Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

Энэ намрын “сэдэв” газар тариалангийн
салбар байлаа. “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт энэ салбарыг тодорхойлогчдын
нэг “Гацуурт”-ын Л.Чинбат захирлын ярилцлага хэвлэгдэж байна. Тэрбээр томоохон
талцал маргаан дэгдээгээд байгаа тариалангийн салбарын талаар болон бизнес, улс
төрийн чигтэй олон асуултад хариулсан юм. Алдаж оносон ч бай буцах эрхгүй орсон
салбараа босгож ирнэ гэж нэгэн асуултад хариулахдаа хэллээ. Түүнчлэн Р.Бурмаа
сайдыг буруу ойлголт өгч байна гэж онцлов. “Надад улс төрд орох боломж,
сонирхол бүх талаасаа байхгүй” гэж хэлснийг нь дуулгаад “Өдрийн сонин”-ы
маргаашийн дугаарын нэг, 17 дугаар нүүрээс ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг
хүсэж байна. Та манай сониныг шуудангийн салбар эсвэл сонин худалдаалах цэгээс
худалдаж аваарай. Мөн 99112954 дугаарт холбогдож захиалах боломжтой.

Categories
мэдээ спорт

Л.Отгонбаатар аваргын төлөө, П.Лхамдэгд хүрэл медалийн төлөө барилдана

“Абу Даби-2015” жудо бөхийн
олимпийн эрхийн оноо олгох Гранд Слам тэмцээн өнөөдөр өндөрлөх гэж байна.
Сүүлийн өдөр манай тамирчдаас 90 кг-ын жинд ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар
аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдээд байна. Тэрээр хагас шигшээд
Унгарын Кристин Тоттыг торгуулиар ялан анх удаагаа “Их дуулга”
ангиллын тэмцээнд алтан медалийн төлөө барилдахаар болоод байгаа юм. Түүнтэй
аваргын төлөө Нидерландын бөх тэмцээний чансааг тэргүүлэгч Ноёл ван Т’Энд
барилдана. Мөн энэ өдөр -78 кг-ын жинд ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд хүрэл
медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдээд байна. Д.Лхамдэгд торгуулийн тойрогт
Их Британийн Налья Пауэлийг боох мэхээр цэвэр ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт
мөн Их Британийн Жемма Гиббонсыг боолтоор цэвэр ялжээ. Одоо Нидерландын Гууси
Стенхуистай хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр учраа таарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бидний сэтгэлийн бэрхшээл тэднийг хөгжлийн бэрхшээлтэй болгодог

Жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний өдөр болдог “Үндэсний өгөх өдөр” бидний дунд нэг л танил бас сэтгэлд ойрхон байдаг болжээ. Хэн нэгнээс авах тухай биш өгөх тухай ярьдаг болохоор сэтгэлийн гүн дэх бүлээн бүхнийг оргилуулдаг байж ч болох юм. Өнөө жилийн Өгөх өдөр бол биднийг тархины саажилттай хүүхдүүд, хүмүүсийн тухай зөвөөр ойлгож мэдээсэй, тэр хүмүүсийн тухай бодол, ойлголт, хандлага чинь зөв, эерэг байвал тэдэнд болон гэр бүлд нь хэчнээн том тус болох билээ гэдгийг ойлгуулахад зорьж байгаад туйлаас баяртай байна. Учир нь би ч бас тэр хүмүүсийн тухай ойлголт маруухан, хандах хандлага маань өөр нэгэн байсан юм.

Ер нь монголчууд бидний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ ханддаг хандлага маань тун эрүүл бус гэдэг нь өөр иргэншил, өөр коммунитид очихоор тод анзаарагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “Хөөрхий дөө” гэж эвийлдгээ бид тусалж байна гэж ойлгодог. Тэднийг тэргэнцэртэй юм байж хүйтэн өвлөөр юунд гудамжаар явах, гэртээ хэвтэж байхгүй дээ, дүлий амьтан яах гэж гэрээс гарч байдаг юм, машин сигналдахыг ч сонсохгүй дайруулчихна гэж ярина. Тэгээд үүнийгээ тэдэнд тустай сэтгэлээр хандаж байна гэж боддог юм. Үнэндээ тэд яг л бидэнтэй адил нийгмийн амьдралд орох эрхтэй бас хүсэлтэй. Харин түүнийг нь бид дандаа үгүйсгэж ханддаг хандлагаараа тэднийг жинхэнээс нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг билээ. Тэдний бэрхшээл бие махбодийн дутууд байдаггүй. Бидний, тэдний гэр бүлийнхний, манай нийгмийн сэтгэлийн бэрхшээл тэднийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг.

Гэхдээ энэ сэтгэлийн бэрхшээлийг давж, гэтэлж болдог юм билээ. Одоогоос хоёр жилийн өмнө Австралид нэгэн сургалтад суусан маань намайг ихээхэн өөрчилсөн. Тэгэхэд би яг л энэ нийгмийнхээ бүтээгдэхүүн учраас тийм хүмүүст ханддаг хандлага маань бусадтайгаа адил байв. Өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөн хайрладаг гэж бодно. Тэгсэн атлаа тийм хүмүүсээс жаахан цэрвэнгүй. Нэгэн удаа багш Кара Элликсон маань “Өнөөдөр нэг мундаг эмэгтэй ирж та нарт лекц уншина” гээд тун баяртай байлаа. Удалгүй тэргэнцэр дээр суусан, толгой нь нэг тал руугаа учиргүй далийсан, гар нь чангарч мушгирсан эмэгтэйг ороод ирэхэд Кара маань тэвэрч авч үнсээд сүйд болов. Тэгэхэд надад төрсөн анхны бодол “Яаж ийм хүнийг тэвэрч аваад үнсч чадаж байна аа”. Үнэндээ хэлэхэд ичгэвтэр байгаа ч надад ийм л бодол төрсөн юм. Би бол чадахгүй ээ гэж толгойд бууж байв. Өнөөх эмэгтэй маань аа, уу гэсэн авиа гаргахаас ярьж чадахгүй, тэгсэн атлаа таблетаа ажиллуулж өөрийнхөө талаар тод сайхан хоолойгоор уншсан бичлэгийг тавьж лекцээ “уншиж” эхэлсэн юм. Тэрбээр Өмнөд Австралийн хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг нэгэн байлаа. Лекцийн эхэнд төрж байсан “Гэртээ байж байхгүй юунд ингэн, ингэн явна вэ” гэсэн бодол маань хичээл дуусахад нэлээд өөрчлөгдсөн байлаа.

Бас өөр нэгэн эрхэмтэй уулзсан маань дараагийн том нөлөөллийг үзүүлсэн билээ. Бас л тэргэнцэр дээр суудаг, босоод явбал нэлээд лужир эр байхаар хүн. Гэхдээ тархины саажилтын улмаас биеийн зарим нь мэдээгүй болж суларснаас тэр үү нугдайчихаар жижиг ч харагдана. Тэр хүн өөртэйгөө адил тэргэнцэр дээр суудаг, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулж олон нээлт санаачилгыг хийсэн юм билээ.

Өмнөд Австралийн Адейлэйд хотын нийтийн тээврийн 80 хувь нь тэргэнцэртэй хүмүүсийг суулгахад зориулсан гулгуур хавтан төмөртэй. Жолооч нь өөрөө бууж ирээд тэр хавтангаа буулгаж тэргэнцэртэй зорчигчоо оруулчихна. Бас дотор нь тэргэнцэртэйгээ байрлахад зориулсан сул зайтай. Энэ бүх санаачилгыг өнөөх эр санаачилж, бүх нийтийн хэрэглээ болгожээ. Өөртэйгөө адил хүмүүсийн зовлонг мэдэрч, тэдний төлөө хийсэн бүхнийг нь сонсч мэдрэхээр үнэхээр тэвэрч авахад багадам санагдсан. Тэр хүмүүсийг гаднах байдлаар нь бус хүн байгаагаар нь, хийж чадсанаар нь хүсэл эрмэлзлээр нь ойлгох ёстой юм билээ.

Тархины саажилттай хүмүүсийг оюуны хомсдолтой гэж боддог маань буруу байжээ гэх олон хүнтэй таарсан. Үнэндээ цус харвалтын улмаас насанд хүрэгчид сааждагийг бид мэднэ. Бас төрөх үйл явц болоод төрсний дараахан нярай хүүхдүүд саажих эрсдэлтэй. Сүүлийн үед тархины саажилттай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Үнэндээ мэдлэг мэдээлэлтэй бол бас ч гэж урьдчилан сэргийлэх боломжтой. Төрсний дараахь нярайн шарлалтыг маш сайн анхаарах ёстой юм билээ. Нярайн шарлалтын 70 хувь нь саажилтын эрсдэл дагуулж байдаг гэдэг нь нэгийг хэлнэ. Бас бүтэлттэй төрсөн тохиолдолд хүчил төрөгчөөр дутаахгүй бай гэж эмч хэлсэн бол бараг л өдөр, шөнөгүй агаарт байж, саажих асуудлыг ардаа хийж болох жишээтэй. Нэгэнт саажилт өгчихсөн бол ийм л юм боллоо гээд орхиж болохгүй. Бас тэр хүүхдийн эмч, энэ мэдрэлийн эмч сайн гэж цаг алдалгүй шууд сэргээн засах эмчилгээнд орох хэрэгтэй юм билээ. Сүүлийн хориод жил энэ чиглэлд ажиллаж байгаа Монголын тархины саажилтын холбооны дэргэдэх сэргээн засах төвийн ажилтан С.Энхбат “Сэргээн засах үйл явцыг цаг алдалгүй хийж чадвал хүүхэд хөл дээрээ босох бүрэн боломжтой. Бүр хоёр нас хүрэх үедээ энгийн хүүхдүүдээс дутахгүй болсон олон хүүхэд бий” хэмээн ярьж байсан. Ерөнхийдөө саажилт гэдэг маань тархинд цус харвалт өгснөөр хэл ярианы чадвар буурч, зарим эд эрхтний хөдөлгөөн буурна. Нүүрний булчингаа хянах боломжгүйгээс амаа ангайх, татвалзах ч явдал бий. Энэ бол ердөө харагдах л байдал. Гэтэл тэд хэчнээн ухаантай, хэчнээн цовоо хүүхдүүд байдаг гээч. Хэрийн хүний бодож, сэтгэж чадахгүйг тэд чаддаг. Уг нь тэднийг бэрхшээлтэй байна, дутуу байна гэж хандахаасаа чи чадна, бид адилхан гэж ялгаварлахгүй хандвал тун чухал байдаг гэдэг.

Сүүлийн үед тархины саажилттай хүүхдүүдээ дагуулсан залуухан ээж, аав нар олон ирэх боллоо гэж дуулдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тун гоочтой хандаж, үр хүүхэд нь ийм төрсөнд эцэг, эхийг нь буруутгадаг нийгэмд амьдардаг болохоор тэдэнд ийм байдал чамгүй хатуу тусдаг билээ. Ихэнх гэр бүл үүнийг давж чадалгүй хоёр тийшээ болох нь бий. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа эмч “Одоогоос хориод жилийн өмнөөс нэг эцэг, эхийг мэдэх юм. Маш мундаг, чадалтай залуус байсан. Гэтэл хүүхэд нь тархины саажилттай төрсөн. Хүүхдийнхээ төлөө бүгдийгээ зориулж яваа хүмүүс, гэхдээ жилээс жилд шантарч, гутарч нүдэн дээр өөрчлөгдөхийг нь харах гунигтай байсан” гэж билээ. Үнэндээ бид ийм хүмүүстэй хэрхэн харьцах вэ, гэр бүлд ийм асуудал гарвал хаана хандах вэ, цаашлаад тархины саажилттай хүүхдээ хэрхэн асрах вэ гэдэг ямар ч мэдээлэл байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдрэгдэх ялгаварлан гадуурхалт, дарамт хамгийн түрүүнд гэрийнхнээс нь, эцэг эхээс нь ирдэг гэдэг.

Бидний л хандлага эцэг, эхэд нь дарамт болон мэдрэгдэж, магадгүй нөгөө хүмүүстээ уур бухимдлаа гаргадаг байх. Тархины саажилттай хүүхдийг бага байхад нь зөв асаргаа тордлогоо хийвэл хөл дээрээ босч алхаж, гишгэх боломж бүрэн байдаг ажээ. Гэвч манайхан энэ чиглэлийн мэдээлэл үгүйгээс хэвтэрт, тэргэнцэр дээр суух хувь заяаг олноор бэлдэж байна. Тиймээс өнөө жилийн “Үндэсний өгөх өдөр”-ийн бэлэг болгож юуны өмнө энэ хүмүүсийн бодит байдлыг ойлгож, тэдэнд хандах хандлагаа өөрчлөөч ээ гэж. Бас тэднийг ойлгож хандлага тань өөр болж байгаа бол тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд тун чухал нөлөө үзүүлдэг “Спайдер кэйж” тоног төхөөрөмжийг авахад шаардлагатай 12 мянган ам.долларыг босгох сэтгэлийн өглөгт нэгдээч ээ хэмээж байгаа юм. Нэгэнт тархины зарим хэсгийн эд эс нь саажиж мэдээгүйжсэн бол дахиж сэргэнэ гэж байхгүй. Харин үүний улмаас хөдөлгөөн хязгаарлагдаж муудсан бол түүнийг сэргээн засах аргаар механикаар сэргээж болно. Аалз шиг арвагар сарвагар уяан дунд бяцхан жаалыг хийгээд тоглоом авахуулах, тоглуулах зарчмаар хөдөлгөөнийг нь суулгаж өгдөг энэ төхөөрөмж тун чухал гэсэн. Тэгвэл олон хүүхдийн хувь заяа өнөөдрийнхөөс арай гэгээлэг болох гээд байна. Түүн дээр таны, миний тэдэнд ханддаг хандлага өөрчлөгдөх юм бол жинхэнэ гэрэлтэх билээ. Таны халаасанд хэн нэгэнд илүүчлэх мөнгө байхгүй байж болно. Гэхдээ таны сэтгэлд бусдадаа өгөх зүйл маш их байдаг юм шүү. Хандлагаа өөрчилж бусдад өгье. Төгсгөлд нь та бүхэнд тархины саажилттай Ц.Мөнхтулга хүүгийн “Гэрлэлт-хүргэн оръё” шүлгийн мөрүүдээс хүргэе. Саажилттай хүүхдүүдийн төлөөлөл болсон энэ хүү СУИС-ийг номын санч мэргэжлээр төгссөн, хэд хэдэн шүлгийн ном хэвлүүлсэн нэгэн юм.

“…Угсаа удам минь муу нэртэй биш

Урд хойноо дагавар хүүхэдтэй биш

Ураг үр минь заяагүй төрөх биш

Ухаан санаа минь сааталд байх биш

Эцэгт минь хадаг олдохгүй биш

Эжийд минь ерөөл үгүй биш

Энэ биенд минь нөхөд үгүй биш

Эргэж харахгүй хол одох ч биш

Яадаг юм бэ? Хадам аав аа

Яваандаа хүргэн чинь болчихно доо”

Categories
мэдээ улс-төр

Л.Пүрэвсүрэн: Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн ерөнхий зөвлөлд сонгогдсон нь манай орныг ямар нэр хүндтэй байгааг харууллаа

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн ерөнхий зөвлөлийн сонгуульд ялж гишүүнээр нь сонгогдсон сайхан мэдээ энэ долоо хоногт биднийг баярлуулсан билээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр Нью-Йоркоос ирсэн даруйдаа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хэвлэлийнхэнтэй уулзаж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Энэ сарын 28-нд НҮБ-д Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орныг тодруулах сонгууль боллоо. Уг сонгуульд Монгол Улс амжилттай өрсөлдөж 192 орноос 172 санал авснаар Азийн бүлгээс хамгийн өндөр санал авч нэгээр гарч сонгогдлоо. Энэ бол олон талт дипломатын маш чухал сонгууль байдаг. Хүний эрхийн зөвлөл нь ач холбогдлоороо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дараа ордог. НҮБ-ын 192 гишүүн орны улс төрийн тоглолт явуулдаг тэмцэлдээний талбар гэж нэрлэгддэг. Энэ хороо 47 гишүүнтэй. Өнөө жил 18-ыг нь сольсон байгаа юм. Үүнээс Ази, Номхон далайн бүлэгт таван суудал оногдсон. Энэ таван суудалд долоон улс өрсөлдсөн. Манайх 2012 онд нэрээ дэвшүүлж, гурван жилийн турш сонгуулийн сурталчилгаа явуулсан гэж болно. Ингэж байж яллаа. Ялах ялахдаа нэр хүндтэйгээр нэгдүгээр байрт орж ялна гэдэг бол маш чухал. Пакистан улс манайтай өрсөлдөөд 105 орны санал аваад унасан. Лаос ч унасан. Манай дараа 159 санал авсан буюу 29 саналын зөрүүтэйгээр Арабын Эмират улс орно. Арабын Эмират ямар их мөнгөтэй улс билээ. Тэр улсын цаана бүхэл бүтэн Арабын ертөнц байгаа. Бид ийм улсын өмнө орлоо. Гуравдугаарт Киргизстан, дөрөвдүгээрт БНСУ орсон. Монгол Улс анх удаа энэ том сонгуульд нэрээ дэвшүүлээд ингэж өрсөлдсөн нь манай улсын нэр хүнд олон улсад ямар байгааг харууллаа. Ийм дүгнэлт хийж болно” гэлээ.

Сонгуульд ийн ялсан нь олон жил ажилласан дипломатчдын ажлын үр дүн гэж үзэж болох бөгөөд нөгөө талд өмнөх сайд Л.Болдын үед энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж нэрээ дэвшүүлсэн нь ийм амжилт гаргахад нөлөөлснийг Гадаад хэргийн сайд хэлж монголчууд эл сонгуульд зөв тактик хэрэглэсэн гэж тодорхойлж байлаа.

Хүний эрхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох сонгуулийн өмнө монголчууд тэнд хүлээн авалт зохион байгуулахад Нью-Йорк болон АНУ-ын өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгтнүүд маань цуглаж, уран бүтээлчид ая дуугаа өргөж дэмжиж буйгаа илэрхийлцгээсэн гэнэ. Улсынхаа уламжлалт болон сонгодог соёлоор олны анхаарлыг ингэж татсан нь сонгуульд ялахад, эерэг санал авахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг ч тэр нуусангүй.

Манай улс ийнхүү сонгогдсон болохоор 2016-2018 онд Женевт байрладаг НҮБ-ын Хүний эрхийн ерөнхий зөвлөлд ажиллана гэсэн үг. Залуу дипломатч, хуульч, хүний эрхийн чиглэлээр ажилладаг монголчууд маань олон улсын улс төрийн тоглолт, бодлогод оролцож, эх орныхоо нэрийг өргөх том боломж бүрдэж байгаа юм. Бас нэг чухал зүйл бол дэлхийн улс орнуудын хэмжээнд Монгол орныг сүүлийн 25 жил ардчилал, хүний эрхийг хангах талаар ардчилсан замаар явсан “Ардчилсан Монгол” гэдэг нэр гарч байгааг Гадаад хэргийн сайд онцолсон юм.

Хүний эрхийн ерөнхий зөвлөлийн 47 гишүүний нэгээр сонгогдсон нь манай улсад олон талын ашигтай. Маш олон улсын асуудлаар хуралд оролцож, байр сууриа илэрхийлж, асуудлаа хэлэлцүүлэх сонирхолтой улс орнууд манайд хандах гэх мэт боломжууд нээгдэх юм. Тийм болохоор манай улстай харьцах, уулзах, асуудлаа шийдэхэд дэмжлэг хүсч ойртох гэсэн орны тоо өсөх нь тодорхой.

Нөгөө талаар хүний эрхийн асуудлаар эмзэг асуудлууд орж ирдэг. Үүн дээр монголчууд дипломатын урлагийг гаргаж Монгол Улсын байр суурийг илэрхийлж оролцоно гэдэг үг юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Төвийг сахих статус гэх бодлого ч үүн дээр гарч ирнэ гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд дуулгаад “Гурван жилийн хугацаанд Хүний эрхийн ерөнхий зөвлөлд ажиллах явцдаа гадаад бодлогын шинэ зорилт болсон Төвийг сахих бодлогоо хэрэгжүүлж, бэхжүүлэхэд сайн боломж бололцоо олдлоо” гэсэн юм.

Монгол Улсыг гадны зарим байгууллагууд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг” хэмээн буруушааж, энэ талаар судалгаа гаргадаг. Саяын сонгуулийн үеэр ийм байр суурь илэрхийлж, дургүйцлээ илэрхийлсэн орон байсан уу гэхэд сайд Л.Пүрэвсүрэн “Ямар ч орон тийм байдал гаргаагүй. Эсэргүүцсэн орон байгаагүй” гэж хариуллаа.

Д.САРУУЛ

Categories
мэдээ спорт

Их мастер С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг эвджээ

Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн Тайваньд үргэлжилж
байна. Тэмцээний бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд манай
улсаас найман тамирчин оролцож буй. Өчигдрийн байдлаар манай баг нийт 19
медаль хүртээд байна.

Ой тогтоолтын Их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл
болох сонсголын ой тогтоолт шалгасан Spoken Number буюу Дуут цифр төрөлд
өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ыг эвдэж 432 цифр
болгон шинэчлэн тогтоожээ.

Spoken Number төрөл нь 470 секундэд дурын 470 цифрийг англиар хэлэх
бөгөөд үүнийг тогтоогоод ямар ч алдаа гаргахгүй санах даалгавартай
байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний өгөх өдөр” тохиож байна

Өнөөдөр “Үндэсний Өгөх Өдөр” тохиож байна. Зургаа дахь жилдээ тэмдэглэж буй энэ өдөрт зориулан олон арга хэмжээг төлөвлөжээ.

Тухайлбал, өнөөдөр Чингисийн талбайд
“‪‎Бид бүгд адилхан” уриатай чөлөөт тэврэлт, уулзалт бүхий бүх нийтийн
цугларалт болно. Мөн Эрүүл Инээмсэглэл уриатай ‪‎Digital Dental шүдний
эмнэлэг тархины саажилттай хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүйгээр үзэж,
угаалга, цэвэрлэгээ хийж, үйлчлэх юм байна.

Үүнээс гадна “Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ийхөн
Тархины сааны холбоо, Сэргээн Засах Эмчилгээний “Таны Инээмсэглэл”
төвтэй хамтран Тархины саажилттай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан
зураг, бичсэн ном болон цуглуулгуудаар “‎Энэ Бол Би” үзэсгэлэнг
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгээд буй юм. Үзэсгэлэн
энэ сарын сарын 9-ний өдрийг хүртэл гарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: “Өгөх өдөр”-өөр хэн нэгэнд бодитой тусалцгаая

Доктор профессор, согог судлаач Я.Цэвээнлхазал

Маргааш “Өгөх өдөр” тохиох гэж байна. Үүнтэй холбоотойгоор “Өдрийн сонин”, тэр тусмаа тус сонины сэтгүүлч Э.Энэрэл үндэсний “Өгөх өдөр”-ийн талаар хүчтэй дуу хоолой илэрхийлж байгаа. Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс үүнд талархаж байна. “Нэг сэдвээр” гэх буланд хүнээс авахаас өгөхийг мэдэхгүй, хулгай хийж бусдыг холгохоос өөр зүйлийг мэдэхгүй өнөөгийн нийгэмд зөв сэдвийг хөндөн гаргаж ирсэнд баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө, ялангуяа Монголын өдөр тутмын хамгийн том төв хэвлэл дуугарч байгааг би олзуурхаж байгаа. Би 50 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байна. Энэхүү ажлынхаа чиглэлээр ном хүртэл гаргасан нь эцэг, эхчүүдэд их хүрсэн. Энэ нэгэн хэлбэрийн буян юм. Миний нэг шавийн гэр бүлийн хүн хүнд өвчинд нэрвэгдэж тархины гэмтэл авсан. Түүнд зориулсан хандивын тоглолтыг Бөхийн өргөөнд хийх гэж байгаа. Энэ өгөх өдрөөр хүмүүс таван төгрөг ч гэлтгүй нэг нэгэндээ тусалж үгээр биш үйлдлээр хайраа илэрхийлээсэй гэж хүсч байна. Миний хувьд хүүхдүүдтэйгээ хамтраад өгөх өдрөөр саажилттай хүүхдүүдэд бие сэтгэлээ зориулж саажилттай хүүхдүүдийн аравдугаар цогцолбор, тусгай сургуульд сурч байгаа хүүхдүүдэд дасгал хөдөлгөөний аргаар зовлонг нь нимгэлэх ийм ажил хийж байгаа. Энэ нь томоохон сэтгэлийн өглөг болох болов уу гэж бодож байгаа.

Энэрэнгүй сэтгэлийг түгээж, нийгэмд буян түгээхийг манлайлж гаргаж ирнэ гэдэг сайхан зүйл. Далай лам “Шинжлэх ухааныг хэтэрхий их шүтсэнээс болоод хүмүүс их харгис болжээ. Дайн дажин салж өгөхгүй байгаагийн гол буруутан нь сэтгэлийн боловсрол дутаж байна” гэж хэлээд байгаа юм. “Өдрийн сонин”-ы Нэг сэдвээр гэсэн буланд гарсан энэ нийтлэлийг уншихаар өвөрмөц бичлэгийн арга хэрэглээд байгаа юм. Энийг уншсан хүн нээрээ л би чинь дэмий худлаа өрөвдөөд байгаа болохоос хүнд нэг удаа ч гэсэн тусалж чадахгүй байгаа юм байна шүү гэж бодох байх. Тиймээс нэг ч гэсэн хүнд сэтгэлийн өглөг барьж хэн нэгэнд урам хайрлая гэж уриалмаар байна.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ

Богд Уулын Баруун ширээт оргил өөд өгсөх
замд Гэрэл зурагчин Б.Маралгуагийн “Уулын домог” нэртэй гэрэл зургийг
үзэсгэлэн дэлгэгджээ. Тус үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байгаа бөгөөд
энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Хотын иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр
агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх, ууланд алхах сонирхолтой болсон
билээ. Тиймдээ ч амралтын өдрүүдэд Богд ууланд алхдаг хүн олон.
Өнөөдрийн хувьд ч аялагч олонтой байсан бөгөөд Богд ууланд гарсан гэрэл
зургийг үзэсгэлэнг ихээр сонирхож байлаа. Түүнчлэн “Амжилт” фитнесийн
хамт олон аялагчдын дунд тэмцээн, уралдаан зохион байгуулж, дасгал
хөдөлгөөн хийлгэж, халуун чацарганаар дайлж байсан юм.

ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв,
Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран Төрхурах, Манзушир,
Зайсан, Хүрхрээгийн аманд явган аяллын таван чиглэл тогтоож, хаяг
тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах
газар, хогийн сав байрлуулсан билээ.

Эрүүл мэнддээ анхаардаг, хөдөлгөөнийг
эрхэмлэдэг хэн ч нийтийн тээврийн хэрэгслээр болон хувийн автомашинаараа
зорчиж ирээд хагас өдөр уулын аялал хийгээд буцах боломжтой юм.

-БОГДХАН УУЛЫН ЯВГАН АЯЛЛЫН ЗАМЫН ЧИГЛЭЛ, ЗАЙ-

Төрхурах – Цэцээ гүн – 8.5 км

Манзушир – Цэцээ гүн – 8.4 км

Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт – 4.5 км

Зайсан – Тэнгэр хад – 6.4 км

Баянзүрхийн товчоо – Тэмээн хад – 3.1 км

Categories
энтертаймент-ертөнц

“Victoria’s Secret”-ийн хамгийн үнэтэй хувцсыг Лили Олдридж өмсчээ

Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцасны загварын шоу болох “Victoria’s Secret” загварын шоу өчигдөр Нью-Йорк хотноо болж өнгөрлөө. Шоуны үеэр сахиусан тэнгэрүүдийн гайхалтай үзүүлбэрийг чимэхээр олны танил хамтлаг дуучид ая дуугаа өргөдөг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн шоунд дуучин Селена Гомез, Элли Голдинг, The Weeknd зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөсөн юм. Энэ жилийн хамгийн үнэтэй дотуур хувцсыг Лили Олдридж өмссөн байна.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Дуудлага худалдаа

“Эмпати-Ертөнц” компанийн эрхлэн гаргадаг “Сургамжит өгүүллэгүүд”
номыг энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. Номд багтсан өгүүллэгүүд
англи, монгол хэлээр бичигдсэнээс гадна зарим англи үгийг орчуулж, дор нь
хадмалаар хэвлэснээрээ онцлог юм. Тиймээс сэтгэл хөдөлгөм сургамжит өгүүллэгүүдийг
уншихын сацуу англи хэлний мэдлэгээ ч дээшлүүлэх боломжтой аж. Энэ номд багтсан
50 гаруй өгүүллэгээс энэ удаад “Дуудлага худалдаа”- г онцлон хүргэж байна.

Нэгэн баян эр амьдардаг байв. Түүний эд хөрөнгө сая сая
доллараар үнэлэгдэх бөгөөд байшин, барилга, газар, хуучны үнэт эдлэл, мал
амьтан гээд бүхий л юм байжээ. Гаднаасаа тэр хичнээн элбэг хангалуун, дутагдах
гачигдах зүйлгүй харагдах боловч дотроо их л гунигтай явдаг байлаа. Учир нь баян
эр, түүний эхнэр хоёул голомт залгах үр хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан ч
цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хосууд хүүхэдтэй болох боломж багасна гэдгийг эмч
нар ч хэлдэг байв. Гэтэл гайхамшигт тохиолоор ахимаг насандаа эхнэр нь хүүхэд
олж, тэд хүүтэй болжээ.Харамсалтай нь хүү нь тахир дутуу төржээ. Гэсэн хэдий ч
баян эр хүүгээ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж, халамжилдаг байв. Харин хүүг
таван нас хүрэх үед ээж нь өөд болжээ. Тэгэвч баян эр хүүтэйгээ урьдынхаасаа илүү
дотно байх болж, өдөр бүр тойглон асрах болсон байна. Харамсалтай нь, хүү төрөлхийн
өвчнийхөө зовиурыг дийлэлгүй 13 настайдаа хорвоог орхижээ. Удалгүй нас өндөр
гарсан баян эр ч нас баржээ.

Ингээд баян эрийн үлдээсэн эд хөрөнгө, эртний эдлэлийг зарахаар
болж, дуудлага худалдаа зохион байгуулав. Дуудлага худалдаа болох сургаар олон
хүн цугларч гэнэ. Дуудлага худалдаагаар хамгийн эхлээд баян эрийн хүүгийн
зургийг зарав. Өвчтэй, эрэмдэг хүүгийн зургийг хэн ч авахыг хүссэнгүй. Дуудлага
худалдаанд оролцогчид үнэ цэнтэй, чамин агаад бусдад зарсан ч дундаас нь ашиг
олохоор эд бараа авахыг хүсч байсан учраас тэрхүү зургийг ер анзаарсангүй.
Эцэст нь баян эрийн гэрт үйлчлэгч хийдэг байсан ядмаг эмэгтэй таван доллараар
зургийг худалдан авав. Гэтэл бүхнийг гайхшируулж бас харамсуулах зүйл болжээ. Хүүгийн
жаазтай зурагны араас гэрээслэл гарч иржээ. Гэрээслэлд ийн бичжээ. “Хүүг минь өрөвдөх,
санах сэтгэл гарган зургийг нь авсан тэр хүнд би бүх өв хөрөнгөө өвлүүлж үлдээж
байна” гэсэн байв. Ийнхүү дуудлага худалдаа өндөрлөж, сувдаг сэтгэлт дамын
наймаачид, баян чинээлэг иргэд гар хоосон таран одоцгоосон бол ядруухан
амьдралтай хүнлэг сэтгэлтэй үйлчлэгч эмэгтэй их хөрөнгийн өв залгамжлагч болсон
юм.

Энэхүү богино өгүүллэг нь хэн бүхний нандигнан дээдэлдэг үнэт зүйлс
өөр болохыг маш энгийнээр харуулжээ. Тухайлбал, зураг дээрх хүүхдийг огт хараагүй,
танихгүй хүн хэдхэн цент байсан ч худалдан авахгүй зураг төрсөн эцгийнх нь
хувьд хамгийн үнэт зүйл байх нь гарцаагүй. Тэгээд ч аливаа зүйлсийн үнэ цэн дан
ганц түүнийг хийхэд орсон материал сэлтээс хамаардаггүй болохыг тус өгүүллэг
давхар гэрчилжээ. Тэрхүү зургийг авахуулахад зурагчинд төлсөн мөнгө, жаазны өртөг
таван доллар хүрэхгүй ч байж мэднэ. Зургийг худалдан авахгүй л бол хог дээр
хаях байсан учраас гэрийнх нь тоос шороог цэвэрлэж, олсон цалингаараа амьдралаа
залгуулдаг байсны хувьд тэрхүү үйлчлэгч нэг ёсны буян үйлдсэн гэхэд болно.
Тэрбээр бага цалингаар их ажиллуулдаг, олон удаа загнаж зандарсан гэх зэргээр
нэхэн санаж, бусдын адилаар тэрхүү зургийг тоолгүй өнгөрч болох л байсан. Гэсэн
ч үйлчлэгч эмэгтэй өр нимгэн сэтгэл гарган, зургийг худалдан авснаараа
амьдралаа үндсээр нь өөрчилсөн билээ. Тэгээд ч нэгнээ гэх өрөвч сэтгэл, хайр
энэрэл эд баялгийг дуудахаас бус эд баялаг аугаа хайр, итгэл сэтгэлийг дууддаггүй
гэдгийн тод илрэл энэ болов уу.

М.Ууган-Эрдэнэ