Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөөврүүд улилдаж эхэллээ, дахиад л огцруулалт уу!

Ерөнхий сайдыг огцруулах саналыг
гишүүн Г.Уянга гаргаж, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд сар гаруйн
хугацаа өнгөрлөө. Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюу толгойн далд уурхайн
бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа УИХ-д урьдчилж мэдээлээгүй
нь огцруулах үндэслэл гэж Г.Уянга гишүүн үзэж байгаа.

Одоогоор огцруулах саналд Г.Уянга
гишүүнээс гадна Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн,
О.Баасанхүү нарын гишүүд гарын үсэг зураад байна. Хамгийн сүүлд АН-ын гишүүн Р.Амаржаргал
гарын үсгээ зуржээ. Ил зурж байгаа нь Р.Амаржаргал болохоос далдаас дөгөөдөг нь
АН-д бас цөөнгүй бий дуулдана. Улс орны төлөө санаа тавих биш сайд болж үзэх санаатай
л ингэж байгаа гэлцэнэ. Хэрэв гарын үсэг зурсан гишүүд 19 болбол УИХ-аар Ерөнхий
сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх юм. МАН-ын гишүүд бас үүнийг дэмжиж гарын үсэг
зурна гэсэн. Намрын чуулганы нээлттэй зэрэгцэн МАН энэ саналд гарын үсгээ нийтээр
зурна гэв. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Ийм Засгийн газар байсан ч яалаа,
байгаагүй ч яалаа, би болон бид огцруулах саналд гарын үсэг зурах болно. Төрийн
ажлыг ингэж явдуулдаггүй юм шүү. Огцрохоос өөр зам Ч.Сайханбилэгт үлдсэнгүй” хэмээн
нэлээд ширүүхэн дуугарсан. Ерөнхий сайдыг огцруулах нь зөвхөн улс төр ч биш, бизнес
ч байж болох юм. МАН-ын бүлгийн дэд даргын уурыг хүргэж ингэж хэлэхэд тулсан нь
Дарханы Засаг даргын асуудлаас үүдэлтэй. Мөн МАН сануулан байж хугацаа хэлж байгаа
нь зарим зүйл дээр тохиролцохыг хүсч байж болох юм.

Бие даагчид бүгд дэмжээд гарын үсэг
зурчихсан. Энэ ойлгомжтой. Тэд уул уурхай, Оюу толгойн талаар үг дуугарах бүртээ
эсрэг байр суурь илэрхийлж байдаг, дээр нь Засагт багтаж чадаагүй, мөн олон нийтэд
таалагдахын тулд ямар нэг зүйл ярьж байх ёстой болдог. Ердөө л энэ.

Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан
хүн нь угтаа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт багтсан МҮАН-ын гишүүн. Магадгүй Г.Уянга
гишүүн Засгийн газрыг унагах гарын үсэг зуруулж байгаагаа том оноо гэж үзэж байх
талтай. Нэг үгээр хэлбэл улс төр хийж байгаа л хэлбэр. Ерөнхий сайдыг танхимтай
нь унагачихвал сонгуулиар Оюу толгойг аварсан баатар хэмээн эх орончоо зарлан шоудах
боломж.

Улс эх орны эрх ашгийг хохироосон
ноцтой алдаа гаргаагүй байсан ч ямар нэг шалтаг шалтгаан олоод Засгийн газраа унагаж
тоглосоор өдийг хүрлээ. Монголын улстөрчид улсаа бодохгүй зөвхөн улс төр хийхээ
л бодож ирсний бодит байдал энэ. Угтаа Дубайн гэрээг үзэглэсэнд олон нийт Ч.Сайханбилэгт
талархаж байлаа. Олон залуус ажилтай, амьдралтай болж, Монголын эдийн засаг ч сэргээд
ирэх боломж нээгдлээ гэж харж байсан. Тэгтэл улстөрчид үүнийг эсэргүүцээд эхэлсэн.
Үргэлж л ийм байлаа. Хэн нэгэн дорвитой алхам хийнэ гэхээр л өөр нэгэн эсвэл шүүмжлэгч,
эсэргүүцэгч гарч ирээд улстөрждөг. Энэ нь улс орноо гэхээсээ улстөржилтөө, амин
хувиа илүүд тавьснаас л болдог. Эсвэл эрх мэдэлд шунаснаас л болдог. Ингэж ээлжилж
төр улсаараа тоглож өнөөдрийг хүргэв. Үеийн үед иймэрхүү улс орныг хутган үймүүлэгч,
төрөөрөө тоглодог цөөврүүд байсан, одоо улам л олширч, улс төрийн гал тогоонд ороод
суудаг болов.

Ард иргэд төр барьж буй улсуудын
тэнэглэлд залхаж гүйцэж байна. Ингэхээр төр засгийн толгойд гаргаж байгаа хүмүүстээ
өндөр шаардлага тавьж сонгох нь ямар чухлыг, яс махандаа тултал, голдоо ортол ойлголоо.
Тэднийг сонгохдоо зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр бус боловсрол, хүний ёс жудаг, ёс
суртахуун, монгол эр хүн талаас нь ч шаардлага тавих хэрэгтэй юм байна. Монгол эр
хүн уужуу, хүний үг даадаг, ганц удаагийн үйлдлийг өнгөрөөж чаддаг, буурь суурьтай,
өс хонзон санадаггүй, ийм л байдаг. Одоо бол Монголын төр хүүхэд нохойн доог болж
байна. Нусгай жаалаас эхлээд хөгшдөө хүртэл улстөржиж, төр барьж байгаа хэдэн нөхдөө
өдөр шөнөгүй тоглоом наргианы бай болгож, хэлсэн үг болгон нь, ярьдаг сэдэв бүхэн
нь төрд байгаа хэдийг элэглэх болж. Байтлаа урлагийн шоунд оролцож байгаа хүүхэд
хүртэл улс төр ярьж, улстөрч болох тухай хэнэг ч үгүй хэлж байна. Төрд байгаа хэдийг
харахаар улстөрч байна гэдэг амархан санагдаж л дээ. Мэдсээр байж алдаа гаргавал
тэнэглэл гэхээс өөр яалтай билээ.

Хэн дуртай нь төрөөрөө тоглож болдог,
Засгийн газраа огцруулдаг болов. Дуртай нэг нь шөнө бодож хоноод л өглөө нь энэ
санаагаа хэрэгжүүлдэг боллоо. Хэрэв Засгийн газар огцрохдоо тулбал УИХ тарж, ээлжит
бус сонгууль хийе. Төрөөрөө тоглодог улстөрч гэгдэх энэ нөхдөөс ингэж л салах хэрэгтэй
байна. Ийм дээрээ тулахыг хүсээгүй л бол хагас жил тэсч төрөөрөө тоглохгүйхэн шиг
дараагийн сонгуультай золгомоор байна. Заавал 1996-2000 оны улс төрийн хараалыг
давтах хэрэггүй.

Төрийг тогтворгүй болгож, тодорхой
бодлого гээд байх юмгүй, хувийн тоглолт хийдэг, дараа нь хариуцлага хүлээдэггүй
бие даагчид, олон жижиг нам Монголын улс төрд илүүц гэдэг нь харагдаж байна. Цөөхөн
хүн амтай Монголд улс төрийн тулхтай хоёр нам байхад л болж байгаа юм. Нэг нь эрх
барьж байхад нөгөө нь хяналтаа тавиад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд болчихно. МАН
улс төрийн намын шаардлагыг хангана. АН хэдийгээр хүлээн зөвшөөрөгдсөн том нам ч
бүхэл бүтэн институц болж чадсан МАН-ын дэргэд нам гэхэд хэцүүхэн л байна. Ард түмэн
АН-ынханд итгэл хүлээлгээд сонголоо. Хэрүүлтэй айл шиг, эвлэрч өгдөггүй, хэдэн тийшээ
харчихаад, ар хударгаар нь хэнтэй ч хамаагүй нийлчихсэн намаа, журмын нөхдөө, цаашлаад
төр улсаа самарч явдаг нь дэндүү олон. Энэ янзаараа явбал хагарч бутрах магадлал
өндөр. Өнөөдрийг хүртэл тэмцэж бий болгосон намаа эмхэтгэн цэгцлэх үү, эвдэлж хэдэн
тийш бутлах уу гэдэг нь ухаалаг алхмаас л шалтгаална. Ямартай ч сайн, муу хэлүүлсэн
сүүлийн хорь гаруй жил МАН, АН хоёр Монголын төрийг барьж ирсэн. Өөр гарц ч үгүй.

Тиймээс Үндсэн хууль, бусад хууль
журмуудаа өөрчилж, аль болох хоёр намтай болох тал руу явуулах хэрэгтэй болж. Тэгэхгүй
бол Монголын улс төрийн хямралыг гуравдагч хүчин, бие даагчид л тавьж байна. Гуравдагч
хүчин, бие даагчид олонхи болохгүй, бие даан бодлогоо хэрэгжүүлж засаг барьдаггүй.
Гэтэл сонгуулиар жижиг намууд, бие даагчид санал хувааснаас сүүлийн үеийн сонгуулийн
үр дүнгүүд нэг нам дангаараа эрх барих боломжгүй, цөөнхтэйгөө хамтрах, үгүй бол
жижиг намуудтай хамтарч Засгийн газраа байгуулахад хүрдэг. Өнөөх жижиг намууд нь
засагт орон эрх барилцаж байж нэг бодлоготой байж чадахгүй, хувийн тоглолт хийж,
улс орноороо тоглоод улс төр бужигнуулаад ер зүгээр суудаггүй. Ийм байхад Засгийн
гадна байхдаа ямар үйлдэл хийх нь тодорхой. Ингээд л төрд шургалсан цөөврүүд болж,
засаг төрөөрөө тоглосоор байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хур тунадас, цас орж, хүйтрэнэ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтрэхийг анхааруулж байна. Ирэх сарын 1-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Баабарын “Монголчууд бид ер нь хэн юм бэ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ. Өнөөдрийн дугаарт нэрт нийтлэлч Баабарын “Монголчууд бид ер нь хэн юм бэ” нийтлэл хэвлэгдлээ. “Ер нь монголчууд бид хэн бэ? Хаанаас гаралтай, ямар уламжлалтай, ямар шүтлэгтэй, сэтгэлгээ нь ямархуу, хүн – хүний болон хүн – байгалийн харилцаа нь хэрхэн зохицуулагддаг, амьдралын ямархуу горимтой, ертөнцийн үзэх үзэл нь хэрхэн бүрэлдэг, хөрш үндэстнүүддээ яаж ханддаг, иргэншсэн иргэдээс ямархуу ялгаатай, иргэншдийн замд орсон ХХ зууныг хэрхэн туулсан, үүндээ яажшуухан дасаж байгаа гээд үй түмэн асуулт аяндаа гарч ирдэг…”. Энэ тухай III нүүрээс уншина уу.

Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Тангадын Галсантай манай сэтгүүлч хөөрөлдлөө. Нийгэм, улс төр гээд олон сэдвээр ярилцсан ярилцлагыг амтархан уншина уу.

Манай сэтгүүлч Л.Мөнхтөр Улсын арслан Э.Оюунболдынд очиж сурвалжлага хийснийхээ эхний хэсгийг өчигдрийн дугаарт нийтэлсэн. Үргэжлэл нь өнөөдрийн дугаарт гарч байна. Шинэхэн арслангийн гэрээс хийсэн сурвалжлага таньд таалагдана гэдэгт итгэж байна.

Мөн өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Арвин ярилцлага өглөө. Хурц, шулуун үгтэй эрхэм юу өнөөгийн улс төрийг хэрхэн дүгнэсэн бол. Улс төрийн нүүрнээс уншина уу.

Хөрөнгийн зах зээлд бондоос хэрхэн мөнгө босгох вэ. Энэ талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг унших боломжтой. УИХ-ын гишүүн С.Бямбацогт манай сонин “Бид нэг Монгол” нийтлэлээ хэвлүүллээ. Мөн Засгийн газрын хуралдааны тоймыг Улс төр нүүрт онцолсон юм.

Европ руу дүрвэгсэдийн талаар Олон улс судлалын дээд сургуулийн захирал Д.Дашпүрэвтэй ярилцлаа. Тэрбээр “Ойрхи Дорнодыг ийм байдалд хүргэхэд АНУ-ын оролцоо их байсан” гэж дүгнэсэн юм.

Жүжигчин Н.Цогтсайхан Холливудын жүжигчин болох зорилго тавьжээ. Унгарт ажиллаж, амьдардаг тэрбээр уран бүтээл, амьдралынхаа талаар сонирхолтой ярилцлага өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингист Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын дарга ил захидал илгээсэн. Тэр бүсгүй улстөржилтөөс болж гурван жил хууль, цагдаагийнхны дарамтад байгаагаа ярьсан юм. Баримт, үйл явдал нүүрнээс түүний ярилцлагыг уншина уу.

Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монгол залуус хэрэгт холбогдсон гэв

Австралийн
Сидней хотын нэгэн орон сууцанд нэгэн эмэгтэйг хоёр залуу хүчирхийлж,
дээрэмдсэн хэрэг гарчээ. “Sydney Morning Herald”-ын мэдээлснээр, энэ сарын
20-ны өдөр Монгол Улсын иргэн, 21 настай Болд Түвшинбаяр, 22 настай Алтанбагана
Тамир нар нь эмэгтэйг байрных нь орцонд хүчирхийлж дээрэмдсэн бөгөөд гурав
хоногийн дараа баривчлагдан саатуулагдсан байна.

Сидней
хотын цагдаагийн ажилтны мэдээлснээр, дээрх хоёр залуу Монголоос ирсэн бөгөөд
Backpage.com сайтын секс зарын дагуу хохирогч эмэгтэйтэй болзжээ. Хохирогч
эмэгтэй 20-30 насны бөгөөд залуус түүнийг хутга тулган хүчирхийлсэн байна. Мөн
залуусыг бүсгүйн гар утас, үнэт зүйлсийг хулгайлан авч зугтсан хэрэгт буруутгаж
байгаа аж. Өнгөрсөн мягмар гаригт тэднийг Сиднейн төв шүүхэд шалгаж эхэлсэн
бөгөөд батлан даалтад гаргахгүй гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан хурандаа цолтон төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар зургаан дэд хурандаад хурандаа цол олголоо.

Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Найданцэрэн, Батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дайн цэргийн урлагийн судлалын төвийн дарга, дэд хурандаа Ц.Гандорж, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Н.Алтангэрэл нарт хурандаа цол олгов.

Мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ц.Буяндэлгэр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа М.Болдбаатар, Хууль сахиулах их сургуулийн Хилийн сургуулийн захирал, дэд хурандаа В.Жавхланцогт нар хурандаа цол хүртлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Монгол
Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч
уулзлаа.

Хатагтай
Биата Транкман Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн суурин төлөөлөгчөөр өнгөрсөн наймдугаар сараас ажиллаж эхэлсэн юм.
Шинэ албанд томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэж, амжилт хүслээ. Монгол
Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй
байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Засгийн газар дэмжиж ажиллана гэлээ.

Мянганы
хөгжлийн зорилтын хэрэгжих хугацаа 2015 онд дуусгавар болж буйтай холбогдуулан
НҮБ-ын дээд хэмжээний 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн 2030
хөтөлбөр”-ийг баталлаа. Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн
зорилтуудыг тодорхойлох түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Энэ хүрээнд
хамтран ажиллах талаар уулзалтын үеэр ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аюуш бурхныг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орууллаа

“Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтад шинэ дахь заалт нэмлээ.

Унгар улсын Будапешт хотноо амьдарч буй монголч эрдэмтэн, ахмад дипломатч Ласло Кадар өөрийн хувийн цуглуулгад байсан Аюуш бурхныг Унгар улсад зохион байгуулагдсан Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, тус улсад суугаа Элчин сайд Т.Ганди нарт хүлээлгэн өгчээ.

БСШУ-ны сайдын тушаалаар байгуулагдсан бурхны онцлог шинж, ур хийцийг тодорхойлон тогтоох, музейн сан хөмрөгт шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэхүү Аюуш бурхныг Өндөр гэгээн Занабазарын мутрын болон хийцийн бүтээл мөн болохыг тогтоож, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах нь зүйтэй гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүд нэг хувийн татвар төлөхөөр боллоо

Нийслэл
хотын албан татварын тухай хууль нөгөөдөр буюу ирэх аравдугаар сарын нэгнээс
хэрэгжиж эхэлнэ. Өнөөдөр албан ёсоор нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид
хотын татварын хувь, хэмжээг хэлэлцэж, нэг хувиар байхаар баталлаа. Хэдийгээр
НИТХ дахь Монгол ардын намын бүлэг татварын хэмжээг тогтоох хурлын тогтоолын
төсөлд санал хураалт явагдах үед хурлыг орхин гарсан. Тэдний тухайд
“Нийслэл хот татвартай байх нь зүйтэй гэж үзсэн. Гагцхүү хүнсний болон
өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 30 хувиар өсөөд байна. Энэ нөхцөл
байдалтай холбоотойгоор татварын хувь хэмжээг нилээн сайн ярилцаж тогтоох
хэрэгтэй. Иймээс татварын хэмжээг тогтоохдоо Хотын дарга Э.Бат-Үүл уян хатан
байхыг хүссэн. Тодруулбал хуулинд нийслэлийн татварын хувь хэмжээг 0-1 хувиар
тогтооно гэж заасан байтал эцсийн цэгт нь тулгаж нэг хувь болгож байгааг хүлээн
зөвшөөрөхгүй байна. Иймээс эдийн засаг, иргэдийн худалдан авах чадвар сайжрах
хүртэл хотын татварыг 0 хувиар тогтоох” саналыг гаргаж байна гэдгээ мэдэгдсэн.
Харин НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд “Дэлхийн улс орнуудын
нийслэлд оршин суудаг иргэн бүр тодорхой татвар төлдөг. Бид энэ жишгийг
мөрдөх саналыг дэмжиж байна. Тодруулбал архи, тамхи худалдан авсан, зоогийн
газар, баар ресторан, амралын газраар үйлчлүүлсэн иргэн нэг хувийн татвар төлөх
нь зөв тогтолцоо” гэсэн байр суурийг илэрхийлж, татварын хэмжээ нэг хувь
байхыг дэмжсэн юм.

Өглөөний
09.50 цагт эхэлсэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит 29-р
хурал бүтэн таван цаг орчим явагдаж, 15.04 минутанд өндөрлөлөө. Хурлаар
“Нийслэл хотын албан татвар”-ын хэмжээг нэг хувиар байхаар баталлаа.
Тодруулбал архи, тамхины худалдаа, зочид буудал болон баар, ресторан, амралтын
газрын үйлчилгээ хаана, хэрхэн явагдахаас үл хамааран өдөр тутмын
хэрэглээнээс давсан, дээрх илүү хэрэглээ, үйлчилгээг авч буй гадна, дотны
иргэд Улаанбаатар хотод тухайн бараа, үйлчилгээнийхээ мөнгөн дүнгээс
хамаарч, нэг хувийн татварыг төлөхөөр боллоо. Жишээлбэл иргэн Т
“Гэрэл” нэртэй хүнсний дэлгүүрээс 50 мянган төгрөгийн үнэтэй архи
худалдан авбал нийт үнийн дүнгийн нэг хувь буюу 500 төгрөгийг татвар суутгагч
буюу тухайн дэлгүүрээр дамжуулан хотод төлөх юм.

Categories
мэдээ нийгэм

230 мянган хүн гомдол, санал гаргажээ

2015 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Энэ оны эхний хагас жилд төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтанд нийт 231 мянган иргэн хандаж, санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргаснаас 218000 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгчээ.

Энэ хугацаанд тэтгэврийн зээл авсан иргэд зээлээс чөлөөлөх, орон сууцны 8 хувийн зээл авах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн урьдчилгаа хувийг бууруулах зэрэг хүсэлт илүүтэй иржээ.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлээс чөлөөлөх асуудлаар л гэхэд 10 мянга орчим өндөр настан өргөдлөө бичгээр гаргаж ирүүлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Франц улсад ажлын айлчлал хийлээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн өдрүүдэд Франц улсад ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоолд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг БНФУ-д айлчлуулахаар болсны дагуу Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ажиллаад иржээ. Тэрээр Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Лө Дриэнтэй албан ёсны хэлэлцээр хийсэн бөгөөд энэхүү айлчлал нь манай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгасан байдаг бөгөөд бид бүхэн БНФУ-ыг гуравдагч хөршөө хэмээн үздэг. Монгол-Франц Улсуудын хамтын ажиллагаа улс төр эдийн засаг, нийгмийн салбарт хурдацтай хөгжиж, түүний дотор хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг онцлоод Франц Улс Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, төрөл бүрийн хэлбэрийн тусламж дэмжлэг үзүүлж, манай цэргийн алба хаагчдыг Францын цэргийн сургуулиудад сургаж бэлтгэж байгаад талархлаа илэрхийлсэн. Цаашид Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, гүнзгийрүүлэх, Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх, батлан хамгаалах аж үйлдвэр зэрэг чиглэлээр бид хамтран ажиллах өргөн их боломж байгааг энэ үеэр онцлов. Мөн БНФУ-ын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны туршлага сургамжийг судлах, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах хүсэлтэй буйгаа талууд илэрхийлжээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг дагалдаж БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Алтансүх, Батлан хамгаалах, аж үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Д.Энхбаяр нарын албаныхан ажилласан юм.

Өнгөрсөн хугацаанд БНФУ-ын Батлан хамгаалах яамны тусламжаар тус улсын цэргийн төрөл мэргэжлийн сургуулиудад нийт 17 цэргийн албан хаагч амжилттай суралцан төгссөн. 2008 оны 11 дүгээр сард БНФУ-аас буцалтгүй тусламжийн журмаар Монгол Улсын Зэвсэгт хүчинд 483,2 сая төгрөгийн үнэ бүхий цэргийн хувцас хэрэглэлийг нийлүүлсэн байна.