Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос эрлийз адууг тусад нь уралдуулах журмыг гаргаж, энэ сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан зарим уяачид эрлийз адууг зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгаж уралдуулахыг эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монголын Морин спорт уяачдын холбооноос Шадар сайд Н.Хүрэлсүхэд албан бичиг илгээжээ. Тус албан бичигт “Монголын Морин спорт уяачдын холбоо 2011 оноос эхлэн эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулах шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан түр журамд заасан сэрвээний өндрийн хэмжээг баримтлахын сацуу үүлдэрлэг байдал буюу гадаад хэв шинжийг харгалзан ялгаж ирсэн юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтыг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт эрлийз монгол адууг ялгах журамд зөвхөн сэрвээний өндрийг баримтлахаар журамласан нь ММСУХ-ны баримталж буй бодлого, дийлэнхи уяачдын санал, хүсэлтэй зөрчилдөж байна. Иймд эрлийз, монгол адууг ялгах талаар баталсан журмаа эргэн харж сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадна хэв шинжийг харгалзан ялгах тухай заалтыг журамд оруулж өгнө үү” гэжээ.
Month: July 2015
Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хэлэлцээ хийв.
Хэлэлцээ хийх үеэр, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Вьетнамын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгааг илэрхийлж, энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг онцлов. Тэрээр, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ард түмний харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн түүнчлэн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ нэн чухал ач холбогдолтой болохыг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд БНСВУ-д хийсэн төрийн айлчлал хоёр орны дээд өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болсныг дурдаж, цаашид харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн хэлэхдээ, Вьетнамын Үндэсний Ассамблей төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээрээ айлчилж буйг Монгол Улсын Их Хурлын дарга, удирдлага болон ард түмэн халуун дотноор угтан авч байгаад талархал илэрхийлэв. Вьетнам Улс Монгол Улстай уламжлалт урт хугацааны харилцааг өндрөөр үнэлдэг гээд энэ удаагийн айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой гэв. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд, Вьетнамын Үндэсний Ассамблейн Эдийн засгийн болон Аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга мөн 5 генерал багтсан байгааг танилцуулав. Мөн тэрээр, Вьетнам Улсын үндэсний чөлөөлөх тэмцэлд Монгол Улс дэмжиж, тусалж байсныг түүнчлэн Монгол Улсад амьдарч, сурч байгаа Вьетнам иргэдэд таатай эрх зүйн орчин бүрдүүлж өгсөнд талархал илэрхийлэв.
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ оны хоёрдугаар хагаст Улаанбаатар хотноо зохиогдохоор төлөвлөж байгааг дуулгав. Монгол Улс АСЕАН-тай идэвхтэй ажиллах сонирхолтой байдаг бөгөөд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, АСЕАН-ын Яриа хэлэлцээний түнш болох Монгол Улсын эрмэлзлийг Вьетнам Улс дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж буйг тэмдэглэлээ. Мөн Монгол Улс 2022 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр болох Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2023-2024 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд байгааг дурдаж, Вьетнам Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хоёр талын төлөөлөгчид хэлэлцээ хийх үеэр илэрхийлэв.
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд өнөөдөр /2016.07.01/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөнтэй хэлэлцээ хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хүй долоон худагт уяа сойлго нь тэгширсэн
алтан тууртууд тоосоо өргөх монгол наадам хаяанд ирлээ. Наадамчин зон олон Хүй долоон
худагийн алтан зурхайд морьдоо уралдуулсаар арваад жил болж байна. Маргааш долдугаар
сарын нэгэн. Бөхөг, Түргэний голын хөндийд ногооны униар суунаглаад өдийд чинь хазаар
дээрээ үүрсэн буй хүлгүүдийн сувдан хөлс суларч, торгон ир нь ханаж байгаа. Ханддоржийн
хонгор халзан гэж эрдэнийн наян найман шинж нь бүрдсэн “Дархан түмний эх”-ээс аваад
олон сайхан ажнай хүлгүүд Буянт ухаа, Яармагийн дэнжид тоосоо өргөдөг байлаа.
Ерээд оны үед
Маарын хээр хэмээх аварга хээр азарга жилийн жилд айраг түрүү хүртэн, Алдар толгой,
Айдасын давааг магнайдаа тоосгүй давж байсныг моринд хайртай олон мэдэж байгаа.
Тэр жил (улс хувьсгалын 70 жилийн ой) Хан Хэнтийн босоо хүлэг Х.Сүрэнхорын хээр
азарга хол тасархай түрүүлж, Буянт ухаад цугласан олныг хэрхэн огшоож байсан билээ.
Сэлэнгийн Ганбаатарын манхан халзан, Партизаны Доржсүрэнгийн хээр, морин тойруулгын
Батчулууны хээр халзан гээд төрийн наадамд хэдэнтээ магнайлсан гойд хурдан их морьд
болоод Гарамжавын өсгий цагаан хар, Батхүүгийн толин хул, Даваахүүгийн зул хонгор,
цолмон халтар гээд ёстой л нэг дийлж уралддаг адуун сүргийн манлай азарганууд өнөөдөр
домог мэт яригдаж байна.
Харин өнөө
жилийн наадамд хэн гэдэг уяачийн ямархан ажнай хүлгүүд айраг, түрүү хүртэхийг таамаглан
хүргэж байна. Төрийн наадамд түрүүлэх бөхийг таадаг шиг манайхан азарга, их насны
айраг түрүүг гадарладаг. Морь шинжээчид, ясны лут уяачид бол зүс зүсээр нь хэлдэг.
Зөвхөн азарга, их морьд гэлтгүй хязаалан, соёолонгийн түрүү айргийг нэрлэнэ. Хуучин
цагийн өвгөд “Хэнтийн Галшарын уяаны тэдний тийм угшлын нэг зартай үрээ Төв аймаг
руу арилжаалагдсан. Энэ жил ч уяа сойлго нь таарвал нэг юм дуулгана” гэж хэлдэг.
Үнэхээр хэлснийх нь дагуу өнөө үрээнхэн морь нь төрийн наадамд магнайлсан дуулддаг.
Сүүлийн үед Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгат угшлын адуу төрийн наадамд өнгөлөх болсон.
Ерэн дөрвөн
жилийн ойн азарганы уралдаанд Хөвсгөлийн Мөрөнгийн Т.Болдбаатарын халиун, Дорноговийн
Улаанбадрахын Х.Баатархүүгийн халтар хоёрын аль нэгийг нь түрүүлнэ гэж наадамч олон
таамаглаж байна. Морь судлаачид болоод сүүлийн хэдэн жил тогтмол хурдан морины сурвалжлага
бэлтгэн хүргэж, хурдан морины талаар мэргэшиж байгаа сэтгүүлчид уг таамгийг хамгийн
оновчтой гэж үзэж байгаа юм. Өнөө жил түрүүлнэ хэмээн яригдаж байгаа Т.Болдбаатарын
халиун азарга өнгөрөгч жилийн наадмаар аман хүзүүнд давхисан. Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, тод манлай уяач Д.Даваахүүгийн уяа сойлгыг нь тааруулсан, хүү Баянбатынх
нь хонгор азарганы дараа цулбуурдуулсан юм.
Халиун азарга
Сүхбаатар аймгийн Халзан сумын Ядамын Буйр гэж хүний унаган адуу ажээ. Харин аман
хүзүүнд давхина хэмээн олон түмний таамаглаж байгаа Улаанбадрахын Х.Баатархүүгийн
халтар азарга тод манлай уяач Мөнхбатын унаган адуу.
Төрийн наадамд
гурван жил дараалж түрүүлээд байгаа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн улс халзан азаргыг айраг
хүртэх болов уу гэсэн таамаг хэн хүнд бий. Олны яриагаар бол халзан азарганд түрүү
жил хорь шахам гүү хураалгаж тамирыг нь барснаас дээгүүр уралдаж чадаагүй гэдэг.
Энэ хаврын “Дүнжингарав” уралдаанд улс халзан азарга эхний гурав дээр гарч ирж байсан.
Түүнийг нь бодоход, өнөө жил айрагдах магадлал бий. Гэхдээ дөнгөж нас нийлж байгаа
залуухан азаргануудын давхил гэдэг чинь хэрчиж өгдөг хойно. Сүхбаатарын Түвшинширээгийн
Пүрэвдоржийн хурдан халиун азаргыг цээжинд ирнэ гэж хүлээж буй хүмүүс олон. Сүүлд
авсан мэдээллээр халиун азарганы хөл жаахан тиймхэн байгаа дуулдаад байна. Түвшинширээгийн
Пүрэвдорж бол “Мон-Уран”-ы Наранхүүгийн алдарт монгол хээр азарганы эзэн юм. Наранхүүгийн
монгол хээр ардын хувьсгалын түүхт ерэн жилийн ойгоор алдарт улс халзан азарганы
шилийг даран аман хүзүүдэж байсан. “Дүнжингарав” уралдаанд хоёр түрүүлээд буй ажнай.
Монгол хээр азарга хамгийн үнэтэй зарагдсан байдаг. Түүний ханшийг цохисон үстэй
адгуус одоогоор тодроогүй байна. Хээр азарганы унаган эзэн Пүрэвдоржид Наранхүү
гишүүн 500 мянган ам.доллар тоолж өгөөд, дээр нь “Лексус-570” маркийн машин өгөөд
авсан дуулддаг. Тухайн үедээ шуугиан болж байлаа.
Даваахүү манлай түрүү жилийн түмэн
эх хонгор азаргаа энэ жил өнжөөх сураг байна. Гэхдээ хурдан морины уралдааны түүхэнд
азарганы уяагаар толгой цохиж, улс бүсийн наадамд 16 азарга түрүүлүүлснээрээ нэгд
эрэмбэлэгдээд байгаа хашир уяач нэгийг бодсон нь мэдээж. Өнжөөж байгаа хэмээн өрсөлдөгчдийнхөө
санааг амраачихаад наадмын өглөө, наран хонгор азаргаа хөтлөөд ороод ирэхийг үгүй
гэхгүй. Ерэн долоон оны наадамд Даваахүү гуай зул хонгорыгоо түрүүлүүлэх бодолтой
байжээ. Тэр жил зул хонгортой хурд хуваан уралдах ажнай Хэнтийн Цэнхэрмандалын Сандагдоржийн
оонон хар гэдгийг манлай уяач хэдийнэ гадарлаж, цолмон халтар, Батхүүгийн толин
хул, Бямбашижээгийн хүрэн зэрэг өөрийн уяаны дөрөв таван идэрхэн азаргаар Сандагдоржийн
харыг тэлж орхисон юм даг. Тэгээд зул хонгорыгоо түмэн эх болгон санаагаа амрааж
байсан удаатай. Энэ жил нэг юм бодсон л байж таарна. Түмэн эх хонгор азарга хэрвээ
уралдвал Хүй мандалын дэнжид айраг хүртэнэ гэж үзнэ.
Онон манлайгийн
уяанд “Хөх чоно”-ын Пүрэвбаатарын хүрэн гэж нэг сайн азарга бий. Өнгөрсөн жил “Хотгойдын
хурд”-д айрагдаж байсан. Мөн төрийн наадамд хоёр жил дараалан айрагдсан Сугарын
хул азарга байгаа. Түрүү жил цээжинд уралдаад барианы зурхай дээр аз дутаж зургаад
орсон. Онон манлай хул азаргаа айрагдуулна гэсэн бодлоор уяа сойлгыг нь тааруулж
байгаа нь мэдээж.
Их насны морьдын
уралдаанд Орхон аймгийн уугуул Доржийн Баясгалангийн суман хүрэн морийг тод магнай,
торгон жолоо өргүүлнэ гэх найдлага уяачдад, наадамчдын аль алинд нь бий. Өнгөрсөн
жил Хэнтийн Галшарын Амарбатын хул морины ард ирж аман хүзүүдсэн. Өмнө нь мөн төрийн
наадамд айрагдаж байсан хүлэг юм. Төрийн наадамд магнайлах хурд хүч нь тэгшрээд
л байгаа адуу. Аман хүзүүнд Даваахүү манлайн найман настай хонгор морь ирэх болов
уу. Энэ хаврын уралдаануудад ихэвчлэн цээжинд давхисан. Гарамжавын Ганбатын гоё
хүрэн гэдэг шиг “гоё амьтан” гэж олон түмэн шагшаад буй. Их морьдын айргийн тавд
Х.Цогтсайханы ногоон морийг ирэх болов уу гэсэн таамаг байна.
Галшарын Аюурын
Амарбатын түмэн эх хул морь хаана уягдаж байгааг мэдэх хүн ховор байна. Тиймээс
эргэлзээ төрүүлээд байгаа юм. Улсын наадамд их мориор хамгийн олон айраг түрүүлүүлж
хүртсэн уяач бол Дамбадаржаагийн Онон. Ардын хувьсгалын 80 жилийн түүхт ойгоор аварга
хээрийгээ тасархай түрүүлгэж байсныг олон түмэн мэднэ. Тэдний уяанд Ө.Пүрэвбаатарын
загал гэж бас л газрыг ууж өгдөг сайхан адуу бий. Түрүү жилийн наадмаар айргийн
гуравт давхисан. Энэ жил мөн л зовооно, айрагдана л гэж үзнэ дээ.
Азарга, их
морьдын тухайд ийм таамаг байна. Харин соёолонгийн уралдаанд Онон манлайгийн хүү
Батбилэгийн янзага хүрэн, Өмнөговийн Балын Шоовдор начингийн хүү Баянбатын зээрд
үрээнүүд өнгөтэй байгаа дуулдсан. Баянбатын зээрд, хязаалан насандаа төрийн наадамд
айрагдсан юм. Мөн Даваахүү манлайн түрүү жил гуравт давхисан ухаа үрээ бий. Энэхүү
морин соёолон бас л цээжинд уралдах нь дамжиггүй ээ. Өнөө жил хэд хэдэн аймагт бүсийн
даншигтай. Тухайлбал, зүүн бүс Сүхбаатарт, баруун бүс Увс аймагт, хангайн бүс Булганд,
говийн бүс Өмнөговьд болно. Тэгэхээр зарим морьд давхар уяагаар уягдана байх шүү.
Б.Батболд
Олон улсад 1-р сарын 21-нийг “Тэврэлтийн өдөр” болгож тэмдэглэдэг. Харин манай улсад Гоолингоо.мн-ий санаачлагаар, эерэг үзэл бодолтой залуучууд 7-р сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр” болгон, 2013 оноос хойш тэмдэглэж байна. Энэ өдөр эргэн тойрныхноо тэврэхээс гадна, залуучууд Чингисийн талбай дээр цугларч тааралдсан хүн болгондоо тэврэлт бэлэглэдэг уламжлал тогтжээ. Харин 2015 онд “Тэврэлтийн өдөр”-ийг илүү өргөн хүрээнд тэмдэглэж байна.
2015 оны “Тэврэлтийн өдөр”-ийг Нийслэлийн Соёл Урлагийн Газар, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр дэмжиж байгаа бөгөөд манай улсыг эергээр сурталчлах, хотыг илүү найрсаг гэгээлэг болгоход хувь нэмрээ оруулах тал дээр хамтран ажиллаж байгаа аж. Мөн ҮСАХ, “Улаанбаатар” их дэлгүүр, “Өргөө” кино театр зэрэг томоохон үйлчилгээний газрууд “Тэврэлтийн өдөр”-ийг зохион байгуулан, тэр өдөр хэрэглэгчиддээ тэврэлт бэлэглэхээр болжээ.
Уламжлал ёсоор, 7-р сарын 1-нд хотын гудамжаар тэврэлтийн цуваа явж, олон хүнд тэврэлтээр очих гэнэтийн бэлгийг барих болно. Өмнөх жилүүдээс ялгаатай нь нийгэмд сайн өөрчлөлт авчрахыг хүссэн залуус Парк (ҮСАХ), Тэнгис кино театр, Фонтан, Бөхийн Өргөө гэсэн цэгүүдэд 18 цагт цугларч, дөрвөн зүгээс бусдыг тэврэн явсаар бүгд Чингисийн талбайд нэгдэн төгсөлтийн тэврэлтээ хийх гэж байгаа аж.
Гоолингоогоос 7 сарын 1-нд бүх хүнийг бие биедээ элгэмсэг дулаанаар хандаж, дэргэдэх хүмүүстээ “үнэгүй” тэврэлт бэлэглэхийг уриалж байна. Цаашид “Тэврэлтийн өдөр” улс даяар тэмдэглэгддэг онцгой баяр болно гэж тэд найдаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны бодлогын чиглэлийн хүрээнд Татварын ерөнхий газрын дэргэд хэрэгжүүлж буй “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх”зах зээлд нэвтрүүлэхэд технологийн бэлэн байдлыг хангах, хуулийн хэрэгжилт эхлэх өдөр үүсэх хүндрэл болон бэрхшээлийг урьдчилан төлөвлөх түүнийг багасгах, олон нийтэд системийг таниулах зорилгоор бодит орчинд бүх түвшний туршилт хийхээр “Баянзүрх худалдааны төв”-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем”-ийн туршилт хийгдэж байна.
Туршилтанд “Баянзүрх худалдааны төв”-ийн борлуулагч буюу НӨАТ-ын урамшууллын системд холбогдсон цэгүүд орж байгаа бөгөөд тухайн цэгээс худалдан авалт хийн баримт авсан иргэд хамрагдах боломжтой. Туршилтанд Ариг, ХХБ, Хаан, Хас, Голомт, Төрийн банкууд карт уншигч төхөөрөмж болон сугалааны азтанд олгох гарын бэлгээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа. Кассын тоног төхөөрөмж нийлүүлэгч НаноМэп ХХК, Банкью Тех ХХК, Электромон трэйдинг ХХК нь шаардлагатай төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлсэн байна.
Уг туршилт өнөөдөр өдрийг дуустал үргэлжлэх юм.
Туршилтанд одоогийн байдлаар хамрагдсан цэгийн тоо 70 хүрсэн байна. Холбогдсон цэгүүд борлуулалтын гүйлгээ бүрт сугалааны дугаартай баримт хэвлэн өгснөөр хамрагдана. Худалдан авагч баримтан дээрх сугалааны дугаараар газар дээр нь сугалаанд орох бөгөөд тохирол таарсан тохиолдолд урамшууллаа авах аж.
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд:
- 7 дугаар сарын 10 “Дээлтэй монгол наадам” – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 10 “Учиртай гурван толгой” – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 10 “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл
- 7 дугаар сарын 11 “Ариун хаврын тахилга” этно балет
- 7 дугаар сарын 11 “Улаанбаатарын үдэш” – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу – Үндэсний Соёл амралтын хүрээлэнд
- 7 дугаар сарын 12 “Colors of Mongolia” хүндэтгэлийн тоглолт
- 7 дугаар сарын 12 “Монгол дэнс фестиваль” – Драмын эрдмийн театрт
- 7 дугаар сарын 13 Морин хуурын олон улсын фестиваль – Чингисийн талбайд
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд – 10.00-18.00 Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд – 09.00-17.00 “ Монгол хуушуур – 2015” фестиваль
Хүй долоон худагт
07 дугаар сарын 11-нд – 16.00-19.00 Холч морьдын уралдаан
07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд – 10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд – 09.00-17.00 “Монгол хуушуур – 2015” фестиваль
07 дугаар сарын 11-нд – 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэрүүд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТГ –ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хүчит бөхийн барилдаанд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ талаар хэлэлцжээ. Уг хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж шийджээ. Энэ дагуу Г.Өсөхбаяр аварга зүүн жигүүрийн магнайд гарахаар болж байгаа юм.
Монголын бөхийн холбоонд бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх ёстой гэсэн шийдвэрээ хүргүүлэхээр болжээ. Бөхийн бүртгэл дууссаны дараа Монголын үндэсний бөхийн холбоо дүрмийн дагуу өөрсдөө шийдэх эрх өгсөн байна.
А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд барилдуулахаа Монголын Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй хэмээн баяр наадмын комисст шийдвэр гаргах хүсэлт тавиад байсан юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ. “Тайлан-100” арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, улсын байцаагчдаа оролцуулан цахим хэлбэрээр явууллаа. Ерөнхий газрын бодлогын болон хяналтын газрын дарга нар ажлын төлөвлөгөөнийхээ биелэлтийг танилцуулсан байна.
Тайлангийн хурлаас Мэргэжлийн хяналтын байгууллага оны эхний хагаст ”Эрсдлийн удирдлагын стратеги дээрээ хяналт шалгалтын нийгэмд үзүүлэх үр нөлөөг тодорхой болгосон, хийх ажлын цар хүрээ, зорилт, бодлого, үр дүн илүү оновчтой, “Дунд хугацааны төлөвлөгөө”-тэй, шилэн хяналтын системтэй, мэдээллийн нэгдсэн сантай, цахим хяналтын системтэй, байцаагчийн жилийн ажлын нормативтай, үйл ажиллагааны шинэ журамтай болох зэрэг чиглэлээр томоохон ажлын эхлэл тавигдсан гэж дүгнэлээ.
Салбарын хэмжээнд тодорхой чиглэлүүдээр дүн шинжилгээ хийх ажлаа эрчимжүүлсэн, хяналтын хуудас, эрсдлийн үнэлгээ хийх ажлыг сайжруулах үе шат бүхий хөтөлбөрийн хэрэгжилтээ эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Оны эхний хагаст эрсдлийн удирдлагын системтэй болох эхлэх тавигдсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд “Төлөвлөлт, гүйцэтгэл“-ийн сарын менежмент нэвтэрч, сар бүр төлөвлөлтөө тодорхой болгох, гүйцэтгэл, явцаа дүгнэх, харьцуулах, хяналтын хуудасны хэрэгжилтийг мэдээллийн санд оруулах, дүн шинжилгээ хийж удирдлагад танилцуулах, нэгж байгууллагуудаа хүргүүлэх ажил хэвшлээ.
Оны эхний хагас жилийн байдлаар 8826 төлөвлөгөөт шалгалт, 3209 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн нь 2015 онд төлөвлөсөн нийт шалгалтын 62,8 хувийг, нийт зөвлөн туслах үйлчилгээний 47,5 хувийг эзэлж байна. Энэ нь төлөвлөсөн ажил зохих хэмжээнд явж байгаа гэсэн үг юм.
Төлөвлөгөөт шалгалтад эхний хагас жилд 8826 обьект хамрагдсаны 98,9%-д нь хяналтын хуудас ашигласан байна. Мөн төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээнд 2924 обьект хамруулсны 97,1-д нь хяналтын хуудас ашиглажээ. Энэ нь 2014 он болон өмнөх онуудтай харьцуулахад Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд хяналтын хуудас ашиглах чиглэлээр томоохон ахиц гарсныг харуулж байна.
Эхний хагас жилд төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан 8732 обьектын 1701 буюу 19,4% нь эрсдэл их, төлөвлөгөөт бус шалгалтад хамрагдсан 2157 обьектын 513 буюу 23,7%, төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн 2842 обьектын 419 буюу 14,7%, төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн 256 обьектын 27 буюу 10,5% нь “Эрсдэл их” үнэлэгдсэн байна. Тодруулбал байгаль орчны хяналтаар 36,6% нь эрсдэл их, геологи, уул уурхайн хяналтаар 29,8%, бусад хяналтын чиглэлээр 8,7-22,5 % нь “эрсдэл их”-тэй үнэлэгдлээ.
Эрсдэл өндөртэй обьектуудад хяналт шалгалтаа чиглүүлэх бодлого баримталж ажилласнаар өнгөрсөн онтой харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо багасч бага, дунд эрсдэлтэй рүү шилжсэн нь хяналт шалгалтын үр дүн юм. Ингэснээр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж байгаль орчны болон хөдөлмөрийн, бусад аюулгүй ажиллагааны олон хууль журам, стандартын хэрэгжилт хангагдаж байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жилийн 7-р сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог урлагийн тоглолт болж УДБЭТ-ын хамт олон 3000 орчим үзэгчдэд өөрсдийн тоглолтоо толилуулсан. Харин энэ жилийн 7-р сарын 4-ний 21.00 цагаас “Best of Classics- Open air” цогц хөтөлбөрийг Улсын их баяр наадамд зориулан өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолт болно. Энэ үдэш Чингисийн талбайд 2000-3000 суудал засахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
BEST OF CLASSICS OPEN AIR ХӨТӨЛБӨР УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
1. Франц вон Зупе “Алдарт морьтон” дуурийн удиртгал УДБЭТеатрын симфони найрал хөгжим, Удирдаач УДБЭТеатрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
2. Ж.Верди “Аида” дуурийн Хүндэтгэлийн марш УДБЭТеатрын найрал дуучид, симфони найрал хөгжим
3. Л.Минкус “Пахита” балетын Төгсгөл УДБЭТеатрын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, балетын жүжигчид
4. C.Кардилльо“Ачлалгүй зүрх” УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир
5. Л.Ардити“Үнсэлт” УДБЭТеатрын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа
6. П.И.Чайковский “Хунт нуур” балетын Адажио УДБЭТеатрын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, эмэгтэй бүжигчид, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
7. Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари УДБЭТеатрын гоцлол
дуучин СТА О.Хүрэлбаатар
8. Ш.Гуно “Вальпургийн шөнө” УДБЭТеатрын балетын гоцлооч О.Анужин, Б.Төгөлдөр, эрэгтэй бүжигчид
9. Э.Монте “Чардаш” УДБЭТеатрын гоцлол хөгжимчин МУУГЗ Ц.Мөнхболд хийл хөгжмөөр гоцлон симфони найрал хөгжим хөгжимдөнө, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
10. Ж.Пуччини “Богема”дуурийн Мюзеттагийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
СТА Ш.Наранчимэг
11. П.И.Чайковский “Цөмөөхэй” балетын Па-де-де УДБЭТеатрын балетын гоцлооч
МУГЖ Г.Цолмон, гоцлол бүжигчин Б.Пүрэв-Очир, эрэгтэй бүжигчид
12. Ж.Верди “Симон Боканегра” дуурийн Фиескогийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
С.Бат-Эрдэнэ
13. Ж.Верди “Хувь заяаны хүч” дуурийн удиртгал УДБЭТеатрын симфони найрал
хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
14. А.Адан “Жизель” балетын Сүнсний бүжиг УДБЭТеатрын балетын гоцлооч СТА Б.Баасансүрэн, СТА Б.Энхтуул, М.Мөнхтуяа, эмэгтэй бүжигчид
15. И.Штраус “Хаврын урь” УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг
16. М.Глинка “Руслан Людмила” дуурийн удиртгал УДБЭТеатрын симфони найрал
хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
17. А.Бородин “Игорь Ван” дуурийн Хивчакуудын бүжиг УДБЭТеатрын балетын жүжигчид, найрал дуучид, балетын гоцлоочид, Ж.Ханбулнай, СТА А.Өлзий-Орших, СТА М.Од, СТА Э.Эрдэнэжаргал, Т.Хан-Очир, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
18. Агустин Лара “Ла Гранада” УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Батжаргал
19. Ж.Верди “Трубадур” дуурийн Азученагийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
СТА М.Дариймаа
20. Л.Минкус “Дон Кихот” балетын Гран па УДБЭТеатрын балетын гоцлооч СТА Б.Саруул, СТА А.Өлзий-Орших, балетын жүжигчид
21. Ж.Верди “Травиата” дуурийн Виолеттагийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
МУГЖ Ө.Уянга
22. Ж.Оффенбах “Баркаролле” УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин СТА М.Дариймаа, найрал дуучид
23. Ж.Бизе “Кармен” дуурийн IV үзэгдлийн Найрал дуу УДБЭТеатрын найрал дуучид
24. Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны ари УДБЭТеатрын гоцлол дуучин
МУГЖ Ө.Уянга, СТА Б.Эрдэнэтуяа, Ш.Наранчимэг, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
25. Ж.Верди “Риголетто” дуурийн Герцогийн дуу УДБЭТеатрын гоцлол дуучин
Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, Удираач МУУГЗ Ж.Бүрэнбэх
26. Ж.Верди “Риголетто” дуурийн Риголеттогийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
МУГЖ Э.Амартүвшин
27. Ж.Верди “Трубадур” дуурийн Ди Луна, Леонора нарын хоршил Гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг
28. Ж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари Гоцлол дуучин Б.Гомбо-Очир,
Б.Батжаргал, МУГЖ С.Мөнгөнцэцэг Ө.Уянг а, СТА Б.Эрдэнэтуяа, СТА Ш.Наранчимэг, найрал дуучид, симфони найрал хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
Концертын ерөнхий найруулагч СТА Е.Сарантуяа
Ерөнхий Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
Ерөнхий балетмейстр СТА Д.Дашлхагва
Ерөнхий хормейстр СТА Н.Дашбямба
Ерөнхий зураач СТА Г.Ганбаатар
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.
Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталсан Улсын Их Хурлын 1993 оны 59 дүгээр тогтоолыг гарснаас хойш хугацаанд нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтад прокурорын газрын нэрийг Дархан хот, Эрдэнэт хот, Чойр хот дахь прокурорын газар, прокурорын газрын байрших газрын нэрийг Цэцэрлэг хот, Өлгий хот, Булган хот гэм мэтээр заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалттай зөрчилдөж байгаа болно. Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай зарим прокурорын газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг уялдуулах шаардлага үүсч байгаа аж. Дээрх үндэслэл, шаардлагын дагуу “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулжээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар прокурорын байгууллагын зохион байгуулалт нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай уялдуулан нийцэх бөгөөд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.