бүлээрээ хүлээж байгаа Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт ололтыг хүсье. Бидэнтэй шинэ оноо угтаж байгаа хамтран зүтгэгч хүн бүрт сайн сайхныг хүсье.

Ажил үүргээ одоо болтол нэр төртэй гүйцэтгэж байгаа иргэддээ ерөөл дүүрэн шинэ оны баярын мэнд хүргэе. Дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголоо төлөөлсөн энэхүү мэндчилгээг нойроо хугаслан хүлээсэн билэг ерөөл боддог, сайхан сэтгэлт хүн бүрт баярлалаа.

Энэхүү цагаан сүүний дээжийг айл хотол бүр элгэн саднаараа жаргалтай, хүж дэлхий Эх орон минь амгалан сайхан байхын төлөө өргөе.

Та бүхэнд шинэ оны ерөөл бүхэн шингэсэн, гал халуун, анхны мэндийг хүргэе.

Монгол минь мөнхөд мандаг ээ.

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цаг

Categories
мэдээ нийгэм

Талбайд халуун аарц, кофе, шорлогоор иргэдэд үйлчилж байна

“Мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн болох юм. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ цэнгүүнийг сонирхохоор иргэд төв талбайдаа олноор цуглажээ.

Хүүхдүүдээ өвлийн өвгөнтэй хамт зургийг нь авахуулж, машинаар тоглуулах боломжтой юм. Мөн иргэдэд үйлчлэх цэгүүд ажиллаж, халуун кофе, аарц, халуун вино, шорлогоор үйлчилж байна. Тухайлбал, халуун аарц 500 төгрөг, халуун вино 3000 төгрөг, кофе 500, шорлог 2500 төгрөгийн үнэтэй байна. Өнөөдрийн цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглох юм.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид орон гэргүй хүүхдийг баярлуулжээ

НҮБ-ын Бентью баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол, Гана улсын энхийг сахиулагчид хамтран зул сарын баярын өдрөөр 126 хүүхдэд өөрсдийн бэлтгэсэн бэлгийг өгчээ. Тус мужийн зохицуулагч хатагтай Мери Куминс, Монгол, Гана, Зэвсэглэсэн цагдаагийн цэргийн багийн захирагч нар болон Бентью хот дахь НҮБ-ын штабын ажилчид албаны бусад хүмүүс энэ арга хэмжээнд оролцсон байна. Орон гэрээсээ дайжсан иргэдийн хуаранд амьдарч буй хүүхдүүдээс 126 хүүхдийг онцлон тэдэнтэй хамт зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, гарын бэлгээ гардуулжээ.

Энэ үеэр энхийг сахиулагчид Дотоодын дүрвэгсэдийн хуарангийн хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, гараа хэрхэн зөв угааж хэвших талаар хичээл зааж, тэдний дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хамтран дуулж, бүжиглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбын хоригдох хугацааг сунгажээ

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн АТГ-аас баривчилж, Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулаад байгаа. Тэгвэл шүүхээс шийдвэр гаргаснаар түүнийг цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан байна.

Өнгөрсөн сард түүнийг цагдан хорих хугацаа дуусгавар болсон ч шүүхээс түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг мөн сунгаж байсан юм. Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа учир өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ хүргүүлсэн ч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Нэргүйбаатар: Шинэ ондоо монголчууд маань аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе

Шинэ жилийн баярыг өвлийн өвөөгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ өдөр өлийн өвөө бяцхан хүүхдүүдийн хүслийн бэлгийг тараах гээд тун ч завгүй байдаг билээ. Олон жил хүүхэд багачуудыг баярлуулж, өвлийн өвөөгийн дүрээр айлчилдаг Монгол Улсын гавьяат жүжигчин Насанбаярын Нэргүйбаатартай холбогдлоо.

-Шинэ жилийн баярын энэ өдөр таны юу хийж байгааг сонирхож болох уу?

-Ах нь өвлийн өвөөгийнхөө ажлыг хийгээд айлуудаар бэлэг тараагаад л явж байна даа. Бяцхан хүүхдүүдийн баярлаж, хөөрсөн тэр сайхан энергээр улирч буй энэ жилийнхээ сүүлчийн өдрийг үдэж байна. Харин он солигдох торгон мөчид халуун ам бүлээрээ баярын ширээгээ тойрон сууж, үр хүүхдүүд, ач, зээ нарынхаа баярлаж, хөөрөлдөн бүжихийг харж суудаг даа.

Та хэдэн жил өвлийн өвөөгийн дүрд хувирав. Энэ жил захиалга хэр зэрэг байсан бэ?

-1987, 1988 оны үеэс л шинэ жил болохоор өвлийн өвгөн болдог байлаа. Ингээд бодохоор 26 жилийг үджээ. Өнөө жил захиалга өмнөх онуудынхаас тааруу байна аа. Хямралтай байгаа болохоор олон албан байгууллага шинэ жилийн баяраа тэмдэглээгүй бололтой.

-Ирэх 2016 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурдвал?

– Ер нь бол орчуулгын кинонуудад урилгаар дуу оруулж байна. Томоохон түүхэн кинонуудад тусгайлан дуу оруулах захиалга ирдэг л дээ. Үүнийхээ хажуугаар уран сайхны кино зохиол дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Монголын маань нийт ард түмэн шинэ ондоо аз хиймориор дүүрэн байж, өнөө жилийнхээ ололт амжилтыг улам бататгахыг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Сарантуяа: Ирэх он аз жаргал, хайр, энэрэнгүй сэтгэлээр дүүрэн жил байгаасай

Шинэ жилийн баярын энэ өдөр зууны манлай дуучин, поп дива Б.Сарантуяатай холбогдож баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Та шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Яг одоо гэр бүлийнхнийхээ хамтаар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ирээд байна. Эндхийн “Баатар ван” амралтын газар шинэ оноо угтахаар ирлээ. Гэр бүлийнхэнтэйгээ баяраа сайхан тэмдэглэх төлөвлөгөөтэй ирээд байна даа.

-Улирч буй 2015 он таны хувьд ямар жил болсон бэ?

-2015 он миний хувьд маш гайхалтай жил байсан. Маш их уран бүтээлийн олз омогтой, баяр баясгалантай сайхан жил байсан.

-Ирэх 2016 онд та юу хийхээр төлөвлөсөн бэ. Уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан болов уу?

-Миний уран бүтээлийн 30 жилийн ой болж байгаа. Шинэ онд 30 жилийн ойн хандивын тоглолтуудаа үргэлжлүүлнэ. Уран бүтээлийн ном гаргана. Мөн баримтат уран сайхны кино хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн нэгдүгээр сарын 13-наас Турк, Бельги, Австри улсад аялан тоглолтоор явж, “Сэхүүн салхи” CD-ний баяраа үргэлжлүүлнэ.

Ирэх он монголчуудын маань хувьд хүссэн бүх зүйлээ бүтээсэн, шинэ санаагаар баян, аз жаргал, хайр, энэрэнгүй сэтгэлээр дүүрэн жил байгаасай гэж хүсч байна. Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Дуучин Б.Сарантуяагийн “Цагаан шөнө” дууг нь хүргэж байна

Categories
мэдээ нийгэм

Р.Анхням: Шинэ онд эх орондоо олон сайхан уран бүтээл хийхээр төлөвлөөд байна

Холливудын алдарт “Чонон сүлд” киноны гол дүрд тоглосон жүжигчин Р.Анхнямтай холбогдож, шинэ жилийн баярын өдрийн сэтгэгдлээс нь хуваалцлаа.

Тун удахгүй бид хуучин оноо үдэж, нэгэн гайхалтай шинэ оныг угтах гэж байна. Та шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

– Шинэ жилээ гэр бүлтэйгээ тэмдэглэдэг . Гэртээ сайхан хоолоо хийгээд зурагтаараа баярын хөтөлбөрөө үзээд сайхан амардаг даа.

-Ирж байгаа шинэ оныг хүн бүхэн сайн сайхнаар бэлгэшээн угтаж байна. Таны хувьд шинэ онд хийхээр төлөвлөж буй ямар уран бүтээл байгаа вэ?

– 2016 онд хийхээр төлөвлөсөн олон ажлууд байна. Эх орондоо олон сайхан уран бүтээлүүд хийхээр төлөвлөөд одооноос бэлтгэл ажилдаа ороод байна.

-Улирч буй 2015 оныг та хувьдаа юу гэж дүгнэж байна?

-2015 онд олон ажил хийжээ. “Чонон сүлд” киноны нээлтүүдэд оролцлоо. Нүүдэлчдийн соёл иргэншил монгол жүжигчдийн талаарх ойлголтыг олон орны үзэгчид болон уран бүтээлчдэд зохих хэмжээнд таниуллаа. “ANKHNYAM CASTING AGENCY”-г байгууллаа. Энэ нь миний кино урлагтаа оруулж байгаа бага ч гэсэн хувь нэмэр болох гэсэн бодлын минь эхлэл юм. Хойшдоо олон ажил хийхээр хүсэж мөрөөдөж байна даа.

-Манай уншигчдад баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ, үзэгчдэдээ амар амгалан, эрүүл чийрэг байж ажил үйлсэд нь ахиц дэвшил гарсан сайхан жил болохыг ерөөе.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сүлд модны наадам” дуу 53 дахь шинэ жилтэйгээ золгож байна

Тэртээ жаран хоёр оны өвлийн шинэ жилийн баяр болох гээд хүн бүр хөөрөн догдолж байх тэр мөчид уран бүтээлийн дотно анд нөхөд болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт төлөөлөгч Жамцын Бадраа, Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин Самбын Гончигсумлаа хоёрт шинэ жилийн тухай дуу хийх санаа сэдэл төрсөн байна. Сайндаа ч биш гэнэ. Мань хоёр аливаа ёолк цэнгүүнд уригдаж очиход шинэ жилийн тухай санаанд хүрсэн уран бүтээл сонсогдохгүй байж л дээ. Тэгээд шинэ жилийн тухай дуу хийхээр тохиролцжээ. Удаа ч үгүй Бадраа гуай “Сүлд модны наадам” хэмээх шүлэг бичээд Гончигсумлаадаа утсаар сонсгосон гэдэг. Гончигсумлаа Бадраагийнхаа шүлгийг утсаар сонсох даруйд л аялгуу нь ороод ирсэн байна. Тэгээд яруу найрагч нөхрийгөө гэртээ урьж, хүүхдүүд нь сүлд модоо засан бужигналдаж байх цаг дор “Сүлд модны наадам” дууныхаа аялгууг зохируулсан байна.

Энэ тухай хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад нэгэнтээ “Гончигсумлаа гуайтай уран бүтээлийн төдийгүй хүн ёсны хувьд ойр дотно харилцаатай явснаа санах бүрийд бахархах сэтгэл төрдөг. Надад маш дотно элэгсэг ханддаг байсан. Жаран хоёр онд зохиосон “Сүлд модны наадам” дуугаа, жаран гурван онд зохиосон “Жаргаах зүрхэн” дуугаа миний хоолойд зориулж бичсэн юм” хэмээн өгүүлсэн билээ. Сүлд модны наадам дууг Гончигсумлаа гуай зөвхөн төгөлдөр хуураар хөгжимдөж, дуурийн театрын эмэгтэй дуучидтай хамтруулж дуулуулахаар аялгууг нь тааруулсан гэдэг. 1962 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Монгол радиогийн бичлэг хийлгэхэд Зангад дуулж, гавьяат жүжигчин Бандийн гэргий Т.Григорьева төгөлдөр хуур дарж, Гончигсумлаа гуай өөрөө удирдан найруулсан түүхтэй. Ингэж жилийн жилд шинэ жил ирснийг Зангадын хоолойгоор зарлан тунхаглаж эдүгээ 53 дахь өвөлтэйгээ учран золгож буй “Сүлд модны наадам” дуу төрсөн түүхтэй юм. Уг дууны шүлгийг та бүхэндээ хүргэе.

Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимэг сагсуулсан

Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадмаар

Өвлийн эрчийг хариулцгаая аа

Өөдлөн дэвших хишгээрэээ

Улирах жилийг бялхаасан

Өрнөн даргих буянаараа

Угтах оноо мялаасан

Сүрлэг Монгол орныхоо

Өндөр хөгжлийн ерөөцгөөж

Сүлд модныхоо наадамдаа

Өвгөн ааваа дайлцгаая аа

Түмэн галавт дурсгалтай

Баатрын алдар цуурайтсан

Түвшин энхэд суурьшилтай

Баярын магнай тэнийсэн

Сүрлэг Монгол орныхоо

Агуу алдрыг ерөөсөн

Сүлд модныхоо наадамд

Яруу дуугаа өргөцгөөе өө.


Ө.Манлай


Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг цагдан хорьж шалгаж байгаа билээ. Энэ хэрэгт холбогдуулан нэмж гурван хүнийг баривчлан цагдан хорьсон тухай мэдээлэл гарч байсан. Мөн энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Х.Баттулга, А.Гансүх нарыг гадаад явахыг хориглосон байна. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр АТГ-т давхар хэрэг үүсгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Н.Отгонтогос: Монголчууд маань хямралаас гарч, элбэг дэлбэг, эрүүл энх байгаасай

Баяр баярын дундаас хамгийн сайхан, гэгээлэг нь шинэ жил билээ. Энэ өдөр айл бүр халуун ам бүлээрээ цуглаж, шинэ оноо угтдаг тийм л сайхан дулаан уур амьсгалыг мэдрүүлдэг баяр юм. Шинэ жилийн баяраар хамгийн завгүй байдаг хүмүүс бол урлагийнхан. Энэ цаг мөчид МУСТА, жүжигчин Н.Отгонтогостой холбогдож, шинэ жилийнхээ баярыг хэрхэн тэмдэглэж байгааг нь сонирхлоо.

-Он солигдоход хэдхэн цаг үлджээ. Танай гэр бүл шинэ оноо хэрхэн угтахаар бэлдэж байна вэ?

-Гэр бүлээрээ баярын ширээгээ засаад шинэ оноо сайхан угтахаар бэлдэж байна даа. Манай гэрт өвлийн өвөө, цасан охидынхоо хамт зочилж, хүүхдүүдэд маань гэнэтийн бэлэг барилаа.

-Уран бүтээлчдийн хувьд аливаа баяр ёслолоор гэртээ байцгаах нь ховор байдаг. Харин таны хувьд энэ өдөр гэр бүлдээ нэлээд цаг гаргадаг бололтой?

Тэгэлгүй яахав. Аль болох гэр бүлтэйгээ халуун ам бүлээрээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтахыг хүсдэг. Өнөө жилийн тухайд Жамбын Батмөнх гуайн тухай өгүүлэх “Бүү март” бүрэн хэмжээний уран сайхны кинонд ажиллаад сая дөнгөж өчигдөр, уржигдархан хамгийн сүүлийн зураг авалтаа дуусгаад өнөөдөр л гэртээ өнжих гэж байна даа.

-Улиран одож буй 2015 он таны хувьд ямар олз омогтой, амжилт бүтээлтэй жил байв?

– Уран бүтээлийн хувьд олз омогтой байлаа.Чингүүний бүтээл “Учрал” уран сайхны кинонд ажиллаж дуусаад “Бүү март” кино руу орсон. Энэхүү түүхэн уран бүтээл бол 2800-гаад уран бүтээлч оролцсон маш том бүрэн хэмжээний кино. Дөрвөн сарын хугацаанд хийж дуусгаад дөнгөж амьсгаа аваад байж байна.

-2016 онд ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Одоогоор хоёр киноны санал ирээд байна. Хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл хоёрдугаар сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Таны дурсамжид хамгийн тодхон, дурсамжтай үлдсэн шинэ жилийн баярынхаа тухай дурсахгүй юу?

-Шинэ жил бол хүн болгоны хувьд хамгийн сайхан баяр. Ялангуяа хүүхүүдийн хамгийн их баярлах дуртай баяр байдаг. Хүүхэд ахуй байхдаа их сайхан тэмдэглэдэг байлаа. Одоо бүр ч өргөн дэлгэр тэмдэглэдэг болж. Шинэ жил гэдэг бол тухайн ондоо хийсэн ажлаа тайлагнадаг сайхан баяр юм даа. Миний хувьд хамгийн сайхан, хүүхэд ахуй насны минь дурсамж дүүрэн баяр. Арван жилд байхдаа сурлагынхаа хамжилтаар хуучин оноо үддэг байсан бол ажил дээр гараад ажлын үр дүнгээ тайлагнадаг баяр юм даа. Тиймээс тухайн жилдээ ямар эрч хүчтэй ажилласнаа дүгнэж, ирэх жилдээ тэр эрч хүчээ улам бататган илүү ажиллах цензур шалгуур гэж боддог.

Тиймээс ирэх 2016 онд монголын ард түмэн маань хямралаас гарч, элбэг дэлбэг, эрүүл саруул амьдраасай гэж хүсч байна.