Categories
гадаад мэдээ

ОХУ-ын онгоц халдлагад өртсөн үү?

Өнгөрсөн бямба гарагт Шарм эль-Шейхийн Улаан Тэнгис амралтын газраас хөөрч, Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж явсан Оросын онгоц Египетийн Синайн хойгийн уулархаг бүсэд осолдлоо. Уг онгоцонд 217 зорчигч хөлгийн багийн долоон гишүүн нийлсэн 224 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амиа алдсан юм. Тэдний 25 нь хүүхдүүд байсан аж.

Хэргийн газар ОХУ болон Египетийн аврах багийнхан өчигдөр очиж үзлэг хйижээ. Энэ үеэр онгоцны нэг хар хайрцаг болон 129 зорчигчдын цогцсыг олж Каир хот руу илгээсэн байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 162 хүний цогцсыг ОХУ-руу явуулсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Египетийн Иргэний нисэхийн хүчний сайд Хоссам Камил “Онгоц осолдохоос өмнө хэвийн бус зүйл байгаагүй. Гэнэт л радараас алга болсон” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Харин ОХУ-ын Тээврийн яамны сайд Максим Соколов “Террористууд зенитийн пуужин ашиглан онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдэж байгаа ч тодорхой баримт байхгүй байна” гэж РИА Новости агентлагт мэдээлжээ.Мөн онгоц сүйрэх үеэр цаг агаар таатай байсан гэж CNN, Интерфакс зэрэг томоохон агентлагууд мэдээлж байна. Юутай ч Эмират, Эйр Франц, Люфтханза гэсэн агаарын тээврийн гурван том компани Синайн хойгийн дээгүүр нислэг үйлдэхийг түр хугацаагаар хориглоод байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ослын газар яаралтай мөрдөн байцаалт явуулахыг Ерөнхий сайд Дмитрий Медведевт даалгажээ.

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиси ОХУ-д эмгэнэл илэрхийлээд “Нээлттэй мөрдөн байцаалтын ажилд ОХУ-аас аль болох олон шинжээчийг оролцуулна” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар холбогдож эмгэнэл илэрхийлсэн бөгөөд АНУ шаардлагатай нөхцөлд тусламж үзүүлэхэд бэлэн гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ням гарагт улс орон даяар гашуудал зарлалаа. Мөн тэрээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Энэ бол ОХУ-ын иргэний агаарын тээврийн түүхэнд гарсан хамгийн том осол ажээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барина

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/846 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлыг удирдлагаар хангаж, ажлын явцад төрийн байгууллагуудаас санал, зөвлөмж, зөвшөөрөл авах, хяналт тавих үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа ажиллах юм.

Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгожээ.

Categories
мэдээ цаг-үе

Хувийн өмч vs Улсын өмч

АНУ-ыг үндэслэгчид. Европоос
гарч “Шинэ тив” буюу Америкт очихдоо далайн болон элдэв халдварт өвчин, өлсгөлөн
зэргээс болж замдаа хамт гарсан хүмүүсийн хагасыг үрэгдүүлсэн энэ хүмүүс “юу ч үгүй
тэр газар” очиж дэлхийн хамгийн хөгжилтэй гүрнийг бий болгосон юм.

АГУУЛГА: (Эдийн засгийн либертари онолын үргэлжлэл)
(Яагаад хувийн өмч гэж? Дутагдахуй нь хувийн өмч үүсэх шалтгаан мөн. Халамжгүй халамж.
“Үнэгүй хоол” хэмээх зохиомж, татвар хэмээх дээрэм, даатгал хэмээх хуурамбайн тухай.
Татвараас чөлөөлөгдөх өдөр. Улсын өмч, тэр нь яагаад үр ашгаа өгдөггүй вэ?)

ЯРИАНЫ СЭДЭВ:

Би
нэгэн байгууллагатай 10 сая төгрөгийн гэрээ хийж, ажлаа гүйцэтгэчихээд мөнгөө авах
гэтэл есөн сая төгрөг өгдөг юм байна. Нэг саяыг нь төр дундаас нь “туучихжээ”, тэр
мөнгө хэн нэг дарга юм уу, түүний эхнэр хүүхдийн машины бензинд явж байгаа даа.
Ажил, хөдөлмөр хийж арайхийж хэдэн төгрөг олсны маань 10 хувийг төр хүчээр авч,
өөрийнхөө хүмүүст өгөөд байдаг, үнэхээр харамсалтай. Тэр байгууллага 10 саяыг зарлагадсан
нь үнэн юм чинь 10 саяар хийлгэсэн гэж ярина, би есөн саяыг авсан нь үнэн юм чинь
есөн саяар хийсэн гэж ярина. Ингээд бид хоёрын хэн хэн нь хохирч, юу ч хийгээгүй
төрийн хүн дундаас нь хожоод л өнгөрч байгаа юм.

Энэ
бүхний талаар Х.Х-д хэлэв. Мань эр өлгөж аваад ярьж байна аа. Түүний хэлж байгаагаар,
саявтар телевизээр төрийн нэг зүтгэлтэн татварын ач холбогдлын тухай мөн ч их сургаал
айлдсан гэнэ. Монголын иргэд бид “татвар төлөгчдийн долоо хоног” гэгчийг тэмдэглэж
байгаа аж. Манай улсад тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн
долоо хоног” гэж үздэг юм байна. Тэгээд л тэр түшмэл татварын ач холбогдлын тухай
баахан юм ярьсан юм байх. Бидний төлсөн татварын мөнгө боловсрол, эрүүлийг хамгаалах,
цэрэг арми, цагдаад очдог тухай, гудамж талбай гэрэлтүүлэхэд зарцуулагддаг тухай
гээд нөгөөх улиг болсон сэдвүүдээ ярьсан бололтой. Ихэнх тохиолдолд энэ бүхэн худал
болохыг илчлэхэд бид хоёрын ээлжит яриа чиглэсэн юм.

Х.Х: -Дэлхийд хамгийн
чөлөөт эдийн засгийн системийг амжилттай байгуулсан орон АНУ мөн үү? Америкт Европын
цагаачид очоод, эдийн засгийн ямар тогтолцоог буй болгосон юм бэ гэсэн энгийн асуултаас
яриагаа эхлэх үү?

“Төр ядууст
халамж үзүүлэхдээ яг л ингэж харьцдаг.”

Б.Б: -Тухайн үеийн Америкийн колониудыг (Европын
цагаачдын очоод бий болгож байсан нэгдэл, хамтран аж төрөх хэлбэрийг ингэж нэрлэдэг.
Б.Б.) эдийн засгийн боолчлол, эрхтэн ямбатны дарлал, дундад зууны оюун санааны хүлээснээс
зугтаж очсон хүмүүс бий болгосон. Тэд Америкт ирээд урьд нь хэний ч өмч биш, зөвхөн
бурхны мэдэлд байсан газар-шороо, эд юмсад өөрийн хөдөлмөрийг “шингээсний” (Локкийн
хэлснээр) үндсэн дээр тухайн юмсыг өмчлөх эрхийг олж авсан юм. Тухайн зүйлд шингээсэн
хөдөлмөр нь уг зүйлийг эзэмших эрхийг нээж өгчээ. Тэдгээр цагаачид нэг л зүйлийг
яс махандаа хүртэл ухамсарладаг байв. Тэр нь юу вэ гэвэл, хэн нэгний цаг заваа барж,
хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн зүйлийг өөр нэгэн ирээд (жишээ нь, төр өөрийн цагдаа,
түшмэлийг явуулаад) авчихаж болохгүй гэсэн зарчим. Тухайн хүний бүтээсэн зүйлийг
хүн авч болохгүй юм бол тэр хүн ч бусдын хүч хөдөлмөр, цаг заваа заран байж бүтээсэн
зүйлийг авч болохгүй гэсэн үг.

Х.Х: -Америкт очсон Европын
цагаачид гэхээс либертариуд цагаачлалын асуудлыг эерэг талаас нь авч үздэг юм шиг
байна лээ, тийм үү?

Б.Б: -Хүмүүс улс төрийн дарлал, эдийн засгийн боолчлолоос
зугтаж, хаа нэг газар (улс-оронд) амьдрах эрхтэй. Энэ бол амьдрах, эрх чөлөөтэй
байх, өмчтэй байх гэсэн төрөлх эрхээс урган гардаг шаардлага. Чөлөөт цагаачлал байхгүйн
улмаас одоо олон оронд маш олон хүн зовж, тарчилж байна. Дашрамд хэлэхэд, АНУ анхнаасаа
л цагаачдын эх орон шүү дээ.

Х.Х: -Тэгэхээр өмч гэж
юу болохыг тодруулснаар яриагаа эхэлбэл яасан юм бэ?

Б.Б: -Амьдрал, эрх чөлөөгөөрөө бий болгосон бүх
зүйл тань таны өмч. Өмч гэдэг бол хөдөлмөрийн тань үр шим. Зарцуулсан цаг хугацаа,
хүч, авьяасын тань төлөөсөнд ирж буй зүйл.

Х.Х: -Тэгвэл Пьер Жозеф
Прудон 1840 онд бичсэн Өмч гэж юу вэ? хэмээх бүтээлдээ “Өмч бол хулгайч” гэсэн тодорхойлолт
өгч, шуугиан тарьж байсныг юу гэх вэ?

Б.Б: -Тийм ээ, энэ бол түүний цэвэр социалист байр
суурин дээр байх үедээ өгсөн тодорхойлолт. Прудон ч оюун санааны их хувьслыг дамжсан
хүн шүү дээ. Сүүлдээ анархист болсон.

Энэ
бүхэн яах вэ. Би хэллээ, Прудон социалист байран дээр байхдаа тэр үгийг хэлсэн гэж.
Социализм бол хэн илүү бүтээлч, илүү ухаалаг, илүү авьяаслаг байна, түүний хөдөлмөрийг
нөгөөдүүл нь мөлжиж байдаг нийгмийн байгууламж шүү дээ. Харин социализмын энэ шинжийг
зах зээлийн нийгэмд тод томруун харуулдаг ганц үзэгдэл бол төр юм.

Либертариуд
өмчийг бүтээлч хүч гэж үздэг. Өмчлөх эрх бол асуух ёсгүй гурван эрхийн нэг. “Чи
яагаад өмчтэй байгаа юм бэ?” гэж асуух нь “Чи яагаад амьдрах гээд байгаа юм бэ?”,
“Чи яагаад эрх чөлөөтэй байгаа юм бэ?” гэж асуухтай адил утгагүй сонсогддог.

Х.Х: -Би Прудон шиг “өмч
бол хулгайч” гэх гээгүй л дээ. Гэхдээ өмчтэй холбоотойгоор дандаа муу муухай зүйл
гараад байх шиг?

Б.Б: -Манайд л ийм байгаа юм. Энэ нь үндэстний
ёс суртахуун, соёл, уламжлалтай холбоотой. Тэгээд ч манайд жинхэнэ капитализм биш
хулгай, дээрэм, тонуул, залилангийн капитализм байна.

Х.Х: -Хувийн өмчид сайн
тал гэж байна уу? Хувийн өмчийг тэгш бус байдлын уг сурвалж гэдэг шүү дээ?

Б.Б: -Сүүлийн асуултаас чинь эхэлье. Тэгш байдал
гэдэг маань өөрөө асар шударга бус байдлын илэрхийлэл шүү дээ.

Х.Х: -Тийм гэж үү, яахаараа
тийм байдаг билээ?

Б.Б: -Энэ ертөнц дээр оюун ухаан, авьяас чадвар,
хөдөлмөрлөх хүч чадал, авхаалж самбаагаараа яг ижил хоёр хүн гэж хаана ч байхгүй.
Гэтэл дурдагдсан энэ бүх зүйлс бол баялаг бүтээх хүчин зүйлс. Баялаг бүтээх хүчин
зүйлс хүн бүрт өөр, өөр байдаг тул үр дүн нь ялгаатай байх нь зүй. Гэтэл хөдөлмөрийн
бүтээмж ихтэй хүний хөдөлмөрийн үр дүнг хөдөлмөрийн бүтээмж багатай хүнд тэгш хувааж
өгнө гэдэг бол шударга үйлдэл байж чадах уу? Ингээд байх юм бол залхуу нь хөдөлмөрч
хүмүүсээ мөлждөг нийгэм бий болно. Социализм гэдэг ердөө ийм л нийгэм байсан шүү
дээ. Хөдөлмөр, авьяас чадвар, оюун ухаанаа маш үр дүнтэй ашиглаж байж бий болгосон
зүйлээ юу ч хийдэггүй хэн нэгэнтэй хуваагаад байх юм бол бусдаас илүү хөдөлмөрлөж,
ухаан гаргаж, авьяасаа шавхаж байх хэрэг юу байна.

Х.Х: -Хувийн өмчийн сайн
тал гэж дээр асуусан?

Б.Б: -Хувийн өмчтэй хүн баялаг бүтээх тал дээр
улам бүтээлч, хөдөлмөрч болдог. Адам Смит хувийн өмч гэсэн урамшуулал байсан учраас
хүн бусдад (нийгэмд) хэрэгтэй зүйл бүтээж, түүнийхээ үндсэн дээр өмчөө арвижуулах
сэдэлтэй байдаг гэсэн. Улсын байгууллагад бол ийм сэдэл бараг байдаггүй.

Х.Х: -Яагаад?

Б.Б: -Хувийн өмчтөнүүд асуудалд хандахдаа танил
тал, арын хаалганы үүднээс биш нийгмийн агуулгаар ханддаг. Учир нь нийгмийн хүсэж
буй зүйлийг бүтээхгүй бол өмч нь арвижихгүй. Өмчийн эзэн өмчөө нийгэмд хамгийн хэрэгцээтэй
газар байршуулж, үр дүн өгөхүйцээр ашигладаг. Тиймээс хувийн өмч бол өмчийн эзний
төдийгүй нийгмийн хөгжлийн үндэс. Улсын байгууллагын дарга чадвар муутай танил тал,
хамаатан саднаа ажилд авлаа гэхэд өөрөө хохирдоггүй. Дарга ч тэр, танил нь ч үр
бүтээлтэй ажилласан ч, бүтээмж муутай ажилласан ч улсаас авдаг цалингаа л авна.
Ийм учраас ажил хийдүүлдэг, бүтээлч бус хүмүүс улсын байгууллагад ажилд орох дуртай
байдаг. Хувийн компанид ийм байх аваас бүтээмж буурч, орлого хомсодсоноор компани
дампуурах учир эзэн нь боловсон хүчний асуудал дээр шударга байж л компаниа өсгөж
өндийлгөдөг.

Жишээ
авч харьцуулах юм бол хувийн өмч, төр хоёр эрс өөр зан чанартай, хоорондоо таардаггүй
хүмүүс л гэсэн үг. Учир нь хувийн өмчийг шударга, чөлөөт, бүтээлч, өрсөлдөөнт, эрэлттэй
гэх мэт шинжүүд дагалддаг бол төрийг дагалдан хүчирхийлэгч, дангаар ноёрхсон, өрсөлдөөнгүй,
бусдын хөдөлмөрийг мөлжсөн, танил тал дээр тулгуурласан, авлигач гэх мэт шинж гарч
ирдэг. Иймээс энэ хоёр бие, биедээ харшилтай байхаас өөр арга байхгүй.

Хувийн
өмчийн нэлээд ач холбогдолтой үр дагавар бол төрөөс хараат бус байх бололцоо олгодог.
Уг чанараараа ийм байхаас аргагүй. Учир нь өмчтэй хүн төрөөс халамж, өглөг горьддоггүй.

Х.Х: -Төрөөс өгч буй халамж,
өглөгийн муу гэж юу байх вэ дээ?

Б.Б: -Муу тал бас байна аа. Төрөөс халамж авч буй
хүн өөрийн төлөө бусдыг дээрэмдэх бололцоог төрд олгож байдаг. Төр, халамжлуулагчид
мөнгө өгөхийн тулд өөр нэгнийг дээрэмдэх далимтай болж байна. Иймд төрийнхөн халамж
гуйж буй хүмүүст их тааламжтай ханддаг. Тэд халамж нэхэгсдийн хүсэлтийг сонсоод,
хөхин баясаж “За, та нар хар, нийгэмд халамж шаарддаг хүмүүс байдаг юм” гээд баялаг
бүтээгчдээс авах татвараа нэмэгдүүлнэ. Тэгээд дундаас нь асар их мөнгө зувчуулан,
төрөө данхайлгахад (ер нь, хувьдаа ашигладаг гээд хэлчихэд хол зөрөхгүй) зориулдаг.
Тийм учраас л Кэн Скүландын зохиолын баатар Жонатан “Хүн өөрийн төлөө төрийг бусдын
эсрэг турхирч болохгүй” хэмээсэн байдаг.

Халамжийн
өөр нэг муу тал нь хүнийг хариуцлагагүй, арчаагүй, бусдын гар харамтгай болгодог.
Халамж гэдэг бол өөрийгөө болон нэр төрөө боддог хүмүүсийн хувьд дорд үзсэн нэр
томъёо. Халамж авах гээд дараалалд зогсох, теллер хүүхний доромж харьцааг тэсвэрлэх
нь өөрийгөө ихээхэн хэмжээгээр доош хийж буй хэрэг мөн.

Харж
байхад мөн ч олон халамж байх юм. Хэзээ зах зээлийн нийгэм, капитализм ийм байсан
юм. Ердөө л социализм. Нэг хэсэг нь иргэд, залуучуудаа зах зээлийн мэдлэг, ухамсар,
дадал заншилтай болгох гэж ядаад байдаг. Гэтэл улстөрчид нь социализм руу “уруу”
татаад л. Ер нь Монголын ардчилагчид социализмаас сөөм хүрэхгүй зайд байдаг хүмүүс
шүү дээ. Энэ нь тэдний явуулж буй бодлого, хэлж ярьж буй зүйлс, улс төрийн нэгдэж
салах явцаас нь илт харагддаг.

Х.Х: -Монголын төр яагаад
халамжлах дуртай байдаг юм бэ. Манайх хөгжингүй орныг бодвол тийм баян биш, гэтэл
тэднээс дутуугүй халамжийн бодлого явуулах юм.

Б.Б: -Тэр ойлгомжтой, өөрийнх нь халааснаас мөнгө
гардаггүй болохоор халамжлах дуртай байдаг юм. Халамж гэдэг бол төрийн хувьд өөрийгөө
нийгэмд хэрэгтэй гэж үзүүлэх хамгийн том боломж (далим). Халамжаар далимдуулан,
өөртөө асар их мөнгө унагадаг. Ядууст халамж үзүүлэх нэрээр биднээс авсан 1000 төгрөг
тутмаас 600-гаадыг мөнгө цуглуулах, зохион байгуулах, гэрээ хэлцэл, халамжийн мөнгө
тараахад гаргасан зардал нэрээр өөртөө үлдээдэг.

Монгол
төрийн велфар бодлого (халамжийн бодлого) бол товчоор хэлэхэд, хуурамч хөөрхийлөл.
Халамжгүй халамж.

Х.Х: -Тэгээд ч манайхан
“үнэгүй хоолонд” нугасгүй дуртай болохоороо халамжийн бодлогыг их дэмждэг юм байх
аа даа.

Б.Б: -Дахин дахин хэлэхэд, халамжийн бодлого явуулахдаа
төр ихээхэн өгөөмөр сэтгэл гарган, “үнэгүй хоол” өгч буй мэт сэтгэгдэл төрүүлэхийг
хичээдэг. Гэтэл “Үнэгүй хоол” гэдэг бол эдийн засгийн утгаараа хамгийн утгагүй,
хаана ч байдаггүй зүйл. Ямар ч бараа таваар, үйлчилгээг хэн нэгэн цаг заваа баран,
хүч хөдөлмөрөө шингээн байж бий болгодог. Халамжаар тарааж буй тэр мөнгө, бараа
таваар тэнгэрээс бэлнээр буугаад ирдэг юм биш. “Үнэгүй хоол” гэдэг бол уг бараа
таваар, баялгийг бүтээсэн хүмүүсийн хүч хөдөлмөрийг үгүйсгэн, тэдгээрийн бий болгосон
гавьяаг өөртөө авах гэсэн төрийн оролдлого.

Үнэгүй
боловсрол, үнэгүй эрүүл мэндийн систем гэх мэт нь ямар нэг бараа таваар, үйлчилгээг
хүн хөдөлмөрлөхгүйгээр бий болгодог гэдэгтэй адил утгагүй зүйл. “Алтан загасны үлгэр”
болон арабын үлгэрт гардаг шидэт бөгжийг эзэмшсэн хүн л үнэгүй зүйлийг бий болгодог
байх. Харин эдийн засгийн бодит амьдралд үнэ өртөггүй зүйл гэж байдаггүй. Үнэгүй
хэрэглэж буй бараа таваар, үйлчилгээний төлбөрийг гарцаагүй хэн нэг нь хийсэн байдаг
(гэхдээ, төр хийдэггүй нь лавтай). Төрөөс халамж авч буй хэн ч, өөр нэгний бүтээсэн
зүйлийг “завшиж” буй хэрэг.

Х.Х: -Тэгээд ч төрийнхнийг
халамжаа буруу тараагаад байна гэсэн яриа байдаг байх шүү?

Б.Б: -Тийм ээ, төр халамжийн бодлогоороо иргэдийг
ангилан соортолж, ялгаварлан гадуурхдаг. Халамжийн мөнгийг бий болгож буй хүмүүс
төр, хэсэг хүнийг халамжлахын тулд нөгөө хэсгээс мөнгийг нь аваад байна, “төр биднээс
мөнгө авчихаад халамжлах ёстой хүмүүсээ халамжлахгүй, тэгшитгэн тараагаад байна,
бас дундаас нь өөрсдөө асар ихээр завшиж байна” гэдгийг мэддэг болжээ.

Х.Х: -Өмчийн тухай ярьж
байх үед чинь асуухаа мартчихаж. Ер нь өмч гэдэг зүйл хүн төрөлхтний түүхэнд хэрхэн
үүсчихэв ээ?

Б.Б: -Энэ тухай Жонатан Вольф Улс төрийн философийн
удиртгал номдоо маш ойлгомжтой өгүүлсэн байдаг. Хэрэв би андуураагүй бол Хоббсын
тухай хэсэгт байдаг шиг санагдаж байна.

Х.Х: -Тэр номыг чинь санаж байна. Хоёр дахь удаагийн монгол хэвлэл нь гарсан уу даа?

Б.Б: -Гарсан шүү, нийгэм, улс төрийн асуудлыг сонирхож,
ном уншдаг философичид бүгд л тэр номыг ашигладаг юм билээ.

Х.Х: -Тэгээд өмч хэрхэн
үүссэн юм бэ?

Б.Б: -Хатуу боловч гарцаагүй үнэн бол хүний хэрэгцээ
хязгааргүй бөгөөд тэр бүхнийг хангах нөөц бололцоо хүн төрөлхтөнд ямагт дутагдсаар
ирсэн. Дутагдахуй нь хувийн өмчтэй байх шалтгаан болно. Бүх юм бүгдэд хүрэлцээтэй
байсан бол хувийн өмч байх шалтгаан байхгүй гэж либертари үзэл үздэг. Эхлээд газар
бүх хүнд хүрэлцээтэй байсан, тэр үед “энэ газар минийх” гэх шаардлагагүй байв, хаа
сайгүй байгаа тэр зүйлийг өмчлөх нь утгагүй, харин яваандаа хүрэлцэхээ больж, дутагдаад
ирэх үед өмчлөх болсон хэмээн Хоббс өгүүлсэн байдаг.

Х.Х: -Хүрэлцэхээ больсон
юм бол хэн нь түүнийг авах ёстой гэж. Арай хүчтэй, түрэмгий, арга зальтай нь биш
биз дээ. Одоогийн манай бизнесмэнүүд шиг “Чадаж буй юманд арга байхгүй” гээд халааслаад
байгаагүй л байлтай?

Б.Б: -Мэдээж, тэгээгүй л дээ. Өмчийг шударгаар
олж авах нь хувь хүний төдийгүй нийгмийн зүй ёсны (justice) илрэл. Түрүүнд би хэлсэн,
хувь хүн урьд нь хэн ч эзэмшиж байгаагүй зүйлд “хөдөлмөрөө шингээснээр” түүнийг
өмчлөх эрхтэй гэж. Эсвэл хэн нэгнээс хууль ёсоор өвлөх замаар өмчтэй болж болно.
Робэрт Нозик ингэж үзэж байсан (Анархи ёс, төр, утопи үзэл зохиол). Энэ хоёр арга
зам бол яах аргагүй зүй ёсонд нийцэж байгаа юм. Ер нь, Нозик энэ бүтээлдээ Локкийн
өмчлөх эрхийг маш хүчтэй хамгаалсан. Өмчлөх эрх гэдэг бол хүний төрөлх эрх, түүнд
хэн ч халдах ёсгүй, тэр ч бүү хэл, төр ч халдах ёсгүй гэдгийг маш үндэслэлтэй гаргасан
юм.

Х.Х: -Өмчлөх эрхийг хүний
төрөлх гурван эрхийн нэг гэж дахин дахин хэлээд байгаа биз дээ?

Б.Б: -Тийм ээ, өмчлөх эрхийг хүний гол эрх гэж
үзнэ. Хувь хүн өмчөө хэрхэн захиран зарцуулахаа өөрөө мэддэг байх ёстой. Энд хөндлөнгийн
төлөвлөлт, журамлалт, зохицуулалт байх ёсгүй. Өмчийн эзэн өөрөө л төлөвлөж, журамлаж,
зохицуулна. Тэгж байж гэмээнэ, тухайн өмчийн эзэн болох нь батлагдана. Өөрийнхөө
өмчөөр юу хийхийг төрөөс төлөвлөж, журамлаж, зохицуулаад байх юм бол өмчийн эзэн
нь тэр хүн биш төр болж таарна биз дээ.

Өмчлөлийн
асуудал дээр иргэдийн захирагдах ёстой нэгэн зүйл байх бөгөөд тэр нь талууд хоорондоо
сайн дураараа хийсэн гэрээ хэлцэл юм. Сайн дураар!!! Сайн дураар хийсэн гэрээгээ
зөрчих нь хулгай, дээрэм хийхтэй адил. Гэрээ бол тохиролцоо гэсэн үг. Энэ бол либертариудын
хувьд маш чухал зүйл. Хэн нэгэн нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр хүч түрж давамгайлахгүй,
хоорондоо сайн дурын үндсэн дээр хэлцэнэ гэсэн үг. Энд заавал хуулийн гэрээ хэлэлцээрийн
тухай ярьж байгаа юм биш. Хоёр хүн хоорондоо ямар нэг зүйлийн талаар тохирно (жишээ
нь, цаг болзоод уулзах) гэдэг нь гэрээ хийж байна гэсэн үг. Либертариуд гэрээгээ
биелүүлэх, өөрөөр хэлбэл, хэлсэн амандаа хүрэх явдлыг нэр төрийн хэрэг гэж үздэг.
Либертари үзлийн үүднээс гэрээ гэдэг бол итгэлцэл.

Энэ
бүхэн бидний хувьд жаахан хийсвэр сонстож байж магадгүй. Учир нь монголчууд бид
хэлсэн амандаа хэзээ ч хүрдэггүй. Манай орчин бол угаасаа либертари бус орчин шүү
дээ. Хувь хүн, төр-засаг аль нь ч гэрээгээ биелүүлэхгүй байх нь хэвийн үзэгдэл.

Х.Х: -Локк яагаад өмчлөх
эрхийг амьд явах, эрх чөлөөтэй байх эрхүүдтэй эн тэнцүү төрөлх зүйл гэж үзэж байсан
юм бол. Үндэслэлийг нь сонсмоор байна. Амьдрах, эрх чөлөөтэй байх гэдэг нь өмчлөх
эрхээсээ хамаагүй чухал юм шиг санагдаад л ингэж асууж байна л даа.

Б.Б: -Учир нь өмч гэдэг бол эрх чөлөөтэй байсны
үр дүн, амьд явах баталгаа. Тэгэхээр өмчлөх эрхийг нь үгүйсгэснээр нөгөө хоёрыг
нь (эрх чөлөө, амьд явах хоёрыг) бас үгүйсгэж байна гэсэн үг.

Хувь
хүний зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, авьяас чадварын үр дүн болох өмчид хэн ч
халдаж болохгүй. Татвар бол өмчлөх эрхэд халдаж буй нэг хэлбэр гэдгийг дахин тодруулъя.
Учир нь татварын талаарх либертари сэдэв хүмүүст тун хачин сонсогддог бололтой юм
билээ. Татвар. Өгч байгаа хүний хувьд хулгайд алдах, дээрэмдүүлэх, татварлуулахын
аль нь ч адилхан, өөрийн хөдөлмөрлөж байж олсон эд хөрөнгө, мөнгөө эргэж ирэхгүйгээр
алдаж байгаа хэрэг. Костюмтай хүн цагдаа дагуулж ирээд авч байна уу, эсвэл түүнээс
арай муухан хувцастай хүн ганцаараа байна уу гэдэг нь түүний хувьд огт ялгаагүй.
Аль нь ч байлаа гэсэн мөнгөө өгч буй хүн л хохирч байна. Тиймээс татвар нь зөөлөн
хэлэх юм бол хулгай, хатуухан хэлэх юм бол хөдөлмөрийнх нь үр шимээс авахын тулд
ажиллуулж байгаа утгаараа боолчлол мөн.

Философийн
ухааны доктор Б.Батчулуун

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Чинбат: Сүүлийн үед “Гацуурт” гэдэг үг, Чинбат гэдэг нэр сонсох л юм бол асуудал хүндрээд явчихдаг болсон

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.

Монголд бизнес эрхлээд, баялаг бүтээгээд явахад хэцүү үе хэр тулгарч байна?

-Өдөр болгон янз бүрийн хүндрэл бэрхшээл байнга гарна шүү. Нэг ажил эхлээд явж байтал ямар нэг саад гараад ирэнгүүт дараагийнх руугаа ороод урагшлахаас аргагүй үе өчнөөн таардаг.

-Танд яг ямар хүндрэл тулгарч байв. Бодитой жишээ хэлээч?

-Хотын дарга өөрчлөгдсөний дараа 2012 онд 80 гаруй барилгын ажлыг зогсоосон доо. Тэр үед тав, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан барилгаа орхихоос аргагүйд хүрсэн.

-Хаана барьж байсан барилга вэ?

-Германы элчингийн урд талын 13 давхар барилга. Өнөөдрийг хүртэл ажил нь яваагүй зогссон хэвээр байгаа. Анхны жагсаалтаар 170 гаруй барилга гарч ирсэн юм. Сураг сонсох нь ээ ихэнх нь ажиллаад явсан дуулдсан. Сүүлийн үед “Гацуурт” гэдэг үг, Чинбат гэдэг нэр сонсох л юм бол асуудал хүндрээд явчихдаг болсон.

-Яагаад тэгээд байна?

-Хүмүүсийн анхаарлын төвд их орохоор таалагдах, таалагдахгүй юм гардаг шиг байна л даа. “Гацуурт” гэдэг нэрээр биш аль болох өөр нэртэй компани, хувь хүний нэрээр явахаар ажил арай бүтэмжтэй байх жишээний. Мэдээж саад, бэрхшээл, алдаа дутагдалгүй ажил гэж юу байхав. Гэхдээ жижигхэн асуудал дээр дөрөөлж өчнөөн хөрөнгө зарсан ажлыг зогсоох бизнес эрхлэгчдийн хувьд амар биш. Сүүлдээ ч зүрх үхээд байх боллоо. Өөрөө бол халшраад явахаа байсан. Ажилтнууд маань явдаг юм. Бүтэн жил болсон ч яахав, очоод бай гэж хэлээд л сууж байна.

-Засаг солигдохоор бизнес эрхлэгчдэд бүр хэцүү асуудлууд тулгараад байх шиг анзаарагддаг. Өмнөх засгийн үед ингэж шийдсэн нь буруу байжээ гэсэн тайлбар хэлээд л бизнес төслүүдийг гацаасан жишээ өчнөөн дуулддаг. Танд тийм зовлон тулгарсан уу?

-Өө өчнөөн бий. Махны чиглэлийн үхэр гаднаас оруулж ирсэн юм. Эхлээд буцааж төлөх нөхцөлтэйгөөр авах гэрээ хийлээ. Тендерт ялсныхаа дараа үхрээ сонгоод, хоёр онгоц захиалчихаад хүрээд ирсэн чинь Сангийн яам гэрээг нь батлалгүй байсаар есдүгээр сар гаргачихсан. Сүүлдээ буцааж төлөх нөхцөлтэй гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ болгож соль гэхээр нь шаардлагыг нь биелүүлж байж үхрээ оруулж ирсэн. Тэр хооронд оруулж ирэх үхрийн тоо багасч, хоёр онгоцоо нэг онгоц болгож байгаа юм. Нэг онгоцны 200 мянган еврогийн торгууль хүлээж таарсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр оруулаад иртэл мөнгөө өгөх дээрээ тулангуут ТӨХ-ноос буцаан төлнө гэвэл өгье, гэрээгээ дахиад өөрчил гэх жишээний. Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам хоорондын маргаанаас болж нэг жил шахуу хүлээж, тэрбум орчим төгрөгийн хохирол үзсэн. Миний арга барилын алдаа байж мэднэ. Тэр хүмүүстэй эв зүйгээ олоод, арын хаалгадаж, авлига өгөөд явъя гэж боддоггүй. Зарим танил маань “Чи эв зүйгээ олчихвол тэр барилга чинь өчнөөн жил зогссон хэвээр байхгүй” гэж хэлдэг л юм. Хэрвээ би ийм арга хэрэглээд явчихвал бусад нь яах вэ, надад ингэж хандаж байгаа юм чинь бусдыг хэр дээрэлхэх бол, хэн хэзээ энэ улсад шударга ёс тогтоох юм бэ, юунд найдаж амьдрах вэ гэсэн олон асуулт өөртөө тавьдаг. Эцсийн дүндээ миний бизнес хэр хохирох нь том асуудал биш.

-Засгийн хандлага танд ийм байгаа юм чинь тантай харилцдаг гадны бизнес эрхлэгчдэд бүр ойлгох аргагүй санагддаг байх даа…?

-Би шууд л хэлдэг. Манай төр засаг шийдвэрээ яаж ч өөрчилж магадгүй шүү гэж. Хөрөнгө оруулъя, хамтаръя гээд ирсэн заримыг нь бүр буцаадаг. “Таны мөнгө надад хичнээн хэрэгтэй ч эргээд та бүхэнд ашиггүй нөхцөл байна. Манайх зах зээлийн чөлөөт тогтолцоонд ороогүй. Төр нь үнээ тогтоодог. Тийм учраас та нар ашиг олохгүй, уучлаарай” гээд буцаасан хэд хэдэн тохиолдол бий.

-Бизнест хамгийн таатай бодлого хэрэгжүүлж байсан Засгийн газар гэвэл та алийг нь онцлох вэ?

-Өөрийнхөө хувьд гээд бодохоор аятайхан гэхээсээ аягүй нь олон юм болов уу. Урт нэртэй хууль гэж гарсан даа. Ид явж байсан бизнесийг гацаанд оруулчихсан. Нурааж хаячихаад одоо лицензийг чинь өгье, үргэлжлүүлээд ажилла гэх юм. Ийм бүдүүлэг юм байж таарахгүй. Арав, хорин жил зүтгэж байж босгосон бизнесийг унагачихаар өнөөх нь эргэж сэргэхдээ мөн л тийм хугацаа зарна. Урт нэртэй хуулийн өмнө 68 хувийн татвар гэж аваад эхэлсэн. Хамаг төлөвлөгөө нурсан. Сая онцолсон шийдвэрүүд гараагүй бол бид өнөөдөр ийм байхгүй. Манай компанийн хувьд гэж ярихад л уул уурхайтайгаа байсан бол эрсдэл нь хамаагүй бага. Ядаж л банкууд зээл өгдөг байсан юм. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө газар тариалан, мал аж ахуйгаа өнөөдрийнхөөс илүүгээр хөгжүүлээд явах бүрэн боломж байсан.

-Гацууртын хэрэгжүүлж буй төслүүдээс аль нь гайгүй урагшилж байна?

-Алдаж оносон ч гэсэн буцах аргагүй орсон салбар маань газар тариалан. Хүндрэл байгаа ч босгоно. Тэгэхээр газар тариалангийн төслөө л онцлох байх даа.

-Жилийн жилд л яам, гурил үйлдвэрлэгч, тариаланчид гэж талцаж байгаад маргацгаах юм. Яагаад маргаад байдаг юм бэ?

-Ямар ч нөхцөлд ойлголцол их чухал. Хүнээс л хамаарч байгаа асуудал. Тариаланчид муу муухай, юм мэддэггүй байж болно. Гэхдээ энэ салбарыг зохицуулж удирдаж байгаа хүн тариаланчидтайгаа хэл амаа ололцох ёстой. Тэгж байж энэ том салбарыг авч явна. Ойлголцохгүйгээр хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй. Хувийнханд ийм асуудал тулгарлаа гэхэд хамгийн уян хатнаар гарц олдог. Би гэхэд л компанийнхаа хувьд эдийн засгийн ашиггүй зүйл дээр маргаад суухгүй шүү дээ.

-Р.Бурмаа сайдын яриаг сонсохоор тариаланчид гэж урамшуулал авч баахан мөнгө идсэн нөхөд юм байна гэсэн ойлголт төрдөг. Өмнөх сайдууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас тариаланчидтайгаа нийлээд идэж уугаад явж байсан гэсэн байр суурь ч сонсогдох юм…?

– Эрх ашгийн зөрчилтэй байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм байсан ч гэсэн энэ салбарыг авч явж чадсан уу, үгүй юу гэдэг том асуудал. Тэр хүн өөртөө ашигтай юм хийчихээд явсан уу, эсвэл өөртөө ч ашигтай, бидэнд ч ашигтай ажиллав уу гэсэн өнцгөөс хармаар санагддаг. Өмнөх хоёр сайдын үед энэ салбар тодорхой хэмжээнд урагшаа ахисан. Идэж уусныг нь бид мэдэхгүй. Бүх баримтан дээр нь суугаа, дараагийн сайд нар нь л мэддэг байх. Р.Бурмаа сайд урамшуулал гэдэг нэрээр тариаланчид өчнөөн тэрбум төгрөг аваад идчихэж гэсэн буруу ойлголтыг нийгэмд өгсөн. Би л хувьдаа маш том алдаа гэж харж байгаа. Энэ салбарыг ойлгоогүй, мэдээгүй хэрнээ энэ салбарт ажилладаг хүмүүсийн сэтгэл зүрх рүү довтолж, хар толбо үлдээсэн. Сайдын хувьд буруу эхлэл. Нэг, хоёр хүнтэй муудалцаж болно, гэхдээ тариаланчид гэж салбараар нь доромжилж болохгүй.

-Тариаланчдад өгсөн урамшуулал үнэхээр цэвэр ашиг болоод яваад байна уу. Ер нь юунд зарцуулагддаг юм бэ?

-Урамшууллыг ухаж ядах юмгүй. Тариаланчдын буудайг өртгөөс нь доогуур үнэлээд, иргэдийн гар дээр хямд гурил хүргэхийн тулд зөрүүнд нь өгч байгаа мөнгө. Тэр мөнгө бидэнд биш иргэдэд очдог гэсэн үг.

-Буудай дэлхийн зах дээр хямдарчихаад байхад тариаланчид буудайгаа хэтэрхий өндөр үнэлээд байгаа юм биш үү?

-Тариа тарьж байгаа компаниудын зардал адилгүй. 700 сая төгрөгийн үнэтэй трактороор, арван сая төгрөгийн үнэтэй трактороор хурааж байгаа хүмүүсийн зардал адил байх уу. Чанартай буудай нийлүүлж байгаа хүн чанар муутай буудай зах зээлд нийлүүлдэг хүмүүстэй ялгаагүй үнээр буудайгаа зарах уу. Яагаад миний ургуулсан буудайны худалдан авагч бэлэн байхад, гурилын үйлдвэрүүд нь худалдаад авчихаад байхад хөндлөнгөөс “Чи үнэтэй зарлаа” гээд байгаа юм бол. Чанартай буудайнд өндөр урамшуулал өгнө, өндөр үнээр авна гээд байгаа хэрнээ ийм зүйл яриад суугаа нь логикийн хувьд алдаатай биш гэж үү. Гэхдээ би буудайгаа чанартай гээд тийм үнэтэй зараагүй. 50 төгрөгөөр л ахиу борлуулсан. Тариаланчид буудайгаа өндөр үнээр зараад ч сүрхий ашиг олдоггүй. Тариа тарьж байгаа хүний зарцуулсан мөнгө тарьснаасаа хойш хоёр жилийн дараа буцаж ирдэг. Тэр хооронд тариаланчид сэлбэг, шатахуун, хор гээд бүх зүйлээ валютаар худалдаж авдаг. Энэ хооронд ам.доллар яаж өслөө. Харин гурилын үйлдвэрийнхэн буудайгаа доллараар биш төгрөгөөр авдаг. Өнөөдөр бүх компанийн ажил арилжааны банкны зээлээр явж байна. Арилжааны банкны хамгийн доод талын хүү 24 хувь. Буудайны өртгийн 24 хувь нь банкны хүү гэсэн үг. Тариаланчид банкны хүүгээ төлөөд тариагаа ургуулдаг, ургуулсан тариаг нь гурилын үйлдвэрүүд зээлээр авдаг. Гурилын үйлдвэрүүд улсаас үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр хямдхан зээл авчихсан. Бид сарын хоёр хувийн хүүг зээлэндээ төлж байхад тэд жилийн 3-4 хувийн хүүтэй зээл аваад ажиллаж байгаа. Манайх гэхэд л ноднин жилийнхээ буудайны мөнгийг өнөөдрийг хүртэл аваагүй. Гурилын үйлдвэрүүдээс таван тэрбум гаруй төгрөгийн авлагатай яваа. Таван тэрбум төгрөгийн хүү гэж сар бүр 100 сая төгрөг гарна. Сар бүр энэ хэмжээний мөнгө төлөөд явахаар буудайн бизнес ашигтай байх уу. Ингээд тооцохоор буудайгаа 500 биш, зуун төгрөгөөр зарсан болж таарч байгаа юм. Бид энэ онд ноднин жилийнхээ үнээр буудайгаа зарж байгаа.

-Танайх хичнээн төгрөгийн зээлтэй байгаа вэ, сард хүү гэж хэдэн төгрөг төлж байна?

-Бараг гуч, дөчөөд тэрбум төгрөгийн зээлтэй. Сард 500 сая төгрөгийн хүү төлж байгаа. Зундаа бүр 700 сая төгрөг төлж байсан.

-Ургац их алдсан, бага алдсан гэсэн маргаан одоо ч үргэлжилж байна. Танай компани жишээ нь ургацынхаа хичнээн хувийг алдсан бэ?

-Ерэн хувиа алдсан. Ер нь бүгдээрээ ийм. Ургац ийм болсон нь Хөдөө аж ахуйн яамныханд хүлээж авахад хүнд ч гэлээ бодит байдалтай эвлэрэх ёстой. Эвлэрээд яах вэ гэдгээ ярих ёстой гээд байхад эвлэрэхгүй зүтгэсээр эцэст нь хүргэлээ л дээ. Одоо яах ч аргагүй. Монгол Улс 100 хүрэхгүй мянган тонн буудайтай.

-Нэгэнт ургацаа алдчихлаа, цаашдаа яах вэ, буудай, гурил гаднаас оруулж ирэх нь бол тодорхой байх, тийм үү?

-Ганц яам буруутай гээд байгаа юм биш. Бид ч гэсэн эрсдэлээ үүрээд даах ёстойгоо даах учиртай. Буудай импортоор оруулж ирэх нь гарцаагүй болчихсон. Зуу биш хоёр зуун мянган тонныг оруулж ирэхээс аргагүй. Газар тариалан нь дампуурсан энэ үед гурилын үйлдвэрүүдээ дампууруулчихвал бүр хэцүү юм болно. Гурилын үйлдвэрүүдээ авч үлдэхийн тулд импортын гурил оруулж ирж болохгүй. Гурилын үйлдвэрүүд унахгүй бол бид ирэх жил худалдан авагчтай байна.

-Ер нь тариаланчид урамшууллаасаа татгалзаад зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөөд, унах нь унаад, босох нь босоод явмаар юм биш үү?

-Санал нэг байна. Тариаланчдын хувьд төрөөс урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хөдөлье гэсэн хүсэлтэй байгаа. Арилжааны зээлээр бид босохгүй. Тэгээд урамшууллаа болиод зах зээлийнхээ зарчмаар явъя. Улсад энэ салбар нь чухал учраас хөнгөлөлттэй зээлээр л дэмжчих. Тэгээд чадсан нь чадаад, чадахгүй нь дампуураг. Энэ салбар ингэж байж эрүүлжинэ. Манай холбооноос комисс томилогдож яамныхантай уулзъя гэж байна.

-Та Р.Бурмаа сайдтай уулзаж байсан уу?

-Нэг ч уулзаагүй. Мэдээж уулзъя гэвэл уулзахгүй гэхгүй.

-“Гацуурт“ газар тариалангийн салбарт ороод удаж байна. Хамгийн алдагдалтай ажилласан жил хэзээ вэ?

-Өндөр ашигтай ажилласан жил байхгүй. Ихэнх жилүүдэд алдагдалтай ажилласан. Учир нь манай компани энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаагүй. Газар тариалан, мал аж ахуйн салбарт багадаа 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Манайх 1999 оны сүүлчээр газар тариалангийн салбар руу орсон юм. Эхний таван жил гантай байсан ч хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй хийсээр байсан. 2009, 2010 оноос гурав, дөрвөн жил буудайн үнэ арай тогтвортой байсан учраас ерөнхийдөө дажгүй жилүүд. Сүүлийн нэг, хоёр жилд их хэцүү зурагтай байна. Өмнө нь зээл аваад төлөөд явдаг байсан бол одоо авсан зээлээ төлж чадахгүй байна.

-Компаниа өргөжүүлье, амжилттай байя гэвэл улс төр рүү орохоос өөр аргагүй нь гэсэн хандлага бизнес эрхлэгчдийн дунд тод анзаарагддаг. Танд ийм бодол төрдөг үү?

-Надад улс төрд орох боломж, сонирхол бүх талаасаа байхгүй. Чи өөртөө ямар зорилго тавьсан юм бэ, юунд хүрэх гэж явж байна вэ гэдэг том асуулт надад байдаг. Гуч, дөчин тэрбумын зээлтэй байж, өөр юм бодож улс төрд орох эрх надад байхгүй. Би улс төрд ороод бизнесээ хамгаална гэсэн зорилгоор энэ ажлыг эхлүүлээгүй. Монголын ард түмнийг эрүүл хүнсээр хангая гэж л зорьж яваа. Миний амьд явсны хэрэг энэ. Тийм учраас үүнийгээ гүйцээх ёстой. Компаниа аваад явах хэмжээнд хүргэж, дутууг нь гүйцээж, ямар ч хүндрэлгүй болгох зорилго л бий. Би төмс, лууван, сонгины дотоодын хэрэгцээний арван хувийг хангаж байгаа. 300 мянган хүний бүтэн жилийн хэрэгцээний хүнсний ногоог бэлдэж байна. Тогтвортойгоор энэ хүмүүсийг тэжээгээд явах механизмыг бүрдүүлчихвэл миний хэрэг болох гээд байна. Над шиг таван хүн гараад ирэхэд дотоодын хэрэглээ айлтгүй, аюулгүй болно.

-Сүүлийн үед компаниуд ажилчдаа цомхотголоо гэсэн мэдээ их сонсогдох боллоо, танайх ямархуу байгаа вэ?

-Манайх мянга гаруй хүнтэй. Одоохондоо хүмүүсээ арай халчихаагүй байна. Эхний ээлжинд хүмүүстээ цалинг нь тавья, өгөхгүй гэвэл татварыг нь л өгөхгүй байя. Хүн ажилтай байж татвар төлдөг. Хүмүүсээ халчихвал татвараа яаж төлөхөв. Нэгдүгээрт банкны зээл, хүн хоёроо аргалаад явъя гэж бодож сууна.

-Татварынхны дарамт их байгаа юм байна даа?

-Нийгмийн даатгал, татвараас шүүхэд өглөө гэж байгаа л даа. Өмнөөс нь хүнээ халах юм уу гэсэн яриа үүсгээд ажиллаж байна. Эдийн засаг таагүй энэ үед татварыг ойлгох гэж оролдож байна л даа. Дээр дооргүй санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Төсөв тасарлаа, та нар мөнгө олж ир гэхээр яах ч арга байхгүй биднээс нэхэж таарна. Төлж байсан бид нь төлөхөө больчихоор хэцүү. Хаана, хаанаа мөнгөгүй болсныг татварынхан ч ойлгож байгаа.

-Эдийн засаг ирэх жил энэ хэвээр таагүй байвал хүнээ халахгүйгээр ажиллаж болох нь уу?

– Ер нь байдал хүнд байгаа. Хүнээ халахгүйгээр цалингаа өгөөд он дуустал зүтгээд үзье гээд ажиллаж байна. Ирэх онд эдийн засаг энэ хэвээр таагүй байвал урт хугацаатай чөлөө өгөх, хүнээ цомхотгох зэрэг арга хэмжээ авах байх. Сая “Хас” банк манай хорь гаруй тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилээр хойшлуулж өгөөгүй бол элгээрээ хэвтэх байсан. Том дэмжлэг боллоо. ХААН, Худалдаа хөгжлийн банктай зээлээ хойшлуулах талаар ярьж байна. Хойшлуулж өгөх болов уу гэж найдаж байна.

-Уул уурхай, геологийн салбарт бизнес хийж байсныг тань мэднэ. Ер нь яаж яваад асуудал ихтэй газар тариалан руу орчихов, гантай жилүүдэд тэгж их хөрөнгө оруулаад?

-Газар тариалан руу мөнгө хийхийн оронд банкинд хийчихээд хүүг нь аваад явбал дээр байж магадгүй. Хар багаасаа газар тариалангийн зовлон, жаргалыг мэдэрч өссөн болохоор чин хүслээрээ тариа тарьж эхэлсэн. Би чинь 15 хүүхэдтэй айлын тав дахь нь. Говь-Алтайн Бигэрийн хүн. Аав, ээж хоёр минь мал маллаж, тариа ногоо тарьдаг байлаа. Миний өвөө, аав хоёулаа тариачин. Хөлөөрөө хүрз гишгэж, үхэр тэрэг хөтөлж явсан үеийн тариачид. Аав тариа тарьдаг улс цөөрлөө, байгаа хүмүүсээрээ заалгаж авъя гээд тэр хавийнхаа залууст тариа тарихыг зааж байсан хүн. Миний аав янз бүрийн юм их тарьдаг хүн байсан. Газар тариалангийн салбар руу ороод зүтгээд байгаагийн шалтгаан энэ л дээ.

-Аав, ээжээс 15-уулаа гэхээр ёстой бужигнаж өсчээ?

-Өө, бужигнаж өсөлгүй яахав. Бид чинь их хатуу хуваарьтай. Айргаа бүлэх, аргал түүх, малынхаа баасыг арилгах, үхэр, хонь саах гээд бүх ажил хуваарийн дагуу. Зун болохоор айлын эмээ нарт хуваарилагдаж очно. Тугалыг нь татаж, хонинд нь явж өгнө. Намар хичээл орохын өмнө цагаан цууямбуугаар хийсэн цоо шинэ цамц, шарваартай ирдэг байлаа. Намайг бизнест ороход нөлөөлсөн хүн бол том ах маань. Монголын анхны программистуудын нэг. Ахынхаа мөнгөөр хөл дээрээ босч байсан юм. Ах маань олсон мөнгөө хармаалдаг номын хүн. Би өнөөхийг нь авч үрж үржүүлдэг ажилтай байлаа.

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Салбартаа манлайлж, бүгдээрээ онц холбоочин болсон нэг ангийнхан

Улаанбаатар төмөр замын техникумын Утсан харилцааны ангийг 1970 онд төгссөн нэг ангийнхантай уулзлаа. Тэд 1966 оны хавар сургуульдаа элсэн орж нэгдүгээр курсийн оюутнууд болцгоожээ. Тухайн үеийн техникумд ерөнхий боловсролын сургуулийн долдугаар анги төгссөн сурагчдыг элсүүлдэг байсан гэнэ. Хавар нь техникумд элсэн орсон хүүхдүүд намар есдүгээр сарын 1-нд хичээлдээ явна даа гэж бодож байтал наймдугаар сард сургууль дээр нь дуудаж намрын ургац хураалтын ажилд дайчлах болсон тухай дуулгажээ. Ингээд бие биетэйгээ танилцаж ч амжаагүй байхдаа буюу хичээл эхлэхээс өмнө Зүүн хараагийн сангийн аж ахуй руу явцгаажээ. Тэр үед ямар тохилог унаа, автобус байсан биш, “ЗИЛ-130” автомашины тэвшин дээр суугаад Зүүнхараад очиж байсан гэнэ. Хөдөө очсон хойноо ангийнхан болон багштайгаа танилцжээ. Насаар нь тооцвол дунд сургуулийн наймдугаар ангид орох хуваарьтай ч хэдийнэ нэгдүгээр курсийн оюутан болсон тэднийг дааж авсан багш нь Л.Чойжилсүрэн. Л.Чойжоо багш дөлгөөхөн, уур уцааргүй, аливаа зүйлд тун тайван ханддаг, оюутнууддаа аль болох сайн сайхныг үлгэрлэхийн зэрэгцээ амьдралын ухаанд сургасан хүн байжээ. Харин нэг ангид тохой залган суухаар Баян-Өлгийгөөс Я.Хадий, Өмнөговиос Ц.Цэнд-Аюуш, Дорнодоос М.Лхагвасүрэн, Өвөрхангайгаас Ж.Мягмарсүрэн, Т.Сосорбарам, Дарханаас О.Мягмарсүрэн, Ховдоос Т.Гочоо, Увсаас Л.Нямаа, Хэнтийгээс Намжилдулам, Булганаас Лхамжав нарын залуус цугласан байв. Тэдний сонгосон мэргэжил утсан харилцааны техникч ч гэлээ эхний хоёр сар ургацын төмс хурааж амьдралын ухаанд суралцсан гэдэг. Сангийн аж ахуй дээр ингэж ажиллахад хөгтэй, хөөртэй, паянтай, адал явдалтай зүйл олон тохиолдоно. Очоод охид, хөвгүүдээрээ хуваагдан майханд байрласан болохоор намрын сэрүүнд өглөө, оройдоо даардаг байсан тухайгаа хожим инээд хөөртэй ярилцаж сууна. Тус ангийнхан сургуулиа төгссөн 45 жилийнхээ ойг саяхны хэдэн өдөр тэмдэглэж анги олноороо цуглан Хандгайт дахь амралтын газар долоо хоног амарцгаажээ. Багын явдлаа дурсан инээд хөөртэй амарч байх үеэр нь очиж уулзахад “Биднийг сургуулиа төгсөхөд Бакугийн хорин зургаан комиссар шиг гэж нэрлэж байсан. 45 жилийн дараа ангиараа дахин уулзахад есөн сайхан нөхөд минь бурханы оронд заларч 17-уулаа үлджээ” гэсээр угтсан юм.

Эдний ангийнхан юуны түрүүнд сургуулийнхаа сургалт сайн байсан гэдгийг онцолж байна лээ. Математикийн багш Дуламжав, мэргэжлийн багш С.Дашдондог, Л.Чойжилсүрэн, Д.Цэвэлмаа, Сэнжидмаа, захирал Самбуу, хичээлийн эрхлэгч Батдэлгэр нарын ачаар холбооны техникч мэргэжил эзэмшсэнээ дурсан ярив. Сургуулиа төгсөөд улсад 30-40 гаруй жил ажиллахдаа эх орныхоо олон аймаг, сум, төвд алхмын АТС (автомат телефон станц) кординат электрон АТС гээд гурван төрлийн станцыг дамжин эзэмшжээ. Энэ хугацаанд олон сувгийн нягтруулсан аппаратур, Радио релений станц, радио узель, дахин дамжуулах төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг хийж ирсэн байна. Нэг ёсондоо Монгол Улсын харилцаа холбооны түүхийг тус ангийнхан хамтдаа бичилцэж иржээ. Эдний ангийнхнаас мэргэжлээрээ бусдыгаа манлайлан яваа хүн олон. Сургууль даяараа онц сурлагатан гэж алдаршсан Ш.Мижиддорж Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсөж улмаар Ленинград хотод цэргийн холбооны академийг улаан дипломтой дүүргэжээ. Л.Хүрэлбаатар Украины Одесын техникийн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр, З.Нэргүй МУИС-ийг амжилттай төгссөн байна. Сургуулиа төгсөөд Н.Нармандах, Ц.Батмөнх, Я.Сайханжав нар холбооны сургалтын төвд багшаар ажилласан бол М.Лхагвасүрэн Дорнод аймгийн холбоонд инженер, Баян-Өлгийд Я.Хадий, Өмнөговь аймагт Ц.Цэнд-Аюуш, Өвөрхангайд Ж.Мягмарсүрэн, Т.Сосорбарам, Ч.Тэрбиш, Дарханд О.Мягмарсүрэн, Ховдод Т.Гочоо, Улаанбаатар хотын телефон радио ашиглалтын хороонд Д.Нарангэрэл, Д.Оюунгэрэл, Х.Хүрэлбаатар, Н.Нармандах, Увсад Л.Нямаа, цахилгаан холбоонд Цэрэннамжил, Хэнтийд Намжилдулам, Булганд Лхамжав нар телефон станцын техникч, ээлжийн ахлагч, инженер зэрэг ажлыг хийж байсан гэнэ. Мөн хилийн цэргийн холбооны ангийн захирагчаар М.Мижиддорж, хилийн цэргийн холбооны салбарт хошууч Г.Найдансүрэн, Налайхын холбооны газрын дарга Р.Бадарч, ардын цэргийн армийн салбар ангид Я.Сосорбарам, М.Сувдсүрэн, МҮЭ-ийн соёлын төв ордны ерөнхий инженерээр Л.Хүрэлбаатар, УКТЭ-ийн холбооны салбарт Н.Нармандах, “Монцамэ”-гийн телетайпын төвд Д.Адьяабат, цэргийн хамгааллын газарт дэд хурандаа Сосорбарам нар эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажилласан байна. Салбартаа амжилттай ажилласан тэд өдгөө бүгдээрээ салбарынхаа тэргүүний ажилтан, онц холбоочин, хүндэт холбоочин, мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цолтой гэсэн. Мөн төр засгаас одон медалиар шагнуулсан хүн цөөнгүй. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Я.Хадий, Алтан гадас одонгоор Н.Нармандах, З.Нэргүй, Г.Нандинцэцэг, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор дэд хурандаа Ш.Мижиддорж, дэд хурандаа Т.Сосорбарам, хошууч Г.Найдансүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Адъяабат, М.Лхагвасүрэн, Ардын хувьсгалын болон түүхт ойн медалиар Я.Сосорбарам, М.Сувдсүрэн, ахмад Ц.Батмөнх, ахмад дэслэгч Я.Сайханжав, Ч.Тэрбиш тус, тус шагнуулж байсан юм байна.

Ангийнхны хөгтэй, хөөртэй, паянтай дурсамжийг ам уралдан ярьж өглөө. Тэдний сэтгэлд сангийн аж ахуйд ажилласан анхны намар тод дурсамж үлдээжээ. Өглөө бүр 06 цагтай уралдан босох эхэндээ хамгийн хэцүү санагддаг байсан гэнэ. Ялангуяа хөвгүүд багш нарынхаа дуудсан цагт босож чадахгүй. Тэгэхээр багш нар хөнжлийг нь сөхөж байгаад хүйтэн ус цацахаар уйлаан майлаан болох нь холгүй огло харайн босдог байсан гэнэ. Охидууд ч яахав эхний долоо хоног нойрмоглоод сүүлдээ багшийгаа дуудахаас ч өмнө босчихсон явж байдаг болжээ. Ингээд өглөөний цайндаа орно. Хүүхдүүдэд нэг, нэг зүсэм талх хар цайтай л өгдөг байж. Талхныхаа ширхэг бүрийг амтлах нь холгүй идэж аваад талбайд гарна. Тэндээ үдээс өмнө борви бохисхийлгүй ажиллаж байгаад өдөр буцаж ирээд хоолоо иддэг байжээ. Хоол нь бас л олигтой цатгахааргүй, махгүй шахуу ногоотой шөл. Уг нь амт шимт сайтай ч гэлээ зарим хөдөөний оюутнууд ногоо идэж сураагүй болохоор хий дэмий л дан шөлөө уудаг байсан гэнэ. Оройдоо мөн л иймэрхүү маягаар хооллож бүтэн хоёр сар ажиллахад ихэнх нь дор хаяж гурван кг жин хассан байдаг байжээ. Хавар мөн л зуны ажилд дайчлагдана. Аль нэг аймаг руу малын хашаа барих ажилд голдуу явдаг байсан гэнэ. Сургуулиа төгсөн төгстөлөө ингэж явсан нь тэднийг хар бор ажилд сургаж амьдралын ухаантай болгосон гэнэ. Хожим гэр бүл зохиож амьдрал дээр гарсан хойноо нэг минут зүгээр сууж чадахгүй болтлоо хөдөлмөрийн амтыг мэдэрчээ. Тийм тулдаа ангиараа салбарынхаа тэргүүний ажилтан болж, онц холбоочин цолоор шагнуулсан байна.

Бас нэгэн дурсамжтай үйл явдал 1970 оны хавар болжээ. Тэр жилийн дөрөвдүгээр сарын 22-нд Ленин багшийн мэндэлсний 100 жилийн ой болж ангиараа Улаанбаатар депо дээр их цэвэрлэгээ хийж гэнэ. Гэтэл тэр өдөр цасаар шуурч, хаврын тэнгэр аашаа гайхуулсан зэвэргэн өдөр байж. Хүн бүр дулаан газар руу шургалж байхад их цэвэрлэгээ хийгээд хөлдөж үхэхээ шахсан банди нар “Энэ муу Лениний төрсөн өдөр очиж очиж ийм өдөр таарахдаа яахав дээ” гэлцсэн байна. Гэтэл энэ яриаг багш нар хаанаас ч юм олоод сонсчихжээ. Улмаар улс төрийн хэрэгтэн болгох шахаад эвлэлийн ажлыг муу хийсэн хэмээн дүгнэж сургуулийн дэргэдэх гахайн хэвтрийг бүтэн долоо хоног цэвэрлүүлсэн гэнэ. Ингэж инээдтэй, хөөртэй оюутан цагийн өдрүүд ангиасаа нэгэн хосыг төрүүлсэн нь Л.Хүрэлбаатар, Н.Нармандах нарын гэр бүл. Тэд сургуулиа төгсөх жилээ дотносон үерхэж эхэлснээр ангиас төрсөн цорын ганц гэр бүл болжээ. Тэдний ууган хүүхэд өдгөө 45 настай гэсэн. Нэг ангиас гэр бүл болж нийслэл хотдоо өрх тусгаарласан болохоор хөдөө, гадаанаас ирсэн ангийнхан нь дандаа эднийд цугладаг гэсэн. Эхнэрийг нь, нөхрийг нь танихгүй гэх зүйлгүй болохоор хотод ирсэн ажлаа амжуулаад нутаг руугаа буцталаа Л.Хүрэлбаатар, Н.Нармандах хоёрындоо байдаг юм байна.

Дурсамж хөглөсөн оюутан залуу насаа 45 жилийн дараа дурсаж буй Улаанбаатар төмөр замын техникумын Утсан харилцааны ангийн оюутнууд дараагийнхаа уулзалтыг 2020 онд буюу төгсөлтийнхөө 50 жилийн ойгоор хийхээр товложээ.

С.АЛТАН

Categories
мэдээ соёл-урлаг

Дуу хөгжим “нүдэнд харагдаж, гарт баригддаг” болсон нь

Эрт цагт нэртэй дуучид, хөгжимчдийг зөвхөн хажуунаас нь л сонсох боломжтой байв. Гэвч энэ нь дуурийн театр орох боломжтой дээдсүүдийн хүрээнийхэнд л хамааралтай байсан юм. Өнөөгийн CD, DVD болон дуу авиа, хөгжмийг хадгалах тоног төхөөрөмжүүд нь хүн төрөлхтний гайхалтай бүтээлүүдийн нэгд зүй ёсоор багтах билээ. Тэгвэл хүмүүс хэзээнээс дуу хөгжмийг хадгалан үлдээх болсон юм бол… Энэ тухай сонирхоцгооё.

Эгшигт хайрцаг

Хүн төрөлхтөн дуу хөгжмийг бичиж, хадгалан үлдээх болсон нь дундад зууны үеэс эхтэй аж. Хамгийн анхны дуу бичиж, хадгалах төхөөрөмж бол эгшигт хайрцаг юм. Францын зохион бүтээгч Лион Скотт 1857 оны үеэс дуу авиаг хадгалан үлдээх төхөөрөмжийн талаар бодож эхэлжээ. Тэрээр дууны чичирхийлэх долгионыг цаасан дээр буулган хурааж аваад, түүнийгээ ямар нэгэн хайрцагт хадгалах боломжтой гэж үзэж байв. Түүний бүтээсэн анхны дуу хадгалах төхөөрөмж нь дуугаа давтан сонсох боломжгүй байсан аж. Лион Скоттын санааг алдарт зохион бүтээгч Томас Эдисон төгөлдөржүүлж 1877 онд анхны дуу хураагуур буюу эгшигт хайрцгийг бүтээжээ. Тэрээр цаасан соронзон хальс дээр дууг хураан авах аргыг нээсэн юм. Түүний бүтээсэн эгшигт хайрцгийг давирхайгаар хийсэн цилиндртэй дуу хураагуур хэмээн нэрлэж байв.

Аудио бичлэг буюу кассет

1928 онд Германд Фриз Плеймэр гэх хүн соронзон туузыг дуу бичихэд зориулан зохион бүтээжээ. Плеймэр бүтээлдээ т (Fe2O3)-н нунтгаар бүрсэн урт нарийн цаасыг ашигласан байна. Энэхүү бүтээлийг дуу бичлэгийн машин үйлдвэрлэдэг Германы цахилгаан барааны “AEG” компани цааш үргэлжлүүлэн хөгжүүлсэн бөгөөд өөрсдөө туузаа үйлдвэрлэдэг байв. AEG-д ажилладаг Эдуард Скүллер 1933 онд соронзон туузны эргүүлэгчийг цагариг хэлбэртэй болгон өөрчилжээ. Анх соронзон туузыг зохион бүтээхдээ тууз эргүүлэгчийг шовх хэлбэртэйгээр зохиосон байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа америкчууд Германаас энэхүү дуу бичдэг төхөөрөмжийг нэвтрүүлж Жак Муллон, Жон Хербэрт Ор, Ричард Х.Ранжер нар улам сайжруулан хөгжүүлсэн байна. Ингэж сайжруулахдаа, олон төрлийн бичлэг хийдэг компакт кассетыг бүтээжээ.

Дээр үед бүтээгдсэн хэдий ч эгшигт хайрцаг, пянз тоглуулагч, кассет зэрэг нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Хүмүүс өдөр тутамдаа эдгээр тоног төхөөрөмжийг ашиглахаа больсон ч цуглуулж, хадгалдаг хүмүүс маш олон.

Пянз тоглуулагч

Өнөөгийн компакт диск буюу CD, DVD-ний өвөг болох пянз тоглуулагчийг АНУ-ын зохион бүтээгч Эмили Берлинэр гэгч бүтээжээ. Эмили Томас Эдисоны зохион бүтээсэн лав цилиндртэй эгшигт хайрцган дээр үндсэн пянз тоглуулагчаа хийсэн аж. Түүний зохиосон энэхүү пянз тоглуулагч нь таван сантиметрийн голчтой, гараар эргүүлж ажиллуулдаг байжээ. Ийм пянз тоглуулагчийг 1899 онд анх удаа Европт худалдаанд гаргаснаар хүмүүс дууг театр юм уу дуучны хажуунаас бус аль дуртай газраасаа сонсох боломжтой болсон юм. Энэхүү шинэ бизнес нь Эмили Берлинерт их ашгийг авчирсан бөгөөд үйлдвэр байгуулах хөшүүрэг нь болжээ. Тухайн үед зөвхөн дээдсийн хүрээний язгууртнууд л пянз тоглуулагч худалдан авдаг байсан байна.

Цахилгаан пянз тоглуулагч

Барууны орнуудад 1920-иод оны дунд үеэс дуу чимээг хадгалан үлдээх илүү хөгжингүй технологиудыг загвар зохион бүтээгчид бүтээхээр оролдож эхэлжээ.

Тухайн үед цахилгаан гэрэл, утас нэвтэрч байсан

бөгөөд нэг ёсондоо цахилгаан бүтээгдэхүүний эрин зууны эхлэл тавигдаж байсан гэж болно.

Энэ үед гарсан технологиудын нэг нь цахилгаан пянз тоглуулагч юм. Хамгийн анхны цахилгаан пянзыг 1925 онд үйлдвэрлэн гаргасан бөгөөд тэр нь Шопены аятай пянз байсан аж.

Энэ үед аудио бичлэг хийх, эвлүүлэхэд ашигладаг соронзон туузны ажиллах зарчим нь өмнөхөөсөө илт сайжирсан байв.

CD-нээс DVD

DVD гэсэн үг нь “Digital Versatile Disc” буюу орчуулбал тоон системийн хөдөлгөөнт мэдээлэл хадгалагч гэсэн утгатай.

Харин CD буюу “com­pact disc” нь “нягтруулсан мэдээлэл хадгалагч” гэсэн утга бүхий үг юм. Түүхийн хувьд CD нь харьцангуй эрт буюу 1970-аад оноос эхтэй. Анхлан цахилгаан бараа бүтээгдэхүүний “Philips”, “Sony” зэрэг компаниуд үйлдвэрлэж эхэлжээ.

Улмаар 1990-ээд оны эхэн үеэс багтаамж сайтай хоёр янзын мэдээлэл хадгалах стандарт диск газар авсан байна.

Энэ нь “Philips” болон “Sony” компанийн гаргадаг “multimedia compact disc” ба бусад компаниас гаргадаг “super density disc” гэх нэртэй дуу хадгалах төхөөрөмжүүд байсан юм. Энэ цагаас алдарт “IBM” корпорацийн ерөнхийлөгч Лоу Герстнер дээрх хоёр стандартыг нэгтгэх зорилго тавьжээ. Ийнхүү өнөөгийн DVD бий болсон байна. Илүү их багтаамжтай DVD нь 1995 оны арванхоёрдугаар сараас эхлэн худалдаанд гарсан бөгөөд 5GB багтаамжтай байжээ.

1990-ээд оны үеэс эхтэй боловч 2003 оноос эхлэн Америк, Европ, Австралид DVD-ний хөгжил илүү хүчээ авсан гэж болно. Харин орчин үед дуу хөгжмийг утас, компьютер гээд цахим орчинтой бүхий л газраас хүлээн авч сонсох боломжтой болжээ.

ЗӨВЛӨГӨӨ

Зурагдсан CD, DVD-г хэрхэн цэвэрлэх вэ

CD, DVD бага зэрэг л зурагдахад хөгжим, DVD тоглуулагч голж, гацан сонсоход хүндрэлтэй болдог. Түүнийг гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх талаар зөвлөе.

-Цэвэрлэх хэрэгсэл: Гадил жимсний хальс, шүдний оо эсвэл метал өнгөлөгч, зөөлөн алчуур.

Алхам 1. Эхлээд CD-нийхээ гадаргууг цэвэрлэнэ. Халуун бүлээн усаар бага зэрэг савандаад угаах хэрэгтэй. Хүчтэй үрж угааж болохгүй. Угаахдаа дотор талаас нь гадагш чиглэлтэйгээр угаагаарай.

Алхам 2. Саванг усаар зайлж угаагаад усыг нь сэгсрээрэй. Бүрэн хатаж дуусахаар нь тоглуулагчид хийгээд ажиллах эсэхийг шалгаарай. Учир нь ихэнх тохиолдолд савангаар угаасны дараа зурагдсан хэсгүүд арилсан байдаг юм.

Алхам 3. Хэрвээ гарахгүй бол та өөр арга хэрэгслүүдээ ашигла. Гадил, шүдний оо, метал өнгөлөгч аль нь ч байсан таван минут үрээд усаар сайтар угааж хатаах хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бяслаг элэгний өвчин, ясны үрэвсэл, чихрийн шижинг анагаадаг

Монголчууд
бид эрт дээр үеэс цагаан идээ хэрэглэсээр ирсэн. Цагаан идээ хүний бие махбодод
их ач тустай. Монгол бяслагийн тухайд гэхэд элэгний өвчин, чихрийн шижин зэрэг өвчний
эсрэг ерөндөг гэж ойлгож болно.

Бяслагийг
дээд зэргээр боловсруулсан ээдэм гэж нэрлэдэг нь ч учиртай. Бяслагийн бичил биетүүд
сүүний уураг, тос, нүүрс усыг задалж, хүний бие махбодод шингэхэд хялбар энгийн
нэгдэлд хувирдаг гэнэ. Тиймээс ч бяслаг үл орлох амин хүчил, кальци, фосфорын найдвартай
эх үүсвэр юм. Бяслагийг өнө эртнээс сувиллын зориулалтаар түгээмэл ашиглаж иржээ.
Эртний их мэргэн Гиппократын тэмдэглэлд бяслагийн үнэт чанарыг дурдсан байдаг бөгөөд
тухайн үед Олимпийн тэмцээнд оролцох хүмүүсийн хүч тамирыг нэмэгдүүлэх зорилгоор
бяслаг ихээр идүүлдэг байжээ.

Одоо цагт
бяслагийг ээдмийн нэг адил чихрийн шижин, элэгний өвчин, ясны үрэвсэл, цус багадах,
цөсний өвчний үед түгээмэл хэрэглэж байна. Түүнчлэн цагаан хоолтон хүмүүсийн уургийн
нэг эх үүсвэр нь бяслаг болдог. Их гүйлгэдэг хүмүүс бяслаг идээд ходоодны үйл ажиллагаагаа
сайжруулдаг. Судлаачид бяслагийг хатуу төлөвтэй пробиотик бүтээгдэхүүн гэж үздэг.
Пробиотик гэдэг нь ашигтай бичил биетийн өсгөврөөр сүүг хөрөнгөлж бэлдсэн эсэг цагаан
идээ юм. Бяслаг нь үнэхээр хүний бие махбодод эерэг нөлөөтэй олон төрөл, омгийн
бичил биетийг агуулдаг учир хүнс тэжээлийн төдийгүй сувиллын ач холбогдолтой гэж
эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөдөг.

Монгол аргаар
боловсруулсан бяслаг эмчилгээ, сувилгааны хоолны жоронд сүүлийн үед ихээр орох болсон
нь эрүүл мэндэд сайн нөлөөтэйнх ажээ.

Л.Цэнгэл

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бүгд найрамдах Халх гол ард улс” гэж байгуулагдаж байна уу нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн дугаар хэвлэгдэж, Монгол орон даяар түгээгдлээ. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэж, ямар сонирхолтой ярилцлага, ямар шуугиант нийтлэл, мэдээллүүд хэвлэгдэж гарсныг хүргэе.

Даваа гариг бүр уламжлал болгон хүргэдэг “Танайд өнжье” буланд “Улаанбаатарын шилдэг өрх, угтаа малчин Балсангийн Сүхээгийнх” сурвалжлага тэмдэглэл гарлаа. Сонины нэг, 12, 13 дугаар нүүрээс Балсангийн Сүхээгийнд өнжсөн тэмдэглэлийг уншаарай.

Харин Улс төрийн мэдээллийн булангаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн ярилцлагыг хүлээн авах боломжтой. Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Энэ тухай эрхэм гишүүн ярьсан юм. Мөн түүнчлэн судлаач Д.Золбоогийн “Си Жиньпиний айлчлалыг Хятад, Британийн харилцаанд алтан үе эхэллээ гэж тодорхойлсон” хэмээх ярилцлагыг хүргэж байна.

Түүнчлэн “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрт ““Бүгд найрамдах Халх гол ард улс” гэж байгуулагдаж байна уу?” нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлч Норовын Гантулгын уг нийтлэл Халх гол чөлөөт бүсийн асуудлыг хөндсөн юм.

Энэ намрын “сэдэв” газар тариалангийн салбар байлаа. Уг салбарыг тодорхойлогчдын нэг “Гацуурт”-ын Л.Чинбат захирлын ярилцлага 17 нүүрт хэвлэгдэж гарлаа. Тэрбээр томоохон талцал маргаан дэгдээгээд байгаа тариалангийн салбарын талаар болон бизнес, улс төрийн чигтэй олон асуултад хариулсан юм. Алдаж оносон ч бай буцах эрхгүй орсон салбараа босгож ирнэ гэж нэгэн асуултад хариулахдаа хэлсэн юм. Түүнчлэн Р.Бурмаа сайдыг буруу ойлголт өгч байна гэж онцлов. “Надад улс төрд орох боломж, сонирхол бүх талаасаа байхгүй” гэж хэлснийг нь дуулгаад “Өдрийн сонин”-оос бүрэн эхээр нь уншихыг хүсэж байна.
Мөн хотын даргын хүү Б.Чулуудай манай сонинд ярилцлага өглөө. Түүний “Грийн лайн” компанитай холбоотой шүүмжлэлүүд дэгдэж, аавыг нь буруутгах хандлага нийгэмд байдаг. Хүүгийнхээ компанид тендер авч өглөө гэхчилэн цахим ертөнцөд үе үе шуугидаг.
Гэвч тэрбээр асуудал гарах үед хэвлэлд ярилцлага өгч тайлбар тавьж байсангүй. Энэ удаа манай сонинд томоохон ярилцлага өгч, бодит байдлаа өгүүллээ.
Олон нийтийн хардлага үнэн үү эсвэл бодит байдал өөр үү, хийж бүтээж явахад юу тохиолддог юм бэ гэдгийг өнөөдрийн дугаараас хүлээн авч уншина уу.
Эдгээр болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан тухай, “Макс” группын Д.Ганбаатарын сартай хээр дэлхийн том уралдаанд түрүүлсэн тухай, дэлхий дахины мэдээ, цаг үеийн мэдээллийг өнөөдрийн дугаарт нийтэллээ.

“Өдрийнсонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас авч болохоос гадна бусад сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөнзавъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Минийдэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс гадна “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаарай. Энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Харин цахим хэлбэрээр захиалах бол 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Л.Отгонбаатар Абу Дабигийн “Их дуулга”-д түрүүллээ

“Абу
Даби-2015” олон улсын жудо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох
Гранд Слам тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 90 кг-ын жинд ОБЕГ-ын
“Аврагч” спорт хорооны бөх ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар аваргын
алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Нидерландын бөх тэмцээний чансааг
тэргүүлэгч Ноёл ван Ти Эндтэй барилдаж, 4:25 минутад үүрэх мэхээр цэвэр ялж, Их
дуулга ангиллын анхны түрүүгээ авлаа. Харин -78 кг-ын жинд ОУХМ Пүрэвжаргалын
Лхамдэгд хүрэл медалийн төлөө Нидерландын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар
байранд шалгарлаа. Ингэснээр манай тамирчид Абу Дабигийн “Гранд
Слам”-ыг 1 алт, 1 мөнгө, 1 тавдугаар байрын шагналтай дуусгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Чулуудайн ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

Хотын даргын хүү Б.Чулуудай манай сонинд
ярилцлага өглөө. Түүний “Грийн лайн” компанитай холбоотой шүүмжлэлүүд дэгдэж,
аавыг нь буруутгах хандлага нийгэмд байдаг. Хүүгийнхээ компанид тендер авч
өглөө гэхчилэн цахим ертөнцөд үе үе шуугидаг. Гэвч тэрбээр асуудал гарах үед
хэвлэлд ярилцлага өгч тайлбар тавьж байсангүй. Энэ удаа манай сонинд томоохон
ярилцлага өгч, бодит байдлаа өгүүллээ. Олон нийтийн хардлага үнэн үү эсвэл
бодит байдал өөр үү, хийж бүтээж явахад юу тохиолддог юм бэ гэдгийг “Өдрийн
сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авч уншина уу.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай
маргаашийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт
холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ
БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ