Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяаг гэрээс нь баривчилжээ

Эрүүгийн
цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн
дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилсан гэнэ. Түүнийг
баривчилсан даруйдаа Зайсан дахь хориход саатуулсан байна. Мөн Ухаахудаг-Гашуун
сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг
С&Т” компанийн захирлыг баривчилжээ. “Самсунг С&Т” компани нь албан
ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө цацагдаж байсан. Мөн огт
тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл ч
гарсан. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган
долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын
зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай эх сурвалжууд өгүүлэв.
Хэрэгт холбогдсон гэх хүмүүсээс эхний ээлжинд байцаалт авахаар төлөвлөөд байгаа
аж.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн улмаас 660 хүүхэд хохирчээ

Нийслэлд энэ оны эхний есөн сарын байдлаар насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн 448 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэж байгаа ч эцэг, эхчүүдийн анхаарал суларч байгаатай шууд холбоотой юм. Хүүхэд үйлдсэн гэмт хэргүүдийн дотор 60-70 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх хэргүүд зонхилдог байна. Хүүхэд үйлдсэн гэмт хэрэгт хулгайлах гэмт хэрэг 287, булаах гэмт хэрэг 12, дээрэмдэх гэмт хэрэг 36 бүртгэгджээ.

Ихэвчлэн бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа нь 100 хувь асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас хамааралтай гэдгийг цагдаа нар хэлж байна. Мөн гэмт хэргийн улмаас 660 хүүхэд хохирсон тоо баримт ч байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Умайн хүзүүний хавдрын шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

Манай улсад эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын есөн хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 12 хувийг эзэлж байна.

Шинээр оношлуулсан нийт тохиолдлын 60 гаруй хувь нь гурав, дөрөвдүгээр үе шат буюу хожуу үедээ оношлуулж, 50 орчим хувь нь оношлуулсан жилдээ нас барж байгаа нь эрт илрүүлэх арга хэмжээ хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Тиймээс 2012 оноос эхлэн өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээг авч эхэлсэн ч хүмүүс мэдээлэлгүйн улмаас төдийлөн идэвхтэй хамрагддаггүй аж. Уг шинжилгээнд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51,54,57,60 настай эмэгтэйчүүд хамрагдах боломжтой бөгөөд энэ жилийн хувьд 1985, 1982, 1979, 1976, 1973, 1970, 1967, 1964, 1961, 1958, 1955 оны хүмүүс үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм байна.

Шинжилгээ сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгөх бегөөд шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй, бэлгийн харьцаанд орохгүй, жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй байх ёстой аж.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлжээ

Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлсэн байна. Тус парламентын хүндэт индрээс үг хэлсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүдэг нь Европын парламентын уламжлал ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 оны зургадугаар сарын 8-10-нд Европарламентад айлчлан мөн сарын 9-ний өдөр үг хэлсэн билээ. Уг үйл явдалд зориулан гаргасан дугтуй, марк нь шуудангийн бусад дугтуй, маркийн адил үнэт цаас бөгөөд захидал харилцаа, шуудан холбоонд ашиглах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сүнсний баяр буюу “Halloween”

Америкчууд жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг. Энэ бол аравдугаар сарын 31 буюу “Halloween”-ий баярын өдөр юм. “Halloween” буюу сүнсний баярын талаар монголчууд зурагт, ном зохиол, арван жил, их дээд сургуулийн англи хэлний хичээл дээрээсээ ойлголттой болдог байсан бол сүүлийн жилүүдэд хүүхэд, залуусын дунд өргөн цар хүрээнд тэмдэглэх болжээ. “Halloween”-ий баяр ойртож байгаатай холбогдуулан дараах сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Энэхүү баярын үүсэл гарвал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддг байжээ.

Харин VIII зууны үед III Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг “Бүх хутагтын өдөр” хэмээн тунхаглаж байжээ. Энэ үед уг баяр нь зөвхөн католик шашны лам хуварга, мяндагтнуудын дунд шашны зан үйлийн хэмжээнд дэлгэрч байв. Улмаар X-XI зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болжээ. Нэрний хувьд “Halloween” гэдэг нь Hallowe’en буюу “All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай юм. Зарим улс оронд “Тахилгын өдөр” гэж тэмдэглэх нь ч бий. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байна. Эхэн үедээ шашны зан үйлтэй нягт холбогдож, католик шашны томоохон төлөөлөгчид чухал ач холбогдол өгөн оролцдог байсан энэхүү баяр нь орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болсон байна.

Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна. Харин Шотландад залуу эрчүүд цав цагаан баг зүүгээд бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ. “Halloween”-ий баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг бэлгэ тэмдгээ болгодог аж. Энэ үеэр Америк, Лондон зэрэг орнуудад зочилбол цонхоо дээр үеийн маягаар засан чимэглэж, дээр нь маш олон лаа асааж тавьсан айлуудыг хаанаас ч харж болно. Мөн дэнлүү хийж, чимэглэсэн том жижиг хулуунуудыг хаа сайгүй өлгөсөн байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг уламжлалтай.

“Halloween”-ий баярын зоогонд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунуудыг гэрийн эзэгтэй нар гараа гарган хийнэ. Дээр нь ундаа, хатуу чихэр, янз бүрийн хэлбэр дүрстэй хатуу болон зөөлөн жигнэмэг гээд л чихэрлэг амттанг ихээр хэрэглэдэг аж.

Энэ өдрийг улс орон бүрд өөр өөрөөр тэмдэглэх боловч уламжлал болсон нийтлэг хэдэн тоглоом, зан үйл байдаг. Тухайлбал, залуус багт наадмын үдэшлэг зохиож, айл өрх, албан газрууд үүдэн дээрээ засч чимэглэсэн хулуун дэнлүү тавьж, гэр орон, гудам талбайгаа аймшгийн маягаар чимэглэж, нар жаргасны дараа хүүхэд багачууд нийлэн хөршүүдээсээ чихэр гуйж, гэр бүлээрээ аймшгийн кино үзэж өнгөрүүлдэг заншилтай.

“Jack O’Lantern” буюу хулуундэнлүү

Эртнээс уламжилж ирсэн гол уламжлалуудын нэг бол “Jack O’Lantern” буюу хулуун дэнлүүнүүд юм. Хулуун дэнлүүний түүх, уг гарвал нь яг тодорхой бус ч 1660-аад оны үеэс Англид хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Мөн Ирландаас үүссэн гэх нь ч бий.

Анхлан манжингаар хийдэг байсан нь хожим хулуу болж өөрчлөгдсөн байна. Эдгээр хулуун дэнлүү нь буг чөтгөрийн муу илчийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Үүний талаар улс орон бүрд янз бүрийн домог яриа байдаг ч хамгийн түгээмэл нь чөтгөрийг хэдэнтээ хуурсан овжин Жэкийн талаарх домог юм. Тэрбээр там эсвэл диваажингийн алинд ч амьдрах эрхгүй хүн байсан гэх бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах болсон гэдэг. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айн зугтдаг байжээ. Ийн хулуун дэнлүүг түүний нэрээр нэрлэх болжээ.

“Halloween”-ий баярынбагт наадам

Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Тэр дундаа гадны томоохон одууд, Холливудын жүжигчид, дуучдаас “Halloween”-ий баярын багт наадамд хэн нь хамгийн өвөрмөц хувцаслах бол хэмээн дэлхий нийтээрээ сонирхоцгоож байдаг билээ. Барууны оддоос Ким Кардашиан, Лэди зэрэг одод жилийн жилд өвөрмөц хувцаслалтаараа шуугиулдаг бол өнгөрсөн 2014 онд супер модель Хэйди Клам эрвээхэйний өмсгөлөөрөө шилдгээр тодорч, залуу дуучин Майли Сайрус хагас нүцгэн хулганын хувцсаараа олны анхаарал татаж байв.

Аймшгийн баяраар өмсдөг хамгийн түгээмэл хувцас нь Франкштэйн, Дракула гэх мэтчилэн америк зохиолчдын алдарт бүтээлүүдийн баатруудын дүрийг дуурайлгасан хувцас хэрэглэл аж. Хүүхнүүдийн хувьд эртнээс уламжилж ирсэн гол хувцас нь шүүр унасан шулмасын хувцаслалт бол сүүлийн үед янз бүрийн харь гаригийн амьтан, киноны муу талын баатрууд, муур эмэгтэй, мөн уламжлалт сүнс сүг, зомбины хувцсыг ихээр өмсөх болжээ. Түүнчлэн эр, эм ялгаагүй хүн чоно, цус сорогч, гоблинууд, араг яс, аалз, элдэв дүр төрхтэй мангас, харь гаригийн амьтныг дуурайн хувцасласан хүмүүс дэлхийн улс орон бүрийн сүнсний баяраар харагдах болсон байна. Манайд ч гэсэн сүүлийн жилүүдэд залуусын дунд сүнсний баярын багт наадмыг өргөн дэлгэр хийж, хувцас өмсгөлөөрөө уралдах болсон билээ.

Дашрамд дуулгахад энэ жилийн хамгийн том “Halloween”-ы баярын үдэшлэгийг “MNG Event”-ээс “Tiger” брэндтэй хамтран аравдугаар сарын 30-нд зохион байгуулах гэж байгаа аж. “Dracula” нэртэй энэхүү үдэшлэгийг гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд “Halloween”-ий баярын уур амьсгалыг монголчууддаа жинхэнэ утгаар нь мэдрүүлэх гэнэ.

Хуурах уу, дайлах уу

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний орой Англи, Америк, Ирланд, Шотланд гээд барууны ихэнх оронд янз бүрийн бяцхан чөтгөр, шулмасын дүрд хувирсан хүүхдүүд гартаа уут бариад хөрш зэргэлдээх айлуудаараа хэснэ. Тэд хаалга онгойнгуут уутныхаа амыг нээж “Trick or treat” буюу “хуурах уу, дайлах уу” гэж хэлдэг. Ингэхэд гэрийн эзэн уутанд нь амттан юм уу, цаасанд боосон чулуу хийнэ. Энэ заншил нь хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу юм болно гэсэн мухар сүсгээс үүдэлтэй ч, одоо үед үүнийг хүүхдүүдийг баярлуулах сайхан завшаан хэмээн үзэх болжээ.

“Halloween” ба мухар сүсэг

Сүнсний баяраар цээрлэдэг зүйл бас бий. Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Мөн англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж итгэдэг ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог аж.

Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхсэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу юмнаас хамгаална гэж үздэг. Мөн улс үндэстэн бүр уг баяраар өөр өөрсдийн зан заншлаас хамаарсан мухар сүсэгтэй байдаг. Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийнх нь царай харагддаг гэж ярьдаг юм байна.

“Halloween”-ий баярын сонирхолтой тоон баримтаас

* АНУ-ын хүнсний ногоо тариаланчид жил бүр “Halloween”-ий баярт зориулан 680 мянга гаруй тонн хулуу тарьдаг аж.

* АНУ-д “Halloween”-ий баярын урд орой насанд хүрэгчдийн 46 хувь нь хулуу сийлж бэлддэг байна.

* Энэ жилийн байдлаар тус улсад 5-14 насны 41.2 сая хүүхэд “Trick or treat” гэж хэлэн айлын хаалга тогшино.

* Одоогийн байдлаар АНУ-д энэ жилийн баярт зориулан 6.9 тэрбум ам.долларын хувцас, хэрэглэл, чихэрийн худалдан авалт хийжээ.

* Өнгөрсөн оны “Halloween”-ий баярын үеэр аймшгийн кино 255 сая ам.долларын ашиг олжээ.

Categories
мэдээ нийгэм

Хашаандаа мод тарьсан иргэдийг урамшууллаа

Нийслэлийн 376 жилийг ойг тохиолдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үйлсэд нэгдэн амьдарч буй хашаандаа жимсний болон гоёл чимэглэлийн мод сөөг тарьж ургуулсан 570 иргэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас урамшуулал олголоо.

2013 онд 510, 2014 онд 957 айл өрхөд 56 сая төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд гурван жилийн хугацаанд 2037 айл өрх энэ урамшуулалд хамрагдан ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, ойр орчмын айл өрхдөө мод тарих арчлах арга ухааныг зааж байгаа юм.

Энэхүү арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Бусдаас мөнгө нэхэлгүй өөрсдийн хөрөнгөөр хашаандаа мод тарьж нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ баярлалаа. Нийслэлээс жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм. Ногоон байгууламжийн арчилгаа тордолгоо, цэцэг тарих ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хашаандаа мод тарьсан иргэдийн төлөөлөл “Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян гэдэг. Бид мөнгө олох гэж мод, бут, сөөг тариагүй. Орчноо сайхан харагдуулж, агаарын бохирдлыг багасган, үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх гэж мод тарьж байна.

Бидний тарьсан модыг сүйтгэдэг, инженерийн шугам сүлжээний ажил хийгээд нөхөн сэргээлт хийдэггүй хүмүүсийг харахад үнэхээр хэцүү санагддаг. Хотын төвд нэг наст цэцэг тарилаа гэж шүүмжлэх юм. Цэцэг огт тарихгүй бол хот гундуу өнгө зүсээ алдсан харагдана гэдгийг ойлгож ухаарахгүй байна. Дэлхийн бусад томоохон хотуудын ногоон байгууламж ямар байдаг билээ.

Цэцэг тарьж, нийслэлийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэх нь зөв. Ингэж байж иргэд нүд, сэтгэлийн баясал авч ажлаа сайн хийж амьдралаа дээшлүүлнэ. Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж байгаа. Мод тарьсан иргэдээ урамшуулж буй нийслэлийнхэндээ баярлалаа” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цалин, тэтгэвэр үнийн өсөлтөөс 2-3 дахин хоцорчээ

Өрхийн мөнгөн орлого буурсан дүн мэдээ гарчээ. Энэ нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг хангалтгүй авч ирсэнтэй холбоотой аж.

Тухайлбал, 2012 оны эцсээс энэ оны аравдугаар cap хүртэл хугацаанд хэрэглээний үнэ 50 гаруй хувиар өссөн байхад тэтгэвэр 20 орчим, цалин 10 орчим хувиар нэмэгдэж үнийн өсөлтөөс 2-3 дахин хоцорчээ.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт ажиллагсдын 50 орчим хувь нь жилийн 842 хувийн хүүтэй цалингийн зээл, өндөр насны тэтгэвэр авагчдын 86 хувь нь жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан байна. Цалингийн зээлийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг, тэтгэврийн зээлийн үдцэгдал 424.7 тэрбум төгрөг болжээ.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн сэрэг дүрийг дахин алтдахаар болжээ

Орхон аймагт 2006 оноос барьж эхэлсэн 17 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүрийг энэ жил дахин алтдаж эхэлжээ.

467 хэсгээс бүтсэн энэхүү хөшөөт цогцолборыг бүтэн зургаан жил барьсны эцэст 2012 онд дуусгаж, эргэн тойрныг нь тохижуулах л үлдээд байсан юм.

Гэтэл 2013 оноос сэрэг дүрийн гагнаас хөндийрч, дусаал гоожиж эхэлсэн тул тус аймгийн ИТХ-ын шийдвэрээр хоёр гурван жил зассан. Сэрэг дүрийн гаднах хэсгийг алтаар бүрэхээр 348 мянган ширхэг ялтсан алт бэлтгэсэн байсан юм. Гэсэн ч гуулийг (87 тн цэвэр гуулиар сэрэг бүрийг бүтээсэн) алтаар бүрэх боломжгүй гээд нэг бүр нь 447 төгрөг 20 мөнгөний үнэтэй ялтсан хуудсуудыг худалдан, мөнгийг нь засварт зарцуулахаар төлөвлөсөн.

Гэсэн ч энэ нь 2007 оны ханш тул дэлхийн өнөөгийн зах зээлийн ханшаар борлуулна гээд судалгаа хийсэн ч ялтсан алт зардаг газар хаа ч байдаггүйг мэдээд үнийг нь тогтоож чадаагүй, авах хүн ч олдоогүй аж. Тиймээс энэ жил нөгөө алтаараа сэрэг дүрээ бүрэхээр тогтож, 79 сая төгрөг төсөвлөжээ. Энэ ажлыг “Мэдрэхүйн мэлмий” ХХК хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын төсвөөр баригдаж буй дутуу барилгууд

Улаанбаатар хотын Баянзүрхдүүргийн биологийн идэвхтэй бэлдмэлийн үйлдвэрлэл, туршилтын цех

Төлөвлөсөн ёсоор бол энэ барилга 2012-2016 онд ашиглалтад орно. Хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй. Гүйцэтгэгч нь “Түүх соёл” ХХК, зохиогч нь “Очиртааб” ХХК. Харин энэ долдугаар сарын байдлаар ажлын гүйцэтгэл 30 хувьтай. Энэ барилгад 2012 оны арваннэгдүгээр сард 200, 2013 оны долдугаар сард 300 нийтдээ 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь нийт барилгын төсвийн 23 хувь юм. Шинжээчдийн дүгнэлтээр бодит гүйцэтгэл төсвөөсөө долоон хувь хэтэрсэн. Мөн техник хяналтын зардал гэж зургаан сая төгрөг гарчээ.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн барилга

Мал эмнэлгийн барилга 2014 оноос эхлэн нэг жил баригдаж ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Нийт төсөв 1.9 тэрбум төгрөг. Гүйцэтгэгч нь “Стройка” ХХК, зохиогч нь “Лайн констракшн” ХХК. Төсвийн 50 хувийг авсан. Ажлын гүйцэтгэл 50 хувь. Техник хяналтын зардалд 24 сая төгрөг зарцуулсан. Төсвөөс 2014 оны арваннэгдүгээр сарын 12-нд 570 сая, 2015 оны долдугаар сард 447 сая төгрөг гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр Бичиг баримт бүрдүүлж, барилга угсралтын ажил эхлүүлж, зөвшөөрөл авах шаардлагатай. БСШУЯ-тай байгуулсан гэрээг дүгнэх, сунгах эсэх, санхүүжилт зэргийг шийдвэрлэх шаардлагатай. 2014 онд татагдсан 930 сая төгрөгийг 2015 оны төсвийн тодотголд суулгаж чадвал барилгын ажлыг дуусгах боломжтой.

Увс аймгийн Улаангом сумын Баруун Монголын уламжлалтсоёлын төв

Барилгыг 2013 оны тавдугаар сард эхэлж, 2014 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гүйцэтгэгч нь “Арвижих-Увс” ХХК, зохиогч нь “Өлзий-Иш” ХХК. Барилгын ажлын 70 хувь нь хийгдсэн. Төсөв нь 2.2 тэрбум, үүнийхээ 96.5 хувийг авсан. Техник хяналтын зардалд 37 сая төгрөг гаргасан. Шинжээчдийн дүгнэлтээр зуухны барилга, засал чимэглэл, дээвэр, давхруудын дотор цахилгаан, дулаан, салхивчны ажил хийгдэж байгаад санхүүжилтгүйн улмаас зогссон. Барилга угсралтын ажил зогссонтой холбоотойгоор барилгын дээврээс барилга руу ус орж нэвчихээс хамгаалж барилгын оройг битүүлэх шаардлагатай.

Улаанбаатар хотын Баянзүрхдүүргийн Шинжлэхухааны судалгааны лаборатори

Барилгын хөрөнгийг төсөвт суулгахдаа 2012 онд эхлүүлж 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт төсөв 3.9 тэрбум төгрөг. Гүйцэтгэгч нь “Нийслэл өргөө” ХХК, зохиогч нь “Барилга архитектор корпораци” ХХК. Техник хяналтын зардалд авах ёстой мөнгөний тал буюу 35 сая төгрөг авсан. Төсвийнхөө 47 хувийг авжээ. Барилга угсралтын ажил 47 хувьтай. Төсөв нь олон жилээр сунжирсан.

2012 онд 15, 2013 онд 23, 2014 онд есөн хувийг олгожээ. Олгогдсон төсвийг таван удаа тасалж найм, арав, арванхоёрдугаар саруудад олгосон байна. Шинжээчийн дүгнэлтээр барилга угсралтын ажил удаашралтай, гйүцэтгэгчийн зүгээс ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хуримтлалын өдөр

Өнөөдөр Дэлхийн хуримтлалын өдөр. Энэ өдрийг олон улсад өргөнөөр тэмдэглэж, банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах чиглэлтэй олон арга хэмжээг зохион явуулдаг байна.

Манай улсын хувьд 2012 оноос эхлэн Монголын банкны холбооны санаачилсанаар арилжааны банкууд дор бүрдээ өөр өөрийн онцлог урамшуулалт үйлчилгээгээр харилцагч нартаа бэлэг барих болон иргэдэд үнэ төлбөргүй хадгаламж нээх зэргээр олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулан тэмдэглэж иржээ. Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци /ХДК/ нь 2014 оноос эхлэн Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтарч олон нийтийг хамруулсан өргөн цар хүрээнд тэмдэглэх болсон.

Энэ жилийн хувьд өнөөдөр Монголын банкны холбооны байранд хот хөдөөний аймаг сум, дүүрэг хороодын ерөнхий боловсролын сургуулиудаас амжилттай сайн суралцдаг хэдий ч амьдралын түвшин доогуур, эмзэг давхаргын 50 хүүхдийг сонгон шалгаруулж, ХДК-ийн нэрэмжит 50 мянган төгрөгийн эрхийн бичгээр урамшуулах ажлыг зохион явуулах гэж байна.

Уг арга хэмжээний нэг онцлог нь ХДК-ийн Иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хүүхэд багачуудад багаас нь санхүүгийн суурь мэдлэг боловсрол олгох чиглэлээр Хуримтлал гэж юу болох, түүний ашиг тус, хуримтлал үүсгэх арга, дадалд хэрхэн суралцах талаар хичээл заан сургалт явуулах юм.