Categories
мэдээ улс-төр

Л.Гүндалайн нам 1300 гаруй гишүүнтэй болжээ

Улсын их хурлын гишүүн асан Л.Гүндалай хагас жилийн өмнөөс Ардчилсан намаас албан ёсоор хасагдах саналаа өргүүлж нам бус болсон. Уг шийдвэрийн дараа “Ард түмнээ хайрлая” нам байгуулж гишүүнээ бүртгэж эхэлсэн билээ. Гишүүний тоо 800 хол давсны дараа буюу одоогоос дөрвөн сарын өмнө улсын бүртгэлийн ерөнхий газарт гэрчилгээ хүссэн хүсэлтийг өргөн барьсан. Гэвч удаан хүлээгдсэн асуудал шийдэгдэж “Ард түмнээ хайрлая нам”-д албан ёсны үйл ажиллагаа явуулах, сонгуульд өрсөлдөх гэрчилгээ олгожээ. Байгуулагдсан дариудаа 800 гаран гишүүн элсүүлсэн холбоо одоо 1388 гишүүнтэй болжээ. Үүнээс 1100 нь Орхон аймгийн харьяат иргэд юм байна. “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай бидний хамгийн түрүүнд хийх ажлын эхлэл бол ард түмэнд намынхаа цаашид хийж ажил үүрэг, хариуцлага цаашлаад хийх ажлын талаар танилцуулж ирэх 2016 оны сонгуульд итгэл хүлээлгэх явдал гэдгийг өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцолж байлаа. Мөн өөрийн зүгээс сонгуульд Орхон аймгаас дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Зуун дамжсан аав, хүү хоёр аварга хөдөлмөрийн баатар цолныхоо наадмыг нижгэр тэмдэглэлээ

Монгол Улсын
хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх их
аварга Хакухо Шёо М.Даваажаргалын баатар цолондоо хүндэтгэл үзүүлэх бэсрэг
наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод хотноо дэлгэр сайхан боллоо. Наадмын нээлт
Зуунмод хотын цэнгэлдэх хүрээлэнд бага үдэд Төв аймгаас гаралтай урлаг
соёлынхны тоглолтоор эхэлсэн. Цэнгэлдэхийн төв асарт Төв аймгийн удирдлагууд,
олны танил хүмүүс байраа эзэлж, асрыг голлуулан зассан угалзтай түшлэгт сандалд
аав, хүү хоёр их аварга ханхайж түмэн олны хайр талархлыг өөрийн эрхгүй татаж
байв. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах далай даян дархан
аварга Ж.Мөнхбат 1973 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс чөлөөт бөхийн
төрөлд алтан медалиар энгэрээ мялааж, 1963-1967 онд дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнд амжилттай оролцон, 1967 онд Энэтхэгийн Дели хотноо болсон ДАШТ-ээс
хүрэл медаль хүртэн, 1968 оны Мехикогийн зуны олимпийн чөлөөт бөхийн төрөлд
Монголоосоо анх мөнгөн медаль авчирсан дэлхийн хэмжээний хүчтэн гэдгийг
манайхан сайн мэднэ.

Тэрээр сар шинийн барилдаанд зургаан удаа, төрийнхөө их
наадамд 1963-1967 он хүртэл завсаргүй таван удаа түрүүлж, мөн 1974 онд түрүүлэн
алдар цолоо дуудуулж явсан домогт монгол бөх билээ. Мөөеө аварга ид барилдаж
байх үедээ “Давах би яараагүй байхад унах чи юундаа яарсан юм” гэж учраа бөхдөө
хэлдэг байсан нь эдүгээ өөртөө итгэлтэй хүний хэлц үг болж үлджээ. Түүний хүү
М.Даваажаргал тэгвэл японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд нийтдээ 35 удаа
түрүүлж, амжилтаараа сумогийн түүхэнд нэгдүгээрт бичигдэж байгаа энгүй их
хүчтэн. Тэрчлэн жилийн зургаан башёд хамгийн олон давсан давааны тоогоор найман
жил дараалан түрүүлсэн, жилд 86 давсан үзүүлэлтээр бас л сумогийн ертөнцийг
тэргүүлж яваа. Мөн 2010 оны гуравдугаар сараас 2011 оны тавдугаар сарын башё
хүртэл нийтдээ долоон удаа дараалан түрүүлснээр түүний өмнө бичигдэх алдартан
үгүй болсон агаад ёкозуна цолтойгоор 720 удаа дараалан барилдсан үзүүлэлтээр
түүхэнд нэрээ мөнхлөөд байгаа юм. Мөн дээд зиндаанд 11 удаа уналгүй түрүүлсэн
гээд түүний амжилтын буухиа цаг үргэлж тасралтгүй өөдөө дэвшин үргэлжилж иржээ.

Арлын орны
үндэсний бөхөөр ааг бяр, авхаалж самбаагаа гайхуулж яваа нутгийн хүүгээ Төв
аймгийнхан гүн хүндэтгэж аав, хүү хөдөлмөрийн баатруудын амжилтын товчооныг
гавьяат жүжигчин Отгон, хөтлөгч Цоодол нар танилцуулахад хурсан олон хурайлан
баяр хүргэцгээж байлаа. Хүндэтгэлийн наадамд улс, аймгийн цолтой хүчит 128 бөх
барилдаж Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, Монгол Улсын гарьд Д.Гончигдамба
түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба
үзүүрлэн, их шөвгийн дөрөвт улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Батчулуун нар
үлдсэн юм. Түрүү бөхийг таван сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг гурван сая
төгрөгөөр байлав. Наадмын үеэр их аваргын
гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт
бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өгөх ёслол болсон. Хакухо аваргыг дагалдан
Японоос 140 гаруй хүн ирснээс өөрийнх нь дэвжээний 28 хүн байгаа гэсэн. Аваргын
ууган охин Д.Юнрэнцоо, хүү Д.Мөнхжаргал нар өвөө, эмээгийнхээ энд тэнд гарч их
л жаргалтай харагдсан. Харин балчирхан Мааяа охиныг нь их аваргын туслах сумоч
энгэрээсээ салгахгүй үргэлжид маллаж байсан. Наадмын төв асрын хүндэтгэлийн
суудалд хөдөлмөрийн баатар, Монгол Улсын тод манлай уяач Д.Давааням, тод манлай
уяач Д.Онон, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Монголын
олимпийн хорооны дарга асан Жамц нарын алдартнууд одон медалиа гялалзуулан,
өнгийн дээлээр хээ хуарлан сууцгаасан.

Хакухо аваргын хөдөлмөрийн баатар цолны хүндэтгэлийн их
насны морьдын уралдаанд 151 хурдан буян шандас сорьсноос Төв аймгийн Сэргэлэн
сумын харьяат, тод манлай уяач Д.Ононгийн зээрд түрүүлж, “Босоо хүлэг” галын
уяач, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ц.Бат-Энхийн бор, Дорнод аймгийн Хөлөнбуйр
сумын харьяат Будхангайн хүрэн, Төв аймгийн Баянцагаан сумын уяач М.Эрдэнэбаатарын
цавьдар, Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Б.Цэрэнбаатарын бор айргийн тавд
хурдаллаа. Зуун найман хурдан дааганаас Завхан аймгийн уяач Галбадрахын буурал
түрүүлж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач Санчирболдын зээрд халзан,
Төв аймгийн Цээл сумын Манахүүгийн Ганбатын сартай хээр, Сэргэлэн сумын уяач
Ононгийн Батбилэгийн зээрд халзан, Баян сумын уяач Ж.Довдонбалжирын хул зүсмийн
дааганууд айргийн тавд торгон жолоогоо өргүүллээ. Хакухо өөрийнхөө ёкозуна
цолны бэлгэдлээр 69 дүгээрт давхисан морьд, баян ходоодонд давхисан даагыг
байлсан. Морьдын цолыг цэнгэлдэхэд дуудах үеэр Д.Онон манлай их аваргад ноднин
жилийн улсын наадамд аман хүзүүдсэн хавчиг зээрдээ бэлэглэж, ирэх сарын 7-нд
болох Монголын морин спорт, уяачдын холбооны ойн наадамд нутгийнхаа хүүгийн нэр
дээр уралдуулахаа амлаад авсан. Төв аймгийнхан аав, хүү хоёр баатарт бүрэн
тоног бүхий эмээл хазаартай морь тус бүр нэжгээдийг цулбуурдуулж, монгол нум
сум өргөн барьсан нь бэлгэшээлтэй санагдаж байлаа. Одоогоос гучин таван жилийн
тэртээ дархан аварга Ж.Мөнхбат төрийнхөө их баяр наадамд хурдан хүлгээ сойж,
түрүү магнай авч байсан түүхтэй юм байна. Наадмын үеэр Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалтай уулзаж
хөөрөлдлөө.

Хакухо
М.Даваажаргал:
Таван жил сайхан барилдахыг л
мөрөөдөж байна

-Таны баатар цолны найр, хүндэтгэлийн наадам сайхан болж
байна. Манай уншигчдад сэтгэгдлээ хуваалцаач?

-Мэргэжлийн сумод үзүүлсэн амжилтыг минь засаг төр үнэлж
хөдөлмөрийн баатар гэдэг хүндтэй сайхан цолоо хүртээлээ. Нутгийнхаа ард
түмэнтэй наадмаа хийгээд, ойрхноос гар барилцаад, золгоод үнэхээр сайхан байна.
Наадам маань сайхан ч өдөр болж, нутаг ус минь ивээж, сэтгэл туйлын өндөр
байна.

-Нэг гэрээс аав, хүү хөдөлмөрийн баатрууд боллоо. Өнөөдөр
зэрэгцэж суугаад баяраа тэмдэглэж байгаа нь бас л бахадмаар сайхан байна шүү?

-Найз нөхөд минь биднийг “Зуун дамжсан аав, хүү аваргууд”
гэж ярьдаг. Би ч ингэж хэлүүлэх их дуртай, үүнд нь ч дасч байна. Яагаад ч юм
сайхан сэтгэгдэл төрж, омогшмоор санагддаг. Миний хувьд нутагтаа байнга ирэх
хүсэл байдаг ч бэлтгэл ихтэй, цаг давчуу болохоор тэр бүрий ирээд байхгүй юм.

-Нагоя башёд түрүүлж гучин тав дахь түрүүгээ авч түүхэн
амжилтаа ахиуллаа. Таны амжилтын нууц юунд байна вэ?

-Нагоя башё миний хувьд мартагдахааргүй сайхан болсон.
Миний хайрлаж хүндэтгэж явдаг хоёр аварга байдаг. Нэг нь 69 дараалан давсан
Футаяама их аварга. Нөгөөх нь, хамгийн олон буюу 32 удаа түрүүлсэн Тайхо
аварга. Тайхо аваргатайгаа амьд сэрүүн байхад нь гэр бүлийн дотно харилцаатай
байж, олон сайхан зөвлөгөөг нь авч байсандаа маш их баярлаж явдаг. Энэ сарын
башёд Тайхо аваргынхаа амжилтыг 44 жилийн дараа эвдэж, ачийг нь хариулсандаа
баяртай байна.

-Танд тод манлай уяач Д.Онон унаган хурдан морио
бэлэглэлээ. Морио өөрөө сойх уу?

-Онон ах маань
ноднингийн наадамд аман хүзүүнд давхисан морио миний хөдөлмөрийн баатар цолыг
мялааж бэлэглэсэнд их л бэлгэшээж баярлаж байна даа, дүү нь. Наймдугаар сарын
эхээр уяачдын холбооны наадам болох юм байна. “Тэр наадамд өөрийн чинь нэр дээр
уралдуулна” гэж Онон ах хэлсэн.

-Сумогийн ертөнцөд монгол бөхчүүдийнхээ түүчээ болсон
Цэвэгням маань зодог тайлахаа мэдэгдсэн нь танд ямар санагдав?

-Манай анхны сумоч Цэвэгням ахын маань сүүлийн башё
боллоо. Сүүлийн башёд нь ахынхаа хамт нэг машинд сууж парадад хамт явсан тэр
дурсгалт мөчүүдийг би хэзээ ч мартахгүй. Цэвэгням ах минь хэдийгээр нүдэндээ
нулимстай дэвжээнээс буусан ч сумогийнхоо төлөө олон сайхан үйлс бүтээнэ гэж
бодож байгаа.

-Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт таны гэргий тоёота маркийн
машин бэлэглэлээ. Танд харин нутгийнхан чинь ямар бэлэг барьж байх юм?

-Төв аймагт өөрийн
гэсэн үзэсгэлэнгээ байгуулаарай гэж ихээхэн хэмжээний газар бэлгэнд өгч
байгаагаа мэдэгдсэн. Энэ сайхан нутгийнхаа зон олны сайн сайхны төлөө
аймгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хувь нэмэр
оруулах төлөвлөгөөтэй байгаа шүү.

-Та ингэхэд өөрийнхөө наадамд яаж наадаж байна?

-Нум эвшээлгэж, сум тавилаа. Даага дагалаа. Миний
Монголын унаач хүүхдүүд юутай сэргэлэн, гайхалтай мэдрэмжтэй юм бэ. Бүүр өөрийн
эрхгүй огшоод нүдний нулимс цийлэгнэж байна лээ шүү.

-Японоос олон зочин ирэв үү?

-Зуу гаруй хүн ирсэн. Жилийн дөрвөн улиралд башё болдог
хотуудад миний фен клубүүд байдаг. Тэдний төлөөллүүд ч хүрэлцэн ирсэнд сэтгэл
их өндөр байна даа.

-Та мэргэжлийн сумогийн олон рекордыг эвдлээ. Эвдэхээр
рекордууд олон байгаа юу?

-Монгол Улсын тамирчид олимпод оролцоод аав минь хамгийн
анхны мөнгөн медалийг авсан. Мөрөөдөл минь 2020 оны олимп хүртэл зодог
тайлахгүй сайхан барилдах л санаа байна шүү. Монгол хэмээх энэ сайхан улсад төрж,
өсөөд, Япон хэмээх арлын сайхан оронд өдий зэрэгт хүрснээ уул усны минь буян,
олон түмний минь хайр халамж л гэж сүслэн биширч явдаг даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургуудыг
Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Өөлд: Ургац алдсан учраас нуугаад, хаагаад, хүлээгээд байх юм байхгүй

Хүнс,
хөдөө аж ахуйн сайд асан, Монгол Улсын гавьяат агрономич Ц.Өөлдтэй ургац тойрсон сэдвээр ярилцлаа.

-Хэт
халалтын дараа Монгол Улс ургац хурааж
авах болов уу, танд ямархуу төсөөлөл бууж байх юм бэ?

-Би
хөдөө гадаа яваагүй, ерөнхий мэдээлэлтэй байгаа. Гэхдээ зургадугаар сарын
сүүлч, долдугаар сарын эхээр айхавтар
халсан. Ялангуяа Булган, Төв, Сэлэнгийн нутгаар 38 хэм хүртэл халсан, тэгэхээр
газартаа 50-60 хэм халсан байх ёстой. Энэ агуулгаараа энэ жил ургац муу авна.
Миний ойлгож байгаагаар ямар ч байсан 60 хувийн ургац алдсан. Одоо бол тариа
түрий багатай, торчийсон жижигхэн намхан юм байгаа. Тэрнийг хурааж авахад
хэцүү. Тариаланчид бол шууд хурааж авах бэлтгэлээ хангах хэрэгтэй. Бага ч гэсэн
тариагаа хаягдалгүй хурааж авах учиртай.

-Шууд
хураана гэхээр яана гэсэн үг вэ?

-Ангилна
гэдэг нь эхэлж хадчихаад, балан дээр нь байлгаж байгаад дараа нь цайруулдаг.
Одоо бол шууд цайруулаад явна. Тариа нэг их өндөр ургаагүй, тарианы болц нэг их
оройтохгүй байх, зүгээр их намхан байна. Най­ман сардаа бороо их орвол хэцүү.
Бороо орвол ногоон тариа дороосоо ургаж гарч ирдэг. Тэр бол тариа болохгүй.
Тэжээл л болно. Тийм учраас тариаланчдадаа хэлэхэд үндсэн намханыгаа харж л
хураах учиртай. Өндөр ногоон нь тариа болохгүй, яахав сүрэлтэйгээ холиод малын тэжээл болно. Үр тариа алдлаа гэхэд
малын тэжээл аваад, түүнийгээ сайхан боогоод, малчдад зарвал тариаланчдад
боломж бий.

-Одооны бороо тариа ургахад нэмэргүй гээд байгаа нь үнэн үү?

-Одооны бороо тарианы болцод ямар ч нэмэргүй. Харин ч
тариа нялхруулаад, ургац хураахад хүндрүүлнэ. Яахав одооны орж байгаа бороо
бэлчээрийн ургамлыг жаахан сэргээх байх. Гэхдээ
энэ жил хадлан авч чадахгүй дээ. Гантай байсан учраас Төв, Сэлэнгийнхэн
хадлангүй болчихож байгаа юм. Малчдад хүнд тусна. Нөхцөл байдлыг судалж үзэж байгаа л гэж Хүнс хөдөө
аж ахуйн яамнаас мэдээлж байх шиг байна лээ. Тэртэй тэргүй нийт хэрэгцээт
гурилынхаа 30-40 хувийг авч чадах уу,
үгүй юу. 60-70 хувийг гаднаас л авч
таарна. Гаднаас авах асуудлаа одоо хөөцөлдөж байх учиртай. Хятадаас авах уу, Оросоос авах уу, оронд нь
юу гаргах вэ.

-Орос, Хятад бас гантай байгаа юм биш үү?

-Гантай. Гэхдээ том гүрэн 20-30 мянган тонн юм
гаргахад гайгүй л дээ. Махаа гаргах л
хэрэгтэй байгаа юм. Махаа гаргаад гурил авна. Тийм байдлаар бодитой алхам хийх ёстой.

-Орос, Хятад ургацынхаа төчнөөн хувийг алдана гээд
мэдээлээд байх юм. Монголчууд яагаад мэдээлэхгүй байгаа юм бол. Мэдээлэхгүй
байсан нь дээр гэж үзсэн юм болов уу, мэдэхгүй байгаа юм болов уу?

-Мэдэхгүй, төр засаг нь юу гэж үзэж байгаа юм. Ер нь
мэдээлж, ил тод байх нь л зөв. Бодит байдлыг мэдээлвэл компаниуд гурил, будаагаа оруулж ирнэ. Бизнесийнхэндээ
дохио өгөх ёстой. Тэгэхгүйгээр болох байх гээд байвал болох ч үгүй л дээ.

-Харин болоод байгаа нь ч мэдэгдэхгүй, болохгүй байгаа нь
ч мэдэгдэхгүй чимээгүй байх юм даа?

-Тариагаа бол энэ
жил үндсэндээ алдсан. Тариагаа алдсан учраас нуугаад хаагаад, хүлээгээд байх юм
байхгүй. Ерөөсөө мэдээллээ шууд цацах хэрэгтэй.

-Зургадугаар сарын хэт халалт ургац алдахад нөлөөлчихөв
үү?

-Зургадугаар сарын халалт, долдугаар сарын эхний халалт
нөлөөллөө. Үр тариаг жинхэнэ буталж байх үед л тийм их халалт таарсан. Хуучин
бол бутлах үед нэг үрнээс дөрөв, таван иш гардаг. Энэ жилийнх бол нэг үрнээс нэг л иш байгаа. Тийм учраас ургац тачир байна.

-Жаргалант суманд тариан талбайд очиж үзсэн. Ишний өндөр нь 40-60 см байна
лээ?

-Өдийд бол 80 см-ээс метр 20 см байх ёстой.

-Өдийд тариа сайхан халиурч байх нь ээ?

-Сайхан халиурч байдаг үе. Өдийд үр цутгаж байгаа үе л
дээ.

-Өмнө нь ийм ган хэр тохиолдож байв?

-Зургаа, долдугаар сарын ган 1969 онд тохиолдож байсан
даа. 1982 оны үед байх аа, нэг гантай жил болсон. Тэгэхэд бас харьцангуй гайгүй
л дээ. Тэжээлийн үйлдвэрүүд ажиллаж байсан. Гурилын жаахан нөөцтэй байлаа. ЗХУ задраагүй байсан болохоор тэндээс тусламж
авч байв. Одоо улсын гурилын нөөц гэж байгаа юм уу, үгүй юм уу. Социализмаа магтаад яах вэ, тэр үед тарих үрээ гурван жил хүрэлцэхүйц нөөцтэй
байлгахын төлөө ажиллаж байсан. Энэ жил ядаж хойтон жил тарих үрээ хураагаад,
багахан ч гэсэн тариагаа хурааж авах байх гэсэн бодол байна.

-Бусад орнууд ч гантай болохоор үр тарианы үнэ өснө гэсэн
үг үү?

-Өснө, гурилын үнэ нэмэгдэнэ, гаднаас авах тарианы үнэ
нэмэгдэнэ. Тиймэрхүү л хандлага ажиглагдаж байна. Муу амлаж байна даа, одоо яая
гэх вэ.

Дэлхий дулаарч байна гэдэг. Цаашдаа ганд тэсвэртэй
сортын үр тариалах хэрэгтэй байх, өөр яах ёстой вэ?

-Аль алиныг нь авах л чухал, ганд тэсвэртэй, нэг их
түргэн болдоггүй, дунд болцын
сортуудыг олж тарих ёстой.
Хоёрдугаарт дулаарал тэртэй тэргүй болно гээд байгаа юм чинь услалтын
системүүдийг нэлээд барьж байгуулах хэрэгтэй.

Манай ус мөрнүүд гадагшаа гараад явчихаж байна. Сэлэнгэ,
Орхоны дэргэд цүнхээл гаргаад, нуур тойром бий болгоод, илүү сайхнаар мөрөөдөх
юм бол загас үржүүлээд, хүнд эзэмшүүлж өгөхгүй бол гадагш нь хамаг усаа гаргачихаж байна.

-Усалгаатай тариалан үнэтэй тусна даа. Монголд усалгаатай тариалан бий болгох боломж байдаг
уу?

-Бодлогоор хийх ёстой. Засгийн газар хөрөнгө гаргаж, зээл өгч, төчнөөн жилийн дараа
эргүүлж авна гэж бодлогоор хийхгүй бол болохгүй.

-Урьд нь яагаад томоохон усалгааны систем байгуулах
дорвитой алхам хийж чадаагүй юм бол?

-Өмнө нь 120 гаруй услалтын систем байсан. Жижиг, том.

-Тэр нь нийт
тариалан­гийн талбайн хэдэн хувь гэсэн үг вэ?

-Нийт тариалангийн талбайн арван хэдхэн хувь л даа. Гол
төлөв баруун аймгуудад жижиг услалтын систем барьж байсан. Баруун аймгуудад үндсэндээ
Монголын малын 40-50 хувь нь байсан.
Түүнд чиглүүлж малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жижиг услалтын систем барьсан
даа. Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч сайд байсан Т.Рагчаа гуай л энэ
ажлыг сайн зохион байгуулсан хүн. Услалтын систем барих хэрэгтэй. Орчин үед
Хятад, Оросын услалтын систем бидний үеийнх шиг биш дуслын системтэй. Ургамлын
үндэс рүү нь л дуслаад байдаг систем бий болсон. Дуслын услалтын системийг
оруулж ирсэн газар бий байх аа.

-Хэт халах нь гэдгийг урьдчилж мэдэх боломж байсан юм
болов уу?

-Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж л байсан байх. Гэхдээ
энэ жил үүл нь гараагүй юм уу, үүл рүү буудаж, бороо оруулах ажил амжилттай
болсонгүй. Дарханд үүл буудсан чинь хотод бороо оруулчихлаа гээд байсан. Үүл
буудаж бороо оруулах шинэ технологи л доо. Хятадаас сум авчирч чадахгүй байсаар
өнгөрсөн бололтой юм.

-Тариаланчдаа дэмжихийн тулд төрөөс ямар бодлого
баримтлах ёстой вэ?

-Одоо нэг жаахан дэмжлэг бий л дээ. Тушаасан буудайнд
урамшуулал өгдөг. Уриншид гарах зардлыг төр даагаад, эсвэл урт хугацааны зээл
өгөөд, хойтон жилийн ургацаас нь авдаг
байж болно. Жилийн хугацаатай бага хүүтэй
зээл өгч газар тариаланг өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Төрөөс бага хүүтэй зээл өгөх боломж хэр байдаг вэ?

-Ер нь тэгээд газар тариалангаа дэмжихгүй бол Монгол Улс
хоёр гүрний хараат болно. Монгол хүн гурилгүйгээр долоо хонож чадахгүй шүү дээ. Жимс
идэхгүйгээр жил ч болж чадна. Тариа бол
стратегийн бүтээгдэхүүн. Стратегийн бүтээгдэхүүн учраас засаг төр гурилынхаа
нөөцийг бодож зохих арга хэмжээ авч байх
учиртай. Тэгэхгүй бол хэдэн тариаланчдадаа найдчихаад, нөгөө хэд нь
мөнгөгүй жилээс жилд тариалах талбайгаа
багасгаад байвал Монгол Улс гурилаа
гаднаас худалдаж авч иднэ л гэсэн үг. Одоо бол гаднаас гурил авах хөрөнгө мөнгө
хүрдэггүй юм бол 60 сая хүрсэн гээд
байгаа малаасаа гаргах хэрэгтэй. Өмнө нь ОХУ-тай гэрээ хийгээд мал гаргаад л
байсан шүү дээ. Мал 25 саяас дээш өсдөггүй байсан гээд өнөөдөр ярьж байна лээ.
Тэр үед Орос руу жилд арав гаруй мянган
тонн мах гаргадаг байсан байхгүй юу. Одоо тийм юм байхгүй. Малыг эргэлтэд оруулж, малчдаа хөрөнгөтэй болгож, малчид
нь хөрөнгөтэй болж байж тэжээлээ бэлтгэх учиртай.

-Тариаланчид малын тэжээл бэлтгэлээ гэхэд малчид тэр их
тэжээлийг худалдаж авах чадал байна уу гэдэг асуудалтай?

-Асуудалтай. Гэхдээ малаараа солино биз.

-Та тариаланчдын хэлээд байгаа гомдол, яамнаас өгч байгаа
хариуг анзаарч байгаа юу?

-Сонсч суудаг.

-Зүй нь яах ёстой юм бол?

-Яамны зөвлөхөөр Ерөнхий сайд байсан Гунгаадорж ажиллаж
байгаа. Тэд зөвлөгөө өгдөг байлгүй дээ.

-Төрийн бодлого хүнс хөдөө аж ахуйн салбарт байгаа онож
байна уу?

-Байгаа онохгүй, хажуугаар нь, амьдралаас хөндийдүү бодлогууд яваад байна шүү дээ. Бодлогууд бол байна. Хэрэгжиж байгаа юм
байхгүй. Тиймэрхүү л байна.

-Зарим улс орнуудад бордоог үнэгүй өгч тариаланчдаа дэмждэг
гэх юм?

-Гаднаас бордоог нь авчирч өгч болно. Бордоогоо зээлээр
өгөөд, тариаланчдыг бордоогоор хангавал газар тариалангаа дэмжих нэг арга.
Хоёрдугаарт түрүүн ярьдаг услалтын систем. Услалтын системд төр мөнгөтэй болж
байж л зээл өгөх байх даа. Одоогийнх шиг цалингаа тавьж чадахгүй төр юу хийх
вэ. Ер нь талбайгаа бордох чиглэл барих нь хөрсөө хамгаалах, ургацыг
нэмэгдүүлэх бололцоог олгоно. Тийм учраас бордоо гэдэг чинь зөв л агуулга.

-Мал тариан талбай руу ордог гэж тариаланчид байнга гомдоллох юм. Ядаж үүнийг
шийдэж болдоггүй юм байх даа?

-Зах зээлээ дагаж Төв, Сэлэнгэд баруун аймгуудын олон
малчид суурьшсан. Төв, Сэлэнгэ зэрэг
тариатай газруудад бэлчээрийн мал аж ахуйг байлгахгүй гэсэн шийдвэр л
ерөнхийдөө гаргах ёстой. Эрчимжсэн мал аж ахуй, саалийн ферм, мал бордох аж
ахуйгаа байгуулаад тэжээл нийлүүлж болно. Эрчимжсэн мал аж ахуй
л тариалангийн бүс нутагт байх ёстой.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Ш.НАРАНЧИМЭГ: Би 2007 оны тэргүүн Нансалмаа болж Байлаа

Улсын
дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан
Ш.Наранчимэгтэй ярилцлаа.

-Наадмаар
Чингисийн талбай дээр “Учиртай гурван толгой” дуурь тавиг­даж та Нансалмаагийн
дүрд тоглосон. Өмнө нь Нансалмаагийн дүрд тоглож байсан уу?

-Өмнө нь
Нансалмаагийн дүрд дуулж байсан. 2007 оны тэргүүн Нансалмаа болж байлаа. Талбай
дээр тоглогдох “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн сонгон
шалгаруулалт болоод би сонгогдсон. Дуулж байсан болохоор нэг их хэцүү
байгаагүй. Ялгаа нь гэвэл тайз том байсан учраас жаахан эвгүй байсан л даа.
Мэдээж анх удаа гадаа тоглож байгаа болохоор микрофон маань дуугарах болов уу,
морь маань үргэчих юм биш байгаа, тайзан дээр алдаа гарах вий гэсэн эмээлт
байсан. Мөн тайз тойрч гүйж байгаад амьсгаадах вий дээ гэж бодож байлаа. Мэдээж
үүнийг жүжигчин хүн учраас бүгдийг зохицуулах ёстой байдаг. Тоглолт маань их
сайхан болж өнгөрсөн.

-Олон
удаа Нансалмаад тоглоход хамтрагчид чинь өөрчлөгдөж байсан байх?

-Би их
олон Юндэнтэй дуулсан. МУАЖ А.Дашпэлжээ, МУГЖ М.Болд нартай дуулж байсан юм
байна. Сая талбай дээр тоглогдсон “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд МУГЖ
Э.Амартүвшин тоглосон.

-Гэр
бүлд чинь урлагийн хүн бий юу. Яагаад урлагийн хүн болсон бэ?

-Би
Баянхонгорын Богд сумын хүн. Аав, ээж маань нутагтаа сайхан дуулдаг хүмүүс.
Гэхдээ яг урлагаар явсан хүн байхгүй. Би анх удаагаа гэр бүл, хамаатан садныхаа
хувьд дуучин болсон хүн. Ёстой л бор зүрхээрээ олон жил хичээсний эцэст л энэ
зэрэгт хүрсэн дээ. Хөгжим бүжгийн коллеж, СУИС-т суралцаж төгсөөд Итали руу
мэргэжил дээшлүүлээд ирсэн. Энэ мэргэжлээрээ тууштай явж байна даа.

-Их
дурлаж орж дээ?

-Дурлалгүй
яахав. Хүүхэд байхдаа л урлагийн үзлэгт ороод тэргүүн байрыг нь авчихдаг
байсан. Жаахан дуулчихдаг хүүхэд байлаа. 1995 онд аав минь хөтөлж авчраад
Хөгжим бүжгийн коллежид оруулж байсан. Яг дуурийн дуучин болно гэж бодоогүй
байсан юм. Өөрөө дуулаачаар олон жил сурсан учраас мэргэжлийн дуучин л болох
ёстой юм байна гэж бодсон. Долоо найман жил сурчихаад зүгээр нэг дуу дуулах надад
нэг л чамлалттай байгаад дуурийн урлагт хүчээ сорьж үзмээр санагдсан. Дээрээс
нь Баянхонгороос Дуурийн театрын тайзнаа дуурь дуулж байсан хүн бараг байхгүй.
Би анхны гэдэг утгаараа нутаг орныхоо нэр усыг гаргая гэж бодсон. Баянхонгороос
ийм дуурийн дуучин төрсөн шүү гэж нутаг орныхон минь яриг гэж бодоод дуурийн
урлагт хүчээ сорьсон доо.

-Одоо
нутгийнхан чинь бүгд мэднэ биз дээ?

-Тийм.
Эхлээд л хамаатан садангууд маань чи ер
нь юу дуулдаг юм бэ ерөөсөө дуулж харагдахгүй юм гэдэг байсан. Аав, ээж хоёр маань
намайг өмөөрөнгүй манай охин өөр юм дуулдаг гэдэг байлаа. Би болохоор ажлаа
хийж байгаа л гэдэг байсан. Одоо бүгд мэддэг болчихсон. Их сайн ойлгоно. Чи ч
шантрахгүй явсаар байгаад л гараад ирлээ дээ. Их хэцүү мэргэжил юм. Ар гэр
хамаг амьдралаа хаяад явна гэдэг хэцүү шүү дээ гэдэг байсан. Үнэхээр л гэрийн
эзэгтэй хүн гэртээ хоол хийх ёстой байтал Дуурийн театрт тоглолттой, ажилтай
байж байдаг. Аав, ээжийнхээ буянд ар гэрийнхээ бүх ажлыг даатгачихаад л ажлаа
хийгээд явж байна.

-Урлагийн
хүнд гэр бүлийн хүн чухал. Гэр бүлийнхнээ танил­цуу­лаач?

-Би нэг
хүүтэй. Амьдрал маань жаахан хэцүү байсан. Одоо шинэ амьдрал эхлүүл­чихсэн.
Хоёр дахь амьдрал маань сайхан байна. Гэхдээ ажлаа хийгээд дахиад хүүхэд гаргаж
амжаагүй байна.

-Та
хэзээ сургуулиа төгссөн бэ. Хэдэн дуурийн гол болон туслах дүрд тоглосон байна
вэ?

-Хөгжим
бүжгийн коллежийг 1999 онд төгссөн. 2003 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн
мэргэжлээр төгсөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт орж байлаа. Театрт хоёр
жил ажилласны дараа Итали руу мэргэжил дээшлүүлэхээр зургаан сар явж ирээд
одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Теарт ороод олон жил болсон болохоор
20-иод дуурийн гол болон туслах дүр бүтээжээ.

-Монголын
сонго­дог урлаг дэлхийд танигд­чих­лаа. Г.Ариунбаатар, Э.Амартүвшин хоёр өөрс­дийгөө
харууллаа. Эмэгтэй дуучдад энэ боломж хэр байдаг вэ?

-Боломж
байлгүй яахав. Миний уралдаанд ордог нас маань өнгөрсөн. Дэлхийн том
уралдаанууд 30, 33 гээд нас заачихсан байдаг юм. Ажлаа хийгээд дууриа дуулж явж
байгаад хоцорчихсон. Дуурийнхаа театрт дуулаад явж байгаа болохоор би тэрэнд
нэг их харамсаад байдаггүй л дээ. Монголын дуурийн урлаг, балетын урлаг дэлхийд
их мундаг байр суурьтай байдаг. Монгол Улс гэхээр нүүдэлчин цыганууд шиг сонин
амьдардаг хүмүүс гэж боддог юм шиг байна лээ. Италид суралцдаг байхад Монгол
гэхээр ямар ч мэдэгдэхүүн байхгүй байсан. Монгол гэж ямар улс байдаг юм гээд
гайхахаар нь Чингис хаан гэхээр аан гэх жишээтэй л байлаа. Одоо бол Монгол Улс
тийм биш. 300 гаран жил дуурийн урлаг хөгжсөн газрыг бодвол манайх 40-50 жил
хөгжиж байгаа ч гэсэн өндөр хөгжилтэйд тооцогддог. Тэр дундаа СУИС, Хөгжим
бүжгийн коллеж төгссөн хүүхдүүд том шагнал авч байна шүү дээ. Г.Ариунбаатар
Чаяковскийн нэрэмжит шагнал, гранприг аваад ирлээ. Э.Амартүвшин Кардифаас
гранпри авлаа. Кардиф бол дэлхийн залуу дуурийн дуучдын тэмцээн шүү дээ.
Монголын Дуурийн урлаг дэлхийд гарчихлаа. Ийм амжилт гаргасанд дуурийн театрын
хамт олон маань маш их баяртай байгаа. Дуучдаараа бахархаж, омогших сэтгэл төрж
байгаа.

-Таны
хувьд ямар дуурьд тоглохыг мөрөөддөг байв?

-Миний
мөрөөдөл “Аида” дуурь байсан. “Аида” маань тоглогдож би дуулсан. Монголын
дууриудаас “Ламбугайн нулимс” дуурь надад их сайхан санагддаг. Бас “Учиртай
гурван толгой”, “Чингис хаан” дуурь гээд сайхан дууриуд бий. Би бүгдийг нь
дуулсандаа сэтгэл хангалуун байдаг. Одоо надад хоёр мөрөөдөл байна. Ойрын үед
“Турандот”, “Тоска” дуурь хоёрт л тоглочихмоор байна. Хүсэж мөрөөдөж байгаа
зүйл тэр л байна.

-Урлагийн
хүнд үзэгч­дийн алга ташилт урам болдог. Таныг анх орох үетэй харьцуулахад
одоогийн үзэгчдийн ялгаа юу байна?

-Ерээд
онд дуурь тоглог­дох гээд бэлэн болчихоод байхад үзэгчдийн суудал дээр дөрөв,
тавхан хүнтэй байдаг байсан. Цөөхөн хүнтэй байна өнөөдөртөө больё гээд болих үе
ч байлаа. Цаг үеэ дагаад улс орон маань хөгжиж байгаагийн хэрээр хүмүүс маань ч
гэсэн сонгодог урлагийг их сайхан ойлгодог болсон шүү. Одоо Дуурийн театр
үзэгчдийн суудал дүүрэн тоглолт хийдэг болсон.

-Дуурийн
дуучид нэлээд залуужсан уу?

-Нэг
үеийн дуучид солиг­доод өөр нэг үеийн сайхан залуу дуучдаар сэлгэгдчихсэн
байна. Бүгдээрээ сонсголонтой сайхан хоолойтой залуус бий. Цаг үеэ дагаад бүх
хүмүүсийн чадвар дээшилж байна. Монголын Дуурийн театр сайхан хоолойтой, мундаг
залуусаар хахчихсан байна.

-Та
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ороод хэнээс үлгэр дуурайл авдаг байв?

-Намайг
анх ороход ардын жүжигчин А.Долгор, Б.Жав­зандулам, А.Даш­пэлжээ, Ч.Мөнхшүр,
гавьяат жүжигчин Б.Цэцэгээ, Ц.Түвшин­төгс, Х.Үнэн­хүү нарын мунд­гууд байсан.
Дөнгөж орчихсон хувцсаа ч өмсөж чадахгүй, хөмсгөө ч зурж чадахгүй, яаж будахаа
ч мэдэхгүй байсан үе саяхан. Намайг ороход байсан мундгуудаас бүгдээс нь
суралцсан. Тийм дуурь ингэж тоглогдох учраас ингэж буд гэж зөвлөхөөс эхлээд
суралцаж байлаа.

Нүүр
будаг, хувцас өмсүүлэх, үс янзлах гээд бүгд тусдаа хүмүүс байдаг ч гэсэн айж,
эмээгээд өөрөө хийх гэж хичээнэ. Яарсан сандарсан үед бас өөрөө хийж чаддаг
байх ёстой л доо. Мундаг хүмүүсээс маш их үлгэр дуурайл авдаг байсан. Тэрнийхээ
ачаар Дуурийн театрт одоог хүртэл дуулаад явж байна.

-Дуурийн
дуучид ямар хэлтэй байх ёстой вэ. Сонгодог дууриуд голдуу итали хэл дээр байдаг
байх аа?

-Голдуу
итали хэл дээр дуулагддаг болохоор бүгд итали хэлний суурьтай. Зуны амралтаараа
хүртэл итали хэлний сургалтад сууж л байдаг. Өөрийнхөө дуулж байгаа дууриа
ойлгодог байх ёстой шүү дээ. Европт очоод дуулахаар бүх хүмүүс англиар ярина,
англи хэл хэрэгтэй. “Евгений Онегин” гээд орос дуурь тавьдаг учраас орос хэл
мэдэх шаардлагатай. Монгол дуучид хэл маш сайн сурдаг итали хүмүүсээс
дутахааргүй ярьдаг. Орос, Солонгос, Хятадууд “л”, “т” үсэг хэлж чадахгүй жаахан
аялгатай хэлээд байдаг юм.

-Багшийнхаа
талаар яриач?

-Би
гавьяат А.Бүтэдийн шавь. Багш маань яг л миний ээж шиг хүн. Би 16 насандаа
Хөгжим бүжгийн коллежид багш дээрээ ирж байсан. Саяхныг хүртэл манай багш Улсын
дуурь бүжгийн эрдмийн театрт дасгалжуулагч багш хийсэн. Одоо 70 хүрсэн хүн бий.
Шавь нараа өөрийнхөө хүүхэд шиг хайрлана. Оюутан байхдаа ч гэрт нь очоод
хичээлээ заалгаад хоол хийлгэж иддэг байлаа. Багш маань дуулахаас гадна
амьдралыг хүртэл заана шүү. Гэртээ хариад ээжийнхээ хоолыг идээд, ажил дээрээ
ирээд багшийнхаа хоолыг иднэ. Өнөөдөр багшийнхаа заасан замаар л ажиллаж байна.
Багшийнхаа суудаг өрөөнд, хэрэглэж байсан дээл хувцсыг нь өмсөөд ажиллах сайхан
байдаг.

-Та
өөрөө багшлах уу?

-Тав,
зургаан жилийн дараа багшилна гэж бодож байгаа. Одоо надад эрчимтэй арван жил
дуулах нас байна. Арван жил сайхан дуулчихаад багшилна даа. Би амралтынхаа хоёр
өдөр Хөгжим бүжгийн коллежид очиж хөгжимчин хүн дуучин хүнтэй яаж харьцах вэ
гэдэг хичээл заадаг. Ерөнхийдөө багшлах сууриа тавиад Хөгжим бүжгийн коллежид
очиж багшилдаг юм.

-Дуучин
хүнд хоолой чухал. Та хоолойгоо яаж хамгаалдаг вэ. Хэдэн цаг бэлтгэл хийх вэ?

-Бид
дандаа л бэлтгэл сургуулилттай байдаг. Ачаалал их үед маш сайн унтаж амрах
ёстой. Хүйтэн юм идэхгүй. Агаар, салхинд гарч даарч болохгүй. Өдөрт дуурь ихтэй
үед өглөө 10-13 цаг хүртэл. 13-14 цагийн хооронд завсарлаад орой 18 цаг хүртэл
бэлтгэл хийнэ. Заримдаа үдээс хойш бэлтгэлтэй. Өдөржин сургуулилттай байх үе ч
бий.

-Өөртөө
хэр цаг зав гаргадаг вэ?

-Гаргана
шүү. Урлагийн хүн гоё, сайхан байх ёстой шүү дээ.

-Дуурийн
дуучин хүн төгс эмэгтэй хүнийг харуулдаг. Энгийн байх үедээ ямар болдог вэ?

-Бид нар
тайзан дээр байнга гоёно. Хүлээн авалт дээр байнга гоёж очиж хүмүүсийн өмнө
гардаг учраас тэр болгондоо анхаардаг. Тиймээс энгийн байх үедээ бүр энгийн
болно. Жинсэн өмд, цамц, намхан гутал, сандаал өмсчихнө. Хүмүүс намайг ерөөсөө
таньдаггүй юм. Чи Дуурийн театрын хүн мөн юм уу, чамайг өндөр том биетэй гэж
төсөөлдөг байсан ийм жижигхэн байсан юм уу гэдэг юм.

-“Учиртай
гурван толгой” дуурийг талбай дээр тог­лоход хүмүүс сонго­­дог урлагийг гудам­жинд
гаргачихлаа гэж шүүмжилсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Гудамжинд
гаргачихлаа гэж хэлж болохгүй. Дэлхийн “Турандот”, “Аида” гэх том том дууриуд
гадаа гудамжинд тоглогддог шүү дээ. Мундаг том дуучид Улаан талбай дээр тоглож
л байна. Энэ бол том сурталчилгаа, байх л ёстой зүйл. Улсын дуурь бүжгийн
эрдмийн театр 500 хүний суудалтай. Гэтэл талбай дээр тоглогдсон “Учиртай гурван
толгой” дуурийг 48 мянган хүн үзсэн тоо гарсан. Энэ бол маш том сурталчилгаа.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дуурийн театрын удирдлагууд болон
өнгөрсөн наадмын хөтөлбөрийг бэлтгэсэн хүмүүст Дуурийн театрын хамт олон бид
бүхэн маш их баярлаж байгаа. Нэг ч гэсэн удаа бүх хүмүүс үзэг л дээ. Дуурь гэж
юу байдгийг мэдэхгүй явж байгаа хүмүүс бий шүү дээ. Дуурийн театрт орж ирэх
боломжгүй хүмүүс нь ядаж дуурь гэдгийг ойлгох маш сайхан арга хэмжээ долдугаар
сарын 10-нд болсон. Наадмын арга хэмжээ зохион байгуулсан хүмүүс надад маш их
таалагдсан. Хэзээ ч ийм арга хэмжээ болж байгаагүй шүү дээ. Талбай дээр 10-14-нийг
дуустал тав хоног дандаа арга хэмжээтэй байлаа. Залуус эстрадын дуугаа сонсож,
“Дээлтэй Монгол”-д оролцоод, “Учиртай гурван толгой” дууриа үзээд, хүндэтгэлийн
концертоо үзээд явж байгаа хүмүүс үнэхээр сэтгэл хангалуун буцаж байгаа юм шиг
санагдсан. Манайхан талбай дээрээ ирээд шөнийн нэг, хоёр цаг хүртэл дууриа үзэж
байгаад баяртай буцаж байхыг харсан.

С.Ариунжаргал

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөр хүчдэлийн шон тэргэндээ унтаж байсан нярайгаас тохой хэрийн зайд унажээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багт айлын
хашааны хажууд байх газарт өндөр хүчдэлийн
шон унаж, гэрийнхээ гадна тэргэндээ нойрсч байсан нярайг дарах шахжээ. Энэхүү шон
уржигдар өглөө 09.00 цагийн орчимд унасан бөгөөд дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн албан
хаагч шуурхай очиж, цахилгааныг салган, аюулгүй болгожээ. Ойр хавийнх нь оршин суугчдын
хэлж байгаагаар тус өндөр хүчдэлийн шонг ачааны машин мөргөөд, зугтсан аж. Төд удалгүй
шон утсаа даалгүй суурь хэсгээрээ хугарч, хажуухан дахь айлын хашааг дэрлэн гэр,
амбаар хоёрынх нь завсар унажээ. Осол гарах үед тус хашаан доторх гэрт дөрвөн ч
хүн байснаас гадна гэрийн баруун хаяанд тэрэгтэй нялх хүүхэд унтаж байсан хэдий
ч азаар хүн бэртэж, гэмтээгүй байна. Тус хашаанд оршин суугч С өөрийн фейсбүүк хуудастаа
“Тэргэнд унтах нялх дүүг шүргээд, гэрийн үүдэн дэх хоёр настай охиноос минь хагас
метрийн зайд, гэрээс нэг метр, үүдний пингээс 40 см, машинаас төө хэрийн зайд өндөр
хүчдэлийн шугам уналаа. Бурхан минь. Ёстой л нэг тэнгэр тэтгэж, аавынхаа бурханд,
Алтан овоо, аав ээждээ сүслэн залбирч
явсны ач юм даа. Бусдаар хэлэх үг алга” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ. Түүний уг постыг
зурагтай нь үзсэн хүмүүс “Машин зам, явган хүний замаа ялгадаггүй жолооч, шүргэх
төдийд хугардаг бетон шон, мөн ч таарч дээ. Их хэмжээний цас орж, хүчтэй шороон
болон цасан шуурга шуурсны улмаас өндөр хүчдэлийн шон унасан тухай бид сонс ч байсан.
Тухайлбал 2011 онд төвийн нутагт дэгдсэн цасан шуурганы улмаас Дархан-Уул аймаг
болон Дарханаас Эрдэнэт хооронд дахь 10 гаруй өндөр хүчдэлийн шон унаж, гэрэл цахилгаангүй
болж байсан. 2012 онд Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Цагаан чулуут, Шал
хэмээх газар шороон шуурганы улмаас 35 квт-ын 20-иод төмөр бетонон багана унасан.
Түүнээс биш машин шүргэх төдийд хугараад унасан гэж дуулаагүй юм байна”, “Манайд
дүрэм журам, норм стандарт гэдэг үгс ул болж дээ. Айлуудтай зэрэгцүүлээд өндөр хүчдэлийн
шон босгодоггүй шиг санагдах юм”, “Үүгээр бетон шонгуудын чанарыг давхар шалгачихаж
байгаа юм биш үү”, гэх зэргээр сэтгэгдлүүдээ
үлдээсэн байлаа.

Тус өндөр хүчдэлийн бетон шонг өнгөрсөн жил суурилуулж,
220 вольтийн эрчим хүч татжээ. Харин шонгийн эргэн тойрон дахь айлууд сүүлийн
20 гаруй жил тэндээ амьдарч байгаа аж. Шонг мөргөж унагачихаад зугтаасан жолоочийг
аймгийн цагдаагийн албан хаагчид эрэн сурвалжилж байгаа гэнэ. Хугархай шонг солих
ажлыг өчигдөр бүрэн дуусгаж, эрчим хүчинд холбожээ.

М.УУГАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Жаргавал өөрийн эрхээр жаргая, зовбол өөрийн эрхэнд зовъё гэж энэ түүхэн сонголтыг хийсэн

Монгол
Улсад анхны ардчилсан, чөлөөт сон­гууль явуулсны 25 жилийн ойд зориулсан Олон
улсын хүндэт­гэлийн хурлын эхэнд 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалын
удирдагчдын нэг, 1990 оны АИХ-ын Сонгуулийн 427дугаар тойргийн депу­татаар
сонгогдсоноос хойш Монголын улс төрийн амьд­ралд тасралтгүй орол­цож ирсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэл­­сэн юм. Төрийн Тэргүү­ний
хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Хурлын эрхэм дарга, хүндэт зочид, хатагтай,
ноёд оо,

Эрхэм
хүндэт ард иргэд ээ,

Монгол
Улсад болсон анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой, ардчилсан сонгуулийн
өдөрт зориулсан олон улсын Хүндэтгэлийн хуралд хүрэлцэн ирсэн та бүхний амар
мэндийг айлтган мэндчилж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

Өнөөдөр
бид Монгол Улсад 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдлын тухай дурсан
ярилцахаар цуглараад байна. Юуны өмнө Монголын ард түмний хийсэн түүхэн, шинэ,
ардчилсан сонголтын ойн чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн эрхэм хүмүүст гүн
талархлаа илэрхийлье.

Эдгээрт
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Европын Комиссын Ерөнхийлөгч
Жан-Клод Юнкер, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Бүгд Найрамдах
Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Швейцарийн Холбооны Улсын дэд
Ерөнхийлөгч Йохан Шнайдер Амман, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд
Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Франц Улсын
Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус, Америкийн Нэгдсэн Улсын
Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри,
Мьянмарын Холбооны Бүгд найрамдах Улсын Үндэсний ардчилсан лигийн
тэргүүн Ан Сан Сү Чи нар энэхүү хуралд чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн байна.

Мөн
анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын Хүндэтгэлийн
хуралд онцгой ач холбогдол өгч, цаг заваа гарган, сэтгэл гаргаж олон хүндтэй
зочид хүрэлцэн ирсэн, эдгээр зочдод дахин гүн талархал илэрхийлье. Энэхүү
танхимд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон төр,
засаг, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, мөн Монголд суугаа
дипломатууд, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид хүрэлцэн ирснийг дуулгахад
таатай байна.

Энэхүү Хүндэтгэлийн хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч ноён Жеффри Фелтман, БНЭУ-ын
Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд ноён Раживардхан Сингх Ратхор, АНУ-ын
Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Сюзан Торнтон, Унгар Улсын
Парламентын дэд дарга ноён Янош Латорцай, БНСУ-ын Ерөнхийлөгч асан ноён Ли Мен
Бак, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева,
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн
бичгийн дарга ноён Ив Летерм, Японы Ерөнхий сайдын бие төлөөлөгч Цүтомо Такэбе
нар бидний урилгыг хүлээн авч биечлэн хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.

Дээр нэр дурдсан эрхмүүд болон энэхүү хуралд оролцож
байгаа нийт хүмүүст ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн талархал
илэрхийлж, Монгол Улсад болсон анхны ардчилсан сонгуулийн ойн баярын мэнд
дэвшүүлэн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Хурлын эрхэм дарга аа,

Хатагтай, ноёд оо,

Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдалтай
холбогдуулан гурван дүгнэлтийг хэлье.

Нэг. Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль
бол Монголын ард түмний өөрсдийнх нь хийсэн түүхэн сонголт байсан. Монголчуудыг
хэн ч энэ сонголтыг хий, энэ сонгуульд оролц гэж албадаагүй, шахаагүй юм.
Монголын ард түмэн өөрсдийг нь төрд төлөөлөх элч төлөөлөгчдөө анх удаа, бүх
нийтээрээ, бүрэн эрхээ эдлэн сонгосон.

Энд товчхон нэг жишээ дурдъя. Тэртээ 1990 оны долдугаар
сарын 29-ний өдөр болсон сонгуульд 430 суудалд нийтдээ 2413 хүн өрсөлдсөн
байдаг. Тус сонгуульд манай улсын нийт сонгогчдын 98 хувь нь оролцож саналаа
өгсөн. Энэ ирцээс харахад энэхүү сонгууль нь Монголчууд бүх нийтээр оролцсон,
анхны ардчилсан, чөлөөт сонгууль байсан.

Энэхүү сонгуулийг тухайн цаг үеэс дөрвөн жилийн өмнө буюу
1986 онд болсон сонгуультай харьцуулъя. Тухайн 1986 оны сонгуульд 370 суудалд
370 нэр дэвшигч өрсөлдсөн. Эдгээр нэр дэвшигчид бүгдээрээ 99.9 хувийн саналаар
сонгогдсон байдаг.

Хоёр. Өмнө нь өөрийн эрхээр, нам төрөөс тусдаа амьдарч чадна
гэж үздэг хүмүүсийн тоо Монголчуудын ярьдгаар гарын таван хуруунд багтахаар
хэмжээнд байсан. Харин одоо төр засгийн, аль нэг намын оролцоогүйгээр амьдралаа
аваад явж, зохион байгуулж чаддаг хувь хүн, айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж
байна. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт юм.

Монголчууд бага зүйлийг “гарын таван хуруунд багтах” гэж,
харин эсрэгээр нь их зүйлийг “толгойтой үснээс их” гэж ярьдаг. Өмнө нь тэгж
чөлөөтэй амьдралаа зохицуулдаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан иргэд
гарын таван хуруунд багтдаг байсан бол өнөөдөр үнэхээр өөрсдийн амьдралаа төр
засаг, удирдагч, нам, дарга нараас хараат бусаар авч явж байгаа иргэдийн тоо
улам бүр ихэсч байна. Энэ бол үнэхээр сайн үзүүлэлт юм.

Ер нь Монголын хөгжлийн философи нь Монгол хүн бүрэн
эрхтэй, Монгол хүн бүхэн амьдралаа авч явах чадалтай байхад оршино гэж би
үздэг.

Гурав. Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан
түүхэн онцлог үйл явдал. Монголын ардчилал бол зөвхөн Монголын ард түмний нэг
удаагийн чөлөөт сонголтын үр дүн төдий биш юм. Энэ бол аливаа ард түмэн бүрэн
эрхээ эдэлж, өөрийн сонгосон замаараа хөгжиж дэвжих эрхтэй, боломжтой гэдгийг
харуулж байгаа бодит нотолгоо, амьд үйл явц юм. Үүгээр ч барахгүй Монголын
ардчилал өөрийгөө шинэчлэх, сайжруулах хангалттай чадвар, дотоод хүчтэй болж
чадсан.

Бид өнгөрсөн 25 жилд алдсанаа засч, амжилтаа ахиулан,
иргэдийнхээ эрх, бүтээлч оролцоонд түшиглэн улам бүр урагш хөгжин дэвшинэ
гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

Хурлын эрхэм дарга,

Эрхэм нөхөд өө,

Цаашид анхаарах шаардлагатай гурван зүйл хэлээд үгээ
өндөрлөе.

Нэг. Монголын ардчиллын хөгжил дэвшил, зөвхөн монголчуудаас
өөрсдөөс нь шалтгаална. Монголчууд яах гэж энэ сонголтыг хийсэн юм бэ? Жаргавал
өөрийн эрхээр жаргая, зовбол өөрийн эрхэнд зовъё гэж энэ түүхэн сонголтыг
хийсэн. Өнөөдөр хүндрэл бэрхшээлтэй асуудал олон бий. Энэ бүх бэрхшээлийг даван
туулж цааш амьдаръя гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Үүнээс гадна өнгөрсөн 25
жилийн хугацаанд хүндрэл, бэрхшээл, сорилт олонтаа тохиолдсон. Цаашид ч
тохиолдох нь гарцаагүй юм.

Гэхдээ хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө Монголын ард түмэн,
Монголын улс төрийн хүчнүүд, ардчиллын төлөө хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг юм
гэдгийг сүүлийн 25 жилийн түүх харуулсан. Хэцүү шийдвэрийг Монголчууд бид
хамтран хэлэлцээд цааш явж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хоёр. Өөр нэг анхаарах хэрэгтэй зүйл байна. Фашизмыг дарж,
дайныг төгсгөсөн тухай ярилцаж, үүний ойг сүр дуулиантай тэмдэглэдэг. Гэвч
тухайн үйл явц чухам ямар нөхцөлд бий болсон юм, фашизм гэдэг тэр үзэгдэл
хэрхэн өрнөсөн юм гэдгийг бид онцгой анхаардаггүй. Үүнийг бид анхаарах нь
зүйтэй гэж боддог. Өнөөдөр дэлхий нийтэд терроризмын аюул нүүрлэж байна,
терроризмтай тэмцэж байна, терроризмыг дарж байна гэж ярих болсон. Гэвч энэ
бүхэн ямар нөхцөлд бий болж байна, үүний үзэл санаа хэрхэн бүрэлдэж байна вэ
гэдгийг бид онцгой анхаарах ёстой.

Бид коммунист дэглэмийг унагаж, ардчилсан нийгэм
байгуулсан тухай ярьдаг. Гэтэл энэ коммунизмын үзэл чухам ямар орчинд бий
болсон юм, хэрхэн дэлгэрсэн юм бэ гэдгийг бид анхаарах ёстой. Үүнийг мартаж
болохгүй.

Гурав. Ардчилал гэдэг нь зөвхөн нэг удаагийн сонголтоор бүтдэг
зүйл биш. Энэ бол үйл явц юм. Үйл явц дотроо хэцүү, зовлонтой үйл явц юм. Бид
хэцүү замыг сонгож аваад явж байгаа. Монголчууд бид хэрэв хэцүү, зовлонтой
замаар явбал үүний цаана сайн сайхан байдаг гэдэгт итгэдэг. Ийм учраас бид
өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан ардчиллыг сонгосон юм.

Бид бол ардчиллыг хүний амьдралтай, хүнтэй адилхан зүйл
гэж боддог. Энэ бол хүний л хийсэн сонголт, хүн оролцож бүтээдэг үйл явц юм. Тийм учраас бид ардчиллын төлөө өдөр
тутам хичээн зүтгэж, ардчиллаа тордох хэрэгтэй. Бид ардчиллыг амьдад нь хайрлах
хэрэгтэй. Ардчиллыг байгаа дээр нь тордож арчлах хэрэгтэй. Алга болчихсон хойно
нь хэчнээн сайн, зөв юм байсан тухай яриад хэрэггүй. Үүнийг их өндөр үнэ цэнээр
дахин бий болгоно.

Төгсгөлд нь өөрийн бүрэн эрхээ эдэлж, ардчилсан сонголтоо
хийн, ардчиллаа өлгийдөн авч, өдий зэрэгтэй өсгөж тордон авч яваа Монголын ард
түмэндээ гүн талархал илэрхийлье. Их баярлалаа.

Мөн ардчиллын төлөө амь бие, амьдралаа зориулан зүтгэж
яваа олон мянган хамтран зүтгэгчдэдээ баярлалаа.

Монголын ардчилалд халуун гараа сунган тусалж дэмжиж,
бидэнтэй хамтран ажиллаж байдаг нийт сайн санаат хүмүүс, байгууллагуудад
баярлалаа.

Ингээд Монголд болсон ардчилсан сонгуулийн 25 жилийн ой,
бүрэн эрхт ардчилсан сонгуулийн өдөрт зориулсан олон улсын Хүндэтгэлийн хурлын
үйл ажиллагааг нээснийг мэдэгдье.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Гавъяат ажилтан Я.Шаравдорж агсны хөшөөг босгожээ

Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний алба Монгол Улсын байгаль орчны гавъяат ажилтан Я.Шаравдоржийн хөшөөг аймгийн төвдөө босгожээ. Түүний хөшөөг цаг уурын хамт олон болон Я.Шаравдорж агсны үр хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр орчны цэцэрлэгжүүлэлтийн хамт долоон сая орчим төгрөгөөр байгуулсан байна.

Тэрээр 1964-2002 оныг хүртэл Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргаар ажилллаж байхдаа 1990-ээд оны эдийн засгийн хүндхэн үед аймгийн цаг уурын алба гэрэл цахилгаанаас бусад талаараа бие даасан байдалтай, өөрийн халаалт, гүний худаг, халуун ус, нэг өрөө зочид буудалтай болж туслах аж ахуйг өргөжүүлж үйл ажиллагаагаа хүндрэл багатай явуулж системийн байгууллагууд дотроо байнга дээгүүр ордог байжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүрэг болон Төв аймагт эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.

31/VII

Сүхбаатар

10.30-17.30

18-р хороо Сэлбийн зуслан, Цолмонгийн ам, Хадатын ам, ДЦС-3 ТӨХК-ийн зуслан

Хан-Уул

11.00-18.00

14, 15-р хороо Барилгын 0-5, Бурхантын 1-10, Дэнж задгайн гудамж орчмоор

Төв аймаг

09.00-18.00

Лүн сум чиглэлийн бүх хэрэглэгчид

10.00-18.00

Эрдэнэ сумын ЗДТГ, Хаан банк, Холбоо, Петровис ШТС, Соёлын төв, Сургууль, Цэцэрлэгүүд орчмоор

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Пүрэвдоржийн тарни

Хонь хариулж яваад
нэг сонины тасархай олоод бөөн баяр болов. Тэр үед сонин олсон хүн баярладаг байж.
Ядаж тамхи орооно, бэлэг бооно, гал ноцооно, гарын тос арчина, биедээ хэрэглэнэ.
Мэдээж хэрэг, бичиг мэддэг бол уншина. Сонирхолтой нь сургуулийн өмнөх насны хоньчин
хүү сүүлийн шалтгаанаар олзондоо баярласан юм даа.

Золигийн “Таван хархүү”-гээс болоод
муухан үсэглэдэг болчихсон байсан тул унших бөөн хорхой. Таван хархүү нийлээд
надад үсэг заасан юм биш. За даа, заасан ч гэсэн болно. Энэ бол үлгэрийн номын нэр.
Уг номд орсон гоё үлгэрүүдийг хүнээр уншуулан чагнадаг байсан.

Гэтэл тэд зав зай
муутай юм хэлээд уншиж өгдөггүй, би чаддагаараа эмээдээ зарга мэдүүлэн, хамтдаа
бараг л иргэний хөдөлгөөн байгуулж тэмцээд амжилт олсонгүй. Гэтэл эмээ маань хэлж
байна “Миний хүү өөрөө бичиг сураад авчих. Хүн гуйхгүй амар” гэдэг байгаа. Би жаахан
эргэлзэж, эмээ минь зоригжуулж, эрдмийн аянд мордон, дармал үсэг цээжилж гарлаа.
Таван хархүүгээс цаашаа унших юм олддоггүй. Даалимбаны шошго гээд бугын зурагтай,
бичигтэй гоё юм байх. Даанч бичгийг бардаггүй. Арга байхгүй, тэнд оросоор “Хлопчтобумажная
фабрика…” гэхчлэн байдаг юм чинь, надаас цаадах нь мөлтлөхгүй.

Өнөө “Таван хархүү”-гээ
уншаад ч ойлгосон юмгүй. Нэг үгтэй ноцолдож байтал өмнөх өгүүлбэр байтугаа үг мартагдаад
арилна. Харин нэг удаа бүтэн сонин олоод
том үсгээр бичсэн юмнуудыг уншаад үзчихсэн гэж байгаа. Утга зохиол урлаг сонины
тэр дугаарын гарчгууд “Аюушийн Паламыг таних уу”, “Түгжвэл зохих хаалга”, “Эмээлээ
үүрсэн төлөөлөгч” гэхчлэн одоо ч сэтгэлд дурайх бөлгөө.

Харин намрын салхинд
хийсч яваад дэрсний толгойд тээглэсэн сонины тасархай урьд өмнө байгаагүй, ер төсөөлөөгүй
гайхамшигт ертөнцийг миний өмнө нээж өгөх хувь ерөөлтэй байжээ. Сонины тасархай
дээр дүүрэн ачаатай олон машины зураг байх ба түүний дор

Санасан зорьсон хэрэг
бүтэх

Алтан шар зам тийшээ
байна

Сайхан учрал зэрэг
бүрдэх

Аяны жолоо дээшээ
байна гэж бичсэн байлаа.

Тэр үгсийг уншмагц
нэг л сэтгэл хөөрөөд, дотроос юм огшоод явчих санагдсан юм. Эхэндээ надад эрдэнэс шиг гайхамшигт үгсийн бөөм
мэт төсөөлөгдөв. Хүмүүс зүгээр л хоорондоо
ярихдаа хэрэглэж, өлссөн, цангасан, эрхэлснээ ойлгуулдаг хэрэгсэл болох үгс гээч
юм яаж нийлэхээрээ ийм гоё болдог юм бол гэж бишрэн гайхсан нь тэр байлаа. Үгс яаж, аль углуурга(модон эдлэлээр бол), ямар
амаараа(хана дугуйлдгаар бол) нийлээд, юу гээч болчихвоо. Алтан, зам, тийшээ, санасан,
байна, хэрэг бүтэх, зорьсон, дээшээ, жолоо, аян, зэрэг, бүрдэх гэчилэнгийн, мөрөөрөө
байхдаа хэн ч анзаарахгүй юм (үг)-нууд ямар эрэмбэ дарааллаар эвлэлдэн ийм гоё болсон
юм бол оо?

Анх удаа бүтэн өгүүлбэр,
шүлгийн шадыг бүхлээр нь уншсан маань ч тэр байж. Шүлэг, яруу найргийн шад, бадгийн
тухай анхны ойлголтгүй миний сэтгэл зүрх “энд нэг гоё юм байна” гэж шивэгнээд байлаа.
Тэнд “учрал”, “аяны жолоо” гэдгээс эхлээд
сайн ойлгохгүй хэллэг зөндөө ч бүхлээрээ л нэг тансаг юм. Сэтгэл хөглөгдөн хэд хэд
уншсаны дараа ой тойнд өөрөө шингэлээ.

Хамгийн анхны цээжилсэн
шүлэг, ерөөсөө ном, бас анхны тарни тэр байлаа. Элэнц хуланцын номон дотроос олдсон
үйлс бүтээх, зам засах тарни шившлэг мэт энэ мөрүүд миний сэтгэл зүрхний хүслийг
сэрээж, холыг даллан дуудсан бөлгөө. Завхан голын ар Цагаан булангийн дэрсэн дунд
тэр мөрүүдийг уншчихаад босохдоо би огт өөр ертөнц рүү хөл тавилаа. Сэтгэл зүрхнийхээ
дуудлагыг анх сонссон минь тэр байлаа. Өнөө болтол тэр дуудлага, оюун санааны гүнд
хангинан, явах зүгийг минь заасаар бөлгөө. Тийм ээ, Алтан шар зам тийшээ байна.

Харин энэхүү гайхамшигт
үгсийн бөөмнөрөл бол шүлэг гээч бөгөөд Д.Пүрэвдорж
гэдэг хүний зохиол. Нийтийн дууны мастер З.Батсүх ая хийсэн “Алтан шар зам”-ын дахилт
гэдгийг бөөр сүүлд мэдсэн.

Бид нүүдэлчдийн удам.
Нүүдлийн замд төрөөд, нүүдлийн замд өсч, өндийж, өвгөрч, нүүдлийнхээ замаас буцдаг.
Аян замд амьдардаг монголчуудын амны дуу нь чухамхүү дээр өгүүлсэн дахилттай “Алтан
шар зам” байлаа.

Шашин номоос хагацсан
зурвас үеийн монголчуудын аян замын ерөөл, үйлсээ даатгах тарни энэ дуу байлаа.
Монгол хүний амнаас сал­даггүй энэ дуу түг түмэн хүний амаар, сая живаа удаа дуулагдсаар,
улс үндэстний сэтгэл зүрхэнд аравнайлагдсан юм. Монголчууд “Алтан шар зам тийшээ
байна, аяны жолоо дээшээ байна” хэмээн дуулсаар хөгжин дэвжиж, өөдлөн өндийж ирсэн
билээ.

Д.Пүрэвдорж шинэ үеийн
буюу ХХ зууны монголын яруу найргийг голлон
бүтээгч төдийгүй. Тэр бол ХХ зууны монголын иргэний уянгын яруу найраг биеэрээ
юм. 1920-иод онд Д.Нацагдорж нарын үүсгэсэн хувьсгалт уран зохиол 1960-аад оноос
төгөлдөршин шинэ үеийн утга зохиол, түүний төрх төлөв, бичгийн хэлийг бий болгосон.

Энэ нь 1940-өөд оноос
эхэлсэн бичиг үсгийн шинэчлэлтэй холбоотой юм. Улс орны нүүр царайг шинэтгэсэн соёлын
довтол­гооны үрээр хүн ам бичиг үсэгт тайлагдаж шинэ үеийн утга зохиолыг бүтээгч
ба хэрэглэгч зэрэгцэн өсч торнижээ.

Ийнхүү орчин үеийн монголын хүүрнэл зохиол, жүжиг, яруу найраг ба
түүний зохиогчид бойжин төлөвшсөн. Хүүрнэл зохиол С.Эрдэнэ, С.Дашдооров, Ч.Лодойдамба… Тайз дэлгэцийн
урлаг Д.Намдаг, Л.Ванган…, баримтат уран сайхны бүтээл Л.Түдэв гэхчлэнгийн өөр
өөрийн эцгүүдтэй билээ.Шинэ цаг үед оросоор дамжуулан өрнийн боловсрол эзэмшсэн
авьяастнууд энэ шинэчлэлийг хийхдээ ардын уламжлалт сэтгэлгээ, хэлбэрийг хадгал­саар
явжээ.

Ялангуяа яруу найрагт
энэ үзэгдэл их тод. Алтайн магтаал, гэрийн ерөөл зэрэг эх орныхоо байгаль, газар
орон, баялгийн тухай болон айл гэрийн бэлгэдэлт зүйлсийн тухай ойлголтыг шүлэг аялгуунд
шингээн хүн ардын сэтгэл оюунд хадгалуулдаг аргыг Д.Нацагдорж үргэлжлүүлэн “Миний
нутаг”-аа бичсэн шиг.

Яг л энэ мөрөөр олон
арван бүтээл төрсний дундаас Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Д.Пүрэвдоржийн
“Тусгаар тогтнол”, П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” онцгойрон үлджээ.

Энэ дундаасаа Д.Пүрэв­доржийн
яруу найрагт нэгэн онцгой чанар бий. Тэр гоё хэлдэг хүн биш, яруу хэлдэг хүн биш,
онож дүрсэлдэг хүн биш, сайхан хэлдэг хүн бүр биш. Д.Пүрэвдоржийн бүтээлийг уншихад
бурхны гараар ч юмуу, байгалийн хуулиар нэгэнт бүтээгдчихсэн байсан зүйлсийг гаргаж
ирж харуулаад байгаа юм шиг сэтгэгдэл надад төрдөг. Тэрээр лусын яруу сайхны сангийн
ажилтан ч юм уу гэмээр. Анх “Алтан шар зам”-ын ганц бадгийг уншихад л тэгж санагдсан,
“Сумын наадам”, “Тусгаар тогтнол”, “Орчлонд бид азтай төржээ” бүгд л тэгж бодогдсон.
Ертөнц өөрөө яруу найраг бөгөөд бид энгийн нүдээр түүнийг үздэггүй. Харин яруу найрагч түүнийг авч ирээд үзүүлээд ч байх
мэт.

Тийм болохоор цээжлэхэд
амархан. Бараг л нэг уншихад л ой тойнд шингээд үлдэнэ. Ерөөсөө тэр шүлэг миний
дотор байсныг л яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж гээч нөхөр сануулан сэрээсэн аятай.
Заримдаа тэр шүлгийг ерөөсөө би өөрөө бичсэн юм уу, надад угаасаа байсан аятай мэдрэмж
төрдөг.

Түүний шүлэг монгол
хүн бүрт ойлгомжтой, танил. Учир нь тэр ХХ зууны монголын яруу найраг биеэрээ бай­лаа.
Үнэхээр тийм, мон­гол хүн бүрийн сэтгэл зүрхэнд буй нүүдэлчний гуниг жаргал нэвт
шингэсэн “Сумын наадам”, “Тусгаар тогтнол”, “Алтан шар зам” энэ бүгд угаасаа бидэнтэй хамт үүдэн бүтээгдсэн
шиг. Ийм учраас яруу найрагч хоёр хуваагддаг юм. Сайн муугаараа биш юмаа. Өөрийн
санаагаа шүлэглэн бичиж өгдөг, бурхны санааг бидэнд олж өгдөг гэж.

Түүний туурвисан ердийн
ерөөл ч гэсэн бичмэл биш олдмол, зохиомол биш төрмөл. Зүгээр л нэг ерөөлийн шүлэг
түүнд бий. Нэр нь ч “Ерөөлийн шүлэг” санагдана.

Халуун сайхан сэтгэл
юугаа

Хадаг болгож дэлгэн
барья

Ханийн сайхан та нарт
хандаж

Ерөөл болгон өргөн
барья…

Өргөө чимэх бэр нэмье

Өлгий мялаах үр нэмье…

…Тал дүүрэн мал
нэмье

Таван тансаг идээ
нэмье

Та бүхэнд жаргал нэмье…

Ийм ерөөл угаас хээр
талын дунд өөрөө үүдсэн мэт, тэрхүү өөрөө үүдсэн шидэт үгсийг Д.Пүрэвдорж гэгч үзмэрч
хараад бидэнд тайлан өгүүлсэн мэт.

ХХ зууны жараад он
бол монголын түүхнээ хамгийн оргилуун бадрангуй үе. Их аллага хүчирхийлэл харьцангуй
намжиж, хүн ард нь боловсрон соёлжиж, нийтээрээ бичиг үсэг сурч, тусгаар тогтнол
бодитой болсон цаг. Улс орон хийгээд хүн бүрийн амьдралд өдөрт л нэг шинэ дэвшилт
зүйл нэмэгдэж, тамирчид нь хүртэл анх удаагаа олимпийн медаль авчирсан үе. Монголчууд үндэстний хувьд сэргэн мандаж байгаагаа анзаарч, өөрийгээ
мэдэрч, сэтгэл бадарсан өдрүүд. “Хрушевийн дулаарал”-ын үрээр урлагт тавих
хяналт ч зөөлөрч, дуу шүлэг бүхнээс улаан туг нэхээд байх нь багассан жилүүд.

Урлан бүтээхүй нь
өөрөө оюун бодлын эрх чөлөөний илрэл учраас энэхүү зааг, зурвас чөлөөн дээр ХХ зууны
монголын урлаг, утга зохиол сэвхийн өндийсэн билээ.

Сэвхийн өндийж буй
тэр үеийн бүтээлүүдэд монгол үндэстний зүрх сэтгэлд үнэнээсээ бадарсан урам зориг,
хөөр баяр нэвт шингээстэй.

Цаг үеийнхээ туршид
монгол­чуудын амнаас салаагүй олон дууны шүлгийг Д.Пүрэвдорж бичсэн. Үг аялгуу хоорондоо
зохирсон тийм дуу олонгүй. Нууцлаг ертөнцийн тайлагдашгүй орон зайд угаасаа тийм
дуу байсан ба юунаас ч болсон нь бүү мэд, ая үг хоёр салаад төөрчихсөн байсан юм
шиг. Үгийг нь Д.Пүрэвдорж, харин аяыг нь аль нэг хөгжмийн зохиолч олоод хамжин нийлүүлж,
урьдын хэвэнд нь оруулсан мэт.

Түүний шүлгэнд шингэсэн,
угаасаа нэгэн хэсэг нь байсан аялгуунууд аяндаа дуурьсан хөгжмийн зохиолчийн сэтгэлд
буудаг байсан болов уу гэж бодогдмоор байдаг. Жишээлэхэд, Д.Пүрэвдоржийн шүлэг
“Орчлонд би азтай төржээ” дуу бол эрин үеийн урам зориг юм.Үндэстний урам зориг
нэвт шингэсэн энэ үеийн дуунууд өнөө ч бидний сэтгэлийн чавхдсыг хөглөсөөр.

ХХ зууны монголын
хувьсгалт болоод иргэнлэг утга зохиол
1920-иод онд үүсээд 1990-ээд онд дууссан.
Чухамхүү наяад оны сүүлээр санаачлагдсан
“Болор цом”- наадмын анхны шагналыг хүртсэн “Хүн төрөлхтөнд өргөх үг” найраглал энэ эрин үеийн хаалтын ёслол байлаа. Түүнийг мөн
л Д.Пүрэвдорж бичсэн билээ. Тэр өөрийн бүтээсэн, өөрөө төлөөлсөн эрин үеэ бариан
дээр нь хүргэж авчрах хувьтай нэгэн байсан ажгуу. Түүнтэй барьцах, жөтөөрхөх ямар
ч боломж байхгүй. Нэгэнт үлдсэн түүний “цаг үед” хэн ч тэрний зиндаанд байгаагүй.
Өнөөдөр бичсэн юмаараа ХХ зуунтай уралдах арга бас байхгүй.

Яруу сайхныг мэдэрдэг
шигээ цаг үеэ ч сортоотой хардаг найрагч маань
өөрөө ухаалаг маневр хийн дурсамж,
баримтат уран сайхны бүтээл, хүүрнэл зохиол руу эргэж, олон тооны бүтээл туурвисан
бөлгөө.

Одоогоос хориод жилийн
өмнө эхэлсэн монголын утга зохиолын шинэ үеийн баатрууд өнөөдөр ид бойжиж туурвиж
яваа. Хожмын маргаашийн, дараа үеийн Пүрэвдоржууд
өнөө бидний дунд буй. Хэн ч түүнийг онцгойлон анзаарахгүй байгаа. Өөрөө ч тэр. Яг л солонгон дотор байгаа хүн солонгыг хардаггүй
шиг.

2013.09.25

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын дараагийн зургаан сайдын талаар уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын нэгдүгээр нүүрээс Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн хүрээнд болсон олон улсын хүндэтгэлийн хуралд хэлсэн үг буюу илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Үргэлжлэл нь дөрөв, тавдугаар нүүрт нүүрт багтжээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага” булангаа улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиас бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар ямар ч сургуулиуд үүдээ нээлгүй хаалттай байгаа талаар энэ сурвалжлагад өгүүлсэн байна. Өнөө жил 19 мянга гаруй сурагч ерөнхий боловсролын сургуулийг төгссөн бөгөөд эдгээрээс 15 мянга нь улсын сургуульд сурах боломжтой. Үүнээс үзэхэд үлдсэн 4000 гаруй хүн хувийн хэвшлийн олон сургуулиудад хуваагдан элсэх төлөвтэй байна. Тиймээс хувийн хэвшлийн сургуулиуд үүдээ барихад хүрч буй талаар уг сурвалжлагад өгүүлжээ.

Өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцсон ҮХАА-н сайд Р.Бурмаагийн мэдээлэл болон түүний ярилцлага багтлаа. Үргэлжлэлийг нь хоёрдугаар нүүрээс унших боломжтой.

Тэгвэл хоёрдугаар нүүрээс мөн Сангийн сайдын мэдээлэл болон сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсан талаарх дэлгэрэнгүйг үзэх боломжтой. Үргэлжлэл нь 11 дүгээр нүүрт хэвлэгдсэн юм.

“Баримт , үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт наймдугаар сарын 3-нд хуралдах ээлжит бус чуулганаар Засгийн газрын зургаан гишүүнийг өөрчилөн ямар намаас ямар хүмүүс сайд болох талаар урьдчилсан прогнозыг гаргажээ.

Долдугаар нүүрт удахгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх Эрүүгийн хуулийн төсөлд ямар заалт туссан талаарх мэдээлэл болон бусад мэдээллүүдийг багтаасан байна. Дэлхийн мэдээ харин есдүгээр нүүрт хэвлэгджээ.

Харин арвангуравдугаар нүүрт Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн ярилцлага багтсан байна. Энэ мэтчилэн олон сонирхолтой, ярилцлага, сурвалжлага, нийтлэлүүдийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ