Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэнэ

Өнөөдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэх юм.

НИТХ-ын дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг намын бүлгүүд болон НИТХ-ын хороодоор хэлэлцүүлэн санал, дүгнэлт гаргадаг.

НИТХ-ын Санхүү эдийн засгийн хороо бямба гарагт энэхүү асуудлаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учраас өнөөдөр 10:30 цагаас дахин хуралдахаар болсон.

Тиймээс НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдрийн 12:30 цагаас хуралдахаар боллоо Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Түр хамгаалах байраар 580 иргэн үйлчлүүлжээ

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ашиглалтад орж байсан ЦЕГ-ын харьяа Түр хамгаалах байраар энэ оны эхний арван сарын байдлаар 580 орчим иргэн үйлчлүүлээд байгаа аж. Цагдаагийн байгууллага, 107 дугаарын утсан дахь мэдээллийн дагуу хүчирхийлэлд өртсөн, орох оронгүй болсон иргэдийг хамгаалалтдаа авдаг тус байгууллага нэг хүнийг 30 хоногийн хугацаанд байрлуулж, хооллож, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Харин очих газаргүй, асуудал нь шийдэгдээгүй иргэдийг заасан хугацаанаас ч давуулан байршуулдаг байна.

Өмнөх онтой харьцуулахад хүмүүс Түр хамгаалах байрыг мэддэг болсноос хандаж буй иргэдийн тоо нэмэгдсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар таймс”-ын газрыг 24 тэрбумаар зарав

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хууль бусаар хувьчилж авсан гэх “Улаанбаатар таймс” сонины газрыг өнөөдөр дуудлага худалдаанд орууллаа. Тус газрыг долоон тэрбум 155 саяас эхэлж дуудсан бөгөөд 24 тэрбумаар Абдул Кран гэх гадаад иргэн худалдан авчээ.

Ийнхүү олон жилийн турш хотын төвд балгас болсон “Улаанбаатар таймс” сонины гэх нурсан барилгын газрыг ийнхүү олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар зарлаа. Дашрамд дуулгахад тэрээр араб гаралтай, монгол эхнэртэй аж. Өдгөө 60 шүргэж яваа тэрбээр 2012 онд Монгол улсын иргэншилтэй болжээ. Түүнийг 30 гаруй жилийн өмнө Монгол Улсад маш их хэмжээний хөрөнгөтэй ирсэн гэх мэдээлэл байна.

Тэрээр Манай улсын хуулинд гадны иргэн Монголд ирээд дор хаяж хоёр үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн онд “Хумбаа” гэх компани Абдул Каримыг Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт иргэний хэргийн шүүхэд дуудаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ.

Categories
гадаад мэдээ

Цаг агаар муудсанаас Америкт есөн хүн амиа алджээ

Энэ амралтын өдрүүдэд АНУ-ын өмнөд ба төвийн мужуудад хүчтэй салхи хүйтэн бороо орж гол мөрөн үерлэсний улмаас есөн хүн амиа алдсан тухай хэвлэл мэдээллээр дамжуулж байна. Орон нутгийн хэвлэлд өгүүлснээр, Техас мужид дөрвөн хүн амиа алдсан байв. Тэднийг машинтай нь үерийн урсгал угаан авч явсан гэнэ. Зарим нутагт хэдэн арван байр байшин усанд автжээ. Гуу жалга усаар дүүрсэн байлаа.

Хөрш Оклахома, Канзас мужуудад хүйтэн бороо асгарч цахилгааны шугам мөстөж, тасарсан байлаа. Зөвхөн ганцхан Охлахомад 50 мянган хүн гэрэл цахилгаанаар тасарчээ. Шөнө нь машин замууд мөсөн гадрагаар бүрхэгдсэн байснаас зам тээврийн осол гаран Канзас мужид таван хүн амь үрэгдлээ. Осолд нэрвэгдсэн олон хүн эмнэлэгт хүргэгдсэний заримын биеийн байдал хүнд байгаа гэнэ. Ойрын хоногуудад цаг агаарын ийм байдал үргэлжлэх учир мужийн эрх баригчид анхааруулга оршин суугчдад өгч байна.

Categories
гадаад мэдээ

3.7 тонн жинтэй үхсэн халим эрэгт гарч иржээ

БНХАУ-ын Шаньдун мужид байх далайн эрэгт өнгөрөгч бямба гарагт 3.7 тонн жинтэй 8.5 метр урт үхсэн халим гарч ирсэн байна. Халимыг харсан орон нутгийн иргэд далайн загасны аж ахуйн товчоонд мэдээлж, тэд шуурхай ажиллан халимыг шинжилгээнд оруулахаар авч явжээ.

Тэдний үзэж буйгаар халим хууль бус агнуурчдын тавьсан торонд боомилогдсон байж магадгүй ажээ. НҮБ-аас 1986 онд халим агнахыг хориглосон шийдвэр гарсан ч өнөөг хүртэл хууль бус ан агнуур хийгээд халим болон далайн гахайг хамгаалах нөхцөл байдал төдийлөн бүрдэхгүй байгаа юм. Тодруулбал Шаньдун мужид л гэхэд халим хамгаалах 36 цэг байдаг ч өнгөрөгч онд 773 халим хууль бусаар агнагдсан гэх тоон мэдээлэл гарчээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр “Дорнод Танан Гарьд” – “Ирвэсүүд” баг хүч үзнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын тоглолт эхэллээ. Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийсэн Супер лигт энэ жил найман баг оролцож байна. Нээлтийн өдөр “SBL Хасын хүлэгүүд” – “Их өргөө авартууд” багийн тоглолт болсон. Энэ тоглолтод 104-90 онооны харьцаагаар “SBL Хасын хүлэгүүд” хожжээ. Мөн хоёр дахь тоглолт болох “Танан гарьд”- “Альянс Тех харцага” багуудын тоглолт өчигдөр Спортын төв ордонд боллоо. “Танан гарьд” өрсөлдөгчөө 87:77-оор хожиж, улирлын анхны хожлоо авсан юм.

XI.28 (Бямба, Хандгайт дахь ордон)

“SBL Хасын хүлэгүүд” – “Их өргөө авартууд” 104-90

XI.29 (Ням, Спортын төв ордон)

“Танан гарьд”- “Альянс Тех харцага” 87-77

Өнөөдөр Спортын төв ордонд дараах хоёр тоглолт болно.

18.00 “Мон-Алтиус” – “Төв аймгийн Төв ургац”

20.00 “Дорнод Танан Гарьд” – “Ирвэсүүд” тус тус эхний тоглолтоо хийнэ.

Сугалаа ёсоор:

1. Их-Өргөө Аравтууд
2. Мон-Алтиус
3. Лидер
4. Дорнод Танан Гарьд
5. Альянс Тех Харцага
6. Ирвэс
7. Төв аймгийн Төв Ургац баг
8. SBL Хасын Хүлэгүүд

Үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улиралд дээрх найман баг оролцож байна. Лиг 3 тойрог тоглох ба плэйоффт зургаан баг шалгарч цааш өрсөлдөнө.

Categories
мэдээ спорт

Залуу зохион бүтээгчид олон улсын тэмцээнээс хоёр шагнал хүртжээ

Энэ сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Залуу зохион бүтээгчдийн олон улсын тэмцээн”-ээс манай улсын баг хоёр шагналыг хүртсэн байна.

Тодруулбал, 46 орны 143 баг оролцсон тус тэмцээнээс манай залуу зохион бүтээгчид “WINNER OF THE BEST MECHANISM AWARD”, “WINNER OF THE BEST TEAM WORK AWARD” шагналыг хүртжээ.

Мөн Д.Алтанзавъяа дасгалжуулагч Олон Улсын шүүгчийн зэрэгтэй болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Жамбалжавыг ЭМС-д дэвшүүлэхээр шийджээ

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр буюу ням гаригт хуралдаж ЭМС-ын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр болжээ. Харин АН-ын зарим гишүүн энэ удаад Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-аас хүн томилох ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлэх болсон байна. Учир нь өнгөрсөн гурван жилийн турш тус яамыг МАХН-аас томилогдсон хүмүүс удирдсан боловч, эрүүл мэндийн салбарыг унагасан гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс С.Ламбаа болон зарим УИХ-ын гишүүд шинээр томилогдох сайдыг АН-аас тавих саналыг Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлээд байгаа юм..

МАХН-аас нэр дэвшүүлж байгаа Л.Жамбалжав өмнө нь ЭМС-ын сайд асан Н.Удвалын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр Архангай аймгийн Хотонд суманд төрсөн. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хан-Уул дүүргийн МАХН-ын Мянгатын дарга, “Монмэс” эмнэлгийн зөвлөх эмчээр ажилладаг. Өмнө нь Улсын илиникийн төв эмнэлгийн дарга хийж байсан төдийгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан юм. Харин түүнийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

-1972-1973 он Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт – мэс заслын эмч

-1973 он Гандангийн хүүхдийн эмнэлэгт хүүхдийн мэс заслын эмч

-1973-1974 Сэлэнгэ аймаг Баруун хараагийн сум дундын эмнэлэгт – мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн эмч

-1974-1996 он Цэргийн клиникийн төв госпиталд мэс заслын эмч,тасгийн дарга, зөвлөх эмч, клиникийн захирал

-1996-2000 он Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яаманд, Анагаах ухаан эмнэлгийн хөгжлийн газар, Мэдээлэл хяналт шинжилгээ мониторингийн газар, Төрийн захиргаа удирдлагын газруудын дарга

-2000-2007 он Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний төслийн удирдагч

-2007-2009 он Эрүүл мэндийн яам – эмнэлгийн тусламжийг удирдах газрын дарга

-2009-2011 он Улсын клиникийн төв эмнэлгийн дарга

-2011-2012 он Анагаах ухааны хүрээлэнгийн төслийн удирдагч

-2012 он Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөх

-2013-2014 Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал

– 2013-2014 он Эрүүл мэндийн яамны сайдын бодлогын зөвлөх

-2014 оноос Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төвийн захирал

Цол хэргэмийн тухайд

-Анагаах ухааны хүрээлэнгийн клиникийн профессор

-Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дэд профессор

-Батлан хамгаалах их сургуулийн профессор

-1996 оноос шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүн

-Анагаах ухааны доктор

-Монгол улсын хүний гавъяат эмч

-Анагаах ухааны үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Батлан хамгаалах сургуулиудын эрдмийн зөвлөлийн гишүүн

-АНУ-ын цэргийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн

-Монголын мэс засалчдын нийгэмлэг, чих хамар хоолойн нийгэмлэгийн гишүүн

-Монгол улсад анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэгчдийн нэг

-Эрүүл мэндийн салбарын эрх зүйн байдлын тухай акт, бодлогын баримт бичиг боловсруулахад идвэхтэй оролцож байсан.

-Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа

-МАХН-ын гишүүн, Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан ба МАХН-ын бага чуулганы гишүүн, гүйцэтгэх товчооны гишүүн.

Categories
мэдээ нийгэм

Засаг даргын орлогч огцрох өргөдлөө өгчээ

Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай өнгөрсөн баасан гарагт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Өргөдөл өгөх болсон шалтгаан одоогоор албан ёсоор тайлбарлаагүй байгаа юм. Харин түүнийг өөрөө огцрох өргөдлөө өгсөн шалтгааныг нийслэлийн төсөвт дарамт учруулахуйц үйлдлийг дур мэдэн хийсэн гэж зарим хэвлэлээр мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

Парист чимээгүй жагсаал боллоо

Өнгөрсөн ням гаригт дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чимээгүй жагсаал Францын Парис хотноо боллоо. Тус эсэргүүцлийн жагсаалын гол бэлгэ тэмдэг нь гудамжинд тайлан тавьсан мянга, мянган хос гутал бөгөөд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлж буй Дэлхийн уур амьсгалын эсрэг олон улсын чуулганыг угтан зохион байгуулж буй гэдгээрээ онцлог юм. Эдгээр гуталнууд энд Парис хотноо жагсаалд ирж амжаагүй эсвэл дэлхийн дулааралтыг зогсоохын төлөө чин эрмэлзлэлтэй хүмүүсийг төлөөлж байгаа гэдгийг жагсагчид хэлсэн юм. Түүнчлэн энэ сарын 13-нд Парис хотноо болсон террорист халдлагын үеэр нас барсан 130 гаруй хүний гэгээн дурсгалыг давхар хүндэтгэсэн юм.

Дашрамд дуулгахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо өнөөдөр эхэлж буй Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганд оролцож байна. Дээрх арга хэмжээнд дэлхийн 160 орны удирдагч оролцож, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах талаар хэлэлцэх юм.

Энэ удаагийн чуулган “Сүүлчийн боломж” уриан дор болж өнгөрнө.