Categories
мэдээ нийгэм

Банзрагчийн Энхтуяа: Швед улс өөрийн нийгэмд байгаа аль ч үндэстэнд эх хэлээ сурах боломжийг нь нээгээд өгчихсөн байдаг

Швед улсад ажиллаж амьдарч байгаа яруу найрагч, зохиолч Банзрагчийн Энхтуяаг эх орондоо ирээд байхад нь уулзаж, тус улсад оршин сууж буй монгол хүүхдүүд эх хэл, соёлоо хэрхэн эзэмшиж, сурч боловсорч байгаа талаар ярилцлаа.

-Та Швед улсын Стокгольм хотын Эх хэлний төвд олон жил багшилж байна. Хилийн чанадад байгаа монгол хүүх­дүүд эх хэлээ хэрхэн сурч байна. Та бүхний ажил ямархуу байна вэ?

-Монгол хүмүүс дэлхий даяар оршин сууж, түүнээ дагаад дэлхийн боловсрол соёлтой танилцаж байна. Би Швед улсад тус улсын боловсролын салбарт эх хэлний багшаар ажилладаг. Эх хэлний багш гэдэг нь тэнд монгол хэлний багш гэдгээс арай өргөн хүрээтэй. Өөрөөр хэлбэл, монгол хэл, хоёр орны түүх, соёл, ёс заншлыг заахын хамт тухайн улсын хэлийг нь бас заах үүрэгтэй ажилладаг. Надаас гадна тэнд арваад монгол багш ажиллаж, Швед улсын боловсролын хууль дүрмийн дагуу монгол хүүхдүүддээ швед, монгол хэлийг зааж швед болон монгол соёлтой танилцуулж байна. Бид Швед улсын Стокгольм хотын хэлний төв гэдэг газар ажилладаг. Эх хэлний боловсрол олгох 300 гаруй хэлний 600-гаад багш ажилладаг том төв байдаг юм. Би бодохдоо Норвеги, Дани гэхчлэн хөрш зэргэлдээ улсуудад амьдарч байгаа монгол хүүхдүүд, тэнд хүүхдүүд нь сурч байгаа монгол эцэг эхчүүд байвал бас тухайн сурч байгаа сургуульд нь хандаад бид эх хэлээ заалгая, Швед улсад ийм байдаг юм байна, танай улсад байдаг уу гээд саналаа гаргах юм бол эх хэлээ үнэ төлбөргүй заалгах эрхээ эдлэх боломжтой. Яагаад гэвэл, Швед, Дани, Норвеги зэрэг улсууд бол хууль дүрэм нь бараг нэг жишгээр явж байгаа улсууд юм. Тэр улсад амьдарч сурч байгаа хүүхэд бүрийн тоогоор эх хэлийг нь эзэмшүүлэхэд зориулсан төсвийг тухайн улсаас нь суулгаад өгчихсөн байдаг л даа. Жишээ нь би 35 хүүхдэд эх хэлийг нь зааж байна гэхэд тэр 35 хүүхэд эх хэлээ зайлшгүй сурах ёстой гэж үзээд түүнд зориулсан тодорхой хэмжээний мөнгө төсөвт нь суулгачихсан байдаг.

-Таны ажиллаж байгаа эх хэлний төвд хичнээн монгол хүүхэд сурч байна?

-Өмнө нь 300 гаруй хүүхэд байсан. Одоо монголчууд нэмэгдээд 500 гаруй хүүхэд байна. Арваад багш монгол хэлээ зааж байна даа.

-Та тэнд хэдэн жил багшилж байгаа вэ. Хүүхдүүд монгол хэлээ хэр сурч байна?

-Би зургаа дахь жилээ багшилж байна. Өмнө нь Мон­голдоо долоон жил багшилж байсан. Хүүхдүүд эх хэлээ үзье гээд захиалдаг. Хоёр хэл­ний мөргөлдөөнд орчихсон хүүх­дүүд эх хэлээ сурахдаа янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Гурван янзын хүүхдүүд байна. Монголоос очсон хүүхдүүд мон­гол хэлэндээ маш сайн, швед хэлэндээ муу байдаг. Бид эх хэлээ заахаас гадна швед хэл бас заах үүрэгтэй учир швед хэлийг нь бас заана. Хоёрт, Шведэд төрсөн монгол хэлээр ойлгоод, ярьдаг ч бичиж чаддаггүй хүүхдүүд байдаг. Гуравт, монгол хэл огт мэдэхгүй, бүүр түүр ойлгох төдий хүүхдүүд ч бий. Насны хувьд арван тав, зургаатай нь ч, бүр жаахан зургаа, долоон настай нь ч ялгаагүй тийм. Эх хэл гэдэг төрмөл хэл. Эхийн цагаан сүүтэй хамт хөхөж өссөн байдаг байна л даа. Миний анзаарснаар монгол хэлэндээ маш сайн байсан хүүхдүүд швед хэлээ сайн сурахын хэрээр харам­салтай нь монгол хэлээ мартаад эхэлдэг. Тийм учраас эх хэлийг нь мартуулахгүйн тулд Швед орон өөрсдөө багш нарыг аваачиж цалинжуулж байгаа нь Монгол орныг бодоод байгаа юм биш шүү дээ. Шведийн нийгэмд байгаа тэр хүмүүсийг боловсролтой хүмүүс болгохын тулд эх хэлийг нь сургахад ихэд анхаарч байна. Боловсролтой хүмүүс байж л нийгэм нь хөгжинө шүү дээ. Тэр хөгжлийн үндэс суурь нь эх хэл байдаг учраас Швед улс өөрийн нийгэмд байгаа аль ч үндэстэн байсан тэр болгонд эх хэлээ сурах боломжийг нь нээж өгсөн байдаг.

-Гадаадад байгаа мон­голчууд харин энэ чиглэлээр бас хувийн сургалтын төв ч юм уу ажиллуулдаг гэж сонссон. Тэд ямархуу нөхцөлд ажлаа явуулдаг юм бэ?

-Сүүлийн үед дэлхий дахинд тархсан монгол хүүхдүүдэд чиглэсэн монгол хэлний янз бүрийн сургалтууд, монгол хэл заах хувийн сургуулиуд үнэндээ борооны дараахь мөөг шиг олширч байгаа л даа. Энэ уг нь зөв юм. Гэхдээ монгол хэл заах сургах нэрээр бизнесийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавих зохисгүй үзэгдэл мэр сэр байдаг. Швед орны хувьд бол, боловсролын системд нь тэртэй тэргүй бүх багш нарыг тодорхой хууль дүрмийнхээ дагуу сонгон шалгаруулж, боловсролын хуулийнхаа хүрээнд дэлхийн бүх хэлийг сургалтынхаа хөтөлбөрт үнэ төлбөргүй оруулчихсан байдаг. Багш нараа албан ёсоор цалинжуулаад нийгмээс нь тэр багш нарын нийгмийн асуудлыг нь ч харж үздэгээрээ давуу талтай. Нэгэнт Швед улсын Засгийн газраас хүүхдүүдэд нь ч, багш нарт нь ч боломж олгоод эх хэлний боловсролыг нь үнэ төлбөргүй олгож байхад хувийн сургалт тийм ч аминд тулсан асуудал гэж би үзэхгүй байгаа. Хувийн сургалтууд буюу хувийн сургууль гэж яригдаад байна л даа. Үнэндээ яг хууль дүрмийн дагуу нээгдчихсэн монгол хэлний хувийн сургууль байхгүй. Яагаад гэвэл, Швед улсад хувийн сургууль байгуулна гэдэг өч төчнөөн хуульд дүрмийн дагуу маш өндөр болзол хангаж байж шийдэх асуудал байдаг. Зүгээр л би багш байна гээд хэдэн эцэг эхчүүдийг цуглуулаад хагас бүтэн сайны сургалт явуулахад Швед улсаас үнэгүй байр гэхчлэн нөхцөл боломжийг нь хангаад өгчихдөг. Зөвхөн эх хэлний гэлтгүй тухайн хүн сонирхлын дагуу өөр ямар нэгэн сургалт юм уу уулзалт, арга хэмжээ зохион байгуулъя гэхэд цагаа захиалахад л улсаас өрөө тасалгааг нь үнэгүй гаргаад өгчихдөг юм. Гэтэл Монгол Улс руу мэдээлэл өгөхдөө бид сургалт явуулж байна, байр орон үнэ төлбөртэй байдаг, багш нарыг цалижуулна, байр сав, сандал ширээний мөнгө гээд ийм асуудлууд яригдаад зарим нь Монгол Улсын Засгийн газар руу асуудал тавих ч явдал гардаг юм шиг байна лээ.

-Дэмжлэг хэрэгтэй байна гэсэн үг үү?

-Хэрэв сургалт явагдаж байгаа тохиолдолд хагас бүтэн сайны сургалтад үнэгүй байр савыг хэнд ч өгдөг. Хүссэн хүн болгонд өгдөг. Сургалт явуулах, эх хэл зааж байгаа гэсэн нэрээр мэргэжилтэй, мэргэжилгүй баахан хүмүүсийг цуглуулаад “сургууль байгуулчихлаа, багш нарын цалин хөлс, өрөө тасалгаа байр савны мөнгө хэрэгтэй” гэсэн ийм асуудлуудыг Боловсролын яаманд хүртэл тавих явдал байдаг л даа. Ер нь дэлхийд тархан сууж байгаа бусад орнуудын хувьд тэр нь үнэ төлбөртэй, бэрхшээлтэй байдаг байж магадгүй л дээ. Швед улсад бол бүх дүүргүүдэд нь хориод багш улсаас нь цалин аваад ажиллаж байгаа. Ийм нөхцөлд тэртэй тэргүй дарамттай байгаа, ийм их эдийн засгийн хямралтай байгаа Монгол Улсаас хөрөнгө санхүү гаргуулах гээд байснаас харин тэр Швед улсын боловсролын системийн туршлага боломжийг нь судлаад хамтарч ажиллах нь илүү өгөөжтэй юм. Шалгалт шүүлгээ өгөөд хууль дүрмийн дагуу багшлах бүх боломж Швед улсад нээлттэй.

-Хилийн чанадад амьдарч байгаа монголчууд оршин суугаа улс орондоо хувийн бизнес эрхэлж өөрсдийгөө аваад явж байгаагийн эерэг талыг нь та хэрхэн харж байдаг вэ. Тэд улс орноосоо тодорхой хэлбэр, хэмжээний дэмжлэг хүсэх зүй ёсны шаардлага бас гардаг байх л даа. Харийн улсад байтугай эх орондоо хувийн бизнес эрхлэхэд амаргүй л байдаг шүү дээ?

-Монгол хэлний сургалтын тал дээр бол, би өөрөө бизнес чиглэлээр явж үзээгүй. Гэхдээ ямар ч байсан боловсролыг бизнес болгож болохгүй гэсэн үзэл бодол дээр би хатуу зогсдог хүн л дээ. Монгол хэлний сургалт явуулахын тулд сургуулийн санхүү, аж ахуй чухал биш. Шведэд энэ бүхнийг улсаас үнэ төлбөргүй шийдээд өгчихдөг. Тэгэхээр монгол хэл заах нэрээр бизнесийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж болохгүй юм. Гэтэл монгол хэлийг хөгжүүлэх асуудал нь өөрөө хүн бүрийн үүрэг шүү дээ. Үнэхээр монгол хэлний багш юм уу монгол хэлний багш биш байлаа ч гэсэн сурган заах аргатай хүн монгол хэл зааж байгаа тохиолдолд тэртэй тэргүй эцэг эхчүүдээс, цаана нь байгаа хүүхдүүдээс тодорхой хэмжээний төлбөр авдаг байхгүй юу. Гэхдээ албан ёсны сургалт сургууль нь гараад ирвэл төрийн зүгээс тодорхой нэгдсэн программ гаргаад төлөвлөгөөний дагуу, сурах бичиг, унших бичгүүд гаргаж баймаар санагддаг. Яг оюуных нь тал дээр Монгол Улсын боловсролын байгууллагаас хамтарч ажиллах юм бол тэр нь харин хөрөнгө оруулалт болно гэж би бодож байгаа юм. Монгол хэлээ заагаад хувийн сургалт явуулъя гэж байгаа хүмүүсийг эх орон нь тодорхой хэмжээгээр харж хандах нь зүйн хэрэг. Тэр нь яг монгол хэлээ сурах гэж байгаа хүүхдүүдэд хүрч очиж байна уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, одоо монгол хүүхдүүд хоёр хэлтэй байна. Англид байгаа хүүхдүүд англи хэлтэй, Шведэд байгаа хүүхдүүд швед хэлтэй, Францад байгаа хүүхдүүд франц хэлтэй, бараг тэр хэлээрээ явж байгаа хүүхдүүдэд шууд цагаан толгойг Монголд заадаг аргаараа заах уу, тухайн багш нь тэр хүүхдүүдийн төрж өсч амьдарч байгаа ахуйтай нь уялдуулж, сургалтын орчноо багш нь нарийн мэдэрч заах гэх мэтийн багшийн уран чадварын юмнууд гарч ирдэг. Ер нь үндсэндээ боловсрол, сургалтын судалгааны шинэ хандлагууд гарч ирж байгаа юм л даа. Гадаадад байгаа хүүхдүүд “Алим жимс идмээр байх юм. Авдранд байхаар яана аа” гээд дуулаад байхыг ойлгох уу. Энэ мэтчилэн бодох нарийн ширийн асуудлуудаа анхаарах хэрэгтэй. Тухайн улсынхаа болон бас Монгол Улсынхаа амьдралтай уялдуулж, хоёр соёлын хөрсөн дээрээс дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж амьдрах тэр шинэ хүмүүсийг боловсруулахад сургалтын шинэлэг арга хандлага л амин чухал байна.

-Таны ярианаас эх хэлний сургалтыг зөвхөн цагаан толгой, монгол хэлний хэлзүйн хүрээнд заах биш үндэснийхээ соёл, ёс заншил түүх ахуй амьдрал гээд агуулгаараа их өргөн хүрээнд явуулах шаардлагатай юм байна гэж ойлголоо?

-Тийм ээ. Монголын соёл иргэншлийг таниулахдаа бас өөрсдийнх нь Европт анх олж авсан тухайн ахуй нийгмийнх нь онцлогтой уялдуулах нь үр дүнтэй байдаг. Цагаан толгойг заахдаа хүртэл хоёр орны хэл соёл ахуй сэтгэхүйг харьцуулж л өгөхгүй бол хүүхдүүд мон­гол хэлээ сурах байтугай бүр дургүй болчихдог. Тэр байтугай албан хүчээр уйлаан майлаантайгаар сургалтдаа очдог явдал ч дуулддаг юм. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар Боловсролын яамнаас тэр хүүхдүүдийн гар дээр оюуны талх нь болж очих юманд л анхаарах хэрэгтэй. Ийм нэг судалгаа гарсан байгаа шүү дээ. Хоёр хэлтэй хүүхдийн оюуны чадвар нэг хэлтэй хүүхдүүдийнхээс 70 хувь илүү байна гэж. Тэгэхээр 70 хувь илүү сэтгэж байгаа хүүхдүүдийн сэтгэхүйг гүйцэж очихын тулд нэг хэлтэй хүүхдүүдэд заадаг шиг сурган заах аргаар зааж болохгүй л дээ. Энэ бол шинээр судлагдаж байгаа салбар. Би уран зохиолын магистр л даа. Дахиад монгол хэлний магистрт бас суулаа. Хоёр хэлтэй хүүхдийн сэтгэхүйн асуудал гэсэн чиглэлийг би сонирхож судалж байгаа юм.

-Манай Засгийн газраас хилийн чанад дахь монгол хүүхдүүддээ чиглэсэн эх хэлний боловсролын бодлого барьж байгаа, сурах бичгээр хангах асуудлыг ярьж байна гэдэг. Тэр нь ямархуу юм?

-Монгол Улсын Засгийн газраас гадаадад байгаа монгол хүүхдүүдийн сурах бичгийн асуудлыг шийдэхээр нэгдсэн групп гаргаж байна гэж сүүлийн үед ярьж байгаа юм байна лээ. Тэр группт мэдээж манай монгол хэлний Монголдоо байгаа доктор профессорууд орж байгаа байх гэж найдаж байна. Дээр нь гадаадад эх хэлний хичээл зааж байгаа багш нараас санаа оноог нь авах, магадгүй тэр группт нь оруулж хамтарч ажиллавал илүү үр өгөөжтэй юм уу гэж санах юм.

-Та өөрөө яруу найрагч хүн. Эх хэлээ зааж байна. Үндэсний уран зохиолоосоо тэнд байгаа хүүхдүүдэд та­нилцуулдаг биз дээ. Үн­дэсний уран зохиол гэдэг чинь хүнээ төлөвшүүлэх хамгийн том орон зай шүү дээ?

-Энхтуяа өөрөө яруу найрагч болохоороо зохиолч нараа заагаад байна, монгол хэл гэдэг чинь уран зохиол юм уу гэсэн салхины үг сонсогдож байсан л даа. Тэрийг сонссон манай хэлний төвийн удирдлагууд гайхаад “”Хүүе ээ, монгол хэл гэдэг чинь уран зохиолоо заадаггүй юм уу” гэж байсан. Ийм асуудлаар шведүүд нь гайхаж байгаа юм. Танайд монгол хэлний сургалтдаа уран зохиол ордоггүй юм уу, тэгээд та нар яаж монгол хэлээ заадаг юм бэ гээд нэг өдөр манай дарга надаас асуугаад гайхаж байсан. Ер нь манай монголчууд хүний газар хэнд, хаана, юу хэлэхээ бодмоор юм гэж санагдсан шүү. Миний хувьд, эх хэлээ ахуй соёлтойгоо, тэндхийн нийгэм ахуйтай нь, монгол уран зохиолтойгоо холбоод зааж байгаа нь нэг ёсондоо надад жаргал болж байгаа юм л даа.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Л.Цандэлэгийг цагдаа шалгаж байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Шим” группын захирал, Монголын тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлгийг шүүхэд өгчээ. Л.Цандэлэг хэлэхдээ “Намайг интернэтэд, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхэд өгсөн. Миний твиттер хуудсыг хаалгасан” гэсэн мэдээллийг хэлж байгаа. Энэ талаар ХХАА-н сайдаас асуухад:

-Л.Цандэлэгийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө бус намайг ажил үүргээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан гэсэн үндэслэлгүй мэдээллийнх нь төлөө, үнэн зөвөө тогтоолгохын тулд шүүхэд өгөөд байгаа. Хувь хүний маань хувьд гутаан доромжилсон, матарласан зураг хөрөг, мэдээ мэдээлэл олонтаа нийтлэгддэг. Би тэр бүхний араас хөөцөлддөггүй. Харин сайдын хувьд гүйцэтгэж буй албан тушаалтай холбоотой гүтгэлгийг бол залруулахаас аргагүй. Намайг албан тушаалаа урвуулан ашиглаж, улаанбуудай импортлогчдоос авлига авсан, Халх голыг Солонгосчуудад худалдсан, Си Жинпиний мөнгийг авч идсэн гэхчилэн ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давталттай цацсан. Тиймээс би төрийн албыг хүндэтгэх үүднээс АТГ-т хандсан. Миний тухай ийм мэдээлэл байна. Үүнийг шалгаач гэсэн. АТГ-аас “Үндэлэлгүй байна. Та авлига аваагүй байна” гэсэн хариу өгсөн. Миний гаргасан гомдлыг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би өөрөө ч мэдүүлэг өгч байна.

Нөгөөтэйгүүр Л.Цандэлэгийн твиттер хуудсыг хаалгасан зүйл байхгүй. Би өөрөө твиттер, фэйсбүүкийн талаар ойлголт муутай. Хувийн хаяг ч байхгүй. Харин албан хуудас нээж ажлаа сурталчилдаг. Хүний твиттер хуудсыг яаж хаадгийг ч мэдэхгүй. Тийм болохоор аль аль мэдээлэл нь үндэслэлгүй. Эрхзүйт орны иргэний хувьд асуудлыг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна. Би эгэл жирийн иргэн байхдаа сайд дарга нарын алдаатай үйлдлийнх нь төлөө шүүхэд өгч шийдүүлж байсан. УИХ-ын дарга болон нэгэн сайдын талаарх миний өргөдөл үнэн болох нь тогтоогдож байсан гэсэн хариуг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Залуучууд орон сууцны хөтөлбөртэй болно

Монголын залуучуудын холбоо Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч ажиллах санамж бичгийн саяхан байгуулжээ. Санамжид яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяр, МЗХ-ны Орон сууцны байнгын хорооны дарга Т.Анхбаяр нар гарын үсэг зурсан байна. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан бие биенээ хүндэтгэж, аливаа асуудлыг зөвшилцөн хамгийн зөв үр дүнд хүрэн хамтарсан уулзалт, сургалт семинар, сургалтуудыг зохион байгуулах ба залуучуудыгаа дэмжих зорилготой юм. Энэхүү санамжид “Залуучуудын орон сууцны корпораци” / ЗОСК / үүсгэн байгуулж, залуучуудад орон сууцны хөтөлбөртэй болгохоор заажээ.

Categories
мэдээ нийгэм

“Алдарын од”-ын анхны эзэд тодорлоо

Монголын анхны “Алдарын од” шагналыг “Соёл-Эрдэнэ” хамтлагт өнөөдөр гардуулж өглөө. Уг ёслол дөнгөж сая Соёлын Төв Өргөөний баруун хойд талд болсон юм. Ёслолд нийслэлийн захирагч Э.Бат-Үүл болон монголын рок попын үе үеийн төлөөлчид, үе үеийн “Соёл-Эрдэнэ”-чүүд оролцлоо.

Ёслолын эхэнд Э.Бат-Үүл “Өнөөдөр “Соёл-Эрдэнэ”-чүүддээ баяр хүргье. “Алдарын од” шагнал бөгөөд хамгийн анхныхыг нь “Соёл-Эрдэнэ” хамтлагт өгөхөөр шийдвэрлэсэн. Учир нь Монголын рок попын урлагт тус хамтлагийн оруулсан хувь нэмэр үнэлж барашгүй их. Иймд НИТХ-ын тэргүүлэгчид 100 хувь дэмжиж тус шагналыг олгохоор болсон. Мөн цаашид буюу жил бүрийн долоодугаар сарын 30-нд уг шагналаар Монгол соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруусан уран бүтээлчийг шагнаж байхаар шийдвэрлэсэн. Хэдийгээр гадны улс оронд “Алдарын од”-ыг газар бүтээдэгч бид Монгол уламжиллаа дээдээлж, Соёлын Төв Өргөөний гадна хананд тусгай тавцан зассан. Мөн өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, “Соёл-Эрдэнэ”-ийн долоон гишүүдийн энгэрт “Алдарын од”-ыг зүүж өгөхөөр боллоо. Энэ хамтлагийн гишүүдийн нэг МУГЖ Насантогтох өдгөө хөдөө орон нутагт явж байгаа гэсэн. Түүний шагналыг дараа нь хүлээлгэн өгнө” гэж хэллээ.

Ёслолын үеэр хөгжмийн зохиолч Б.Долгионы сэтгэгдэлийг сонслоо. Тэрбээр “Өнөөдөр рок попынхон бид нарын хувьд маш сайхан тэмдэглэлт өдөр болж байна. Энэ бол бидний мөрөөдөл байсан. Уг мөрөөдлийг маань биелүүлж байгаа хотын удирдлагууддаа баярлалаа. Гадаад жуулчид монголд ирээд энэ улсад ийм ододын хөшөө байдаг юм байна, монголын орчин цагийн хөгжим хөгжсөн байдаг юм байна гэж бодно. “Соёл-эрдэнэ” хамтлагийг монголын урлагийн их сургууль гэж болно. Өнөөдөр рок попод танигдсан,хамгийн олон фенүүдтэй уран бүтээлчид энэ хамтлагаар дамжсан байдаг. Орчин цагийн хөгжмийг монголд хөгжүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Энэ утгаараа би тэндэнд хүндэтгэл үзүүлэхээр энд ирээд байна. Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг бол “Соёл-Эрдэнэ” хамтлаг” гэв.

1969 онд Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамбын санаачлагаар анх “Соёл Эрдэнэ” хамтлагийн суурийг тавьж байжээ. Энэ цагаас ятгачин дөрвөн залуу цахилгаан гитар, бөмбөр суран тухайн үеийн Соёлын сайд С.Сосорбарам хөөцөлдөж, Японы алдарт “Yamaha” фирмийн хөгжмийн хэрэгсэлтэй болгосноор манайд жинхэнээсээ рок попын урсгал хөгжин гарч ирэх бололцоо бүрдсэн гэдэг.

Тэд анх “Соёл Эрдэнэ” чуулга нэртэй байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж байсан бөгөөд нэлээд хожим “Соёл Эрдэнэ” хамтлаг гэх болсон түүхтэй гэнэ. Тэдний нэг онцлог нь хамтлагийн бүрэлдэхүүнд үе үеийн уран бүтээлчид багтдаг бөгөөд тэд хамтлагаа үргэлж залуу уран бүтээлчдээр шинэчилж байсан юм.

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн бүрэлдэхүүнд Д.Цэрэнбат, Б.Эрдэнэхуяг, Ж.Батсайхан, Б.Наранбаатар, Д.Галсанбат, З.Зундарь, Б.Баяраа, Д.Дамдинсүрэн, Д.Жаргалсайхан, Д.Энхболд, Х.Булган, Б.Цолмон, Х.Рэнцэнханд, Б.Нандинцэцэг, Д.Дуламсүрэн, Ж.Уранчимэг, Насантогтох, Т.Ариунаа зэрэг Монголын рок, попын үе үеийн шилдэг уран бүтээлчид байсан юм.

Сонирхуулахад, “Никитон”-ы Б.Батчулууны аав Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ”-ийн анхны гишүүн. Мөн тус хамтлагийн Б.Наранбаатарын хүү нь өнөөгийн хөгжмийн мундаг найруулагчдийн нэг, продюсер Н.Халиун юм.

Тоглолтын бэлтгэл бүрэн хангагдаад байна

Ёслолын дараа НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүүтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр өнөөдөр оройны рок попынхоны хүндэтгэлийн тоглолтыг найруулж буй юм.

-Өнөө орой болох тоглолтын бэлтгэлийн ажил хэр хангагдаж байна?

-Хангагдаж байна. Өглөөнөөс эхлээд тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлсэн. Уран бүтээлчдийн хувьд бэлтгэлээ бүрэн хангаад байгаа. Энэ тоглолт “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Энэ зуны хамгийн сүүлчийн шоу тоглолт гэж хэлж болно.

-Ямар ямар хамтлаг дуучид оролцох вэ?

-Тоглолт орой 20:00 цагт улаан хивсны ёслолоор эхэлнэ. Тоглолтод А Cool, Хишигдалай, Чойжоо, Тэнүүн, Хонгор, Буянаа, Ганхүү, Сэрчмаа, Алтанцэцэг, Лхагвасүрэн зэрэг рок попын олон дуучид оролцон ая дуугаа өргөнө. Тэд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн шилдэг 25 бүтээлийг дуулна.

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Наран

Эх сурвалж www.shuud.mn

Categories
мэдээ нийгэм

Арслантай гүүр орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд Арслантай гүүрэнд хийсэн усан байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал албан ёсны тайлбар хийлээ. Сүүлийн өдрүүдэд уг усан байгууламжтай холбоотой янз бүрийн сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр гарч байгаа учраас бодит байдал ямар байгааг албан ёсоор мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрээр онцлов.

Тус усан байгууламж нь Арслантай гүүр орчимд хийхээр төлөвлөсөн томоохон тохижилтын ажлын нэг хэсэг нь юм байна. Өөрөөр хэлбэл Арслантай гүүр орчимд иргэдийн амрах, тухлах нөхцөлийг хангасан бичил цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөгджээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэдээллээр, энэ сарын 23-нд дүүргүүдийн ЗДТГ-ын ажил хариуцсан мэргэжилтнүүд болон усан оргилуурын засвар үйлчилгээг хариуцдаг байгууллагуудын удирдлага, инженерүүдийн дунд усан оргилуурын ашиглалтыг сайжруулах талаар өдөрлөг сургалт зохион байгуулсан байна. Тус сургалтад хотын нутаг дэвсгэрт хийж байгаа усан оргилууруудтай танилцах ажлын хүрээнд дэлхийн хотуудад сүүлийн үед нэвтэрч байгаа усан оргилуурын нэг төрөл болох усан хөшгийг ажиллуулж, усан хөшиг нь Арслантай гүүрний орчинд бичил орчныг бий болгох ажлын нэг хэсэг болохыг олон нийтэд мэдээлжээ. Тус гүүрэнд хийж байгаа энэхүү байгууламж нь анх удаа хөрсний усны нөөцийг ашиглан, усны зардал гарахгүй ажиллах онцлогтой байгууламж бөгөөд Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтэж байгаа ажил гэдгийг хотын Ерөнхий менежер онцоллоо.

Энэхүү томоохон тохижилтын ажилд нийт 70,18 сая төгрөг зарцуулагдаж байгаагаас зураг төсөл судалгааны ажил /4 сая/, гадна цахилгааны ажил /5.5сая/, гадна гэрэлтүүлгийн ажил /6.0сая/, газар шороо, тохижилт сэргээн засварлах ажил/13,6сая/, усан хөшигний байгууламжийн ажил/22,1 сая/, нэмэгдэл зардал ашиг /коэффициентийн дагуу/10,8сая/, захиалагчийн хяналт, магадлашгүй ажлын зардал /2,3сая/, НӨАТ/5,8 сая/ зэрэгт зарцуулагдаж байна. Зөвхөн усан хөшгийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдэхийн тулд авто зам доогуур 1,5м гүн, 16м урттай нүх ухаж цахилгаан дамжуулах хоолой байрлуулсан байна. Түүнчлэн хоолойгоор дамжин гарах усыг шүүж цэвэршүүлэх шүүлтүүр байршуулжээ. Уг усан байгууламжийг сайжруулах техник угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд эвдэрсэн гэмтсэн зүйл огт байхгүй юм байна.

Удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Усны урсгалыг харах, чимээг сонсох нь хүний сэтгэд зүйлд маш чухал нөлөө үзүүлж, амралт болдог. Бид Арслантай гүүрээс гадна, Туул Яармагийн гүүрэнд ийм төрлийн усан байгууламж хийхээр төлөвлөж байгаа. Хотын иргэдэд чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, тухлах газар маш их хэрэгцээтэй байна. Иргэдийн амрах тухай байх нөхцөлийг бүрдүүлэхээр Монгол инженерүүдийн хийж байгаа энэ ажлыг зохион байгуулалттайгаар гутаан доромжлох гэсэн хандлага үнэхээр утгагүй зүйл. Тиймээс хотын зүгээс цаашид ашиглалтын шаардлага бүрэн хангасан сүүлийн үеийн технологи бүхий усан оргилууруудыг нийслэлд олноор хийнэ” гэлээ.

Өнөөдрийг хүртэл НЗДТГ болон Захирагчийн ажлын албанд тус гүүрэнд хийсэн усан байгууламжтай холбоотой албан ёсны гомдол, санал иргэдээс ирээгүй байгаа юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Г.Бошигтод уучлал үзүүллээ

Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг, МоАХ-ны дарга асан Г.Бошигт өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч өргөдөл гаргаж байсан билээ.

Тэгвэл Монголын анхны Ардчилсан сонгуулийн 25 жил өдрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Г.Бошигт гуайд уучлал үзүүлсэн байна. Өдгөө 73 настай тэрбээр бие нь тааруу гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсч байсан юм.

Г.Бошигт нь 2013 оны хоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсгийг үндэслэн түүнд 10 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгай олимпоос хүрэл медаль хүртлээ

Дэлхийн Тусгай олимп АНУ-ын Лос Анжелес хотод болж байна. Уг тэмцээнд оролцож буй манай баг тамирчдаас бөөрөнцөг шидэлтийн төрөлд Б.Тулга хүрэл медаль хүртжээ.

Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулан оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм.

Categories
мэдээ эдийн-засаг

1982 төгрөгөөр ам.доллар нийлүүлэв

Төв банк өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаа зохион байгуулав. Энэ өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1978.00-1987.52 төгрөгийн ханшаар 25.3 сая ам.доллар, 318.90-320.81 төгрөгийн ханшаар 89.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1982.51 төгрөгийн хаалтын ханшаар 19.3 сая ам.доллар, 319.50 төгрөгийн ханшаар 56.0 сая юань нийлүүлэв.

Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 132.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 1.0 сая ам.доллар зарах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Усан спортын ДАШТ-д дөрвөн тамирчин оролцоно

Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд ОХУ-ын Казаньд болж байна. 16 дахь удаагийн ДАШТ-д 190 орны 2400 орчим тамирчин 75 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчин ДАШТ-д оролцохоор хойд хөршийг зориод байна. Тодруулбал, усан спортын ОУХМ Б.Дөлгөөн, спортын мастер М.Дэлгэрхүү, спортын 1-р зэрэгтэй Б.Есүй (бүгд “Хангарьд” клуб), спортын дэд мастер Б.Энххүслэн (БГД-ийн УССТ-ийн тамирчин) нар өрсөлдөх юм. Тамирчид 50 м-ийн мэлхий сэлэлт, араар даллах, 100 м-ийн далайн гахай, өврөөр даллах, 4*100 холимог сэлэлт зэрэг төрлүүдэд өрсөлдөх бөгөөд наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тэмцээнээ эхлүүлнэ.

Монголын баг тамирчид Казаньд. Фотог Mongolian Amateur Swimming Federation

16 дахь удаагийн ДАШТ-ийг өнөөдрийн байдлаар БНХАУ 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ (4+2+1), АНУ (3+0+1), Итали (1+0+2), Их Британи (1+0+1) улс удаалж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд усан спортын ОУХМ, “Хангарьд” клубын тамирчин А.Тамир Монголын багийн тугчаар оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагууд хагас өдөр ажиллалаа

Төрийн байгууллагууд өнөөдөр 08:30-12:30 цагийн хооронд ажиллалаа

Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэж байгаа билээ.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагуудын ажиллах хуваарь өөрчлөлт оруулсан юм.

Тодруулбал, төрийн байгууллагууд,

  • Долдугаар сарын 30-нд 08:30-12:30 цаг хүртэл
  • Долдугаар сарын 31-нд 10:00-17:30 цаг хүртэл ажиллана.