Categories
мэдээ спорт

Чөлөөтийн Г.Идэрхүүд хүрэл медаль нөхөн олгохоор болсон гэнэ

Өнгөрсөн тавдугаар сард Катар улсын Доха хотод Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тэгвэл тус тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Тажикийн Зелимхан Юсупов нь допингийн шинжилгээгээр ВАДА буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон эм бэлдмэл хэрэглэсэн нь илэрсэн гэнэ.

Тиймээс түүний авсан мөнгөн медалийг хүчингүйд тооцон хурааж авахаар болсон байна. Улмаар нэгдүгээр тойрогт 4:6 онооны харьцаагаар түүнд ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд Монголын бөх Г.Идэрхүүг 12:2 онооны харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн Киргизийн бөх Э.Довдурбек Уулуд мөнгөн медалийг нөхөж олгохоор болсон аж. Харин шагналт тавдугаар байрт орсон Монголын бөх Г.Идэрхүүд хүрэл медаль нөхөн олгох шийдвэрийг ДБНХ-ноос гаргасан сурагтай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадыг чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль гардууллаа

-МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ХЯТАД УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАХАД ЧУХАЛ ТҮЛХЭЦ ӨГСӨН ГЭВ-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд 235 ахмад дайчныг төрийн дээд одон медалиар шагнахаар болсон. Тэдний төлөөлөл болгож 19 ахмад дайчинд өчигдөр төрийн дээд одон, медалиудыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав. Тодруулбал, Сүхбаатарын одонгоор Р.Дамбадаржаа, А.Дорж, У.Доржпалам, Б.Лааган нарыг шагнав. Тэгвэл Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор С.Ванчигдоо, Х.Галжав, Д.Сэр-Од, Г.Цэгмид нар шагнууллаа. Харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг А.Дуламжав, Л.Халзан нарт гардуулав.

Цэргийн гавьяаны одонгоор Р.Даш, Б.Дорж, С.Чимэддорж, Я.Рагчаа, Ц.Осор, И.Ламжав нарыг шагнасан бол Алтан гадас одонгоор Д.Ишгомбо, Б.Маань, Л.Туваан нарын энгэрийг цооллоо. Үлдсэн ахмад дайчдын шагналыг аймаг, дүүрэг бүрт нь гардуулах аж. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг оролцсон байдаг. Үүнээс өдгөө 1939 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байгаа аж. Тэдний хамгийн залуу нь 90 настай бол хамгийн ахмад нь 102 настай юм байна.

Батлан хамгаалах яаман дээр одон гардуулахаас цаг гаруйн өмнө ахмад дайчдыг урьжээ. Монгол, Зөвлөлтийн цэрэг Хятадыг чөлөөлсний 70 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яамнаас олон арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал, Дорноговь, Сүхбаатар аймагт болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярт нийслэл болон нутгийн 20 гаруй ахмад дайчдыг тусгай тээврийн хэрэгслээр урьж оролцуулсан байна. Тиймээс ч ахмадууд аян зам, элдэв хүлээн авалт дээр уулзсаар хоорондоо танилцаж энэ минь, тэр минь болсон байх аж. Зөвхөн ахмад дайчид ч биш тэдний үр хүүхдүүд нь өнгөрсөн хугацаанд өвөө, ааваа дагасаар хоорондоо нэлээд дуу шуутай болжээ. Тэр ч бүү хэл ирсэн ахмад дайчдад бүгдэд нь үнсүүлээд “Та дээр яваад ирснээсээ хойш ийш тийш явав уу” гэж асууж байх жишээтэй. Эсвэл “Чингис зочид буудалд хооллоход байсан хүү шүү дээ” хэмээн хөөрөлдөх аж.

Ерөнхийлөгч ирэхэд ахмадууд өөрсдийнх нь нэрийг бичсэн сандал дээр тухлан шагналаа хүлээж авлаа. Хамгийн эхэнд Сүхбаатарын одонг гардуулсан. Ингээд Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон гэсэн дарааллаар гардуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн дээд одон медаль гардуулсныхаа дараа хэлсэн үгэндээ “… БНМАУ 1945 оны наймдугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаж, Чөлөөлөх дайны ажиллагаанд оролцсон. Монгол Улс идэр насны залуучуудаа цэрэгт дайчлан татаж, үйлдвэр, аж ахуйн ажилчид ээлжийн амралтгүйгээр ажиллан, ялалтын төлөө зүтгэж байлаа. БНМАУ-ын дайнд оролцсон зорилготой шууд холбоотойгоор Монголын түүхнээ “Чөлөөлөх дайн” хэмээн нэрлэгдсэн “Манжуурын стратегийн давших операци”-д Монгол ардын хувьсгалт цэргийн дөрвөн морьт дивиз, мотомеханикжуулсан долдугаар хуягт бригад, нисэх дивиз, их буу, холбоо, танкийн тусгай хороод болон хилийн цэргийн найман хөдөлгөөнт отряд, ДЯЯ-ны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд нийт 24000 орчим хүний бие бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.

БНМАУ-ын зэвсэгт хүчний цэрэг дайчид Долоннуур-Жэхэ, Хаалганы чиглэлд байгаль, цаг уурын хүнд бэрх нөхцөлд 1000 гаруй километр замыг богино хугацаанд туулан давшиж, байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн юм. Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилтын дүнд Долоннуур, Жэхэ, Пянзан, Завсар, Жанбэй Губейкоу, Жанчхүүгийн даваан дахь бэхлэлтийн бүс зэрэг дайсны түшиц газруудыг эзлэн авч Зүүн хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлөх цэргийн давших операци амжилттай дууссан. Ийнхүү дайны сүүлчийн голомт унтарч ялагдсан тал бууж өгөх актад 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр гарын үсэг зурсан юм. Зүүн хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлсөн Монгол, Зөвлөлтийн цэргийн ажиллагаа нь Хятад улс харийн дарлалаас ангижирч, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явцад чухал түлхэц өгсөн гэж хэлэх бүрэн үндэстэй. Учир нь Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлмэгц Хятадын дөрөвдүгээр арми өмнөд нутгаараа, наймдугаар арми төв ба зүүн хойд Хятад, Өвөр Монголын нутгаар давшилт өрнүүлж, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайныг эхлүүлсэн байдаг. Ийнхүү 70 жилийн тэртээ энх тайван, эрх чөлөөний төлөө үйлст Монгол, Орос, Хятадын зэвсэгт дайчид бие биесээ дэмжин ялалтад хүрснийг тэмдэглэхэд таатай байна” хэмээлээ.

Түүнчлэн энэ өдөр шагнуулж байгаа хүмүүсийн талаар “ЗХУ-ын Тамбов хотын цэргийн тойргийн их бууны долдугаар батальоноор командлуулан дэлхийн II дайнд оролцож, Байшинтын долдугаар дивизийн 20 дугаар морьт хороонд зэвсгийн албаны даргаар ажиллаж, Чөлөөлөх дайнд оролцсон Биньяагийн Лааган гуай, есдүгээр дивизийн морьт хорооны минемот сумангийн улс төрийн орлогч даргаар ажиллаж байгаад Чөлөөлөх дайнд оролцож, Цагаан хэрмийн орчим Японы эсрэг тулалдсан Рэнцэнжавын Дамбадаржаа гуай, Замын-Үүдийн арванхоёрдугаар отряд, Хэрлэнгийн 31 дүгээр отряд, Чоно голын 20 дугаар отрядууд Хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер, улс төрийн орлогч зэрэг албыг хашиж, Чөлөөлөх дайнд Замын-Үүдийн 12 дугаар отрядаас оролцсон Ундрахын Доржпалам гуай, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Амгалангийн Дорж гуай нарын зэрэг олон ахмад дайчид маань шагнал хүртэж байгаа. Та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе” гэсэн юм.

Энэ үеэр зарим ахмад дайчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Ахмад дайчин, бэлтгэл хурандаа Амгалангийн Дорж “Энэ сайхан өдөр төрийнхөө удирдлагаас өндөр шагнал хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Би 1924 онд Баянхонгор аймагт төрсөн. Энэ жил 91 нас хүрлээ. Монголын армид 42 жил тэр дотроо Барилгын цэрэг гэдэг их айлд 37 жил алба хааж байлдагчаас бага дарга, офицер, салаа сумангийн дарга, барилгын техникийн инженер, анги нэгтгэлийн захирагч, Бүх цэргийн ерөнхий газрын орлогч дарга гэдэг өндөр албан тушаалууд дээр алба хааж байсан юм. Энэ бол армийн минь надад үзүүлсэн буян гэж бодож байна. Армидаа он удаан жил ажилласны хүчинд өдий зэрэгтэй амьд мэнд сайн сайхан явж байна. Офицер, албан хаагч бүх хүндээ баяр хүргэж ёсолъё” гэв.

Харин ахмад дайчин Лувсанцэрэнгийн Халзан “Цэргийн тусгай холбооны хороонд байлаа. 1945 оны наймдугаар сарын 10-нд хил давж Хятад орныг Японоос чөлөөлөх байлдаан хийхээр явсан. Холбооны хороонд дөрвөн тоннын даацтай “Зис 14” гэдэг бензин тэрэг барьдаг байсан. Долоннуур хүртэл явсан даа. Жанчхүүгийн даваагаар давж үзсэн. Холбооны хороо 80 шахуу машинтай, 30 гаруй мотортой. Түүний бензинийг би зургаан жил зөөсөн хүн. Дайн дуустал тэнд байж байгаад 1945 оны есдүгээр сарын сүүлээр Монголдоо орж ирсэн. Тэр үед Цэргийн яамны нөөц дууссан гээд одоогийн Сэлэнгэ аймагт хоёр жил бензин зөөж савыг нь дүүргээд 1946 оны нэг сард халагдан харьж байлаа. Ойн баяраар мундаг хүндэтгэл үзүүллээ. Сүхбаатар аймгаар орлоо. Байшинтын долдугаар дивизийн дурсгалд том хөшөө босгосон байна. Дорноговь аймагт очиж зургаан баатартаа цэцэг өргөөд ирсэн. Залуу үедээ дайн байлдаан гээд явж байсан ангиараа явахад ёстой гайхалтай, тун баяртай байна. Үүнээс илүү баяр, их юм үзэх гэж юу байхав. Би 95 настай хүн. Залуу хүн зүдэрнэ гэдэг, ажиллана гэдэг жаргал. Амьдралын гол төв нуруу бол ажил юм. Би 56 жил жолооч хийсэн. Ийм л нэг өвгөн дөө” гэлээ.

Тэгвэл ахмад дайчин Цэрэндоржийн Осор гуай “Өвөрхангайн Сантаас 1944 онд цэрэгт татагдаж байлаа. Одоогийнх шиг байсангүй. Морин өртөө, тэмээн өртөө, явганаар хүртэл явж байлаа. 1944 онд хилийн цэрэгт татагдаад 1948 онд халагдаж байсан. Өмнөговь аймагт Номун сум гэж байсан. Түүний урд талд Говь сангийн далай отрядад алба хаасан. Хилийн заставт яг хилийн шугам дээр л байлаа” хэмээн хуучиллаа.

Ж.БАЯРСАЙХАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Алтаншагай: “Миний ах атаман” кино анхны гол дүр учраас надад чухал байсан

“Fantastic” продакшны жүжигчин МУСТА Ж.Алтаншагайтай ярилцлаа.

-Та аль нутгийн хүүхэд вэ. Бага нас хаана өнгөрөв?

-Хэнтий аймгийн Жаргалхаант сумын хүүхэд. Сумандаа нэгдүгээр ангиасаа найм төгстөлөө байсан. Хэнтий аймаг аавын маань нутаг л даа. Аймгийнхаа төв дээр арван жилээ төгсөөд СУИС-ийн жүжигчний ангийг 2008 онд МУСГЗ С.Сугар багшийн удирдлаганд төгссөн.

-Аав, ээжийнхээ талаар яриач?

-Манай ээжийг Энхчимэг гэдэг. Одоо Хэнтий аймагт багшилдаг. Манай аавыг Жаргалсайхан гэдэг. Аав маань шүүх, төр засгийн байгууллагад насаараа ажилласан хүн.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ. Багадаа их идэвхтэй хүүхэд байв уу?

-Хүүхэд байхаасаа их сонирхолтой байсан. Урлагт их дуртай, уран уншлага уншдаг байлаа. “Би хэрвээ цагдаа болсон бол сайн ч байсан, муу ч байсан тэр байгууллагадаа насаараа ажиллах байсан. Эмч болсон ч адилхан. Жүжигчин хүн бол эмч ч болдог, цагдаа ч болно. Магадгүй алуурчин, зарим үед аврагч болдог. Бүх л төрлийн мэргэжлийг жүжигчин хүн гаргадаг шүү дээ” гэсэн бодол төрж байсан юм. Тэгээд л жүжигчин болох гараагаа эхлүүлж байсан даа.

-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Ер нь би аливаа нэгэн тогтсон газар ажиллаж үзээгүй. Сургуулиа төгсчихөөд ганцаараа хурим, арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Би дотроо хамт ажилладаг сэтгэл нийлсэн ажлын хамт олон, багтай болох юмсан гэж боддог байсан юм. Сүүлд Тамираа, Баяраа, Батсайхан бид дөрөв уулзаад ярилцаж суугаад тэр гуравтайгаа сэтгэл санаа нийлж анх “Fantastic” продакшныг үүсгэн байгуулсан.

-“Fantastic” продакшны анхны уран бүтээл юу байв?

-Анхны уран бүтээл бол “Дурсамж төгсгөл үгүй” гэж Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойд зориулсан уран сайхны кино байсан. Түүнээс хойш “Аз жаргалын шок” “Амингоо”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц” зэрэг кино хийсэн байна.

-Та хэдэн кинонд тоглоод байгаа вэ. Аль дүрээ илүү гэж онцлох вэ?

-Олон кинонд тоглоогүй ээ. Гэхдээ киноны туслах дүрүүдэд зөндөө л тоглож байсан. Онцлох кино гэвэл “Миний ах атаман”. Их золиос гаргасан шүү. Кино зураг авалтад орох гэж 16 кг жин хаясан. Орлон тоглогчгүй хүнд зураг авалтад орж бэртэх үе байсан. Маш их ачаалал өгч ажилласан учраас тэр дүрдээ их хайртай. Мөн том багтай ажилласан.

-Голдуу ямар дүрд сонгогдож байна?

-Янз янз. Б.Тамирын аав МУСТА О.Бат-Өлзий ахын хийсэн “Маш нууц кино” удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ кинонд би эсрэг дүрд тоглосон. Хүмүүс намайг дандаа л эерэг дүрд тоглодог гэж боддог юм шиг байна лээ. Бас өөр дүрд хувиралгүй яахав.

-“Миний ах атаман” киноны онцлог юу вэ?

-Энэ бол монгол кино. Монгол хүний оюун ухаан, хөлс хүчээр бүтсэн кино. “Миний ах атаман” гаднаас нь харахад нэг л костьюм пиджак өмсчихсөн. Гадаадын мундаг машин унасан залуус байсан байх. Гэхдээ энэ дотор маш их монгол санаа явж байгаа. Наад зах нь хоорондооо уулзаад хөөрөглөдөг. Мэндлэхдээ “Сайн байна уу, сайхан зусч байна уу” гэх жишээтэй. Энэ бол Монголын бүтээл.

-“Миний ах атаман” кино Улаан-Үдэд гарсан шүү дээ. Хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Ерөнхийдөө бид гадагшаагаа уран бүтээлээ хийж эхэлж гэж байгаа. Улаан-Үдэд очоод киногоо нээх гэж байхад эхлээд монгол кино гэсэн гайхаад байсан. Кино үзсэний дараа бидэнд баяр хүргэсэн. Улаан-Үдэд 1980-аад онд л монгол кино гарч байсан юм билээ. Тэрнээс хойш гарч байгаа кино “Миний ах атаман” болж байгаа юм билээ. Тэд сайхан хүлээж авсан шүү.

-Таны стилийг костьюм гэж хэлж болох уу. Байнга л хослол өмссөн байгаа харагддаг?

-Ер нь өмсөх дуртай. Гэхдээ костьюм өмсөхөд шалгууртай байх ёстой. Наад зах нь гутал нь тоосгүй байх, цамцны зах хиргүй байх, зангианы зангилаанууд янз янзын төрлүүд байна гээд шалгууртай. Энэ нь ёслолын зориулалттай цэвэрхэн хувцас болохоос биш зүгээр хэн дуртай нь углаад явдаг зүйл биш. Костьюм өмсөхөд хүний царай хамаагүй, стандартын дагуу цэвэр байхад л оршино доо.

-Та хэдэн костьюм пиджактай вэ?

-17, 18 бий.

-Жүжигчин хүний хувьд тоглохыг хүсдэг дүр бий юу?

-“Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрд ажиллаж үзэхийг хүсдэг. Хамгийн сайн найзын дүр шүү дээ. Хэзээ нэгэн цагт энэ дүрд тоглож үзэх юмсан гэж мөрөөддөг.

-Тэгэхээр таны хувьд нөхөрлөл чухал байдаг гэж ойлгож болох уу?

-Нөхөрлөл хамгийн үнэ цэнтэй зүйл. “Эр хүн хөдлөхөд хад чулуу хагардаг” гэдэг айхтар үг байдаг шүү дээ. Шулуухан хэлэхэд “Муу хамаатнаас сайн найз дээр” гэдэг үг бий. Надад ямар нэг юм тулгарахад хамгийн түрүүнд найз руугаа л ярьдаг.

-Ж.Алтаншагай гэдэг хүний баримталдаг зарчим юу вэ?

-Цаг сайн барьдаг. Би нэг цагаан цамцыг нэг л өдөр өмсдөг. Энэ нь хаядаг гэсэн үг биш л дээ. Нэг угаагаад дахиад угаагаад өмсдөг. Хөдөө, гадаа явахдаа заавал нэг ээлжийн хувцас авдаг. Манай найзууд намайг гайхаад байдаг юм. Чи ямар сонин юм бэ. Ямар эрсдлээс айгаад байдаг юм гэдэг. Би хөдөө явахдаа гар чийдэн, зүү утас, эмнэлгийн тусламжийн зүйлс аваад явдаг. Өөрийгөө юунд бэлдээд байгаагаа мэдэхгүй ч эрсдлээс сэргийлэх дуртай. Эрсдэл байх ёсгүй гэж үздэг.

-Жүжигчин хүнд сайхан үйл явдал зөндөө л болдог байх. Санаанаас гардаггүй сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-“Миний ах атаман” киноны нээлт. Би амьдралдаа тэгж шоконд орж үзээгүй. Эргээд санахад өнгөрсөн жилийн есдүгээр сарын 12-ны өдөр байдаг. Би тэр өдөр ээж, аавыгаа МУСТА цол хүртэж баярлуулсан. Нээлтэд маань аавын бие тааруу ээж маань ирсэн. Манай аав тэр үед “Миний хүү аавынхаа хүслийг биелүүллээ дээ” гэсэн. Аав, ээжийгээ баярлуулсан маань миний хувьд хамгийн том баяр баясал байсан. Найруулагч болон найз нартайгаа зэрэгцээд киногоо үзсэний дараа хүмүүс “Баяр хүргэе, сайхан кино болсон байна” гэж хэлэх бахархам байсан. Түүнээс биш тэр кинонд би хүн зоддог бол сонин биш шүү дээ. Миний хамгийн анхны гол дүрд тоглосон уран бүтээл байсан гээд их олон үйл явдал давхацсан өдөр болсон юм л даа. Тэр өдрийг би хэзээ ч мартахгүй байх.

-Та гэр бүлээ танилцуул л даа?

-Гурван охинтой. Гэр бүлийн хүнийг маань Хулан гэдэг. Бүтэн арван жилийн турш миний арыг дааж явна даа.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Бид оны дараа шинэ уран бүтээлд орно. Одооноос биеэ бэлдэнэ дээ. Миний хувьд хамгийн гол нь уран бүтээлээ чанаржуулах. Дэлхийн тавцанд гарахуйц уран бүтээл хийх хэрэгтэй шүү дээ. Алтан үеийнхний бидэнд өвлүүлээд үлдээсэн энэ кино урлагийг бид өвлүүлэн түүчээлэх ёстой. Тэгэхдээ бид муу юм хийж болохгүй. Маш сайн кино хийх ёстой. Үүний тулд сайн бэлтгэл хэрэгтэй байна.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

Ажиа гэгээн: Дараа төрлийнхөө тухай би их бодож байгаа

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан дахь Хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлгийн дэргэд “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ажилладаг. Тус төвийн нэгэн жижигхэн өрөөнд Ажиа гэгээн заларчээ. Үүдний том өрөөнд сандал ширээ байрлуулж, сүсэгтнүүдэд тавагтай идээ, цай зэхжээ. Хүмүүс гэгээнтэнд золгох дарааллаа хүлээн сууж байв. Тэдний завсар чөлөөгөөр Ажиа гэгээнтэй цөөн хором ярилцлаа. Ажиа гэгээн аялгатай монгол хэлээр чөлөөтэй ярих юм. Гэгээнтэн мөн өөртөө зав чөлөө гаргаж, бурханы ном судар уншиж суух дуртай юм билээ.

Ажиа гэгээнтний энэ удаа Монголд ажиллаж байгаа гол зорилго юу бол?

– Юуны өмнө Монголын ард түмний амар амгаланг асууя. Эмнэлгийн барилгын ажил дууссан ч бага сага ажил үлдсэн. Энэ удаа ЭХЭМҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр надад хүндэт профессор цол олгосныг хүлээж аваад их баяртай байна. Ажил сайхан бүтсэн.Яваандаа буяны ажил үргэлжлүүлж явуулъя гэж бодож байгаа.

Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаанд та сэтгэл хангалуун байна уу?

-Ерөнхийдөө сэтгэл өндөр байна. Дөрөв таван жилийн өмнө дөнгөж шав тавьж байлаа. Хандивын мөнгө ч хангалттай цуглаж эхлээгүй байсан. Яах юм бол доо гэж бас санаа зовж л байлаа даа. Гэсэн ч одоо тоног төхөөрөмжөө ч суурилуулаад, эмнэлэг ажиллаж байна. Эмч нар сайхан байна. Цусны хавдартай олон хүүхдийн оношилгоо шинжилгээг хийж байна. Өмнө нь энэ өвчнийг Монголд эмчилдэггүй байсан учраас гадаад явж эмчлүүлдэг байлаа. Зарим нэг үйлчилгээ энд үнэгүй хийгдэж байгаа. Гадаад явахад маш их мөнгө зарах учраас хүн бүр явж чадахгүй. Гадагшаа чиглэсэн урсгалыг сааруулж, Монголдоо эмчилж байна гэж эмч нар хэлж байгааг сонсоод баяртай байна. Нэг талаас энэ бол улсын эмнэлэг, зарим ажлыг зохион байгуулахад бага зэрэг удааширч байна. Аль болох хурдан бүтээх талаар бодож л байна.

Та бас япон эмч авчирсан гэсэн үү?

-Токиогийн их сургуулийн шүдний эмч авчирсан. Тэр эмч гэр хорооллоор судалгаа хийсэн. Ядуу, бага орлоготой иргэдийн дунд шүдний өвчлөл их тохиолдож байна. Хүүхдийн шүд нь өвдөхөд эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх боломж тэр бүр байдаггүй, нөгөө талаар ээж, аав нь ч анзаардаггүй бололтой юм. Ямар шалтгаанаар тийм болсон гэхээр монгол хүүхдүүд чихэр шоколад их иддэг, хийжүүлсэн ундаа их уудагтай холбоотой гэж хэлж байна даа. Тэр эмч маань дараа жил бас ирээд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх талаар ч ярьж байгаа. Энд хоёр байшин байгааг та харж байгаа. Нэг нь зочин эмчийн байр, нөгөө нь эмнэлгийн байр юм. Зочин эмч судлаачдын байранд яваандаа эмч авчрахаар бодож байна. Монголд юу дутуу байна гэхээр мэргэжлийн талаар судалгаа хийж суралцах, дасгал хийх боломж дутуу байна. Олон эмч нар гадаад явж суралцдаг. Түүнээс гадна гадаадаас эмч судлаачдыг урьж авчирч ажлын байран дээр нь сургах талаар бодож байна.

Ажиа гэгээний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ямар үйл ажиллагаа явуулдаг бол?

-Гол нь эмнэлэг барихын тулд энэ төвийг байгуулах хэрэгтэй байсан. Эмнэлэг баригдаж дууссан ч үргэлжлүүлээд ажиллаж байна. Гагц ЭХЭМҮТ-д ч бус тусламж шаардлагатай бусад эмнэлэгт ч тусалж байгаа. Завханы эмнэлэгт шаардлагатай багаж төхөөрөмжийг бэлэглэсэн.

Буяны ажил хийж байгаа. Гэр хорооллынхон, хөдөө орон нутгийн иргэдэд хувцас, шаардлагатай  тусламж үзүүлэх  буяны ажил хийхээр бодож л байгаа даа.

Та сайн санаат хүмүүс, сүсэгтэн олон түмнийг уриалаад ийм сайхан хүүхдийн эмнэлэг босголоо. Цаашдаа олон нийтэд хандсан том төсөл хэрэгжүүлэх үү?

-Сайн санаатай хүмүүстэй хамтарч ажиллаж болно. Зарим нэг хүн нэр ашиглаад юм хийе гэвэл судлах хэрэгтэй л дээ. Яваандаа боловсролын ажил хийхээр бодож байна. Сургууль байгуулах талаар бодож л байна. Гэхдээ одоохондоо яг нарийн төлөвлөсөн юм алга.

Та урьд нь орон нутгийн гамшгийн эсрэг тусламжийн төсөл хэрэгжүүлж байсан юм билээ. Ер нь дэлхий нийтээр байгалийн гамшгийн давтамж нэмэгдсэн гэдэг. Энэ юуны дохио гэж та бодож байна?

-Ямар ч хүн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Нэг талаар хүн төрөлхтөн хөгжил дэвшилд хүрсэн ч нөгөө талаар байгаль, хоол хүнс, ус орчин бохирдож гамшиг нүүрлэж байна. Хэдэн жилийн өмнө Японд болсон хар салхины аюулын дараа ном уншиж, жаахан хандив өгсөн дөө. Жил жилд энэ ажил үргэлжилж яваа. Энэ талын боловсрол хэрэгтэй. Олон нийт ард түмэн энэ талын мэдлэгтэй байх учиртай. Монголын хөдөө нутагт явахад хог зөндөө хаясан байв. Би бүр санаа зовлоо. Хамгаалдаг хүн байхгүй юм болов уу. Улаанбаатарт өвөл их утаатай гэсэн. Зун бол тоосжилт их байгаа. Байгаль орчныг хамгаалах талаар их бодох хэрэгтэй. Засгийн газраас үүнд их анхаарах учиртай.

Таныг тээж байх үедээ ээж тань “Цахилгаан цахилж тэнгэр дуугарч, тэнгэрийн луу үзэгдэв” гэж зүүдэлсэн гэдэг. Хүний зөн совин, сэрэл мэдрэмж гэдэг их сонин юм. Таны амьдральд дахин тийм совин билиг тохиолдсон уу?

-Би нэг их анзаардаггүй. Миний ээж тийм юм хэлсэн. Бүр сүүлд надад хэлж билээ. Хүнд хэлээгүй, чиний аавд ч хэлээгүй гэж надад ярьсан болохоор тийм юм байдаг юм байна гэж бодлоо. Би зүүд бол ажил төрөл, бодлоос шалтгаантай гэж үздэг. Зүүдэнд хааяа совин ирдэг байлгүй дээ. Би тэр талаар нэг их анхаардаггүй юм.

Таныг 20 дахь Ажиа гэгээн гэдэг билүү. Та дараа төрлийнхөө тухай боддог уу?

-Хоёр янзын тоо бий. Нэг бол наймдугаар дүр гэдэг. Номын журмаар явбал би 21 дүгээр дүр дээр хүрсэн байгаа юм. Дараа төрлийнхөө тухай би их бодож байгаа. Дараа дүр хэрэггүй гэж бодогддог. Намайг 21 гэсэн ч болно, найм гэсэн ч болно. Тэгээд дууслаа. Ямар учир байна гэвэл хойд дүрийг хайвал олдоно доо. Ард түмэн миний хойд дүрийг хүсдэг юм бол болно. Энэ цолыг хэрэглэж болно. Миний нэр алдар байгаа шүү дээ. Ямар нэг хүн буян хийдэг юм бол, эрдэмтэй болдог юм бол энэ цолыг авч болно гэж боддог л юм. Нарийн төлөвлөсөн юм байхгүй л дээ.

Та хувь хүнийхээ хувьд хэрэв би лам хүн биш байсан бол гэж бодогдох удаа байв уу?

-(инээв) Би тэр талаар нэг их бодоогүй дээ. Би лам болсон болохоор миний амьдралд зовлон гэдэг юм уу, хэцүү юм их байсан. Би хоёр настайгаасаа лам гэж явлаа. Би лам болсноор бурхан шашныг муугаар хүлээж авах тэр үед жирийн хүүхдийнхээс огт өөр амьдрал миний толгой дээр ирсэн. Найман настай хүүхэд юу мэдэхэв. Сүүлд цаг эргээд сайхан болж ирэхэд надад бүүр их сайхан хүндлэл ирсэн нь ч бий. Бас би гэгээн байсан. Том ламын нэр байсан. Түүгээр хүмүүс бас их хүндэлдэг байхгүй юу. Энэ нэрээр хүнд тус хүргэдэг юм бол тус хүргэж чадна. Бас буруу юм хийвэл зөндөө хийчих юм байна даа гэж боддог.

Таныг нууц ухаан бурханы урлалд суралцаж байсан гэдэг. Танд ямар нэг нууц увидас байдаг уу?

-(инээв) Тийм их юм байхгүй ээ.


Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг: 70 тэрбумыг гурван компанид өгөхөөр вексель бичсэн байсныг шалгахаар болсон

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Жил жилийн өдийд л цэцэрлэгийн асуудал босдог нь нууц биш. Энэ жилийн хувьд гэхэд хүүхдүүдийг сугалаагаар цэцэрлэгт оруулж байгаа. Үүнийг эсэргүүцэх хүмүүс олон байгаа. Таны хувьд Хүүхэд харах үйлчилгээний хуулийг анх санаачилж байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хууль хэрэгжээд эхлэхээр ирэх намраас энэ асуудлууд цэгцрэх болов уу?

-Тийм ээ. Хойтон жилийн наймдугаар сард хүүхдийн цэцэрлэгийн асуудал ийм хурцадмал байдалд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн гурван жилийн турш маш олон бэрхшээлийг давж байж Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулж чадлаа.

Энэ жил цэцэрлэггүй үлдэж байгаа 30 гаруй мянган хүүхэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ үйлчилгээнд хамрагдах боломж бүрдсэн. Харин цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүй эцэг эхчүүд болон цэцэрлэгийн хүрэлцээ муутай байгаа хороо, сум, багийн зүгээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдээ хайн олж бэлтгэл ажилд нь илүү анхаарах хэрэгтэй байх. Ажилгүй байгаа хүмүүст ч бас өөрөө өөртөө ажлын байр бий болгох сайхан боломж шүү.

-Улсын төсөв хүнд байгаатай холбоотойгоор шинээр ашиглалтад орох цэцэрлэг цөөн байна. Цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулахын тулд төрийн зүгээс ямар шийдвэртэй алхам хийх ёстой вэ?

-Улсын төсөвт хамгийн их мөнгийг цэцэрлэг барихад зарцуулдаг гэж хэлж болно. Жил бүр 30-40 цэцэрлэг шинээр ашиглалтад орж байна. Гол нь төрж байгаа хүүхдийн тоо үүнээс хэд дахин олон байгаа болохоор энэ маягаар цэцэрлэгийг 100 хувь хангах боломжгүй л дээ.

Цаашдаа 2-3 настай хүүхдүүд Хүүхэд харах үйлчилгээгээр харин 4-5 настай хүүхдүүд цэцэрлэгээр хүмүүждэг болно. 2-3 настай хүүхэд өвчин тусах магадлал өндөр учраас цөөн хүүхэд гэрийнхээ хажууд эсвэл гэртээ ойр дотны хүний асаргаанд байх нь чухал. 4-5 настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахын тулд цэцэрлэгээр хүмүүжнэ.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс тодорхой хэмжээний зардал гарах ёстой ч, тэрхүү мөнгийг шийдэх эх үүсвэр байхгүй гэдгийг хуучин Сангийн сайд мэдэгдэж байсан. Энэ бүхэндээ гарц олсон уу?

-Хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан нь улсын төсөвтэй холбоотой. ХАХНХЯ-ны төсөвт 50 тэрбум төгрөг суулгаж байгаа. Хэрэв Сангийн яаман дээр хасагдахгүй бол Төсвийн байнгын хороон дээр энэ мөнгийг тэр чигт нь батлуулах ажлыг би хариуцан хийнэ. Сангийн яамыг битгий хасаарай гэдгийг сануулсан байгаа. 2016 оны төсөвт 50 тэрбум суучихвал 30 мянган хүүхэд харах боломж бүрдэнэ.

-Та Векселийн ажлын хэсгийг ахалж байгаа. 170 тэрбум төгрөгөө улсаас авахаар 260 гаруй компани Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Хийсэн ажлынхаа мөнгийг авмаар байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаад Төсвийн байнгын хороонд өгсөн. Төсвийн байнгын хорооноос Сангийн яаманд чиглэл өгсөн. 170 тэрбумаас 70 тэрбумыг гурван компанид өгөхөөр вексель бичсэн байсныг зогсоосон. Учир нь энэ компаниуд хийсэн ажлынхаа мөнгийг 100 хувь авсан боловч ханшийн алдагдалд зөрүү тооцуулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан байна лээ. Мөн 2015 оны төсөвт тусгагдаагүй, шүүхийн шийдвэрээр олгох мөнгийг дараа оны төсөвт суулгадаг хуультай. Тэгэхээр энэ гурван компаниас бусад 257 ААН мөнгөө аваад эхэлсэн гэж ойлгож болно.

-Таны хувьд бизнесийн салбарт амжилттай ажиллаж байсныг манайхан мэднэ. УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль бизнесийнхэнд хэр боломж олгож өгсөн гэж харж байна вэ?

-Энэ бол эдийн засгийн өршөөлийн хууль. 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор аж ахуйн нэгжүүд тайлан балансаа зөв болгож, нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, бараа материалаа ил болгон нөхөн төлөх боломж бүрдсэн. Харин ААН-үүдэд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Учир нь мэдээлэл муутайгаас болоод 2007 оны эдийн засгийн өршөөлийн хуульд аж ахуйн нэгжүүд тэр бүр хамрагдаж чадаагүй учраас хугацаа сунгах шаардлага гарч байсан.

-Эдийн засгийн ил тодын хууль батлагдсанаар эдийн засагт ямархуу хэмжээний өөрчлөлт гарах бол. Шударгаар татвараа төлж байсан аж ахуйн нэгж, хувь хүмүүс бол ямар ч хөнгөлөлт эдлэхээргүй байгаад сэтгэл дундуур байх шиг?

-Татварын орчин тийм ч таатай биш байдгаас шалтгаалан ихэнх аж ахуйн нэгжүүд хоёр тайлан баланс гаргах, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлөх, зарим орлогын хэмжээгээ нуух явдал байдаг л даа. Үүнд бас төр ч өөрөө буруутай байдаг. Учир нь татвараа үнэнчээр төлөөд ашиг олох бололцоог бүрдүүлж өгөх ёстой.

Мөн эдийн засгийн хямралаас шалтгаалан хүү, торгуульд унасан аж ахуйн нэгжүүд олон байгаа. Эдийн засгийн өршөөлийн дараагаас нэгэнт ил болгосон орлого, хөрөнгөөс илүү татвар орж ирэх нь ойлгомжтой шүү дээ.

-Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа асуудал мэдээж Өршөөлийн хууль болоод байна. Өршөөлийн хууль батлагдсан тул удахгүй төрийнхөө өршөөлд хамрагдана гэсэн ч хориг зэрэг асуудлаас болоод жаахан сунжрах төвөлтэй. Та уг хуулийг хэрхэн харж байгаа вэ?

-Есдүгээр сарын 7-ноос ээлжит бус чуулган зарлана гэдгийг УИХ-ын дарга мэдэгдсэн байгаа. Энэ чуулганаар Өршөөлийн хуулийн хориг болон зургаан сайдыг томилох асуудал хэлэлцэнэ.

Хоригоос шалтгаалан суллагдах ёстой эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд гарч чадахгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ ирэх долоо хоногоос шийдчих учраас түр хүлээлтийн л асуудал юм даа.

Өршөөлийн хуулийг хоёр талтай гэж харж байгаа. Нэгдүгээрт, албан тушаалтнуудын хэрэг өршөөгдөнө гэдэг нь томоохон ухралт гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаарт, албан тушаалтан өршөөгдөхийн тулд хэргээ хүлээсэн байх ёстой, мөн хохирлыг барагдуулах ёстой. Хэлмэгдсэн гээд байгаа хүмүүс би хэлмэгдээгүй, хэргээ хүлээе гэж хэлнэ гэсэн үг шүү дээ. Ингэж буруугаа хүлээгээд хохирлоо төлчихсөн бол өршөөж болохгүй нь юу байхав. Хэлэлцэх үед энэ хоёр талыг нь сайн ярилцах байх гэж бодож байна.


Categories
мэдээ нийгэм

“Гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм хөгждөг”

Монгол Улсын Ерөнхийлөгч “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр долоо дахь удаагаа теле хичээл заалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн өгөөд энэхүү хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, MNC телевизүүд орон даяар шууд дамжуулав.

Уг хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн Химийн гүнзгийрүүлсэн сургалттай 33-р сургууль болон нийслэлийн 45-р сургуулийн сурагчид анги даасан багш нарынхаа хамт оролцлоо.

Хичээлийн шинэ жилийн анхны хонх дуугарсны дараа хөтлөгч сурагчдад хандан хичээл эхэлж байгааг анхааруулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг студид урилаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ.

Сурагчид: -Сайн, та сайн байна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч сурагчидтай мэндчилсний дараа Төрийн дуулал эгшиглэж, Эрдмийн баяр, хичээлийн шинэ жилийн эхний цагийн хичээл эхэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Баярлалаа хүүхдүүд ээ, сууцгаая. Ингээд өнөөдөр сургуульдаа орж байгаа нийт хүүхдүүдэд болон багш нартаа, боловсролын байгууллагын ажилтнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэнд баяр хүргэе.

/Сурагчид алга ташив/

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Энэ жилийн хичээлийн сэдвээр “Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдэв сонгосон нь бас учиртай. Ер нь ажиглаад байхад манай нийгэмд сөрөг сэтгэлгээ давамгайлсан байдалтай харагдаад байгаа. Энэ сөрөг сэтгэлгээг яавал эерэг сайн сэтгэлгээ болгож хувиргах вэ гэсэн бодол надад төрдөг. Тэгэхээр нийгмээ сайхан болгохын тулд хүмүүсийнхээ сэтгэлийг сайхан болгох ёстой. Үүний тулд хүн бүр дотроо сайхан зүйлийг мөрөөдөж, сайн зүйл хийхийг хүсч, сайн зүйлд тэмүүлэх юм бол манай нийгэм тэр чигээрээ сайхан болох учиртай.

“Хүн бодсон зүйлээ хардаг” гэж үг байдаг. Аливаа хүн бодсоноо хийдэг. Тийм биз? Тийм учраас хүний бодол санаа хамгийн чухал юм. Энэ нийгмийн бүх зүйлийн цаана хүний бодол, хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл байдаг. Тийм учраас аль болох гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм их зүйлийг бүтээдэг.

“Хүнд аз жаргал бэлэглэе гэвэл эхлээд өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй” гэж ярьдаг. Өөрөө уйтгар гунигтай, өөрөө муу зүйл бодсон хүн бусдад аз жаргал бэлэглэж чадахгүй. Тэгэхээр сэтгэлгээний энэ өөрчлөлтийг олгодог гол газар бол сургууль юм. Сургууль дээрээ энэ бүхнийг ярилцаж, үүнд анхаарал хандуулдаг байвал нийгэмд эерэг сэтгэлгээ төлөвших юм.

-Хүүхдүүд ээ, өнөөдрийн сэдэв юу билээ?

Сурагчид: Санаа зөв бол заяа зөв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм ээ. Би долоо дахь жилдээ хичээлийн шинэ жилийн нээлтийн теле хичээлийг зааж байгаа. Өмнөх хичээлийн сэдвүүдийг та нар санаж байгаа байх.

-Санаа зөв бол заяа зөв гэж юу гэсэн үг вэ?

Нийслэлийн 33-р сургуулийн 8-ийн “Б” ангийн сурагч Очирбат: Санаа зөв бол заяа зөв гэдгийг сайхан бодолтой байхыг хэлнэ гэж би ойлгож байна. Хүний үг үйлс хоёр нэг байх ёстой. Мөн сайн хүнийг үйлдлээс нь шинжиж болно гэж би бодож байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Баярлалаа. Энд гурван сургуулийн сурагчид ирсэн байгаа гэж ойлгосон.

-Та бүхэн жишээ нь сургууль дээрээ ямар нэгэн сайн зүйл хийе гэж ярилцаж байгаад хамтдаа хийсэн хүүхэд байна уу?

Нийслэлийн 45-р дунд сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Төгөлдөр: Бид зуныхаа амралтаар 8-р ангийн математикийн сурах бичгийг түрүүлэн авч, 6-7-р ангийн дүү нартаа олимпиадад бэлтгэх, хичээлийн хоцрогдлыг арилгах давтлага хийсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Өөр хэн ямар сайн зүйл санаачилсан бэ?

Монгени сургуулийн 8-ын “Д” ангийн сурагч Мөнх-Алдар: Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын амьдрах ур чадварт суралцах хичээлээр бид компьютер тоглоомын сөрөг нөлөөг сүүлийн үед манай ангид тулгамдаж буй асуудлын нэг гэж дүгнэж үзсэн. Учир нь компьютерийн тоглоом нь хичээлийн үр дүн, идэвхид нөлөөлдөг гэж бид үзсэн л дээ. Бид ангиараа гурван баг болж компьютерийн тоглоомыг ач холбогдол, сөрөг нөлөө, хэрэглээ гэсэн сэдвээр судалсан. Энэ судалгааны дүнгээр манай ангийн нийт хүүхдийн 88 хувь нь компьютерийн тоглоом тоглодог байсан. Энэхүү судалгааны дараа компьютерийн тоглоом тоглодог хүүхдийн тоо 20 хувь хүртэл буурсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Маш өндөр хувиар буурсан байна шүү дээ. Нэг бол гартаа утас барьчихаад, нэг бол тоглоомын газар хэсээд л тоглоод гэрийнхээ даалгаврыг хийдэггүй байсан хүүхдүүд ярилцаад компьютерийн тоглоомын сөрөг үр дагаварыг ухамсарласны дүнд татгалзсан байна.

Техник технологи бол сайн зүйл гэхдээ хэтэрхий их ашиглавал хүнийг буруу зүйлд дагуулдаг. Тэгэхээр сайн зүйл бодоод хийе гэж санавал сайн үр дүнд хүрч байна. Бас нэг ийм үлгэр жишээ болгох нэг хүүгийн мэндчилгээг одоо сонсгоё. Миний заах хичээлд энэ хүүхдийн тухай яривал сайн гэж санал болгосон юм.

Харвардын их сургуулийн төгсөгч У.Билгүүн: Сайн байцгаана уу. Та бүгдэд АНУ-ын Бостон хотоос 9-р сарын 1-ний мэндийг хүргэе. Намайг Уламмандахын Билгүүн гэдэг. Харвардын сургуульд бакалаврын түвшинд суралцсан Монголын анхны оюутан болсноор минь намайг зарим хүн таньж байгаа биз ээ.

Оюутан сурагчид надаас Харвардын сургуульд хэрхэн суралцах тухай асуудаг. Намайг амжилтад хүрэхэд хамгаас нөлөөлсөн зүйлийн нэгийг онцолж хэл гэвэл аливаа ажлыг зөвхөн өөрийн төлөө биш бусдын төлөө гэсэн сэтгэлээр хийвэл илүү амжилтад хүрдэг мэт надад санагддаг.

Миний хувьд Харвардын их сургуульд орсон шалтгаануудын нэг нь, би 10 настай байхдаа гадаадад амьдарч байгаад Монголд ирж байсан. Тэгээд ирсний дараахан “Харри Поттер” номыг хүүхдүүд бараг мэдэхгүй, мэддэг нэг нь киноноос л үзсэн байсан. Тэгээд ямар харамсалтай юм бэ, үүнийг өөрчлөх хэрэгтэй. Монголын хүүхдүүдэд “Харри Поттер” номыг хүргэх юмсан гэж бодсон.

Тухайн үед Монгол болон англи хэлэндээ тааруухан байсан учраас орчуулга хийхэд хүндрэлтэй байсан. Гэсэн ч хичээж оролдож байгаад орчуулсан. Номоо хүүхдүүдэд хүргэх зориголтой байсан учраас ямар нэгэн хэлбэрээр нийтлэх хэрэгтэй болсон. Тэгээд 12, 13 настайдаа вэбсайт хийж сураад, энэхүү сайтдаа орчуулгаа нийтлээд хүмүүст хүргэж байсан.

Түүний дараа 10-р ангид ороод Харвардын их сургуульд элсэх хүсэлтээ илгээчихээд байж байтал намайг ярилцлагад дуудсан. Ярилцлагад ороход “Харри Поттер” ном орчуулсныг л ихэд сонирхоод, ярилцлагын туршид бараг энэ сэдвээр ярилцаж өнгөрүүлсэн. Тэд “Чухам яагаад энэ номыг орчуулсан юм? Юуны төлөө ингэж их хөдөлмөрлөсөн юм? Номоо орчуулаад нийтэлж чадсан уу?” гэх мэт олон асуулт асуусан. Энэхүү номыг орчуулсан нь Харвардад элсэх бас нэгэн хүчин зүйл болсон.

Ингээд 9-р сарын 1-нийг тохиолдуулан оюутан, сурагчиддаа хандаж хэлэхэд хичээлээ хийхдээ зөвхөн өөрийнхөө төлөө хийж байна гэж бүү бодоорой, аав ээж, эмээ өвөө, улс орныхоо хөгжлийн төлөө онц сурж байгаа гэж хичээж хийвэл илүү өндөр амжилтад хүрнэ шүү гэж захиж хэлье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Билгүүндээ баярлалаа.

-Билгүүний ярьсан зүйлээс юу ойлгож мэдэж авснаа хэлэх хүн байна уу?

Нийслэлийн 33-р сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Ананд: Энэ Билгүүн гэж хүүгийн бусдын төлөө гэсэн сэтгэл амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж ойлголоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүүхдүүд та бүхэн дэлхийд нэр хүндтэй сайн сургуульд орохыг мөрөөдөж байгаа. Билгүүн энэ номыг орчуулж байхдаа Харвардад суралцана гэж огт бодоогүй байсан гэсэн. Та бүхэн бүгдээрээ “Харри Поттер” гэж кино үзсэн байх. Энэ номыг яагаад монгол хэл дээр орчуулаагүй юм бэ гээд л орчуулж эхэлсэн байна. Билгүүн өөрөө англи хэлийг сайн мэдэхгүй байж хичээгээд орчуулаад хийсэн вебсайтдаа тавиад олон хүүхдүүдэд номоо хүргэсэн байна шүү дээ.

Тэгээд тэр мундаг сургууль, Билгүүнийг зүтгэлтэй хүүхэд байна, манай сургуульд сурах нь зөв юм байна гэж үзээд хүүгээс ярилцлага аваад элсүүлсэн байна. Энэ бүхнээс та нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сургуульд сурч, онцсайн дүн авна гэдэг маш сайн зүйл. Гэхдээ энэ бүхний хажуугаар тухайн хүүхдийг сургуульд авахдаа чухам ямар зан ааштай, суртахуунтай, хүсэл тэмүүлэлтэй юм гэдгийг онцгой харгалзан үздэг. Энэ хүүхдийг сургаад төгсгөвөл ямар хүн гарах вэ, сайн үр дүн гарах уу гэдгийг анхаардаг. Дүнгээс гадна хамгийн гол нь хүн гэдэг талаас нь хардаг байх нь.

Тэгэхээр бүгдээрээ нэг томьёо бодъё. Юуны түрүүнд сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй юм байна, тэгээд сайн зорилготой байх хэрэгтэй, энэ зорилгоос үүдээд амжилт гардаг байх нь. Сайн амжилтад хүрэхийн тулд сайхан сэтгэлтэй бай. Сайхан сэтгэлтэй, сайн зорилготой байх нь сайн амжилт, сайн үр дүн авчирдаг. Томьёолвол, Сайхан сэтгэл нэмэх нь сайн ажил тэнцүү сайн үр дүн.

Тэгэхээр аливаа хүн үнэхээр амжилтад хүрье гэвэл сайхан санаатай байх хэрэгтэй. Санаа гэдэг нь хийсвэр зүйл биш сайхан зорилго, сайн сэдэл гэсэн үг, сайн юм хийе гэсэн бодол юм. Түрүүн ярьсан компьютер тоглоом, бага ангийн хүүхдүүдэд давтлага өгсөн гэх мэт сайхан санаа агуулсан жишээнүүдийг та бүхэн хэллээ. Сургууль дээрээ энэ сайхан үйлсээ дэлгэрүүлэх хэрэгтэй.

Би та нараас онолын нэг асуулт асууя.

– Хорвоо ертөнц хэрхэн үүссэнийг мэдэх үү?

Монгени сургуулийн 8-ын “Д” ангийн сурагч Намуунгоо: Хүн үүсэхдээ эхлээд оюун санаагаа хөгжүүлж, дараа нь бие бялдраа хөгжүүлсэн гэж би боддог.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тэгэхээр ертөнц юунаас үүссэн бэ? Big Bang гэж англиар хэлдэг. Их тэсрэлтээс ертөнц дэлхий үүссэн. Энэ орчлон ертөнц дээрх бүх зүйл цугласны дараа таталцал эцэстээ хүрээд эргэж дэлбэрсэн гэж эрдэмтэд үздэг. Энэ дэлбэрэлтээс тоос шороо, эрчим хүч, гэрэл цахилгаан бүх зүйл бий болж, орчлонгоор нэг тарсан. Тэгээд энэ тарсан бүх зүйл эргэж таталцлын хуулийн дагуу нэгдэж манай гариг үүссэн. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр орчлон ертөнц бол энергийн урсгал, эрчим хүчний нэгдэл юм.

Та бүхэн физикийн хичээл үздэг биз дээ? Юуны тухай заадаг вэ? Эрчим хүч, таталцал, хүчний тухай заадаг шүү дээ. Химийн хичээлд юу ордог вэ? Төрөл бүрийн элемент, нэгдлийн тухай заадаг шүү дээ. Бүхэл бүтэн ертөнцийн тухай үзэж байгаад хүний биеийг аваад үзье. Хүний биед Д.Менделевийн үелэх системийн бараг бүх элемент байдаг гэж үздэг. Тэр нь таталцлаас бий болсон. Тэгэхээр ертөнцийг судална гэдэг нь эцсийн дүндээ өөрийгөө судлах гэсэн үг юм. Энэ бүх эрчим хүчний илрэл нь хүний санаа сэтгэл, бодол юм байна. Чи юу гэж бодож байна тэр чинь бүртгэгдэнэ. Бодсон л бол бүртгэгдэнэ. Хүн юу гэж бодно, юу гэж санана бүгд үлддэг гэсэн ийм ойлголт байдаг юм.

Энд хэлэх хоёр зүйл байгаа. Би та бүхэнд сайн зүйл ойлгуулах гэж оролдож байна. Зарим хүн дотогшоо боддог. Би ийм зовлонтой, аз жаргалгүй байна, ийм хүндрэл тохиолдлоо гээд бодоод байх тусам энэ бүх муу эрчим хүч, энерги хуримтлагдаж эргээд өвчин болдог. Үүнийг анагаах ухаан нотолчихсон. Та нар ч гэсэн зөвхөн сайн сайхан зүйл бодвол эрүүл саруул байна. Энергийн урсгал чинь жигд байна. Харин аливаа муу бүхнийг бодоод, хүнд муу санаад явбал өвчин тусна.

Тэгэхээр хүний амжилтад хүрэх хамгийн гол нууц бол хүний санаа бодол, хүний тархи байх нь байна шүү дээ. Аливаа сайн сайхныг бодож байгаа тархи ургаж төлжиж байдаг. Муу зүйл боддог тархи үхжиж байдаг.

-Энэ талаар санаагаа хэлэх хүүхэд байна уу?

Нийслэлийн 33-р сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Болортуяа: Муу зүйлийг бодож, дотроо хуримтлуулж байвал өөрт нь эргээд муу зүйл болно. Харин сайн зүйлийг бодвол бүтнэ гэж бодож байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ер нь аливаа хүн сайн сайхан зүйл бодож байх хэрэгтэй. Муу санаа халдвартай байдаг. Хүн төрөлхтөн яагаад муу санааг болохгүй гэж үздэг юм? Учир нь халдварладаг учраас тэр шүү дээ. Сөрөг сэтгэлгээ хүнийг мохоодог. Энэ аягатай усан дээр жишээ авъя.

Хүн сайнаар бодвол энэ усыг рашаан гэж бодож ууна. Тэгээд тэр ус биед нь рашаан мэт шингэнэ. Харин муугаар бодвол энэ усыг дундуур байна, муу байна гэж бодно. Муу бодол хүнд шунал төрүүлдэг. Харин сайн бодолтой хүн цөлд төөрсөн ч эцсийн балга усаа найздаа өгдөг. Эгч дүү хоёр хөдөө хээр шуурганд туугдаж яваад амь насаа алдах болоод ирэхэд эгч нь дүүдээ хамаг хувцсаа өгөөд дүүгийнхээ амийг аварсан тохиолдол гарсан. Эгч нь өөрийнхөө амь насыг золиослон дүүгийнхээ амийг аварсан гэсэн үг. Саяын миний санаан дээр нэмж хэлэх хүүхэд байна уу?

Сурагч: Хүн бүр муу зүйлийг биш сайн зүйлийг болоосой гэж боддог. Гэвч тэр хүн өөрөө муу зүйл бодвол бүтэхгүй. Яагаад гэвэл тэр хүний бодсон зүйл дараа нь үг болно, үг нь үйлдэл болно. Тэгэхээр сайн зүйл бодвол эргээд өөрт нь биелдэг, харин муу зүйл бодвол өөрт нь муугаар ирдэг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Үүнтэй холбоотой жишээг та нар эргэн тойрноосоо олох хэрэгтэй. Чингис хааны одонг энэ жил гардан авсан Х.Намсрай гэж хүн бий. Энэ хүн бол Монголын эрдэмтдээс дэлхийд хамгийн их нэрд гарсан хүн. Саяхан бидний ярилцсан энерги, эрчим хүчний тухай судалгааг хийдэг эрдэмтэн. Энэ хүн судалгааны явцдаа дэлхий ертөнц юунаас үүссэн, атом, молекул зэрэгт дөхөж очсон. Энэхүү эрдэмтний хийсэн нээлтийг дэлхийн шинжлэх ухаанд “Намсрайн дөхөлт” гэж нэрлэсэн. Энэ хүн дэлхийд шуугиан тарьсан нээлт хийж, судалгааны номоо хэвлэсэн. Тэр номыг дэлхийн шилдэг сургуулийн оюутнууд судалдаг.

Х.Намсрай гуай бага байхдаа малчин хүү байсан гэж ярьсан. Тэгээд малаа маллаж байхдаа “Би нээлт хийдэг эрдэмтэн хүн болно доо” гэж боддог байж л дээ. Тэгээд зорилгодоо хүрч сургуульд явж эрдэм сураад тийм мундаг эрдэмтэн болжээ.

Мөн Т.Эдиссон гэж алдарт зохион бүтээгч хүнийг жишээ болгон ярьж болно. Энэ эрдэмтэн зохион бүтээсэн чийдэнгийн гэрлээ барьчихсан байгаа зургийг та нар дэлгэцэн дээрээс харж байна. 18-р зуунд амьдарч байсан эрдэмтэн шүү дээ,1879 оны үйл явдал. Тухайн үед хүмүүс зөвхөн лаа асааж эсвэл гал түлдэг байсан. Эрдэмтэн Т.Эдиссон байнга асдаг гэрлийн чийдэн хийхээр оролдсон. Тэр хэлэхдээ:….. “Би гэрлийн чийдэн хийхийн тулд 10 мянган удаа оролдсон. Ингэхдээ би огтхон ч няцаагүй. Би үүнийг хийх гэж 100 удаа оролдсоны дараа найз нар минь боль гэж сануулсан. Гэтэл би чийдэн хийж болохгүй 100 аргыг би мэдээд авлаа” гэж хэлсэн байдаг. Мөн тэр “Баячууд нь лаагаа барина биз хүн төрөлхтөн миний чийдэнг хэрэглэнэ шүү дээ” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр аливаа хүн ийм гэгээн зорилго тавиад урагш явах юм бол хүрэх газраа хүрдэг.

Тэгэхээр зорилго тавиад хийх гээд зүтгэнэ гэдэг үлгэр дууриалал, бахархалыг бий болгодог. Монголын түүхэнд хамгийн нэрд гарсан хүн хэн бэ? Тийм ээ, Чингис хаан. Чингис хаан яагаад ийм их нэрд гарсан юм бэ? Өнөөдрийн сэдэвтэй холбоод тайлбарлах хүүхэд байна уу?

Нийслэлийн 33-р сургуулийн 8-р ангийн сурагч Цэдэнсодном: Тухайн үед Чингис хаан улс орон эв нэгдэлгүй байхад эвлэлдэн нэгтгэж хүчтэй болгох сайхан санаа агуулсан. Тийм учраас ийм алдар хүндэд хүрсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Чингис хааны аавыг яадаг билээ?

Сурагчид: Татаарууд хорлодог.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм ээ. Тэгэхээр нөгөө талд нь тийм муу санаатай хүмүүс байсан байна. Тэгээд аав нь хорлогдоод, Тэмүжин ээж, дүү нартайгаа хаягдаад үлддэг шүү дээ.Тийм хүнд хэцүү амьдрал дундаас, хулгана зурам агнаж, өвс мангир түүж хооллож босчээ. Гэхдээ тэр их хүн сайн санаа агуулж, хүчээ нэгтгэх ёстой, хоорондоо байлдаад байж болохгүй гэсэн сайхан зорилго өвөртөлсний ачаар дэлхийн дайдад Монгол гүрэнг байгуулсан. Монголын их гүрэн улс бол дэлхий дээр оршин тогтнож байсан хамгийн томоохон гүрэн улс шүү дээ.

Тэгэхээр Чингис хаан сайн зорилгыг өвөртөлж сайн анд нөхдийг түшин нөхөрлөж чадсан учраас мөн сайн санаагаа сайхан ойлгуулж чадсан учраас их хааныг дэмжиж, олон иргэд ирж нэгдсэн юм байна. Хэрэв Чингис хаан буруу бодолтой байсан бол дэмжихгүй шүү дээ. Эзэн Чингис хааны сургаснаар Монгол Улс хөгжье гэвэл хүмүүс нь зөв бодолтой байх ёстой. Энэ зөв бодлоо дагаж урагшлах юм бол хөгжих юм байна.

-Энэ талаар зүйр үг хэлэх хүүхэд байна уу?

Нийслэлийн 33-р сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Тэлмүүн: Миний бодлоор “Сайн санааны үзүүрт тос” гэвэл энэ санаатай холбогдох байх.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сайн байна. Бас “Юу тарина түүнийгээ хураана” гэдэг үг байдаг.Тэгэхээр хүний амьдралд олж байгаа амжилт, сайн муу амьдрах нь тэр хүний өөрийнх нь бодлоос хандлага нь ажил үйлс нь тогтдог юм байна.

Ингээд би хүүхдүүддээ хоёр зүйл захья гэж бодож байна. Сайн бодлоор өөрийгөө цэнэглэж яв. Гар утсыг та бүхэн эрчим хүчээр цэнэглэдэг. Түүн шиг өөрийгөө сайн бодлоор, сайн зорилгоор цэнэглэ. Тэгэх юм бол чиний үйлдэл сайн байх болно. Чи зорилгодоо хүрэх болно. Чи сайн үйлсийг бүтээж чадна.

Муу бодол, муу зүйлээс өөрийгөө цэвэрлэж бай. Хүн хирээ угаахын тулд усанд ордог. Өглөө босоод гараа угааж байна гэдэг нь гар дээр тогтсон муу хирийг цэвэрлэж угааж байна гэсэн үг. Өөрийгөө цэвэрлэж байна гэсэн үг шүү дээ. Түүн шиг чамд муу зан байгаа бол зас. Би найзтайгаа буруу харьцаад байна. Хүн юм асуухаар муухай үг хэлээд байна. Би муухай үг хэлэхээ больё. Ингээд өөрийгөө засаад амьдралдаа хэрэгжүүлээд явах юм бол чи сайн хүн болох чигрүү нэг алхам ойртож байна гэсэн үг. Яг усанд ордогтой адил гэрээ цэвэрлэдэгтэй адилхан. Ийм зүйлийг хүүхдүүдэд сургуулиуд сургадаг байх ёстой гэж бодож байна.

Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Ананд: Миний Танаас асуухыг хүссэн асуулт бол, Гэр бүлийн хайр, найзуудын хайр гээд олон хайр байдаг.Таны бодлоор хайр гэдэг юу вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Миний бодлоор хайрын нэг агуу хүч байдаг юм байна. Хүн хайрласан юмандаа хайрласан хүндээ муу юм хийдэггүй юм байна. Жишээ нь хоёр хүүхэд бие биеэ дэмждэг байлаа гэхэд тэр хүүхэддээ муу юм хийхийг хүсдэггүй. Бүр харин сайн юм хийхийг боддог. Тэр хүүхдээ дэмждэг, хамт суралцдаг.

Эх орноо хамгаалж байгаа цэргүүд дайсан довтлоод ирэхэд эх орноо хамгаалдаг. Өнгөрсөн жил бид халх голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ жил чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг мөн тэмдэглэх гэж байна. Тэнд тулалдсан цэргүүд өмнөөс ирж байгаа дайсныг үзэн ядсандаа биш. Ардаа байгаа эх орноо хайрласандаа л амиа зориулж байсан юм. Дайсны бууны сумны өөдөөс босч байсан юм. Магадгүй бууны суманд өртөж эрсдэж мэднэ гэдгээ мэдэж байсан ч эх орноо хамгаалаад л тулалдаж байсан. Эх орондоо хайртай учраас л хамгаалж байгаа юм. Тэгэхээр хайртай юмныхаа төлөө хүн амиа ч зориулж чаддаг юм байна. Сайн зүйл хийж чаддаг юм байна.

Хоёр оюутны тухай ийм яриа байдаг. Эрэгтэй эмэгтэй хоёр оюутан бие биедээ хайртай. Эрэгтэй нь мөнгө байхгүй. Найз охиноо халамжлах гээд -Чи өлсөж байна уу гэдэг. Тэгэхээр нөгөө охин нь найзыгаа мөнгөгүй байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор. Би өлсөөгүй ээ гэж хариулдаг. Чи өлсөж байна уу гэж асууж байгаа найзын хайр бол их хайр юм байна. Тэр охины хариулж байгаа хайр бол бүр илүү хайр байгаа байхгүй юу. Бие биенээ гэх тэр сэтгэлийг л хайр гэдэг. Сайн санаа, сайн сэтгэлийн үр дүн явж явж юу юм бэ. Хайр юм байна шүү дээ. Ээж ааваа хайрлах хэрэгтэй, номоо хайрлах хэрэгтэй, амьдарч байгаа он цагаа хайрлах хэрэгтэй. Өнөөдөр би 13 хүрч байна. Монгол улсад амьдарч байна. Улс орноо хайрлах хэрэгтэй. Байгаа цаг хугацаандаа хайртай байх хэрэгтэй. Тийм биз дээ. Сурч байгаа сургууль хажууд чинь байгаа найз нөхөд бүх зүйлдээ хайртай байх хэрэгтэй. Энэ орчлон дээр хичнээн тэрбум хүн төрсөн юм бэ. Тэгэхэд чи бид хоёр зэрэгцээд л сууж байна шүү дээ. Ерөөсөө энэ цаг мөчийг л чи хайрладаг байх учиртай. Тэгэхээр хайр гэдэг бол сайн сайхан бодлын үр дагавар юм.

-Та нараас бас нэг асуулт асууя. Хүн төрөхдөө ямар төрдөг вэ?

Сурагч: Хүн төрөхдөө хувцасгүй, ээж аавынхаа хайраар өлгийдүүлж төрдөг. Зовлон нүгэлгүй төрдөг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хичээлийнхээ сэдэвтэй холбовол юуг хэлэх гээд байна вэ гэвэл, хүн төрөхдөө зовлон нүгэлгүй төрдөг юм байна. Ээж нь хүүхэд төрүүлээд чи дүүгээ хараад юу гэдэг үү? Ямар хөөрхөн юм бэ гэдэг.

Ер нь хүүхдийг хараад хүн ямар хөөрхөн юм бэ гээд хэлж байгаа нь магадгүй тэр нялх хөөрхөн хүүхэд сайн муу ямар ч хүнээр өөрийгөө хөөрхөн гэж хэлүүлж байгаа юм шиг санагддаг. Тэр хүүхдийг ямар муухай юм бэ гэж хэлэхийн аргагүй хөөрхөн байгаа байхгүй юу. Монголчууд хэл ам хүрнэ гээд, -Ямар муухай амьтан бэ гэдэг. Ямар муухай амьтан бэ гэж хэлж байгаа ч санаа нь бол ямар хөөрхөн хүүхэд вэ л гэж хэлж байгаа. Тэгэхээр хүн төрөхдөө муу бодолгүй төрдөг юм байна. Хүн төрөхдөө сэтгэлийн хиргүй төрдөг юм байна. Хүн төрөхдөө сайн юм хийх амжилт олох хувь заяатай төрдөг юм байна. Тэгэхээр хүн бүхэн сайн юманд хүрч болно. Чи төрөхдөө тэгэж л төрсөн шүү дээ. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийж болох нь вэ. Орчлон ертөнц гэдэг бол энергийн урсгал юм байна. Хүн дээр хүрээд ирэхлээр энэ нь санаа бодол болдог юм байна. Хоёрт нь хүн цэвэр ариун төрдөг юм байна. Тэгээд өсөж томроод хэлд ороод ах эгч, эргэн тойронд байгаа хүмүүсийг дуурайгаад суралцаад эхэлдэг. Тэгэхээр энэ орчлон ертөнц дээр бүх зүйл төгс төгөлдөр биш болохоор муу зан суртахуун сурч, магадгүй муу зүйл хийж ч мэднэ. Тэгэхээр хүүхдийг багаас нь сайн хүн болгохын тулд бүгдээрээ анхаарах ёстой. Үнэхээр нэг муу санаа муу зуршил суучихсан байсан ч эгчийн дүү битгий тэг, битгий цохь, битгий ингэж бай гээд сургаад байвал нэг өдөр ухаараах л болно. Зөв хүмүүжилтэй л болно.

Энэ орчлон ертөнц буй болохдоо, хүн буй болохдоо ч, сайн энерги сайн эрчим хүч давамгайлж бий болсон байх. Хэрэв дандаа муу зүйл байсан бол энэ орчлон ертөнц тоос л байх байсан байх гэж би боддог. Тэгэхээр хүн бүхэн зөв заяатай төрдөг юм байна. Хүн бүхэн сайн хүн болох ирээдүйтэй төрдөг юм байна аа гэж бодох хэрэгтэй. Бид халдварт өвчнөөс сэргийлж вакцин хийлгэдэг. Яг үүн шиг хүүхдээ эрүүл саруул өсгөе гэвэл сайн хүсэл мөрөөдөлтэй болгох ёстой л юм байна. Ээж аавууд, багш нар үүнийг их анхаараасай. Хүнийг насан туршид нь дагаж явдаг тэр сан сайхан чанарыг хүүхдэд суулгаж өгөөсэй гэж би боддог юм.

Сурагч: Та өөрт тохиолдсон бэрхшээлтэй зүйлийг хэрхэн шийддэг вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүний амьдралд хүндрэлтэй зүйл мэдээж бишгүй тохиолддог. Бид нар сайхан зүйлийн талаар ярьж байгаа боловч хүн бүхэнд хүндрэлтэй зүйл, хэцүү сорилт тулгардаг. Би бол олон янзаар шийддэг. Би нэг зүйлээс уншиж байсан. Хүн өглөө босоод “За өнөөдөр сайхан өдөр болно доо, өнөөдөр миний ажил сайн байх нь дээ, өнөөдөр сайхан өдөр болно” гэж бодоод л ажилдаа явахад орой нь ирээд бодоход голдуу л ажил нь сайн л болсон байдаг. Тэгэхээр чи ерөөсөө өглөө босоод ямар зорилго тавих чинь тэр өдрийн чиний үйлдлийг, үйл ажиллагааг тодорхойлдог юм байна. Би хичээлдээ очоод ёстой гялалзтал сайн сурна, багш нартайгаа, хүүхдүүдтэйгээ ингэж харьцана гээд сайн юм бодоод очих юм бол чиний ажил үйлс бүтнэ. Чи нэгэнт сайн юм бодож байгаа учраас чамаас сайн үг, үйлдэл гараад байх байхгүй юу. Тийм учраас эргэн тойрон чинь чамайг дэмжинэ. Ингээд л ажил чинь бүтнэ. Үүнтэй адилхан хүн бүхэн өөртөө нэг ийм аргатай л байх хэрэгтэй. Би уурламаар, бухимдмаар тийм үетэй их таардаг. Тэр үед заримдаа “Тэнгэр минь надад тэвчээр хайрлаач” гэж өөртөө хэлдэг. Монгол хүн чинь тэнгэр шүтээнтэй шүү дээ. Бидний өвөг дээдэс тэнгэртээ хандаж залбирдаг байсан. Нэг муу юм хэлчихмээр байсан ч тэгж хэлдэг. Өөр аргууд бас бий. Зарим үгийг хэлээгүй байсан нь дээр байдаг. Зүгээр л чимээгүй л байх хэрэгтэй. Хүмүүс хоорондоо уулзаад чи тэр хоёр хүүхэдтэй уулзав уу, хэрэлдсэн гэнэ үү, маргасан гэнэ үү, муудалцсан гэнэ үү, юу болов гээд жишээ нь асууг. Нэг нь баахан л юм ярьсан, нөгөөдөх нь таг чимээгүй байж байгаад явсан. Тэр хүн чамд ирээд юу гэж хэлэх вэ? Чимээгүй л байгаад байсан, юм ярьсангүй л гэнэ шүү дээ. Тэгэхээр тэр чимээгүй байснаас тайлбар хийж чаддаггүй, чамайг муулж ч чадахгүй. Чи нэг үг хэлэх юм бол аягүй бол тэр үгнээс чинь үүдээд яриа гарна. Чимээгүй байхын тулд хэлээ зуучих арга байгаа шүү дээ. Хэлээ хоёр шүднийхээ завсар зуугаад, дуугарах гээд үз дээ. Дуугарч болохгүй байгаа биз дээ. Муу ч үг хэлж чадахгүй, сайн ч үг хэлж чадахгүй суух нь байна. Өөр нэг арга байдаг. Чамайг хүүхэд уурлуулах гээд бүр болохгүй байхад муу үг хэлэхийн оронд чи зүгээр л инээ. Бүгдээрээ нэг сайхан инээе л дээ. Чамайг уурлуулах гээд, чамаар муу үйлдэл, муу юм хийлгэх гээд байгаа хүн зорилгодоо хүрэхгүй шүү дээ. Чамайг өвтгөх гээд, чамайг зовоох гэж байна. Чи зүгээр л инээлээ, хамгийн сайн аргаар давж гарлаа. Амьдралыг инээж туул гэдэг үг байдаг. Хэчнээн хэцүү зовлонтой байсан ч чи зовлондоо дарагдаад л явах юм бол гэр орон чинь дагаад л тийм байна, үр хүүхэд чинь ч дагаад л хүнд байдалтай байна. Тийм учраас хэчнээн зовлон тохиосон ч чи гэртээ орохдоо юу ч болоогүй юм шиг инээгээд л орох хэрэгтэй. Энэ бүхнийг амьдралынхаа турш бодож яв. Ямар нэгэн хэцүү хүнд зовлонг давж туулах үедээ ч эргээд бодож байгаарай.Тэр чинь чамд сайн замыг чинь зассан байх болно.

Монгени цогцолбор сургуулийн 8д ангийн сурагч Саруул: -Та ажлаасаа гадуур, чөлөөт цаг заваараа ихэвчлэн юу хийдэг вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Мэдээж чөлөөт цагаараа хүмүүс олон юмыг хийх хэрэгтэй. Болж өгвөл спортоор хичээллэх хэрэгтэй. Ер нь хүүхэд хичээлээс гадна нэг зүйл хийдэг байх хэрэгтэй. Хүүхдүүдэд би хэлдэг. Унш, ерөөсөө л унш. Чи тэр компьютер тоглож яах юм бэ? Сая тэр Харри Поттерын тухай ярилаа шүү дээ. Харри Поттер гэдэг киног чи үзсэн, гэхдээ номыг нь уншаад үз л дээ. Ном нь бүр гоё байгаа шүү дээ. Тунгалаг Тамир киног үзсэн, номыг нь уншаад үз дээ.

Надад боломж л гарвал би юм уншихыг боддог. Миний хажууд ном ч бай, сонин ч бай зүйл байвал би уншихыг л боддог. 100 хуудастай, 400 хуудастай ном ч байсан ганц хоёр сайн санаа олоод авбал болоо. Тэр номонд байгаа сайн санаанаас эргээд сайн санаа төрдөг. Та нар ч бас юм уншиж байхад тэгдэг биз дээ.

Нийслэлийн 45 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Хонгор: Та ер нь Ерөнхийлөгч болно, улсаа сайн сайхан болгоно гээд хүсэж тэмүүлсээр байгаад Ерөнхийлөгч болсон уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Би Ерөнхийлөгч болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Би малчин айлын хүүхэд дээрээ долоон ахтай. Манайх найман эрэгтэй хүүхэдтэй айл. Намайг бага байхад аав ээж маань миний хүү сайн малчин болно. Малд нүдтэй хүүхэд шүү. Малаа сайн хариулдаг, малын араас сайн гүйдэг. Хулгайд алддаггүй. Малаа чоно нохойд өгдөггүй. Элбэгдорж малд явсан үед санаа зовох шаардлагагүй гэдэг байсан. Өмнөө байгаа ажлаа л чин сэтгэлээсээ хийе гэж боддог байсан.

Түрүүчийн ярьж байсан сэдэв рүү эргээд ороход, тэгэхээр сайн сэтгэлийн үр дүн явсаар байгаад сэтгэлийн тэнхээ болж хувирдаг юм байна. Хүмүүс ярьдаг. Энэ хүн сэтгэлийн тэнхээтэй хүн шүү гэж. Энэ хүн мундаг хүн дээ гэж. Энэ хүн бол байгаагаараа байдаг хүн. Би та бүхэнд нэг тамирчны тухай ярья. Сэр-Од гээд манайд нэг тамирчин байдаг. Тэр хүн марафон гэж гүйлтэнд гүйдэг. Хэдэн км гүйдэг билээ. 42 км гүйдэг шүү дээ. Бүр нарийн хэлбэл 42 км 195 м гүйдэг. Энэ тухай ярих хүүхэд байна уу. Энэ сэдэвтэйгээ холбоод яривал юу бодогдож байна. Зорилго тавиад гүйж байгаа. Миний олж харснаар энэ гүйлтийн хамгийн гайхамшигтай нэг зүйл бол барианд орохын төлөө гүйдэг. Заавал нэг хоёрдугаар байр, алтан медаль авах нь чухал биш.

-За тэр гар өргөж байгаа сурагч

Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Очирбат: Сэр-Од гээд марафон гүйлтийн тамирчин улсынхаа нэр хүндийг өсгөх юмсан, улсаа дэлхийн хэмжээнд аваачих юмсан гэж сайн зорилго тавьж хичээж байсан болохоор сайн үр дүн гарсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сургуулийн сурагч байсан. Гүйдэг хүн болъё гүйгээд амжилт гаргая гэж. Энэ гүйлтийн онцлог нь би юу гэж хэллээ. Заавал барианд орохыг чармайдаг. Дундаас нь гардаггүй. Өөрийгөө ялна гэсэн үг шүү дээ.

Монгени цогцолбор сургуулийн 8д ангийн сурагч Уянгахишиг: Энэ сэдэвтэй холбовол энэ тамирчин зорилгодоо хүрэх юмсан гэж замаасаа буцалгүй бариандаа орохын төлөө л гүйж байгаа. Зорилго тавихдаа заавал түрүүлнэ гэж биш тавьсан зорилгодоо заавал хүрэх юм шүү гэж бодож марафон гүйлт шиг заавал бариандаа очиж орно гэж боддог, замаасаа ерөөсөө буцахгүй тэр бодолдоо үнэнч байж чадсанаараа энэ хүн түрүүлсэн байх гэж бодож байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Яг зөв хэлж байна. Хичнээн хүнд байсан ч зорилгодоо хүрэхийн тулд битгий буц гэсэн үг, тэсвэртэй бай, тэгэхээр бидний дүгнэлт бол сайн санаа, сайн зорилго гэдэг бол хүнд юу бий болгодог вэ гэхээр тэвчээр бий болгодог гэсэн үг. Тэр хүнд байгаа зүйлүүдийг давах тэр боломжийг хүнд олгодог юм байна гэсэн үг байх нь. Тамирчин Сэр-Одын талаар жишээ татан ярихад ийм байна. Тамирчин хүн гэдэг бол ийм мундаг байдаг юм байна.

Сайн хүний шалгуур гэж ямар байдаг вэ? Сайн шавийн шалгуур гэж ямар байх вэ? Нэг ийм үг байдаг. Сайн хүн гэдэг бол харанхуйд ч сайн л хүн байдаг. Хүн хараагүй байхад ч сайн хүн байдаг гэж. Булан тойроод буруу зүйл хийдэггүй хүнийг хэлдэг байх нь. Хэн ч чамайг хараагүй байсан ч чи сайн хүн бай. Өөрийгөө чи сайн хүн үү муу хүн үү гэдгийг яаж мэдэх вэ? Ганцаараа байхдаа хэн ч хараагүй байхдаа чи ямар үйлдэл хийж байгаагаар л өөрийгөө шалгаж болно. Ээж аавыгаа байхгүй байхад нь чинь гэрээ цэвэрлэчихдэг, сайн хүн гэдэг бол хүн хараагүй байхад ёс зүйтэй байдаг юм байна шүү дээ. Тэгээд эндээс би юу гэж хэлэх гэж байна гэхээр ерөөсөө нийгмийн дархлаа гэдэг бол ёс зүйдээ байдаг юм байна. Тэр хүмүүсийн сайн бодол санаанд байдаг байх нь мөн дээр нь сайн үйлдэлд байх нь байна.

Сайн бодол гэдэг маш чухал. Би ер нь сайн бодол бодож чадаж байна уу гэдэг их чухал, уур хүрсэн үедээ сайн зүйл хийж чадаж байна уу гэдгийг бод, би ганцаараа байхдаа юу хийдэг вэ гэдгээ бод. Хүн хараагүй байхад, хийж байдаг хүүхэд бол сайн хүүхэд. Саяын хичээлтэй холбоотой асуух зүйл байна уу? Энэ хичээлээс би ийм зүйл мэдэж авлаа, цаашаа ийм зорилго тавья гэж бодож байгаа хүүхэд байна уу? Одоо энэ хичээл тараад манай анги дээр ийм зүйл хэлэлцэе, ийм зүйл манай ангид дутагдалтай байна гэж бодож байгаа хүүхэд байна уу?

Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8в ангийн сурагч Цэдэнсодном: Би өөртөө тохиолдсон сайн зүйлээсээ хуваалцах гэсэн юм. Энэ зуны амралтаараа англи хэлний сургалттай зусланд амарсан юм. Багш маань олон хүүхэдтэй ажиллаж байгаа учир маш их ачаалал авч байгаа юм шиг санагдаад би багшдаа туслахаар шийдээд багшдаа туслангаа өөрөө мэрийж маш олон шинэ үгнүүдийг цээжилж авсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Маш сайн байна олон хүүхэдтэй ажиллаад бас чамд юм сургах гээд хичээж байхад нь туслаад, бусад хүүхдүүдэд туслангаа өөрөө бас сайжирсан байна. Тэгэхээр сайн зүйлээс сайн үр дүн гардаг гэдэг нь харагдаж байгаа биз.

Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Халиун: Өнөөдрийн хичээлийн сэдэв болох ”Санаа зөв бол Заяа зөв” гэдэгтэй холбоод бодоход бодсон сайн зүйлээ үйлдлээр үзүүлэх ёстой болов уу. Хичнээн сайн хүн болъё гээд бодоод ганцхан үйлдэл хийгээд болих юм бол зорилгодоо хүрч чадахгүй болов уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Маш зөв байна. Чи сайн үйлдлээрээ л харуулах хэрэгтэй байдаг юм. Сайн хүний үлгэр жишээ гэдэг бол мянга мянган хүнийг араасаа дагуулдаг юм. Би түрүүн хэлсэн муу зүйл халдвартай байдаг юм. Тэрнээс хол яваарай, тэрнээс өөрийгөө зайлуулж сураарай, гэж хэлсэн. Тэгэхлээр муу сайны тухай номлодог номлол манай ард түмний дунд тэр тусмаа бурханы сургаальд их байдаг. Миний хэлэх гээд байгаа бүх зүйлийг бурханы сургааль багтаасан байдаг. Бие, Хэл, Сэтгэл гурваа ариун байлга гэж хэлсэн байдаг шүү дээ.

-Бие, хэл, сэтгэлээ ариун байлгахын тулд чи яах ёстой вэ?

Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Очирбат: Би хувьдаа бодохдоо биеэ ариун байлгахын тулд муу зүйл хийхгүй сайн зүйл хийж байх ёстой, хэлээ ариун байлгахын тулд үгээ цэгнэж муу зүйл ярих, хэлэхгүй байх хэрэгтэй болов уу, сэтгэлээ ариун байлгахын тулд сайн сайхан зүйл бодож хийх болов уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Түүнийг үйлдэл болгохын тулд яах ёстой вэ?

Нийслэлийн 33 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Очирбат: Үйлдэл бүхэн сайн байх ёстой болов уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сайн байна. Та бүхэн дэлгэцэнд анхаарал хандуулна уу. Бие, Хэл, Сэтгэл гурав гээд доор нь хайрлах, асрах, хийх, үлгэрлэх, ярих, ухааруулах энэ гурвын аль нь биетэй холбоотой вэ? Аль нь сэтгэлтэй холбоотой вэ?

Сурагчид: Хийх үлгэрлэх нь биетэй холбоотой болов уу. Хайрлах, асрах нь сэтгэлтэй холбоотой болов уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хэлтэй холбоотой нь ярих, ухааруулах, хүнд сайн юм ярьж хэлж өгнө гэдэг бол өөрөө сайн болох замыг засч байгаа юм, энэ хичээл дээр энэ нь зөв байна, энэ нь буруу байна гээд хэлж ярьж сайн болгож байгаа нь хэлээрээ зөв зүйл үйлдэж байна гэсэн үг. Биетэй холбоотой нь хийх, үлгэрлэх, дараагийнх нь миний бодлоор сэтгэл нь хайрлах, асрах болов уу.

Нэг хүнд амьдралтай эмээ байна, өвөө байна гэвэл очоод тусал. Энгийнээс эхэлнэ. Танай ангийн хүүхэд хичээлээ гүйцэхгүй бол очоод тусал би ингэж хийлээ хийх арга нь энэ байна гээд л хэл. Тэр хүүхдэд тусалж, дэмжиж байгаа нь чиний сэтгэл юм. Эцэст нь Бие, Хэл, Сэтгэл гэсэн энэ гурван үг, түүнийг дагаж явах юм бол тэр хүний үг, үйлдэл, үйлс нь гэж ингэж бодож байгаарай.

За одоо ингээд хичээлийн цаг маань өндөрлөх дөхөж байна. Одоо би гэрийн даалгавар өгөх гэж байна. Бидний нэг орхигдуулаад байгаа нэг зүйл бол Монголын ард түмэн гэдэг бол гайхамшигтай ёс заншилтай, гайхамшигтай соёлтой ард түмэн юм. Тэгэхээр өдөр бүхэн үүнээсээ суралцах хэрэгтэй байна. Ээжийн, аавын тань хэлээд байдаг зүйл явж явж Монгол ардын ёс уламжилал байдаг. Тэгэхээр Монгол ардын ёс уламжилал, Монгол хүний нүнжиг, Монгол хүний сайн сайхан зүйлээс суралцах хэрэгтэй. Жудагтай хүн гэж хэлдэг тэр хүмүүсээс суралцах хэрэгтэй. Жудагтай хүн гэдэг бол ёс зүйн дархлаатай хүн гэж би боддог. Нүнжигтэй хүн гэдэг бол хүнд хариу нэхэлгүй тус болчихдог хүнийг хэлдэг болов уу.

Энэ талаар дэлхий дээр маш олон бичсэн бүтээлүүд байна. С.Эрдэнэ гуайн бүтээлүүдээс авахуулаад Баабарын бичсэн “Дори идэр дүүдээ захих нь” гээд ном байдаг. Мөн Монголын шилдэг өгүүллэгүүд гээд байгаа, дээр нь Монгол ардын үлгэрүүд унших хэрэгтэй, дэлхийн сонгодог зохиолуудыг унших хэрэгтэй. Шекспирийн жүжгүүдийг уншаад үзээрэй.

Дээр нь сайн үйлс бүтээх сайн зүйл хийх талаар сургууль дээрээ хэлэлцүүлэг өрнүүлээд найз нөхөдтэйгээ ярилцаарай. Сайн зүйл санаж яваад зорилгодоо хүрч байгаа хүмүүсийн талаар ярих хэрэгтэй. Тийм хүмүүсийг алдаршуулах хэрэгтэй. Манай сургуулийн сайн үйлсийн ном гэж гаргаж болно шүү дээ.

Та бүхэнд хичээл зааж байгаа учир багшийн хувьд хэлэхэд сайн явах санааных. Сайн зүйл санаж яв, хүн бүр аз жаргалыг мөрөөддөг түүнд хүрэх зам бол чи сайн байх уу муу байх уу гэдгээс зөвхөн өөрөөс нь чинь л шалтгаална.

Монгол Улс, миний эх оронд сайн зүйл нь илүү олон байгаасай, сайн санаатай хүмүүс, сайн бодолтой хүмүүс, сайн үйл хийдэг хүмүүс улам олон болоосой гэж ерөөе.

Хүүхдүүддээ баяр хүргэе. Өнөөдрийн хичээл өндөрлөж байна.

Та нартаа Баярлалаа.


Categories
мэдээ цаг-үе

Тяньжинд болсон дэлбэрэлт Си Жиньпиний эсрэг ажиллагаа байсан уу?

Өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр Хятадын Тяньжин хотын Биньхай дүүрэгт байрлах агуулахад дэлбэрэлт болсны улмаас 146 хүн амь үрэгдэж, 700-гаад хүн гэмтэж, 26 хүн сураггүй болоод байгаа. Нас барагсдын 86 нь гал сөнөөгч байжээ. Түүнээс гадна зургаан мянга гаруй хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүй болсон. Хэрэг явдал болсны дараахан химийн хортой бодис тээвэрлэж хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ruihai Logistics” компанийн агуулахад байдаг бодис дэлбэрсэн болохыг тогтоосон юм. Үүний улмаас Тяньжин хотын агаар дахь цианит натрийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ 356 дахин нэмэгдсэн тухай CNN мэдээлсэн. Харин чухам юуны улмаас дэлбэрэлт болсныг одоо болтол тогтоогоогүй байгаа. Интернэтэд энэ талаар янз бүрийн мэдээлэл тавигдсан тул Хятадын эрх баригчид 50 веб хуудсыг хаасан юм. Хилийн чанадад хятад хэлээр гардаг хэвлэлүүдэд Тяньжиний хэрэг явдлын талаар нэлээд бичсэн. “Ruihai Logistics” компанийн агуулахыг өнгөрсөн жил барьж ашиглалтад оруулжээ. Тус барилга орон сууцны байшингууд болон хурдны замтай ойрхон барьсан нь аюулгүй байдлыг хангах дүрмийг зөрчсөн гэдгийг дурджээ. Түүнээс гадна хэргийн газар ажилласан гал сөнөөгчид химийн бодис шатаж байхад усаар унтраасан байна. Энэ нь галыг унтраах бус улам өдөөдөг аюултай гэнэ. Дэлбэрэлт болсны дараа “Ruihai Logistics” компанийн захирал Чи Фэн гэгч нь эмнэлэгт эмчлүүлэхдээ цагдаагийн хамгаалалтад байсан. Түүнээс утсаар ярилцлага авах гэхэд ухаангүй байгаа тул боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Тэрээр Тяньжин хотын галын аюулгүй байдлыг хариуцсан орлогч даргын хүү юм байна.

Харин “Bowen Press” сонинд бичсэнээр дэлбэрэлтийг санаатайгаар зохион байгуулжээ. Харанхуй болсон хойно ачааны машин агуулахын үүдэнд очиж зогссон тухай гэрчүүд мэдүүлсэн. Ингээд жижүүрүүдийг явснаас 10 минутын дараа дэлбэрэлт болжээ. Энэ бүхнийг Хятадын улстөрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. “The Epoch Times” сонинд үүнийг БНХАУ-ын дарга Си Жиньпиний эсрэг ажиллагаа хэмээн бичсэн юм. Хятадын Коммунист намын удирдлага жил бүрийн наймдугаар сарын эхээр Бэйдайхэ хотод очиж хуралддаг уламжлалтай. Тэд буцах замдаа Тяньжин хотоор заавал дайрдаг аж. Гэтэл дэлбэрэлт яг энэ үеэр болсон. Харин Коммунист намын удирдагчид энэ удаад яагаад ч юм Тяньжинаар дайраагүй. Чухам яагаад тэдний аяллын маршрутыг өөрчилсөн нь мөн л тодорхойгүй. Хятадын эрх баригчид Бэйдайхэд уулзахаасаа өмнөхөн намдаа дахин цэвэрлэгээ хийж Хэбэй мужийн Коммунист намын хорооны даргыг ажлаас нь халсан байна. Энэ жилийн намын удирдагчдын уулзалтаар хээл хахуультай тэмцэх асуудлыг онцгойлон авч хэлэлцсэн гэдэг.

Хахуультай тэмцэх хөдөлгөөнийг өрнүүлэх нэрийдлээр Си Жиньпин өөрийн дайснуудаа зайлуулж байгаа хэмээн “The Epoch Times”-д бичсэн. 

Бас нэг зүйлийг онцлон дурдахад Тяньжинд дэлбэрэлт болсноос хоёр хоногийн дараа БНХАУ-ын даргын албыг хашиж байсан Зян Зэминийг хоёр хүүгийнх нь хамт гэрийн хорионд оруулсан юм. Түүний талын хүмүүс Хятадын улс төрд нөлөөтэй хэвээр байгаа. Тиймээс энэ нь БНХАУ-ын даргын ашиг сонирхолд нийцэхгүй байна. Бэйдайхэд болсон уулзалтын өмнөхөн БНХАУ-ын Улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан сайдын албыг хашиж байсан Жоу Юнканы хэргийг шүүсэн билээ. Түүнийг Зянь Зэминий хүн гэдэг. Цагдаагийн газраас дэлбэрэлтэд буруутай хэмээн 12 хүнийг баривчлаад байгаа. Харин Зянь Зэминийг гэрийн хорионд оруулсан нь түүний талын хүмүүст сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байгаарай гэсэн дохио болсон гэдэг.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдлагууд баярын мэнд дэвшүүллээ

Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагч та бүхэнд оюуны чадавх, бүтээлч ур чадварт баримжааалсан шинэ зууны шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа боловсролын өнгө төрхийг тодорхойлсон хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн үйлсэд танд амжилт хүсье.

Энэ хичээлийн шинэ жил нь боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцлогтой бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, тусгай хэрэгцээт боловсролд онцгой анхаарч, насан туршийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэхэд шинэ хичээлийн жилийн зорилго оршиж байна.

Шинэ зорилго зорилт нь “Зан чанар, хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг чадвараа хөгжүүлэх” гэсэн 3 үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, хүүхдийг төлөвшсөн хувь хүн болгон хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Зөв Монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн боловсролын байгууллагаар бус бие хүний төлөвшил, гэр бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзэж байна. Иймээс сургууль, цэцэрлэгүүдийг нийгэм олон нийтийн оролцоонд тулгуурласан гэр бүл, нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэхэд орон нутгийн байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй байна.

Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх нь сургууль, цэцэрлэгийн менежмент, зохион байгуулалт, сурган хүмүүжүүлэх дэмжлэг, боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт гээд олон хүчин зүйлээс хамааралтайг тооцон хичээлийн жилийн зорилго, зорилтыг сургууль цэцэрлэг бүр өөр өөрийн онцлог, үзэл баримтлал, суралцагчдын болоод нийгмийн хэрэгцээг үндэслэн бодитой үр дүнд хүрэхүйц байдлаар тодорхойлж хэрэгжүүлэх нь чухал юм.

Боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын чанар үр ашгийг сайжруулах, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн сурган хүмүүжүүлэх ариун үйлсдээ амжилт гарган, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийг хүсье.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
ДАРГА Д.БАТТУЛГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
Categories
мэдээ нийгэм

Сургуулиудын орчимд school police ажиллаж байна

Замын цагдаагийн газраас есдүгээр сарын 1 буюу өнөөдөр замын хөдөлгөөний зохицуулалтаа ердийн журмаар явуулж байна. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүнээрээ, ажил үүргийн хувиараараа ажиллах юм. Түүнчлэн сургуулиудын орчинд хүүхдийг зам тээврийн осол гэмтэл, зөрчлөөс хамгаалах зорилготой олон нийтийн цагдаа, school police эргүүлүүд ажиллах аж.

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “School police” эргүүл Нийслэлийн ерөнхий боловсролын 166 сургууль дээр хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 97000 гаруй эцэг эхчүүд сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч ажиллаж байна.

“School police” эргүүлийн үр дүнд 2015 оны эхний 02 сарын байдлаар Нийслэл хотод ерөнхий боловсролын сургуулийн орчинд 14 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 12,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиудад цэргийн тэнхим байгуулна

Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг хэрэгжүүлэхээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад цэрэг-эх оронч үзэл, сэтгэл зүй, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох зорилго бүхий цэргийн бэлтгэл сургалт явуулах “Цэргийн тэнхим”-ийг байгуулах эхлэл тавигдлаа. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэгч их, дээд сургуулийн анхдагч нь Монголын Үндэсний их сургууль болж Батлан хамгаалах яамтай санамж бичиг байгууллаа.

“Батлан хамгаалах яам, Монголын Үндэсний их сургуулийн хамтран ажиллах санамж бичиг”-т Батлан хамгаалах яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын Үндэсний их сургуулийг төлөөлж Монголын Үндэсний их сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат нар даваа гаригт(08.28) гарын үсэг зурсан юм.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Цэргийн анхан шатны бэлтгэл” төслийг Монголын Үндэсний их сургуулийн нийт оюутнуудын хүрээнд, “Бэлтгэл офицер” төслийг тодорхой мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хүрээнд тус тус хэрэгжүүлэх юм байна. Үүний тулд эхний ээлжинд тус сургуульд Цэргийн тэнхим байгуулах бөгөөд батлан хамгаалах салбарын зүгээс тэнхимийн эрхлэгч, багшаар ажиллах боломжтой хүний нөөцийн судалгаа гаргах, тэднийг томилон ажиллуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр гэрээлжээ.