Нийтийн тээврийнхэн үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрөөс ажил хаялт зарласан. Ажил хаялт 14 хоног үргэлжилсний эцэст талууд зөвшилцөж цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг ярихдаа “Ажил хаясан жолооч кондукторууд цалингаа 25 хувиар нэмэхийг хүсч байгууллагын зүгээс энэхүү саналыг өнгөрсөн баасан гаригт хүлээн авч нэмэхээр болсон. Өмнө нь кондуктор 350 мянган төгрөгийн цалинтай байсан бол 437 мянган төгрөг, жолоочийнх 445 байсан бол 556 мянган төгрөг болж нэмэгдсэн гэсэн үг. Манайх орлогоороо цалинждаг байгууллага. Орлого хийж байж цалингаа авах боломжтой гэсэн үг. Тиймээс ажил хаясан өдрүүдийн цалинг өгөх боломжгүй. Тэгээд ч ажил хаяж, ажил хаялтыг зохион байгуулсан тал энэ асуудлыг өөрсдөө хариуцах ёстой” гэлээ.
Month: June 2015
“Алжир бүсгүйчүүд”
Пабло Пикассогийн Алжир бүсгүйчүүд хэмээх уран зураг өнгөрсөн тавдугаар сард Кристигийн дуудлага худалдаагаар 179,4 сая америк доллараар зарагдсан. 140 саяас эхлэн дуудсан үнэ сүүлийн мөчид 179 сая 365 мянган долларт хүрч шинэ цуглуулагчийн эзэмшилд очоод байна. 1954-1963 оны хооронд Пикассо сонгодог үеийн мастеруудын бүтээлийг өөрчлөн шинэчилж нэлээн хэдэн цуврал зураг зурсны нэг нь энэ “Алжир бүсгүйчүүд” юм. Энэ нь Евгений Делакруагийн 1834 онд зурсан “Алжир эмэгтэйчүүд өргөөндөө” хэмээх сонгодог уран зургийг Пикассо фовист зарчмаараа 15 жижиг цуврал болгон зурсан бүтээл юм. Дээрх он жилүүдэд Пикассо Францын зураач Эдуард Манэгийн 1863 онд зурсан “Зүлгэн дээрх үдийн зоог”, Диего Веласкесийн “Ордны шадар эмэгтэйчүүд” гэхчлэн нэлээнхэдэн сонгодог бүтээлийг эвдэж өөрийн манераар зурсны дотор Алжир бүсгүйчүүд”-ийг 1954-1955 онд 15 цуврал болгон зурсан байна. 1940-өөд оноос Пикассо Луврт байнга зочлон, Делакруагийн бүтээл дээр ажиллан анхны хар зургаа гаргах болсон байна.
Пикассогийн маш олон бүтээлүүд нь сонгодог бүтээлүүдээс шууд шинэчлэн хуулбарласан фовист формууд байдаг. “Алжир бүсгүйчүүд” дээр бол Пикассо уг зургийн нүүрэн талд сууж буй хоёр бүсгүйн формыг эвдэж, санаанд оромгүйгээр эргүүлэн, цээж болон ар талыг нь үзэгч рүү зэрэгцүүлэн харуулжээ. Мөн этгээд сонин, харь үндэстний хувцас зүүсгэлтэй шивэгчин эмэгтэйчүүдийг дүрслэх, амьд тод өнгөний хэллэг бүхий “дорнын” гэх Матиссын сэдэв илэрхийллийг түүнийг нас барснаас зургаан долоо хоногийн дараа Пикассо өөриймшүүлэн авч энэ бүтээл дээрх зарц эмэгтэй дээр онцлон хэрэгжүүлсэн. Энэ бол 15 цувралын эхнийх нь юм. Тэрбээр насан туршийн анд нөхөр бөгөөд мөнхийн өрсөлдөгч Анри Матиссын дорно дахиныг илтгэх шивэгчин эмэгтэйн сэдвийг “сайн дураараа өөртөө өвлөн авсан” нь энэ юм. Матиссын урлаг дахь дур булаам,зовлонт татвар эмсийн дүрслэл. Энэ талаараа Пикассо наргиан болгож “Матисс нас барахдаа шивэгчнээ надад хууль ёсоор үлдээсэн юм” гэсэн байдаг. ПикассоЖаклин Рокийн хөргийг олонтаа зурахдаа дандаа ийм төрхтэйгөөр дүрсэлсэн байдаг.
Анх 1956 онд Америкийн гоёл чимэглэлийн үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компанийн ерөнхийлөгч, урлагийн бүтээл цуглуулагч Виктор Ханц “Алжир бүсгүйчүүд” цувралыг бүхэлд нь 212, 500 доллараар Парисын нэгэн галерейгаас худалдан авч байжээ. Аваад хувилбар тус бүрийг С. Н, J гэхчлэн дугаарласнаараа өнөөг хүртэл хадгалагдаж байгаа. Дараа нь 15 цуврал зургийн 10-ыг нь Нью Йоркийн Зайденбергийн галерейд худалдсан байна. Харин өдгөө эдгээр цуврал нь тус тусдаа улсын болон хувийн цуглуулгад хадгалагдаж байгаа юм. “Алжир бүсгүйчүүд”-ийн цуврал хэзээ, хаана ямар үнээр зарагдсан мэдээлийг сонирхуулъя.
“С” хувилбар нь анхны худалдан авагч Виктор Хансыг нас барсны дараа 1988 онд зарагджээ. “Н” хувилбар нь 1997 онд мөн Хансын цуглуулгаас 7,15 сая доллараар зарагдаж Швейцарийн Жое Намадын цуглуулгад оржээ. Уг хувилбар өнгөрсөн тавдугаар сард Английн Ливерпүүлийн музейн зээлийн барьцаанд байв. “J хувилбар” нь 2006 онд 18,6 сая доллараар, “K хувилбар” нь 1997 онд 6,6 сая доллараар, L хувилбар нь 2011 онд 11,4 сая доллараар,”M” хувилбар нь1997 онд 10 сая доллараар, “N” хувилбар нь 1960 онд Вашингтоны их сургуулийн урлагийн музейд зарагджээ. Энэ тохиолдолд хэдээр зарагдсан нь тодорхойгүй байна. “Алжир бүсгүйчүүд” -ийн 15 цувралын сүүлчийн “О” хувилбарыг 1997 онд мөн Кристигийн дуудлага худалдаагаар 31,9 сая доллараар худалдсан байна. Үүнийг Их Британийн Лондонд амьдардаг Саудын Арабын нэгэн цуглуулагч худалдан авч байжээ. Энэ “О” хувилбар нь өнгөрсөн тавдугаар сард Кристигийн дуудлага худалдаагаар 179 сая 365 мянган доллараар зарагдаж дуудлага худалдааны хамгийн өндөр үнэд хүрэв.
Үүнээс өмнө 2013 онд Францын зураач Фрэнсис Бэконы “Люсьен Фрейдийн гурван судалбар” бүтээл мөн Кристигийн дуудлага худалдаагаар 142,4 сая америк долларын үнэд хүрсэн нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн урлагийн бүтээл байв. Пикассогийн “Алжир бүсгүйчүүд”-ийн “О” хувилбарыг Катарын экс Ерөнхий сайд Хамид Вен Жасим Вен Жабер Аль Тани худалдан аваад байна.
Н.ПАГМА
Дуучин Э.Төрмандахынд бямба гаригийн өглөө очлоо. Тэднийх Баянмонгол хороололд амьдардаг юм байна. Дуучин маань хоёр охиныхоо хамт хаалгаа тайлж өгч байна. Мэнд мэдэлцээд “Манай хүн та нарыг ирэх сургаар дэлгүүрээс бага сага идэж, уух юм авчрахаар гарсан. Удахгүй ороод ирэх байх. Амарч байгаа өдрөө жаахан унтах гэсэн манай хоёр ноолоод өнөөдөр эрт бослоо шүү. Өчигдөр Бөхийн өргөөнд болсон Ухнаа ахын “Урлагт зүтгэсний 50 жил” тоглолтод оролцоод оройтож гэртээ ирлээ” гэсээр угтлаа.Харин том охин Э.Намуунбайгаль “Бид хоёр аавыг морь болгоод унаж байсан юм. Манай аав мундаг морь болж чаддаг юм” гэлээ. Аав нь “Том хүмүүсийн ярианд оролцоод яаж байгаа юм. Тэгж болдоггүй юм” гэв. Дуучин маань уран бүтээлээ хийх, арга хэмжээнд дуулах, хөдөө тоглолтоор явсаар ажлын өдрүүдийг зав чөлөөгүй өнгөрөөдөг гэнэ. Харин амралтын өдрүүдэд гэр бүл, хоёр охиндоо цаг зав гаргадаг аж. Аавыгаа амарсан өглөө хоёр охин нь эрт босчихдог байна. Тэр гурав нийлж үймүүлээд гэрээ буулгачих шахан тоглодог гэнэ. Бид тэднийг тоглож байхад нь очсон бололтой, дэр, чихмэл тоглоомууд ороор нэг ундуй сундуй угтлаа.
ДЭЛГЭРХАНГАЙ УУЛЫН БЭЛЭЭС ТӨРСӨН ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ДУУЧИН
Нутаг оронд нь зуншлага ямар байгаа талаар хөөрөлдөж суутал гаднаас гэрийн эзэгтэй О.Гансувд хоёр тортой зүйл барьсаар ороод ирэв.
Э.Төрмандах саяхан нутаг руугаа яваад иржээ. Түүний унаж төрсөн газар дуу хуурийн өлгий нутаг Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. Дэлгэрхангай уулын хормой уртын дуу шуранхайлсан бор толгод дунд өсч, торнисон нэгэн. Адуутай, айрагтай, дуу хууртай нутгаас төрөн гарсан дуучдын нэг юм. Тэр тусмаа Дэлгэрхангай сумаас 20 гаруй урлаг, соёлын гавьяат төрсөн байдаг. Их зохиолч С.Буяннэмэх, Дарма.Батбаяр, С.Дашдооров гээд алдарт зохиолчид, хөдөлмөрийн баатар дуучин Г.Хайдав, зууны манлай дуурийн дуучин “Ардын элч” киноны Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн, морины хэмээн алдаршсан Нансалмаа, гавьяат жүжигчин Батсүх, Ягаан гажид буюу Цэнд-Аюуш гээд алдартнуудын өлгий нутаг. Хөдөлмөрийн баатар дуучин Г.Хайдав гуайн төрж өссөн хонхорт өнөө цагийн нэр алдарт хүрээд байгаа залуу дуучин Э.Төрмандах мөн төржээ.
Тэр удам дамжсан дуучин гэнэ. Түүний өвөө үйзэн Чимид гэж сум, орон нутагтаа алдартай уртын дууч байжээ. Тэсгим жавар тачигнасан өвлийн хүйтэнд нутгийнхаа хэдэн залуустай жин тээдэг, бяр чадалтай нэгэн явсан байна. Жин тээж явахдаа өвлийн хүйтэнд азарган нэхий дээлийнхээ энгэрийг задгайлчихсан, уур савсуулаад луртын дуудуулчихсан явдаг байсныг нутгийнхан одоог хүртэл ярьдаг гэнэ. Харин аав Ч.Эрдэнэсүрэн нь мөн л сум төдийгүй аймагтаа гайхагдсан дуучин аж. Дундговь аймагт болдог дууны уралдаанд Дэлгэрхангай сумаасаа Ч.Эрдэнэсүрэн ирдэг. Тэмцээн уралдаанд ороод түрүүлдэг, тусгай байранд шалгардаг чадалтай дуучин явсан байна. Гэхдээ дуугаа цааш нь хөгжүүлж чадаагүй аж. Харин Төрмандах өвөө, аав хоёрынхоо мөрөөдлийг биелүүлсэн дуучин болохоор хичээж яваагаа ярьсан юм. Гэхдээ түүний дуучин болсон түүх их сонин. Бага байхдаа дуулах дуртай хүүхэд байсан ч бусдаас илүү гартал дуулж чаддагүй байжээ. Тавдугаар ангидаа аймагт болсон дууны тэмцээнд оролцоод нэгдүгээр шатнаас хасагдаж байсан гэнэ. Харин барилдах их сонирхолтой, сайн ч барилддаг, бөхийн удамтай гэнэ. Түүний ээж Цэцгээ Өвөрхангайн Сант сумынх. Монгол Улсын заан Эрдэнэбаттай ойрын хамаатан аж. Ээж талаасаа бөхийн удамтай болоод ч тэрүү үеийн хүүхдүүдээс бие бялдрын хувьд өсгөлүүн, бяр тэнхээтэй. Сумынхаа өсвөрын барилдаанд түрүүлж, үзүүрлэчихдэг. Бүр наймдугаар ангид байхдаа заалны барилдаанд аймаг, сумын цолтой бөхчүүдийг хаяж түрүүлдэг байсан гэнэ. Гэхдээ сумынхаа наадамд түрүүлж цол авч чадаагүй байна. Наймдугаар ангид байхдаа сумын наадамд гурав давчихаад унажээ. Харин залуучуудын барилдаанд шөвгийн дөрөвт сумаасаа ганцаараа үлдэж байсан аж. Өсвөрийн хүүхдийн барилдаанд түрүүлээд унадаг дугуй, даага, хөгжим байнд нь авч байсан нь түүний анхны том шагналын нэг гэнэ. Үүндээ урамшин “Дэлгэрхангай нутаг бөх цөөтэй. Би бөхийн удамтай. Сайн барилдаж чадна” гэж бодоод бөхөөр барилдахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна. Тэр цагаас зааланд үеийн хүүхдүүдтэй барилдаж өдөр, хоногийг бөхийн бэлтгэл сургуулилт дунд өнгөрөөх болсон гэнэ. Бүр аймагт очиж барилдаад амжилт гаргаж, цагаан сарын хүүхдийн барилдаанд очиж барилдсан байна. Тэр барилдаанд гурав давж, дөрвийн даваанд Шарын гол сумын хүүхэдтэй ач тач барилдаад унажээ. Тэгсэн Э.Төрмандахыг давсан хүүхэд тэр жилийн хүүхдийн барилдаанд түрүүлсэн байна. Энэ талаараа дуучин маань “Бөхөө орхихгүй явсан бол өдийд барилдаад цол энэ тэр авсан ч юмгүй, бааранд хамгаалагч хийдэг ажилтай нөхөр явах байх” гээд инээж байна лээ.
Бөхийн байнд ирсэн хөгжмөө гэртээ хангинуулаад тухайн үед нэр алдарт хүрсэн хүмүүсийн дууг сонсож дагаж дуулдаг байсан гэнэ. Хажуу айлын хүмүүс “Толгой эргэтэл хөгжим хангинуулаад” гэж загнана. Хөдөө хонь хариулах, гэртээ байхдаа байнга л дуулдаг байв. Томчууд байнга енгэнэх муу ёр шүү гэж загнадаг байв. Ингээд Дундговь аймгийн Хүүхдийн дууны уралдаанд сумаасаа шалгарч очоод гурван төрөлд түрүүлсэн байна. “Дэлгэрхангайн бор банди хамаг шагнал түүчихлээ. Үнэхээр сайхан дуулдаг хүү байна” гэсэн яриа Дундговь аймгаар нэг тархжээ. Дундговь аймгийн хөгжим судлаач нар Э.Төрмандахын дуулж байгааг сонсоод “Дээд өнгөөр дуулж, дээшээ дуугарах хүүхэд байна” гэсэн томоохон үнэлэмж өгөв. Хүмүүсийн өгсөн урмын үг, үеийнхний хүндлэл түүнийг дуучин болох юмсан гэсэн хүсэл мөрөөдлийг түүний сэтгэл зүрхэнд асааж өгчээ.
Дэлгэрхангай сумын дунд сургуулийн есдүгээр ангид байхад нь түүний ээж хүндээр өвдсөн байна. Аав нь хот суурин бараадаж, хүнд өвчин туссан эхнэрээ эдгээхээр Дэлгэрхангай сумаас нүүжээ. Нисэхэд нүүж ирсэн Э.Төрмандах VII сургуулийн сурагч болов. Дуулах сонирхол хүсэл тэмүүлэлтэй түүнийг багш нар нь дэмжиж, хоёр ч удаа тайлан тоглолтыг нь хийлгүүлжээ. Хүүгийнхээ тоглолтыг аав, ээж хоёр нь үзсэн байна. Ээж нь “Миний хүү урлагийн хүн болох нь ээ, Сайн дуучин болох байх” хэмээн уйлж суусан гэдэг. Ээжийнх нь бие тааруу байхад Төрмандахад “Ээжийгээ яаж баярлуулах вэ” гэсэн бодол эргэлдэж байжээ. Халаасандаа таван мянган төгрөгтэй Баянзүрх захын ойролцоо явж байтал Дуу бичлэгийн студи гэсэн бичиг нүдэнд нь туссан байна. Яваад ортол хижээл насны ах сууж байжээ. “Ахаа би дуу бичүүлэх гэсэн юм. Хоёр дууг нэг нэг удаа л дуулна” гэж хэлжээ. Дуу бичлэгийн студийн ажилтан гайхаж харж байснаа “Чи байтугай чамаас цаадах нь нэг дуулж чаддаггүй юм. Чамд тэгээд мөнгө байгаа юм уу” гэж асуужээ. Э.Төрмандах ч өөрт байгаа таван мянган төгрөгөө гаргаж үзүүлэв. Тэгсэн мөнгийг нь хараад шоолж инээснээ “За яах вэ нэг нэг л дуулна шүү. Би одоо хийсэн ажилгүй байна” гээд дуулуулжээ. Мань эр дуучин С.Жавхлангийн “Нутгийн салхи”, “Аав л ээж л хоёр минь” гэх дууг дуулсан байна. Тэгсэн хоолойг нь бичиж байсан хүн гайхаж, “Чи цаашид дуулдаг юм шүү. Чи хүлээж бай. Ах нь жаахан засч янзлаад CD дээр буулгаад өгье” гэжээ. Анх удаа дуугаа бичүүлсэн хүү ээждээ сонсгохоор гэр рүүгээ хөөр баяртай гүйж байснаа дурсав. CD-гээ сонсгоход ээж нь “Миний хүү сайхан дуучин болно доо. Хүүгийн минь дууг сонсоод олон ээж баярлана” гээд үнсэж байсан гэнэ. Гэвч Э.Төрмандахын ээж хүүгээ нэр алдартай дуучин болохыг харж чадаагүй юм билээ. Түүний дуучин болсон түүх ингэж л эхэлжээ.
СУИС-ИЙН ДОТУУР БАЙРНААС АМЬДРАЛАА ЭХЭЛСЭН ХОС ДУУЧИД
Бид ийн хөөрөлдөж байтал Э.Төрмандахын гэргий О.Гансувд “Хоол болчихсоншүү” гэсээр Э.Төрмандахын идэх дуртай будаатай хуургыг таваглан авчирлаа. Түүний эхнэр мөн л удам дамжсан, олны танил дуучин. Увс аймгийн Тэс сумынх. Ардын дууч Д.Бурмаа түүний авга эгч гэнэ. Гансувдын аав Олзод Увс аймгийн сайн дуучдын нэг аж. Гурван ч удаа аймгийн аварга дуучин болж байсан гэнэ. “Уран бүтээлч гэр бүл байна гэдэг гэр орондоо цаг зав гаргахгүй хэцүү. Гэхдээ бие биенийгээ дэмжиж, хамтран уран бүтээл хийж байна” гэлээ. “Манай хүн намайг бодвол цөөхөн дуутай. Гэхдээ чанартай сайн хэдэн дуу дуулсан”гэлээ. Эхнэртэйгээ танилцаж, ханилсан талаараа ийн ярив. СУИС-ийннэгдүгээр курсийн оюутан байхдаа Дэлгэрхангай сумандаа тоглолт хийхээр дуулаачийн ангийн оюутнууд дагуулж явахаар болж. Ийн оюутнууд цуглуулж байхдаа Төрмандах СУИС-ийн хоёрдугаар давхрын шатан дээр дээд ангийн оюутантай таарч, “Дэлгэрхангай сум руу явах уу” гэж асуусан нь О.Гансувд аж. Тэд Э.Төрмандахын сум руу тоглолтоор явахдаа танилцаж дотноссон байна. Удалгүй Э.Төрмандах О.Гансувдтай хамт амьдрахаар шийдэж, гэрээсээ СУИС-ийн оюутны дотуур байранд нүүн ирснээр тэдний хамтын амьдрал эхэлсэн гэнэ. Сургуулиа төгсөхийн өмнө байр хөлсөлж тусдаа гарчээ. Э.Төрмандах оюутан байхдаа байрны түрээсийн мөнгө олох гэж энд тэндэхийн арга хэмжээнд дуулж, мөнгө олдог байсан аж. Гурван жилийн өмнө хуримаа хийж, хоёр хүүхэдтэй болжээ. Одоо харин тохилог орон сууцанд тав тухтай амьдарч байна. Том охинНамуунбайгаль таван настай, бага охин Энх-Уянга нь гурван настай гэнэ.
Биднийг ийн ярьж суутал Дундговь аймгаас Биеийн тамир спортын газрын дарга Ж.Гантулга эхнэрийн хамт Төрмандахынд ороод ирэв. Өглөө эртлэн Дундговь аймгаас гарч давхиад хотод ирж байгаа нь энэ аж. Тэрбээр Э.Төрмандахтай багын найз гэнэ. Хотод орж ирэхдээ Э.Төрмандахынд заавал ирдэг байна. Ж.Гантулга гэр бүлийн хамт ОХУ-ын Улаан-Үд орж Итгэлт хамбад мөргөж, Байгал далай үзэхээр ирсэн нь энэ аж. Гэхдээ Э.Төрмандах, О.Гансувд нарыг дагуулж явах гэнэ.
Дундговь аймаг хур бороо багатай байгаа гэнэ. Саяхан Дэлгэрхангай уулын тахилга болжээ. Жил бүр Дэлгэрхангай уулыг Дундговь аймгийнхан тахидаг байна. Ж.Гантулга бидэнд нэгэн түүх ярьж өглөө. Дэлгэрхангай уулын тахилга болжээ. Тэр үед Төрөө оюутан байсан гэнэ. Уулын тахилга болоод Төрөөг дуулуулсан байна. Дэлгэрхангай суманд гурван жил бороо хур ороогүй байсан аж. Тэгсэн Төрмандахыг уртын дуу дуултал бүртийх ч үүлгүй цэлмэг байсан тэнгэрийн баруун хойноос хэсэг үүл гарч ирэн Дэлгэрхангай уулын оройд нартай бороо шаагин оржээ. Нутгийнхан ч үүнийг ихэд бэлгэшээсэн байна. Мөн сургуулиа төгсөх жилээ Дэлгэрхангай уулын тахилгад оролцож мөн л дуулсан байна. Тэгсэн Төрмандахыг дуулаад эхэлтэл бороо орж байсан гэнэ. Дундговь аймгийнхан “Байгаль, дэлхий дуу сонсоод хур бороогоо хайрлаж байна” гэж ихэд билэгшээжээ. Энэ талаар Э.Төрмандах “Би өөрөө ч их гайхсан. Ерөөсөө бороо ороогүй байж байгаад лам нар номоо уншиж дуусаад яг намайг дуулахаар бороо намираад орчихсон. Хоёр удаа давтагдахаар гайхаж, “Уул хангай дууг минь сонсоод хураа хайрлаж байгаа юм байна даа” гэж бодсон. Ингэж ярихаар “Мухар сүсэгтэй юм бэ гэж хүмүүс бодох байх даа” гээд инээлээ.
Сайд асан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбын бэлгэнд өгсөн Дэлгэрхангай уулын зургийг гэрийнхээ хоймор өлгөсөн байлаа. Бидний яриа эргээд уран бүтээл рүү оров. Анх2005 онд “Аав л нутаг хоёр” гэсэн дуу дуулж байсан гэнэ. Харин оюутан байхдаа Б.Лхагвасүрэнгийн шүлэг Б.Магсаржавын хөгжим “Зүүдэн бороо” дууг 200 мянган төгрөгөөр клип хийлгэж дуулж байсан гэнэ. Мөн “Адуугаарааалдартай Дэлгэрхангай” дууг ч маш бага өртгөөр клип хийлгэж олны хүртээл болгосон байна. Тэрбээр одоо 200 гаруй дуутай гэнэ. “Би болсон болоогүй олон дуутай байснаас чанартай хэдэн дуутай байя гэж боддог юм. Гэвч танаар л дуулуулах гэсэн юм гээд л хүмүүс дууны үг бариад хүрээд ирдэг. Тэр болгоныг аваад дуулаад байж болохгүй хэцүү байдаг. Гэхдээ хүн болгонд үгүй гэж чадахгүй юм” гэв.
НАЙЗ МУГЖ Д.АРИУНБААТАР, АРСЛАН Н.БАТСУУРЬ НАРТАА “ТАВХАН САР ХИЧЭЭГЭЭД БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАА САЙН ХИЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙЖЭЭ
Э.Төрмандах руу МУГЖ Г.Ариунбаатар утсаар ярьж байна. Гарын таван хуруунд багтах дотнын найзуудынх нь нэг амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлж байгааг нь лавлаж, мэнд мэдэж байна гэнэ. Тэр хоёр СУИС-ийн нэг ангийн найзууд. Байнга шахуу Г.Ариунбаатарын эмээгийнд очих гэж Баянхошууны эцэс рүү алхдаг байсан гэнэ. Замдаа дуурийн дуугаа давтаж, хоолойгоо янз бүрээр дуугаргаж сургуулилт хийж явсаар хүрдэг байжээ. Алхах дуртайдаа биш автобуснымөнгөгүй учраас ийн алхдаг байж. Мөн тэр хоёр ангийнхаа сурлага сайтай оюутнуудын тоонд зүй ёсоор ордог гэнэ. Шалгалтын дүн танилцуулахад нэг, хоёрдугаар байрт ээлжлээд ордог. Бие биенийгээ дуулах үед нь “Тэгж дуул, тэр хэсэгт нь ингэж дуугар” гээд зөвлөгөө өгдөг. Мөн тэрбээр “Амьдралын чухал, эгзэгтэй үед бие биедээ хэлсэн үг, зөвлөгөөг хүндэтгэж дагадаг нь бидний нөхөрлөлийн үнэ цэнэ юм уу даа” гээд өөрсөддөө тохиолдсон явдлаасаа ярив.
Улсын Филармонийн дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-д болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд явах гэж байхад нь Төрөө “Миний найз таван сар хэнтэй ч уулзалгүй, зөвхөн дасгал сургуулилтаа хий. Тэгвэл амжилт гаргана” гэж хэлсэн гэнэ. Улмаар найз Г.Ариунбаатар таван сар найз, нөхөдтэйгээ уулзалгүй бэлтгэл хийж, уг уралдаанд түрүүлж байсан гэнэ. Мөн 1600 гаруй дуучин оролцсон ЗХУ-ын ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын гуравдугаар уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болсон байна. Үүнээс гадна Э.Төрмандах дотнын найз Монгол Улсын арслан Н.Батсуурийг улсын наадамд түрүүлдэг жилийн цагаан сарын өмнө “Тавхан сар бүх сэтгэл зүрхээ гаргаад бэлтгэл сургуулилтаа хийчих” гэж аминчлан хэлсэн гэнэ. Тэр жилийн наадамд Н.Батсуурь ч одтой сайхан барилдаж түрүүлж байж. Наадамд түрүүлсний дараа Н.Батсуурь арслан Э.Төрмандахад “Чи үнэхээр урам зоригтой үг хэлсэн шүү. Чиний үгийг дагаад бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд түрүүлчихлээ. Чамд баярлалаа” гэж байсныг дурслаа.
“ЭНХ УЛИРАЛ” ДУУГААР АНХНЫ ХҮҮХДЭЭ НЭРЛЭСЭН САЛААНЫХАН
Залуу дуучид хуучны дууг сэргээж дуулдаг. Гэхдээ анх дуулж байсан дуучныг тэр чигээр нь хуулбарлаад дуулчихдаг. Үүнийг Э.Төрмандах таашаадаггүй гэнэ. Энэ талаар “Залуу уран бүтээлчид Олон түмэнд ардын дуу шиг болтлоо сэтгэл зүрхэнд нь хүрчихсэн хуучны дууг анх дуулж байсан хүн шиг нь яг дуурайгаад дуулчихдаг. Ятгатай дуулсан бол ятга оруулаад, намуухан дуулсан бол яг тэр өнгөөр нь дуулдаг. Хэдийгээр хүмүүс тэрийг нь сонсдог ч гэсэн тухайн хүний өөрийн өнгө хоолой биш болоод явчихаж байгаа юм. Үүнийгээ энэ дууг шинэчилж дууллаа гээд байдаг. Өмнө нь шинэ байгаагүй юм шиг утгагүй зүйл ярьдаг. Тэр агуу дуучин Адарсүрэн, Цэрэнчимэдийг би дуурайж болохгүй. Төрмандах Төрмандахаараа л байх ёстой.Хуучны дууг өөрийнхөө хоолойн цар хүрээ, стильд оруулаад дуулах ёстой. Үүний нэг жишээ нь “Энх улирал” гэх Адарсүрэн агсны дуулсан дууг өөрийнхөө хоолойн өнгө аяст оруулж дуулсан. Мөн надад урам өгсөн дуу” гэлээ. Эндээс “Энх улирал” дууны талаарх сонирхолтой түүхийг бидэндярив. Олноо “Чоно багш” хэмээн алдаршсан зохиолч Эрхэмбаяр Э.Төрмандахад “Энх улирал”-ыг дуул гэж олон дуучинд хэллээ. Гэвч дуулахгүй юм. Чи нэг дуулаад үзээч, их сайхан дуу” гэсэн санал тавьсан гэнэ. Хэд хоног бодож байгаад дуулжээ. Олон түмэнд ч хүрсэн байна. Гэтэл энд тэнд тоглолтоор явах үед Энх-Улирал гэсэн нэртэй олон хүнтэй таарчээ. Тэгсэн Чоно багшийн багш ньДундговийн Говь-Угтаал сумын уугуул, яруу найрагч Б.Доржпалам цэрэгт байхдаа жагсаалын дарга байсан аж. Б.Доржпалам гуай цэргүүдтэйгээ их найрсаг харилцаатай, цэргийн ангидаа хамгийн мундаг салааг төрүүлсэн нэгэн байж. Салааны цэргүүд нь ч түүнийг их хүндэлдэг. Цэргүүд нь даргынхаа дуулах дуртай “Энх улирал” дууг байнга дуулдаг байсан гэнэ. Сүүлдээ “Энх улирал” гэх дуу тэр салааны нэрийн хуудас, шүтээн болж. Цэргүүд халагдахдаа салаан даргадаа “Цэрэгт байсан сайхан үеэ бид хэзээ ч мартахгүй. Таныг мөн мартахгүй. Бид анхныхаа хүүхдүүдийг эрэгтэй, эмэгтэй аль нь ч төрсөн хамаагүй Энх-Улирал гэж нэрлэнэ” гэж хэлээд явсан байна. Ингээд уг салааны 30 цэрэг даргадаа хэлсэн амандаа хүрч анхныхаа хүүхдэд Энх-Улирал гэж нэрлэжээ. Ингэж “Энх-Улирал” дууны нэрийг нэг салааны 30 цэргийн 30 хүүхэд авсан түүхтэй гэнэ.
Э.Төрмандах “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Аархал”, “Дүүрэнжаргалтай хорвоо” гэсэн томоохон гурван тоглолт хийсэн. Монгол орныг хэд хэдэн удаа тойрсон. Тэрбээр “Монголын 200 гаруй суманд очиж тоглолт хийсэн байна. Манайхан хотод, аймгуудад тоглолт хийгээд байдаг. Тэгсэн хэрнээ дуучид суманд очиж тоглолт хийх нь цөөн. Ашиг олоод байхгүй ч суманд амьдарч байгаа иргэдэд дуу хуур их дутагддаг. Уран бүтээлч хүн ард түмнийхээ дунд байх ёстой” гэв. Мөнсумын Соёлын төвд дуулж байхад үзэгчид хөл гишгэх зайгүй болтлоо пиг дүүрчихсэн байдаг гэнэ. Хөгжим сонсогдохгүй болтол нь үзэгчиддуулдаг байна. “Аархал” дууг гэхэд тайзны доор суусан гурав, дөрвөн настай хүүхдээс эхлээд хөгшин хүмүүс гээд бүгд дагаж дуулдаг байна. Нэг орой ч гэсэн дуртай дуучныхаа дууг хамтдаа дуулж өнгөрүүлэх нь ард түмний хувьд сэтгэлийн цэнгэл байх гэж бодож явдаг тухайгаа ч ярив.
Саяхан Булган аймгийн Хангал суманд тоглолтоо хийх болжээ. Тэгсэн сумаасаа олон хүн амтайХялгант тосгоныхон “Хангалд ямар ч ашиг олохгүй. Энд ирээд тоглолтоо хийчих” гэсэн байна. Тэгэхээр нь цөөн хүн амтай ч Хангал суманд заавал тоглолтоо хийнэ. Тэд ч бас уран бүтээлчдийг хүлээж байгаа гээд тоглолтоо хийсэн гэнэ. 300 хүн тоглолтыг нь үзсэн гэнэ. Ирэх жилдээ багтаад үлдсэн хэдэн сумаа дуусгахаар төлөвлөжээ. Сумдаар тойрч тоглолт хийхдээ сар гаруй өдөр болгон тоглолт хийгээд явдаг ч хоолой нь өвдөх, цуцах, дуугаа муу дуулах асуудал огт байдаггүй гэж дуучин маань “аархаж” байна лээ. Мөн “Хандивын тоглолт маш ихэсч байгаа. Өвчин зовлон туссан хүнд өөрийнхөө чадлаар туслачих юмсан гэсэн бодол байдаг. Гэвч үнэхээр хандивын тоглолтын мөнгө эзэндээ хүрч байгаа үгүй нь тодорхойгүй. Эмчилгээ хийлгэж байгаа нь мэдэгддэггүй” гэнэ.
ДЭЛХИЙН ДУУЧИДТАЙ ӨРСӨЛДӨХӨӨР БЭЛТГЭЛЭЭ ХИЙГЭЭД ЭХЭЛЖЭЭ
Э.Төрмандах хурдан морь уях сонирхолтой аж. Одоогоор бэлэгний зуу гаруй адуутай болоод байгаа гэсэн. Төр хүрэн, Жигүүр хээр гээд олон хурдан буян байгаа гэнэ.Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Хужирт сумын 80 жилийн ойд Жигүүр хээр соёолон нь түрүүлж, улсын баяр наадамд түрүүлсэн соёолонгийн эзэнд өгдөгАПУ компанийн Алтан түрүү цомын эзэн болжээ. Өнгөрсөн жил гэхэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын мянган адуутай Эрхэмбаяр гэх залуу аймаг, сумын наадам таван медаль хүртсэн хонгор азаргаа түүнд бэлэглэсэн байна. Төрмандах бэлгэнд ирсэн хонгор азаргаа Налайхын наадамд хурдлуулахад зургаад давхисан гэнэ. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Төрмөнх зун бэлэглэсэн адуугаа намар нь машинд ачаад ирж байсан гэнэ. Зун болоод ирэхээр уран бүтээлээсээ хэсэг хөндийрч, хурдан морь уяад хөдөө зусдаг болоод байгаа аж. Өнөө жил ч гэсэн хөдөө гарахаар бэлтгэж байгаа гэнэ. Үүнээс гадна Э.Төрмандах ОХУ-аас зохион байгуулах гэж буй дэлхийн олон орны дуучин оролцох уралдаанд орохоор бэлтгэж эхлээд байгаа гэнэ. Тэрбээр ярианы төгсгөлд “Урлагийн хүн байна гэдэг уран бүтээлээр амьдарч, гэр бүлээрээ түшүүлж, олныхоо хайр хүндэтгэлээр урам авахын нэр байх. Хэдийгээр би залуу ч гэсэн үүнийг мэдэрч байгаадаа өөрийгөө хувьтайд тооцдог. Өвөө, аав хоёрын минь авьяас билэг, ээжийн минь шүншиг надад оршдог гэж дотроо бодож явдаг. Олныхоо итгэл, хүндлэлийг алдахгүй амьдрахыг хичээж явдаг даа” гэсэн юм.
Э.ХҮРЭЛБААТАР
Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ
Зуны эхэн сарын цагаан нохой өдөр манай сурвалжлах хэсэг Төв аймгийн Баянцагаан сумын нутаг “Довын адаг”-ийг зорилоо. Морьдоо давхиулж бай гэсэн юм шиг талбиун сайхан нутаг юм. Энэ нутагт Д.Онон манлайнх өнөө жилийн наадмаар давхиулах морьдоо сойж байгаа юм. Замд бороо ганц нэг дусаад, зам хөндлөн адуу хөөсөн залуу орж ирээд, аараг толгодын дундаас адуу янцгаах нь аялгуу лимбэдэх шиг, аав минь айргийнхаа сөнгийн дэргэд налайж суух шиг тийм сайхныг Баянцагааны буурал талд мэдрэгдэнэ. Адуутай, хөдөөтэй өвгөдийн удам болох бидний цөөхөн монголчууд руу “Та монгол хүн шүү” гэдгийг маань ганц мэдрүүлдэг монгол наадам болох өдөр ирж явна.
“Наадмын өмнөхөн
Нар манхайсан Бөхөгийн голоо өгсөж нэг үзлээ
Уяа морьдын сувдан хөлс нугын цэцгэнд шүүдэрлэж
Уулсын цэнхэр бэлээс айраг адуу үнэртэнэ
Тэнгэрийн заадасны үзүүр баримжаанаас их сунгаа эргэж
Тээгийн арын толион дээр хөөстэй амгай татна” гэсэн Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийн мөрүүд аманд өөрийн эрхгүй орж ирж байна. Наадам болоход нэг сар л үлдсэн юм байна шүү дээ. Д.Онон манлайн уяа харагдах алдад гурван гэрийн гадаа адуу багширч, уртын урт суналзтал татсан уяа шузаг эгнэж харагдав. Морьдынх нь хүүхдүүд бололтой жаахан бор юмнууд эмээлээ тэврэн таахалзан алхацгаана. Угаасаа хурдан морины хүүхдүүд хар багаасаа хэрсүүжсэн, биеэ тоомрууд байдаг юм. Уяаны дэргэд очиж, амар мэндээ мэдээд удаагүй байгаа над руу хөхөл сүүлийг нь боосон сайхан хээр азарга унасан жаахан хүү “Алив эгч тэр ташуур аваад өг” хэмээн зарлаа. Тэр мөн том байнаа, би ч дуулгавартайяа зарагдаж газар хэвтсэн ташуурыг нь авч өгвөл “Өшиглүүлчихэв, холхон байгаарай” гэж өнөө биеэ тоомор чинь бас загнах аятай байна. Түрүү жил зээрд соёолонгоо улсад аман хүзүүдүүлсэн Д.Онон гуайн ач хүү мөн дөө гэж багцааллаа. Тэр ерөөсөө тийм нэг пээдгэр нөхөр байгаа юм. Гэхдээ биш ч байж магадгүй.
Ийнхүү биднийг очсон даруй “Түмний эх” галынхны хурдан морьдоо ёслох зан үйлийн ажил эхэллээ. Тэдний уяан дээр нас насны нийлсэн 70 гаруй адуу байна. Паалайсан сайхан монгол адуунууд ч байна. Тогоруу угшилтай болов уу, ерөнхийдөө цус орсон болов уу гэмээр зэгзгэрдүү, босоо ястай үрээнүүд ч харагдана. Юу гарцаагүй үнэн гэвэл энэ цаг үеийн их уяач Дамбадаржаагийн Ононгийн энэ уяан дээрээс энэ жилийн наадмын морьдын өнгө тодорхойлогдох нь үнэн юм. Өнгөрсөн жил гэхэд улсын наадмын хоёр түрүү, дөрвөн айраг энэ уяанаас тодорсон юм. Шинэ ногооноор уяа морьдынхоо хорыг гаргаад, бүрэн онгойлгоод авчээ. Одоо наадмын нарийн уяа руугаа орох гэнэ. Заримыг нь зөөлөн хөдөлгөөд, тарлаад, дундын сунгаа ч хийгээд эхэлсэн бололтой. Цаг нэг мөр тавираад, толгод нов ногоон болох ойрын өдрүүдэд холын давхил хийгээд ямар ч амьсгаагүй болгох тухай тэнд байгаа уяачид ярьж байна. Үүний дараа үзүүрийн цуцаа арилгах том ажилдаа орох гэнэ.Тэр нь юу гэхээр бага адуунууд бариан дээр давхиж ирээд нам суудгийг л арилгана гэсэн үг аж. Үүний арилгадаг арга нь өдөр бүр ойр хавийнхаа уул толгод өөд тар хийх. Энэ мэтээр хурдан мориныхоо уяа заслын талаар ярих тэдний үгс их аж. Монгол Улсын тод манлай уяач Д.Онон зуны тэргүүн цагаагчин могой сарын гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр морьдоо ёсоллоо хэмээн ярьж байна. Тэднийх жил бүрийн нохой өдрийг сонгож морьдоо ёсолдог уламжлалтай юм байна. Морь барьж ёслоход морьтой ивээл жил буюу нохой, гахай, бар өдрийг сонгодог ёс жаягтай ажээ. Морьдоо ногоолж ханаад Эрдэнэ сум руу нутаг сэлгэх гэнэ. Тэдний галтай саахалт “МАКС”-ын Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэдийн гал, өнгөрсөн жилийн улсын наадмын их насны түрүү Амарбат болон уяач Мөнхбат нарынх айлсжээ. Тэд морьдынхоо ажлыг хийж байгаа ч ёсолгоогоо дараагийн сайн өдөр хийхээр төлөвлөсөн сурагтай.
Д.Онон манлайн туслах уяачид морьдоо барилж, хөхөл сүүлийг нь боож, арц хүжээр ариулж, уяа тойруулан хийморийг нь сэргээж байх зуурт гэрийн эзэгтэй М.Мөнгөнцэцэг хоёр бэр, туслах уяачдын эхнэрийнхээ хамт гэрт хоол цай, идээ будаа бэлтгэж харагдана. М.Мөнгөнцэцэг “Энд ирээд хугацаа алдаж байхаар гээд эгч нь өчигдөр шөнө Өлзийтөд хоёр бэртэйгээ салат хийгээд ирсэн. Одоо мах чанаад, бууз хийхэд л болно” гээд том тавагныхаа идээ будааг засч эхлэв. Ийнхүү борви бохис хийлгүй арын ажлыг амжуулах зууртаа “Онон уяа эхэлчихээр гэртээ орж ирнэ гэж байхгүй. Уяан дээрээ л өнждөг юм, морьдынхоо дэргэд амьдарчихдаг хүн шүү дээ” гээд инээх. Тогоонд мах үйж, бууз чимхэх зуур эрчүүд морьдоо барьж дуусчээ. Энэ үеэр Д.Онон манлайн бага хүү О.Батболд Төв аймгийн Баянбараатаас хоёр лам залж ирэв. Лам нар “Түмний эх” галын морьд, унаач хүүхдүүдийг даатгаж ном уншлаа. Морь, хүүхэд хоёр мэнд сайхан уралдахын зам мөрийг ингэж тэгшилдэг байна.
Д.Онон манлай гурван хүүхэдтэй бөгөөд хоёр хүү нь хоёулаа уяач болжээ. Түүний том хүү О.Батбилэг энэ жил аавыгаа баярлуулж, сайн уяач гэдгээ баталж “Монгол Улсын манлай уяач” цол хүртээд байгаа билээ. Онон манлай уяагаа тойрч алхангаа хүүхдүүддээ зааж зөвлөнө. Д.Онон манлайн дэргэд уяаны эрдэмд нь суралцан хоёр хүү нь, цаана нь моринд сэтгэлээ өгсөн гурван сайхан залуу байдаг ажээ. Тэд Сүхбаатар, Булган, Төв аймгийн Аргалант сумаас өөрсдийн морийг аваад иржээ. Онон манлай “Юм суръя гээд ирж байгаа хүүхдүүдийг хэн цааш гэхэв, чадлынхаа хэрдээ л илүү үглэдэг юм” гэж сууна. “Түмний эх” гал таван унаач хүүхэдтэй бөгөөд гурав нь түүний ач нар. Үлдсэн хоёр нь Д.Онон манлайн цэргийн найзуудын ач, зээ нар нь гэнэ. Тод манлай уяач маань “Хүүхдүүд монгол ахуйтайгаа ойр өсөх хэрэгтэй. Хоёр хүү минь ч морь унаж өссөн хүмүүс. Манай найзууд хүүхдүүдээ юм сураг гээд аваад ирдэг юм. Зөв л дөө” гэлээ. Морины хүүхдүүд уяа заслын ажлаа дуусгаад гэрт гүйлдэн орж ирлээ. М.Мөнгөнцэцэг эгч “За та нар мордохоосоо өмнө бушуухан салат ч болсон идээд ав. Ирэхэд чинь сайхан бууз болчихсон байна” гээд хүүхдүүдийг идэх юмаар баахан шахлаа. “Морины хүүхдийг өлсгөж болдоггүй юм. Шөнө нь сайхан амрааж байх хэрэгтэй. Хүний өөрийн энэ олон нялх амьтдыг чинь хоол ундаар бялхуулж, гараа руу хөдлөхөд нь мэддэг хэдэн мааниа л уншиж сууна шүү дээ эгч нь. За тэгээд түрүүлж айрагдах нь яахав, барианы зурхай руу мэнд сайхан ороод ирэхээр нь сая нэг санаа амраад хоол цайг нь бэлдэнэ дээ” хэмээн ярилаа.Бид хоёрын яриаг анзаарч байгаа юм ч алга, хоорондоо хөгжилтэй инээлдэн бие биеэ харж хурдан идэж аваад гарч гүйлээ.
Морь цаг болж ёслол эхлэх үед уяан дээр ширээ засч бүгд цугларчээ. Лам нар арц уугиулж нэг аяганд архи, нэг аяганд сүү хийж тавилаа. Лам нар “Түмний эх” галын хурдыг хангай дэлхийд даатгаж номоо уншиж эхэллээ. Уяаны дэргэд ширээ тойрч суусан хүмүүс бүгд сүслэн залбирна. Номоо уншиж дууссаны дараа аяганд хийсэн архи, сүүг Д.Онон гуай хангай дэлхийдээ өргөлөө. Бас идээ будааныхаа дээжийг өргөв.Том хүү, манлай уяач О.Батбилэг уяагаа ариуллаа. Үүний дараа хүүхдүүд сүү амсаад мориндоо мордон уяагаа тойрон морины тарни уншиж гийнгоолж эхлэв. Уяагаа тойрон гийнгоолох хүүхдийн дуу морьдын сэтгэлийг сэргээнэ.
Монгол Улсын тод манлай уяач Д.Онон “Өөрийнхөө хүүхдээр морио унуулаад унаган адуу түрүүлж ирэхэд их сайхан байдаг юм. Анх 1989 оны улсын наадмаар зээрд халзан морио долоон настай хүүгээрээ унуулаад айрагдуулж байлаа. Тэр үе их сайхан санагдаж байсан. Тэр халзан морины эхийг нь би 20 настай байхад нь 10-аад адуугаар авсан юм. Надад нэлээд хурд өгсөн дөө. Үр төлөөс нь одоо энэ уяан дээр ч бий. Уясан морьд маань заавал айрагдаж, түрүүлэх нь гол биш. Төрийнхөө наадамд тоосыг нь өргүүлж түмэн олонтойгоо сайхан наадчихвал болно доо. Уяач бид чинь түмэн олноо наадуулах үүрэгтэй хүмүүс” гэв. Манлайн адууны угшил Төв аймгийн Сэргэлэн сумынх аж. Тэрээр “Ер нь адууны угшил гэдэг ганцхан хүнээс хамаарахгүй олон хүний хөдөлмөр. Адуу чинь азаргаар биш гүүгээр сайжирдаг юм. Уг муутын тугал муу гэдэг шиг хамгийн чухал нь эх. Эхийнх нь удмыг сайн мэдэж байх ёстой. Удмыг нь мэдэж байж л адуугаа үржүүлж адуу сэргэдэг юм. Би морин тойруулгаас их морь авсан даа. Одоо гайгүй байгаа нь тойруулга цус орсон адуунууд маань их давхиад байгаа” гэж хуучлав. Тэрбээр “Хамар цагаан адуу буян хишиг далладаг. Манай уяанд хамар цагаан адуу гараад байдаг юм” гээд уяан дээр зогсох морь луу ширтэв. Онон манлай гийнгоолж яваа хүүхдүүд рүү хараад “Миний хүүхдүүд жаахан зайтай явцгаа. Азарганууд чинь нэгнийгээ өшиглөнө” хэмээн сэрэмжлүүлэв.
Энэ бүх ёс заншил, дэг жаягийн дараа бүгд гэрт цуглалаа. Гэрийн эзэгтэй М.Мөнгөнцэцэг хүүхдүүдэд бэлэг тарааж өгөв. Хүүхдүүд бэлгээ уудалцгаана. Тэдний уяан дээр морины хүүхдүүд, ач, зээ нар нь гээд олон жаахан амьтад байна. Тэд ирээдүйд энэ их уяаг авч явах эзэд. Энэ их уяачийн уяаны эрдмийг өвлөн авах хүмүүс. Ирээдүйн монгол наадмын дэвжээг чимэх эрчүүд. Д.Онон манлай ач, зээ нараа эрхлүүлж өвөр дээрээ суулган жаргалтай суух зууртаа, “Манай энэ хэд бүгд суурин хүмүүс болчихвол миний насаараа хийсэн хөдөлмөр талаар өнгөрнө шүү дээ. Би нэг хүүгээ малынхаа эзэн болгоно гэж бодож байгаа. Би долдугаар ангиасаа мал дээр гарсан ч буруудсан юм алга л байна. Энэ ер нь малын дүйтэй хүн байгаа юм“ гэж зээрд унасан жаахан хүү рүү заалаа. Түүнийг Амартүвшин гэдэг бөгөөд тэрээр таван настай гэнэ. Д.Онон манлай “Би энэ хүүгээ найман настайд нь сургуульд оруулъя гэж бодоод байгаа юм. Ер нь монгол ахуйд нь ойр л байлгана” гэж инээгээд “Сайхан адуу дагаж сайхан сэтгэл явж байдаг юм. Энэ довон дээр халхын олон ч сайхан алдартай уяач өвгөдийн үг сургаал сонсож морь уяж ирлээ. Тэдгээр их өвгөд ”Морь уяж байгаа хүн атаа жөтөөнөөс хол байж л өөрт нь муу зүйл ирдэггүй юм” гэж ярьдаг байлаа. Тэд бас нэг голынх нь морь гайгүй давхиж байвал өөрийнх юм шиг баярладаг байсан юм. Өвгөдийнхөө энэхүү өндөр ёс заншил, зан чанарыг ирээдүй хойч нь дагаж явах ёстой юм” гэж ярив. Уламжлал, ёс заншил дотор маань л ухаан, зөв явах сургаал оршин байдаг гэдгийг хурдан морьдын торгон хийморьийнхүү мэдрүүлэх шиг.
С.АРИУНЖАРГАЛ
ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН
Улаанбаатараар дайран өнгөрөх Ази Европыг холбосон хурдны замын бүтээн байгуулалт энэ жилдээ багтаж эхлэх нь тодорхой болжээ.“Чингис лэнддевелопмент групп-Шинэ хөгжлийн зам” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай уг төслийн талаар ярилцлаа.
-Хурдны замын ажлын сүүлийн үеийн мэдээллийг сонирхмоор байна?
-Бид өнгөрсөн жилээс хойш төслийн суурь судалгаагаа нэлээд явуулсан. Ялангуяа ТЭЗҮ-ээ батлуулснаас хойш үндсэн замынхаа мянган км-ийг хоёр хэсэгт хуваасан юм. Алтанбулагаас Мааньт хүртэлх 450 км-ийг хойд талын хэсэг гэж үзээд нэгдүгээр хэсэг, Мааньтаас Замын-Үүд хүртэлх хэсгийг буюу 550 км замыг хоёрдугаар хэсэг гэж үзэж байгаа юм. Эхний ээлжийн буюу 450 км-ийнхээ трассыг тогтоох, байгаль орчны судалгаа хийх, гео техникийн судалгааны ажлыг үргэлжлүүлэх, зам барилгын ажлын зураг төслийг хийлгүүлэх зэрэг ажлууд байна. Явц нь 70 орчим хувьтай байгаа. Эдгээр ажлууд дээр зөвлөх компани авч ажиллуулж байна. Удахгүй долдугаар сард хойд талын хэсгийнхээ зургийг дуусгана. Тэгээд зам барилгынхаа ажлыг эхлүүлнэ.
-Тэгэхээр намраас өмнө зам барилгынхаа ажлыг эхлэх нь ээ?
-Тэгж ойлгож болно. Зарим компанийн хувьд зам барилгын ажлаа намрын хэдэн сардаа амжаад эхлүүлэх бүрэн бололцоотой. Ямар ч байсан намраас өмнө олон улсын нээлттэй тендер зарлана. Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ, Авто замчдын холбоотой санамж бичигт гарын үсэг зурсан. Гол шийдэл нь тодорхой. Энэ том төсөл дээр хэсэгчлээд, багц болгож олон улсын нээлттэй тендер зарлахаар үндэсний компаниудын хувьд нэг хэцүү тал гарч ирнэ. Олон улсын томоохон бүтээн байгуулалтын групп, зам барилгын компаниудтай өрсөлдөх боломжийн хувьд хэцүү болох эрсдэл бий. Үндэсний том бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулахын тулд төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлье гэж бодсон юм. Монгол компаниудыг ядаж туслан гүйцэтгэгчээр оролцуулах боломжийг хангаж өгье гэж зорьсон. Үндэсний энэ том бүтээн байгуулалтад инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэхтал дээр хамтарч ажиллая гэж бодож байна. Мөн бүтээн байгуулалтын явцад монгол ажилчдын тоог өндөр хэмжээнд байлгах, доод босгыг нь зааж өгөх чиглэлээр ажиллана. Энэ мэт хамтарч ажиллахаар төлөвлөсөн зүйл их байна. Энэ хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Урд талын 550 км-ийн хэсэг дээр бид зам барилгын өмнөх ажлуудынхаа нээлтийг хийлээ. Одоо трассыг эцэслэж тогтооно. Аймаг сумтайгаа хамтарч ажиллаж байна. Өмнө нь Зам тээврийн яам чиглэлээр нь баталсан. Одоо координатаар нь батлуулахын тулд байгаль орчны судалгаануудаа хийж байна. Тендер зарласан байгаа. Геотехникийн чиглэлээр ажил гүйцэтгэх компаниудаа сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Үүний дараа зургийн ажлууд хийгдэнэ. Дараа нь зам барилгын ажлын үндсэн тендер зарлагдахад бэлэн болно.
-Хил гаалийн шалган нэвтрүүлэх боомт барина гэл үү?
-Ирээдүйд энэ замаар Азиас Европ руу, Европоос Ази руу, Хятадаас Орос руу, Оросоос Хятад руу, Монголоос бусад орон руу чиглэсэн тээвэр ложистикийн томурсгал явна. Хоногтоо хэдэн мянган машин явна гэсэн үг.Тийм учраас бид хил гаалиар гарахад нь саадгүй байх үүднээс замынхаа ачааллыг зохицуулаад хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа.
-Монгол ажилчдын босго дээр ерөнхий төсөөлөл байна уу?
-Аль болох 50 хувиас буулгахгүй гэж бодож байна. Зам барилгын явцад гурван жилийн хугацаанд 20-30 мянган түр ажлын байр гарах юм. Тухайн үедээ зам барилгын ажил дээр операторуудын нөөц харьцангуй гайгүй байх болов уу. Яг зам барилгын ажил дээр бол хэцүү. Ажиллах боловсон хүчний нөөц муутай. Замын ямар нэг төсөл хэрэгжихэд орон нутагт ажиллах хүчин олдох дээр асуудал үүсдэг гэж энэ салбарынхан хэлдэг.
-Тэгэхээр зам барилгын ажил эхлэхээр хөдөө орон нутгийнхныг ажлын байраар хангахад бэрхшээл тулгарч нь ээ?
-Тийм учраас л мэргэжлийн байгууллагуудтай хамтран инженер техникийн ажилтан бэлтгэе гэж байгаа юм. Энэ бол дэлхийн хэмжээний том төсөл. Бидний барих зам олон улсын стандартаар баригдана. Тэгэхээр мэргэжлийн инженер техникийн ажилтны хувьд өндөр цалинтай байна гэсэн үг. Монголчууд юмыг амархан сурдаг. Нэг сурсан зүйлдээ амжилт гаргах оюуны өндөр чадамжтай сийрэг улс. Сургачихвал дажгүй цалинтай ажил хийж, амьжиргаагаа сайжруулах бүрэн боломжтой.
-Олон улсын стандартаар цалинжина гэдэг бол сайхан мэдээ. Дундаж хэмжээг нь хэлэх боломжтой юу?
-Харилцан адилгүй л дээ. Туршлагаасаа хамаарна. Дунджаар авч үзвэл 2000-5000 ам.доллараар цалинжих бололцоотой.
-Майдар хот руу хурдны замыг татна гэсэн өөрчлөлт яригдаж байсан. Тэр юу болсон бэ?
-Одоохондоо шийдэгдээгүй байна. Бусад ажлуудаа амжуулаад явж байгаа. Таны сонирхсон асуудал удахгүй шийдэгдэх байх гэсэн мэдээлэл бий.
-Эерэг хүлээлттэй л байгаа юм байна?
-Зөвхөн манай төслөөс гадны олон төсөл байгаа учраас ЗГХЭГ дээр байгуулагдсан ажлын хэсгийн хувьд энэ ажлыг шуурхай шийдэх сонирхолтой байгаа юм билээ.
-Том төсөлд асуудал их байгаа болов уу. Тулгараад байгаа асуудал гэвэл юуг онцлох вэ?
-Засгийн газар бол гэрээний нөгөө тал. Засгаас хамаарах асуудал бий. Засгийн газрыг төлөөлж байгаа эрх бүхий этгээд болон зохицуулах байгууллагууд гэж байгаа. Эрх бүхий этгээд гэхээр төслийг хариуцсан манайхтай гэрээ байгуулж байгаа тал. Зохицуулах байгууллагууд нь гэхээр манайхтай хамтарч ажиллах Зам тээврийн яам, аймаг, сумд. Энэ бүх байгууллага үүргээ биелүүлээд дэмжээд өгвөл асуудалгүй. Ажил процессоороо явж байгаа учраас нэг их хүндрэл гэхээр юм алга.
-Хөрөнгө оруулагчид яг ямар шийдлүүд дээр хариухүлээж байна?
-Засгийн газрын зарим нэг шийдлийг хүлээж байна. Трассаа эцэслэн тогтоохоос эхлээд төрөөс хамааралтай үүргүүд бий. Шийдлүүд удаан алгуур гарах юм. Бидний хувьдбүрдүүлэх ёстой материалуудаа өгсөн. Төрийн бүх шатанд, үе үеийн Засгийн газар энэ бүтээн байгуулалтыг дэмжсэн байдаг.Энэ зам Замын-Үүдээс эхлээд Алтанбулаг хүрээд зогсохгүй. Азийн хурдны замын сүлжээний АН-3 коридорын Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа хэсгийг бид бүтээн байгуулах юм. ОХУ үндэсний компаниудаараа Улаан-Үүд хүртэлх замыг барих нь тодорхой. Хятадын компаниудын хувьд ч ялгаагүй. Яг ийм бүтээн байгуулалт өрнүүлжтаарна. Ингэж байж цогц төсөл болно л доо.
-Саяхан Америкийн нэг компанийн төлөөлөл ирж хурдны замын төсөлд хамтарч ажиллах санал тавьсан гэж дуулсан. Ямар санал тавьсан бэ?
-Зам барилга, уул уурхайн чиглэлийн Америкийн том групп ирж ажлаа танилцууллаа. Дэлхийд тэргүүлэгч “Астек индастрис” гэдэг групп байгаа юм. Замын далан, хучилтын хийцэд ороххайрга, дайргыг бутлах бутлуурын явуулын болон суурин үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг танилцуулсан. Бидний барих зам олон улсын стандартын түвшинд хийгдэнэ. Манайд хурдны замын стандарт боловсруулагдаж байгаа юм билээ. Чанартай хийх ёстой гэсэн гол зарчим барина. Тийм учраас стандарт гэдэг зүйлээ барих учиртай. Жишээ нь дайрга гэхэд бат бөхийн хувьд сайн байх шаардлагатай. Буталсан хэмжээ нь хүртэл өндөр стандарттай байдаг. Энэ мэтээр маш олон компани манайд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг. Танилцуулна гэдэг шууд гэрээ хийгдэнэ гэсэн үг биш. Бид судалж үзээд хамтрах эсэхээ шийднэ л дээ.
-Хурдны замын төсөлд яг одоогоор хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна?
-50 гаруй сая ам.доллар зарчихаад байна. Зуу гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна гэсэн үг. Ойрын хугацаанд 30 орчим сая ам.долларын ажил хийгдэх гээд бэлтгэл ажлууд нь хангагдаж байна. Урд талын хэсэг дээр суурь судалгааны компаниудаа сонгон шалгаруулах тендер зарласан. Богино жагсаалтад компаниудаа бүртгээд явж байгаа.
-Олон улсын нээлттэй тендерийг намраас өмнө зарлана гэлээ. Хэр хугацаа шаардах бол?
-Ер нь тендер зарлах процесс 45-60 орчим хоногийн хугацаа шаарддаг. Олон улсын стандарт, журмаар нь худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
Ц.БААСАНСҮРЭН
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө, аж ахуйд баримтлах бодлогыг баталж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Бодлогын баримт бичигт энэ салбарыг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгасан юм бэ?
-2003 онд баталсан Төрөөс хүнс, хөдөө, аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт өнөө жил дуусгавар болж байгаа. Дараагийн үе шат нь 2016-2025 он хүртэл таван жилийн хугацаатай хоёр үе шаттайгаар хэрэгжихээр боловсруулсан. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлохын тулд олон улсын худалдааны хорио цээрийн нөхцөл шаардлагыг хангасан чөлөөт бүсийг байгуулахаар судалгаа хийсэн. Долоон газрыг боломжтой гэж үзсэн бөгөөд нэн тэргүүнд Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулъя гэсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжлэг аваад байна. Чөлөөт бүс байгуулснаар гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл байдал бүрэлдэж байгаа юм. Мөн мягмар гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хууль, Органик хүнсний тухай хуулийн төслүүдийг дэмжлээ. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
-Манай улс хоёр хөршөөсөө гадна Араб, Япон руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор болж байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулснаар махны экспортод яаж дэм болох вэ?
-Юун түрүүнд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглаж, хоёр хөрш болон гуравдагч хөршийн зах зээлд нэн тааламжтай нөхцөлөөр хүнс, хөдөө аж ахуйнбараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой.
Дээрээс нь Араб руу гэхэд таван сая хүртэлх малын мах экспортлохоор боллоо. Вьетнам ямааны мах их хэмжээгээр импортолж авъя гэсэн тааламжтай нөхцөлүүд тавьж байна. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын гол бодлого бол үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэж байгаа. Өнгөрсөн онд 51.9 сая толгой мал тоологдсон. Энэ хавар 18 сая төл хүлээж авсан. Нийт дүндээ нийт малын тоо толгой 70 саяд дөхөж байгаа бөгөөд дотоодын хүнсний хэрэгцээнд 10 гаруй саяыг нь хэрэглэнэ гэж үзвэл энэ жил малын тоо толгой 60 сая орчимд хүрч Монгол орны бэлчээрийн даацаас давах төлөвтэй байна.Тэгэхээр илүүдэлтэй байгаа хэсгийг эргэлтэд оруулах шаардлагатай. Энэ тал дээр яам ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход улс хоорондын хорио цээрийн гэрээ хэлэлцээрийн асуудал чухал. Ялангуяа хоёр хөршдөө мах, махан бүтээгдэхүүн гаргах талаар эрчимтэй хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн жил дотоодын махны хоёр үйлдвэр ОХУ руу мах экспортлох эрхээ авсан. Өнөө жил тав болж нэмэгдсэн. Хятад руу мах махан бүтээгдэхүүнийг гаргах эрхийг зургаан аж ахуй нэгж аваад байна.Ирэх долдугаар сард Хятадын Хорио цээрийн асуудал хариуцсан дэд сайд Монголд ирж хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хамгийн том бэрхшээл бол малын гоц халдварт өвчин юм. Тухайлбал шүлхий. Шүлхий өвчин жил дараалан гарч байна. Малын гоц халдварт өвчин гарснаар импортлогч улсууд импортоо зогсоодог. Тиймээс халдвар өвчнөөс ангид хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ер нь бол хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох зорилготой юм.
-Мах экспортлоход тухайн улсын стандартад нийцүүлэх шаардлага давхар яригддаг…
-Махны экспорт дээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 64.4 мянган тн махыг экспортлох боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ жил 4.4 мянган тн махыг экспортлох квот өгсөн. Одоогийн байдлаар 1400 тн мах экспортолсон мэдээтэй байна. Цаашдаа мах экспортын асуудал дээр нэг цонхны бодлогоор маркетингийн асуудлыг явуулахаар төлөвлөж байна. Компаниуд тус тусдаа гэрээ хэлэлцээр хийгээд явахаар экспортлох махныхаа үнийг унагаж, дотооддоо борлуулснаас ч хямд байдалд хүргэж байна. Дээрээс нь бид органик монгол махныхаа шинж чанарыг таниулсан маркетингийн нэгдсэн бодлогоор лаборатори судалгааны ажлуудыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Газар тариалангийн хуулийн шинэчилсэн найруулгаар юу, юу зохицуулж байгаа вэ?
-Тариаланчдын хоёр холбооны төлөөлөл, мэргэжилтэн, судлаачид оролцуулсан зөвлөгөөнүүд хийсэн. Бас тариаланчидтай уулзсан. Олон талын саналыг оруулж, хэлэлцүүлэг хийж байна. Хуулийн төсөлд газар тариалангийн хөрсөө сайжруулах асуудалд хэрхэн яаж анхаарах ёстой юм, агрохимийн болон агрофизикийн шинжилгээг хэдийд хийж байх уу зэрэг асуудлуудыг тусгаж өгсөн. Тариаланчдын газар эзэмших хугацааг уртасгах, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалж зээл аваад, аж ахуйгаа өргөжүүлэх, тоног, төхөөрөмжөө сайжруулах боломж бололцоог нээж өгч байгаа. Түүнчлэн хөрс бордох, технологио сайжруулах зэрэг асуудлуудыг зохицуулж өгч байгаа.
-Тариаланчдын зүгээс тариалангийн талбай руу мал ороод байна гэсэн гомдол байнга тавьдаг. Маргааны гол цөм болсон энэ асуудлыг дээрх хуулиар яаж шийдэхээр байна?
-Газар тариалан зонхилсон бүс нутагт фермерийн мал аж ахуйг хослон хөгжүүлэх замаар хөдөө аж ахуйн эрчимжсэн хөгжлийн бүс нутгийг бий болгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл органик үйлдвэрлэлийн бүс. Тариалангийн талбайн 15-30 хүртэлх хувийг мал иддэг гэсэн тариаланчдын тавьдаг асуудлыг зохицуулах шийдвэрлэх шаардлагатай байгаа. Газар тариалангийн бүс нутагт малын тэжээл тарьсан газартаа ойрхон фермерийн аж ахуй хөгжүүлэхийг дэмжсэн бодлогыг хуулийн төсөлд оруулж байна. Урьд нь зохицуулаагүй асуудал байсан. Тухайлбал, газар тариалангийн бүс нутагт фермерийн аж ахуй байгуулаад байшин барилаа гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаггүй байв. Учир нь тариалангийн талбай гэдэг бэрхшээл тулгардаг байсан. Харин шинэ хуулинд тариаланчдыг дэмжсэн зохицуулалт хийж өгч байгаа. Тариалангийн бүс нутаг болох асуудлыг эхлээд орон нутагтаа шийдвэрлэнэ.
-Хавар, намарт босдог бас нэг асуудал болох улаан буудайн урамшууллыг цаашид ямар хэлбэрээр олгох ёстой вэ. Мөн арьс шир, ноос, ноолуурын урамшууллын системийг хуулинд яаж тусгаж байгаа юм бол?
-Урамшуулал өнөөдрийг хүртэл тоон дээр түшиглээд явж ирсэн. Тухайлбал, тушаасан арьс ширнийхээ тоо ширхэг болгонд тооцоолж урамшуулал олгодог байсан. Үүний цаана чанар алдагдаад байдаг. Хэрэв үндэсний үйлдвэрлэлд ноос, арьс ширээ тушаасан бол тэр дор нь урамшууллыг нь олгоно гэдэг. Харин гүн боловсруулах эцсийн бүтээгдэхүүн хүртэл дэмжсэн бодлого байдаггүй. Ноос, арьс, ширийг угаах үйлдвэрлэлийг дотооддоо хийгээд бохирыг нь үлдэж, цэвэрлэснийг нь экспортолж байна. Энэ нь гадны үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогод улсын төсвөөс мөнгө олгож байна гэсэн үг. Тэгэхээр гүн гүнзгий эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг тэр үйлдвэрт тушааж байгаа арьс, ширний урамшууллыг олгож дэмжмээр байна. Дээрээс нь эрүүл малыг үйлдвэрлэлийн аргаар төхөөрсөн малын арьсыг урамшуулах систем явмаар байгаа юм. Мөн ноосон дээр ялгавартай урамшуулал олгож байна. Арьс ширэн дээр ч бодлогоор чанарыг үнэлэх зохицуулалт хийнэ.
Улаан буудайн урамшууллын мөнгийг олгохдоо чанарыг баримтална. Тариаланчид тариалангийн газрыг ашиглаж байгаа бол хэдийгээр төрийн өмч ч гэсэн эргээд хөрсийг муутгахгүй байх тал дээр үүрэг хүлээж ажилладаг байх хэрэгтэй. Тэгээд 1-2 жил тутамд га тутамд агрохимич, агрофизикч нар хөрсний чанарыг шалгадаг байх шаардлагыг тавина. Монголын нөхцөлд хүлээн зөвшөөрөгдсөн бордоо, үр хэрэглэж, цавуулаг өндөртэй тариа ургуулдаг байх ёстой. Алхам тутамд урамшуулал олгоод байх биш, чанарын асуудлыг давхар шаардана. Ер нь цавуулаг өндөртэй буудай тариалахад тусгайлсан урамшуулал байх болно. Энэ бүгдэд тохирсон бодлого байх нь зүйтэй.
-Тариаланчид технологио шинэчилье гэхээр санхүүгийн хувьд бэрхшээл тулгардаг. Тэгвэл Газар тариалангийн тухай шинэ хуулиар тэд эзэмшиж байгаа газраа барьцаалж, хөнгөлөлттэй зээл авч, тоног төхөөрөмжөө сайжруулж болох юм байна?
-Тариаланчид заавал төрөөс урамшууллын мөнгө харж, ямар нэгэн дэмжлэг хүсч, хүлээхээсээ илүү өөрсдөө ашиглаж, эзэмшиж байгаа газар, агуулах дахь буудайгаа ч барьцаалж зээл авч болно. Эргээд найдвартай бизнес явуулахад хүү багатай энэ бололцоог олгох үүднээс Газар тариалангийн тухай хуулийн төсөлдөө зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. Төсөл батлагдвал гурилын үйлдвэр ч тариаланчдад ч боломжууд нээгдэнэ.
-Жил болгон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад хөнгөлөлттэй үнээр урьдчилгаат нөхцөлөөр үр, бордоо, шатахуун өгдөг байх аа. Өмнөх жилүүдийнхээ өрийг төлөөгүй нэлээд компани байгаа гэсэн. Энэ зэрэг асуудлыг хуульчилсан уу?
-Өнөө жилээс эхлээд сайн болон эрсдэлтэй харилцагчдын түүхийг бий болгож байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 80-аад тэрбум төгрөгийн өр авлагатай байсан. Он дамжаад зээлээ төлөхгүй явдаг. Тэгэхээр цаг хугацаандаа ном ёсоороо мөнгөө өгдөг аж ахуй нэгжийг сайн харилцагч гэж үзнэ. Ингээд тэднийг заавал 30-50 хувийн урьдчилгаа өг гэхгүй. Арван хувийн урьдчилгаа аваад дэмжээд явах болно. Мөн эрсдэлтэй авсан зээлээ олон жил он дамнуулаад төлдөггүй харилцагч нарт зээл дахиж гардаггүй, урьдчилгаа өгсөн ч шатахуун, үр тариа өгөх арга хэмжээнд оролцуулахгүй. Аливаа бодлогод чанарыг харгалзсан урамшууллын систем баримтална.
-Хөрөнгийн тухай хуулиар малын хөлийн татвар орж ирж байгаа. Бэлчээрийн тухай асуудал хүнд байгааг малчид уламжилдаг. Малын хөлийн татвараар бэлчээрээ хамгаалахад зарцуулж болно биз дээ?
-Энэ хуулийн төсөлд тусгаснаас малын хөлийн татварыг орон нутаг өөрсдөө тогтооно. Малын тоо толгойгоос авсан татвар улсын биш орон нутгийн төсөвтөө үлдэхээр байгаа. Харин ХХААЯ-нызүгээс татварын мөнгийг зүгээр орон нутгийн төсөвт оруулаад байх биш зориулалтыг нь зааж өгөх бодлоготой байгаа. Орон нутагт ямааны тоо толгой ихэсч, бэлчээрийн даац хэтэрсэн бол ямаанаас авах татвар илүү байх. Тэмээ үржүүлье гэж байвал хэдэн жилдээ татвар авахгүй байх ч юм уу. Цаашлаад бэлчээрийн менежмент, ашиглалт, малын эрүүл мэнд зэрэг үйл ажиллагаанд малын хөлийн татвараас орсон орлогыг зарцуулах нь зүйтэй. Тэгэхгүй бол зүгээр орон нутгийн дансанд орчихоод сумын наадам, ойн арга хэмжээ, цол авсны баярт зарцуулагдах ёсгүй. Бэлчээрийг хамгаалах үйл ажиллагаанд зориулдаг байх ёстой. Малын хөлийн татварыг тусгасан Хөрөнгийн тухай хууль батлагдвал Төсвийн зарцуулалтын тухай хуульд бид нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж байна.
-Саяхан Төрийн ордонд бэлчээрийн төлөв байдлын тайланг хэлэлцэхдээ цөлжилт нэмэгдэж, уул уурхайн лиценз нэмэгдэж байгаа тухай хөндөж байсан. Энэ асуудалд салбарын сайдын хувьд ямар бодлого баримтлан ажиллах вэ?
-“Ногоон алт” төслөөс бэлчээрийн төлөв байдлын тайланг гаргасан. Монгол Улсын бэлчээрийн байдал салаа замын үзүүрт ирчихжээ. Цөлжөөд дахиж сэргэхгүй байдалд орох нь байна. Судалгаагаар бэлчээрийн даац зарим нутагт хэвийн байлаа ч ихэнх аймагт бэлчээрийн доройтолд орчихсон. Нэг хэсэг нь гурван жилийн хугацаанд бусад нь урт удаан хугацаанд сэргэх боломжтой гэсэн зураглалуудыг гаргасан байгаа. Эргээд харахад хөдөө аж ахуйн эдэлбэр газар хариуцах эзэнгүй олон яамдын дунд хаягдсан. Уялдаа холбоо муутай явж ирсэн. Бүртгэл нь Барилга, хот байгуулалтын яаман дээр. Хяналт шалгалт нь Шадар сайдын харьяанд, судалгаа шинжилгээний ажил нь БСШУ-ы яамны мэдэлд, Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд ашиглах, хэрэглэх нь явж ирсэн. Ер нь хөдөө аж ахуйн яам бол бэлчээр, хөрсний асуудалд онцгой анхаарал тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс яамны бүтэцдээ газраа хариуцсан мэргэжилтэн шинээр бий болгож, Бэлчээрийн тухай хуулийн төслийг Газар тариалангийн хуулиндаа хамтатган боловсруулж байна. Бэлчээр, тариалангийн газраа илүү тусгаж байгаа. Ашиглаж буй хүн нь илүү хамгаалах ёстой. Салбарын яам нь ч анхаарлаа сулруулж болохгүй. Бэлчээр хэдийгээр улсын өмчит байдаг ч гэсэн хөдөө орон нутагт бэлчээрийг сэлгэдэг гэрээ хийдэг сайн жишээнүүд байна л даа. Үүнийг яам дэмжээд дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Бэлчээр хариуцах эзэнгүй болохоор уул уурхайн лицензэд явчихаж байгаа. Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад энэ төрлийн гомдол их ирдэг байв. Хөдөө аж ахуй, малчидтай холбоотой гурван төрлийн гомдол ирдэг байсан. Бэлчээрийг уул уурхайд өгсөн. Лицензтэй аж ахуй нэгж малчдын дундсөргөлдөөн үүсдэг. Үлийн цагаан оготно ихэслээ гэдэг асуудал их ирж байв. Мөн малчны зургаан настай хүүхэд дотуур байранд амьдрахад бэрхшээлтэй. Үүнээс болоод ээж нь хүүхдээ хараад сумын төв дээр байдаг. Аав нь адуу малаа хараад хөдөөнөө үлддэг. Олон малтай айлд хүн хүч дутдаг.
Юун түрүүнд хөдөө аж ахуй эдэлбэр газраа зааглаж үзэх нь хэрэгтэй. Бид стратегийн орд газар гэж үздэг. Стратегийн холбогдолтой газраа тусгайлан төрөөс анхаардаг УИХ бодлогоор шийддэг байх ёстой. Гэтэл стратегийн гол үндэс болох ус, мах сүүг бий болгож байгаа малын бэлчээр. Мөн буудайг ургуулж, гурил болгож байгаа газар тариалангийн нутаг стратегийн бүс байх ёстой. Гэтэл хэрэглээд ашиглаад, тэрнийх нь араас хайхрах эзэн байдаггүй. Нэг мэдэхэд хайгуулын лицензэд өгчихдөг. Уул уурхай бол байнгын шавхагддаг. Харин газар тариалан байнгын нөхөн сэргээгддэг салбар. Гэтэл өнөөдөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, орлого олохын тулд лицензийг чөлөөтэй өгч байна. Гадаадынхны анхаарлыг татах нь хэрэгтэй боловч хөдөө аж ахуйд осолтой. Бид хөдөө аж ахуй эдэлбэр газраа нийт газар нутгаас ялгаж зааглачихаад үлдсэн газар нутагт уул уурхай эрхэлж болно. Тэгвэл уул уурхайд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст маш тааламжтай. Яагаад гэвэл дараа нь хэл ам болж, малчидтай сөргөлдөхгүй. Бүс нутгаа тодорхойлчихсон юм чинь тогтвортой удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах бололцоотой.
Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах асар их боломж байна. Хөдөө аж ахуйн эрчимжсэн бүсээ зарлачихвал гадаад, дотоодын хөрөнгийг энэ салбарт татах боломжууд байна. Өргөн уудам газар нутгаа хамгаалаад эзэн болоод амьдарч байгаа малчдынхаа амьдралын түвшинг нь сайжруулах тал дээр чанхаарах ёстой. Малчдыг шинээр орлоготой болгох үүднээс мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулаад гаргах ажиллагааг дэмжихээс гадна малчид хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
-Яаж?
-Малчдаа Дэлхийн нүүдэлчдийн хөдөө аж ахуйн соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл жуулчиднүүдэлчнийд, цаатангууд болон тэмээчнийхээр зочилъё, Ховдод байгаа төлчнийд хүрье гэж хөдөөг зорино. Ингэснээр малчид орлого олох боломжтой. Ерөөсөө тухайн орон нутагт амьдарч байгаа малчинд соёлын өвийг тээгч, хамгаалагч гэдэг эрхийг баталгаажуулж өгөх хэрэгтэй. Энэ мэтчилэн хөдөө аж ахуйд малчдын газар нутаг, бэлчээрийг хамгаалах олон талын арга хэлбэрүүдийг эрэлхийлж ажиллаж байна.
-Малын хулгай огт буурахгүй байна. Энэ тал дээр дорвитой ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Орон нутгийн төсвөөс гэрээт харуулыг санхүүжүүлээд ажиллуулж болно. Гэтэл орон нутагт зориулалтын зардал байдаггүй. Тэгэхээр малын хөлийн татвараас гэрээт харуулыг ажиллуулах боломжийг нээж өгье гэж байгаа юм. Ингэснээр малын хулгайн асуудлыг хамгаалж болно. Мөн ХХААЯ дэргэдээ 109 гэдэг тусгай дугаар ажиллуулж байна. Энэ утсыг малын хулгай болон гоц халдварт өвчний дуудлагад ашиглаж байгаа. Иргэдийн гар утас нэгжгүй байсан ч залгаад мэдээлэл өгч болно. Бид хууль зүйн яамтай яриад цагдаагийн байгууллага архивжуулах ажлыг хийж байна. Малын генетикийн тухай хуулинд малыг бүртгэлжүүлэх асуудлыг тусгаж байгаа. Мөн эмэгтэй малчдын зөвлөгөөнийг ирэх намар хийнэ. Малчдын зургаан настай хүүхдүүдийг сургуульд сурахад нь хэрхэн харж хандах асуудлыг хөндөнө. Сайн малчны хөдөлмөр бол өрхийнх. Гэтэл өрхийн тэргүүнд шагналыг гардуулдаг. Эхнэр, нөхөр хоёрт одон тэмдэг өгвөл яасан юм бэ гэж бодож байна. Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн дээр тэдний саналыг сонсъё гэсэн бодол байна.
-Улсын баяр наадмын өдрүүдэд эрлийз морьдыг уралдуулж, цэнгэлдэх хүрээлэнд цоллуулдаг болгох саналыг уяачдын зүгээс тавьж байна. Танай яамны зүгээс анхаарлаа хандуулав уу?
-Удахгүй наадам болох гэж байгаатай холбогдуулан уяачид, малчид, Хурдан морины холбооныхноос санал ирж байна. Эрлийз болон монгол морьдыг хооронд нь ялгадаг дүрэм, журам амьдралд нийцэхгүй байна гэсэн саналыг хүлээж аваач ээ гэсэн. Ингээд сайдын дэргэдэх хурлаараа хэлэлцээд бид эрлийз морийг зөвхөн долдугаар сарын 13-ны өдөр биш, наадмын өдрүүдэд уралдуулаад цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олны өмнө цолыг нь дуудаж, бай шагналаа авдаг байх хүсэлтийг Шадар сайд У.Хүрэлсүхэд уламжилсан. Эрлийз морины уралдааныг уяачдын наадмаар биш Монгол наадамтай хамт явуулдаг байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн адууны сэрвээний өндрийг хоёр см өндөр болгосон журам гарснаас хойш монгол морьд улсын болон бүсийн наадамд уралдах бэрхшээлтэй байна гэсэн хүсэлт ирсэн. Иймд энэ асуудлыг Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв харгалзан үзнэ үү гэсэн хүсэлтийг уламжлаад байна.
М.МӨНХЦЭЦЭГ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион
байгуулах тухай” А/481 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө
оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад
батлагдсан Баянзүрх дүүргийн 150 ортой Төрөх эмнэлгийг 1 тэрбум 946 сая
600 мянган төгрөгийн хөрөнгөөр барьж, төсөл, арга хэмжээг холбогдох
хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж
ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгов.
Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн
ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон
хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд
хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус
даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэг гэм биш зан маниас өмнө байсан юм. Эцсийн хугацааны тухай Паркинсоны хууль хүртэл байдгийг бодоход ажлааэцсийн мөчид амжуулдаг зуршил зөвхөн монголчуудад хамаарахгүй нь.
Цаг хугацаа их байлаа гээд сайн үр дүн авчирдаг юм биш. Завгүй байх тусмаа үр дүнтэй ажилладаг нь хүний үндсэн шинж гэнэ. Энэ үзэгдлийг Английн түүхч, эрдэмтэн Паркинсон нээсэн тул түүгээр нэрлэдэг юм байна. Тийм учраас ажлаа дуусгах цагаа шахуу төлөвлөх хэрэгтэй. Эцсийн хугацаа дөхөөд ирэхээр дарамт мэдэрч эхэлдэг. Тийм учраас завсрын эцсийн хугацаа тогтоох үр дүнтэй арга бий. Хэд хэдэн эцсийн хугацааг өөртөө товлох хэрэгтэй гэж И Мин Кюгийн “Хүн өөрийгөө нэг л хувь өөрчлөхөд амьдрал өөрчлөгдөнө” номонд зөвлөсөн байдаг.
Жишээлбэл, 12 цагт галт тэргэнд суух ёстой бол11,40 гэхэд галт тэрэгний буудал дээр ирсэн байх ёстой. Ингэхийн тулд гэрээсээ 10,30 гэхэд гарсан байна. Ачаагаа 10 цаг гэхэд багласан байна гэх мэтээр төлөвлөх юм. Энэ мэтээр цаг хугацаагааэцсийн мөчөөс урагшуулж тооцон завсрын хугацаа тогтоох замаар та товлосон цагтаа ажлаа давчдаж цухалдалгүйгээр дуусгаж чадна. Хүссэн үр дүндээ хүрсэн үедээ өөрийгөө шагнаж, тэгж чадаагүй бол дургүй зүйлээ хийж өөрийгөө шийтгээрэй. Зурагт үзэж амрахын оронд гэрээ цэвэрлэж ч болно шүү дээ.
Б.ЯНЖМАА
Аргын тооллын зургадугаар сарын 8. Сумъяа гариг. Билгийн тооллын 21. Тооно одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 05.08 цагт мандан, 20.52 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдлээ. Энэ өдрийн дугаарт нийтлэгдсэн материалуудаас онцлон танилцуулж, тоймоо хүргэж байна.
“Хоолойн чадлаараа “аархсан” дуучин Э.Төрмандах”-ынд манай сурвалжлах очиж, “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Түүний дууны ертөнцөд хөл тавьсан үүх түүхээс авахуулаад, нутаг ус, аав ээж, гэр бүлийн амьдралынх нь тухай энгийн сайхан яриаг нэг, 12, 13 дугаараас нүүрээс уншаарай.
Мөн Ч.Улааны “Ажлын байртай боллоо гээд бууж өгсний ард юу алдаж байгаагаа тооцож байна уу” ярилцлага нэг, хоёр, тавдугаар нүүрүүдэд гарлаа. Тэрбээр Дубайн гэрээтэй холбоотой асуудлуудаар ярьсан юм. Түүнчлэн ”Улс төр нүүрт Батлах хамгаалахын сайд Ц.Цолмонгийн “НҮБ манай энхийг сахиулагчдыг өндөр үнэлж байна” ярилцлагыг гарав.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Нийслэлчүүд маргаашаа хараад тэвчих хэрэгтэй” нийтлэл хэвлэгдлээ. Нийслэл хотыг тойрсон олон асуудлууд иргэдийг бухимдуулж байна. Тухайлбал, ирэх наймдугаар сарыг хүртэл авто машиныг дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах болсонд иргэд бухимдлаа илэрхийлж байна. Гэвч, хотын удирдлагуудын гаргаж байгаа энэ мэт шийдвэрүүдийг иргэд харин ч дэмжих ёстой юм. Яагаад вэ гэдгийг дээрх нийтлэлээс хүлээн авч уншина уу.
Харин “Баримт үйл явдал” нүүрт Л.Лхамсүрэнгийн “БСШУ-ы сайд Л.Гантөмөр хууль зөрчиж, МУИС-аар тоглож байна” хэмээх ярилцлага болон “УЕП-ын Мөрдөн байцаах албыг сэргээснээр эрүү шүүлтэд өртөгсдийн тоо буурна” нийтлэл хэвлэгдэв.
“Удам судар” нүүрт Алиа Б.Содномын хүү Цолмонгийн “Аавын алиа марзан төрх, байгалиас заяасан авьяас нь Боролдойгийн дүрд илүү шингэсэн байдаг” ярилцлага, “Уран бүтээлч” буланд Ц.Түвшинтөгсийн “Хүнд хүсэгдэж, тэнгэрт тэтгэгдэж явах сайхан” ярилцлага гарлаа. Харин “Спорт” буланд “Талын салхи наадамд 500 гаруй мотоцикльчид оролцлоо”, “Аваргуудын лигт Барселон түрүүлж гурван цом хүртлээ” зэрэг цаг үеийн мэдээ мэдээллүүд орсныг хүлээн авч уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ