Categories
мэдээ спорт

​Өнөөдөр эдгээр бөхчүүд зодоглоно

Жүдо бөхийн Абу Дабигийн “Гранд Слам”-ын тэмцээн эхэлж байна. Тэмцээнд 88 орны 489 зодоглож байгаа бөгөөд манай 16 бөх зодоглох юм.Тодруулбал, 60 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар “D” хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөөд Мексик, Хонгконгийн бөхчүүдийн хожсонтой эхний барилдаанаа хийхээр оноолт таарчээ. ДАШТ-ий хошой мөнгөн медальтай ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Ц. Цогтбаатар”В” хэсэгт Болгарын Янислав Герчевтэй, учраа таарсан. 66 кг-ын жинд залуу тамирчин Н.Мөнхбаяр Канадын бөхтэй, 73 кг-д Г.Балсанлүндэв Колумбын бөхтэй “Гранд Слам” ангилалын анхны тэмцээндээ зодоглоно.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн бөх Г.Наранцэцэг ОХУ-ын бөхтэй, Э.Гэрэлмаа БНХАУ-ын бөхтэй “Их дуулга”-ын эхний барилдаанаа хийнэ. 52 кг-ын жинд мөн залуучуудын ДАШТ-д оролцон шагналт 5-р байр эзэлсэн П.Буянхишиг олимп, дэлхийн хүрэлтэй Францын Присила Гнетотой барилдах бол Алтанцэцэг АНУ-ын Анжелика Дельгадотой хүч барилдахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг хэлэлцэхийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив. Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын нөхцөл байдалтай хоёр удаа газар дээр нь очиж танилцсан. Алт хууль бусаар олборлогчид ихээр бий болсон байна. Нутгийн иргэд цагдаа болон иргэд хамгаалж чадахгүй, хүчин мөхөсдөж буй учраас төрөөс яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй” гэв.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэхээр болж байна. Уг асуудлыг үдээс хойш хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Бурмаа: Суманд юу болж байгааг аймгийн удирдлагууд, хууль хяналтынхан мэдэхгүй сууцгааж байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллахдаа Халх гол сумаас хөөгдөж ирсэн гэж шуугиад байгаа билээ. Нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа.

Та Халх гол руу ямар ажлаар явав. Зорилгоо биелүүлж чадсан уу?

-Ерөнхийдөө хоёр зорилготой явсан. Эхний зорилго маань тус нутгийн иргэдэд Халх гол чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгөх байв. Хэд хоногийн өмнө Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Халхголын газар ашиглалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэгэхэд Халхголд газар ашиглалтын байдлын дүн мэдээ нэлээд зөрүүтэй байсан. Газрын нэгдсэн санд байгаа дүн, сансраас авсан зураг, Засаг даргынх нь өгч байгаа мэдээ нэлээд зөрж байсан. Нөхцөл байдал ямар байгааг судалж, газар дээр нь очиж ажиллах чиглэлийг Байнгын хорооноос надад үүрэг болгосон. Мөн энэ хэлэлцүүлэг дээр ирсэн ирэдийн төлөөлөл нутагтаа очиж мэдээлэл өгөөч гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймаг, Халхголыг зорилоо. Гэтэл жагсаалтай угтсан. Дорнод аймаг руу явсан миний хоёр дахь зорилго бол иргэд, хилийн цэрэг, застав отрядын албан хаагчидтай уулзах, Халх гол чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох байлаа. Дорнод аймгийн Халх голд ажилласнаариргэдийнхээ санал бодлын анхааралтай сонсож, тэд ямар хэмжээний мэдээлэлтэй байгааг мэдэж авлаа. Мөн Халх гол суманд газар ашиглалтын байдал нэлээд хууль зөрчсөн, ноцтой хэмжээнд байгаа юм байна гэдгийг мэдэж авлаа. Улаанбаатараас олж авч чадахгүй байсан Халх гол сумын ИТХ, болон Засаг даргын захирамжуудыг оллоо.

Таныг очиход иргэд жагсаал цуглаантай угтсан гэсэн. Тэд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

-Орон нутгийн удирдлагуудын хууль бус шийдвэр илчлэгдэх болонгуут тэрийгээ нуун дарагдуулах гэж иргэдийг төөрөгдүүлсэн байна гэж ойлгосон. Ингээд “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах нэрээр Р.Бурмаа сайд гадаадынханд газар өгсөн байна, өгөх гэж байна” гэх цуурхал дэгдээж байна. Жагсаал цуглааны хувьд нэлээд зохион байгуулалттай байгаа мэт анзаарагдсан.“Таны яриаг бид сонсохгүй. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянганар бидэнд хангалттай мэдээлэл өгсөн. Таныг сонсох шаардлагагүй. Та манай газар нутгийг гадныханд өгөх гэж байгаа юм биш үү, бид газар нутгийнхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэх хүмүүс ч байсан.

Та түрүүн Халх голын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтууд олж авсан гэлээ. Ямар мэдээллүүд юм бэ?

-Орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын газар ашиглалттай холбоотой гаргасан захирамжууд л даа. Урьд нь тэднээс энэ тухай мэдээлэл хүсэхэд бүрэн гаргаж өгөөгүй. Харин миний бие газар дээр нь очсоных хилийн боомт, отрядууд гээд энд тэндээс тэдгээр захирамжуудыг цуглуулж авсан. Халх голын орчимд атаршсан 30 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэсэн Засгийн газрын 2010 оны дөрөвдүгээр сард гарсан тогтоол байдаг. Гэтэл үүнээс нэг жилийн өмнө буюу 2009 онд Халхгол сумын Засаг дарга Ц.Сүхбаатар, ИТХ-ын дарга Ц.Насанхүү нарын гарын үсэгтэй тогтоол гарсан байгаа юм. “Хансолмо” гэдэг БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид 30 мянган га газрыг мал аж ахуй, тэжээлийн таримал тарих зориулалттайгаар ашиглах тухай тушаалыг нэг өдрийн дотор гаргасан байгаа юм. Ингэхдээ хэдий хугацаанд, яаж ашиглах нь тодорхойгүй. Нэг ёсондоо хугацаагүй ашиглах зөвшөөрөл гэсэн үг. Энэ нь өөрөө Газрын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн. Тэнд ИТХ, Засаг дарга нар эрх мэдлээ хэтрүүлэн Засгийн газраас илүү эрх мэдэлтэй, дураараа авирласан байна.

Мөн одоогийн Засаг дарга В.Мөнхтайван нэлээд олон мянган га газрыг компаниудад өгсөн байна л даа. Хуулийн этгээдийн бүртгэлээс лавлагаа авахаар “Соёмбо буудай” компанид 1621 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглах эрхийг Засаг дарга В.Мөнхтайван өгсөн байх юм. Энэ компанийн ард Хятадын 95 хувийн хөрөнгө оруулалттай “Erlian Deyu organic Agriculture” гэдэг компани байдаг юм байна. Мөн “Үйзэн тал” гэдэг компанид долоон мянган га, дараа нь 14 мянган га газар гэх мэтчилэн долоо, найман удаагийн үйлдлээр газар өгсөн. Тус компани авсан газраа яг газар тариалангийн зориулалтаар ашигладаггүй. Өөр компанид шилжүүлэг хийгээд тэрний ард ямар үйл ажиллагаа явагддагийг хяналтын байгууллагууд нь шалгах биз ээ.

Халх гол сумын Засаг дарга нар дураараа Төрийн өмчит газрыг өгөөд явж байна. Энэ жил гэхэд 113 мянган га газрыг хадлангийн зориулалтаар ашиглуулахаар өгсөн байна. Аж ахуйн нэгжүүдэд 15 жилийн хугацаатайгаар хадлангийн зориулалтаар газар ашиглуулах шийдвэрийг Засаг дарга В.Мөнхтайван гаргачихсан хэрнээ сумынхааиргэдэд болохоор зуны хоёр, гуравхан сард хадлан авах зориулалтаар газар өгдөг юм байна.

Орон нутгийн удирдлагуудын энэхүү шийдвэрүүдийг иргэд мэдэж байх юм уу?

-Тэдэнд энэ тухай мэдээлэл алга. “Манай нутгийг Улаанбаатараас ирсэн том компаниуд авах гээд байна. Р.Бурмаа сайд гадаадын компаниудад манай газар нутгийг өгчихөж” гэхчилэн уурсаад байна шүү дээ, тэр хүмүүс. Ийм л буруу ойлголт төрүүлчихэж. Яг үнэндээ том аж ахуйн нэгжүүдэд олон жилийн хугацаатайгаар Ялалт багийн газраас сумын Засаг дарга нь олгочихсон байна. Хадлангийн газрыг ард иргэд нь багийн нийтийн хурлаар шийдвэрлэдэг. Гэтэл тус багийн 35 мянган га газрыг 15 жилийн хугацаатайгаар Улаанбаатарт байдаг аж ахуйн нэгжид өгчихсөн байна. Үүнийг Ялалт багийн малчид,иргэд мэдэхгүй байгаа.

Хуулиараа бол сумын Засаг дарга төмс, хүнсний ногоо тариалахаар 30 га хүртэл, усжуулалттай талбайд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл газар олгох эрхтэй л дээ.

Таны яриад байгаа энэ баримтуудыг хуулийн байгууллагынхан мэдэж байсан болов уу?

-Би Чойбалсан хотод ирээд аймгийн захиргааныхныг цуглуулаад уулзлаа. Хууль сахиулах байгууллагынхан бүгд ирсэн. Халх гол суманд очиж ажилласан албан тушаалтан, удирдлагууд ч байлцсан. Тэд тус суманд ийм замбараагүй газар олголт явагдаж байсныг мэдээгүй гэж байна лээ. Аймаг нь сумаа мэдэж чадахаа байчихсан. Суманд юу болж байгааг аймгийн удирдлагууд, хууль хяналтынхан мэдэхгүй сууцгааж байна шүү дээ. Засаг дарга, ИТХ-ын дарга нар ээлжилж албан тушаалд томилогдоод л, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад л яваад байж. Ингээд төрийн сайд хяналт тавих гэхээр замыг нь боодог, жагсаал цуглаан зохион байгуулдаг байдалтай байна. Би газар дээр нь очиж танилцсан нь зөв болж гэж бодож байгаа.

Халх голд байгуулагдах хөдөө аж ахуйн чөлөөт бүс яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм бэ?

-УИХ-ын 75 дугаар тогтоол гарсны дараа хэн нэгэн захирагч томилогдож, тэнд аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгох байдлаар ямар нэгэн үйл ажиллагаа эхлээгүй байна. Тэгэхээр Халх голын чөлөөт бүсэд ямар дүрэм журмаар ажиллахыг тогтоосны дараа үйл ажиллагаа нь эхэлж, чөлөөт бүсийн алба томилогдоод ажиллах юм. Засгийн газраас “БОНХАЖ-ын сайд, ХХАА-н сайд, Аж үйлдвэрийн сайд нар ерөнхий төлөвлөгөө боловсруулж оруулж ир. Халх голын чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахдаа байгальд ээлтэй, генетикийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Гадаадын ажиллах хүч гурван хувиас илүү байж болохгүй. Үйл ажиллагаа явуулах мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, ХАА-н аялал жуулчлал эрхлэх аж ахуйн нэгжүүдийн 51-ээс доошгүй хувь нь Монголын хөрөнгө оруулалттай байх ёстой” гэсний дагуу ерөнхий төлөвлөгөө боловсруулж оруулж ирэх үүрэг өгсөн. Энэ дагуу хийсэн ерөнхий төлөвлөгөөний санал, судалгаагаа ард иргэддээ танилцуулж,санал солилцохоор очсон юм. Хорио цээрийн дэглэмтэй мал хашдаг газар нь хөдөө аж ахуйн бүсийнхээ таван хувь нь л байна. Тус хорио цээрийн бүсэд бэлчээрийн малыг оруулаад сарын дараа гэхэд шахаж, бордоод мах,махан бүтээгдэхүүн болгоод экспортод гаргана. Үүнээс гадна манай малчид өөрсдийнхөө бэлчээрийн малыг өгсөн ч болно. Халх гол чөлөөт бүсэд эрчимжсэн болонхагас эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх юм. ХАА-н голлох үйл ажиллагаа нь махны чиглэлийнх байх бөгөөд тэр дундаа үхэр, хонины аж ахуй байна. Үүнийгээ дагаад газар тариалан, хөдөө аж ахуйн аялал жуулчлал гээд бусад үндсэн бүтээгдэхүүн байна. Энэ мэт олон чухал мэдээллийг иргэдэд танилцуулахаар байсан ч харамсалтай нь иргэд сонсохыг хүссэнгүй. Гэхдээ миний хувьд нутгийн иргэдийн санаа бодол ямар байгааг сонсож, нөхцөл байдлыг улам сайн мэдлээ .

Чөлөөт бүс байгуулах 500 мянган га газрыг тэр чигээр нь хашиж, дэглэмт бүс болгоно гэсэн ойлголт иргэдэд байгаа юм биш үү?

-Малчдын өвөлжөө хаваржааг аваад хашна гэж ойлгоод байна. Тийм биш л дээ. Халх голын чөлөөт бүс бол хилийн дотор байгаа. Хил дээр байрлалтай чөлөөт бүс бол хашаатай, хүн орж гарахад шалгаж, хянадаг. Тэнд гадаадын иргэн визгүй 30 хоногийн хугацаатай нэвтрэх боломжтой байна. Харин Халх голын чөлөөт бүс бол хил дээр биш, нутгийн гүнд байгаагаараа ялгаатай. Тэнд гадаадын иргэн визгүй орох эрхгүй. Тиймээс хашаа хороо барих шаардлагагүй. 500 мянган га газар гэдэг бол онцгой дэглэмд байхыг хэлж байгаа юм. Тэнд тогтмол хяналт тавина. Нөгөөтэйгүүр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулна. Эндээс зөвхөн органик бүтээгдэхүүн гарах ёстой. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг байгальд ээлтэй бордоо, технологи ашиглахад нь хяналт тавина. Үүнийхээ хариуд тэд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Экспортод бүтээгдэхүүнээ гаргавал гаалийн татварыг тэглэнэ. Дотоодын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бодлогоор дэмжинэ гэсэн үг. Тэгэхээр өндөр стандарт тавьж, хянах юм. Хашиж бус хатуу стандарт хяналт тавьж байгаагаа онцгой дэглэмтэй бүс гэж байгаа юм

Тэнд одоо нутаглаж байгаа Халх гол сум, Ялалт багийн малчдын өвөлжөө нь Үндсэн хуулиар өөрийнх нь хувьд очсон өмч. Хэн ч түүнд нь халдахгүй. Гагцхүү ямар шаардлага тавьж байгаа вэ гэвэл бэлчээр доройтоогүй байх ёстой. Уламжлалт мал аж ахуйг ХАА-н аялал жуулчлалтай хослуулж ажиллуулах зорилготой. Халх голын зэргэлдээ Хятадын 68 мянган хүнтэй Рашаан гэдэг хотод 2.4 сая жуулчин авч байна. Тэнд хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг ном журмаар нь хөгжүүлэх бүрэн боломж байгаа. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчид орлого олох боломжтой. Мөн Халх гол сумыг эко загвар хот болгохоор дэд бүтцийг нь сайжруулах чиглэлээр тооцоо,судалгаа хийгдээд явж байна.

Ер нь анхнаасаа яагаад заавал Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан юм бэ?

-Монгол орны хэмжээнд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах асуудлаар долоон байршилд судалгаа хийсэн. Хамгийн тааламжтай нөхцөлтэйгөөрөө Халх гол шалгарсан. Бэлчээрийн даацаараа ч сайн байна. Зах зээлдээ ойр. Халх голоос холгүй, хилийн цаана 10 сая хүн байна. Тэнд жилээс жилд үхэр, хонины махны хэрэглээ, үнэ өсч байдаг. Хэдхэн хоногийн өмнө Хөх хотод болсон “Монгол, Хятадын анхдугаар экспо” дээр манай Махны холбоо Өмнөд Монголд 150 мянган тн мах нийлүүлэх зургаан тэрбум юанийн гэрээ хийлээ. Мөнгөн дүнгээр тооцвол 1.8 гаруй их наяд төгрөг болно. Малчид малаа борлуулаад мөнгөтэй болох асар их боломж байна. Монгол орны зүүн аймгуудаас хөршүүд малын мах авахгүй гэдэг. Учир нь зээрийн гүйдэл ихтэй, шүлхий өвчин гардаг гэдэг утгаар. Тэгэхээр зүүн бүсээс зөвхөн чөлөөт бүсээр дамжиж, малаа эрүүл гэдгээ баталгаажуулж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Энэ утгаараа Халх голд чөлөөт бүс байгуулах нь зүүн бүсийн малчдад ашигтай юм.

Таныг Халх голд очихоос өмнөхөн УИХ-ын гишүүд, Хөдөлмөрийн үндэсний намынхан очсон гэсэн. Тэд иргэдэд буруу мэдээлэл өгөөд, тархийг нь угаачихав уу?

-“Танай газрыг чинь хашна, та нарыг оруулахгүй болно. Чөлөөт бүс нэрээр газрыг чинь гадаадынханд өгөх гэж байна” гэхээр иргэд бухимдалгүй яахав дээ. Зориуд худал мэдээлэл өгөөд иргэдийг ийм байдалд хүргэнэ гэдэг бол харамсалтай байна.

Халх гол сумын удирдлагууд Засгийн газраас тогтоосон хэмжээнээс хоёр дахин их газрыг дураараа олгосон юм байна. Тэдний шийдвэрийг цуцалж болно биз дээ?

-Үүнийг цуцлах бүрэн эрх аймагт нь байгаа. Гэтэл аймгийнх нь удирдлага, хариуцах ёстой хүмүүсээс нь “Та нар ийм явдал болсныг мэдэж байсан уу” гэхээр “Зөвлөмж өгсөн” гэсэн үгтэй л байна даа. Зөвлөмжийг нь хүлээж авдаггүй гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдлаас шууд харагдаж байгаа юм. Хуулиас гадуур үйл ажиллагаа яваад байхад улс, яам, холбогдох байгууллагад ямар ч мэдээлэл өгөхгүй, орон нутагтаа дараад яваад байдаг.

УИХ-аас орон нутгийн бие даасан байдлыг хангана гэж нэлээд ярьсан. Гэтэл төр засаг аймаг, сумаа удирдаж чадахаа байчихсан нь Халх голд болсон үйл явдлаас харагдлаа л даа?

– Монгол Улс чинь нэгдмэл улс. Бүгд хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Хэн нэгэн сумын удирдлагадураараа дургиад тэрийг нь шалгуулахгүй гээд иргэдээ өмнөө тавьж болохгүй.

Төрийн сайд нь очиж байхад хүртэл иргэд нь яахаас ч буцахгүй эсэргүүцээд босч байна. Тэгэхээр хуучин цаг шиг зүүн болон баруун хязгаарыг төвхнүүлэх сайд гэж тусдаа байх шаардлагатай ч юм шиг. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Хууль зүйн яамны Хуулийн хэрэгжилтийг хянах бодлогын газрын дарга, хил хариуцсан хурандаа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь орон нутагт очиж байхад удирдлагууд нь тэр хууль бус шийдвэр, бичиг баримтаа үзүүлэхгүй байсан. “Та нарыг оруулахгүй. Хэн юм бэ” гэсэн байдалтай байна. “Одоо дахиад ирвэл чинь буу шийдэм болно. Амиа өгөхөөс ч сийхгүй шүү” гэж хэлтэл иргэдийг буруу мэдээллээр сандаргаж болохгүй л дээ. Үүн дээр сумын удирдлагад байгаа хүмүүс зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. Өөр санаа бодолтой хүмүүс байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагууд нь шалгах байх.

Эсвэл та тэр хүмүүст ажлаа ойлгуулж, хийж чадахгүй байна уу?

-Р.Бурмаа гэдэг сайд нэг өдөр зүүдэлж сэрээд Халх голд чөлөөт бүс байгуулъя гээгүй шүү дээ. Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах судалгаа 1967 оноос хойш явсан. Өмнө нэлээд яригдаж, 2011 онд орон нутаг руусанал тавьж байсан. Тэгэхээр энэ олон судалгаа, үнэлгээ дүгнэлтийг ажил хэрэг болгох тал дээр миний бие ажиллалаа. Ямар нэгэн байдлаар хаалттай байдлаар явагдаагүй. Бүх чуулган, байнгын хороодын хуралдаан интернэтээр нээлттэй байдаг.

Зуны хугацаанд иргэдтэй очиж уулзаад, танилцуулах боломж байсан уу?

– Иргэдэд хангалттай мэдээлэл өгөх тал дээр хугацаа алдсан байна. Халх голд чөлөөт бүс байгуулах асуудалд орон нутаг саналаа өгч байсан. Тэгэхээр орон нутгийн саналыг иргэд дэмжиж байгаа гэж бодож байсан. Гэтэл сумын удирдлагуудасуудлыг буруу тийш нь гуйвуулсан байна. Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооныхонтой есдүгээр сард очно гэж төлөвлөж байсан юм. Энэ үед чуулган эхлээгүй учраас байнгын хорооны ихэнх гишүүн хөдөө, гадагшаа яваад олдоогүй. Ингээд байнгын хорооны дарга маань газар ашиглалтын байдлыг сонсъё, тэрний дараа чөлөөт бүсийн асуудлаар орон нутагт ажиллах нь зүйтэй гэсэн саналыг тавьсан. Миний хувьд ч дэмжсэн. Ингээд хэлэлцүүлгийн үеэр газар ашиглалтын мэдээлэл хоорондоо зөрчилдсөн, тэрэн дээр хянаж, шалгах хэрэгтэй нь харагдсан. Тэр үүргийн дагуу би сая яваад ирлээ л дээ.

Халх голын иргэд зээр, зээл хоёроор амьдарч байна гэх юм. Яагаад ажил хийхгүй байна вэ?

-Харахад олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн судалгаа байх юм. Гэтэл ард нь Улаанбаатарт голдуу байдаг компаниуд байна. Тэр нь нутгийн иргэдийн хэдэн хувийг яаж авч ажиллуулдаг юм бэ гэдгийг судлахаар хангалттай биш байна. Түр зуурын ажлын байр дээр орон нутгийнхныг ажиллуулдаг бололтой юм. Уг нь би сая очихдоо ажилгүйдэл нь ямар байна, хуучин уламжлалт, жимсний аж ахуй эрхэлж байсан хүмүүсийн үйл ажиллагааг сэргээвэл зохимжтой юу, боловсон хүчний чадамж ямар байгааг ч судалж, уулзъя гэж бодсон юм л даа. Мөн чөлөөт бүсийнхээ дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээд очсон. Азийн хөгжлийн банктай хийгдэж байгаа гэрээн дээр нэлээд том үнийн дүнгийн хөрөнгө оруулалтыг Халх голын чөлөөт бүсэд оруулахаар болсон. Унгар, Вьетнам, Хятад, Япон зэрэг улсуудад хүмүүсээ ХАА-н чиглэлийн сургалтад хамруулахаар болсон сайхан мэдээтэй байлаа. Халх голын чөлөөт бүсийн төлөвлөгөөний зураглалаа гаргачихсан, хөрөнгө оруулалтаа эхнээс нь шийдчихсэн, иргэдтэйгээ нийлээд нутгаа сайхан хөгжүүлнэ дээ гэсэн хүсэл тээж очсон юм .

Чөлөөт бүсийг эсэргүүцээд байгаа иргэд юу хийж, яаж амьдрах гэсэн юм бол?

-Иргэд юу хиймээр байна, ямар хүндрэл бэрхшээл байгааг нь ярилцаж, асуудлын гарцыг хамтдаа эрэлхийлэхээр очсон юм л даа. Халх голын чөлөөт бүсийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болгочихвол хоёр зам бий. Хамгийн түрүүнд хайгуулын лицензэд очно. Яагаад гэвэл энэ жил тэнд хайгуулын лиценз олгогдохоор зарлагдсан талбай. “Пейтрочайна дачин тамсаг” гэдэг БНХАУ-ын компанийн мэдэлд 13 жил байгаад 2013 онд буцаагдсан. Хэрэв лиценз олгоно гэвэл маргаашгазрын тосны компани авна. Хамгийн өндөр магадлалтай нь “Петрочайна дачин тамсаг” байна шүү дээ.

Мөн Засаг дарга хяналтгүйгээр дураараа гадна, дотны аж ахуйн нэгжүүдэд газраа дураараа өгөөд явдаг байдал үргэлжилнэ. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө төр гэж байдаг юм бол, хууль цаазат нэгдсэн улс юм бол хууль зөрчөөд байгаа Засаг дарга, ИТХ-ын дарга нарын үйлдлийг шалгаж хянаад, хариуцлага тооцон хууль мөрдөж ажилладаг болгоно. Төрийн үйл ажиллагаа номоороо явах ёстой. Юун түрүүнд газар ашиглалтын байдал дээр хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоож, хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж харж байна. Үүний дараа чөлөөт бүсийн тухай асуудал яригдах ёстой нь эндээс харагдлаа.

-“Р.Бурмаа сайдыг иргэд нь хүлээж авахгүй, хөөсөн. 2016 оны сонгуульд энэ нутгаас гарах нь худлаа юм байна” гэхчилэнулс төр нэлээд явлаа. Та Дорнодоос нэр дэвших үү?

-Намайг Дорнодоос нэр дэвшинэ гэсэн таамаг л яваад байгаа болохоос би тийм шийдэл гаргаагүй. Үүнийг би ч дур мэдээд шийдчихгүй. Манай аав, ээж хоёр Дорнод аймгийн уугуул. Өүлэн эхийн тоонотод миний ээж төрсөн юм. Аав маань 90 дөхөж байна. Ээж минь 80 гаруй насыг зооглож яваа. Сургуулийнхаа 90 жилийн ойд очиж оролцоод нас нэмлээ гээд хөөрөөд ирцгээсэн. Нэлээд хэдэн жилийн өмнө аав, ээж хоёрыгоо нутагт нь аваад очиход миний ээж уйлж байсан. “Энэ нутгаасаа гарч явснаас хойш 30 жилийн дараа ирж байна. Бахь байдгаараа, гэрэл цахилгаан ч алга. Чи тэр улс төр гэдэг юмандаа ор. Миний нутгийг цахилгаантай болгоод өгчих. Амьддаа үзмээр байна” гэж надад хэлж байсан. Хоёр хөгшнийгөө сэрүүн тунгалаг байгаа дээр ХАА-н сайд боллоо. Энэ нутагт бүтээн байгуулалт хийгээд харуулчих юмсан гэсэн бодол надад бий. Миний өвөө Дорнодын Баян-Уул сумын харьяат. Жамъяангийн Лувсан гэж улсын сайн малчин байсан. Сайн нэртэй, сайхан өвөг дээдсийн үр ач болохоор нутагт нь сайхан зүйл хийхийг их л боддог доо. Тэрнээс надад энэ нутгаас нэр дэвших нь чухал биш. Нэр дэвших тойрог дээрээ тулбал Улаанбаатар нь илүү ойр. Миний хоёр дахь том амбиц бол улс орны эдийн засаг ийм хүндрэлтэй байгаа үед хувь нэмрээ оруулж чадна гэдгээ харуулахыг боддог.

Уул уурхайгаас илүү ХАА маань ийм ашигтай гэдгийг харуулж чадах том хүсэл надад байгаа. ХАА-н чөлөөт бүс байгуулснаар богино хугацаанд буюу гурав дахь жилээс нь үр дүн гарна. Махнаас гэхэд 400 сая ам.долларын ашиг олох боломжтой тооцоо судалгаа хийсэн. ХАА-гаа дэмжиж ажиллах юм бол манай эдийн засаг солонгорно. Төсвийн орлого тасарчихаад цалин мөнгөө хасах дээр тулчихаад байгаа өнөө үед ХАА-гаас олох орлого эдийн засагт хувь нэмрээ оруулна.

Халх голд болсон цуглаан зохион байгуулалттай, нэлээд хөрөнгө хаясан бололтой байсан гэсэн. Цаад санхүүжүүлэгчийг нь хэн гэж бодож байна?

-Их олон машин, унаа байна лээ. Хотын голдуу дугаартай байх шиг. Зам зуур биднийг явж байхад энд тэнд бөөгнөрчихсөн байсан. Өнгөтөөр хэвлээд тараагаад өгсөн материалаас харахад зохион байгуулалттай гэж харагдаж байсан. Гэхдээ хэн зохион байгуулсныг нь би яаж мэдэхэв. Ямартай ч Халх гол сумын ИТХ-ын дарга байсан, одоо ИТХ-ын гишүүн Ц.Насанбат удирдаж байгаа харагдсан.

Таныг “Буугаад ир” гэж нэлээд орилолдсон гэсэн. Та очъё гэж бодсон уу. Хэрэв машинаасаа буугаад очвол юу болох байсан бол?

-Машины цонхоор харж байхад сургуулийн насны хүүхдүүдийг жагсаал цуглаанд оруулчихсан харагдсан. Энэ бол хууль бус явдал. Тэд нар сэтгэл нь хөөрсөн бололтой, чулуу, мод бариад хашгираад яваад байна лээ. “Амиараа хамгаалъя. Амиа өгчихье. Амийг амиар” гэх мэтчилэн хашгирч байсан тэднийг машин дотроос харж байхдаа “Нүүр тулаад уулзаж, асуудлаа яривал яадаг бол” гэж бодсон. Гэхдээ жирийн иргэд маань хохирол амсчих вий гэж болгоомжлоод буцаад явсан л даа.

Танд ямар сэтгэгдэл төрөв. Дахиж Халх гол руу очих уу?

-Би бол өөрийнхөө итгэл үнэмшил дээр бүр илүү баттай боллоо. ХАА-н үүц болсон чөлөөт бүсийнхээ Халх голын орчмын газрыг улс тусгай хэрэгцээндээ хамгаалдаг, тусгай хяналтадаа байлгах ёстой юм байна гэдэгт бат итгэлтэй ирлээ. Энэ тухай УИХ, Засгийн газарт танилцуулна

Таныг Халх голд очиход тосохоор очсон машин онхолдсон гэсэн мэдээ байсан. Тийм явдал болсон юм уу?

-Ямар нэгэн осол гараагүйг хариуцлагатайгаар хэлье. Хилийн цэргийн застав болон отрядад байрлаж, хооллоно гэж байсан. Тусдаа ямар нэгэн байдлаар хоол захиалах шаардлага байгаагүй. Тэнд намайг тосоод явж байх машин ч байхгүй. Тэр тусмаа “Р.Бурмаа сайдын дүү тэр аж ахуйг нь авчихаад онхолдсон” гэж ийм гүтгэлэг явна гэдэг бол арай дэндэж байна. Хууль бус үйлдэл нь илчлэгдэхээс айсан, аргаа барсан хүний хийдэг ажил л даа. Орон нутгийн удирдлагуудаас нь хэдэнтээ шаардаад авч чадахгүй байсан баримтуудаа сая оллоо. Одоо АТГ-т өгч шалгуулна.

Categories
мэдээ улс-төр

Оюу толгойн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг даалгав

УИХ-ын 2014 оны 34 болон 2015 оны 41 дүгээр тогтоолуудад Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчижүүлэх, улмаар эцэслэн шийдвэрлэх талаар тодорхой зааж, Засгийн газарт холбогдох үүрэг даалгаврыг өгч байсан.

Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө шат дараатай арга хэмжээ авч буйн нэг нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн зэс-алтны уурхайн дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх юм. Тэгвэл өчигдөр “Шийдлийн цаг” уулзалтаар Оюу толгойн нөөцийн 80 гаруй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын тухай хэлэлцлээ.

Тус уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар оролцож Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн чанартай холбогдох зарим гүйцэтгэлийн талаартанилцуулав. Үүнд, Ажил үйлчилгээний жагсаалтыг ТУЗ-өөр баталдаг болох, дотоодын ААН-үүдийг ханган нийлүүлэх ажилд түлхүү хамруулах талаар хөндөв. “Оюу Толгой” ХХК нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон байна.

Гурван сайдын ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээний жагсаалтын дагуу олон ажил хийгдэж байгаагийн хүрээнд 2015 оны зуны ээлжит ТУЗ-ийн хурлаар Менежментийн багийг томилсон байна. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлсэн ажээ.

Онтре Гоулд компанийн мэдэлд буй Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензийн асуудлыг шийдэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, тус лицензүүдийг Оюу Толгой ХХК-д шилжүүлэх эсхүл Онтре Гоулд компанийн мэдэлд буй лицензийн эрхийн 34 хувийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтран зохион байгуулж байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас дэмжлэг авч байгааг мөн онцлов.

Түүнчлэн Би-Эйч-Пи корпорацийн гэгдэх Хоёр хувийн роялтийн асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэсэн болохыг дурдав. Хөрөнгө оруулагч тал тус роялтигаас албан ёсоор татгалзаж, улмаар санхүүгийн тайландаа холбогдох засварыг хийсэн ажээ. Цаашид энэ мэт асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжийг хатуу мөрдөж ажиллахыг Ерөнхий сайд үүрэгдэв.

Оюу Толгой ХХК-д Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалин хангамжийн асуудлыг дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг Ерөнхий сайд даалгалаа. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд хэлэхдээ, энэ асуудлыг бид байнга анхаарч нөгөө талд тавьж ирсэн. Гэхдээ Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурлын эрх мэдэлд байдаг. Сүүлийн нэг жил хэлэлцэх, шийдвэрлэх асуудал үнэхээр их байсан тул энэ асуудал сунжирсан тал бий. Гэхдээ дараагийн ээлжит Хувь эзэмшигчдийн хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

Өмнөговь аймгийг хөгжүүлэх чиглэлээр байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний биелэлтийн талаар асуусан Ерөнхий сайдын асуултад Б.Бямбасайхан “Гэрээний хэрэгжилт сайн байгаа. Ирэх долоо хоногт бид “Ханган нийлүүлэгчдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан.

Энэ форумд орон нутгийн төлөөлөл ч идэвхтэй оролцоно” гэдгийг онцлов. Ерөнхий сайдОрон нутгийн дэмжлэг болон Хандивын зардлыг өр гэж тооцохгүй байх талаар хатуу анхааруулав.

Төслийн санхүүжилтийг эцэслэх талаар Ерөнхий сайд мөн тодруулга авав. Хөрөнгө оруулагч тал Олон улсын нэр хүнд бүхий банкууд, хөгжлийн байгууллагуудтай Санхүүжилтийн асуудлыг эцэслэх шатандаа ороод буй ажээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн олон нийтэд бодитой мэдээлэл, зөв ойлголт өгөх талаар анхаарч ажиллахыг даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цус харвалт эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох болжээ

Тархины цус харвалттай тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулж ЭМСЯ, Улсын I болон III төв эмнэлэг, Харвалт судлалын нийгэмлэгээсөчигдөр мэдээлэл өглөө. Манай улс нь тархины цус харвалтаараа дээгүүрт ордог орны нэг бөгөөд сүүлийн жилүүдэд тархины цус харвалт илүү ихэсч, залуу хүмүүс ихээр өртөх болсныг эмч мэргэжилтнүүд онцолж байв. Тухайлбал, Монгол Улсад жил бүр 290 хүн шинээр харвалтад өртөж, 49 хүн нас бардаг аж. Дэлхийн хэмжээнд харвалтаар өвдөж байгаа арван хүн тутмын дөрөв нь эмэгтэй байгаа учраас сүүлийн жилүүдэд “Эмэгтэйчүүд бид өртөмтгий байна” гэсэн сэдвийн дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Тархины цус харвалт гэж юу вэ:

Харвалтыг дотор нь цусан хангамж дутагдах харвалт, цус алдалтын харвалт гэж хуваана. Цусан хангамж дутагдах харвалтын үед артерийн судас бөглөрсний улмаас тархины аль нэг хэсэгт тархины үхжил үүснэ. Энэ төрлийн харвалт нь нийт харвалтын 85 хувийг эзэлдэг аж. Цус алдалтын харвалтын үед тархины артерийн судас хагарснаас тархин дотор, эсвэл гадаргууд цус алдана. Ийнхүү тархины судас бөглөрөх, эсвэл бүрэн бүтэн байдлаа алдсанаас тархины цусан хангамж алдагдан, тархины эд эс хүчилтөрөгчийн дутагдалд орж, мэдрэлийн эсүүд үхжихийг харвалт гэнэ.

Тархи биеийн бусад бүх хэсгийн үйл ажиллагааг удирддаг тул тархины эд эс үхжихэд хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гарна

Харвалтын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ:

Шинж тэмдэг нь гэнэт илэрдэг бөгөөд тархины аль хэсэгт цусан хангамж дутагдах, эсвэл аль судас хагарснаас хамааран өөр өөр байдаг. Учир нь тархины хэсгүүд өөр өөр үйл ажиллагааг хариуцдаг. Тухайлбал, хөдөлгөөн, хэл яриа, харааны хэсгийг хариуцсан тархины хэсэг гэмтвэл нүдэнд цус хуралдаж юм харахгүй байх, гар хөлөө хөдөлгөж чадахгүй болж хэл яриа ээдрэхзэрэг тухайн хэсгийн хариуцдаг үйл ажиллагаа алдагддаг.

Зонхилон тохиолддог шинж тэмдэг нь:

• Биеийн нэг талын хэсэг, нүүр, гар, хөл саажих

• Биеийн нэг талын хэсэг, нүүр, гар, хөлийн мэдрэмж алдагдах

• Хэл яриа алдагдах, зөв үгээ сонгож хэлэхэд хүндрэлтэй болох

• Тэнцвэр алдагдах

• Хараа өөрчлөгдөж хоёрлож харах, хараа муудах

Тархины цус харвалт яагаад үүсдэг вэ:

• Тархиныартерид цусны бүлэгнэл үүссэнээс харвалт үүсдэг. Артерийн судасны дотор хананд удаан хугацааны турш холестрол хуримтлагдсанаас судас нарийсах бөгөөд нарийссан судсанд бүлэгнэл үүсдэг байна. Ихэнх тохиолдолд зүрх болон хүзүү, цээжний том артерийн судсанд бүлэн үүсдэг бөгөөд тархины судсанд очиж бөглөхөөсөө өмнө цусаар чөлөөтэй урсдаг байна.

Харвалтад нөлөөлөх гол хүчин зүйлс:

• Цусны даралт ихсэх

• Тамхи татах

• Цусан дахь холестрин ихсэх

• Чихрийн шижин

• Архи хэтрүүлэн хэрэглэх

• Зүрхний хэм алдагдах

• Урьд нь тархины харвалт өгч байсан

• тархинд түр зуур цусан хангамж дутагдах

•Өндөр наслалт

Харвалтын дараа ямар хор уршиг гарах вэ:

Судалгаагаар цус харвасан 100 хүн тутмын 85 нь амьд үлддэг бол 45 нь хөдөлмөр эрхлэх чадваргүй, бүрэн эдгэх боломжгүй болдог аж. Харин үлдсэн гуравны нэг хувь нь сарын дотор амиа алддаг ажээ.

Харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

• Цусны даралт, цусан дахь сахар болон холестролыг тогтмол хянуулж байх

• Архи тамхи, өөх тостой хоол хэрэглэх зэрэг хорт зуршлаасаа татгалзах хэрэгтэй.

• Эрүүл хоол хүнс хэрэглэх ногоо, жимс түлхүү хэрэглэх

• Идэвхтэй хөдөлгөөн хийх

• Биеийн жинг хянах

Э.НОМИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний аминд хүрсэн цагдаа нарын хэргээр Р.Чингист хариуцлага тооцъё

-Цагдаа нар талийгаач залууг зэрлэгээр зодож байгаа бичлэг олджээ-

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан нэгэн залууг зодож, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Тусгай хэлтсийн цагдаа нарын зодуур нүдүүрийг даалгүй 23 настай Ууганбаяр харамсалтайгаар нартаас буцсан байна. Хэргийг тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэх дуудлага ирсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очсон гэнэ. Талийгаач залуу зочид буудлын орон дээр амьсгал хураасан байжээ. Шинжээч нар үзлэг хийхэд биеийнх нь ихэнх хэсэг хөх няц болж, тархи нь хэд хэдэн газраа хагарсан байсан аж. Өөрөөр хэлбэл талийгаач гадны нөлөөтэй буюу бусдад зодуулж амь насаа алдсан болох нь тодорхой байжээ. Ингээд цагдаад анх дуудлага өгсөн, талийгаач залуугийн найз гэх Б-г сэжигтнээр татан цагдан хорьсон байна.

Б-гээс хэргийн талаар мөрдөн байцаалт авсан гэнэ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт талийгаач Ууганбаяр, найз Б-гийн хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “VENUS” бааранд орсон байна. Тэд бааранд орж хоёр гурван шил пиво уугаад гарсан гэх. Баарнаас гарч явах үед нэгэн залуу мөрлөсөн байна. Олуулаа явж байсан залуус омогдож, “Намайг мөрлөдөг чи хэн бэ. Та хоёр өдөөд байна уу” гэх зэрэг үгийг хэлсэн гэнэ. Архи ууж согтсон залуус нийлж талийгаач залуу болон Б нарыг ямар ч үг хэлүүлэлгүй зодож гарчээ. Тусгай техник бүхий өчих мэх хэрэглэн унагаж, хайр найргүй өшиглөж байсан гэнэ. Цус нөжтэйгөө холилдож, эсэргүүцэх тэнхэлгүй болтлоо зодуулсан залуус арай гэж зугтаж, аюулаас мултарч чаджээ. Хамаг хувцас нь цус болж, нүүр нүд нь цохиулснаас болоод хавдчихсан байжээ. Тэд гэр гэртээ харих талаар ярилцсан гэнэ. Гэтэл талийгаач залуу “Найз нь яаж ийм царай зүстэй гэртээ харих юм бэ. Аав, ээж, дүү нараа айлгачихна. Тэгэхээр зочид буудалд хоноод өглөө гэртээ харихаас. Чи намайг зочид буудалд оруулаад өгчих” гэх утга бүхий зүйлсийг ярьсан гэх. Тэгээд Б найзыгаа нэгэн зочид буудлын өрөөнд оруулж орхиод гэртээ харьсан гэнэ. Явахдаа биеийн байдал ямар байгааг асуухад “Зүгээр байна. Цохиулсан газруудад хөндүүр орсон байна” гэж хариулжээ. Маргааш өглөө нь найзынхаа биеийг асуухаар гар утас руу нь залгатал хариу өгөхгүй байсан аж. Тэгэхээр нь үлдээсэн зочид буудлын өрөөнд яваад ортол хэдийнэ амьсгал хураасан байжээ. Ингээд цагдаа дуудсан байна.

Ё.Лхагвасүрэн: Хүний амийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байгаа цагдаа нарыг хорьсон

Талийгаачийн найз Б-гийн өгсөн мэдүүлгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаа нар шуурхай ажиллагаа хийжээ. Цагдаа нар талийгаач залуугийн зодуулсан гэгдэх “VENUS” бааранд очиж хяналтын камерыг шүүсэн байна. Камерт хохирогч Б болон талийгаач Ууганбаяр нар бусдад зодуулж байгаа дүрс бичигдсэн байж. Бичлэгт өртсөн хүмүүс хэн болохыг судалж таних ажил хийгджээ. Ингээд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан болохыг тогтоож, цагдан хорих төвд саатуулжээ. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 24-ний өдөр буудалд амь насаа алдсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын ажиллагаа хийхэд тухайн иргэн гадны нөлөөтэй амь насаа алдсан байх магадлалтай байсан. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын ажлын хэсэг ажиллан тухайн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэн, сэжигтэн этгээдүүдийг саатуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Сэжигтнээр тооцсон этгээдүүдийн дотор цагдаагийн байгууллагад ажилладаг албан хаагч нар холбогдсон байх магадлалтай учир тухайн хүмүүсийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Тухайн хэргийн улмаас 22 настай эрэгтэй У гэгч амь насаа алдсан” гэж мэдээлэл хийсэн юм.

Талийгаач хэн байв

Талийгаач Ууганбаяр 1993 онд төрсөн, айлын том хүү гэнэ. 2013 онд ахлагчийн курс төгссөн юм байна. Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байжээ. Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд яваад өнгөрсөн наймдугаар сард эх орондоо эргэж ирсэн байна. Эх орондоо тангараг өргөсөн цэргийн алба хаагч байсан гэнэ. Цэл залуухан, 22 настай, амьдрал зохиож, айл гэр болж сэтгэлтэй бүсгүйтэйгээ хамт амьдарч ч чадалгүй харамсалтайгаар нартаас буцжээ. Найзууддаа “Сайхан амьдарна. Аав, ээжийгээ, хэдэн дүүгээ бусдаас дутуугүй авч явна” гэж мөрөөдөн ярьдаг байсан гэнэ. Өмнөд Суданд энхийг сахиулагч байхдаа “Манай орон үнэхээр амгалан тайван орон юм байна. Ийм улсад төрсөн нь бидний аз шүү” гээд л ярьдаг байжээ. Баргийн цохилтыг даваад гарах тэсвэр хатуужилтай нэгэн байсан гэдгийг түүний ойр тойрныхон ярьж байна лээ. Хамгийн сүүлд ээж рүүгээ “Хүү нь найзтайгаа явж байна. Удахгүй очно” гэж утсаар ярьсан гэнэ. Бусдад зодуулж, үхэлд хүргэх хүнд гэмтэл авчихаад аав, ээждээ энэ байдлаа үзүүлэхгүйн тулд зочид буудлын орон дээр амьсгал хураажээ.

Төрийн алба хаагч Ууганбаярыг төрд тангараг өргөсөн цагдаа нар зодож амь насыг нь хөнөөжээ. Ард түмнийхээ амар амгаланг хамгаалах чиг үүрэгтэй цагдаа нар бусдын амийг хөнөөж, цусаар нь гараа угаах болжээ. Сарын өмнө гэхэд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид Налайх дүүрэгт байрлах Горхи-Мэлхий хад амралтын газар очоод байхдаа нэгнийхээ аминд хүрсэн. Хэргийн улмаас 1975 онд төрсөн Х харамсалтайгаар амиа алдсан бол 1987 онд төрсөн Ө гэгчийг цагдан хорьж, хэргийг нь прокурорын байгууллагын хяналт дор ЦЕГ-ын Тусгай субъектыг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн цагдаа нар иргэдийн амь насыг хөнөөсөн хэд хэдэн хэрэг гараад байгаа. Энэ болгонд хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг. Цагдаа нар бусдын амь насыг хөнөөж байх ёстой юм шиг хүлээж авдаг болсон. Хэрэг хийсэн цагдаа нарыг ажлаас нь халсан болоод хариуцлагаас мултардаг. Энэ бүхний төлөө Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис хариуцлага хүлээх ёстой. Хүний аминаас илүү үнэтэй даргын суудал гэж байх уу. Хууль хүчнийхний өөрсдөдөө эрдсэн зэрлэг балмад байдлыг харахад Х.Тэмүүжин гишүүний “Цагдаа, хууль хүчнийхэн иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага байх ёстой” гэх санаачилга зөв байсан нь батлагдаж байна. Монголын цагдаа Хууль зүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг төрийн эрхийг ч хууль бусаар авч болох дохио гэдэг нь хэнд ч ойлгогдохоор юм. Тиймээс бусдын амь насыг хөнөөсөн цагдаа нарыг удирдаж буйн хувьд Р.Чингис цагдаа нарыг дэг журамтай, сахилга баттай, хүнлэг, энэрэнгүй болгоход чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй болжээ.

Г.Болд

Categories
мэдээ нийгэм

Усны шугам хоолойг газар ухахгүйгээр шийдэхээр болжээ

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өнөөдрийн байдлаар 50-60 жилийн насжилттай байна. Үүнтэй холбоотойгоор зарим асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЦЭЭР”-ийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн системийн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийг хэрэгжүүлэхээр төслийн эхний шатны гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа.

Тус төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хүн амын унд ахуйн ус хангамжийн системийг бага зардалтайгаар нөхөн сэргээж, усны чанарт хуучирсан шугам хоолойноос үзүүлэх нөлөөг арилгах боломжтой болох юм. Мөн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох Австри улсын технологийг Монголд нутагшуулах ноу хауг нэвтрүүлнэ гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оросын оюутны отрядтай хамтран ажиллана

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж Оросын оюутны отрядтай хамтран ажиллахаар болжээ. ОХУ-ын залуучуудын олон нийтийн байгууллага болох Оросын оюутны отрядтай хамтран Монголд хөдөлмөрч оюутан залуусын хөдөлгөөнийг өрнүүлж, суралцаж байх хугацаандаа эх орондоо мэргэжлээрээ ажиллах, бусад улс орнуудад ажиллаж туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх, амралтын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоор хангах зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хамтран ажиллах гэрээнд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Бэлгүтэй, Эрхүү мужийн оюутны отрядын удирдлагын газрын дарга Н.С.Петров нар гарын үсэг зуржээ.

Өнгөрсөн онд Оюутны отрядуудаар дамжуулан ОХУ-д 240.000 гаруй оюутан 3-6 сарын хугацаанд мэргэжлээрээ ажиллаж цалин урамшуулал авахын зэрэгцээ дадлага туршлага хуримтлуулж ОХУ-ын бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмэрээ оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хакүхогийн хүү барилдана гэв

Их аварга Хакүхогийн хүү, долоон настай Махото хөвгүүн сүмогоор барилдахаар шийджээ. Түүний оролцох анхны тэмцээн нь ирэх жилийн нэгдүгээр сард Токиод болох “Хакүхо цом”, Хакүхо “Аавынхаа нэрэмжит тэмцээнд оролцох уу, медаль авч чадна даа гэж хэлтэл Махото барилдахаар шийдсэн. Шинэ маваши худалдаж авч өгтөл баярлаад, шууд бэлтгэл хийж эхэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Гэхдээ хүүгээ заавал бөх бол гэж шахахгүй. Алдартай бөхийн удам байх хэцуү, дарамттайг өөрийн биеэр амссан гэдгээ ч Хакухо аварга ярьсан байна. Тэрбээр “Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байвал сайхан гэж мөрөөдөөд л суудаг. Хүүгээ бага багаар барилдуулж байтал ирээдүй нь тодрох байх” гэсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

Төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам болно.

Тав дахь удаагийн энэхүү наадмыг ирэх сарын 07-ны өдөр зохион байгуулах аж.

Нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохион байгуулж байсан билээ.

Энэ өдөр яруу найрагчийн шүлгийн гар бичмэл, уран зураг, ховор нандин гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг толилуулна. “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадамд Монголын утга зохиолын шилдгүүд дурсамж яриа өрнүүлж, шүлэг найргийнхаа дээжээс өргөхөөс гадна О.Дашбалбар агсны алдартай шүлгүүдээр бүтсэн дуунуудыг гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга”-ын Лхагвасүрэн, “Uvertura” хамтлаг зэрэг уран бүтээлчид амилуулах юм. Түүнчлэн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар яруу найрагчийн шүлгүүдийг уншиж сонирхуулах аж.