Монгол Улсад төмөр замын байгууллага үүсч хөгжсөний 77 жил, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ байгуулсны 66 жилийн ой энэ жилд тохиож байгаа. Тус байгууллага энэ жилийг ойн хүрээндээ авто тээврийн чанарыг сайжруулах жил болгон тэмдэглэж байгаа юм. Тиймээс Монгол Улсыг дамжин өнгөрөх хурдны галт тэрэгний маршрутыг талаар судалж байгаа бөгөөд хурдны төмөр замын хөгжил дэвшилд оролцох аж. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар энэ ажлын хүрээнд Эрээн-Улаанбаатар хотын хооронд 200 км цагийн хурдтай галт тэргийг аялуулахаар төлөвлөж байгааг дуулгалаа.
Month: August 2015
Америкийн тагнуулын алба Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон тус улсын томоохон корпорациудын удирдлагыг чагнаж тагнасан байна. Үүнтэй холбогдуулан Японы тал АНУ-д асуулга тавих гэнэ. Энэ тухай Японы Засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга Ёсихидо Суга мэдэгдэл хийхдээ “Энэ нь үнэн бол үнэхээр харамсалтай байна. Бид эсэргүүцэл илэрхийлэх ёстой. Гэхдээ Японы Засгийн газар эхлээд энэ мэдээллийг шалгана” гэжээ.
Зарим эх сурвалжид бичсэнээр Америкийн тагнуулыг албаныхан Японы Засгийн газрыг гишүүд, Төв банк, Санхүү эдийн засгийн яамыг тагнасан байна.
Малайзийн нийслэл Куала Лумпурт болж буй Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) чуулганаар 2011 онд тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Судан улсыг Олон улсын олимпийн хөдөлгөөний хамгийн отгон гишүүнээр бүртгэв. Ийнхүү ОУОХ нийт 206 гишүүнтэй боллоо.
Малайз улсад болж буй ОУОХ-ны чуулган хуралдааны долдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар 2022 оны XXIV өвлийн олимпийн болон паралимпийн нийслэлийг тодруулах явдал байсан. Энэхүү шалгаруулалтад Казахстаны Алма-Ата, БНХАУ-ын Бээжин хотууд үлдээд байсан бөгөөд 44:40 саналаар Бээжин хот ялалт байгуулсан.
МУСТА яруу найрагч, зохиолч Б.Баярмагнай 1980 аад оноос эхэлж хошин жүжгийн зохиол өгүүллэг жүжгийн зохиол бичиж эхэлсэн байна.
Тухайн үеийн монголын хүүхэд залуучуудын театрд зохиолууд нь тоглогдож байсан юм.
Харин 2012 онд анхны кино зохиолуудаас бүрдсэн “Тэнгэрийн хүү” ном нь хэвлэгдэн гарсан. Тэгвэл тэрбээр энэ удаа “Цагаан шонхор” хэмээх түүхэн болон уран сайхны кино зохиолууд болон шүлэг, яруу найргуудынхаа дээжийг хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон байна.
Монголчуудын их амралтын
үе үргэлжилсээр байна. Долдугаар сарын сүүл
наймдугаар сарын эхний эл өдрүүдэд гэр бүл, ураг садан, анги хамт олон, найз нөхдөөрөө
уулзаж, төгсөлтийн ой, хурим найр, ургийн баяр
гээд хүмүүний амьдралд мардагдашгүй дурсамж дурдатгалыг үлдээх нь бий. Тэр
бүгдийн нэгэн илэрхийлэл болсон эрхмүүдийн тухай өгүүлэх гэсэн юм. Нэгэн мянга есөн
зуун ерэн оны цагаан морин жилийн хавар Дундговь аймгийн төв Мандалговь хотоос эрдмийн
аянд мордох нь мордож, эр цэргийн албанд татагдах нь татагдаж, эх нутгийнхаа гал
голомтыг сахих нь сахиж үлдсэн залуус эдүгээ дөчин насны босго давцгаасан хат суусан
эрчүүд, намба төгөлдөр, жавхаалаг бүсгүйчүүд болжээ.
Төгсөлтийнхөө хорин жилийн
уулзалтыг тэмдэглэн, тал бүрээс баяр хөөртэй уулзацгааж, зүгээр нэг наргиж наадаад
өнгөрөх биш бусдынхаа амжилт бүтээлийг бахдаж, салбар бүртээ манлайлж яваа нэгнээрээ
бахархаж, “нэг зэлний унаганууд” гэдэг нэгэн
насны нөхөд болохыг мэдэрсэн байна.
Тэд бол нэг ангийнхан энээ
тэрээ гэж явцууралгүй, ерэн оны цагаан морин жилийн төгсөлтийнхөн гэдгээрээ нэгэн
үеийнхээ түүхийг бичилцэж явна. Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болсны 25
жилийн ой мөн л энэ өдрүүдэд болж байгаа. Ерэн оны цагаан морин жилийн Мандалговийн
нэгэн үеийнхэн сургууль төгсөх жилээ18 нас хүрч, анхны ардчилсан сонгуулийг өгч
байсан түүхтэй. Гурван зуу шахам хүүхэд их амьдралын гараанд хөл тавьж байсан ахуй
үеэс хойш эдүгээ хорин таван жил өнгөрчээ. Мандалговийн өнөө гурван зуу орчим төгсөгч
буюу охид, хөвгүүдээс Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, Улаанбаатар цэргийн
хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай, Үндэсний дуу, бүжгийн
эрдмийн чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сосорбурамын
Цогтсайхан гээд төр түмэндээ танигдсан шинэ цагийн алдартнууд төрсөн
байна.
Баярмагнай генералыг үндэсний
их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын арванд Монгол Улсын төрийн далбааны
өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг эр хүний хийморь сэргэмээр тун чиг жавхаалаг
удирддагийг ард түмэн мэднэ. Дэлхийн их дууч Намжилын Норовбанзадын отгон шавь нарын
нэг уртын дууны идэр залуу үеийн гоц төлөөл, басхүү Монголын сайхан бүсгүйчүүдийн
нэгэн бол С.Цогтсайхан дуучин. Тэгэхээр ерэн оны Мандалговийн төгсөгчдийн эрчүүд
чинь генерал Баярмагнай шигээ жавхаатай, бүсгүйчүүд нь уртын дууны Цогтсайхан шигээ
уянга яруухан, эрхэмсэг гэдэг нь мэдрэгдээд ирнэ. “Олонд танигдсанаараа энэ хоёр
маань тодорч байна. Гэвч Баярмагнайгаас дутахааргүй жавхаатай, алхаа гишгээ цэгц
сайхан залуус олон бий. Мөн Цогтсайханаас дутахааргүй дуулж хуурддаг, сайхан бүсгүйчүүд
олон бий” гэж үеийн нөхөд нь тоглоом шоглоомын завсарт хачир болгон хэлж байна.
Нэгэн үеийнхэн нэг л мэдэх
нь ээ, улс эх орныхоо хөгжил дэвшил хийгээд их түүхийн ачааг даадаг нь жам юм. Цагаан
морин жилийн төгсөлтийн дайчин цэргүүдийн нэг Сумъяагийн Сүхбаатар Дундговь аймгийн
Засаг даргаар ажиллаж төр түмэнд үнэлэгдсэн. “Манай Сүхээ Дундговийн ард түмний
итгэлийг хүлээж нэр төртэй ажилласан. Нам төрийн ажил, цаана нь өрнөж байгаа улс
төрийг нь бид мэдэхгүй юм. Тэр нь бидэнд хамаагүй. Хамгийн гол нь үеийн нөхдөө,
онжавууд, анд нараа гэсэн халуун сэтгэл чухал.
Бидний үеийн нөхөд бүгд л тийм сэтгэлтэй байдаг. Уулзалт юу болж байна яах уу, ийх
үү гээд бүгд л сурцгааж байна. Хөдөө мал хуйгаа маллаж байгаа нөхөд маань төдөн
хонь гаргая, төдөн литр айраг болох уу гээд ярьж байна. Ийм л халуун сэтгэлтэй хамт
олноо гэсэн хүмүүсдээ” гэв.
Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд
тэр бүр ажиллаад байдаггүй, хүнд салбарын нэг болох цахим шугам сүлжээний салбарт
хоёр бүсгүй нь тасралтгүй 23 жил ажиллаж хамт олныхоо бас нэгэн бахархал болоод
байна. Дэрэн сумаас Мандалговийн арван жилд ирж суралцсан Түмэндэмбэрэлийн Цэцэгмаа
өөрийн найз П.Алтанцэцэгийн хамт инженерийн мэргэжил эзэмшиж их хотоо гэрэл цахилгаан,
ус дулаанаар таслалгүй энхийн манаанд 23 жил зогсжээ. Өдгөө Цэцэгмаа нь Улаанбаатар
дулааны шугам сүлжээний инженер, Алтанцэцэг нь гуравдугаар цахилгаан станцын цахилгааны
ээлжийн ахлагчийн албыг хашиж, эрчим хүчний салбарын тэргүүний ажилчид болов. Бүрэнтөгс
гэж залуу мөн цахилгааны инженерийн нарийн мэргэшил эзэмшиж, эдүгээ дөрөвдүгээр
цахилгаан станцын цехийн даргаар ажиллаж байна. Ийнхүү морин жилийн төгсөлтийнхнөөс
илч гэрлийн гурван эзэн тодорсон түүхтэй.
Их, дээд сургуулийн хуваарь
атган Мандалговиос намрын шувууд адил ниссэн нөхдийнхөө араас саравчлан хоцорч,
ус нутагтаа гал голомтоо сахиж үлдсэн залуус мөн л амжилт бахархлаар дүүрэн аж төрж
байна. Хотоороо дүүрэн малтай, ээрэм говийнхоо униар манан хөшиглөн, усан зэрэглээ
наадсан тал нутагтаа хүрэн улаан тэмээдээ бэлчээгээд, уяа дүүрэн морьд багшрааж,
зэл дүүрэн унага уяж айраг цагаа элбэг дэлбэг аж төрж байна. “Хулд сумаас Лхагва-Очир
гэж бөх барилддаг залуу ирж байв. Арав төгсөөд мал хуйгаа бараадсан. Өнөөдөр ажлынхаа
үр шимийг үзэж “Алтан ботго”-ны эзэн болоод…” гээд нөхөд нь бахархан дурсана. Эдний
үеийнхний бас нэг бахархал нь “Би чадна” төрийн бус байгууллага байгуулж олон хүнд гэрэл гэгээ хайрлан, амьдрах итгэл, урам зориг
төрүүлж буй Бадамгаравын Отгонтуяа юм. Тэрээр хөгжлийн бэршээлтэй иргэдийн миссийн
тэмцээнийг зохион байгуулж буй нэгэн.
Аймгийн засаг ноён тодорсон
үе нөхдийн дундаас төрийн сайд гарсан нь бас
бахархал байлгүй яахав. Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайдаар ажиллаж
байсан Б.Ургамалцэцэг мөн л цагаан морин жилийн төгсөгчдийн нэгэн. Тэдний дунд хоёр
салаа гэзгэндээ улаан тууз зүүн гоёж гоодож явсан охин Монголын боловсрол, шинжлэх
ухааны яамыг толгойлж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана гэдэг сайхан.
Үе тэнгийнхнийгээ төлөөлж, хорин таван жилийнхээ уулзалтыг зохион байгуулж буй хэсэг
нөхөд нь ийн ярилаа.
“Манайхнаас салбар салбарын
шилдгүүд төрсөн. Улс төрд тодорхой албан тушаал эрхэлж буй эрхмүүдээс гадна Хүүхэд,
гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Оюунбаяр, аймгийн хамгийн хариуцлагатай алба
болох аудитын газрын Б.Долгорсүрэн нарыг нэрлэх байна. Мөн эрүүл мэндийн салбарт
үр бүтээлтэй ажиллаж байгаа сувилахуйн дарга С.Даваасүрэн, шүдний эмнэлгийн
захирал Х.Янжингарав, гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн тасгийн ахлах эмч Түвшинжаргал
тэргүүтэй эрүүлийг хамгаалахын энэрэнгүй үйлстнүүдээ дурдаж таарна. Боловсролын
салбараас хичнээн ч эрдэмтэн докторууд төрсөн юм бэ дээ” гээд бараг л тоогоо алдацгаав.
Улсын төв номын сангийн дарга, үндсэндээ Монгол Улсын эрдэнэсийнт санг удирдаж буй
эрхэм мөн л Мандалговийн төгсөгчдийн дундаас тодорчээ. тэр хүн боловсролын ухааны
доктор А.Нансалмаа. Өнөө олон докторуудаас нь нэрлэвэл, Монгол Улсын Боловсролын
их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор Чунтын Болдбаатар,
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь сургуулийн захирал, техникийн ухааны доктор Цэгмидийн
Батбаатар, “Алтангэрэл” судрыг крилл үсэгт буулгаж сүсэгтэн олны хүндэтгэлийг хүлээсэн
бурхан шашны нэртэй зүтгэлтэн, гавж Содномын Гантөмөр, Шинжлэх ухаан техникийн их
сургуульд 12 дахь жилдээ багшилж буй Шатарын Далхжав гээд олон аваргуудын нэр ар
араасаа цуварна.
Спортын салбарт мөн л шуугиан тарьж явна. Дундговь аймгаас
наяад оны дунд үед Монгол Улсын гавьяат дасгалжуулагч волейболын спортын олон улсын
хэмжээний мастер А.Доржсүрэнгийн шавь нар улсад гайхагддаг байсан. Ялангуяа волейболын
эмэгтэй багийн тамирчдыг хаана ч очсон бардаггүй байсан гэдэг. Доржсүрэн багшийн
шавь нар дунд мөн ерэн оны төгсөгдийн төлөөлөл олноороо байжээ. Тэднээс волейболын
спортын мастер Отгонцэцэг тэргүүтэй нөхдөө найзууд нь дурсч байна. П.Ганхуяг гэж
самбо, жүдо, үндэсний бөх, сагс, волейбол гээд спортын олон төрлөөр дагнан хичээллэж,
ангийн нөхдөө болж л өгвөл спорт заал руу
татдаг сүрхий эр байжээ. Тэрээр дунд сургуулиа дүүргээд “Хүч” спорт хороонд
ирсэн байна. Тэр үеийн “Хүч” спорт хороо гэдэг бол Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй
олон хүчтэнүүд төрсөн сайхан газар. Ганхуяг барилдана гэдгийг үзүүлж өгдөг байжээ.
Өөрийн онжавууд болох Мягмарсүрэн, Батзориг, Алтансүх, Намдаг нарыг сунгаж өгдөг
байж л дээ. Гэвч албаа хаагаад нутаг
руугаа гүйгүүл морин алга болоод өгч. Миний дурдсан нөхөд бол одоогийн улсын заан,
харцагууд шүү дээ.
Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн
нэгэнтээ “Бидний үед “Хүч” спорт хороонд Дундговийн Ганхуяг гэж мундаг залуу байлаа.
Даанч хөдөө нутаг руугаа яваад өгсөн. Тэндээ бараг барилдаагүй юм билээ. Хэрээ бидэнтэй
үлдээд бөхөөр дагнан хичээллэсэн бол улсын өндөр цолонд хүрэх байлаа” гэж хэлсэн
нь бий. Ганхуяг одоо шагайн спортын тамирчин. Өнөө жилийн наадмаар нутгаасаа ирж
шагай харваад наймдугаар байрт шалгарсан дуулдана. Аймгийнхаа наадамд нэг, хоёр
жил зодоглоод шагай руу урвачихсан нэгэн. Аймгийн заан цолтой гэсэн. “Ерэн оны төгсөлтийн
маань ганц бөх шүү дээ” гэж түүний тухай Омбого буюу Оюунбат анд нь тодотгоод авсан.
“Замбаалай” хүнсний сүлжээ
дэлгүүрийн эзэд болох Энхтайван, Уранчимэг нар мөн л эдний үеийнхэн. Бизнесийн
салбарт тун одтой яваа гэр бүл. Гэр бүл гэснээс арван зургаан хос ерэн оны Мандалговийнхноос
тодорчээ. Гэр бүл болсон хосуудаа найз нөхөд нь ихэд хүндэтгэж, бэлэг дурсгалын
зүйлээс аваад сэтгэл шингэсэн бүхнээ зориулдаг гэнэ. “Ариун сувд” хэмээх гоёмсог
нэртэй ус цэвэршүүлэгч компанийн эзэн Ичинхорлоогийн Алтанхуягийг бага ангидаа
өөр сургуульд шилжсэн ч тэд манай ангийнх гэж өмчилнө. “Алтанхуягийн утсыг мэдэхгүй
хүн хоёр зуу гаруй нөхдийн дунд ховор. Хуягаа тийм л сэргэлэн толгой байгаа юм”
хэмээн зарим нь явуулж байсан. Ууганбаатар гэж сод сайхан нөхрөө бүгд дурсацгаана.
“Ууганаагийн сэдсэн бүхэн шинэ нээлт болдог байлаа” гээд ярих нь залуу идэрхэн
насандаа хорвоог орхисон тэрээр янз бүрийн зүйл сэддэг, өвөрмөц сэлгээтэй нэгэн
байж.
П.Алтанцэцэг инженер Бүлтүүш
Урнаа, Оогоо, Баярмаа, Оюундарь, Отгонтуяа нарын найзуудтайгаа есдүгээр ангийн хүүхэд
гурван төгрөгөөр кино үзэх том хүний тасалбар худалдаж аваад кино театрт очтол
Сумъяа багш нь ташаагаа тулаад зогсож байсныг дурсаад бөөн инээд хөгжөөн болох нь
тэр. О.Сумъяа гэж шавь нарынхаа зүрхэнд “шар ус” хуруулдаг алдартай багш. Оройны
үдэшлэг, кино зэрэгт хэдийнэ оччихоод үүдэнд нь “хэн хэн ирэх нь үү” гэсэн байртай
сурагчдаа бүртгээд зогсож байдаг аж. Сумъяа багшийг харсан сурагч ухаанаа гартал
айна. Маргааш нь хичээл дээр дүрэлзээд ороод
ирэх нь энүүхэнд. Захиргаадалтын үеийн багш нар тэгж л сурагчдаа хүмүүжүүлдэг
байсан нь мэдээж. Сумъяа багш нь одоо хижээл насны хүн байдаг гэсэн. Бодох нь ээ,
Мандалговийн шавь нараараа бахархаж суудаг нь мэдээж.
“Бид бол ерэн оны нийгэм солигдож
байх тэр цагт дунд сургуулийг дүүргэж, зах зээлийн үед оюутан болсон хүүхдүүд. Уулзалдахаараа
“Оюутан болоод өлсч, цангаж байснаа ярьдаг. Аргагүй юм даа, цаг үеийн шуурганд өртсөн
хүмүүс. Монгол Улс картын бараанд орчихсон, өнөө олны хэлдгээр давс, гоймонгоос
өөр зүйлгүй хүнд бэрх жилүүдэд бидний оюутан нас өнгөрсөн” хэмээн дурсацгаана.
Цэрэнбямба гэж математикийн
домог болсон багшаа шавь нар нь мөн дурсаж байна. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай
анги хичээллүүлж, Цэрэнбямба багшийн шавь нар математикаар гайхагдаж байсан үе бий.
Ийнхүү төрийн сайд, аймгийн засаг ноён, хошууч генерал, уртын дууч, инженер, эрүүл
мэнд боловсролын шилдгүүдтэй улс Монголынхоо хөгжил дэвшилд үлэмж гавьяа байгуулж
байгаа ерэн оны цагаан морин жилийн Мандалговийн төгсөгчдийн тухай өгүүлэхэд ийм
байна. 25 жилийнхээ уулзалтыг хүн бүр яарч, Мандалговийнхоо манхайн гэрэлтэх тэнгэр
дор хүлээн байгаа нөхөд нь айраг цагаагаа сөгнөж, хориод настай хонгорхон зүстэй
байх үеийнхээ дурсамж дурдатгалыг задлах гэж нутаг руугаа тэмүүлж байгаа. Гучин
жилийнхээ уулзалтыг бүр чиг утга төгөлдөр болно хэмээн тэд төлөвлөж байгаа ажээ.
Утга учиргүй архидалт, найр наадмаас илүүтэйгээр хожим ярих дурсамжтай, хийж бүтээсэн
зүйлтэй нэгэн үеийнхний уулзалт ямар болдог жишгийг тэд бий болгохоор ийнхүү зүтгэцгээж
байгаа юм.
Н.ГАНТУЛГА
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2015 оны 07 дугаар сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэнэ.
21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй- цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, тандалт судалгааг идэвхжүүлжээ.
“Олон- нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хар хорхойд хазуулсаны улмаас хүн нас барсан тухай мэдээлж байгаа нь албан бус мэдээлэл бөгөөд хазсан амьтныг илрүүлж, төрөл зүйлийг тогтоохоор ажиллаж байна” гэж ЭМСЯ-наас мэдээлэв.
Голомтод- мэргэжлийн байгууллагаас идэвхтэй тандалт судалгааг хийх, эмнэлзүйн тандалт хийх, асуумж судалгаа авах, мэдээлэл сурталчилгаа хийхээр баг томилогдон ажиллах гэнэ.
Шавьжийн анги нь үе хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйлийн амьтад бүртгэгдсэнээс манай оронд 13000 зүйлийн шавж бүртгэгдсэн байна. Та дээрх үе хөлтөн, шавжаас гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалаарай.
Нийслэл хотод хийж буй зам засварын ажил ирэх аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусна гэж холбогдох албаныхан мэдээлж байна. Энэ жилийн хувьд зуслангийн чиглэлийн болон хотын төвийн буюу Энхтайваны өргөн чөлөө зэрэг томоохон замуудад өргөтгөл, шинэчлэл хийж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх 11 км автозамын ажлын 5 км-ыг бүрэн дуусган ашиглалтад оруулаад байгаа. Харин Хандгайт чиглэлийн 16.3 км автозамын зарим хэсгийг ашиглалтад оруулсан. Хандгайтын гүүрний захын болон голын тулгуур багануудыг сууриулуулж дууссан бөгөөд 55 хувийн гүйцэтгэлтэй яваа аж.
Монгол
Улсад ардчилсан анхны сонгууль болсны 25 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо
олон улсын хүндэтгэлийн хуралдаан болсон билээ. Энэ үеэр Улаанбаатар хотын
захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь
хүргэж байна.
Энд
хуран цугласан та бүхэн, эрхэм хүндэт зочдынхоо амар амгаланг эрэн мэндчилье.
Би та бүхний өмнө зогсож байхдаа 1990 оны долдугаар сарын 30-ны өдрийг нэхэн
санаж байна. Энэ өдөр Ц.Элбэгдорж, С.Зориг гээд Ардчилсан хүчнийхэн бид
бүгдээрээ цуглаад сонгуулийн дүнгээ хүлээж суусан. Гэтэл Ардчилсан хүчин
ялагдсан. Ардын их хурлын 430 суудлын дөнгөж 74-ийг нь авсан байсан. Бага
хурлын дөч хүрэхгүй хувийн санал авсан байв. Өөрөөр хэлбэл тэр үеийн МАХН 60
гаруй хувийн санал авсан байсан. Гэхдээ бид бүгдээрээ жигтэйхэн их баярлаж
байсан. Ялагдчихсан мөртлөө баярласан энэ тохиолдлыг тэр үед л би мэдэрч
байлаа. Ардчилсан хүчин ялагдсан ч гэсэн ардчилал ялчихаад байсан үе. Бөөн
баяр. Сая Ерөнхий сайд маш сайхан мэдээ бидэнд хэллээ. Жил бүрийн долдугаар
сарын 30-ныг “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр” болгохоор Засгийн газрын
шийдвэр гарсанд маш их баярлаж байна. Энэ бол бид нарын хувьд их утга учиртай
зүйл байсан. Бид яагаад ингэж их баярласныг товчхон хэлье. 300 жилийн дараа
монголчууд өөрсдөө төр засгаа мэдэж, байгуулсан. Тэр үед “Бид нар ингээд төр
засгаа байгуулчихлаа” гэж ярьж байсан л даа. Сонгуулиа чөлөөтэй өгөөд, биднийг
хэн удирдахыг ч шийдчихсэндээ бөөн баяр болж байлаа. Жишээлбэл, хамгийн сүүлд
гэхэд л Монголыг олон жил удирдаж байсан Ю.Цэдэнбалыг өөрчилж Ж.Батмөнх гэдэг
хүнээр тавьсан энэ шийдвэр Москвад
ЗХУ-ын Коммунист намын Улс төрийн товчоогоор шийдэгдэж байсан. Ийм байдлаар 300
жил орчим явж ирсэн бид нар харин тэр өдөр өөрсдөө төрөө байгуулчихсан.
Магадгүй тэр нь сайн байсан байж болно, муу байсан ч байж болно. Гэхдээ бид
өөрсдөө шийдсэн. Социализмын үед сонгууль явдаг байсан ч нэг л хүнийг сонгодог
байсан. Тэр битгий хэл нас барсан хүнийг сонгосон явдал гарсан. Тэгсэн бид нар
430 суудал дээр янз бүрийн намууд оролцоод, 2000 гаруй хүнийг учрыг нь олж
сонгох гэж нэлээн зүдэрсэн. Яагаад гэвэл анх удаа тийм зүйл болсон юм чинь.
Сонгогчид “Ямар хэцүү юм бэ. Толгой
эргээд байна” гэсэн. “Одоо яая гэх вэ, толгой эргэхээс яахав. Сонголтоо
хий” гэж хэлсэн. Тэгээд сонгосон. Чөлөөт сонгууль байсан. Ард түмэн хэнээр
удирдуулахаа шийдсэн. Ийм учраас тэр үед Ардчилсан хүчин ялагдана гэдэг үнэхээр
бага асуудал байсан. Ардчилал ялчихсан. Бүрэн эрхээ олоод авчихсан болохоор
бидний хувьд бөөн баяртай байлаа. Өөрөө өөрийгөө мэддэг. Яг үнэндээ хэлэхэд бас
тэр үедээ бага зэрэг цочирдож байлаа. Хачин санагдаад. Бид ингээд сонгоод
шийдчихлээ шүү дээ гээд. Гэхдээ энэ бүх үйл явдал хамгийн гайхамшигтай нь
Монголд тайван замаар болсон. Ер нь хүн төрөлхтний түүхийг харах юм бол
дарангуйллаас эрх чөлөө рүү шилжихэд хүчирхийллээр үндсэндээ явдаг. Яагаад
гэвэл дарангуйлал гэдэг хүчирхийллийг хүчирхийллээр л өөрчилсөн байдаг. Тийм учраас
ардчилалд шилжих үйл явдал маш амаргүй байдаг. Ер нь юм л бол хүчирхийлэл рүү
хальтраад байдаг. Үүнийг 1990 онд болсон үйл явдлууд харуулж л байсан. Европт ч
гэсэн хааяагүй л хүчирхийлэл болж байсан. Одоо сүүлд болсон Арабын хувьсгал бол
үүнийг бүр их тод харууллаа. Ямар аймшигтай хүчирхийлэл рүү живээд орчихов.
Ардчилал руу шилжих гэж байгаад. Тэгэхэд бид нар бүгдийг тайван замаар хийж
чадсан. Би тэр үед сонин дээр
конгрессийн хоёр танхимын Монголын ардчиллыг дэмжсэн тухай тогтоолын орчуулга
байхыг үзэж байсан л даа. Тэрэн дотор нэг ийм үг надад их содон, бахархмаар
санагдаж байсан юм. Дэлхийд сайхан үлгэр жишээ үзүүлэх тайван хувьсгалыг
монголчууд хийлээ. Үнэхээр энүүгээр монголчууд бид бахархдаг. Энэ тайван
хувьсгалыг хийхэд бас маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг энд хэлэх
ёстой. Юуны өмнө манай Ардчилсан
хувьсгалын удирдагч байсан С.Зоригийг энд дурдмаар байна. Үнэнийг хэлэхэд би
нэлээд радикал чиглэлийн нөхөр байсан. С.Зориг, Ц.Элбэгдорж нар бол нэлээд тайван
чиглэлээр явах ёстой гэдэг байр суурин дээр байдаг байв. Одоо энд Р.Гончигдорж
сууж байна. Баабар, Ганболд гээд бүгдээрээ л тайван хувьсгалыг л хийх ёстой
гэсэн. Найз нартаа их баярладаг. Үнэхээр ингэж
чадсан. Би бас энд Ж.Батмөнх гуайг дурсъя гэж бодож байна. Монгол Улсыг удирдаж
байсан хүн. Тэр хүн бол энэ тайван хувьсгалыг явуулахад шийдвэрлэх үүрэг
гүйцэтгэсэн. Ж.Батмөнх гуай өөрөө албан тушаалаа сайн дураараа өгсөн.
Залуучуудынхаа замд, ардчиллын замд саад бололгүйгээр харин хаалгыг нь
онгойлгож өгсөн. Тиймээс энэ баярын өдөр
Батмөнх гуайд талархал илэрхийлмээр байна. Тэр үед бүрэн
бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан Улс төрийн товчооныхонд бас талархаж
байна. Бас П.Очирбат гуайд маш их талархаж явдаг. Манай П.Очирбат гуай
гайхамшигтай Ерөнхийлөгч байсан. Очирбат гуай өөрийг нь магтахад их дургүй л
дээ. “За одоо битгий ингээд хачин юм яриад бай” гэдэг ч юм уу. Тэр зөвшилцүүлж
чаддаг Ерөнхийлөгч байсан учраас ардчилал
үнэхээр явж чадсан. Д.Бямбасүрэн гуайд бас талархлаа илэрхийлье.
Ардчилсан хүчин сонгуульд орохгүй гээд туниад суучихсан байхад нь П.Очирбат
гуай, Д.Бямбасүрэн гуай буцаж оруулах гэж нэлээд юм болж билээ. Тэгж байж
оруулж чадсан. Хамгийн гол нь сонгууль явагдсан. Энд Г.Очирбат гуай сууж байна.
Би Г.Очирбат гуайд бас талархлаа илэрхийлье. МАХН-ыг тэр үед удирдаж явсан. Г.Очирбат
гуай тэр үед энэ ардчиллыг тайван замаар шилжүүлэх, ардчилсан Үндсэн хуулийг
батлахад намаа удирдаж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Би Ардын их хурлын 430
депутатад бас талархлаа илэрхийлье. Яагаад гэвэл шинэ ардчилсан Үндсэн хуулийг
76 хоног хуралдаж байгаад баталсан. Энэ хүмүүс үнэхээр ардчиллын эцгүүд юм аа.
Миний энгэр дээр байгаа одон бол П.Цагаан даргын хэлдгээр
баатрын тэмдэг. Ерөнхийлөгч надад энэ тэмдгийг зүүхдээ хэлсэн үгийг би энд
зориуд онцолмоор байна. Ерөнхийлөгч надад энэ тэмдгийг зүүж хэлэхдээ “Бат-Үүл
ээ, үүнийг би чамд өгөөгүй юм шүү. Энэ ардчилсан хувьсгалыг тайван замаар
хийсэн тэр баатруудад өгч байгаа юм. Тэр ардчилсан холбооны баатруудад, тэр
Ардчилсан хүчний баатруудад, тэр ардчиллыг дэмжсэн хүмүүст би энэ тэмдгийг өгч
байгаа юм. Бүгдэнд нь даанч тарааж өгч, хийхэд үнэхээр зардалтай. Тиймээс
зардлаа хэмнээд чамд төлөөлүүлээд зүүчихсэн юм аа” гэсэн л дээ. Тийм учраас энэ
бол манай ардчилсан хувьсгалыг хийсэн тэр хүмүүсийн тэмдэг юм шүү гэдгийг би
зориуд хэлье. Энд манай партизанууд сууж байна. Энэ бол та нарын маань тэмдэг юм шүү. Манай ахмадууд сууж байна. Эрх
чөлөөний тухай ард түмэн янз янзын сайхан үг хэлдэг байх. Харин гадаадын улс
орнууд эрх чөлөөнийхөө талаар хэрхэн хэлц үг хэлдгийг нь мэдэхгүй. Гэхдээ ойр
хавьд сураглаж үзэхэд монголчууд шиг эрх чөлөөний тухай сайхан үг хэлснийг олж
сонсоогүй. Монголчууд эрх чөлөөнийхөө тухай үзэл санааг юу гэж хэлсэн байдаг вэ
гэхээр “Бусдын эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл
эрх чөлөө гэдэг бол биеийн жаргалаас ч гайхамшигтай зүйл юм шүү
гэдгийг монголчууд хэлсэн байдаг. Ийм гоё үгийг үнэндээ өөр хаанаас ч
дуулаагүй. Тийм учраас ийм эрх чөлөөнд дуртай ард түмэнтэй учраас бид ардчиллыг
ялуулж чадсан. Ард түмэндээ талархаж байна. Тэд нар бол бас баатрууд юм аа
гэдгийг хэлэхийг хүсч байна. Мэдээжийн хэрэг билэгт сайн өдөр боловч би
сэтгэлээсээ нэг зүйлийг илэн далангүй хэлье. Бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын
хэлсэн үгэнд ч дурдсан. Улс төрчид хариуцлагатай байхгүй бол ардчилал өмнөө
сорилттой тулгарсан. Ялангуяа бид байгалийн маш их баялагтай гэдэг нь тодорхой
болсон. Бас геополитикийн багагүй өрсөлдөөн явж байгаа гэдэг нь тодорхой байна.
Ардчилалд ард түмэн хэзээ ч гай болдоггүй. Яагаад гэвэл ардчилал бол ард түмэнд
эрх мэдлийг нь өгдөг учраас эрх мэдлээсээ татгалздаг хэн ч байдаггүй. Хэзээ ч
байдаггүй. Ардчилалд хувийнхаа ашиг сонирхлыг л урдаа барьсан, хувийнхаа ашиг
сонирхлын төлөө явдаг улс төрчид л гай болдог. Хүмүүс бас ард түмнээс олгосон
эрх мэдлийг хувийн бизнесийн сонирхол болгох гэж гүйж явдаг тэр улс төрчид л
ардчилалд гай болдог. Тэд л бусдыг уруу татдаг. Хувийнхаа бизнесийн цаад
зорилго руу тэд бусдыг турхирдаг. Нэн ялангуяа их баялагтай улс оронд ийм
үзэгдэл цагаандаа гардаг. Өнөөдөр ийм байдал харагдаж байна. Үнэндээ
байгалиасаа, мөн чанараараа улс төр гэдэг бол нийтийн төлөө явах мэргэжил, ажил
шүү дээ. Өөр юу ч биш. Хэрвээ улс төрийн эрх мэдлийг өөрийн хувийн бизнесийн
зорилго болгодог байх юм бол тэрүүгээр яах юм бэ. Тийм төрөөр ч яах юм. Ямар
хэрэгтэй юм. Гэтэл байгалийн энэ мөн чанарыг хувь хүний амьтанлаг мөн
чанартайгаа хольсон улстөрчид улс төрийн эрх мэдлийг хувьдаа ашигласнаас бүх
гай үүддэг. Үнэндээ хувийнхаа ашиг сонирхлын төлөө явж байгаа улстөрч,
санваартан хэрнээ нүгэл үйлдэж явж байгаа лам хоёр яг адилхан юм аа. Энэ хоёр
шиг адилхан юм байхгүй. Нэг төрлийн улсууд. Ийм учраас засаглалыг сайжруулах
хэрэгтэй. Тиймээс улстөрчдийн энэ гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой.
Улстөрчдийг хүмүүсийнхээ төлөө явдаг болгох ёстой. Ажилгүйдэл их байна. Бизнес
баларч байна. Эдийн засаг хүндэрч байна. Юун хувийн зодооноо хийгээд байгаа юм.
Гэр рүүгээ явах ёстой шүү дээ. Тэрийгээ шийдэх ёстой. Ардчилал уствал Монголд
бүрэн эрх байхгүй. Үүнийг бид түүхээрээ үзсэн. Бидний асуудлыг ахиад хэн нэгэн
шийддэг болно. Ийм нүгэлтэй юм руу явмааргүй байна. Би зориуд хэлж байгаа юм.
Баярлалаа, та бүхэнд.
Монгол Улсын 3 сая дах иргэнтэй хамгийн ойр мэндэлж, чацуутнаар тодорсон Хан-Уул дүүргийн 6-р хороонд оршин суух иргэн Жаргалсайхан овогтой Даваасүрэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 25 минутад мэндэлсэн хүү Д.Золбаярыг 70 сая төгрөгний мөнгөн шагналаар шагнаж алдаршуулахаар болжээ.
Арга хэмжээ өнөөдөр 12 цагт Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны 9 давхарт болох юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/636 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурх явган хүний замыг тохижуулах, авто машины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой нэг хэсэг 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр санал гаргасан. Тус саналыг хүлээн авч, судалж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлын даалгавар өгч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгав.
Өөрийн хөрөнгөөр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх “Сарангэрэл сан”-тай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-т, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.
Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.