Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ууганбаяр: “Тайга” бол цэвэр сэтгэлзүйн драмын бүтээл

“35 films”продакшн “Тайга” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Тус киноны ерөнхий найруулагч, зохиолч Д.Ууганбаяртай ярилцлаа.

-Бараг л өдөр болгон нэг шинэ кино нээлтээ хийдэг болж. Эдгээрээс танай продакшны шинэ уран бүтээл юугаараа ялгаатай юм бэ?

-“Тайга” уран сайхны кино нь сүүлийн үед ихэд дэлгэрэх болсон инээдэм, хайр дурлалын сэдэвтэй кинонуудаас ангид ялгаатай бүтээл юм. Цэвэр сэтгэхүйн драм буюу психологи жанрын уран бүтээл гэж хэлж болно. Үүгээрээ бусад уран бүтээлээс арай өөр зүйлийг үзэгчдэд өгөх байх. Түүнчлэн манай уран бүтээл олон улсын стандартад нийцсэн төдийгүй дуу дүрсний өндөр чанартай бүтээл гэж хэлмээр байна.

-Яагаад заавал энэ төрлийг барьж авч кино бүтээв?

-Мэдээж энэ төрлийг дуртай хүн болгон бариад байдаггүй. Ялангуяа кино урлаг нь арилжааны хэлбэрээр хөгжсөн манай улсад тийм ч зохистой биш л дээ. Гэхдээ манайхан нэг ташаа ойлголттой яваад байдаг. Монголчууд сэтгэхүйн драмм гээд ярихаар ойлгомжгүй, энгийн үзэгчдэд зориулагдаагүй, утга учиргүй зүйл мэт хүлээж авдаг. Тэгж ч ойлгодог. Яг нарийн судлаад үзвэл кино урлагт энэ төрөл нь дэд жанр гэгддэг. Сэтгэхүйн драм жанраар ихэвчлэн аймшгийн эсвэл драмын төрлийн уран бүтээл хийгдсэн байдаг юм билээ. Тиймээс манай продакшныхан инээдмийн төрлөөс ч юм уу арай ангид уран бүтээл хийхийг хүссэн хэрэг.

-Киногоороо дамжуулж үзэгчдэд чухам юу хүргэхийг зорьсон бэ?

-“Тайга” кинонд байгаль эх дэлхийдээ хайр гамтай хандаач ээ, хэн нэгэн хүссэн хүн газар шороо, уул усаа ухаж төнхөөд байж болохгүй гэдэг санааг гаргахыг хичээсэн. Хэрвээ энэ сайхан онгон зэрлэг байгаль, уул, ус, ой модоо сүйтгээд байвал хэзээ нэгэн цагт үйлийн үр гээчийг амсдаг юм шүү гэдгийг харуулсан. Гол нь энэ амьд яваа насандаа үйлийн үрээ үүрдэг гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн киногоороо дамжуулж ард түмэнд хүргэх гэсэн бас нэг мессеж бол бөө нарын тухай.

-Бөөгийн шашинг дэмжсэн юм уу?

-Үгүй. Нийгэмд анхааруулга хүргэсэн гэх үү дээ. Сүүлийн үед өөрийгөө бөө, сахиус, онгод тэнгэртэй гээд түүндээ хэт итгэчихсэн хүн манай өнөөгийн нийгэмд хэтэрхий олон болчихож. Манай кинонд мөн л сүрхий онгод сахиустай, тэнгэртэй холбогддог гээд бодчихсон, тэр итгэл үнэмшлээрээ өөрийгөө тайгын эзэн мэт авирлаж буй дүр гардаг. Үр дагавар нь эцэстээ бусдын хувь заяа, амь насанд хүрээд дуусч байгаа тухай өгүүлдэг. Тиймээс олон мянган хүн энэ талаар бас нэгийг бодох болов уу.

-Нууц биш бол киноны үйл явдлын тухайд тодруулахгүй юу?

-“Тайга” кинонд хүмүүсийн хүсэн хүлээсэн гоё эмэгтэй хүн ч юм уу, нийтлэг зүйл гарахгүй. Маш үнэд хүрэх эртний булшийг хаана байгааг нь мэдчихээд ухаж төнхөхөөр явж байгаа, түүнчлэн хөвч тайга, уул ус савдаг сахиустай, бидний дээр тэнгэр гэж хүчин зүйл байгаа тухай киноны үйл явдалд гардаг. Ингэснээр дүрүүдийн хооронд сэтгэлзүйн зөрчилдөөн үүсч байгаа юм. Зөрчилдөөн үүсэхээр хүн яаж өөрчлөгддөг, би чухам хэн бэ, юунаас болж зан авир зөрчилдөөн үүсгэж байна, зөрчилдөөн үүсэхээрээ хүн яг ямар авир төрх гаргадаг гээд маш олон зүйлийг та бүхэн киноноос харж болно.

-Сэдвийн тухайд асуумаар байна. Саяхан бас тайга, хөвчийн ахуй амьдралыг харуулсан “Содура” кино үзэгчдэд хүрч байсан шүү дээ?

-Бид 2013 онд киноныхоо сэдвийг сонгоод зохиолоо бараг биччихсэн байсан. Тухайн үед “Содура” киноны зураг авалт эхэлж байна гэж сонссон. Хөвч тайга зөвхөн Хөвсгөлд байдаггүй шүү дээ. Манай орны зүүн хойд хэсэгт Хэнтий аймгийн Батширээт зэрэг суманд үнэхээр сайхан байгалийн үзэсгэлэнт газар байж л байна. Бид кино зураг авалтыг ч гэсэн Хөвсгөлд хийгээгүй. Өөр газар хийсэн. Мэдээж өгүүлэх өгүүлэмжийн хувьд ч тэр “Содура” киноноос эрс ялгаатай. Эртний эдлэл, булш бунхан ухаж гадагш дамладаг нинжа нар өнөөдөр ч энэ нийгэмд үй түмээрээ байна. Тэгсэн хэрнээ хүмүүс “энэ нөгөө булш ухдаг эсвэл эртний эдлэл хил давуулдаг нөхөр байна” гээд хараад хэлж чаддаггүй шүү дээ. Хүмүүсийн нүдэнд харагдахгүй хэрнээ нийгэмд хурцадчихсан асуудлыг л бид гол сэдвээ болгон барьж авсан.

-Киноны дүрийн тухайд танилцуулаач. Цөөхөн дүртэй гэсэн?

-Дүр сонголтыг МУСТА Л.Таванбаяр найруулагч хийсэн. Жүжигчин А.Цэгмид /СТА/, Н.Төмөрбат /СТА/, Н.Ялалт /СТА/, Л.Баярсайхан /СТА/, Б.Дамдинсүрэн, Р.Баттогтох нар тоглосон. Мөн ерөнхий зураглаач, продюссероор О.Энхбаяр, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат, дууны найруулагчаар С.Нэргүй /СТА/, кастинг найруулагчаар Л.Таванбаяр /СТА/ , нүүр хувиргагчаар Ц.Дэлгэр нар ажилласан.

-Танай продакшн өмнө нь уран бүтээл хийж байсан уу?

-Өмнө нь бид тус тусдаа ганц нэг кинонд ажиллаж байсан туршлагатай. Энэ бол манай уран бүтээлчдийн анхны хамтын бүтээл. Мэдээж кино уран бүтээл хийдэг ах нараасаа зөвлөгөө авч авах гээхийн ухаанаар хандсан. Найруулагч Бадамрагчаа ах зохиол дээр зөвлөгөө өгсөн. Ганзориг, Түмэнбаяр ах мөн зөвлөгөө өгсөн. Та бүхэндээ баярлалаа гэж нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс хэлмээр байна.

-Хэзээ нээлтээ хийх вэ?

-Ирэх сарын 5-нд “Тайга” киноныхоо нээлтийг хийнэ. “Тэнгис”, “Өргөө-1”, “Өргөө-2”, “Соёмбо”, “Хүннү молл” болон хөдөө орон нутгийн кино театруудаар манай киног хүлээн авч үзээрэй. Мөн манай кинотой давхцаад “Гэгээнтэн цогцолбор”-ын “Гэгээнтэн” кино театр нээлтээ хийх юм билээ. Тус кино театраар мөн гарна. Ямар ч байсан манай киног үзсэнээр сонирхолтой байх болно гэдгийг хэлэхэд таатай байна. Үзэгчид ихэнх киног үзээд гарахдаа бүх зүйл ойлгомжтой, маш сайхан сэтгэгдэлтэй театраас гардаг хэрнээ тав алхаад л тухайн киногоо мартдаг. Харин манай киног үзэхэд багагүй тархи ажиллаж, маш олон асуулттай л гарах байх.

-Тэр асуултын хариуг үзэгчид өөрсдийнхөө үзэл бодлоор дүгнэж өгөх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Тэртэй тэргүй хариулт нь манай нийгэмд бэлхнээ дэлгээстэй байна.

-“Тайга” кино олон улсын зах зээлд гарна гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Бид киногоо олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын Хөх хот, Манжуур хот, ӨМӨЗО-ы Шилийн гол, ОХУ-ын Улан-Үдэ хотуудад гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт нислэгийн ДАШТ-ээс мөнгө медаль авлаа

Чөлөөт нислэгийн ДАШТ Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж буй. Энэхүү тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож байна. Өчигдөр ДАШТ-ий үндсэн гурван төрлийн сүүлийнх болох хугацаат нислэг буюу F1C ангилалын тэмцээн өнөөдөр болж, багийн дүнгээр БНХАУ 3951 оноогоор тэргүүлж, Монгол 3873, Их Британи 3872 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Энэ ангилалд 19 орны 47 тамирчин өрсөлдсөнөөс 19 нь эхний 7 нислэгийг амжилттай хийж, финалд өрсөлдөх эрхийг авсан байна. Манай тамирчдаас ОУХМ Э.Эрдэнэбат финалд өрсөлдөх эрхийг авсан бөгөөд шийдвэрлэх нислэгүүд өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлнэ.

Харин резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд ОУХМ М.Гонгор түрүүлж, нисэхийн спортын анхны дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан бол манай тамирчид багийн анхны мөнгөн медалийн болзол хангаад байна. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Эрдэнэбат, ОУХМ Т.Хишигбат, спортын мастер Э.Намдүү нар багтжээ.

Чөлөөт нислэгийн ДАШТ өнөөдөр бүх төрөл багтсан багийн “Миксмэн” тэмцээнээр үргэлжилж, өндөрлөх юм. Тэмцээний хаалтын ажиллагаа ням гаригт 18.00 цагаас Цонжин болдогт болно.

Categories
мэдээ нийгэм

Зургаан сартай хүүхдээ эмнэлэгт орхижээ

Увс аймгийн Улаангом суманд зургаан сартай хүүгээ эмнэлэгт орхиод алга болсон хэрэг гарчээ.

Тус сумын аравдугаар баг, Дунд хорооллын 9-21 тоотод оршин суугч иргэн 30 настай, эмэгтэй Д нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хүүгээ эмчлүүлж байсан аж.

Харин тэрбээр 2015 оны долдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчим хүүгээ орхиод сураггүй алга болсон байна.

Аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч эхийг нь олоогүй байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон иргэний цогцсыг нь олжээ

Өчигдөр Төв аймгийн Борнуур сумын хоёрдугаар багийн завьтай хөвж явсан иргэн И эрэг дээр байгаа хүүхэд рүүгээ очихоор ус руу үсэрч ороод алга болсон явдал болжээ.

Энэхүү дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар өчигдрийн 18:36 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж өнөөдөр өглөө 07.00 цагт цогцсыг нь олсон байна.

Усанд осолдсон иргэн нь 30 орчим настай, эрэгтэй хүн байжээ.

Сүүлийн үед гол ус ихээхэн үерлэж, хур ихтэй байгаа учраас иргэдийн гол усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зургаан сумын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр хоёр аймгийн дөрвөн сумын нутагт “Боом” өвчний дөрөв, нэг аймгийн хоёр сумын нутагт “Галзуу” өвчний хоёр буюу нийт зургаан сумын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Тухайлбал,

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-н нэг үхэр долдугаар сарын 15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд,

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-н хотонд нэг үхэр долдугаар сарын 19-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-н нэг үхэр долдугаар сарын 21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд,

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-н нэг үхэр долдугаар сарын 28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.

Харин Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-н хоёр үхэр долдугаар сарын 15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд,

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар малчин Х-н нэг үхэр долдугаар сарын 23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин байсан аж.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” нар цусаа хандивлажээ

“Оюутан цагдаа” нар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “1=3” цусаа бэлэглэх нэг өдрийн аян зохион байгуулжээ.

Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амь насыг аварна гэсэн зорилгоор залуус тус аянд нэгдсэн байна.

Манай улсын хувьд цус, цусан бүтээгдэхүүний нөөц тийм ч хангалттай бус байгаа учир “Оюутан Цагдаа” нар жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж байхаар болсон аж.

Categories
гадаад мэдээ

Хог хаягдал боловсруулах ухаалаг машин хэрэглээнд нэвтэрчээ

Туркийн Пюгедон компани хаягдал шил лаазыг дахин боловсруулж нохойн хоол болгох анхны ухаалаг машиныг бүтээжээ. Ийм төрлийн машиныг Истанбулд байрлуулжээ.

Өнгөрөгч ням гарагт Хятадын Бээжин хотноо хаягдал дахин боловсруулах анхны ухаалаг машин байрлуулагдсан байна. Тус машинд нэг ширхэг хуванцар сав хийхэд хормын дотор машины доод хэсэг дэх тавганд 20 грамм орчим хоол болж унах бөгөөд нохой, муурууд түүгээр хооллох ажээ.

Гаднаасаа жижиг сажиг зүйл худалдаалах автомат машин шиг харагдах энэхүү ид шидийн хаягдал боловсруулах машинд зөвхөн хуванцар шил лааз хийж, дахин боловсруулан, муур, нохойн хоол болгох юм байна.

Categories
мэдээ спорт

Дартсын “Mongolian open” тэмцээн болж байна

Монголын дартс сонирхогчдын холбооноос анх удаа зохион байгуулж буй “Mongolian open” олон улсын тэмцээн “Сүнжин гранд” зочид буудалд болж байна.

Тэмцээнд ОХУ, БНХАУ-ын тамирчид болон Ази тивдээ тэргүүлэгч Филиппин, Малайз зэрэг орны дартсын тамирчид оролцож байгаа аж. “Mongolian open” олон улсын тэмцээн энэ сарын 2-ны өдөр өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Малын тэжээл бэлтгэж буй компани НӨАТ-аас чөлөөлөгдөнө

Улсын хэмжээнд зуншлага тааруу байгаа тул өвөлжилтөд сайтар бэлтгэх шаардлага тулгараад байгаа. Холбогдох байгууллагын мэдээллээс харахад өвсний гарц муу байгаагийн дээр улсын хэмжээнд бэлчээрийн даац 20 сая малаар хэтэрсэн аж. Засгийн газар, онцгой комиссын хурлаар энэ жилийн хадлан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгуудын ЗДТГ-тай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөргүйгээр бага оврын трактор олгосон байна. Мөн 22 аж ахуйн нэгжийн техникийн шинэчлэлд нийт 7.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн малын тэжээл бэлтгэж буй аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын хаврын ээлжит бус чуулганы хугацаанд нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг баталжээ.

08 дугаар сарын 03-ны Даваа гарагт 09.30 цагаас:

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ НЭЭЛТ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10.00 цагаас:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

08 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Н.Номтойбаяр, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь нар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 05-ны Лхагва гарагт 09.30 цагаас:

-Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Н.Номтойбаяр, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь нар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Тайлбар: Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2015 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдөр хэлэлцэх асуудлыг жич шийдвэрлэнэ.