Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг: Хөгжлийн банкны шалгалтыг улстөржүүлж байна

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар саяхан мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Хөгжлийн банкны мэдээлэл, Сонгуулийн хуультай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээлэл, Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдлээ гэж мэдээлсэн юм. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зураагүй, санал дүгнэлт эцэслэж гараагүй, ажлын хэсгийн гишүүд бүх зүйлтэй санал нэгдээгүй, баталгаажаагүй байгаа үед ажлын хэсгийн зарим гишүүд хоосон улс төржүүлж үндэслэлгүй мэдээг олон нийтэд тараасан байна. Үүнд АН-ын бүлгийн гишүүд дургүйцэж хүлээж авсан. Ажлын хэсгийн дэг гэж зүйл бий учраас хэвлэлээр нэгнээ гүтгэсэн, үндэслэлгүй мэдээллүүд гарсаар байгаа. Мөн 5.2 сая ам.доллар дутсан гэдэг нь бонд босгохтой холбоотой гарсан зардал юм. Өмнө нь гарч байсан бүх бондууд 2-2.2 хувьтай тэнцэх зардал гардаг бол энэ удаа 0.35 хувьтай тэнцэх зардал гарсан байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хангийн боомт байнгын үйл ажиллагаатай боллоо

Дорноговь аймгийн нутагт орших Хангийн хилийн боомт маргаашнаас эхлэн байнгын үйл ажиллагааны горимд шилжинэ. Хангийн хилийн боомт, Дарханмуумянган хошууны Мандал боомтын байнгын ажиллагааны нээлтийн арга хэмжээ энэ сарын 28-нд болсон байна. Боомтын байнгын ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Бэхбат, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон бусад албаны хүмүүс оролцов. Хангийн боомт байнгын үйл ажиллагаатай болсноор ачаалал багасч, хил орчмын иргэд чөлөөтэй зорчих, их хэмжээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд оруулах мөн гаргах боломжтой болох бөгөөд цаашид бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж хоёр тал үзэж байгаа юм.

Цаашид Хангийн хилийн боомтын орчимд их хэмжээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд ачиж буулгах томоохон төв, боомт түшиглэсэн суурьшлын бүс барих, Зүүнбаян Хангийн хил хүртэл засмал зам зэргийг барих аж.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагч гэртээ амиа алджээ

Энэ сарын 24-нд Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт Аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын гуравдугаар хэлтсийн ажилтан Б-ын бие нь өвдсөн тул харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандсан байна. Албан хаагч Б-гийн бие нэлээн хүнд, өвдөлтөөсөө болоод шокийн байдалд орчихсон байсан тул цэрэг, цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудын Цэргийн госпиталд эмнэлэгт хүргэгдэж очсон аж.

Харин эмч нар биеийн байдлыг нь үзээд Б-д эм бичиж өгөөд явуулсан байна. Улмаар Б гэртээ очсоныхоо дараа биеийн байдал нь улам хүндэрч нас барсан байна. Энэ талаар албаны эх сурвалж “Талийгаачийн ажил явдал өнөөдөр болж байгаа. Өчигдөр задлан шинжилгээнд орсон. Шинжилгээний хариу тун удахгүй гарах байх” гэв.

Categories
мэдээ нийгэм

Золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар золбин нохой муур устгалын ажлыг эрчимжүүлэх нохой устгалын 12 бригадыг хороодод 2-4 өдөр ажиллуулж байна. Мөн нохой муур тооллогын ажлыг хоёр үе шаттай зохион байгуулах ажил хийж байгаа юм. Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд 5366, Баянзүрх дүүрэг 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 2481 золбин нохой, муур устгасан. Нэг сард устгадаг байсан 7847 нохой муурыг эхний 6 өдрийн байдлаар устгаад байна. Уг ажил 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүдийн хувь эзэмшдэг компани бондоос хэр санхүүжилт авсныг ил болгох ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит
хуралдаанаараа Хөгжлийн банк тойрсон асуудлыг хэлэлцэн, хууль хяналтын
байгууллагад хандахаар шийджээ. УИХ-аас
өнгөрсөн хавар Чингис бонд, Самурай бондын зарцуулалтын үр дүнг нягтлах ажлын
хэсгийг байгуулж ажилласан юм. Ажлын хэсгийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан
хуралдаанаар сонсох байсан ч хойшилсон. Үүний дараа дээрх ажлын хэсэг мэдээлэл
хийж, бондоос 5.4 сая ам.доллар дутсан тухай мэдээлсэн.

Эл мэдээллийг хийсний дараа Чингис, Самурай
бондоос МАН-ын гишүүд хамгийн их санхүүжилт авч, компаниудаа тэжээсэн гэх
мэдээлэл цацагдсан байна. Энэ талаар
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК компани нь 600 орчим тэрбум төгрөгийг
өөрсдөөс хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 20 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн
банкнаас зээлж цементийн үйлдвэр байгуулсан. Гэтэл Хөгжлийн банкнаас 600 тэрбум
төгрөгийг авсан мэтээр буруу ойлгуулж байна” гэлээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
Д.Хаянхярваа “Бондын зарцуулалттайгаа холбоотойгоор буруу ташаа мэдээлэл
цацагдах болсон тул МАН-ын гишүүдийн хувь эзэмшдэг компани бондоос хэдий
хэмжээний санхүүжилт авсан, Ардчилсан намын гишүүд мөн бондоос хэдий хэмжээний
санхүүжилт авсан, төсөл нь хэр үр дүнтэй явж байгаа вэ гэдгээ бүгдийг олон
нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ асуудлаар МАН-ын бүлэг хатуу зогсож, хууль
хяналтын байгууллагаар шалгуулж үнэн мөнөнийг олуулна” гэлээ.

Бүлгээр мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг
хүлээн авсантай холбогдуулж, УИХ-аас баталсан 94 дүгээр тогтоолд тавьсан
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэсэн саналд нэгдсэн
тухайгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.

Categories
гадаад мэдээ

Обама Парист амиа алдагсдын дурсгалд хүндэтгэл үзүүллээ

Америкийн Ерөнхийлөгч Обама Парис хотын Батаклан клубын үүдэнд халдлагад өртөн амиа алдсан иргэдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Түүнийг дагалдан Францын ерөнхий сайд Францис Холланд болон Парис хотын дарга Анна Хилдаго нар явсан бөгөөд тэд клубын үүдэн дэх баглаа цэцэгс дээр (халдлагад амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан босгосон) өөрсдийн барьсан цагаан сарнайг өргөлөө. Францын ерөнхий сайд Францис Холланд, Парис хотын дарга Анна Хилдаго нар Америкийн төрийн тэргүүн хүрэлцэн ирж, өөрийн биеэр гүнээ эмгэнэл илэрхийлэн хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм.

Обама дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн удирдагчдын чуулга уулзалтын танхимаас гаруутаа шууд энд иржээ. Энэ үеэр тэрбээр Парисын халдлагыг хүн төрөлхтний эсрэг халдлага хэмээн дахин онцолсон билээ.

Categories
мэдээ спорт

Роналда Ла лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт бичигдлээ

Испанийн домогт “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө “Эйбар”-ыг талбайд нь 0:2-оор буулгаж авсан билээ. Энэ тоглолтын хоёр дахь гоолыг “Реал”-ын шилдэг довтлогч Роналдо оруулсан билээ. Ингэснээр тэрбээр Ла лигийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.

Тэрбээр энэ тойрогт гоолдсоноор Ла лигт нийтдээ 234 дэх гоолоо оруулж, “Раел”-ын домогт довтлогч, Мексик хөлбөмбөгч Уго Санчесын амжилттай зэрэгцэж ирж байгаа юм. Гэхдээ Роналдо Мексик довтлогч Санчесаас даруй 134-өөр цөөн тоглолтод энэ хэмжээний гоолыг оруулж чадсан агуу амжилтыг үзүүлж чадлаа.
Одоогоо Ла лигийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг 290 гоолтой Месси тэргүүлж байгаа бол Телмо Зарра 251 гоолтой удаалж байна. Роналдо одоо 17 гоол нэмж оруулахад л бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байр руу орж ирэх боломжтой билээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх онд нийслэлд 319 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ

Ирэх онд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод 319 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх ажээ. Одоогоор 847 тэрбум төгрөгийн 530 төслийг хэрэгжүүлэх санал ирсэн байна. Нийслэлийн төсвийн төслийг энэ долоо хоногт батласнаар ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тодорхой болох юм.

Ирэх 2016 онд хийгдэх нь тодорхой зарим нэг ажлаас дурдвал 2700 хүүхдийн багтаамжтай 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хүүхдийн хоёр эмнэлэг, цагдаагийн хэлтсийн нэг барилга, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга нэг, Төрийн үйлчилгээний салбар төвийг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм байна.

Дэд бүтцийн хувьд 0.9 км дулааны шугам, 2500 гэрэлтүүлгийн ажил, 8.1 км авто замын шинээр барих бол 5.4 км авто замд өргөтгөл шинэчлэлийн ажил хийж, орон сууцны хороололд 23 км авто замын ажил гүйцэтгэх аж. Мөн ирэх онд нийслэл 132 айлын түрээсийн гурван орон сууцыг ашиглалтад оруулах юм байна.

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэйгээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажилд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Засгийн газраас нийт 320 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Зөвлөх үйлчилгээний тендер

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоо” төслийн Олон нийттэй харилцах стратегийн баримт бичгийг боловсруулах зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг олон нийттэй харилцах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, судлаачдын баг гүйцэтгэх бөгөөд багийн гишүүд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  • Олон нийтийн харилцааны удирдлага (PR), сэтгүүл зүйн болон бусад холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Олон нийттэй харилцах стратеги боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
  • Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
  • Монгол, англи хэлний өндөр ур чадвартай байх;
  • Олон нийтийн харилцааны удирдлага (PR), сэтгүүлч мэргэжилтэй багийн бүрэлдэхүүн 80-аас дээш хувь байх.

Олон нийттэй харилцах стратеги боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.

Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш ажлын 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын болон зөвлөх багийн ахлагч, гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м.
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт /сүүлийн 3 жилд хийсэн ажил байх/, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбогдох этгээд, хаяг, утасны дугаар

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 16.30 цагаасТөрийн ордны баруун хойд хаалганд байрлах Төрийн шууданд хүлээлгэн өгнө үү.

Холбогдох хаяг: “Иргэдийн оролцоо” төслийн нэгж. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс-14201.

Төрийн ордон. Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1. 465 тоот өрөө. Утас:+976-51-266876, Цахим шуудан: khulan@president.mn

Categories
мэдээ улс-төр

Залуу судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай билээ.

Энэ 2015 оны шагналын эздээр Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Лхагвасүрэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Дэжидмаа, “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Д.Хүрэлхүү нарыг тодруулсан байна. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Төрийн тэргүүний зарлигт “Хүний өөрийнх нь эсийн генийн идэвхийг зохицуулагч хэсгийг удамшлын гаралтай өвчний эмчилгээнд ашигладаг вируст суулгаж, түүний анагаах чадварыг хүний биеийн дотор урт хугацаанд хадгалах шинэ арга зүйг нээж өгсөн “Ген эмчилгээний аргыг сайжруулж, ашиглах боломжийг нэмэгдүүлсэн нь” сэдэвт суурь судалгааны шилдэг бүтээл туурвисан Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Дамдиндоржийн Лхагвасүрэн,

Монгол оронд өргөн тархсан эмийн ургамлаас хүний шархны эдгэрэлтийг түргэсгэх, түлэнхийн нөхөн төлжилтийг дэмжих, сорвижилтийг багасгах үйлдэлтэй “Калвацин” хэмээх эмийг гарган авч, импортын ижил төрлийн эм бэлдмэлийг орлуулах эдийн засгийн үр ашигтай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмчилгээнд нэвтрүүлсэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Буянтогтохын Дэжидмаа,

Британника-Монгол хэлний тайлбар толь, Дэлхийн нэн шинэ атлас болон Шинжлэх ухааны түүхийн нэвтэрхий толь зэрэг танин мэдэхүй, судалгааны бүтээлээр шинжлэх ухаан, боловсролын салбарт хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Доржпаламын Хүрэлхүү нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит оны шагналыг гардуулдаг. Энэ 2015 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр “Ген эмчилгээний аргыг сайжруулж, ашиглах боломжийг нэмэгдүүлсэн нь” сэдэвт суурь судалгааны шилдэг бүтээл туурвисан Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Дамдиндоржийн Лхагвасүрэн, импортыг орлох шинэ ам, бэлдмэл үйлдвэрлэж эмчилгээнд нэвтрүүлсэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Буянтогтохын Дэжидмаа, танин мэдэхүй, судалгааны бүтээлээр шинжлэх ухаан, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Доржпаламын Хүрэлхүү нар тодорлоо.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хүн бүр хийж чадах ажил биш юм. Монгол Улсын хөгжил, дэвшил нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд суурилсан байх ёстой. Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмрийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж шагналаа хүртээж буйд баяр хүргэе. Та нарын баярыг хуваалцаж байгаа гэр бүл, хамт олон, найз нөхдөд нь мөн чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол Улсын ирээдүй бол өндөр оюунтай, эрдэм мэдлэгтэй залуу үе, та нар шиг хүмүүсээс хамаарна. Та бүгдийн хийсэн ажил ШУА, эрдэм шинжилгэний ажил хийж байгаа бүх хүмүүст үлгэр дуурайлал үзүүлж байгаа. Та бүхэнд дахин баяр хүргэж, цаашдын чинь амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.