Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмэгтэй хүний амьдралын 24 цаг

Стефан Цвейгийн “Эмэгтэй хүний амьдралын 24 цаг”-ийг уншчихад
гэмгүй бүтээл. “Танихгүй эмэгтэйн захидал”-аар нь Стефан Цвейгийг монгол уншигчид
андахгүй. Торгон мэдрэмж бүхий энэхүү бүтээлээс
нь ч эмэгтэй хүний сэтгэлийн нарийн ширийн
ханхална. Эмэгтэй хүнд бүхнийг хаяад, бусдын чичлэхийг ч тоолгүй, таалагдсан
эрээ дагаад явчихаар санагдах эргэлтийн
үе байдаг бололтой юм. “Эмэгтэй хүний амьдралын 24 цаг” тийм нэгэн бүсгүйн түүхээр
эхэлнэ. Жижигхэн сувиллын газарт болсон явдал. Цэмцгэр төрхтэй, эелдэг франц залуу бүгдэд таалагдана. Хүн бүртэй найрсаг харьцах
тэрбээр үйлдвэрийн эзний охид болох 12 настай
Аннет, 13 настай Бланш нартай тоглож, тэдний ээж Анриэт хатагтайтай далайн эргээр удтал зугаална. Нөхөр нь харин энэ бүхнийг үл анзааран найзтайгаа
даалуу тоглож суудаг. Гэтэл удалгүй хатагтай
Анриэт, тарган нөхөр, өсвөр насны охидоо хаяад, франц залууг дагаад алга болжээ.
Цэмцгэр сайхан залуугийн төлөө, тарган хөдөөний нөхрөө хаяж одсон 33 настай журамт эмэгтэйн тухай хэлэлцүүлэг амрагчдын дунд өрнөнө. Далайн эргээр хоёр цаг зугаалсан, цэцэрлэгт нэг
цаг хамт кофе ууж суусан нь гэр бүлээ хаяад
зугтахад хангалттай хугацаа байж гэнэ. Зохиолч өөрийн санаагаа “Би” баатраар дамжуулан
илэрхийлнэ. Амрагчид энэ үйл явдлыг шүүн хэлэлцэх үед бүгд л “Шударга эмэгтэй гурван
цаг ойртож танилцсан залуутайгаа оргон зайлах нь боломжгүй” гэж байхад ганцхан тэрбээр “Эхнэр, нөхрийн олон жилийн уйтгартай
амьдралд зүдэрч гүйцээд, анхны зоригтой довтолгоо
боллоо гэхэд сэтгэлдээ бууж өгөхөд бэлэн болсон
эмэгтэй ердөө л зугаацахын тулд ийм гэнэтийн шийдвэр гаргах боломжтой” хэмээн
мэтгэлцдэг. Гэсэн ч хатагтай Анриэт зохиолын гол баатар биш байлаа. Мэтгэлцээний
үеэр жинхэнэ гол баатар эмэгтэйн түүх сөхөгдөнө. “Би” баатрын яриаг сонссон цасан
цагаан үстэй, настай англи эмэгтэй хатагтай К
мань эртэй энэ сэдвээр аминчлан ярилцах
болов. “Ер нь эмэгтэй хүн гэнэтийн балмад
явдалд татагдаж, үүнээс өмнө бол санаанд
багтамгүй санагдах үйлдлийг хийж болох бөгөөд тэглээ гээд эмэгтэй хүнийг буруутгаж болохгүй гэж та бодож байна уу” хэмээн
хатагтай лавладаг. “Ийм тохиолдолд ёс суртахууны аливаа хэмжүүрийг
үгүйсгэж болно. Мэдээж хатагтай Анриэт баатар биш. Миний мэдэж байгаагаар тэр ердийн
сул дорой эмэгтэй бөгөөд гагцхүү хүслээ дагах
эр зориг гаргасных нь төлөө би түүнийг зарим
талаар хүндэтгэж байна. Тэр эмэгтэйн хийсэн зүйл тэнэг байж болох бөгөөд бодлогогүй
алхам гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ түүний
үйлдлийг дорд бөгөөд шившигтэй гэж нэрлэж
яасан ч болохгүй” гэсэн залуугийн хариуг сонсоод мөнөөх хижээл сурвалжит эмэгтэй
түүнд өөрөөсөө ч нууж явсан эмзэг дурсамжаа
өчдөг.

Хатагтай К-гийн ярих түүх ердөө л 24 цагийн дотор болж өнгөрчээ.
Амьдралдаа цорын ганц удаа ухаангүй алхам хийж үзсэн нь тэр гэнэ. Баян газрын эзний охин тэрбээр 42 нас хүртлээ
амгалан тайван амьдрал туулжээ. 18 насандаа нөхөртэйгөө танилцаж, хуримаа хийж,
хоёр хүү төрүүлсэн ч тэр жинхэнээр амьдарч үзээгүй байлаа. Дөч гарч байхад нь нөхөр
нь гэнэт өөд болж, хүүхдүүд нь насанд хүрч, гэрээ орхино. Ганцаараа утга учиргүй
мэт амьдарч эхэлсэн эмэгтэй ганцаардлаас зугтахаар Монте Карлод ирнэ. Казинод тэрбээр,
хүүтэй нь ойролцоо насны, мөрийтэй тоглоомд
донтсон сайхан залууг олж хардаг. Хамаг мөнгөө
алдаж, үхэхээс өөр замгүй болсон залуугийн амьдралд бүсгүй өөрийн
мэдэлгүй хутгалдана. Бороонд норж, үхсэн
хүн шиг гудамжны сандал дээр унасан, шал согтуу залууг аврах хүсэлдээ хөтлөгдөн
чирч гулдарсаар сүйх тэргэнд суулган дэн буудалд аваачдаг… Тэр нэгэн шөнийн явдал бүсгүйд хурц мэдрэмж төрүүлсэн нь дамжиггүй. Юутай ч байнга өмсдөг гашуудлын хар даашинзаа сольжээ. Дараа нь
бүсгүй залуу эрийг аврахын тулд мөнгө өгч, нутагтаа буцаж очихыг ятган, ахиж
хэзээ ч мөрийтэй тоглоом тоглохгүй хэмээх ам өчгийг нь авна. Амь насыг нь аврахын
тулд хатагтайн хийсэн бүхэнд залуу талархах нь дамжиггүй. Залууг үдэхдээ хатагтай К яагаад ч юм
урам хугарна. Яв гэснийх нь зоргоор дуулгавартай яваад өгөхийн оронд …“Хэрэв тэр мөчид залуу намайг тэвэрч, бас дуудсан бол би түүнийг дагаад, ертөнцийн хязгаарт хүрэх байв” гэж хожим энэ эмэгтэй үнэнээ хэлдэг. Эмэгтэй хүний
нууц аа гэж.

Б.ЯНЖМАА

Categories
гадаад мэдээ

Балбад болсон хөрсний нурангид хүмүүс осолджээ

Балбад их хэмжээний бороо орж, хоёр тосгонд хөрсний нуранги үүссэнээс 20 гаруй хүн амь насаа алджээ. Мөн хэдэн арван хүн сураггүй болсон тул амь насаа алдсан хүний тоо нэмэгдэх бололтой. Балбад энэ онд хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болж, 9000 гаруй хүн амь насаа алдсан билээ. Энэ гамшгийн үеэр уул толгодын энгэрийн хөрс тогтворгүй болж, зургадугаар сараас есдүгээр сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр хөрсний нуранги үүсэх эрсдлийг улам нэмэгдүүлснийг мэргэжилтнүүд өгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд шинжилгээний аппараттай боллоо

Манай улсаас БНСУ-ын “Руйсанса” корпроацитай хийсэн төслийн хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий цус, шээсний шинжилгээний аппаратуудыг 142 өрхийн эмнэлэгт суурилуулахаар өнгөрсөн онд шийдвэрлэж байжээ.

Харамсалтай нь үнэ төлбөргүй орж ирсэн тэдгээр аппартуудын гаалийг тэглэхгүй гэснээс мөнгөө аль тал төлөх вэ гэдэг асуудал урган гарч, хил дээр саатаад байсан аж.

Тэгвэл тус асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж, Сангийн яамнаас үе шаттайгаар төлж барагдуулах болсноор хил дээр гааль дээд саатаад байсан аппаратууд зохих газартай иржээ.

Тиймээс ирэх есдүгээр сараас иргэд шээс, цусны шинжилгээ өгөх гэж заавал хоёрдугаар шатлалын эмнэлэг зорилгүй, өрхийн эмнэлэг дээрээ очер дараалал, үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Портер” машин ЭХЭМҮТ-ийн хашааг цөмлөн оржээ

Өчигдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хажууд, МҮОНРТ-ийн дэргэдүүр өгсөх замын уулзварт томоохон осол гарчээ. Тодруулбал, зуурмагийн, суудлын, “Портер” маркийн автомашинууд осол гаргаж, зуурмагийн машин нэг талаараа унаж, “Портер” машин ЭХЭМҮТ-ийн хашааг цөмлөн орсон байна.

Ослын газарт ОБЕГ-ын аврах 10 дугаар ангийнхан шуурхай ажиллаж, зуурмагийн машиныг кранаар татаж гаргажээ. Осолд орсон иргэдийг эмнэлэгт хүргэсэн байна. Мэргэжлийн байгууллагынхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэнийг хайж байна

Увс аймгийн Улаангом сумын иргэн Д нь /30 настай, эмэгтэй/ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 6 сартай хүүгээ эмчлүүлж байгаад энэ сарын 29-ний 12:00 цагийн орчим хүүгээ орхиод алга болжээ.

Тус аймгийн Цагдаагийн газраас эрэл зохион байгуулж, түүнийг энэ сарын 29-30-ны өдрүүдэд хайсан боловч олоогүй аж.

Сураггүй болсон иргэнийг олоогүй тухай дуудлагыг энэ сарын 31-ний өдөр аймгийн Онцгой байдлын газар ирүүлсэн байна. Одоогоор иргэн Д-г хайх ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Categories
мэдээ спорт

Залуучуудын ДАШТ-д ийм бүрэлдэхүүнтэй оролцоно

Бөхийн чөлөөт барилдааны Залуучуудын ДАШТ энэ сарын 11-16-ны өдрүүдэд Бразил улсын Ресифи хотноо болно. Манай улсын баг тамирчид дараах бүрэлдэхүүнтэй хүч үзэх юм байна.

Эрэгтэй

50 кг А.Нэргүйбаатар /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, БТСДуС, залуучуудын улсын аварга/

55 кг З.Занабазар /ҮБТДС, залуучуудын улсын хошой аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт,
азийн өсвөрийн аварга/

60 кг С.Билгүүн /ҮБТДС, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт/

74 кг Б.Бямбадорж /”Алдар” спорт хороо, залуучуудын улсын аварга/

86 кг Г.Бигармижид /“Харгант цамхаг” клуб, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

Эмэгтэй

48 кг Г.Отгонжаргал /“Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний 3 удаагийн аварга/

51 кг Б.Мөнхтуяа /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, залуучуудын УАШТ-ний хүрэл, 3 алтан медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

59 кг Э.Гантуяа /Төв аймгийн “Угтаал хад” клуб, Монголын үндэсний их сургууль, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл,
хошой алтан медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

63 кг Э.Энхбуян /Баянзүрх дүүрэг, залуучуудын улсын аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

67 кг Б.Нямгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб, залуучуудын улсын 5 удаагийн аварга, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/ нар хүч үзнэ.

Монгол Улсын тамирчдын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Батзаяа, дасгалжуулагчаар Өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ё.Батдархан, Орхон аймаг, “Хангарьд” спорт клубын дасгалжуулагч Т.Энхтуяа нар оролцох юм байна.

Залуучуудын ДАШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд дөрвөн алт, зургаан мөнгө, 14 хүрэл, эмэгтэй бөхчүүд гурван алт, хоёр мөнгө, хүрэл 10 нийт 39 медаль хүртээд байгаа билээ. Өнгөрсөн жил Хорват улсын Загреб хотод болсон залуучуудын ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд А.Батцэцэг алт, 63 кг-ын жинд Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэж байсан.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ уул уурхайн бохирдлын хяналтын чиглэлийн төсөлд оролцоно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ 2015.07.31-ний өдөр БНСУ-ын Уул урхайн нөхөн сэргээлтийн корпораци /Миреко/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Пэг Син Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

БНСУ-ын Койка байгууллагын 5,800,000 ам.долларын санхүүжилтээр Миреко байгууллага “Монгол Улсын уул уурхайн бохирдлын хяналтын мастер төлөвлөгөө боловсруулах, салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг БОНХАЖЯ-нд хэрэгжүүлэх гэж байна.

Энэ хүрээнд уул уурхайн холбогдолтой хууль, дүрэм, журам, стандартыг хамтарч боловсруулах, төслийн Зөвлөлийн багт төлөөллөө оролцуулахыг Мирекогийн тал Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүслээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2009 оноос хойш Мирекотой хамтран үр дүнтэй цөөнгүй ажил хийж байгааг дэд дарга Б.Бат-Эрдэнэ хэлээд одоо хэрэгжүүлэх төсөл Монгол Улсад нэн хэрэгтэй гэдгийг тэмдэглэв.

“Монгол Улсын уул уурхайн бохирдлын хяналтын мастер төлөвлөгөө боловсруулах, салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн хэрэгжилтэд Койка байгууллага ерөнхий хяналт тавьж, технологи сургалтын төвийн барилга барих бол Миреко мастер төлөвлөгөө боловсруулж, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэн, туршилтын нөхөн сэргээлт хийх юм.

Categories
гадаад мэдээ

Колумбын загвар өмсөгч хар тамхины хэргээр Хятадад цаазын ял сонсов

Хятадын шоронд хоригдож буй Колумбын иргэн, 22 настай Жулиана Лопез цаазаар авах ял сонссон байна. Телевизийн од, загвар өмсөгч, хөлбөмбөгч гэдгээрээ Колумб улсад алдартай Лопез бүсгүй лаптопдоо уут дүүрэн хар тамхи хийж яваад баригджээ.

Тэрээр брэнд хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд шинэ бараа худалдан авахаар Хятад улсын Гуанжоуд очсон байна. Гэрийнхэн нь түүнээс холбоо тасарч хэд хоносны дараа Колумбын засгийн газарт хандаж Хятадын талтай холбоо барьжээ.

Жулиана Лопезийг Хятадын шоронд буй хэмээгээд хар тамхины хэргээр цаазаар авах ял сонссон тухай хариу өгсөн байна. Лопезын ар гэрийнхэн болон түүнийг таньдаг хүмүүс энэхүү мэдээлэлд итгэж чадахгүй байгаа аж.

Хятадын шоронд Колумбын 138 иргэн хоригдож буйгаас 11 нь шоронд насаараа ял эдлэх, 12 нь цаазаар авах ялтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл нууранд осолджээ

Төв аймгийн Борнуур сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших хиймэл нууранд завьтай хөвж явсан иргэн И /30 орчим настай, эрэгтэй/ усанд осолджээ.

Тэрээр нуурын эрэг дээр байгаа хүүхэд рүүгээ очихоор ус руу үсэрч ороод алга болчихсон байна. Уг дуудлагыг өнгөрөгч хоногт 18:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авч, долоон албан хаагч, эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж өнөөдөр өглөөний 07:00 цагт цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Бороо ихтэй гол, нуурын усны түвшин нэмэгдсэн энэ үед иргэд, олон нийтийг усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Бээжинд 2022 оны өвлийн олимп болно

БНХАУ-ын Бээжин хот 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авлаа.

Малайзын нийслэл Куала Лумпур хотод хуралдаж байгаа Олон улсын олимпийн хорооны гишүүд 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах хотоор БНХАУ-ын Бээжин хотыг зарлав.

Энэхүү шалгаруулалтад Казахстаны Алма-Ата, БНХАУ-ын Бээжин хотууд үлдээд байсан бөгөөд 44:40 саналаар Бээжин хот ялжээ. Ийнхүү Бээжин хотод 2022 оны өвлийн олимп болсноор өвөл, зуны олимпийн наадмыг зохион байгуулсан хот болох юм.