Юмгүй тусмаа нүүхэд амар
…ХХ зууны эхэн ба түүнээс өмнө монгол нутгаар аялсан хүмүүс нэгэн зүйлийг онцлон бичсэн байдаг. Тэд “Энэ нутагт банк гэж байхгүй.Тэр талын ойлголт ч үгүй. Хуримтлал үүсгэх сэдэл бодол бүр ч алга. Нэг л их олон мал, их төлөв адуу өсгөчихөөд, тэрийгээ хараад л баясч суудаг” хэмээн санаа нийлэн тэмдэглэжээ.
Эндээс дараахь асуултууд гарна. Бид баялаг хуримтлал үүсгэх дургүй, энэ насанд хэрэгтэй хөрөнгө хураахын оронд ирэх төрөлд өгөөжтэй буян хураах ажилд шулуудсан гэгээрэгсэд үү? Эсвэл хөлжих, юмжих арга ухаанаа олохгүй явсан хэрэг үү? Ерөөсөө хувь тавилангийн эрхшээлд ороод хураах хуримтлуулахаас гадуур бойжсон юм уу?
Ирээдүйдээ зориулсан хуримтлал үүсгэх нь хүний төдийгүй, ерөөсөө амьтны зөн л дөө. Хулгана хөеө хурааж, хэрэм самар нөөцөлнө. Хүн илүү холыг харж энэ жил, ирэх жилийн хүнс байтугай, энэ насанд өөрөө хэрэглээд барахгүй баялаг бүтээн үр хүүхдэдээ өвлүүлнэ. Харин хойтонгийн хөеө нөөшөө хураадаг амьтан гэж үгүй. Тийм учраас хураах зөн бүх хүнд, монгол хүнд ч байгаа. Мөн гэгээрсэн барьсан тухай асуудлыг орхиё. Ингээд харахаар бидний аж амьдралын хэвшилд олон юмны учиг байна.
Хураах ба нүүх гэдэг хоёр үг эсрэг утгатай. Хураахын хэрээр хүний амьдрал суурин болж тухайн газар оронд уягдаж, тэндээсээ салах аргагүй болж байдаг. Харин нүүхийн хэрээр ачаа хөнгөрч, хуримтлал нимгэрч, аливаа хэрэгцээгээ гарын доорхи материалаар, тухайн газар оронд таарах бэлэн зэхээний зүйлсээр хангаж сурна.
Малчин хүний ирээдүйн хувцас болох учиртай арьс хотондоо налайж, түүнийг арчлах үүргийг хонь өөрөө хариуцаж, хожмын өдөр түлэх аргал үхрийнхээ гэдсэнд боловсорч явах тул маргааш хэрэгтэй юмыг нөөцлөх хэрэг байхгүй. Хэрвээ ирэх жилүүдэд өмсөх дээл, хожмын өдөр түлэх аргал түлшээ хуримтлуулбал ачаа хүндэрч, нүүж чадахгүйд хүрнэ. Нүүж чадахгүй нүүдэлчин гэдэг бол мөхөлдөө тулсан нүүдэлчин мөн. Хураасан аргал, овоолсон бараагаа буурин дээрээ орхиод нүүх нь бөөхөн алт мөнгө хураачихаад эдэлж чадалгүй үхэж байгаатай агаар нэг. Тэгээд ч шүтдэг бурхан нь “хэзээ нэгэн цагт өршөөлгүй орхих эд агуурсыг бүү хураа, үхэхийн цагт түүндээ сүнс хоргодож чөтгөр болмой” хэмээн сургадгийг хэлэх үү?
Сайн гаанс, хөөрөг, эхнэр хүний чимэг, малын тоног хэрэгсэлд орсон үнэт чулуу, алт эрдэнэс, металл, мөнгө нь хадгаламжийн бараг цор ганц хэлбэр байсан ажгуу. Гэвч гаансны урт, хөөрөгний овор нь түрийний урт, өврийн зайгаар хязгаарлагдана. Эхнэрийн толгойг чимэх лимит хэтэрвэл явах байтугай сууж хүчрэхгүйд хүрнэ. Эмээл хазаартаа морины даацаас хэтэрсэн металл хэрэглэж болохгүй. (Ер нь эмээлийн мөнгөн баавар, даруулга энэ тэр бол ая тух, аюулгүй байдлыг ихэд хохироосон дизайн шүү дээ)Ийм болохоор эд хураах, хөрөнгө хуримтлуулах боломжгүй болсноо нүгэл хилнц, зовлонгийн сурвалжаас зугтаах утгаар харж тайтгарах бөлгөө.
Магадгүй, монгол хүний хийдэг байсан цор ганц хуримтлал нь зун намарт малдаа тарга сайн авахуулах явдал байсан байх. Нэгдүгээрт энэхүү өөхөн хуримтлал нь өвлийг цатгалан давах хүнсний чанарыг дээшлүүлнэ. Хоёрдугаарт тарган мал өвөл, хаврын хатуу цагийг энх мэнд давж, онд орох магадлал нэмэгдэнэ.
Буруу хөлнөөс эхэлсэн алхам
ХХ зуунд монголчууд нүүдэлчин амьдралаа орхин суурьшиж, хотшиж эхэлсэн боловч өмч ба хуримтлалын тухай үзэл санаа төлөвшсөнгүй. Төлөвших байтугай бүр ч гаж болон хувирч, буруу бороолсон ясны хугарал аятай болов. Сая суурьшин хотшиж буй монголчуудын үзэл санааны хөтөч болсон коммунист сургаал нь хувийн өмчийг буруушаана. Улмаар, өмч гэхээсээ илүү амьжиргааны хэрэгсэл болж байсан хэдэн малыг нь хураан авч нийгэмчилжээ.
Тухайн нийгмийн үзэл суртлаар бол “хувийн өмч”, “капиталын хуримтлал”, “хөрөнгөт нийгэм”гэсэн үг хэллэг шууд л дайсны тал ба дайсанд үйлчилдэг хүчин зүйлийг заана. Нүүдэлчин хүний прагматик өнгөөс харахад социализм байгуулахад хохироод байх юм алга. Учир нь үзэн ядаж, дайсагнаж, гадуурхах учиртай тэр зүйлс өөрт байхгүй, байгаа ч үгүй зүйлс ажгуу.
Хүмүүс суурьшин иргэншихийн хэрээр баялаг хуримтлал үүсгэдэг, бүтээн байгуулагч болдог. Гэтэл нүүдэлчдийн анх заалгасан номлолоор бол өмч хөрөнгө улсын мэдэлд байхаараа хүн ардад тустай аж. Тал нутагт боссон анхны үйлдвэр завод, бүтээн байгуулалт нь улсын өмч дээр тулгуурласан тул нээрээ ч тийм болов уу гэмээр. Феодалын хуучин хоцрогдол нь өчигдөр мэт санагдах ба аминдаа малтай байснаас л болоод тэгж баларсан гэдэгт ч үнэмшмээр ажээ.
Чухам итгэл үнэмшлийн энэ инерц өнөөдөр МИАТ-ийг хувьчлах, Төрийн банкыг хувьчлах, нийгмийн салбарыг хувьчлах үйлсэд садаа болж байна. Яг л “Ленин амьд, бүхнээс амьд” гэдэг шиг өмч хөрөнгө улсын мэдэлд байж гэмээнэ сая ард түмэнд ашгаа өгнө гэдэг ХХ зууны итгэл амьд, бүхнээс амьд хэвээрээ ажгуу.
Мэдлэгээс давсан дадал
Монголчууд 1990 оны ардчилсан хувьсгал, социалист системийн задралын дараагаар зах зээлд шилжлээ. Хууль эрхийн хүрээнд, ерөөсөө өмчлөлийн хүрээндээ энэ бүхэн харьцангуй амархан байжээ.
Харин хөгжлийн замаа, ялангуяа үзэл суртал, сэтгэлгээний чиг хандлагаа ХХ зууны төгсгөлийн 10 жилээс цаашаагаа шинээр эхлэн, хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн явж байна гэж үзсэн нь учир дутагдалтай байжээ.
Гэтэл, малчин нүүдэлчин байхаа болин социализмын замаар суурьшиж эхэлсэн тэр үеэс л бизнес сэтгэлгээний, хөрөнгө мөнгөний, хуримтлал үүсгэх, баялаг бүтээх үзэл санаагаа төлөвшүүлэх хөгжүүлэх хэрэгцээ гарсан байна.
Цаашаа явахын оронд гэдрэгээ ухран, зохих байраа эзлээд цаашаа явна гэсэн үг.
Анх замаасаа гарсан тэр цэгээс, гэхдээ хөгжил дэвшлийн өөр орчинд дахин төлөвших хэрэгтэй.
Аз болоход, нүүдэлчин удамтай монголчууд шинэ юмс үзэгдэлд амархан дасдаг, танихгүй ч гэсэн дэвшилттэй зүйлийг хурдан өөриймшүүлдэг үндэстэн юм. Ийм учраас зах зээлд шилжих, хөрөнгөт нийгэм байгуулах үйл явцыг ХХ зууны сүүлчээр анх хэрэгжүүлсэн атлаа чамгүй амжилттай урагшилж байна. Харахад голмоор байгаа ч харьцуулаад бодохоор чамламааргүй шинэчлэл бишгүй байна. Гэхдээ л хэвлийд төлжих үр хөврөлийн хувирал шигээр алгассан шатныхаа гишгүүр бүрийг өндөр дээд түвшинд давтан зохих дадал, туршлага олж авсаар цаашилж явахаас өөр замгүй. Тэгж ч байх шиг байна.
Харин бидний мах цусанд угаасаа байсан, социализмаар өдөөгдсөн, өмчгүй амьдрах суртлаар хөгжсөн зарим үзэл санаа өнөө ч арилж өгөхгүй ажээ.Өнгөрсөн зуун болон түүнээс цааших үед хамаарах, ухамсарлагдаагүй атлаа ухамсарт гүн шингэсэн дадал зуршил үйлчилсээр.
Жишээлээд, нүүдэлчин амьдрал хурааж хуримтлуулахын эсрэг замд хөтлөөд зогсоогүй гэнэт олдсон баялгийг хоромхон зуур үрэн таран хийх чадвар бас суулгажээ. Аянчин хүний хоол илүүдвэл тогоогоо хөмөрчихөөд хөдлөхөөс өөр замгүй. Яг түүн шиг олдсон, санаандгүй бий болсон баялаг нь ачаалал нэмж, нүүдэлд хүндрэл учруулдаг болохоор газар дээр нь найрлаад дуусгана. (Манайх уул уурхайн баялгийг хэрхэн иргэний хишиг, хуримласны шан, оюутны гар цайлгалт болгоод дуусгасан саяхны явдал үүний тод жишээ. Яг л найман зууны тэртээ дайны олзоо хуваадаг байсан уламжлал ХХI зуунд шинэ нөхцөлд давтагдаж байгаа биз )
Иргэд ч ялгаагүй жаахан мөнгө хөрөнгөтэй болуутаа, түүнээ бушуухан үрэн таран болгож ачаагаа хөнгөлнө. Машин авч байгаа нь нэг талаар мөнгөө юм болгож байгаа, малаа тарган дээр нь алж идэх юм уу, зарж байгаатай төсөөтэй зүйл. Тийм болохоор мөнгийг олдсон дээр нь “үрэх” хэрэгтэй гэж бидний далд ухамсар шивнээд байна. Ийм болохоор иргэнд ч, улс оронд ч хадгаламж, нөөсөн хөрөнгө, үндэсний хуримтлал гэж байхгүй ажаам.
Төр иргэн ялгаагүй, үл хөдлөх хөрөнгө бусад баялгийг төдийгүй, мөнгийг ч ирээдүйдээ зориулан хадгалах чадвар суух цаг хүлээгдсээр. Уул уурхайгаасаа урьдчилан олсон баялгаа цөмөөрөө хуваагаад цохичихсон нь үүний гэрч. Хонь гаргасан айл ойр хавийнхандаа гэдэсний шөл амсуулдаг ёслолын томсгосон хувилбар биш гэж үү? Хөрөнгө баялаг, бүтээн байгуулалт,хадгаламж нөөцийн талаар мэдэхгүйдээ ингээгүй. Мэдээд байгаа юм. Гэтэл мэдлэгээс давсан дадал нь дарангуйлаад байгаа хэрэг. Оюутнууд автобусны хөнгөлөлт нэхээд жагсаад байгаа нь улс төрийн өдлөгтэй холбоотой боловч цаагуураа “засаг төр олсон юмаа нийтэд хуваахгүй, хонь гаргачихаад шөл амсуулахгүй цаанаа жоорлоод байна” гэсэн үндэсний дургүйцлээс үндэстэй юм.
2008 оны хямрал гаднаас нөлөөтэй бэрхшээл байсан. Харин өнөөгийн бидний хямрал бол нүүдэлчний олсноо дор нь үрэх зуршил ба хуримтлал үүсгэх, баялгаа арвижуулах чадвар суугаагүйтэй холбоотой.
Бид маш олон юмыг гайхдаг, орчин үеийн дэлхий ертөнцөөс суралцаад л, өөрсдөө мэдээд, хэрдээ хичээгээд хийсэн зүйлийн үр дүн огт өөрөөр гараад байгааг хараад. Бараг хүн толгойтой болгон нь эв нэгдэл чухал байгааг онцлоод л, нийтээрээ бүтээн байгуулалт чухал болохыг нэгэн дуугаар зөвшөөрөөд л байх боловч эргэн тойрон хагарал, энд тэндгүй нураалт, самралт.
Бид олон юмыг ном дүрмээр нь мэдээд ойлгоод байгаа боловч сэтгэл зүрхэнд нуугдсан далд зөн, эцэг өвгөөс улбаатай нуугдмал совин үйлчлээд байгаа учраас тэр. Ер нь хураах, хуримтлуулах хэрэгтэй гэдгийг хэлүүлэлтгүй мэдээд байгаа боловч хурааж чадахгүй, хуримтлуулж болохгүй байгаагийн учир ч энэ.
Олон хүн ийм жишээ мэднэ дээ, хэн нэг маань жаахан хөлжихөөрөө нэг л сонин, үрэлгэн болно. Эсвэл хөрөнгөө эргэлдүүлэхгүй бүр хав дараад ааш зан нь хувирна. Тодорхой хугацааны дараа хоёулаа нойл дээрээ эргээд оччихсон байна.
Улс үндэстнээрээ, хүнтэйгээ хуримтлалд суралцах цаг үе 1990-ээд оноос эхэлсэн. Гагц өөрийн гэртээ өвлийн идэш, нэгхэн зуны борц бэлдэх бус, малдаа ганцхан өвлийг давах тарга авахуулах бус. Харин гэр бүлдээ насны бизнес, бизнэстээ үргэлжийн тарга тэвээрэг тогтоох учиртай цаг. Ийм учраас мөрөөдөл, үйл хэрэг, эцсийн үр дүн гурвын зөрөөг шинжих цаг. Ийм учраас өөр рүүгээ өнгийн харах хэрэгтэй. Учрыг танихын цагт бүх юм шинээр эхэлнэ. Үндэсний хуримтлал, иргэний нөөцлөл бүрдэж эхэлнэ.