“Олон улсын цөмийн
туршилтын эсрэг цэмцлийн өдөр” өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Казахстан
улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Зүүн хүрээ Дашчойлон хийдэд
хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, Энхтайвны хонх цохилоо.
БНКазУ-ын Ерөнхийлөгчийн
санаачлагаар НҮБ-аас жил бүрийн 8 дугаар сарын 29-ийг “Олон улсын цөмийн
туршилтын эсрэг тэмцлийн өдөр” болгон тэмдэглэх болсон. Уг өдрийг тохиолдуулан
БНКазУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас цөмийн зэвсгийн туршилтын
улмаас ам нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсийн дурсгалыг
хүндэтгэх арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулав.
Энэ үеэр тус
улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландин,
“2006 онд манай улс цөмийн чадамжаараа дэлхийд 4 дүгээр байрт ордог байлаа.
Тухайн үед манай улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж,
өөрийн санаачилгаар Төв Ази дахь цөмийн зэвсгээс ангид бүсийн тухай гэрээнд
гарын үсэг зурсан. Одоогоос 66 жилийн өмнө Зөвлөлтийн Холбоо Казахстан Улсын
Семейн нутагт хийсэн 456 цөмийн туршилтын анхны туршилтыг хийсэн. Үүний хор
уршиг 40 гаруй жилийн турш үргэлжилсэн. Тиймээс манай улсад дэлхий нийтийг
цөмийн зэвсгээс ангид байхыг уриалах ёс суртахууны болон түүхэн эрх байгаа юм
хэмээн онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Өнгөрснийг
буцаах боломжгүй. Гэвч бид ирээдүйг өөрчлөх боломжтой. Казахстан улс «АТОМ”
буюу туршилтуудыг устгах бидний эрхэм зорилго олон улсын төслийг санаачлан,
цөмийн зэвсгээс ангид ирээдүйг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ төсөл
цөмийн зэвсгийн туршилтыг зогсооход чиглэсэн иргэдийн дуу хоолойг нэгтгэх
зорилготой юм. Үй олноор хөнөөх
зэвсгээс ангид Антрактид, Латин Америк, Номхон далайн өмнө зүг, Зүүн-Өмнөд Ази,
Төв Ази, Африк, Шинэ Зеланд зэрэг нийт 100 гаруй улс орон бий. Тэдний эгнээнд
Монгол Улс ч мөн багтдаг. Энэ нь тус дэлхийн энхтайвны төлөө бодлого явуулдаг
гэдгийг харуулж байна. Энхтайван
ертөнц байгуулах зорилгоор цөмийн зэвсгийг устгаж, ирээдүйн үр хүүхдүүдийн
аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө хамтран зүтгэх нь бидний нийтлэг зорилго
гэдгийг мартаж болохгүй” гэлээ.
Хүндэтгэлийн үйл
ажилагаанд БНКазУ, Чех, Беларусь, Вьетнам, зэрэг улсын Элчин сайдын яамдын
төлөөлөл болон Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам хуваргууд, сүсэгтэн олон
оролцлоо.
Энхтайвны хонх цохисны
дараа цөмийн туршилтын улмаас хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэж нэг минут
чимээгүй зогсов.