Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын зурхайгаа уншаарай

Хонь

Энэ сард Сугар гараг Хонины орд руу эргэж байгаа бөгөөд энэ нь хайр дурлалын илэрхийлэл төдийгүй хосуудын харилцааг зөв тийш нь чиглүүлэхэд дэм болдог. Тиймдээ ч Хониныхон ирэх сард сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх болно. Өнгөрөгч сар хэцүү, ээдрээтэй байсан байж болох ч одоо бүх зүйлс сайхан болно. Гэхдээ хөнгөн хуумгай шийдвэр гаргахаас болгоомжлоорой.
Буд гараг хонины ордны хайр дурлалын одон дээр байрлаж байгаа учраас ганц биe хүмүүсийн хувьд хэн нэгэнтэй шинэхэн харилцаа үүсгэж магадгүй. Ажил хэргийн хувьд гэнэтийн санаандгүй зүйлс их тохиолдоно. Энэ нь сайн бас муу ч байж болох тул аливаа зүйлд бэлтгэлтэй байж “Б” төлөвлөгөөгөөтэй байгаарай. Ажил хэрэг дээр хамтын ажиллагаа, бичиг баримт, гэрээ хэлэлцээр, тоо данстай холбоотой зүйлсэд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Гэхдээ Хонины ордод ноёрхогч Бархасбадь гарагийн нөлөөгөөр маш олон сайхан боломжууд таарч, санхүүгийн хүндрэлээс гарах болно. Харин нар хиртэлт нь Хонины ордныхны эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй учраас биeдээ гарсан бага ч гэсэн өөрчлөлтийг тоолгүй өнгөрөөлгүй эмчид үзүүлэх хэрэгтэй шүү. Энэ сарын 2 дугаар хагаст илүү их анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Сарын сүүлийн долоо хоногт осол аваар эсвэл хүнд өвчин тусч болзошгүй шүү.

Үхэр

Одоо л нэг юм Санчир гариг Үхрийнхнийг орхиж сайхан цаг үед саад болохоо болих нь. 9 сарын 18-нд тус гариг Үхрийн ордноос шилжин явснаар сүүлийн 3 жилийн хугацаанд нэг л болж өгөхгүй, удаашраад байсан хайр дурлалын амьдрал чинь сэргэн мандаж эхэлнэ. Одооноос эхлээд хязгаарлагдмал, ганц бие амьдралдаа баяртай гэж хэлэхдээ бэлдээрэй. Гэхдээ ирэх сард болох ирээдүйн болзоо чинь ахиад л бүтэлгүйтэж мэднэ. Битгий санаа зов. Энэ бол түр зуурынх. Санчир гариг Үхрийн ордыг орхиж явсны дараа Бархасбадь гариг ивээлдээ авснаар хайрын романс, шинэхэн учралуудаар бялхах нэг жилийн хугацааг ганц биечүүдийн өмнө нээж байна. Ингээд Үхрийнхний хайр дурлалын амьдралд зөв голдиролдоо орж байна гэж хэлж болно. Хайр дурлалын Сугар гараг ирэх сарын 25-ныг хүртэл Үхрийнхнийг халамжлах ба үүнээс цааш Бархасбадид даатгах учир романтик адал явдлыг алгаа дэлгээд хүлээж аваарай.
Буд гариг буцаж байгаатай холбоотойгоор Үхрийнхний ажил хэргийн талбар өмнөх шигээ уйтгартай, хэт тайван байхгүй нь бололтой. Шийдвэрлэх асуудлууд ар араасаа цуварч, цоо шинэ зохион байгуулалтыг шаардсан нөхцөл байдалтай тулгарна. Үүний үр дүнд хэтийн төлөвлөгөөгөө өөрчилж ч мэдэх юм. Ирэх сарын хугацаанд Үхрийнхний бухимдлыг төрүүлэх гол зүйл нь мэдээлэл солилцох болон бичиг баримттай холбоотой байх болно. Албан газрын чинь тоног төхөөрөмж, компьютер эсвэл гар утас чинь ажиллахгүй байх мэтээр асуудал гарвал гайхах хэрэггүй. Гэхдээ дасаж сурсан хэв маяг, дэглэмээ өөрчлөх цаг нь аль хэдийнэ болж, санаачлагатай, холч ухаантай байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. 9-р сард Үхрийнхний ажил хэргийн хувьд тийм ч сайн байхгүй ч хувийн орлого муугүй байх болно. Гэхдээ мөнгөнд болгоомжтой хандаж, зөв зүйлд зарцуулах хэрэгтэйг мартаж болохгүй.
Эрүүл мэндийн хувьд чи өөрийн дархлаанд бат итгэлтэй байж, санаа зовох зүйлгүй гэж бодож байж болох ч энэ сард болгоомжтой байхгүй бол горьгүй нь. Чамд заналхийлж байгаа гол зүйл бол чиний амьдралын буруу хэв маяг юм. Залхуу хойрго, хэнэггүй зангаасаа болж томоохон асуудалтай тулгарч болзошгүй. Ажлын машин байхаа больж, өөрийгөө амраа. Тэгээд илүү ихээр инээмсэглээрэй. Амьдралын хэв маяг, хооллолт болон эрүүл мэндийнхээ талаар нухацтай бодох цаг нь иржээ, хонгор минь!

Ихэр

Ихрийн ордны хосуудын харилцаа шинэ сард ахин нэг шатаар ахих болно. Учир нь Санчир гариг шууд нөлөөлж эхлэн 2017 оныг дуустал чамаас хараагаа салгахгүй. Энэ үед гэр бүлийн харилцаа болон гэр орондоо цаг гаргаж харилцаагаа илүү боловсронгуй болсноор харах хэрэгтэй шүү. Ганц биечүүдэд хайр дурлалыг зүгээр нэг зугаа биш ач холбогдолтой зүйл гэдгийг ойлгож илүү хариуцлагатай байхыг од эрхэс сануулж байна. Хэдий хангалттай сайн анхаарч, санаачлагатай байсан ч харилцаа чинь өмнөх шигээ хатуу ширүүн хэвээр байвал сэтгэлээр уналгүй нэг ёсны шалгуур гэж бодоорой. Тун удахгүй чи өөрөө ямар байх ёстойгоо ойлгох болно. Энэ сард Ихрүүд нэлээд хэдэн сонирхолтой, романтик болзоонд явах ч болгоомжтой байх хэрэгтэй! Төвөгтэй нөхцөл байдал үүсч болзошгүй шүү. Ажлын талбар дээр Ихрийн ордныхныг шаргуу ажиллах гурван жил хүлээж байна. Саад бэрхшээл болоод таагүй зүйлс тохиолдож ч магадгүй. Тиймээс одооноос өөрийгөө бага багаар амрааж эхэл. Хэдийгээр чиний хийх ажлын хэмжээ их, саад бэрхшээлтэй, хоёрдмол байдал үүсч магадгүй ч гэлээ ажиллахын хэрээр орлого өсч, санхүүгийн асуудлаа шийдэх бүрэн боломжтой болно. Харин чамд өөрт чинь эмх цэгцгүй, тачиг мөчигхөн байгаа мэт санагдаж магадгүй юм шүү. Сар эхлэхэд л чи мэдлэг, авьяас, ур чадвараа ил гаргаж, эелдэг харьцаа, санаачлага, сэргэлэн зан чанараа ашиглан өөрийгөө илэрхийлэх гэж хүсэх нь асар их сэтгэл ханамжийг чамд өгөх болно.
Харин эрүүл мэнд чинь тун сайн байх нь. Спорт бүжиг, дугуй унах, аялах, алхах, гээд эрчим хүч их зарцуулах зүйлс чамд сонирхолтой байна. Уран зураг, уран баримал гэх мэт бүтээлч урлагийн төрөл бүхий хобби нь чамд тайвшрал өгнө. Өөрийнхөө мөрөөдлийн дүр төрхөө бүтээхийн тулд шаргуу ажиллаж, авьяас чадвар, эрч хүчээ харамгүй зарцуулаарай.

Мэлхий

Мэлхийнхнийг захирагч Санчир гараг энэ сард ухрах хөдөлгөөн хийх тул тус ордны ганц бие хүмүүс хайр дурлалын хувьд энэ сар ногоон гэрлээр гарч байгаа адил бүтэмжтэй байх болно.Энэ оны 9 сард Ангараг гараг гайхалтай байрлалд байгаа тул танд аз жаргал, шинэ боломжуудыг бэлгэдэж байна. Мөн энэ сард таны зарим санхүүгийн асуудал шийдэгдэх болно. Ажил дээрээ хариуцлагатай, сахилга баттай байх хэрэгтэй. Ажил мэргэжлийн хувьд ямар нэгэн шинэ санаа, өөрчлөлт, шинэ ажил хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бол шуудхан л би үүнийг өөрчиллөө, шинэ ажлаа эхлүүллээ гэлгүйгээр бага багаар төлөвлөгөөтэй, хянамгай эхлүүлбэл илүү үр дүнтэй байна.
Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ямар нэг архаг өвчтэй бол сэдэрч магадгүй тул болгоомжтой байгаарай. Хамгийн сайн мэдээ нь гэвэл өөртөө итгэлтэй байвал ажил үйлс чинь бүтэмжтэй байх болно гэдгийг санаарай. Энэ сард ямар ч ажилтай байсан ч гэр бүлийнхэнтэй уулзаж байх хэрэгтэй шүү.

Арслан

6 долоо хоногийн турш ухрах хөдөлгөөн хийсэн Сугар гариг буцаад Арслангийн ордыг чиглэж эхэллээ. Тиймээс 9-р сарын хоёр дахь долоо хоногоос эхлээд чиний хайр дурлалын харилцаа буцаад хэвийн төлөвт шилжинэ. Онцгүй асуудлууд шийдэгдэж, бүрхэг зүйлс тодорч эхэлнэ. Гэхдээ ийм эгзэгтэй нөхцөл байдалд яарч хөдөлж болохгүй. Учир нь адгуу Ангараг гариг Арслангийн ордтой 9-р сарын 25 хүртэл нөхөрлөх нь ээ. Нөгөө талаас, энэ нь чиний сексийн хүсэл эрмэлзэл өндөрсөж, таатай мэдрэмж авах хэдий ч эрсдэлтэй алхмууд хийх магадлалтай гэсэн үг. Сарын эцэст хэт чухал шийдвэр гаргахаас зайлсхий.
Сугар гариг танай карьерын хэсгийг ч бас удирддаг учраас урагшлах хөдөлгөөн нь чиний хүссэн албан тушаал, орон зай руугаа чөлөөтэй хөдлөх замыг чөлөөлж, мухардлаас аврах болно. Намар эхэлснээр чиний амжилт ч бас динамик хөдөлгөөнд орсноор олон зүйлийг амжуулах болно. Чи урьдын адилаар алдар нэр, ур чадвараа үнэлүүлэхийн төлөө зүтгэх ч гэлээ яг одоогийн байдлаар чамайг хамгийн их хөдөлгөгч хүчин зүйл нь мөнгө байна. Хэзээ бүх бооцоогоо тавьж, хэзээ тоглоомыг алгасах вэ гэдгээ мэдэрч чадвал ашиг орлого чинь ч сайн байх болно. Эрсдэлтэй алхам бүү хийгээрэй, дэмий юм дэмий л байдаг. Өвчин эмгэгийн Санчир гариг 26-наас амралтын байдал руу шилжих тул бие чинь дээрдэхийг мэдэрнэ. Мөн энэ үед чиний гэр бүл, гэр орон, хөрөнгөтэй холбоотой асуудлууд ч алга болох учраас биеийг чинь чилээх зүйл алга. Энэ 9-р сард өөрт байгаа эрч хүчээ ашиглаад оюун санаагаа тултал нь дайчлаарай.

Охин

Өмнөх сард Бархасбадь гараг Охины ордны хайр дурлал хосуудын харилцааг ивээж эхэлсэн бөгөөд 9 сард ч тэндээ байх болно. Тиймээс хайр дурлалын асуудал анхаарлын төвд хэвээр байх нь гэдгийг дуулгая. Бархасбадь гарагын байдал нь шинээр хайр дурлалын харилцаа үүсгэх, хэрвээ хэн нэгэнтэй ийм харилцаа байгаа бол албан ёсны болгох хүслийг тань нэмэгдүүлнэ. Гэхдээ та зарим нэг хүнийг бодит байдлаас нь хэт сайнаар үнэлээд байж магадгүй шүү. Энэ сард дотно харьцаатай хүнийхээ үнэн мөн чанарыг таньж мэдэх болно. Санхүүгийн хувьд зардлаа хянаж, өр төлбөрөө төлж дуусгах цаг нь иржээ. Мөнгөтэй холбоотой чухал шийдвэр гаргахаа түр азнаарай. 10 сарын 9- нөөс хойш буюу Буд гараг Охины ордод эргэж ирсэний дараа гаргасан шийдвэрүүд хамгийн сайн нь байх болно. 9 сарын 28нд тохиох сарны хиртэлт нь Охины ордныхны санхүүгийн байдалд өмнө нь таамаглаж байгаагүй хувьсгалыг авчирч болох учир 9 сарын турш хэмнэлттэй байх хэрэгтэй. Гэхдээ ажил хэрэг дээр үүссэн тааламжтай нөхцлөөс ашиг хүртэх болно. Эрүүл мэндийн хувьд маш сайн байх болно. Нар болон Сугар гараг Охины ордод байрлаж байгаа тул маш их эрч хүч, аз жаргалыг өгч, энэ сарын турш сэргэлэн цовоо байх болно. Биe сулрах, өвдөх, осол аваар гэх мэт бүхий л муу зүйлс тохиолдох магадлал энэ сард буурсан байгаа.

Жинлүүр

9-р сарын 25-ныг хүртэл Жинлүүрийнхэн Сугар-Ангараг гарагиудын хамтын нөлөөнд байснаар аз од чинь гийх нь. Энэ хоёр гарагийн чамд үзүүлэх нөлөөг олон талаас нь тайлбарлаж болно л доо. Жишээлбэл Ангараг бол хосуудын харилцааг ивээгч, Сугар нь хайр дурлалын гариг юм. Мөн Сугар Жинлүүрийн ордны ноёлогч гариг бол Ангараг нь хүсэл тачаал, дур булаам байдлыг бэлэглэгч юм. Тиймээс Жинлүүрийнхний хайр дурлалын амьдрал энэ сард ирээдүйн аз жаргалын төлөвлөгөө болон хөгжилтэй романтик зүйлсээр дүүрэн байх нь ээ. Мөн удалгүй Жинлүүрийн ордод айлчилж ирэх Тэнгэрийн ван гарагийн ивээл сайхан өөрчлөлт болоод амтат гэнэтийн бэлгүүдийг Жинлүүрчүүдэд амлаж байна.
Жинлүүрийн ордны ноёлогч Сугар гараг 9 сарын 6-аас тус ордод шууд нөлөөгөө үзүүлж эхлэснээр ухаан санаа чинь идэвхгүй болчихоод байсан биедээ эргэж ирэх болно. Бас өмнө хэлсэн Сугар-Ангараг хоёрын давхар нөлөөгөөр шинэ санаачлага, идэвхтэй байдалд чи донтох учиртай ажээ. Тус гаригууд чиний ирээдүйн төлөвлөгөө болоод үйл хөдлөл бүрт чинь нөлөөлнө. Зохион байгуулалттай үйл ажиллагаа, бүлэг хүмүүсийн дунд орж, ижил сонирхолтой хүмүүстэйгээ нэгдэж эхлэнэ. Шинэ гэрээ хэлцэл, хамтын ажиллагаа, дэмжлэгүүд чамайг хүлээж байна. 2015 оны 9-р сарыг ерөнхийдөө Жинлүүрийнхний сар гэж хэлж болно. Мөн Санчир гариг Жинлүүрийн ордыг орхисноор саад тотгор, санхүүгийн таагүй байдлууд арилна гэдгийг итгэлтэйгээр дуулгая.
Эрүүл мэндийн хувьд Сугар гаригийн шууд нөлөө чамайг “амьдруулж”, завийг чинь хөдөлгөх салхийг чам руу илгээх болно. Учир нь түүний дэргэд эрч хүчтэй Ангараг гариг байгаа шүү дээ. Анхаарлаа төвлөрүүлж чадаагүй, мэдээллээ бүрэн солилцоогүй мөн бүдүүлэг зан гаргаснаас болж асуудал үүсч мэднэ. Аялал зугаалгаар явсан ч ер нь хаа ч бай анхааралгүй байж болохгүй шүү.

Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ есдүгээр сард шунал тачаал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Хайр дурлал болон ажил хэргээ тэнцвэртэй хадгалах хэрэгтэй болно. Эсвэл илүү ур чадвар, хүч, авьяас шаардах зүйлд төвлөрөх нь. Хостой Хилэнцийн ордныхон хамтрагчаасаа илүү зүйл хүлээж байж магадгүй. Заримдаа бүүр хэтэрхий ихийг шаардах нь бий. Хэрвээ чи хосын харилцаандаа сэтгэл хангалуун, аз жаргалыг мэдэрч, эв нэгдлийг хүсч байгаа бол хэтэрхий их хүлээлт, зорилготой зүйл хүсэхээ багасгах хэрэгтэй. Тэгвэл чамд ч хайртад чинь ч илүү дээр байх болно. Сугар гараг, Нар, Бархасбадь гарагиуд бүгд нэгдэн чиний ажил мэргэжлийн талбарт таатай байдал үүсгэж аз тохионо.
Тэгэхээр энэ есдүгээр сард Хилэнцийн ордныхон ялалтын бүрээгээ үлээж, алга ташилт олж авахын тулд нэр хүндээ өсгөж, өөрийгөө илүү боловсронгуй болгон бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Хэдийгээр алдар нэр, албан тушаал хангалттай боловч бэлэн мөнгөний дутуу дулимаг байдал хэвээр үргэлжлэх нь. Тиймээс энэ сард санхүүгийн нөөцөө бүрдүүлж аль болох зардлаа тооцоолж мөнгөө хэмнэ. Та өөрийнхөө чадах хэмжээнд хүртэл хэмнэх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд эрч хүчээр дутагдаж гачигдахгүй ч гэлээ дотоод сэтгэл үймээн самуунтай, нойргүйдэл, стресс, сэтгэлийн хямралтай байх ба амьсгалын систем, мөр, гар, эгэм, хавирга зэрэгтээ бэртэл авч болзошгүй. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч сонор сэрэмжтэй бай!Хов жив гүтгэлгээс хол байж үндсэн зорилго чиглэлтэй бай! Энэ сард мөнгө зээлэх болон төлөхөд тохиромжгүй.

Нум

Нумын ордны хайр дурлалыг хариуцагч Буд гариг одоо ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас чи уярамтгай байх бөгөөд хайрттайгаа аль болох эвийг сахихыг хүснэ. Гэхдээ зарим зүйлс хүссэнээр болохгүй, тааламжгүй гэнэтийн бэлгүүд гарч ирж мэднэ. Тэр нь найз нөхөд болон мөнгөтэй холбоотой байх магадлал өндөр. Энэ үед хайрттайгаа хамт аялалд явах эсвэл өөр орчинд очих нь зөв алхам болно. Хайрт чинь холын аялалд явж магадгүй. Харин ганц биечүүдийн хувьд хуучин харилцаагаа сэргээх эсвэл холын зайны харилцаа үүсгэж магадгүй.
Нар, Бархасбадь гариг хоёрын туслалцаатайгаар 9-р сар Нумынхны хувьд амжилт бүтээлээр дүүрэн сар болж өнгөрнө. Гэхдээ хэт том зүйл рүү зорьсноор биелэх цаг хугацаа нь удаашрах магадлалтай. Учир нь 9-р сарын 17-ны үед Ангараг гариг ухрах хөдөлгөөн хийснээр хойшлуулалт, бодлоо өөрчлөх, төсөөлөөгүй саад бэрхшээлүүдийг авчирна. Хамтран ажиллагч, хамгаалагч, дэмжигчид чинь чамайг хойш нь татах юм уу зөрчилдөөн үүсч нэр хүнд чинь бага зэрэг хохирч болзошгүй. Гэхдээ удааширлаа гээд муу зүйлгүй гэдгийг санаарай, удаан байсан ч урагшлах нь л хамгийн чухал. Суралцах, аялах, гадаад түншүүдтэй холбоо тогтоож магадгүй. Санхүүгийн хувьд бүх юм хэвийн байдалдаа эргэн орно. Буд гаригийн нөлөөгөөр эрүүл мэндийн холбогдолтой асуудлууд урган гарч, эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж магадгүй. Эрч хүч, зогсолтгүй хөдөлгөөний хажуугаар тэвчээргүй бөгөөд төвөгшөөнгүй зангууд илрээд байх вий.

Матар

9-р сард хайр дурлал, хүсэл тачаалын Сугар гариг Матрын ордныхныг ивээснээр тийм ч нам гүм байхгүй бололтой. Хайр дурлалыг сайхан муухай аль аль талаар нь мэдэрнэ гэсэн үг. Хосуудын хооронд мөнгөний асуудал зөрчил, бухимдлыг өдөөх хандлагатай байна. Хайртын чинь санхүү эсвэл хөрөнгө оруулсан төсөл нь амжилттай байх ч та хоёрын маргааны эх үндэс болно. Сарны байрлал Матрын орд руу шууд чиглэснээр үл хөдлөх хөрөнгө, байр орны асуудалд илүү ихээр анхаарна. Нууцыг ил болгож, учрыг нь олох хамгийн тохиромжтой үе. Мөн хайртынхаа санаа бодлыг өмнөхөөсөө илүү гүнзгий ойлгох болно.
Харин ажил мэргэжлийн талбар дээрээ тун идэвхтэй байх болно. Нэг талаас асуудлууд тодорхой болж ирэх ч нөгөө талаас улам ээдрээтэй нөхцөл байдлыг дагуулж байна. Сугар гараг давших хөдөлгөөн хийж байхад түүний эсрэг Буд гараг ухарч эхэлнэ. Энэ нь өөрчлөлтүүд эргээд байсан байрандаа ирэх, шийдвэрээ өөрчлөх болон саатал, хүндрэлийг илэрхийлж байна. Харин суралцах, шинжлэх ухаан, урлагийн арга хэмжээ болон боловсрол бизнестэй холбоотойгоор хилийн дээс алхах боломж тохионо. Энэ сард мөнгө гол зүйл байх болно. Сугар гаригийн тусламжтайгаар асуудлууд шийдэгдэж, Ангараг гариг санаачлагатай, хариуцлагатай байж цааш урагшлахад чинь тусална. Эрүүл мэндийн хувьд энэ сар Матрынхных. Тийм болохоор жаахан өөрчлөлтөд хэтэрхий сүр бадруулах хэрэггүй. Гэхдээ ажил амралтаа зөв зохицуулахаа мартав аа! Ажлын ширээнийхээ ард нэг суугаад л бусад юмаа умартдаг гэдгээ мэдэж байгаа биз? Тайвшраад нэг л зүйлд тэвчээртэй, тайвнаар цагаа зарцуулаарай!

Хумх

Сугар гараг хосуудын харилцаан ивээж эхлэх учраас аливаа болзошгүй хүндрэл, саад бэрхшээлүүд бага багаар арилах болно. Тиймээс хийхийг хүсч байгаа зүйлээ тодорхой болгох хэрэгтэй.
Сугар гараг 9 сарын 25 хүртэл Ангараг гарагтай давхцаснаар чамайг илүү дур булаам, тачаангүй харагдуулаах болно. Тиймээс энэ сард чи маш романтик, эрч хүчтэй, дүрэлзсэн нэгэн байж дүрэм журмыг үл ойшоох болно. Романтик байдал чинь чамайг хөнгөн хуумгай болгож болзошгүй болохоор болгоомжтой байгаарай. Хэрвээ ямар нэгэн зүйл дээр төөрөлдсөн байгаа бол чамаас маш их хүчин чармайлт, хичээл зүтгэл шаардагдах нь байна. Үүнээс шинэ боломж гарч ирэх бөгөөд илүү үр дүнтэй байх болно. Санхүүгийн хувьд боломжийн байж харилцагч түншүүдийн тал дээр бүтэмжтэй байх болно. Гэхдээ энэ нь чамд олон боломжийг харуулж байж болох ч эрсдэлтэй гэдгийг санаарай. Тиймээс санхүүтэй холбоотой зүйл дээр болгоомжтой байгаарай. Энэ сард гэрээ хэлцэл хийвэл сайн. Мөн ачаалал ихтэй байж ядарч байгаа мэт санагдаж байгаа бол санаа битгий зовоорой. Ирэх сард тайван амрах боломж бүрдэх болно. Жижиг сажиг зүйлд санаа зовоох хэрэггүй. Бусадтай эвтэй байж харилцаагаа хэвээр нь хадгалж авч явах нь чухал шүү. Энэ нь чамайг эрч хүчээ тэнцвэртэй байхад чинь тусална.

Загас

Бархасбадь гариг чиний 9-р сарын амьдралд амт нэмэхээр бэлдэж байна. Зөвхөн 9 сар ч биш, Загасны ордныхонд амьдрал бүтэн жилийн турш “тааламжтай санал” тавих нь ээ. Хамгийн өгөөмөр гариг болох Бархасбадь нь чамд аз жаргал, сэтгэл дүүрэн байдлыг авчирна. Гэхдээ байрлалаасаа болоод зарим үед ухрах хөдөлгөөн ч хийж магадгүй. Хамтрагч чинь чамаас зайгаа барих, хүсэн хүлээж байснаас чинь өөр байх эсвэл чи өөрөө мэдэх ёсгүй байсан зүйлээ мэдэж магадгүй. Үгүй бол санхүү, ажлын стресс зэрэг нийтлэг асуудлууд та хоёрын дүүрэн жаргал дундах хэсэгхэн зовлон болно. Чиний 9-р сарын карьерын төлвийг хурдан шаламгай хөдөлгөөн, чиний оруулах оролцоо, хувь нэмэр тодорхойлж байна. Давчуу нөхцөлд ажиллаж, энэ саржингаа завгүй өдрүүд өнгөрөх боловч хичээл зүтгэл чинь чамд мөнгөн орлогыг авчрах юм уу сайхан туршлага болж үлдэнэ. Хамтын ажиллагаа чухал байгаа өнөө үед шинэ санал, гэрээний сураг дуулдаж магадгүй. Хянуур няхуур хандаарай. Ирээдүйтэй зүйлд ч болгоомжгүй байдал саад учруулж мэднэ. Гэнэтийн санхүүгийн хэрэгцээ тулгарч магадгүй тул нөөцтэй байсан ч зүгээр.
Энэ сард чи гоо сайхан эрүүл мэнддээ анхаарал хандуулж, биеэ арчилж тордох болно. Чиний хувьд чухал хэн нэгний төлөө ч үүнийг хийж магадгүй. Хариуцлага өндөрссөнтэй холбоотойгоор дарамтанд орж, ачааллаа хэтрүүлж магадгүй. Чухал зүйлдээ л анхаарч, бүхнийг төгс болгох гэсэн хүслээ хойш тавиарай. Бусдын ажилд оролцох хэрэггүй.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж эхэллээ

-Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж эхэллээ-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долоодугаар сарын 8-нд УИХ баталсан. Шинэ хууль есдүгээр сарын 1-нээс буюу маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Хуулийг дагаж мөрдөх дүрэм, журам бэлэн эсэхийг Замын цагдаагийн газраас тодруулахад “Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газар батална. Мөн холбогдох байгууллагууд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөх 25 журмын төслийг боловсруулаад Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Хууль зүйн сайд журмыг баталснаар цагдаагийн байгууллага хариуцан мөрдүүлэх юм” гэв. Холбогдох дүрэм, журам нь батлагдсан даруйд сүлжээнд мэдээлэл суулган иргэдэд мэдээлэх аж.

Маргаашнаас эхлэн хэрэгжиж эхлэх тус хуульд замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн явган зорчигч болон жолооч нарт хүлээлгэх торгуулийн хэмжээг өндөрсгөж, тэдэнд ноогдуулах хариуцлагыг чангатгасан.

Жолоо нарыг зөрчлийн оноогоор дүгнэнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд шинэ заалтууд нэмэгдэж орсны нэг нь “Жолоочийн зөрчлийн оноо” юм. Энэ оноо нь 10 оноо байх бөгөөд таныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих бүрт тодорхой заасан хэмжээгээр онооноос тань хасагдсаар хэрвээ дуусчихвал та жолоо барих эрхгүй болж бүх зүйлийг дахин эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргаад жолоо барьж чаддаггүй таныг дахин жолооны сургалтад хамруулж дахин шалгалт авч үнэмлэхийг шинээр олгоно гэсэн үг юм.

Энэхүү хариуцлагын систем нь дэлхийн олон оронд байдаг аж. Зөрчлийн оноог бий болгосноор торгуулахаас гадна давхар хариуцлагын систем үүсч зөрчлийн тоог багасгах зорилготой гэнэ. Өөрөөр хэлбэл, жолооч бүр биет бус 10 оноотой болно гэсэн үг. Ингээд зам тээврийн ямарваа нэгэн зөрчил гаргах үед 10 онооноос нь гаргасан зөрчлөөс хамаарч 1-5 оноо хасагдаад явна.

Тухайлбал, Зам тээврийн осол гаргавал шууд 5 оноо хасагдана, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 2 оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 1 оноо, мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 2 оноо, тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 3 оноо, замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 1 оноо хасах гэх мэтээр оноо хасах ба тухайн зөрчил гаргах бүрт хуулийн дагуу ногдох торгуулийг давхар тавьж явна. Жолоочийн зөрчлийн оноо дуусвал жолооны эрхгүй болно. Өөрөөр хэлбэл дахин жолооны шалгалт өгөх аж.

Ядарсан үедээ жолоо барьвал 48 мянган төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ. Үүнийг тогтооход компанийн жолооч нарыг анх хэдэн цагт ажилд гарсан байна. Хэдэн цаг тасралтгүй жолоо барьсан байна вэ гэдгээр нь хянах юм. Учир нь, замын хуудсан дээр нь ажилд гарсан цаг минутыг зааж өгсөн байдаг. Ялангуяа хот хоорондын хүн болон ачаа тээвэрт. Бас урд болон хойд хөршөөс орж ирж байгаа транзит тээвэр хийж байгаа жолооч нарыг шалгаж болно. Гэхдээ энэ нь бүх тээврийн хэрэгсэлд хамаатай.

Согтуугаар жолоо баривал эрхийг нь 2 жилээр хасч, нэг сая төгрөгөөр торгоно

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол сонгох заалтгүйгээр 2 жилээр эрхээ хасуулж нэг сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээнэ. Ингэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 96 мянган төгрөгөөр торгоно.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384-768 мянган төгрөгөөр торгож, долоо хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ. Хэрэв энэ зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах юм.

Түргэний машинд зам тавьж өгөөгүй бол 19200 төгрөгийн торгуультай

Цагдаа, түргэн, галын машин зэрэг тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан машины жолоочид давуу эрх олгоогүй бол 19200 төгрөгөөр торгуулах аж. Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллага, төрийн тусгай хамгаалалт, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгслээс бусад нь тусгай дуут дохио хэрэглэхийг хоригложээ. Хэрвээ эдгээрээс өөр машинд дуут дохио, гэрлэн дохио суурилуулсан бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулж болохгүй

Маргаашнаас эхлэн гарцгүй газраар зам гарвал 19200 төгрөгөөр торгуулна. Явган зорчигч согтуугаар дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгуулах юм байна.

Үүнээс гадна зам тээврийн осол, хэргийн талаар холбогдох байгууллагад мэдээлээгүй бол иргэнд 19200, хуулийн этгээдэд 192 мянган төгрөгийн торгууль ногдуулна. Оршин байгаа газартаа хамаарах мөс, замын бохирдол цэвэрлээгүй, замын ойролцоо ажил, үйлчилгээ эрхлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй бол иргэн 48 мянга, хуулийн этгээд 384 мянган төгрөгөөр торгуулна.

Хүүхдүүд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад осолд орох нь их байдаг.Тэгвэл эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтнууд10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээжээ. Хэрвээ 10 хүртэлх насны хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад эрсдэлд орсон бол эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын албан тушаалтанг 192 мянган төгрөгөөр торгох юм.

Эвдэрсэн зам, таггүй траншейны нүхнээс болж машинаа эвдсэн бол хохирлоо төлүүлэх боломжтой

Траншейны нүх эсвэл эвдэрсэн зам дээр машиныхаа эд ангийг эвдэх тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл шинэ хуулиар зам тавьсан, траншейн хариуцсан нөхдүүд жолоочийг хохиролгүй болгож өөрсдөө хариуцлага хүлээхээр зохицуулжээ. Тодруулбал, “Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (192 мянга), хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр(960 мянга) торгох шийтгэл оногдуулна” гэж заажээ. Зам дагуух гэрэлтүүлгийн эвдрэл зам тээврийн осол гаргах нөхцөл бүрдүүлсэн бол мөн хариуцсан этгээдээр хохирлыг төлүүлж, албан тушаалтныг 384 мянга, аж ахуйн нэгжийг 960 мянган төгрөгөөр торгох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын эдийн засаг

Намрын эдийн
засаг ерөнхийдөө гандуу, гундуу байна.
Зэсийн үнэ тонн тутамдаа төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унасан, овоо
хэдэн доллар олоод ирдэг байсан нүүрсний экспорт нь зогссон шахуу, тариаланчид
нь өнөө л буудайны чанар, ургацын тухай маргаанаа яамтайгаа өрнүүлсэн янзаараа.
Зэсийн үнэ өмнөх оны мөн үеэс 20 орчим, боловсруулсан нүүрсний үнэ 38, төмрийн
хүдрийн үнэ 46, газрын тосны үнэ 40 орчим хувиар буурчихсан. Эрдсийн экспорт өмнөх оны өдийгөөс 204.7 сая
ам.доллараар буурсан гэж статистикийнхан мэдээлж байна. Үнэ нь буурсан ч
экспорт хийсээр байгаа. Нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг гээд бодохоор
эрдсийн үнийн уналт төсөвт дарамт болохоос аргагүй.

Дажгүй хямдарсан
хүнсний ногоо, ноолуур, боловсруулсан
махны буураагүй экспорт, гадагшаа
урсгадаг долларын хэмжээг хумьсан хэдэн үйлдвэр л гэгээтэй мэдээ болоод байна.
Сүүлийн үед дуулдсан эерэг мэдээ гэвэл дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь,
адууны 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг бусад улсад экспортлохоор
ажиллаж байгаа юм билээ. Боловсруулах салбарт ч өөдрөг тоонууд дуулдаж эхэлсэн. Тус бүрдээ нэг сая
тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван цементийн үйлдвэр барих төсөл
амжилттай хэрэгжсэн. Хөтөлийн цементийн үйлдвэр өнгөрсөн хавар, Монцемент
үйлдвэр саяхан ашиглалтад ороод байна.
Хөх цавын цементийн үйлдвэр төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа.
Өнгөрдөг зун үүдээ нээсэн МАК-ийн хийт бетоны үйлдвэр гэхэд л улсын нийт
хэрэглээний гурван хувийг дангаараа хангачихаар чадалтай. Түүхийгээр нь
гаргадаг учраас үнэ багатай зардаг уул уурхайн үйлдвэрлэлд ч нааштай мэдээнүүд
бий. Жилд 600 мянган тонн нүүрс баяжуулах чадалтай “Шарын гол”-ын нүүрс угааж,
баяжуулах үйлдвэр зургадугаар сард ашиглалтад орсон.

Нэг жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт”  баяжуулах үйлдвэрийнхээ чадлыг зургаан сая тонноор нэмээд байна. Үйлдвэрээ өргөтгөснөөр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн тооцоо хийсэн байна лээ. 

Гундуу эдийн
засгийг өөд нь татах ямар гарцууд байгааг тоймлон хүргэе.

Эдийн засагт
зээлээр ч хамаагүй доллар оруулж ирье

Эдийн засгаа
өнөөд­рийнхөөс дордуулахгүй байх хоёр гарц бий. Эхнийх нь төлбөрийн тэнцэл,
хоёр дахь нь төсөв. Хоёулаа алдагдал багатай гарч байж л эдийн засагт эерэг
нөлөө үзүүлнэ. Төлбөрийн тэнцлээ алдагдалгүй гаргахын тулд энэ намар эдийн
засагт орж ирэх валютыг зээл тавиад ч хамаагүй нэмэгдүүлэх хэрэгтэй гэж
шинжээчид сануулж байна. Хар үгээр хэлбэл гаднаас юм худалдан авч байгаа мөнгө,
гадагшаа юмаа зараад олж байгаа мөнгөний зөрүүг төлбөрийн тэнцэл гээд байгаа
юм. Энэ оны эхний хагас жилд төлбөрийн тэнцэл 83 сая ам.долларын ашигтай
гарсан. Нүүрс, зэс гээд валют олдог эрдсийн үнэ навс уначихсан гэхэд дажгүй
үзүүлэлт. Гаднаас авдаг бараагаа мэдрэгдэхээр танаж чадсан учраас ийм өөдрөг
тоо гарсан хэрэг. Гадаад худалдааны ашиг оны эхний долоон сарын байдлаар гэхэд
л 604 сая ам.доллар болчихоод байгаа. Түрүү оны долдугаар сараас 800 гаруй сая
ам.доллараар өссөн гэсэн үг. Ийм эерэг тоонууд байгаа учраас төлбөрийн тэнцлээ
алдагдалгүй гаргах боломж бидэнд бий. Шийдэл нь эдийн засагт шинээр валют
оруулж ирэх.

“Рио” Оюу толгойн
далд уурхайн санхүүжилтийн эхний хэсэг болох 300 сая ам.долларыг оны эцэс гэхэд
оруулаад ирнэ гэдгээ мэдэгдчихсэн. Энэ мөнгө ондоо багтаад орж ирэх эсэх нь
улстөрчдийн шийдвэрээ хэр түргэн гаргахаас хамаарна. Оюу толгой гэдэг мега
төслийн далд уурхайн бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх жилээс эхлэн
дөрвөн тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ мөнгө гурваас
дөрвөн жилийн хугацаанд эдийн засагт орж ирэх юм. Засгийн газрын хувьд
дотоодынхоо банк санхүүгийнхэнтэй хамтарч нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө
босгох шаардлага байгаа гэсэн тооцоог эдийн засагчид аль хэдийнэ гаргачихсан. Засаг Азийн хөгжлийн банкнаас 150 сая
ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бэлтгэлийг хангаад байгаа юм билээ. Эхний
бодитой алхам. Хувийн хэвшлийнхэнд олон
улсын зах зээлд бонд арилжаалах, зээл авах магадлал бий. Он дуусахаас өмнө
компаниудаар дамжиж овоо хэдэн ам.доллар ороод ирэх боломж байгаа.

За тэгээд Таван толгойн гэрээг шийдэж чадвал дор хаяж таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагт орж ирэх тооцоо дуулддаг. 

Улсын төсөв
долдугаар сарын байдлаар гэхэд л 635 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчихаад
байгаа. Тэгэхээр энэ намар төсвөө тодотгож, байхгүй орлогоо хүлээн зөвшөөрөхөөс
аргагүй. Худлаа зарцуулалтаа үнэн болгохгүй бол эдийн засаг хэцүүднэ. УИХ-ын
намрын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал төсвийн тодотгол байх болов уу.
Ирэх жил сонгууль болно. Өмнөх шигээ гишүүд нь тойргууддаа ахиу мөнгө
хуваарилуулах гэж зүтгэсэн сонгуулийн төсөв баталбал байдал өнөөдрийнхөөс ч
дордоно. Сонгуулийн жил бүр худал амлалт өгч, биелэхгүй орлого төлөвлөж,
бүтэшгүй зарцуулалт төсөвлөж, улсаа хорлодог уламжлалаасаа энэ жил татгалзахаас
аргагүй нөхцөл үүсчихсэн. Ирэх оны төсвөө алдагдалгүй батлах ёстой гэх гээд
байна л даа. Алдагдалтай төсөв батлах нь хоёр том гэмтэй. Нэг бол улсын өр
нэмэгддэг. Үгүй бол хувийн хэвшил шахагдаж, ажилгүйдэл өсдөг. Долоон хувьтай
байгаа инфляцийг галзууруулахгүй байх эсэх нь төсвөөс хамаатай.

Мега
төслүүдээ амилуулбал хөрөнгө оруулалт сэргэнэ

Гадаадын шууд
хөрөнгө оруулалт өмнө нь ДНБ-ий талтай тэнцдэг байсан бол одоо нэг хувьд
нь хүрэхтэй үгүйтэй байна. Гадаадын шууд
хөрөнгө оруулалтгүй бол эдийн засаг яваандаа зогсонги байдал руу орох эрсдэл
бий. Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг өсгөх нэг л гарц бий. Тэр нь Оюу
толгой, Таван толгой зэрэг мега төслүүдээ амь оруулах. Цаашлуулаад тоочвол
хөрөнгө оруулалт татах боломжтой, шийдлээ хүлээж байгаа төслүүд өчнөөн бий.
Жишээ нь Тавдугаар цахилгаан станц, Гацууртын орд, төмөр замын төсөл байна.
Хүнд, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтцийн том төслүүдийг ч дурдаж болно.

Хариуцлагатай
улс төр л эдийн засгийг анагаана

Товчхондоо
улстөрчид том болцгоомоор байна. Өнгөрсөн 25 жилийг эргээд харахаар улстөрчдийн
бодлогогүй, ухаалаг бус шийдвэрээс болж
эдийн засаг доройтсон байдаг. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө
оруулалтыг зохицуулах хууль, Урт нэртэй хууль гээд яривал эдийн засгийг
хорлосон популист хуулиуд хэдэн арваараа бий. Шинэ сайдуудыг томилох, эдийн
засгийг хөдөлгөх төслүүд дээр эцсийн шийдвэр гаргах гээд энэ намрын чуулганаар
шийдэх асуудал олон байгаа.

Эцэст нь давтан хэлэхэд энэ намрын эдийн засгийн хамгийн гол анхаарах асуудал  нь шинэ валют, зөв төсөв, хариуцлагатай улстөр л байна даа.  
Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд оюутнууд тангараг өргөнө

Өнөөдөр есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Энэ өдөр төр засгийн тэргүүнүүд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог уламжлалтай. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 33 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо. Мөн тэрээр өнөөдөр 11:40 цагаас Чингисийн талбайд болох Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцоно. Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТ-ээр хүүхдүүдэд хичээл заадаг. Ерөнхийлөгч энэ жилийн хичээлээ “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр орох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 24 хэм дулаан

2015 оны 09 дүгээрр сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.

23-25 градус дулаан байна

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 9 дүгээр сарын 02-ноос 9 дүгээр сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. 2-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс 1000 төгрөгөөр зорчино

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийж байгаа билээ. Энэ шинэчлэлийн хүрээнд маргаашнаас буюу есдүгээр сарын 1-нээс “U-money” карттай иргэн 500 төгрөгөөр, харин бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа аж. Шинэчлэлт нэрээр автобусны маршрутыг богиносгож, бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөх шийдвэр гаргасан нь алслагдсан гэр хорооллын иргэдэд эдийн засгийн хямрал дээр давхар дарамт учруулж буйг иргэд багагүй шүүмжилж байгаа. Шинэчлэлийн хүрээнд сэлгэн суулт нь үнэгүй хэмээн өнгөрсөн зунжин рекламдсан Нийтийн тээврийн газрынхан өнөөдөр “хонх дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг шиг асуудал ярих болсон билээ. Тиймээс сэлгэн суулгалтыг үнэ гэсэн мөртлөө үнэтэй явуулж, дээрээс нь зорчих тасалбараа 1000 төгрөг болгож байгаад нийслэлчүүд шүүмжлэлтэй хандаж буй. Шинэчлэлийн хүрээнд гэр хорооллын иргэд гэрээсээ ажил, сургуульдаа явахдаа доод тал нь хоёр дамжих болсон. Дээр нь автобусны зорчих тасалбар 1000 төгрөг болчихвол ирж, очихын зардалдаа нэг хүн хамгийн багадаа 4000 төгрөг зарцуулахаар болж байгаа билээ. Өмнө нь ирж очихдоо 1000 төгрөг зарцуулдаг байсан хүмүүс ийнхүү 3000 төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэлд төлөхөөр болж байна. Тухайлбал, нийтийн тээврийн шинэчлэлээс болж эхнэр нөхөр хоёр 8000, дээр нь оюутан сурагчтай бол тухайн айл өдөртөө дор хаяж 15 мянган төгрөг зарцуулахаар болж байгаа билээ.

Тиймээс МОХ-ныхон өнөөдрөөс 1000 төгрөгөөр зорчино гэсэн Нийтийн тээврийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч орон даяар теле хичээл заана

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорхой сэдвээр щрөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөлд теле хичээл заадаг билээ.

Тэрээр хичээлийн шинэ жилийн нээлтээр “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр теле хичээл заахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” сэдвээр теле хичээл зааж байсан юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Байр болгоны гадна байгаа бааруудыг цэцэрлэг болгоё

Сүүлийн 10 жилд Монголд 650 гаруй мянган хүүхэд шинээр мэндэлжээ. Ер нь төрөлт 2006 оноос эрчимтэй өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд 80 гаруй мянган үрс шинээр өлгийдөн авсан байна. Энэ эрчээрээ Монгол Улс дорхноо 10 саяулаа болох юм байна. Гэтэл төрийн бодлого нь төрөлтөө гүйцэхээ больжээ.

Өнөөдөр л гэхэд цэцэрлэггүй үлдсэн хүүхдийн тоо гучин мянга хол давна. Сургуулиуд хүүхдүүдээ багтаахгүй нэг ширээн дээр гурваараа сууж байгаа. Эрүүл мэнд, суурь боловсрол үнэгүй олгох үндсэн үүргээ манай төр мартчихсан тууж байгаа. Тэдэнд санаа өгөх гэж “Цэцэрлэг байгуулахад цэцэн ухаан хэрэггүй” хэмээн манай сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр бичсэн билээ. Хямралд өртөөд цэцэрлэг барих мөнгө төгрөг нь хүрдэггүй юм бол байр болгоны гадна байдаг бааруудыг цэцэрлэг болгоё. Баарны эзэдтэй төр гэрээ хийж байрыг нь түрээсэлж цэцэрлэг байгуулахад намрын намарт босдог цэцэрлэггүйн зовлон алга болно хэмээн бичсэн юм. Төр жаахан л сэтгэл гаргаад ажиллачихвал тун амархан бүтэх санаа л даа.

Бид өмнө нь “Түшмэдийн ордонг түмний эмнэлэг болгоё” гэж бичсэнээр нэгэн агентлагийн байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийд гарч байлаа. Мөн хүн бүр кредит оноотой болж, ямар нэг хэрэг зөрчил гарвал онооноос нь хасагдаж, сайн зүйл хийвэл нэмэгдэж байя. Оноо нь бага хүнд төрийн үйлчилгээ бага хүрч, иргэний үүргээ биелүүлэн олон оноотой болсон хүнийг урамшуулан шагнаж байя хэмээн бичиж байв. Үүний нэг биелэл нь өнөөдрөөс мөрдөгдөх Замын хөдөлгөөний дүрэмд тусгасан жолооч бүрт байх 10 оноо юм.

Энэ мэтээр “Өдрийн сонин”-ы хөндсөн асуудал, дэвшүүлсэн санаа бүр ямар нэгэн байдлаар биеллээ олж, нийгэмд сайн сайхныг түгээсээр байдаг юм

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жилийн нээлт болж байна

Сургуулийн
өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 218100 хүүхэд суралцана. Улсын хэмжээнд нийт
1225 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс 54-р өссөн
үзүүлэлт юм. Ингэснээр нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 81.5 хувь нь
сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд 33-р сургуулийн нээлтэд оролцож байна

Монгол Улсын
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн нээлтэд оролцох
бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Сүхбаатар дүүргийн 31-р
сургуулийн хичээлийн шинэ жилийн баярт мэндчилгээ дэвшүүлэн оролцож байна.