Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд 17.00 цаг хүртэл ажилд зуучилна

Яг одоо Чингисийн талбайд Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөрт зориулсан Хөдөлмөрийн өдөр болж байна. Жил бүр уламжлал болгон зохиодог“Хөдөлмөрийн хөгжлийн түлхүүр” нэртэй энэ өдөрлөгийн гол зорилго нь ажилгүй иргэдийг ажилд зуучлах юм. Энэ жилийн Хөдөлмөрийн намрын өдөрлөгийн яармаг нь

Улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ цаг үед 60 орчим байгууллага, 20 гаруй хөдөлмөрийн бирж, нийслэлийн дүүргүүд хамтран одоогоор бүртгэлтэй байгаа сул ажлын байрны захиалгуудыг иргэдэд түгээж, бүртгэн ажлын байранд зуучилж өгч байна.

Мөн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд нийгэмд дутагдаж байгаа мэргэжлүүдээ сурталчилан, оюутнуудыг бүртгэж байна. Учир нь өнөөдрийн байдлаар Монгол улсад 40.000 гаруй ажил хайгч иргэн байгаагийн 60 гаруй хувь нь залуучууд байна. Эдгээр залуучуудыг ажилд зуучлахад ур чадвар, мэргэжлийн хувьд тохирохгүй, гологдох асуудал их байгааг албаны хүн онцолж байсан.

Иймд ажлын байр хайж буй иргэн та өнөөдөр 17.00 цаг хүртэл Чингисийн талбайд гарч буй Хөдөлмөрийн өдөрлөгт очиж Монгол улсад сул байгаа бүх ажлын байруудтай нэг дор танилцаж, бүртгүүлэн, зуучлуулж болох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлний сэтгэлгээг судлахад математикийг хэрэглэх нь

Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, академич Б.Чулуундорж

“Pure mathematics is, in its way,

the poetry of logical ideas.

Алберт Энштейн”

Монгол хүн эх хэлээ болон гадаад хэлийг эзэмших, сэтгэн бодох механизмыг судлах нь хэл сурах, сургахаас эхлээд хиймэл оюун бүтээх үйл явцад холбогдох нэн чухал асуудал болж байна. Энэ чиглэлээр Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль дээр орчин үеийн тархины цахилгаан бичлэгийн дижитал аппарат бүхий тархи судлалын лаборатори байгуулан судалгааг хийж байна. Судалгааны зарим үр дүнг АНУ, Английн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлж, Канадад олон улсын хуралд илтгэсэн.(Global Journal of Human-Social Sciences.Arts & Humanities-Psychology. A. Volume 14/3. 2014. USA, British Journal of applied science and technology. 2015. UK)

Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад тархины энерги, хэлний сэтгэлгээг судлахад квантын онолыг хэрэглэх болжээ. Хэлний сэтгэлгээний хийсвэр бүтцүүд, мөн тэдгээрийн илэрхийлэл болох үг, өгүүлбэр, текстийн бүтцийг квантын түвшинд тайлбарлах саналыг эрдэмтэд дэвшүүлж байсан. (Пенрозе. Р. The Emperor’s Mind.Oxford.1999). Хүний хэлний сэтгэлгээ нь нейроны сүлжээнд суурилан олон хэмжүүрт орон зай, цаг хугацааны орчинд хамаарах учир статик болон динамик шинжийг хослон илэрхийлж байдаг нь квантын санааг хэл шинжлэлд хэрэглэх нэг суурь болдог. Квантын үзэл онолын хүрээнд авч үзвэл хүний хэлний сэтгэлгээ нь тасалдах ба үл тасалдах чанартай, зүйрлүүлж хэлбэл хэлний сэтгэлгээг долгион-бөөмсийн хоёрдмол шинжтэй гэж үзэж болно. Иймээс хэлний сэтгэлгээний судалгаанд нөхөх зарчим, их онолч В. Гейзенбергийн санааг хэрэглэх боломж ч байдаг. (В. Гейзенберг. The development of quantum mechanics, Нобелийн шагнал хүртэхэд уншсан лекц. 1933.Стефан Хавкинг. 2011. The dreams that staff is made of).

Тархи судлалын талаас авч үзвэл их эрдэмтэн Ч.Хомскийн (Ч.Хомский. Синтаксические структуры. М. 1956) дэвшүүлсэн гүн бүтцийн цаад суурь нь ментал бүтцүүд болох юм. Квантын онол нь хэлний сэтгэлгээний ментал бүтцүүдийн хооронд олон төрлийн хүчин үйлчилж байдгийг судлан тогтооход шинэ боломжийг нээнэ. Хэлний сэтгэлгээг судлахад квантын онолын зарим санааг тусган хэлний хийсвэр ментал бүтцүүдийн мөн чанарыг тодорхойлоход математик аргыг хэрэглэх нь бидний шаардлага болж байна.

2. Үгийн утгын тухай

Үгийн утга буюу үнэлэмжийг векторын (скалярын) оронд хамааруулан тодорхойлох нь харьцангуй шинэлэг хандлага болно. Судлаачдын бичсэнээр өгүүлбэр дэх үгсийн дараалал нь хэлний сэтгэлгээнд цаад бодит объектийн дотоод ба гадаад шинжийг тусгадаг. Энэ нь хэлний ментал бүтцүүдийн тасалдах ба үл тасалдах шинжийн харилцан нөхөх чанартай ч холбогдоно. Үгийг нэг хэмжүүрт, цаашилбал 2-3 хэмжүүрт оронд авч үзэх нь үгийн хоорондын шууд ба дам, семантик ба прагматик холбогдол, энэхүү холбогдлыг илэрхийлэх хүчнүүд, тэдгээр хүчний үйлчлэх зайг тодорхойлох арга зүйн боломжийг нээж байна. Үг нь хэрэглээнд ороогүй үедээ потенциал үнэлэмж (утга)-тай байх учир статик түвшинд үгийг скаляр оронд авч үзэх боломжтой санагдана. Харин үг нь өгүүлбэрт орсон нөхцөлд векторын оронд хамаарна. Ингэхлээр өөр өөр түвшинд хэрэглээнд орсон үгийн төлөвийг математик аргаар тодорхойлоход долгионы функцийн (Ψ) санааг хэрэглэж болох юм.

Хүний бодол санааны болон тархины энергийн холбогдлыг өргөн утгаар нь авч үзвэл цахилгаан соронзон оронтой төсөөтэй орон хүний сэтгэлгээний орчинд үүсдэг тухай асуудал хөндөгдөнө. Өгүүлбэрт, текстэд үгийн үнэлэмж (утга) нь үгийн байрлалаас хамаардаг учир үгсийн хоорондын семантик (өргөн хүрээнд прагматик) холбогдлыг ментал сэтгэлгээний орон зайд таталцлын үзэгдэлд хамааруулах санаа ч эндээс төрнө.

Бодомжийн гол тулгуур болох предикат ба субъект, бодомжийн энгийн илэрхийлэл болсон өгүүлбэрт үйл үг ба нэрийн холбогдлыг таталцлын ойлголтод хамааруулан үгийн үнэлэмж (V1, V2, Vn гм) ба үгсийн хоорондын зай -н холбогдолд тулгуурлан тооцоолж болох санагдана. Энэ нь тэдгээр үгсийн /предикат ба субъектийн/ хоорондын таталцлын хүчийг тодорхойлох томъёоллыг л боловсруулах нэгэн хувилбарын тухай санал төдий юм. Энэхүү санаа нь хэл судлалд өгүүлбэрийн тулгуур субъект ба предикат, текстэд бол гол сэдэл ба түүний тодорхойлолтын хоорондын холбогдол, шинжлэх ухааны ойлголтоор бол когеренцийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

3. Бодит юм, үйл ба түүний шинж

Бодомжийн түвшинд юм ба түүний шинж, үйл хөдлөл ба түүний хэв маяг нь формал түвшинд нэр үг ба тэмдэг нэр, үйл үг ба дайвар үг гэх мэтийн бүтцүүдээр илэрдэг. Ингэхлээр юм ба түүний шинж, үйл хөдлөл ба түүний төлөвийг илэрхийлэх үгсийн холбогдлыг тодорхойлох нь дээр өгүүлсэн субъект ба предикатын холбогдлыг тодорхойлохоос ялгаатай байна. Үгсийн хоорондын зай, шинж, холбогдох хүч, харилцан нөлөөлөл өөр учир энэ байдлаас хамааран Эвклидийн болон Менковски, Хауздорфын орон зайн ойлголтыг хэрэглэх боломжтой. Юм ба түүний шинжийг илэрхийлсэн “жижиг хар машин, товч цэгцтэй ярих, сурах чадвартай хүү” гэх мэт хэллэгүүдэд үгсийн хоорондын холбогдлыг тодорхойлоход Пифагорын теоремыг хэрэглэх боломж сонирхол татаж байгаа юм.

Энд “шинэ хар, товч-цэгцтэй, сурах чадвартай” гэсэн шинжүүдийн илэрхийлэлийг үзэхэд хэмжээ (жижиг) ба өнгө (хар) гэсэн шинжийн тухайн объектод холбогдох байдлыг энэхүү теоремоор тайлбарлахад илүү дөхөм санагдана. Гэхдээ юм, үзэгдэл ба тэдгээрийн шинжүүдийн холбогдлыг скалярын үржвэрийн аргаар илэрхийлэх нь илүү зохистой юм. Тухайлбал, нэг юм, үзэгдэлд хамаарах ижил төрлийн шинжүүдийг скалярын үржвэрийн аргаар илэрхийлж болно: шар, улаан, ногоон бөмбөлөг.

Векторыг нэмэх аргаар юм, үзэгдлийн өөр өөр шинжүүдийн нийлмэл үнэлэмж (утга)-ыг тодорхойлох боломжтой юм. Өгүүлбэрийн түвшинд тэмдэг нэрсээр илэрхийлэх юм, үзэгдлийн шинжүүдийг хэлний мэдрэхүйн түвшинд скаляр долгион байдлаар тодорхойлох боломж байна. Судлаачдын тэмдэглэснээр хүн юмны өнгийг хэмжээнээс түргэн мэдэрдэг байна. Тэгэхлээр юмны өнгө, хэмжээ, хэлбэр, хийцийг илэрхийлэх тэмдэг нэрсийг ямар дараалалтай хэрэглэж байгаа нь хэлний сэтгэлгээний нийтлэг ба онцлог талыг харуулна. Тухайлбал, дээрх “төмөр хаалгатай модон хашаа” гэдэг өгүүлбэрийг англи, орос хэлээр орчуулахад үгсийн дараалал нь өөрчлөгдөнө. Гэтэл бодит байдал дээр тэрхүү байшингийн дүр зураг хүн бүрт адил харагдана. Ийм онцлог бусад хэлэнд ч (high diving – прыжок в воду) нийтлэг байдаг. Ийм хэллэгүүдийг комплекс скалярын, улмаар векторын оронд хамааруулан тайлбарлавал сонин болно.

Семантик үнэлэмжүүдийн нийлэмжийг интеграл утгаар нь векторын үржвэр, хос үржвэрийн аргаар тодорхойлох боломж байна. Монгол хэлэнд “Залуу судлаач” гэдэг хэллэг нь “нас, туршлага, шинэ эрч хүч, шинэлэг санаа” гэсэн үнэлэмжүүдийг агуулж байна. Тухайлбал, “хар цамц, хар шөл, хар санаа” гэдэг хэллэгүүдийн семантик ба прагматик утгыг үнэлэмжийн нийлэмж байдлаар тодорхойлоход хоёр өөр хувилбар байж болно: Векторын үржвэр-хар цамц, векторын хос үржвэр-хар санаа. Сүүлчийн жишээг семантикийн суперпозицид хамааруулж болох юм.

4. Суперпозиц ба семантик хувиргал

Хэлний метафор нь шугаман бус сэтгэлгээний илэрхийлэл болохын хувьд квантын тархин дахь суперпозицийн үзэгдлийн нэг илрэл гэж хэлж болохоор байна. Векторын үржвэрийн аргаар үйл ба үйлийн объект (үйл үг ба нэр)-ийн холбогдлыг илэрхийлэхэд суперпозиц үүсэх нөхцөл нь семантик хувиргал (трансформац)-тай холбоотой, улмаар семантик ба прагматик хүчний хавсарсан нөлөөллөөс хамаардаг болох нь тодорхой илэрдэг.

Тухайлбал,

Ийм төрлийн зарим хэллэгт үйл үг ба нэрийн (хар авах)холбогдол,нягтралын зэрэг ньсемантик давамгайлсан суперпозицийн илрэл болно. Харин “ширээ булаалдах (ширээ-албан тушаал), толгой угаах (толгой-бодол санаа)” хэллэг ньсемантик, прагматикийн хавсарсан суперпозицийн илэрхийлэл болно. Суперпозицод хамаарах ийм хэллэгүүдийг векторын үржвэрийн аргаар тайлбарлаж болно.

Суперпозицийн үзэгдэл нь улмаар төрөл бус хэлэнд өөр өөр тайлбартай байдаг нь юм, үзэгдлийг хэлээр илэрхийлэх, ойлгох механизм нь сэтгэлгээний олон хэмжүүрт орон зайд хүн координатын ямар системийг сонгосноос хамаардаг болохыг харуулна (Од харвах. Звезда упала. А star is falling).Үүнээс үүдэн хэлний сэтгэлгээний координатын хүрээнд ментал хувиргалыг тодорхойлох, энэ үндсэн дээр хэлний семантик хувиргалын сэтгэхүйн механизмийг тайлбарлахад ковариант ба контравариант векторыг хэрэглэх нь сонин үр дүнд хүргэхээр байна.

х х х

Хэлний ментал болон формал бүтцүүдийн холбогдлыг судлахад векторын аргыг хэрэглэх нь хүний хэлээр бодит юм үзэгдлийг маппинг хийх сэтгэлгээний механизмийг судлах, ассоциатив сэтгэлгээний нийтлэг болон онцлог талыг төрөл бус хэлний түвшинд тодорхойлоход онол, арга зүйн шинэ хандлага болно. Энэ чиглэлийн судалгаа нь Монголд нейро хэл шинжлэлийг хөгжүүлэх, хэлний согогыг оношлох арга зүйг боловсронгуй болгоход ч ач холбогдолтой юм. Хэлний сэтгэлгээнд ментал бүтцүүд координатаа даган хувирах, эсвэл сөрөг хувирах байдлын судалгаа нь хэл шинжлэлд төдийгүй хиймэл оюун бүтээх, хэлний шугаман бус сэтгэлгээг “програмчлах” асуудалд хамаарна. Энэ бол одоохондоо бидний чадлаас хэтэрсэн ажил мэт санагдах боловч энэ санааг цаашид боловсруулж хэрэгжүүлэх чадвартай залуу судлаачид байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Ийм ч учраас энэхүү хялбаршуулсан өгүүлэлийг хэл шинжлэлийн тэргүүлэх шинэлэг чиглэлийг Монгол оронд хөгжүүлэх сонирхол эрмэлзлэл бүхий залуу судлаачдад зориулан бичлээ.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын төв байрыг Азид шилжүүлэх санал гаргав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулганы хуралдаан дээр Казахстаны ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев үг хэлэхдээ, эдийн засгийн хямралын улмаас терроризм, дүрвэгсэд гэсэн сөрөг талууд гарч ирлээ. Тийм учраас дээрх сөрөг үзэгдэлтэй тэмцэхийн тулд гүйлгээнд шинэ олон улсын мөнгө гаргах хэрэгтэй гэлээ. “XXI зуунд санхүүгийн шинэ хэрэгсэл хэрэгтэй. Тийм учраас НҮБ-ын гишүүд даяарчлалын хөгжил, цэцэглэлтийг хангах дэлхийн валютыг бий болгох дээр ажиллах хэрэгтэй. Стратегийн санаачлагыг 2045 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөг санал болгож байна” гэж тэр хэлээд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийг Даяарчлалын хөгжлийн зөвлөл болгон өөрчлөх хэрэгтэй гэж онцлов.

“Түүний бүрэлдэхүүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн сонгох гишүүн орнуудын төлөөлөгчдөөс гадна ОУВС зэрэг тусгай байгууллагуудын удирдлага орж байх шаардлагатай” хэмээн Казахстаны ерөнхийлөгч мэдэгджээ.

“XXI зуунд хөгжлийн төв нь Ази тивд шилжиж байгаа учраас хүн амын гуравны нэг амьдардаг уг тивд НҮБ-ын төв байрыг шилжүүлэх” саналыг Назарбаев гаргалаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Блумберг радиод ярилцлага өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу есдүгээр
сарын 29-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцож,
Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсний дараа АНУ-ын PBS телевизийн Чарли
Роуз болон Блумберг радио агентлагт ярилцлага өгөв.

Дараа нь тэрбээр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зочиллоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Хэнтий аймагт ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр
Хэнтий аймагт ажиллав. Улсын Их Хурлын даргыг Хэнтий аймагт хүрэлцэн
ирэхэд Хэнтий аймгийн Чингисийн талбайд хүндэт харуул угтан авч,
хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлсний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн
удирдлага, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагуудтай
уулзалт хийж, орон нутгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл
авсан юм.

Мөн тэрээр Хэнтий аймгийн төвд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын
нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэв. Энэ үеэр Хэрлэн сумын 1-р
багийн хөгжлийн төв, 4-р цэцэрлэг, 338 айлын “Хэрлэн” орон сууцны
цогцолбор хороолол нээлтээ хийлээ. Түүнчлэн Хэрлэн багийн төвд Өрхийн
эмнэлэг, цагдаа, багийн Засаг дарга байрлаж төрийн анхан шатны үйлчилгээ
үзүүлэх боломжтой болжээ.

Мөн Улсын Их Хурлын дарга Чингис хотод хийгдэж байгаа “Шинэ Өндөрхаан”
хороолол, Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Хан хэнтий чуулгын
барилгын ажлын явц байдалтай танилцав.

Түүнчлэн Чингис хотын төв талбайд бүтээсэн Их Монгол улсын цадигийг
бичилцэхэд үр хүүхэд, төр улсдаа хүндтэй гавьяа байгуулсан Монгол төрийн
авралт эх – Өэлүн эхийн дурсгалын хөшөөний нээлтийн ёслолд оролцсон юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Хэнтий аймагт ажиллах үеэр Улсын Их
Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Ирэх башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар 15 давбал их аварга болно

Мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын Аки башёд сайн
барилдсан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд Сүмогийн холбооноос 11 дүгээр
сарын тэмцээнд уналгүйгээр 15 давбал Ёкозүна цол олгох болзол тавьсан
байна.

Тэрбээр Аки башёд сайн барилдсан ч Кисеносато,
Гойдо, Точиозан нарт унасанаар өөрийнхөө боломжийг алдсан гэж болно.
Түүний хувьд энэ бөхчүүдэд унаагүй байсан бол шууд түрүүлэх байв. Мөн
хоёр Их аварга барилдаагүй учраас ийм шийдвэр гаргасан бөгөөд ирэх башёд
нэг ч уналгүй түрүүлбэл мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь Их аваргаар
тодрох юм. Харин Монголын тав дахь Их аварга цолтон сүмоч болно.

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайханы ажлын хэсэг Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвасан

Таван толгойн нүүрсний ордыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахтай холбоотой асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайханы news.mn сайтад ярилцлага өгчээ. Түүний яриаг Монголын ард түмэн сайтар бодож, үнэлэлт дүгнэлт хийх хэрэгтэй гэж бодож байна. Учир нь Тавантолгойн ордын жинхэнэ эзэд нь Монголын төр, ард түмэн юм. Тиймээс сайд гэдэг нэрийн дор М. Энхсайхан гэдэг нэг хүн мэдээд шийдэх асуудал ч биш билээ.

Хамгийн чухал нь түүний бэлтгэсэн гэх Тавантолгойн ордыг ашиглах гэрээг зогсоох шалтгаан нь юу байв? Хоёрт, Тавантолгойн ордод хөрөнгө оруулах нэрийн дор хийхээр бэлтгэсэн луйврыг зогсоосноор Монгол Улс өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, ард түмний эрх мэдэлд байх ёстой байгалийн баялаг Монголдоо үлдэж байгааг ойлгох нь чухал юм.

Нэгд. Тавантолгойн ордыг ашиглах гэрээг саатуулах гол шалтгаан:

1. Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнүүд Монгол Улсын эдийн засагт үр өгөөжгүй, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг төрийн эрх бүхий албан тушаалтан, холбогдох төрийн байгууллага судалж, хянаад, дүгнэлт хийж зогсоосон. Энэ асуудлуудыг сонирхсон бүх хүнд, олон нийт болон хэвлэл мэдээлэлд энэ дүгнэлт нээлттэй байна. Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээг судалж УИХ-ын ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг www.par­liament.mn сайтад нээлттэй байршуулсан байгаа болно. (http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139)

2. Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд Тавантолгойн орд байрлах газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлж авсан, хайгуул хийх нэрээр гэрээний 30 жилийн хугацаанд (30 жилээр сунгах боломжтой) эзэмшил газраа нэмэгдүүлэх заалт байгааг УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг судалж тогтоосон. Гэрээний энэ заалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг ч нотолсон. Учир нь гадаадын хөрөнгө оруулалттай компани 60 жилийн хугацаанд хайгуул хийсээр Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүс нутгийн бүхий л нүүрстэй газрыг өөрийн мэдэлд авах боломжийг энэ заалтаар хийсэн байсан.

Мөн Энержи Ресурс компани хөрөнгө оруулалт нэрийн дор төрийн өмчит компанийн хууль ёсны эрх мэдлийг бүхлээр нь шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээдэд шилжүүлэх заалтыг гэрээн дотор давтан, давтан тусгасан байсан. Жишээлбэл: Хамтын ажиллагааны гэрээний 1.2 (а) заалтаар Гэрээний хугацаанд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн орд газрыг эзэмших эрхээ Энержи ресурс компанид үнэ төлбөргүй шилжүүлж байгаа бол Хамтын ажиллагааны гэрээний 5.1 (j) заалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 5.7 (а) заалтаар төслийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах газар эзэмшиx, ашиглах эрхийг Энержи ресурс олж авах эрхтэй, Засгийн газар холбогдох байгууллагуудаараа дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг Энержи ресурс болон түүний хамааралтай этгээдэд олгоно гэж заасан байгаа. (УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт. Тавдугаар хуудас, http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139)

Гэрээний эдгээр заалтуудыг хуульч биш ямар ч хүн уншсан газар нутгийг шилжүүлэн авч байгаа нь ойлгогдохоор байгаа болно. Тэгээд ч гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын газар эзэмших эрхгүй тул энэ заалт хууль бус болохыг харж болно. (УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт. Зургадугаар хуудас, http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139)

3. Тавантолгойн ордыг ашиглах гэрээнд ордыг ашиглах болон нүүрс борлуулалттай холбоотой зүйл, заалтууд Монгол Улсын эдийн засагт үр өгөөжгүй, харин ч нүүрс борлуулалтын зах зээлийг тэр чигт нь нэг зах зээл, нэг худалдан авагчаас хамааралтай болгох зорилго агуулж байгааг энэ гэрээ нь өөрөө баталж байна. Жишээлбэл: Хөрөнгө оруулалтын гэрээний 5.1 (b), хамтын ажиллагааны гэрээний 5.1 (d), (n) заалтууд:

•“Энержи ресурс” компани нь Тавантолгойн нүүрсийн ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах, түүнд өөрчлөлт, нэмэлт хийх, уурхайн нарийвчилсан төлөвлөгөө, бүтээн байгуулалтын хөтөлбөр, уул уурхайн ажиллагааны болон барилга угсралтын зардлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын болзол нөхцөлийг тогтоох, Тавантолгойн ордоос боловсруулсан бүтээгдэхүүн болон олборлосон нүүрсээ экспортлох, худалдах, тээвэрлэх, худалдах маркетинг хийх бүх ажиллагаанд бие даан зохион байгуулах эрхтэй.

•Мөн (Хөрөнгө оруулалтын гэрээ 2.4 (b) болон 2.5 (b) заалтаар Энержи ресурс нь Цанхийн талбайгаас аль ч жилд олборлох, боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, үнэлгээг тодорхойлох, борлуулах, бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг тогтоох, тээврийн давтамж, тээвэрлэлтийн хэлцэл болон арилжааны бусад нөхцөлийг тодорхойлох зэрэг бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой шийдвэрийг дангаараа бие даан тодорхойлох, бие даан ажиллах эрхтэй байна. (УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт. 10, 11 дүгээр хуудас, http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139)

Гэрээний энэ хоёр заалтаас харахад хөрөнгө оруулагч “Энержи ресурс” компани жилд нүүрсний олборлолт хийхгүй ч байх эрхтэй байна. Эсвэл жилд нэгхэн тонн нүүрс олборлосон байхад ч гэрээ зөрчигдөхгүй юм.

Мөн энэ компани нь Тавантолгойн ордыг ашиглах-борлуулах-бүтээгдэхүүн хийх-тээвэрлэх-зах зээлийг сонгох, маркетинг хийх гээд бүхий л боломжийг зөвхөн өөртөө л ашигтай байхаар гэрээнүүдэд тусгасан байгааг анзаарсан байх. Ийм ч учраас Тавантолгойн ордыг ашиглах гэрээг хүлээн авахгүй байх УИХ-ын байр суурь нь Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хийгдсэн гэдэгтэй М.Энхсайхан гэдэг сайд маргах аргагүй.

Гэрээний хууль бус заалтуудыг бүгдийг УИХ-ын ажлын хэсгийн 90 хуудас дүгнэлтэд нэг бүрчлэн тайлбарласан тул М. Энхсайхан тэрхүү дүгнэлтийг уншиж үзээд алдаагаа олж харахыг зөвлөж байна.

Хэрэв “Энержи ресурс” компани болон М. Энхсайхан сайд хууль зөрчсөн төдийгүй, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий энэ гэрээгээ Монгол Улсад шахаад байвал тэд бизнесийн зорилго агуулаагүй, гадаад улсын улс төрийн зорилго бүхий тулган шаардалтыг Монгол Улсын төр, ард түмэнд тулгаж байна гэж дүгнэхээс өөр аргагүй юм.

Хоёрт. Тавантолгойн ордыг ашиглах гэрээг зогсоосноор Монгол Улс өөрсдийн ашиг сонирхол, ашигт малтмалын баялгаа эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлын хүрээнд хамгаалж, ард түмний мэдэлд байх ёстой баялаг Монголдоо үлдэж байгааг маш сайн ойлгох нь чухал байна.

УИX-ын Ажлын хэсэг гэрээг хянаж үзээд Монгол Улс, ард түмний эрх ашгийг хамгаалах үүднээс зогсоох дүгнэлт гаргасан. Хөрөнгө оруулалтын гэрээнд дүгнэлт хийсэн УИХ-ын ажлын хэсэг эрсдэлийг бүх талаас нь маш зөв тодорхойлсон иж бүрэн дүгнэлт хийсэн.

Тавантолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулах нэртэй хууль зөрчсөн гэрээг зогсоосноор, ирээдүйд Монгол Улсын хуулийн дагуу, Монголын улс төр, эдийн засгийн аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хангасан гэрээг хийх шинэ боломжийг нээж өгч байгаа нь чухал ач холбогдолтой.

Иймд М.Энхсайхан сайдын боловсруулсан гэх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнүүдийг зогсоосон нь Монгол Улсын геополитикийн стратеги болон эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд нь Монгол Улсын төрийн хамгийн зөв шийдвэр болсон гэдгийг түүх батлах болно.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн дарга Л.ЭРДЭНЭЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав: Далай ламтай дөчин минут уулзаад гарахад хавийн улс гайхаад байсан

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №236 (5188) дугаарт

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавтай ярилцсанаа үргэлжлүүлэн хүргэж байна.

-“Торгон хилийн зүг” дууны тань хөгжмийг хэн бичлээ?

-УГЗ Т.Чимэддорж гуай хийсэн юм. Сүүлд бид хоёр “Гурван зуун хүүхэн” гэж дуурь хийж байлаа. Таалагдаагүй юм уу яасан юм бүү мэд, больчихсон юм.

-Гурван зуун хүүхэн…?

-Тийм ээ. Яагаав дээ, олон залуучууд атарт очоод майхан саванд гэр оронгүй байдаг. Энд эмэгтэй хүн их хэрэгтэй байна гээд зуун хүүхэн яаралтай явуул гэж бичсэнийг нь гурван зуун хүүхэн гэж гаргаад хотын Эвлэлийн хороо баахан хүүхэн явуулчихаад сандарч байгаа тухай хошин дуурь бичсэн юм л даа. Уг нь батлагдчихаад яагаад ч юм тоглогдоогүй юм. Дуурь бичихээр би арай том болчих гээд байсан уу яасан юутай ч тоглуулаагүй. Тэгээд дуурь бичдэг том хүн болоод ч яахав. Кино бичээд гайгүй шиг болсон. Тиймэрхүү л намтар паянтай явлаа.

-Таны төрсөн нутагт Цантын гол гэж их гоё, сонин тогтоцтой гол байдаг байх аа. Нутаг устайгаа холбоотой сонин сайхан домог хууч бишгүй л сонсч байсан байлгүй, та. Энэ тухай бас таны дуу бий бил үү?

-Солийн Цоодол бид хоёр халамцуухан, хотоос гарав аа. Хоёр охиноо хөтлөөд. Би Хишигсүрэнгээ хөтөлчихсөн, Цоодол бас нэг хүүхдээ хөтлөөд Төв аймгаа дайраад Баянд очсон. Тэгээд гэнэт нэг өдөр зохиосон дуу шүү дээ. Бас зүгээр ч байгаагүй. Ганц хоёр шил юм янзалсан. Танай энд ямар гол байдаг вэ гэж байна. Цант, Хоолт хоёроо би мэднэ. Нөгөө хуучин Баянгаас ямар гол байдаг вэ. Уртын гол гэж байдаг. Тэгээд хэдхэн минутад зохиочихлоо. “Цантын минь гол цалгиатайяа хө” гэж эхэлдэг дуу бий. Цантын гол бол өвөл хөлддөггүй, цантаад л байж байдаг. Зун уснаас нь уухаар хага ташаад байдаг. Жижигхээн горхи. Мянган адуу ундаалж байсан гол доо. Нөгөөх нь Хоолтын гол.

Хоолтын маань гол хоттойёо хө

Хойтынхоо ариун заяанд холбоотойёо хө

Хорвоо чиг уужрах тэнгэрийн дор

Хоёулаа чиг ижилдэнхэн жаргаж сууна аа хө гэж бичлээ. Харин Уртын голыг үзээгүй. Хөдөө нутгийн гол ус ямархан байдгийг санаж байгаад

Уртын маань гол униартай даа хө

Учралынхаа арвин заяанд уулзаатайяа хө.. гэхчилэн бичээд Солийн Цоодол бид хоёр ийм дуу хийсэн юм. Сүүлд Алтантуул жаахан түргэн аятай болгоод шанзаар тоглосон. Хөдөөний уран сайханчдыг цуглуулаад Цоодол маань загнаад байдаг. Би бас нутгийнхнаа өмөөрч Цоодолтойгоо хэрэлдэж байлаа. Тэгж зохиосон дуу юм. Манай нутгийн хуучны улс дуулаад л байдаг юм. Би ганц роман бичсэн. “Хэрлэнгийн барьяа” гэж. Нутгийн хууччуул маань улаан гуталт Жанчивдорж заан суугаад Жаран хэнгэргийн хур гэдэг нь тэр Өрөмт гэдэг энэ гэж зааж өгөөд Намхай аварга тэндээс гараад хурган Дэмчиг эндээс гараад ингэж барилдаж байсан гээд цөмийг нь ярьж өгч байсан юм. Би Буянтогтох гуайг нэг удаа харсан юм. Буянтогтох гуай юу гэж ярьсан бэ гэвэл, “Бидний дөрвөн мөчинд дөрвөн бодын тэнхээ байсан бол Намхайн дөрвөн мөчинд дөрвөн барын тэнхээ байсан юм шүү” гэж ярьж байсан. Эгнэшгүй хүчтэй байж. Тийм учраас арван зургаатайдаа даншигт ороод барилдаж байж. Тэгэхээр Намхай аваргын тухай хаа байсан Булганд сонссон юмаа нутагтаа шингээж аваачиж нутгийнхаа өвгөдтэй хуучилж байгаагаа, монгол ахуй байдлаа бичсэн. Манай нутгийнхан өвөл нь хүйтэн болохоор Хэрлэнбаян Улаанд гарч өвөлждөг. Хэрлэн намартаа хөлдөөд хонь мал халтираад арайхийж л гардаг. Хавар нь цэлэлзээд сайхан байдаг, мөн л малаа туугаад нутаг руугаа харьдаг. Монголын ард түмний түүх, соёл, түүхэн домогт явдлуудыг түүгээд нэг жижигхэн роман бичсэн минь тэр. Ер нь роман биш ч байж мэднэ. Юу байх нь хамаагүй. Сүүлд Цоодол уншчихаад, их ухаантай хүн санаа аваад Бүрэнгийнхээ явдлуудыг жижиг жижгээр өгүүллэг болгож бичээд саяхан дөрвөн ботидоо оруулсан байна лээ.

-Та Лхаст очъё гэж бодож байгаад очсон гэлээ. Тэндээс ирээд юу бичив?

-Нэг их шүлэг бичээгүй. Би ерэн онд Энэтхэг явсан. Монгол хүн ер нь Энэтхэгт очиж үзмээр байгаа юм. Өөх, мах алаглаж байдаг шиг зовлон жаргал хоёр нь алаглаж байдаг. Хувь заяатайгаа эвлэрчихсэн. Манай энд бол босоод тэмцээд сүйд болно байх. Тэнд тэмцэхгүй. Ядуу нь би ийм ядуу гуйлгачин байх заяатай хүн гээд тэр заяандаа гөлрөөд, би ийм баян байх ёстой хүн гээд гартаа байтугай хөлдөө алтан бугуйвч зүүчихсэн хүн хажуугаар гишгээд. Ингээд баян хоосон хоёр нь зэрэгцсэн, зовлон жаргал хоёр нь дэндчихсэн, хувь заяатайгаа эвлэрч сүжирсэн юм шиг. Манайхан шиг Европ маягаар сэтгэж бослого гаргах, ажил хаях тийм зүйл тэнд бага. Яахав, шашны хоорондын зөрчил байдаг л байх. Таж Махалыг үзлээ. Ай даа, сайхан. Ер нь сайхан юм үзээд баясдаггүй хүн, сайхан хүүхэн хараад баясдаггүй яруу найрагч гэж байхгүй. Тэгээд “Таж Махал”, “Энэтхэг бүсгүй” гэж шүлэг бичсэн. Энэтхэгийн тухай тав зургаан шүлэг бичсэн шүү би. Пүрэвдорж ч, Явуу ч очоод бичсэн байдаг. Би гурван зорилготой Энэтхэгт очсон юм. Нэгд, Гималайн уулыг харна, хоёрт, Далай ламтай уулзана, гуравт, Таж Махал тэргүүт сайхан юмнуудыг нь үзнэ гэсэн бодолтой явсан. Далай ламтай уулзъя гэсэн чинь хаа хол Дармасалад Чойнхорын ван хурж байгаа гэнэ. Танайх бурханы шашинтай, манайх бас шүтдэг. Тэгээд Далай ламыг орой дээрээ залдаг. Би хадаг юмаа аваад Далай ламтай уулзана гэж гарсан. Нэгэнт би тэгж бодож байгаа учраас ямар ч тотгор надад саад болохгүй гэж бодож байна гэсэн. Номыг нь мэддэг улс чинь юу ч хэлэлгүй замыг нь заагаад өгсөн. Вагонд суугаад хонуут яваад маргааш нь үд хэвийх үед Дармасалад очлоо. Дахин нэг хоноод үд дундын 12 цаг буюу морин цагт Далай ламтай нүүр тулж учирсан.

-Далай лам та хоёр юу ярилцав?

-Хавийн улс гайхаад байсан. Далай лам багш хүнтэй арваад минут л уулздаг юм, тантай дөчин минут уулзлаа гэж гайхацгааж байсан. Далай ламтай уулзсан чинь эхлээд бие баригдаад хэлэх үг олдохгүй оргиод байлаа. Би чинь багадаа Гомбожав хамбаар түвд ном заалгасан хүн шүү. Одоо нэг их алдаг оног уншдаг гэж худлаа хэлээд яахав, гэхдээ уншлагатай. Тэгээд Далай ламын тухай Гомбожав багшийн дөрвөн мөртийг түвдээр нь хэлэв ээ. Далай лам дор нь ойлгоод “Тийм ээ, Далай лам гэдэг нэрийг надад монгол хүн өгсөн монгол нэр шүү дээ. Би үүгээрээ л дэлхийд нэршлээ шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь сая бие тавираад сайхан боллоо. Хотоос гараад хориод хоносон юм чинь сонсоогүй юм “Шеварднадзе Гадаад яамны сайдаас огцрох болж гэнэ” гэж Далай ламаас сонсоод, манайд бас ардчилал гэдэг юм гараад бурхан шашнаа сэргээж байгаа гэж хэллээ. Энэчлэн харилцан дөчин минут ярилцсан. Тэр үед монгол хүн Энэтхэгт очоод Далай ламтай уулзаж байсан нь ховор байсан юм уу, эсвэл депутат байсан минь ч нөлөөлсөн юм уу мэдэхгүй, надад бурхан багшийн дэлгэмэл хөрөг, цагаан хадаг өгсөн. Цагаан хадгийг нь Гүрбазар “За та нартаа өргөе, ард түмээн” гээд амьтанд өгчихсөн. Өгсөн ч юу байхав, телевизээр л тэгж харуулж байхгүй юу. Бас маанийн үрэл эрдэнийн эм өгснийг нь би одоо ч хадгалдаг. Өвдөж зовбол хэрэглээрэй гэсэн юм. Бурханы хөрөг дээрээ түвдээр “Сүрэнжавын сүжиг ихтэй нь авралын сахиус мэт ээ. Бурханы шавь Данзанжамц” гэж бичээд надад өгсөн. Тэндээс ирээд би элдэв эм тан хэрэглэлгүй, архинаас болж хүнд загнуулалгүй хорин хэдэн жил болж байна.

-Анх уулзахдаа бие баригдаад байхаар нь түвдээр хэлсэн дөрвөн мөртөө монголчилбол юу гэсэн үг байв?

Эгшиглэнт Манзуширийн гол аялгуу нь гойд мэргэн

Эрдэнэт богдсын шашныг баригчдын гол мод болсон

Элдэв үйлийн сайн хөвдлийг өөрөөсөө төрүүлэн гаргасан

Эрдэмтэй Далай ламдаа сүслэн мөргөюү гэсэн үг юм. Миний багш Гомбожав хамбын Далай ламд зориулж зохиосон шүлэг л дээ.

-Та бөх болох мөрөөдөлтэй байсан ч болоогүй, сүүлд нь нэг цагдаа тонгороод хоёр зуугаар торгуулсан гэдэг хөгжилтэй явдлыг санахаар инээд хүрдэг. Ингэхэд таны багын мөрөөдлөөс биелсэн нь хэр олон бэ?

-Би нутагтаа байхдаа ерөөсөө гурван юм л мөрөөддөг байлаа. Миний бага залууд гурван юм л домогтой байлаа л даа. Нутгийнхаа хамгийн өндөр уул өндөр дэнж дээр гарна. Тээр хойно тэнгэрийн хаяанд Богд уул их зад үзсэн хангарьд шиг цэнхэртээд л харагдана. Энэ сайхан их Богд уулын ард нэг очих юмсан. Их аварга Түвдэндоржийн барааг нэг харах юмсан. Дандар баатар гэж биеийг нь бууны сум даадаггүй, дайнаас ирээд хувцсаа тайлахад сум шархийтэл асгардаг юм гэнэ лээ. Дандар баатартай танилцах юмсан. Цогзолмаа гэж аюулын сайхан хүүхэн дуулдаад байх юм. Төв театрт ороод тэрийг нь шилэн фордод суулгаад ирвэл багийн дарга Дорж гуай мөн сүйд болно доо гэж хүүхэд байхын мөрөөддөг байлаа. Тэгсэн чинь бурхан тэнгэр миний мөрөөдлийг биелүүлж өгсөн. Дандар гуай 1964 онд баатар цол хүртэв. Би тэгэхэд Радиод ажиллаж байсан юм. Телевиз гараагүй үе. 1964 он чинь Халх голын 25 ч билүү жилийн ой. Тэр шөнө сэтгэл хөдлөөд би шөнөдөө суугаад “Алаг морьтой хүн” гэдэг найраглал бичлээ. Цэвээндорж, Чулуунбат хоёр өглөө нь радиогоор уншсан. Гэтэл арван жилийн ял аваад шийтгүүлж байсан хүн чинь улсын радио хангинаад Дандарын тухай ярихаар их өөр сэтгэгдэл төрсөн байх. Тэгээд

Зүү шиг балчир хүүхэд Авдарбаяны

Зүлгэн дээр нь мөлхөж явахад

Зүр шиг шалмаг эр Халх голын

Элсэн дээр нь торойж байж дээ.

Давс чихэр хоёрын амтыг даанч ялгаагүй балчихан уруулаар ч

Дандар гээд уншиж байна

Дарь хүхэр хоёрын үнэрийг аваагүй уруулаар ч

Дандар гэж уншиж байна гээд ийм мөрүүдтэй бичсэн. Тэгэхэд Дандар гуай хошууч цолтой, авто батальоны орлогч дарга байхдаа яруу найрагч, сэтгүүлч Батсуурийн Халтараар газарчлуулж ирж танилцаад хорь гаруй насны зөрүүтэй бид хоёр найз болж байлаа. Их сургуульд оюутан болоод очсон чинь найруулагчийн анги нээгдсэн, өнөөх Цогзолмаа гэдэг хүүхэн чинь гуч шүргэж яваа юм уу үгүй юм уу гэмээр, Рэнцэнноров тэр хоёр найруулагчийн ангид оржээ. Нийтийн лекцэнд цуг ордог, тохой зэрэгцэн суудаг. Цогзолмаа Рэнцэнноровтой их дотно үерхэнэ. Биеийн тамирт гарна. “Ишш үхснээ хийж тэр сайхан театраасаа гарав аа, би. Одоо энэ тайзны ард Гомбосүрэн багш гүйж ирж багтарч унаад үхэх байх аа” гэж тэр хоёр ярьж байх, оюутан л болсон хойно цуг гүйж цуйван энэ тэр иднэ. Тэгээд бид найз болоод сүүлд нас ахисан хойноо “Эртний сайхан” гэж чуулга байгуулаад түүндээ намайг оруулсан. Одоо ч би хааяа уулздаг шүү, найзтайгаа. Багадаа мөрөөдөж явсан гурван хүсэл гурвуулаа биелсэн. Сүрхий бөх болоогүй ч гэсэн бөхийн тухай кино хийчихсэн.

-Горькийн сургуульд байсан үеэ санавал…?

-Горькийд би нас дөч шүргэж яваад Добролюбовын гудамжны есдүгээр байшингийн долоон давхарт нь долоон зуун гурван тоот өрөөнд нь амьдарсан. Урьд нь залуудаа Москваг нэг үзчихээд ийм сайхан газар авгайгаа авчраад хоёулаа хөтлөлцөөд явж байх юмсан гэж бодож байсан. Энэ бодлоо сүүлд дөч шахсан хойноо биелүүлсэн. Би их азтай. Наян нэгэн онд Горькийн сургуулийн дээд курс төгсөхөд Гүррагчаа сансарт нислээ. Монголын талаас нэвтрүүлэг хөтлөх үүргийг надад өглөө. Би юу ярих вэ Чойжил дарга аа гэсэн чинь “Чиний өмнө их гүнзгий гол байна. Гэхдээ чи живээд үхэхгүй ээ, дажгүй. Ор, ор” гээд намайг түлхэж оруулсан. Бичиг цаас юу ч үгүй орж байгаа юм. Миний өмнө Монголын далбаа соёмбо нь гялалзаж харагдана, нөгөө оросын өмнө Оросын далбаа тавьчихаж. Гэнэт омогшил төрөөд “Өнөөдөр морин дэл дээр өссөн монгол хүү сансрын мөнгөн хөлөг дөрөөлөөд сансарт нисч байхад Монгол орон бас тэнгэрт нисч байна” гэхчилэн аяндаа хэлэх үг урсаад ороод ирлээ. Яг тэр үед бас хармаандаа улаан мөнгөгүй гадаадад явж барилддаг өнөө хэдэн бөхчүүдийг өрөвдөж бодож билээ. Энэ далимд хэлэхэд, шинэ үсгийг сурснаараа би Европ болоод дэлхийг өөртөө нээсэн юм. Би 2001 онд Францын нийслэл Парист Улаан сайдтай очоод Монмартрын Булоны ойд ирээд байна уу, Елисейн тал энэ байна уу гэж асуухад та Парист ирж байсан юм уу гэж байсан. Би бол сэтгэлээрээ зуун удаа ирсэн, биеэрээ анх л ирж байна гэсэн. Шинэ үсгийн л ач байхгүй юу. Гэтэл одоо монгол бичиг хэрэглэнэ гэдэг чинь урд том гүрний алсын бодлого байж мэднэ шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Оюунболдын аав Д.Энхтөгсийнх төрийн наадмын түрүү авах үүдтэй айл

Улсын арслан Э.Оюунболдын төрсөн гэрээс сурвалжлага бэлдэхээр өнгөрсөн долоо хоногт түүний аав аймгийн начин Д.Энхтөгсийнхийг зорилоо. Тэднийх Өмнөлдэлгэртээ намаржиж буй. Чингис хот хүрэх засмал замаар 240, шороон замаар 50 гаруй километр довтолгож Өмнөдэлгэрт хүрнэ. Энэ намар, дунд сардаа хур тунадасын буулттай цас, бороо, солигдмол үүл, жаварлаг сэрүүн өдрүүдээр үргэлжилж байгаа. Хэнтий нутагт намрын энэ эгшин ялгалгүй иржээ. Шөнөдөө буусан хяруу бага үд хөдлөх хэртэйд арилж, урсгал ус захаараа, тогтоол ус энгээрээ зайрмагтан хонож байна. Сүүлийн өдрүүдэд Хэнтий нутагт Улаанбаатараас ч ахиу бороо орж, бүр ч сэрүүн байгаа бололтой. Хадланчид бууж, малчид энгэр ээвэр газар бараалан намаржаалж, шороон замын хонхор бүрт ус тогтож, тойром бүрт нуур мэлтийжээ. Жижиг тэрэг бүү хэл жийпийн тэнхээ шалгам балчигтай байна билээ, тэнд. Замд таарсан морьтон, мотоцикльтонгуудаас Энхтөгсийнх хэмээн асуухад “Арслангийн аавынх уу”, “Өө манай Төгсөөгийнх”, “Начингийнх” гэх мэтээр өөриймсөг зам заана. Замд таарсан хүмүүсийн яриагаар улсын арслан Оюунболдын аавынх хот хөдөөтэй айл гэдэг шиг сумын төв дээр нэг гэр нь байдаг бол Хэнтий багтаа мал аж ахуй нь байдаг ажээ. Засмалаар довтолгосноос ч удаан хугацаанд балчиг шавар туучсаар Өмнөдэлгэр сумын чанх урд толгодыг тойрон ороход сум суурингаас түрүүнд Хэнтийн нурууны салбар уулс нүднээ тусна. Өмнөдэлгэрийн төвийн иргэд урт урт гудам болон бууж улаан хүрэн гудамж олныг үүсгэсэн нь тун ч цэвэрхэн харагдах. Төв хэсэгтээ ёотон цагаан байшингууд эгнэсэн нь сургууль цэцэрлэг, сумын захиргаа, хүн эмнэлэг гээд бусдын л жишигтэй. Өмнөдэлгэр суман дахь гэрийг нь хэлд орсон хүүхэд ч хуруу гозойлгон төвөггүйхэн заана. Өмнөдэлгэрийн өмнөд хорооллын дугаар тоот Д.Энхтөгсийн үүдэнд хүрч зогсоход бага ангийн охин дагуулсан хижээл насны эмэгтэй зэрэгцэн ирсэн нь улсын арслан Э.Оюунболдын ээж Алимаасүрэн, дүү Оюунсувд хоёр нь байлаа. Өмнөдэлгэрийн бага сургуулийн нэгдүгээр ангийн пүрэв гаригийн хичээл тарж буй нь энэ.

Хашааны үүднээс урилгагүй гийчид гэрийн эзэгтэй Алимаасүрэнгийн урилгыг авч улсын арслан Д.Оюунболдын төрсөн гэрт хөл тавилаа. Элдэв хогшилгүй цээлхэн хашааг томоос том канад технологийн сууц чимнэ. Энэхүү сууцыг хүү нь улсын харцага цол хүртсэн намраа аав, ээждээ бариулж өгснийг сүүлд хуучилж суухдаа мэдэж авсан юм. Гэрт нь гэр бүлийн гэхээсээ илүүтэй Оюунболд арслангийн амжилт үзүүлсэн түүхэн зургууд их. Аймгийн начин Д.Энхтөгс мал аж ахуйгаа эргэхээр яваад эзгүй байж таарав. Алимаасүрэн гуай идээ будаа болох зуураа ханьтайгаа холбоо тогтооход Хэнтий багаас дугуйгаараа сумын төв рүү хөдөлж байна гэжээ. Дугуй гэдэг нь унадаг дугуй биш. Мотоциклийг энэ нутгийнхан ийн нэрлэдэг юм байна. 30 километрийн цаанаас хөдөлсөн мотоцикльтон ч төд удалгүй давхиад ирлээ.

Д.Энхтөгс, А.Алимаасүрэн, Э.Оюунболд, Э.Оюунсувд нарын гишүүдтэй энэ гэр бүлийн намтар түүх, угсаа гарал, аж амьдрал, амжилт бүтээлийн тухай яриа эндээс хөврөв. Улсын арслан Э.Оюунболдын аавын талыг Дашдоржийнхон гэнэ. Дашдоржийнхон үеэс үед, үүх түүхэндээ ч Өмнөдэлгэрийн иргэд. Есөн хүүтэй айлын дундах нь аймгийн начин Д.Энхтөгс аж. Аав нь буюу Дашдорж гуай залуу насандаа барилдаж ноцолддог нэгэн байсан бөгөөд сум нэгдлийн адуучин байжээ. Ер нь хөлөө гэмтээгээгүй бол улс, аймгийн цолонд ойрхон хүн байсан гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Учир нь залуу халуундаа хөлөө хугалж хагалгаа хийлгэн хадаас тавиулжээ. Эргээд хадаасаа авахуулах гэтэл тийм хэмжээний мэс ажилбар хийчих эмч олдоогүйгээс зөнд нь орхин бөхийн хорхойгоо дарж сум нэгдлийн адуу маллаж эхэлсэн гэж байгаа. Хэдий тийм ч сум нэгдэлдээ бүү хэл аймагтаа зартай уран уургач болон мандаж явсан үе бас бий гэх.

Авга талаас нь сүүлийн үеийн бөх бас нэг байгааг дурдвал Хэнтий аймгийн арслан ачаа хэмээх Лхажав. Ачих мэхийг даанч уртай, хурдтай хийдэг учраас нутгийнхан нь Лхажав гэхээсээ илүүтэй “Ачаа” хэмээн нэрлэх болсон түүхтэй юм байна. Тэрээр цэрэгт байхдаа 1960-аад оны орчимд улсын наадамд дөрөв даван улсын начин цолны босгонд тулж ирсэн байгаа юм. Залуу хүн болсон хойно ам гарч “Улсын цол ийм ойрхон, ийм амархан байдаг юм уу” хэмээн он жавуудтайгаа ярьж инээлдэж байсан нь алдаа болсон гэж сүүлд харамсан ярьсан гэдэг. Учир нь улсын заан том хэмээх Ц.Санжаа “Энэ муу Хэнтийн хурайсан хар юм чинь яасан олон үгтэй юм. Нэг өрж үзвэл яадаг бол” гээд амлаж аван барилдаж давсан түүхтэй ажээ. Эднийхэн бүр дээд үедээ ч бөхийн удамтай байсан бөгөөд Дашдорж гуайн ээж нутаг орондоо тэнхээтэйгээрээ танигдсан нэлээд бүлэрхүү хүн байж. Тэгээд ч Д.Энхтөгс гуайг ээжийн буюу нагац талаасаа бөхийн орцтой гээд тодорхойлчихож болохоор юм билээ. Учир нь Д.Энхтөгс начингийн ээж нь Бадмаанямбуу гуайнхантай буюу Б.Бат-Эрдэнэ аваргатай холуур төрөлсдөг ажээ.

Дашдоржийнхон бөхтэй шигээ адуутай, хурдтай. Гэхдээ хэзээ ч барилдахаар очихдоо хусуур бүсэлж очдоггүй сүсэгтэй. Яагаад гэвэл авга талын Балдан Барайвин хийдийн хамба лам “Морь, бөх хоёр зэрэг амжилтад хүрдэггүй юм. Хүрлээ гэхэд хар цагаан хэл ам их дагуулна. Барилдах жилээ хусуураа далд хийж бай” хэмээн Д.Энхтөгс начинд захиж байжээ. Харин төрсөн ах Д.Энх-Амар нь морь сонирхож нэлээд хурдтай болсон хүн аж. Аймагтаа хэд хэдэн удаа айраг түрүү авч Их хурдад ч амжилт үзүүлж явжээ. Бас өвөөгийнхөө шийрийг хатаах уран уургач хүү энэ удмаас төрөөд байгаа сурагтай. Өнгөрсөн жилийн улсын баяраар Монгол адуучин тэмцээнд том ахынх нь хүү Бат-Эрдэнэ оролцжээ. Тэрээр бас л улсын аварга адуучин болж Өмнөдэлгэртээ ирсэн байна. Эмнэг булгиулах, уурга, ташуур шүүрэх, шургуу хийх гэх зэрэг бүхий л үзүүлбэрт даанч жавхаатай оролцсон гэнэ. Энэ удам угсааныхан улсын түрүү хүртэх амжилт ийнхүү өртөөлсөөр.

Харин гэрийн эзэгтэй А.Алимаасүрэн аав талаараа Дадалын буриад бол ээж талаараа Цэнхэрмандал сумын харьяалалтай ажээ. Түүний аавыг Александр гэх бөгөөд бас л удам угсаагаараа биерхүү, нутаг орондоо сайхан адуутай айл байсан гэнэ. Александр гэх хүний удам угсааныхны гал шарын угшилтай адуун сүрэг одоо ч нутаг усны хүн ардын нүдийг хужирладаг гэдгийг хүмүүс хамгийн түрүүнд өгүүлцгээх. Дашдорж, Александр гэх худ ураг хоёр айлын шигшмэл адуун сүрэг Өмнөдэлгэрт цус сэлбэж улам ч хурдтай болсныг нутгийн иргэд ийнхүү хуучилж байна. Ийм л угшилтай адуун сүрэгт улсын наадмын түрүү “Гоё халиун” төрсөн ч зарагджээ. Хэдийгээр унаган зэлнээсээ зарагдаж алдарт уяач Т.Энхтайваны наадмын малгайг мялаасан ч “Гоё халиун” гэх хурдан буяны гаргасан амжилт энэ хот айлтай ийн холбогддог байна. Гал шарын угшил сүргээсээ өөрсдөө төдийлөн уяж уралдуулдаггүй учраас нэртэй уяачид ирж адуун сүргээс худалдан авах нь олонтаа бөгөөд улс, аймагт уралдаж хурдалсан тохиолдол Гоё халиунаас гадна олон байдаг бололтой.

Ийм л үүх түүх, удам судартай Д.Энхтөгс, А.Алимаасүрэн нар 1990 оны тэртээд Өмнөдэлгэр сумандаа танилцаж дотноссон байгаа юм. Д.Энхтөгс адуучин, А.Алимаасүрэн нь малын эмч. Нэг нь адуугаа хариулж нөгөө нь малын тарилга, туулга гэж явахдаа танилцсан түүхээ одоо жаргалтай хуучилна. Шинэхэн гэр бүл 1993 оны гуравдугаар сарын 12-нд ууган үрээ өлгийдсөн нь өнөөдрийн улсын арслан Э.Оюунболд байжээ.

Хуучилсаар харуй бүрий буухад гадаа бороо орж улмаар мөндөр болон ширүүсч цас болон лавслаа. Энэ үед гудамжнаа “Хатан дөрвөн туурайгаараа дэлхийг тамгалсан монгол морь минь ээ” хэмээн эвлэгхэн хоолойгоор дуулах сонстож цааш урсгасаар гэрт хэн нэгэн дөхөн ирж буй нь мэдэгдлээ. Үүд сэвхийтэл татан орж ирсэн нь гэрийн эзний ангижав байв. Нэр нь Жав. Үл мэдэг бүлэмцүү Жав ангижав руугаа дөхөн очиж “Өмнөдэлгэрийн бас нэг аварга, аварга. Улсын түрүү бөх болсноос нь хойш хоёр сарын дараа ирж байгаа найзыгаа уучлаарай. Хундан цагаан хонь хүүд чинь амлаяа” хэмээн завсар зайгүй ярин тэвэрснийхээ дараа л мэнд мэдэлцлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Олны танил хүмүүс хэлж ярихаа тооцоолох хэрэгтэй

Саяхан УИХ-ын гишүүн
О.Баасанхүү ярилцлага өгөхдөө “Би үхэхээс айдаггүй. Үхэл миний хувьд шагнал”
гэж хэлжээ. Олон түмний дунд нэр нөлөөтэй, хүүхэд залууст үлгэр дуурайл үзүүлэх
ёстой хүн ингэж хэлсэн нь маш буруу. Үхлийн тухай хэлсэн үг түүний шүтдэг шашны
сургаал бололтой юм билээ. Ямар шашин шүтэх нь О.Баасанхүү гишүүний өөрийнх нь
сонголт. Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу хувь хүн ямар ч шашин шүтэж
болно. Гэхдээ үхлийг сурталчилж байгаа нь буруу. Тогтсон үзэл бодолгүй өсвөр
насныхан түүний үгийг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй юм. Гэхдээ залуу үеийнхэн
гишүүний үгийг хүлээж аваад амиа хорлоод эхэлбэл яах вэ. Нэг жаахан сэтгэл
санаагаар унасан үедээ шагналаа авч байгаа нь тэр гээд үхэхийг үгүйсгэхгүй. Найз
охиндоо хаягдсан үедээ гишүүний хэлснийг санаад амиа хорлож болно. Ер нь
судалгаагаар амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь өсвөр насныхан байдаг гэх юм
билээ. Тэгэхээр олонд нөлөөлдөг хүмүүс хэлж ярихаа боддог байх хэрэгтэй.
Ялангуяа миний хэлсэн үгийг залуучууд хэрхэн хүлээж авах вэ гэдгийг тооцоолж
сурмаар байна. О.Баасанхүү гишүүний хэлсэн үгийг сонссон залуус амиа хорлоод
эхлэх юм биш байгаа гэх эмзэглэл төрж байлаа.

Х.АЛТАН