“Марко Поло” киноны Монгол талыг хариуцсан продюсер М.Оргилтой ярилцлаа.
-“Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт тоглох жүжигчдээс эхнээсээ явсан гэсэн. Үлдсэн хэсэг нь хэзээ явах вэ?
-Өнгөрсөн гурав дахь өдөр буюу зургадугаар сарын 24-нд “Хан монгол морьтны холбоо”, “Тэнгэрийн чоно” орлон тоглогч багийнхны 10, мөн олны хэсэгт тоглох эхний ээлжийн 10 хүн хоёр орчуулагчийн хамт явсан. Араас нь дөрвөн бүжигчин, нэг уртын дуучин, зургаан хөөмийч явна. Мөн дөрвөн бөмбөрчин нэмэгдэж явж магадгүй. Хантайшир дэвжээний бөх аймгийн арслан Тангад, Бямба-Очир хоёр долдугаар сар гаргаад явах төлөвлөгөө бий. Тангад Хойд омгийн хүчтэний дүрд тоглох юм. Жүжигчин Ц.Цэрэнболд арванхоёрдугаар сарын 12-нд явах болсон. Ахмад настай сайхан баатрын дүр бий. Мөн Хубилай хааны бага насны дүрд 12 настай хүү сонгогдсон. Тэр хүү жүжигчин Ц.Цэрэнболдтой цуг нэг хэсэгт тоглох юм.
Цэрэнболдын сонгогдсон байдал их сонирхолтой. Үндэсний телевизэд сонгон шалгаруулалт болж байхад өөрөө сонирхоод явж байсан юм билээ. Цэрэнболд 40 хүрээгүй залуу шүү дээ. Уг нь 60-аас дээш насны нэг дүр байсан юм. Нас чинь арай болохгүй юм байна гээд явуулчихсан. Цэрэнболдын дүр төрх, жүжигчин талдаа сайн. Мэргэжлээ өөрийн болгож эзэмшсэн хүн. Явуулсныхаа дараа царайг нь төсөөлсөн нэлээд овортой санагдаад буцаагаад залгасан. Тэгсэн Цэрэнболд “Би их овортой харагддаг. Жаахан буурал тавихаар л хөгшин өвгөн болчихно” гэсэн. Тэгэхээр нь дуудчихсан. Цаанаас өгсөн зааврыг зөрчөөд өөрийн эрх мэдлийн дагуу Цэрэнболдыг 60 гарсан хүний дүрд бичлэг хийгээд явуулсан юм. Тэгсэн миний таамаглаж байснаар “Марко Поло”-гийн хүмүүст их таалагдсан. Найруулагч, зохиолч хоёр нь Монголд ирэхдээ Цэрэнболдыг дуудаад тоглуулж үзээд сонгосон. 60-аас дээш насны тэр дүрд Монголын ахмад олон жүжигчид проба өгсөн байсан юм. 20-30 насны зөрүүтэй дүрд тийм сайхан тоглож байна гэдэг сайн.
-Жүжигчид маань монгол хэлээрээ тоглох уу?
-Монголоор тоглуулах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна. Жаахан хэсэгт буюу Цэрэнболд, Хубилайн бага насны үед монголоор яриулъя гэсэн юм. Найруулагч, зохиолч нь монгол хэл дээр тоглохыг дэмжиж байгаа ч цаад “Netflix”-ын удирдах ажилтнууд нь зах зээлээ бодно. Үзэгчид нь дандаа англи хэл дээр ойлгох хүмүүс учраас заавал монголоор яриулах шаардлага байна уу гэсэн зүйл яриад байгаа юм.
-Албан ёсоор хэдэн хүн явахаар болоод байна. Өмнөх анги дээрээ хэдхэн л хүн явж байсан байх аа. “Марко Поло”-д тоглох хүмүүс маань англи хэлтэй юу?
-Өнгөрсөн жил дөрвөн хүн л тус кинонд тоглож байсан. Хубилай хааны 800 жилийн ой болох гэж байна. Үүнтэй уялдуулаад төр засаг маань хубилай хааны байгуулсан түүх, гавьяаг таниулах, Монгол түүхийг сурталчлахад Холливудын “Netflix” компанитай хамтраад ажиллана гэдэг асар том хөрөнгө оруулалт. Одоогийн байдлаар 45 хүн монголоос баталгаатай тоглохоор болчихож байгаа юм. Дээрээс нь ганц, хоёр жүжигчин нэмэгдэж магадгүй. Гол нь хэлний л асуудалтай байна. Энэ киног дэлхийн хэмжээнд үзэх учраас англи хэл дээр тоглох ёстой. Тиймээс том дүрүүдэд нь монголчууд сонгогдож чадахгүй байна. Яваандаа манай Монголын дуучид, жүжигчид англи хэл сурч байвал дэлхийн зах зээл ойрхон байна шүү. Магадгүй “Марко Поло”-гийн дараагийн бүлэгт хэлтэй болчихвол гол дүр авах боломж бий.
-Киноны нэгдүгээр бүлгийн зөвлөхөөр ажилласан Бямбадорж явах уу?
-Долдугаар сард Бямбадорж маань зөвлөхөөр явна. Бас Баярцэцэг гээд охин орчуулагчаар явна. Орчуулагчаар явж байгаа гурван хүн дандаа кино салбарын хүмүүс. Тэд бүтэн гурван сар Холливудын кино үйлдвэрлэл яаж явагддаг юм бэ. Том найруулагчид яаж ажиллаж байна. Зохион байгуулалт ямар байх вэ гэдгийг үзээд туршлага судлаад Монголдоо ирж амьдралд хэрэгжүүлэх залуусыг явуулсан. Тэд бүгдээрээ маш сайн англиар ярьж, чөлөөтэй орчуулга хийдэг хүмүүс байгаа.
-Олны хэсэгт тоглох 10 хүн яаж сонгогдсон юм бол. Жүжигчин Цэгмэд ямар дүрд сонгогдсон юм бэ?
-Жүжигчин Цэгмэд эгч олны хэсэгт тоглох 10 хүний нэгээр сонгогдсон. Гол дүрийн хажууд монгол төрхтэй хүмүүс зогсож сууж байх юм. Энэ 10 хүний хувьд цаанаас нь 3-4 эмэгтэй хүн, 5-6 эрэгтэй хүн байх ёстой гэсэн. Мөн монгол нар салхи үзсэн хөрслөг сайхан царайнууд байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгээд бид орон нутгаас сонгон шалгаруулалт хийж Баян-Өлгий, Сэлэнгэ, Булганаас хүмүүс сонгогдсон байгаа. Тэр дотор малчин, ажилгүй байсан хүмүүс, Засгийн газрын автобаазын жолооч ах хүртэл сонгосон. Одоо Будапештын төвд буудалд буучихсан байгаа. Саяхан холбогдоход очсон хүмүүс маань их сэтгэгдэл өндөр байна лээ.
-Орлон тоглогчдын хувьд?
-10 орлон тоглогч маань мэргэжлийн хүмүүс. Очоод анхныхаа морины бэлтгэлд гарсан байгаа. Утсаар ярьсан чинь бусад орлон тоглогчдоос бид ялгарч байна. Бид морь малдаа арай илүү гарамгай байх шиг байна гэж байна лээ. Бүгдээрээ сайхан баатар, харуулын дүрд тоглоно. Мөн морин дээрээс харвах зэрэг үзүүлбэрүүд дээр орох байх. Олон сайхан кинонд тоглочихсон туршлагатай сайхан залуус бий.
-Сонгогдсон хүмүүс маань киноны зураг авалт дуустал тэндээ байх уу?
-Олны хэсэгт тоглож байгаа хүмүүс гурван сар болно. Есдүгээр сард зураг авалт Малайз руу нүүхэд эндээс олны хэсгийн шинэ 10 хүнээ солиод явуулах юм. Харин орлон тоглочид маань зургаан сар ажиллахаар болсон.
-Хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ?
-Олны хэсэгт тоглож байгаа хүмүүс сарын 800 долларын цалин авч байгаа. Гар дээр нь хоолны мөнгө гээд долоо хоногт 210 доллар өгч байгаа гэсэн. Нийлээд 1800 доллар гэсэн үг л дээ. Харин орлон тоглогчид сарын 1000 доллар авна.
-“Марко Поло” киноны зохиолч, найруулагч нар ирж манай төр засгийн удирдлагуудтай уулзсан. Тэр ажил хэр бүтэмжтэй байна?
-“Марко Поло” киноныхонтой манай төр засгийн удирдлагууд уулзаж сайхан дэмжсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “Марко Поло”-д тоглох монгол хүмүүсийг тодорхой хэмжээний санхүүжүүлэх шийдвэр гаргасан байсан. Одоохондоо биелэлээ олоогүй байна. Бид энэ шийдвэрийг нь биелэх байх гэж найдаад хүлээж байна. Санхүүгийн асуудлаас болоод бөмбөрчид явах уу, үгүй юу гэдгийг шийдээгүй байгаа. Тэр хүмүүсийн явах зардал, очоод байрлах зардал гээд асар өндөр зардал гарах учраас Европт байгаа япон, солонгос хүмүүсийг тоглуулах хувилбар яригдаж байна. Засгийн газраас санхүүгийн дэмжлэг хэр хурдан бүтнэ, тэр чинээгээр илүү олон монголчууд тоглох боломж бүрдэнэ гэсэн үг.
-Хубилай хааны 800 жилийн ойгоор энэ кино гарахаар манай улсын хувьд нэлээд сурталчилгаа болно байх?
-Үүнд манай соёлын биет ба биет бус өв тэр чигээрээ орж байгаа. Ийм том компаниар сурталчлагдаж байна гэдэг Монгол Улсын нэр гарч байна гэсэн үг. Тэгэхээр манай төр засаг тодорхой хэмжээний зардал гаргаад тогтоол гаргана гэдэг зөв алхам.
-Цаашдаа эдийн засгийн бас нэг гарц болгож Монголын зах зээл дээр кино үйлдвэрлэл явуулах ямар боломж байна?
-“Марко Поло” киногоор дамжуулаад цаашдаа бид соёлын үйлдвэрлэл буюу кино үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Киноны хуулийг олон ч жил ярьж байна даа. Киноны хуулиа гаргаад кино үйлдвэрээ хурдхан барих хэрэгтэй. Киноны хуульд хамгийн чухал зүйл нь татварын хөнгөлөлтүүд.
Бүх Холливудын кинонууд кино зураг авахад татварын хөнгөлөлт үзүүлдэг, хамгийн өндөр хөнгөлсөн орон хаана байна тэнд очиж зургаа авдаг. Малайзад гэхэд 30 хувь хөнгөлдөг. Энэ бүх асуудлуудаа шийдчихвэл “Марко Поло” болон бусад түүхэн киног Монголд ирж хийх магадлалтай. Кино хийх эрхзүйн орчингүй учраас тэр олон сая доллараар бүтэж байгаа киноны зураг авалт гадаадад болоод байна. Монгол хүмүүсийг гадагш авч явахад зардал их гарах учраас өөр хүмүүсээр орлуулах нь эдийн засгийн хувьд хэмнэлт гарна. Нэгдүгээр бүлэгт л гэхэд 90 сая доллар зарцуулсан. Тэр мөнгө Малайз, Казахстан, Италид үлдсэн.
-“Марко Поло” киног хийснээр Монголоос жүжигчид авч байгаагаас гадна эдийн засгийн үр өгөөж бий юу?
-Хоёрдугаар бүлэгт хэрэглэгдэх гэрийн бүх эсгийгээ манайхаас авсан. Олон хүн монголоос авч цалинжуулж ажиллуулж байна. Одоогийн байдлаар “Марко Поло”-гийнхон 300 гаруй мянган долларын хөрөнгө оруулалт Монголд хийчихсэн байна.
-Хоёрдугаар бүлэгт ямар үйл явдал гарах вэ?
-Эхний бүлэг дээр Марко Поло Монголд очиж Хубилай хаантай танилцаж, монгол ахуй нийгэмд Юань гүрэн рүү шилжихийг харуулсан. Одоо бол Хубилай хаан голдуу Ар Монголд байгаа хаад ноёдтой зөрчилдсөн зөрчлийн талаар гарах юм. Энэ удаад Ар Монголд Хайду хаан толгойлж Хубилайтай зөрчилдөөн үүсч буй хэсэг, Их хуралдай, Монголын хурим найр гээд тодорхой хэсгүүд гарах юм билээ.
-“Марко Поло” кино хэзээнээс олны хүртээл болох вэ?
-Зураг авалт нь арванхоёрдугаар сард дуусна. Өнгөрсөн жил зураг авалт нь есдүгээр сард дуусаад нэгдүгээр сард гаргаж эхэлсэн. Энэ жил оройтож байгаа ч гэсэн түрүүчээс нь нэгдүгээр сар эсвэл гурав, дөрөвдүгээр сараас гаргах байх.