Categories
мэдээ нийгэм

Авто замын боомтууд ирэх сарын эхний өдрүүдэд амарна

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарна. Энэхүү амралт нь Хятадын үндэсний баяр энэ өдрүүдэд тохиож байгаатай холбоотой юм.

Харин агаарын замын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

Дахин нэг хүн шороонд дарагдав

Саяхан Төв аймагт хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж амиа алдсан. Өнгөрсөн долоо хоногт мөн ийм хэрэг гарсан. Өчигдөр Баганхангай дүүрэгт мөн ийм харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны “Өндөр толгой” овооны урд энгэрт хувиараа алт олборлож байсан хүн өчигдөр орой шороонд дарагджээ. Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Ш /37 настай, эрэгтэй/ шороонд дарагдан осолдсон цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Тавантолгой”-н төслийн хэлэлцээр урагштай байгаа гэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчтай хийж байгаа гэрээ, хэлэлцээрийн талаар мэдээлэл сонсчээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “УИХ-аас Тавантолгойн гэрээ, хэлэлцээг тодорхой хэмжээгээр шинэчлэх шаардлагатай. Энэ ордыг эзэмших, ашиглах талд үр ашгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай” гэж үзсэн. Үүний дараа Ерөнхий сайдын 165 дугаар захирамж гарсан. Уг захирамжаар Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх, хэлэлцээрийн төслийг бэлэн болгох ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт Хөрөнгө оруулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон олон улсын эдийн засгийн, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд нэгдсэн байдлаар орж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч тал болох консерцумд багтаж байгаа Хятадын “Шиньхуа” групп, “Энержи ресурс” болон “Суматимо” корпорацитай тус ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сарын 4-нөөс хойш 20 гаруй удаагийн уулзалт хийсэн байна. Эхний байдлаар тодорхой үр дүнд хүрч байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэлдээ дурдсан.

Хөрөнгө оруулагч тал “Монголын талтай өмнө нь хийж байсан хэлэлцээрийнхээ үндсэн зарчмыг баримтална. Шинээр томоохон өөрчлөлт оруулахгүй” гэдэг саналыг тавьсан байна. Монголын ажлын хэсгийн талаас Тавантолгойн ордын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэд, хэдэн зарчмын шаардлагыг тавьсан. Ажлын хэсгийнхэн зарим тал дээрээ хэд хэдэн тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн. Юуны өмнө төслийн консерцумиар байгуулж байгаа “Эрдэнэс MGL” компани хувь эзэмших асуудалд нааштай шийдэлд хүрч, урьдчилсан байдлаар тохиролцож чаджээ. Хувь эзэмшсэнээр зөвхөн Монголын тал ашиг авахаас илүү ногдол ашиг авна. Дээр нь үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, төмөр замын асуудал байгаа.

УИХ-аас буцаасан гэрээнд төмөр замыг “Шиньхуа” групп концессийн гэрээгээр бариад, 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлөөр орж ирж байсан. Одоо “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмших эрхтэйгээр оролцох тал дээр урьдчилсан байдлаар тохирч. Ингэж оролцсоноор Монголын тал ирээдүйд төмөр замыг ашиглах, тээвэр явуулах талд давуу эрх үүснэ гэж үзэж байгаа. Төмөр замыг концессоор барихаа больж байна. Ингэснээр “Монголын төмөр зам” компани “Шиньхуа” групптэй хамтарч төмөр зам байгуулахаар урьдчилсан байдлаар гэрээгээ үзэглэсэн байна. Нэг ёсны хоёр талаасаа хөрөнгөө гаргаад төмөр замаа барина гэсэн үг.

Мөн маркетинг, борлуулалтын төсөлд Монголын тал “Эрдэнэс MGL” компани 10 орчим хувийг эзэмшинэ гэж ярьж байна. Энэ тохиолдолд Монголын тал борлуулалтад өөрсдийн байр сууриа илэрхийлж, хяналтаа тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хэлэлцээр үргэлжилж байна. Ажлын хэсгийн тайлбарлаж байгаагаар хэлэлцээр цаашид амжилттай үргэлжлэх нөхцөл бололцоо байна гэсэн танилцуулга хийсэн. “Тавантолгой”-н төслийн хэлэлцээр урагштай явж байна гэсэн ойлголтыг Засгийн газрын гишүүд авсан” хэмээн мэдээлсэн юм.

Тэрээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Тавантолгойн төслийг УИХын намрын чуулганаар хэлэлцүүлж амжих болов уу?

-Энэ бол дунд хугацааны хэлэлцээрийн явц. Дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн явцыг танилцуулна гэсэн. Эцсийн байдлаар танилцуулаад төслийг УИХ-д өргөн барина. Аль болохоор хурдан өргөн барих байр суурьтай байгаа.

Энэ оны төсвийн тодотголыг хэзээ өргөн барих бол?

-Төсвийн тодотголыг хуулийн хугацаандаа, 2016 оны төсвийн хуультай хамт маргааш өргөн барина.

Дэд сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн болов уу?

-Дэд сайд нарын асуудлыг хэлэлцээгүй. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн томилох байх.

Categories
гадаад мэдээ

Ангараг гариг дээр ус байгааг баталжээ

Олон улсын сансар судлалын төв “НАСА” агентлагаас өчигдөр дуулиан тарьсан нэгэн мэдээлэл хийлээ. Учир нь, НАСА-гаас илгээсэн Ангараг гаригийг тандах хиймэл дагуул тус гариг дээр ус урсч байгааг харуулсан маш тодорхой дүрс бичлэгийг авчээ. Дүрс бичлэг дээр “Хейл” нэртэй тогоонд ус урсч байгаа нь маш тодорхой харагдах аж. Эрдэмтдийн баталснаар энэ ус дулааны үед урсдаг хэмээн үзэж байна.

Ангараг буюу “Улаан нүдэн” гариг нь нарны аймгийн дөрөв дэх гариг бөгөөд маш нимгэн нүүрстөрөгчийн хийгээс тогтсон агаар мандалтай, хөрст гариг юм. Тус гаригийн агаарын хэм ойролцоогоор -48-80 хэмийн хүйтэн байдагч, дулааны улиралд зарим хэсэг газраар +20 хэмийн дулаантай болдгийг сансар судлаачид баталжээ. Дулаарлын энэ үед тус гаригт ус урсдаг болох нь ийнхүү нотлогджээ. Энэ талаар Вашингтон дахь “НАСА”-гийн удирдах албаны дарга, сансрын нисгэгч Жонн Грансфелд “Бид Марс дээр олон жилийн өмнөөс сансар дээр ус урс байж болзошгүй талаар таамаг дэвшүүлэн судалж байсан. Урт хугацааны дараа бид үүнийг баталж чадлаа. Энэ бол маш том дэвшил юм” гэжээ.

Одон орон, сансар судлаачид өмнө нь Ангараг гаригийн туйлууд дээр нь мөс байгааг тогтоосон бөгөөд эрт үед их хэмжээний ус байсан гэж үздэг билээ.

Ус илэрсэн Хейл тогоо

Categories
гадаад мэдээ

Б.Обама В.Путин нар Сирийн асуудал дээр санал нэгдсэнгүй

Өчигдөр Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан байна. Тэдний уулзалт төлөвлөсөн хугацаанаасаа хоёр дахин удаан буюу нэг цаг гаруй үргэлжилжээ. Дараа нь Оросын төрийн тэргүүн сэтгүүлчдэд зориулан мэдэгдэл хийхдээ Сирийн асуудлыг зохицуулах болон Украиныг хямралаас гаргах асуудал нь хэлэлцээрийн гол сэдэв байсныг хэлсэн байна. В.Путины үзэж байгаагаар уулзалт үр дүнтэй болжээ. Харин Америкийн талын мэдэгдсэнээр Украины хямралтай холбоотой асуудлаар хоёр улсын төрийн тэргүүнүүд нэлээд удаан ярилцсан байна. Цагаан Ордны албан ёсны төлөөлөгчийн хэлснээр Б.Обама Минскийн гэрээний хэрэгжилтэд нэлээд сэтгэл зовниж байгаагаа В.Путинд хэлсэн гэнэ. Сирийн асуудлыг хэрхэхийг тус улсын ард иргэд өөрсдөө шийдэх ёстой хэмээн Оросын Ерөнхийлөгч Америкийн төрийн тэргүүнд хэлжээ. Б.Обамагийн үзэж байгаагаар Б.Асад Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа цагт Сирийн асуудлыг шийдэх боломжгүй гэв. Харин “Лалын улс” бүлгийн эсрэг хамтран тэмцэх боломжтой гэдэг дээр хоёр улсын төрийн тэргүүнүүд санал нэгджээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалттай 2015 оны 9 дүгээр сарын 28-нд Гадаад хэргийн яаман дээр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардан авав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон цаашдын зорилтуудын талаар ярилцав. Элчин сайд Гаалт өөрийн бүрэн эрхийн хугацаанд хоёр талын идэвхтэй харилцааг улам өргөжүүлэх, одоо яригдаж буй зарим нэг асуудлыг урагшлуулах чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө товч танилцуулав.

Элчин сайд Гаалт энэ оны 10 дугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барихаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн амьдрах чадвар илүү байдаг

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан, хүний их эмч Д. Энхмягмартай эхийн сүү орлуулагчийн талаар ярилцлаа.

Эхийн сүү орлуулагчийн талаар дэлхий нийтийн чиг хандлага ямар байгаа вэ?

-Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, төрсний дараа эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллох бодлогыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Учир нь зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн амьдрах чадвар хооллоогүй хүүхдээс 14 дахин илүү байдаг. Түүнчлэн бага насны хүүхдийн өвчлөлийн шалтгааны 10 хувь, нас баралтын шалтгааны 13 хувь нь эхийн сүүгээр хооллоогүйтэй холбоотойг судалгааны дүн харуулдаг. Түүнчлэн хөгжиж байгаа орнуудад эхийн сүүгээр хооллоогүйн улмаас хүүхдийн өвчлөл, нас баралт ихсэж байгааг дээрх судалгаанд дурьджээ. Өндөр хөгжилтэй оронд эхийн сүүгээр хооллоогүй байх нь хүүхдийн нас баралтад шууд нөлөөлөхгүй ч нялхасын хоол боловсруулах, амьсгалын замын эрхтний өвчлөл, дунд чихний хурц үрэвсэл зэрэг өвчний шалтгаан болж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлснээр эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлт Баруун/Төв Африкт 20 хувь, Төв/Зүүн Европт 22 хувь, Зүүн/Хойд Африкт 41хувь, Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн бүсийн орнуудад 43 хувь байна.

Хүүхэд эхийн сүүгээр хооллохгүй байх нэг гол шалтгаан нь эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, зар сурталчилгаа газар авсантай холбоотой. Иймээс ч хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэлхий даяар дэмжин, хамгаалах зорилгоор 1981 онд анх ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн олон улсын хууль”-ийг баталсан байдаг. Өдгөө дэлхийн 199 орноос 37 орон хуулийн бүх заалтыг хэрэгжүүлэхээр баталсан, 69 орон ЭСОБ-ний зар сурталчилгааг бүрэн хориглосон, 62 нь үнэгүй болон бага үнээр түгээх, 64 нь эрүүл мэндийн байгууллага, ажилтанд өгөхийг хориглосон, 83 нь Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний шошгон дээр эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэн үг, уриатай байхыг шаарджээ. Зөвхөн 45 орноос жил бүр “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн хууль”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн тайлангаа ирүүлдэг байна.

Хүүхдийн Хоол, Хөдөлгөөний Олон Улсын Сүлжээ (ХХХОУС)-нээс гурван жил тутамд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн олон улсын хууль”-тай холбоотой үйлдэгдсэн зөрчлүүдийн талаар мэдээлдэг байна.

-Эхийн сүү орлуулагчийн тухай хууль байдаг. Хэрэгжилт нь ямар байдаг вэ?

-Манай улсын эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт бүс нутагтаа төдийгүй дэлхийн түвшинд сайн гэж тооцогддог. Гэвч хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа бөгөөд эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт 2000 оноос хойш 10 гаруй жилд харьцангуй тогтонги 55-60 хувь байснаа 2013 онд 47 хувь болж буурсан байдаг. Энэ үзүүлэлт хот суурин газарт илүүтэй байдаг. Эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт буурах нэг шалтгаан нь яах аргагүй эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний худалдаа, зар сурталчилгаа юм.

Үүнтэй холбоотой манай улс 2005 онд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль”, 2008 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж түүнтэй адилтгах зүйлийн чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрт хяналт тавих журам”-ыг тус тус баталсан. Хэдийгээр манай улс эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаар хууль, журам байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг зарим судалгаа, Мэргэжлийн Хяналтын газраас хийсэн хяналт-шинжилгээний дүнгээр батлагдаж байна. Үүнд:

Улаанбаатар, Ховд, Дорнод, Сэлэнгэ аймгийн нийт 72 хүнсний дэлгүүр, 9 хүнсний зах, 7 бөөний төв, 110 хүнсний цэгийг хамруулан хийсэн судалгаагаар эдгээрийн 42.7 хувьд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг худалдаалж байсан бөгөөд хүүхдийн хоолны импортын хэмжээ жил бүр нэмэгдэж, 2001 он гэхэд 6.6 дахин нэмэгдсэн гэсэн дүгнэлт хийжээ.

Супермаркет, дэлгүүр, эмийн санд худалдаалагдаж буй Эийн сүү орлуулагч бүтээгдэхүүний ихэнх нь шошгын зөрчилтэй, сүүлийн арваад жилд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт жил ирэх тутам нэмэгдсэн, “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль”-ийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа талаар 2012 оны Монгол дах “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль”-ийн хэрэгжилт, мониторингод дүгнэжээ.

Манай улсын “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль”-ийн зургадугаар дугаар зүйлд: Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон угж, түүнтэй адилтгах зүйлийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчлахад тавих шаардлага нь, 7 дугаар зүйлд: Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон угж, түүнтэй адилтгах зүйлийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчлахад хориглох зүйлсийг тусгасан байдаг ч олон улсын хуулийн заалттай харьцуулахад хангалтгүй байдаг. Нөгөө талаар 2005 онд батлагдсан энэхүү хууль өнөөгийн зах зээлийн хөгжлийг дагаад сайжруулах шаардлагатай нь харагдаж байгаа юм.

Эхийн сүү орлуулагчийг Монголд хэр их хэрэглэж байна вэ?

-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн гэдэг нэр томьёоноос эхлэх хэрэгтэй. Тэгэхээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн гэж юуг хэлээд байна вэ? (ЭСОБ гэж товчилдог.)– 6 сар хүртэлх насны хүүхдийг хооллоход зориулан бэлтгэсэн аливаа хоол хүнс, ундааны зүйлсийг тухайлбал: хүүхдийн сүүн тэжээл, зутан, хүүхдийг шууд хооллоход бэлэн ногоо, жимс, махны нухаш, нялхасын цай, ургамлын ундаа, жигнэмэг, эрдэс ус ба шүүс бүгд орно.

Жишээ татахад, 2001 онд судалгаанд хамрагдсан 651 ээжээс ес нь л хүүхдээ Эхийн сүү орлуулагчаар хооллож байсан бол 2011 оны хяналт-шинжилгээний тайлангаас харахад судалгаанд хамрагдсан 42 ээжийн 18 нь хүүхдээ ийм төрлийн бүтээгдэхүүнээр хооллодог гэж хариулсан байдаг.

-Эхийн сүү орлуулагч оруулж ирдэг хэдэн компани байдаг гэсэн. Чанар, аюулгүй байдалд нь анхаарал тавьдаг уу?

-Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газрын мэдээгээр, Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлодог “Чирон”, “Монгол саплай чейн”, “Бонзер”, “Номин фүүдс”, “Анунгоо”, “Монос хаус холд” ХХК гэх мэт есөн аж ахуйн нэгж байгаа.

Сүүлийн гурван жилийн Гаалийн Ерөнхий Газрын статистикийн мэдээгээр дээрх бараа нь хүүхдийн хоол тэжээл гэсэн ангилалд хамаарагдан 2014 онд 758,20 тн импортлогдсон байна. Гол импортлогч орнууд нь Япон, ХБНГУ, Нидерланд улсууд байна.

МХЕГ-ын даргын 2014 оны 309 дүгээр тушаалаар хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын 2194 /их, дунд, бага эрсдэлтэй / бараанд хийх хяналт шалгалтын заавар, ашиглах хяналтын хуудас, бараа шалгах кодыг тус тус баталж, хэрэгжүүлсэн бөгөөд импортын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь 9.3.2 код бүхий “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлох үеийн хяналтын хуудас” -аар хянагдаж байна. Энэ тушаалын дагуу эрсдлийн ангилалаар импортын бараанд хяналт шалгалт хийх зааврын дагуу их эрсдэлтэй бүтээгдэхүүнд хамаарах Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнд

баримт бичгийн хяналт,

-биет үзлэг шалгалт,

-лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалтыг тус тус хийж байна.

-Эхийн сүү орлуулагчийг ямар нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрдөг вэ?

-Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын дэлхийн стратегид “Эхийн сүү нь хүүхдийн бие махбодын хэвийн өсөлт, хөгжилтийг хангахад зориулагдсан төгс найрлагатай юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн болохоос гадна эхийн эрүүл мэндийн хамгийн чухал нөхөн үржихүйн үйл ажиллагааны салшгүй хэсэг мөн” гэж заасан. Олон улсад “сүүгүй” ээж гэж байдаггүй хэмээн, эхийн сүүний ач холбогдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд зайлшгүй нөхцөлд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг түр хугацаанд хэрэглэсэн хүүхдийг дахин эхийн сүүгээр хооллох бодлогыг дэмждэг. ДЭМБ-ын “Нялхас, бага насны хүүхдийн хооллолт” гарын авлагад ямар нөхцөлд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг тогтмол болон түр зуур хэрэглэх талаар зааж өгсөн байдаг ч эдгээр тодорхой нөхцөлд хамаарах эх, болон хүүхдийн тоо маш бага гэдгийг онцолдог. Үүнд:

  • Хүүхдийн талаас:Доорх тохиолдлуудад хүүхэд эхийн сүүгээр огт хооллохгүй бөгөөд тусгай найрлагатай Эхийн сүү орлуулагч хэрэглэнэ.

  • Удамшлын эмгэг – сонгомол галактоземиа. Энэ нь 60 000 төрөлтөд нэг тохиолддог. Галактоз хэмээх энгийн сахарыг задалж, боловсруулж чадахгүй байх. Ийм хүүхдэд найрлаганд нь галактоз хэмээх сахаргүй ЭСОБ хэрэгтэй.
  • Зарим (англиар-*Maple syrup urine disease) аминхүчлүүд болох лейцин, изолейцин, валин гэх аминхүчлүүдийг задалж чадахгүй, өөрөөр хэлбэл 185 000 төрөлтөд нэг тохиолдох удамшлын эмгэг юм. Энэ тохиолдолд найрлагадаа эдгээр аминхүчлүүдийг агуулаагүй Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэнэ .
  • Нярайн фенилкетонури өвчин-*мөн фенилаланин гэх аминхүчлийг задлах ферментийн эмгэгийн улмаас үүсдэг удамшлын өвчин. Энэ тохиолдолд найрлагадаа фенилаланин гэх аминхүчлийг агуулаагүй Эхийн сүү орлуулагч хэрэглэнэ .

Харин доорх тохиолдолд Эхийн сүү орлуулагчийг түр хугацаанд, хязгаартай хэрэглээд хүүхдийн биеийн байдлаас хамаарч эхийн сүүгээр хооллох асуудлыг дэмжинэ.

Дутуу нярай -1500 г ба түүнээс бага жинтэй төрсөн бол

32 долоо хоногтой болон түүнээс бага хугацаанд тээгдэж төрсөн нярай

Гипогликемиа буюу цусанд сахар багасах эмгэгт өртөх эрсдэл бүхий нярай

Эхийн талаас: Доорх тохиолдолд хүүхэд эхийн сүүгээр огт хооллохгүй.

  • Эх ХДХВ-ээр халдварлагдсан бол – Энэ тохиодолд эх, хүүхэд хоёрын биеийн байдлаас хамаарч эмч зохих заавар, зөвлөгөө өгч хэрхэн хооллох талаар шийдвэрлэнэ.

Харин доорх тохиолдолд ЭСОБ-ийг түр хугацаанд, хязгаартай хэрэглээд эхийн биеийн байдлаас хамаарч эхийн сүүгээр хооллох асуудлыг дэмжинэ.

Эх цусан үжлээр өвдсөн бол

Герпесийн халдвар ялангуяа эхийн хөх орчмоор гарсан бол

Эх нойрсуулах, тайвшруулах, уналт-таталтын эсрэг зэрэг сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ хийлгэж, эм ууж байгаа бол

Радио-идэвхит иод 131 бэлдмэл ууж байгаа бол

Бамбай булчирхайн эмгэгийн идэвхтэй үед эмчилгээ хийлгэж байгаа бол

Хавдрын эсрэг химийн эмчилгээни й үед

Доорх нөхцлүүдэд эмчийн заавар, зөвлөгөөг баримтална. Үүнд:

  • Хөхний буглаа, маститийн үед – эрүүл, халдварлагдаагүй нөгөө хөхийг хөхүүлэх
  • Элэгний үрэвсэл – В гепатитийн үед- хүүхэд 48 цагийн дотор гепатит В эсрэг вакцин хийлгэсний дараа хөхөө хөхүүлэх
  • Элэгний үрэвсэл – С гепатитийн үед
  • Сүрьеэгийн үед-сүрьеэгийн эмчилгээний зааврыг дагана.

Архи, тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх нь эх, хүүхдийн эрүүл мэндэд хортой гэдгийг эх сайн ойлгох ёстой.

-Эхийн сүү орлуулагч хэрэглэхдээ анхаарах зүйлс юу байна вэ?

-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хэрэглэхэд доорх зүйлийг анхаарна. Анхаарах ёстой зүйлүүдийг олон улсын шошгын стандартад болон манай улсын стандартад маш тодорхой заасан бөгөөд үүнийг уг бүтээгдэхүүний шошгоос харж болно. Манай улсад хууль, журмын дагуу энэ бүтээгдэхүүнийг импортолж байгаа аж ахуйн нэгжүүд маш тодорхой, монгол хэлээр зааврыг нь бичсэн байгаа. Үүнд:

Зориулалт – гол нь хэдэн сар, настай хүүхдэд хэрэглэх ёстойг

Үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа

Баглаа боодлын гэмтэл, тээвэрлэсэн, хадгалсан байдлыг анхаарах

Хадгалах хугацаа-онгойлгосноос хойш хэдэн хоногийн дотор хэрэглэнэ гэж бичсэн байгаа

Хэрхэн зөв найруулах талаар хүүхдийн нас, жинд нь бодож тооцоолсон байгаа

Хүүхдийн угж, хөхөлт, аяга сав хэрхэн ариун байлгах талаар эрүүл ахуйн шаардлагуудыг мөрдөх

Тухайн найруулсан сүүнээс хүүхэд уугаагүй үлдсэн хэсгийг дахин хэрэглэж болохгүй гэсэн заавруудыг маш сайн мөрдөх хэрэгтэй.

Б.Эгшиглэн

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар алдарт “Мариинский” театрын гоцлол дуучин боллоо

Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог хөгжмийн уралдаанд Гран-При шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын филармонийн гоцлол дуучин Г.Ариунбаатар дахин сайхан мэдээ дуулгалаа. Тэрбээр алдарт “Мариинский” театрын vндсэн гоцлол дуучнаар ажиллахаар болжээ.

Categories
мэдээ спорт

У.Мөнх-Эрдэнийг ДАШТ-д явуулахгүй гэж мэдэгдлээ

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4-16-ны өдрүүдэд Катарын нийслэл Доха хотод болох билээ. Энэ удаагийн ДАШТ-д олимпийн эрх олгох бөгөөд манай улсаас тивийн АШТ-ээс эрхээ авсан дөрвөн боксчин оролцоно. Тодруулбал, Г. Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар ДАШТ-ийг зорих билээ.

Монголын боксын ертөнцөд өрнөж байгаа бас нэг асуудал бол энэ удаагийн ДАШТ-д У.Мөнх-Эрдэнийг оролцох эрхтэй хэмээн AIBA урилга илгээсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан явдал юм.

Харин өчигдөр Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Э.Бадар-Ууган өөрийн цахим хуудсаараа дамжуулан У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “У.Мөнх-Эрдэнийг дэлхийн боксын холбоо буюу АIBA-аас дэлхийн аваргад оруулж өгөх хүсэлт явуулсан боловч боломжгүй гэдэг хариу ирсэн” хэмээн тайлбарлажээ.

У.Мөнх-Эрдэнийн хувьд яг одоо Эрдэнэт хотод бэлтгэлдээ гарсан байгаа. Учир нь өмнө удаа AIBA-аас түүнийг ДАШТ-д оролцох боломжтой гэсэн тухай олон нийтэд мэдээлсэн. Энэ мэдээлэл Монголын ард түмэнд томоохон хүлээлт үүсгээд байсан ч У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аваргад оролцуулахгүй гэснээр Монголын боксын холбоо 2013 онд болж байсан өмнөх түүхээ давтав.

Categories
мэдээ нийгэм

Тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ

Орон даяар ургац хураалт үргэлжилж байна. Энэ үеэр нийт нутгаар цаг агаар таагүй байх төлөвтэй байна. Өнөөдөр баруун, төв, зүүн зүгийн нутгаар, маргааш нутгийн төв хэсгээр хур тунадас орно. Ирэх сарын 1-нд нутгийн хойд хэсгээр цастай байна. Агаарын хэмийн хувьд уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө хасах хэмд шилжжээ.

Энэ сард цаг агаар таагүй байснаас үр тарианы ургацын хаягдал ихтэй байгааг тариаланчид ярьж байна. Түүнчлэн энэ өдрүүдэд нийт нутгаар бороо, нойтон цас орж хүйтрэх телөвтэй байгааг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн захирал болон тариаланчдад мэдээлж холбогдох арга хэмжээг шуурхай авахыг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас анхааруулав.